Үйлдвэрлэл

     “Эрдэнэт” үйлдвэрийн технологийн хаягдал болох цагаан тоосыг нийлэг бодисоор барьцалдуулж уусгах туршилтыг Хаягдлын аж ахуйд эхлүүллээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 10 хоногийн хугацаанд явуулж, үр дүнг тооцох юм. Цагаан тоосны нарийн ширхэглэлийг барьцалдуулан дэгдэлтийг багасгах энэхүү аргыг лабораторид туршихад үр дүн 100 хувь гарчээ. Хэрвээ энэхүү арга үйлдвэрлэлд үр дүнгээ өгвөл цагаас тоосны дэгдэлт эрс багасах болно гэж мэргэжлийнхэн дүгнэж байна.
     Хавар, намрын улиралд салхины хурд 5 м/сек-ээс их үед, цагаан тоос дэгддэг. Технологийн энэхүү хаягдлыг багасгах, бууруулах олон олон туршилт өмнөх жилүүдэд хийгдэж байсан ч үр дүн гараагүй. Энэ удаагийн туршилт амжилттай болвол эдийн засгийн зардал бага, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нийлэг буюу синтетик материалиар барьцалдуулах аргыг хаягдлын аж ахуйн нийт талбайд ашиглах юм.

 

У.Цэрэнбат

     Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, бөхийн самбо төрлийн Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Д.Баянмөнхийн нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улиастайд энэ сарын 6-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
     Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 570 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдсөнөөс Хангарьд спорт клубын тамирчин Б.Цогтбаяр болон Б.Эрдэнэбаяр нар өөрсдийн жинд алтан медаль хүртлээ. Тэмцээнийг Монголын Самбо бөхийн холбоо, Завхан аймгийн ЗДТГ, Завхан аймгийн Биеийн тамир спортын газар хамтран  Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд охид хөвгүүд гэсэн ангиллаар нийт тус бүр 10 жинд хүчээ сорьсон юм. Энэхүү тэмцээн нь самбо бөхийг сурталчлах, тив дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдаа алдаршуулах, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, самбо барилдааны өсвөрийн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох зорилготой юм.

 



 

Өнгөрсөн 3-р сард зэсийн сарын дундаж үнэ 6795  ам доллар тонн байсан нь 2-р сарын дундаж үнэтэй  харьцуулахад 206.5  ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. 2018 оны 1-р улирлын зэсийн дундаж үнэ 6959  ам доллар тоннд хүрч  2017 оны мөн үетэй харьцуулахад 1125 ам доллараар өссөн байна.

АНУ болон Хятадын худалдааны асуудлаарх үл ойлголцол хөрөнгө оруулагчдын мэдрэмжид сөргөөр нөлөөлж  металлуудын үнэ буурлаа  гэж шинжээчид үзэж байна. 3- р сарын эхээр АНУ –ын ерөнхийлөгч Доналд Трамп хөнгөн цагаан болон гангын импортод татвар ноогдуулах тухай мэдэгдэл хийсэн нь зах зээлд ихээхэн нөлөөлсөн талаар шинжээчид мэдээлж байна. Мөн  АНУ –ын хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд   тавих хориг нь зэсийн эрэлтийн тодорхой хувийг  бүрдүүлж байдаг хэрэглээний барааны зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар  CRU  мэдээллээ.

Үүний зэрэгцээ металлын биржүүдийн зэсийн нөөцийн  өсөлт судлаачдын анхаарлын төвд байна. 2017 оны сүүлээр ЛМБ, Комекс, ШМБ –үүдийн нийт нөөц 543 мянган тонн байсан бол 2018 оны эхний гурван сард 380  гаруй мянган тонноор өсөж 923 мянган тонн болжээ.  Нөөцийн өсөлт нь үйлдвэрлэл өссөнтэй  холбоотой гэж судлаачид үзэж байна.

Азийн орнуудын 2018 оны Шилжин явах цомын төлөөх тэмцээн  Филиппин улсын Манила хотод  энэ сарын 2-оос 9-ний өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд Монголын хоккейн шигшээ багийн тамирчид, Филиппин, Сингапур, Кувейт, Тайландын багуудтай   хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Монголын Хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт” үйлдвэрээс гурван тамирчин багтдаг. Тодруулбал, Ил уурхайн маркшейдер Н.Мишигсүрэн, Баяжуулах үйлдвэрийн засварчин Б.Эрдэнэсүх, Засвар механикийн заводын ээлжийн мастер Б.Батзаяа нар юм.  Өнөөдрийн байдлаар Монголын шигшээ багийнхан хоёр тоглолт хийж хоёр хожилтой байгаа нь хүрэл медалийн болзол хэдийн хангажээ. Манайхан Сингапурын багийг 5:3 харьцаатайгаар хожиж тоглолтын шилдэг тоглогчоор Ж.Баярсайхан тодорсон бол дараагийн тоглолтод Кувейтийн багтай тоглож 11:2 ийн харьцаатай Монгол улсын шигшээ багийнхан ялалт байгуулж энэ тоглолтын шилдэг тоглогчоор “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын ээлжийн мастер П.Батзаяа тодорчээ.

 

А.Бямбамаа

     “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ түүхэн ойн хүрээнд “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулганыг Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр монгол орны 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас 500 орчим төлөөлөгч цуглаж, монголын уул уурхай дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна манлайлах ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн арга замыг тодорхойлох юм. Уурхайчин бүсгүйчүүдийн Үндэсний чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, нарийн бичгийн даргаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Хууль, эрх зүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа ажиллаж байна.

 

 




 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон компанийн удирдлагын баг компанийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах уулзалтаа Ил уурхайгаас  эхэллээ. Энэ удаагийн уулзалтын зорилго нь Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх ойрын таван жилийн зорилт буюу 2018-2022 оны үндсэн чиглэл, төлөвлөгөөг ажилчиддаа танилцуулах зорилготой юм. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал мэдээлэл хийсний дараа  Ил уурхайн хамт олон өөрийн цехийн үйл ажиллагаа болон 2019 оны техник технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулав. Мөн цехийн ажилтнууд компанийн  хөгжлийн төлөвлөгөө болон бусад асуудлаар санал бодлоо хэлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.   

Ерөнхий захирал өнөөдөр Ил уурхайгаас гадна  Авто тээврийн байгууллага, Засвар механикийн завод, Холбоо мэдээлэл технологи автоматжуулалтын цехийн ажилчдын төлөөлөлтэй уулзана. Харин маргааш Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн алба, Эрчим хүчний цех, Геологи хайгуулын анги дээр үргэлжлэх юм.

     "Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад Эрдэнэт хотод боллоо.  Олимпиад математик, физик, хими, биологи, газар зүй гэсэн таван  судлагдахууны нийлбэр агуулгаар зохион байгуулагдав. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар зохиогдсон тус олимпиадад Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн шилдэг 105 сурагч оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлджээ.
     Олимпиадын тэргүүн байруудыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн   Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч С.Сувданчимэг, Т.Цэлмэг, А.Мөнхзаяа нар эзэлж, онцгой амжилт үзүүллээ. Мөн тус сургуулийн  12-р ангийн сурагч О.Мөнхзул долоодугаар байранд, сурагч Л.Энхмаа арван хоёр дугаар байранд тус тус шалгарчээ. Сургууль тус бүрээс оролцсон таван сурагчийн дундаж оноогоор шилдэг Заах аргын нэгдэл буюу сургуулийг шалгаруулсан бөгөөд Ахлах сургууль тэргүүн байр эзэлсэн байна.
     Технологийн сургуулийн Ахлах сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд амжилт арвин байна. Өнгөрсөн сард болсон Улсын төрөлжсөн олимпиадын II даваанд амжилттай оролцож, химийн олимпиадын 12-р ангийн төрөлд 12-р ангийн сурагч С.Сувданчимэг нэгдүгээр  байр эзэлж, улсын олимпиадад оролцох эрх, 12-р ангийн сурагч Т.Цэлмэг гуравдугаар байр, физикийн олимпиадын 12-р ангийн төрөлд 10-р ангийн сурагч Д.Тэмүүжин анги дэвшин оролцож түрүүлэн,  улсын олимпиадад оролцох эрхийн эзэн болжээ. Сэтгэх чадварын олимпиадын 10-р ангийн төрөлд 10-р ангийн сурагч Б.Ууганбаяр гуравдугаар байранд шалгарсан бол техник, технологийн олимпиадын нисэх загварын төрөлд 12-р ангийн сурагч Б.Шинэбаяр түрүүлж, улсын олимпиадад оролцох эрхээр шагнагдсан байна.
     Багш нарын олимпиадын төрөлд багш Э.Амарбаясгалан дэд байр, багш  С.Мэнджаргал, Д.Пүрэвсүрэн, И.Оюунтуяа нар гуравдугаар байр эзэлжээ.



 

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар энэ сарын нэгний өдрөөс эхлэн уурхайчдын цалинг 10-15 хувиар нэмэгдүүллээ. Үндсэн цалингийн нэгдсэн тарифт сүлжээний нэг, хоёрдугаар ангилалд хамаарах ажилтан албан тушаалтнуудын үндсэн цалинг 15 хувиар, 3-р ангилалд хамаарах ажилтнуудын үндсэн цалинг 12 хувиар, 4-р ангилалд хамаарах албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүллээ. "Эрдэнэт" үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлын үндсэн үзүүлэлт болох үндсэн цалинг өнгөрсөн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн нь улс орны эдийн засгийн байдалтай уялддаг юм.

 

У.Цэрэнбат

 

 

УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуульд ажлын уулзалт хийж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр сургуулийн захирал С.Давааням Технологийн сургуульд тулгамдаж буй асуудлууд, ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав. 
Уулзалтын дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Технологийн сургуулийн хичээлийн байр, судалгааны лаборатори болон номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
   БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ,”Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь олон тулгуурт эдийн засгийн бодлого юм. Түүний дотор уул уурхайн салбарт чиглэгдсэн эдийн засгийн үр ашигтай бодлогыг явуулах нь тодорхой. Тийм ч учраас Зууны манлай бүтээн байгуулалт болсон “Эрдэнэт үйлдвэр”- ийн дэргэдэх 40 гаруй жилийн түүхтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон Технологийн сургуулийн статусыг тодорхой болгох асуудал хамгийн чухал юм” гэв.

  Д.Пүрэвжаргал

“Эрдэнэт” үйлдвэрийн 17 бүтцийн нэгжийн 1040 ажилтныг хамруулсан байгууллагын соёлын судалгаа 2017 онд хийгдсэн. Үүгээр удирдах ажилтнууд ажилчидтайгаа харилцан ойлголцож, тэдний бүтээлч санаачилгыг дэмжин, ажлын гүйцэтгэл, цаашдын өсөлт, хөгжлийн талаар ярилцаж, итгэл төрүүлж, үлгэр дуурайлал үзүүлэн, хамтран нэг баг болж, үр дүнтэй ажиллах тал дээр илүү чадваржих шаардлагатай гэж уурхайчид дүгнэсэн. Тиймээс үйлдвэрийн анхан шатны удирдах ажилтан болох мастеруудын манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мастерын манлайлал” хөтөлбөр компанид хэрэгжиж байна. Тус хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалт энэ сард эхэллээ. Компанийн хэмжээнд 40 мастерыг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулна. “Мастерын манлайлал” хөтөлбөрт оролцогчдын өргөдлийг компанийн дотоод сүлжээний http://172.16.1.2/dcrt/  хаягаар нэвтэрч “Инновации” цэснээс цахим хэлбэрээр татан авах боломжтой. Цаасан хэлбэрээр өргөдөл гаргах бол энэ сарын 6-ны өдрийг хүртэл цехийн хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгөх юм. Эхний шат болох өргөдлийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн мастерууд энэ сарын 11-13-ны өдрүүдэд хоёр дахь шат болох ярилцлаганд оролцоно.

 

У.Цэрэнбат

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог