Үйлдвэрлэл
   Дорнод нутгийнхандаа Халхын голын “дээлтэй судар” хэмээн хүндлэгдсэн, “Ялалт” музейн эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн Эрдэнэт үйлдвэрийн урилгаар Орхон аймагт зочилж, уурхайчдад 80 жилийн өмнөх дайны түүхийг хүүрнэлээ. Монгол, Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас санаачлан зохион байгуулсан энэхүү уулзалт Монгол, Оросын эрэлхэг дайчдын нөхөрлөл, гавьяа зүтгэл, ялалтыг хойч үедээ бахархан мөнхжүүлэх зорилготой байв. Намрын эхэн сард, Халхын голын ялалтын 80 жилийн ойгоор Эрдэнэт үйлдвэрийн ажилчид түүхт газраар аялахдаа тээсэн бодол, тохирсон яриа ажил хэрэг болсон нь энэ юм.  Амьдралынхаа 40-өөд жилийг Халхын голын дайны судалгаанд зориулсан, Дорнын хязгаар нутгаас төрсөн шинэхэн гавьяат өнөөдөр өдөр баяжуулагчдад, орой Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчдад “Тэд бидний төлөө, Бид тэдний төлөө...” лекцээ уншив. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр, Халхын гол хоёр хүйн холбоотой. 1974 онд энд “Эрдэнэтийн - Овоо” орд нээгдэж байхад, тэнд танкны замаар трактор явж Халхголын сангийн аж ахуй байгуулагдаж байлаа. Халхын голын дайны ялалтын бэлгэ тэмдэг болсон 57 метр өндөр хөшөөг Эрдэнэтийн 150 тонн аранжин зэсээр 1984 онд босгож байлаа. Зөвлөлт нөхдийн халуун сэтгэлийг хамгийн их мэдэрсэн хүмүүс бол Халхголчууд, Эрдэнэтчүүд юм” хэмээн онцлов. 
   МУСГЗ Л.Мягмарсүрэн маргааш, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө Монгол, Орос дайчид мөр зэрэгцэн хэрхэн байлдаж, хэчнээн халуун амь Халхын голын хөрсөнд шингэсэн, өнөөдрийн бидний эрх чөлөөт амьдрал ямар их үнэ цэнээр ирсэн талаар лекц сонордуулна.        
 

М.Одгэрэл

Фото: Ш.Лхамсүрэн

 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн гимнастикийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд  тус цехийн  Эрүүл мэнд, чийрэгжилтийн төвд боллоо. Тэмцээнд 9 багийн 90 ажилтан Японы Тайсо болон чөлөөт дасгал хийж өрсөлдөв. Шилдэг багаар Шүүн хатаах хэсэг шалгарсан бол,  Урвалж, Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн хамтарсан баг дэд,  Өөрөө нунтаглах хэсэг гутгаар, Бутлан тээвэрлэх хэсэг тусгай байр эзэлж  өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. “Эрүүл эрдэнэт хүн”  хөтөлбөр,  “Эрүүл мэндээ дээдэлсэн хамт олон” аяны хүрээнд тус хамт олон ажлын байранд Тайсо дасгал хийж хэвшүүлэхээр зорьж байгаа аж. Энэ үеэр шүүгчид: “Нэг хөдөлгөөнийг олон хүн нэгэн зэрэг хийнэ гэдэг шаргуу бэлтгэл, уйгагүй хөдөлмөрийн  үр дүн байдаг. Багууд  цаг хугацаа зарцуулан сайн бэлтгэжээ” гэж дүгнэв. 
 
Я.Энхтуяа
 
 
 
   Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “1000 залуу инженерийн үндэсний чуулган” Улаанбаатар хотноо төрийн ордонд болж байна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа тус уулзалтын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэн, баяр хүргэлээ. Тэрээр Засгийн газрын бодлогод инженерүүдийн санал санаачилгыг тусгана гэдгээ онцлон хэлж байна. 
   Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Уул уурхайн салбар, Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Барилгын салбаруудын шилдэг инженерүүд тус чуулганд оролцож байгаа юм. 
“Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад инженерүүдийн оролцоо” сэдвээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү илтгэл тавьсан бол “Аж  үйлдвэрийн хувьсалд мэдээлэл технологийн салбарын үүрэг, оролцоо”-ны талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат сонирхолтой илтгэл тавилаа. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого бүтээн байгуулалтын ажлуудаас уулзалтад оролцогчдод танилцууллаа.  
   Эрдэнэт үйлдвэрийн 150 залуу инженер энэ чуулганд оролцож байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн гаргасан томоохон төслүүдийг шалгаруулж Инноватор цом 100 сая төгрөгийн урамшуулал олгодог,  инженерүүдээ дэмжиж тэдний санал хүсэлтийг чухалчилдаг гэдгийг чуулганы үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэлж чуулганд оролцогч залууст баяр хүргэсэн юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулганы төлөөлөгч залуу инженерүүдэд мэдээлэл өгч танилцууллаа. 
   Ийнхүү анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “1000 инженерийн үндэсний чуулган” салбаруудын хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, оролцогч салбаруудын инженерүүддээ хандаж уриалга гарган, Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ байгуулах ёслолын ажиллагаагаар үргэлжлэх юм.  
 
А.Бямбамаа

 
 
 
   “Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлууд хийгдсээр байна. Тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Зэсийн баяжмалын шугам дээр технологийн схемийн өөрчлөлт хийснээр тоног төхөөрөмж, ажиллах хүч, материалд хэмнэлт гарах юм” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн механик Х.Шинарбай ярилаа. Мөн тэрээр, энэ сарын нэгнээс эхлэн суурилуулж байгаа  FLSMIDTH М900 FBM даралтат шүүлтүүрийн тоног төхөөрөмж бүрэн ирсэн,  Шүүн хатаах хэсэг, Барилга засварын цех, Баяжуулах үйлдвэрийн засварын хэсгийн хамт олон энэ ажлыг гүйцэтгэж байгаа тухай мэдээлсэн юм.  
 

 
   Үйлдвэрийн газрын Техник, эдийн засгийн үндэслэлээр Шүүн хатаах хэсгийн молибдены баяжмалын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тул дээрх ажлыг эхлүүлээд байна. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн шүүн хатаах хэсэгт 2005 оноос даралтат шүүлтүүрийг шат дараалалтай суурилуулж байгаа юм.   
   Өмнө нь вакуум даралтат шүүлтүүртэй байхад шүүх, хатаах гэсэн хоёр үйлдэлтэй байсан бол шинэ даралтат шүүлтүүрийг суурилуулснаар  нэг тоног төхөөрөмжөөр зэс, молибдены баяжмал гаргаж авах юм. 
   Ажлын бүтээмж өндөртэй даралтат шүүлтүүрийг суурилуулснаар ажиллах орчин сайжирч, ижил тоног төхөөрөмжтэй болж байгаагаар онцлогтой. Ингэснээр засварын ямар нэгэн доголдол гарахад нэг төрлийн тоног төхөөрөмж захиалахад үнэ өртгийн хувьд ч хэмнэлт гарна.  
   Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа, тоног төхөөрөмж эдийн засгийн хувьд хэмнэлт бүхий эдгээр ажлуудыг энэ онд багтаан дуусгах юм. Даралтат шүүлтүүрийн угсралтын ажил 11-р сарын 30 гэхэд дуусаж, тохируулга үйлчилгээний ажил 12-р сарын 10 хүртэл хийгдэж, ашиглалтад хүлээж авах юм. 
 


 
 
А.Бямбамаа
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог