Үйлдвэрлэл

     Эрдэнэт үйлдвэрийн  2018 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал гурван өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт дүнгээ гаргалаа. Үйлдвэрийн 25 цехийн тайланг Эрдэнэт үйлдвэрийн болон газар, хэлтсийн удирдлагууд сонсож үнэлгээ өглөө. Цехүүдийн  үйл ажиллагааг санхүү эдийн засгийн, зах зээл хэрэглэгчийн, дотоод бизнесийн, хүний нөөц сургалт хөгжлийн орчинд хэрхэн ажилласнаар нь дүгнэсэн юм. Цех бүрийн онцлогийг харгалзан  дүгнэхэд Баяжуулах үйлдвэр 1,2, Ил уурхай 1,1, Авто тээврийн байгууллага 1,1, Засвар механикийн завод  1,1, ХМТАЦ-1,1, Эрчим хүчний цех 1,01, Чанар хяналтын хэлтэс 1,02, Ганбөөрөнцгийн цех 1,1, Засвар монтажийн цех 1,2, Лаборатори судалгааны төв 1,1, Цахилгаан цех 1,01, Төслийн менежментийн хэлтэс 1,01, бусад бүх цех 1,0 гэсэн үнэлгээ авлаа. Тайлангийн хурлын төгсөлд үйлдвэрийн удирдлагууд  “Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл эдийн засгийн бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж, өндөр үр ашигтай ажиллахад  бүх цехийн хамт олны хүч хөдөлмөр, зүтгэл оролцоо чухал байсныг онцлоод, цаашид анхаарах асуудал  ч багагүй байгаа”-г тодотгов. Тухайлбал нийгмийн цехүүд уялдаатай ажиллаж, баялаг бүтээгчдийнхээ эрүүл мэндийн төлөө илүү бүтээлч ажиллахыг, цехүүд үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001 стандарт  нэвтрүүлэхийг, цех нэгжийн удирдлагын манлайлал хэрэгжүүлэх, хүний нөөц боловсон хүчний бодлогоо эргэж харах, хөрөнгө түүний өгөөжийг сайжруулан, ашиггүй хөрөнгө оруулалтыг багасгах, үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн “реформ” хийх шаардлагатайг зөвлөлөө.

 

 

Я.ЭНХТУЯА

    Аюултай хог хаягдлыг устгах нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй улсын хэмжээнд тулгамдсан асуудал юм. Саяхан ХАБЭАБОХХ-ийн Байгаль орчин хариуцсан орлогч дарга О.Эрдэнэтуяа улсын комиссын бүрэлдэхүүнд багтаж энэ асуудлаар Нийслэлд хуралдаад иржээ. Түүнээс цаашид энэ асуудлыг шийдэх ямар алхам тавигдаж буй талаар тодрууллаа.     

     - Улсын хэмжээнд аюултай хог хаягдлын нөхцөл байдал хүндэрч байна. Үүнийг шийдвэрлэх гарцыг Улсын комисс юу гэж тодорхойлов?
     - Аюултай хог хаягдлыг устгах цэг улсын хэмжээнд байхгүй. Ийм үйлдвэр ч алга. Аюултай хог хаягдлыг хэрхэх тухай асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байна. Өмнө нь тухайн үеийн Засгийн газраас шийдвэр гараад Оросын хуучин цэргийн ангийн нуувчинд хадгалдаг байсан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогссон. Улс даяар аюултай хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан учраас саяхан Монгол улсын Шадар сайдын  тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсэгт Стандарт хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой компани гээд олон газрын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийг Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ууганбаяр ахалж байна. Бид аюултай хог хаягдлын удирдлагын тогтолцоо, шийдлийг судалж, санал боловсруулах үүрэгтэй. Аюултай хог хаягдал гаргадаг уул уурхайн хоёр том үйлдвэр энэ асуудлыг удаа дараа дэвшүүлж тавьсан учраас биднийг ажлын хэсэгт оруулсан болов уу. Анхны хурлаараа хамгийн түрүүнд газрын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлүүлэх тухай хэлэлцлээ. Хэрэв улс газар шийдээд өгвөл байгаль орчны мэргэжлийн байгууллагууд аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барих асуудлыг шийдэх боломжтой. Үүний тулд эхлээд Монгол улсын хэмжээнд хичнээн төрлийн, химийн ямар бодисууд хаана хадгалагдаж байгааг судлах нарийн чиглэлтэй ажиллаж байна. 

     - Манай үйлдвэрт аюултай хог хаягдал хэр их хуримтлагдсан бэ?
     - Одоогоор химийн бодисын 2,5 тонн хаягдал бий. Үүнээс гадна баяжуулах үйлдвэрийн урвалжуудын сав суулгыг гадагш нь борлуулахыг хуулиар хориглосон учир бас хадгалдаг. Энэ сав суулга, бусад баглаа боодол асар их талбай эзэлж байгаа. Гадагш нь гаргаж болохгүй, зөвхөн л хадгалах ёстой. Өмнө нь аймгийн Засаг даргын шийдвэрээр зааж өгсөн газар нь булшилдаг байсан юм. Хуулиар хориглосноос хойш 10 гаруй жил хадгалж байна. Химийн бодисын хаягдлаа агааржуулалттай тусгай агуулахад хадгалдаг.

     - 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиар тусгай эрх авсан аж ахуйн нэгжүүд аюултай хог хаягдлыг цуглуулан хадгалж, устгах үүрэгтэй. Ийм зөвшөөрөлтэй байгууллага бий юу?
     - Зөвшөөрөл авсан ганц байгууллага бий гэж хурлын үеэр танилцуулсан. Гэхдээ тэр “Цэцүх” гэж компани нь зөвхөн сав суулгыг устгах чиг үүрэгтэйгээр дөнгөж байгуулагдсан. Харин хаягдал масло авдаг хоёр, гурван үйлдвэр бий. Тэдгээр нь Эрдэнэт хотод ажиллаж байгаа. Аюултай хог хаягдлаар зөвшөөрөл авсан өөр байгууллага байхгүй.

     - Хөгжилтэй орнууд аюултай хог хаягдлаа яаж устгадаг юм бол...?
    - Ерөнхийдөө хууль нь манайхтай төстэй. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь устгах үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөл авсан олон байгуулллага байдаг учраас өрсөлдөөн ихтэй. Яагаад гэвэл аюултай хог хаягдал гэдэг тухайн байгууллагад ашгаа өгөөд хэрэггүй болсон эд шүү дээ. Үүнийгээ устгуулахын тулд тээвэрлэлтэд төлбөр төлнө, устгалын компанид бас төлбөр төлнө. Харин тусгай зөвшөөрөлтэй компани “Таны хог хаягдлыг устгаж аюулгүй болголоо” гэсэг акт өгнө. Бүх зүйл байгальд ээлтэй, дэлхийн дэвшилтэт технологи, нарийн хяналтын дор явагддаг. Энд эргэлдэх мөнгөний урсгалын төлөө аж ахуйн нэгжүүд өрсөлддөг. Үүний тулд технологио байнга сайжруулдаг.

     - Сав суулгын устгалд ирээдүй байна. Харин хаягдал химийн бодисыг хэрхэх вэ?
     - Одоогоор бидэнд хадгалахаас өөр арга байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн хувьд журмын дагуу тусгай агуулахад хадгалж байна. Харин химийн лабораторитой сургуулиуд, өөр бусад газрууд химийн бодисоо яаж хадгалдаг нь тодорхойгүй. Манай үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хэрэглээ өснө. Хамгийн гол нь химийн бодисын хаягдал, үлдэгдэл гаргахгүй байх талаас нь л анхаарах хэрэгтэй. Химийн бодисын чанараас болдог юм уу, эсвэл технологийн шинэчлэлээс болоод хэрэглэхээ больдог ч юм уу, хаягдал-үлдэгдэл нилээд гардаг байсан нь сүүлийн үед багассан. Газрын асуудал шийдэгдвэл тусгай үйлдвэр төрөл төрлөөрөө баригдах нь тодорхой. Үүнийг барихад хугацаа хэрэгтэй. Тэр болтол хаягдал химийн бодисд авах арга хэмжээ байхгүй.

     - Цаг зав гаргасанд баярлалаа.
 

 

М.ОДГЭРЭЛ

Даваа, 28 1-р сар 2019 00:00

Аварга машины жолооч

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын анхны монгол экипажийн ахлагч Б.Гарам-Очир Хөвсгөл аймгийн Галт суманд айлын “дархан бэр”-ийн отгон хөвгүүн болон мэндэлжээ. Бага, дунд сургууль төгсөөд Ардын армийн 107-р ангид жолооч болж, Зүүн баянд хоёр жилийн цэргийн алба хаасан байна. Ерээд оны эхээр  Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбон Сургалт үйлдвэрлэлийн төвд Белазын жолооч мэргэжил эзэмшиж. Түүний авга ах нь Монгол улсын заан Дамбажавын Цэнд-Аюуш. Тэр ийм бие бялдрын хүмүүжилтэй, хөдөлмөрч удамтай, хүүхэд байхын тусч нэгэн явжээ. Амралтын өдрүүдэд 15 километрийн зайтай хөдөө гэртээ явган очиж ижий, аавынхаа ажилд тусалдаг, малч хүү явсан агаад хөдөлмөрийн хүмүүжлийг багаасаа олж авч хэрсүү суусан байна. Тэрбээр Улаанбаатар хотын Техник мэргэжлийн сургуулийг авто засварчин мэргэжлээр төгсөөд Монгол улсын гал голомтыг бадраасан Багануурын уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн аж. Энд ажиллахдаа Белазын эвдэрсэн эд ангийг задлан засаж, угсран ажиллуулж явсан тухай нэгэн нөхрөөс нь сонссон. Тэр ийм л техник сэтгэлгээтэй. Хөдөлмөрч хүний сэтгэх,ярих, хийх гурав зэрэгцдэг гэх.Энэ үг түүнд тохирох мэт. Түүнийг ажилч хичээнгүй ур чадвартай нэгэн болохыг би мэднэ. Одоогоос олон жилийн өмнө “Нэг ээлжийн дөрөв” сэдэвт сурвалжилга бэлтгэн уншигчдад хүргэсэн юм. Тэгэхэд “бид хааяахан хоёр нь уулзахаар ах, дүүтэйгээ таарсан мэт сэтгэгдэл төрж нэгэндээ хоргодоод байдаг юм” хэмээснээр бидний яриа эхэлсэн санагдана.Тэр цаг үеэс миний бие түүнийг таних болсон юм. Эрдэнэт үйлдвэрийн уулын цулыг тээвэрлэх Белаз зогсолтгүй 24 цаг ажиллана. Эрдэнэс тээвэрлэсэн аварга техникийг уурхайчин эрс жолоодон өглөө үдэшгүй ажилласаар... Тэдний төлөөлөл Бүдрагчаагийн Гарам-Очир, Машийн Пүрэвсүрэн, Хөдөөгийн Сүхбаатар, Очирын Гансүх нар 1998 онд анхны монгол экпажийг байгуулан ажилласан түүхтэй. Эдүгээ тэд 21 дэх жилдээ гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөж явна. Тэд сар, улирал, жилийн төлөвлөгөөг цаг хугацаанд нь давуулан биелүүлж ирсний үнэлэмж, үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, тэргүүний уурхайчид болцгоожээ. Олон жил эрүүл ажиллаж хөдөлмөрлөж ирсний нууц юунд байна вэ? гэсэн асуултад, би маш сайн амардаг. Эрүүл агаарт алхах дуртай. Зөв хооллож, цаг ямагт хөдөлмөрлөж явахыг хичээдэг хэмээв.  Ийм л ажилч хичээнгүй, зарчимч шаардлагатай, хөдөлмөрийн хүмүүс баялаг бүтээдэг биз гэж түүний яриаг сонссон хэн хүн бодохоор. Тэр шинэ санал санаачилга гарган ажилладаг нэгэн. Захын жишээ дурдахад Белазын дугуй өндөр өртөгтэй, “бөөр” нь их элэгдэнэ. Хоёр дугуйны завсар чулуу хавчуулагдаж дугуй халдгийг тэр анх олж харж. Ингэснээр бат бөх чулуу авагч хийх санаачилга гаргажээ. Шавь нартаа сурсан мэдсэнээ харамгүй хэлж зөвлөн 21 жил хөдөлмөрөөрөө бусдад үлгэр дуурайлал болон ажиллаж ирсэн түүний хичээл зүтгэлээр бахархмаар... Тэр эх орныхоо хөх усан судраас ундаалж, хөдөөгийн цэнгэг агаараар амьсгалан гөрөөлөх дуртай. Тэгэхдээ байгаль эхийн хайрласныг авахаас амьтай бүхэн рүү нүхтэй төмөр шагайхгүй. Ганзага мялаахдаа ганц нэг “хулгар шар” намнах төдий. Харин ажлын талбарт алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Аавын хүүхдүүдтэй алагчлалгүй харьцана.

     Үзэл бодол нийцэхгүй зүйлийг үнэнээр нь хэнээс ч эмээхгүй хэлчихдэг эрс шулуун зан чанар түүнийх. Бусдын гаргасан амжилтыг үнэлж, бахархаж чаддаг нь түүний бас нэгэн мөн чанар. Хүн өөрөө амьдрал дээр биеэр олж авсан мэдлэгийг мартдаггүй. Хүнээр заалгасан юмны тал нь мартагдах явдал бий гэж ярих түүний экипаж 052 номерын Белаз машинаар ээлж хийхгүйгээр 64 мянган мот/цагийн ажил гүйцэтгэж нэг тэрбум төгрөг хэмнэжээ. Өдөр тутмын техник үйлчилгээ, урсгал засварыг цаг хугацаанд нь чанартай хийж эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажилласны үр дүнд тэд ийм амжилт гаргасан аж. Нөгөө талаар эдний гаргасан амжилтад алтан гартай засварчдын хөдөлмөр их нөлөөлсөн нь түүний экипаж багаар ажиллаж туршлагажсаныг харуулах мэт. Тэр залуу халуун насандаа 48 цаг улиран ажиллаж явснаа ч нуусангүй. Энэ үед ар гэрээс нь хоол зөөдөг байж. Энэ бүхнийг эргэн санахад сайхан байдаг юм гэж хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Сэтгэлгүй хүн л тайлбар тавьдаг. Ажил хийе гэсэн сэтгэл байхад арга нь олддог  гэсэн. Энэ нь түүний амьдралд баримталдаг нэг зарчим. Түүний хань Цанжидын Чулуунхүү аймгийн Холбооны газар 20 гаруй жил ажилласан нэг нутгийн хоёр гэнэ. Эдний том охин нь АНУ-ын Michgan мужид амьдардаг бол дүү нь дунд сургуулийн сурагч. Тэр ар гэртээ санаа зовохгүй явахаар ажил хийхэд их урамтай байдаг. Аливаа техникийг эвдрэхээс нь урьдаж үйлчилгээ хийх их чухал хэмээн сануулав. ...Хөдөөний нэг бодь эр 130 тоннын Белазыг анх хараад хэдэн давхар байшин шиг том юм хөдлөөд явчихлаа. Хажууд нь пурган машин шүдэнзний хайрцаг шиг харагдана. Жинхэнэ эр хүний унаа байна хэмээн амандаа шагшран зогссон гэдэг... “Эр хүний унаа”-г жолоодогч, Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний ажилтан Б.Гарам-Очирын тухай өгүүлэхэд ийм буюу.

 



Т.БАТЧУЛУУН

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, эрдмийн уурхай өнөөдөр 20 дахь төгсөлтийн баяраа хийлээ. Энэ жил тус сургуулийг автын инженер, уул уурхайн ашиглалтын технологи, мэдээллийн технологи зэрэг зургаан мэргэжлээр бакалавр зэрэгтэй 42, магистрын зэрэгтэй 36 оюутан төгсөж байна. Тус сургуулийн төгсөгч Э.Азжаргал ШУТИС-ийн шилдэг сурагч болсон бол 3,2 онооны голчоос дээш, амжилттай суралцсан дөрвөн төгсөгч Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллах батламжаа гардан авлаа.

У.Бат


 

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог