Залуурдагч Онцлох

14 1-р сар 2020 12:00
756 удаа үзсэн

    Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны Шилдгийн шилдэг ажилтнаар тодорсон Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч, сургагч багш Мишиграгчаагийн Болдбаатартай уулзаж ярилцахаар утас цохилоо. Дуу шуу болсон уриалгахан нөхөртэй өдөр уулзахаар цаг товлов. Ээлжийн ажилтай уурхайчид цаг ягштал баримталдаг жишгээр “болзоо”-ндоо минут ч хоцорсонгүй. Инээд алдсан, дулаан төрхтэй энэ эр уулыг нүүлгэх ажилдаа маргааш гарна гэнэ. Бидний уулзалт Говь-Алтай аймгийн тухай яриагаар эхэллээ. Түүний аав Б.Мишиграгчаа Алтай сумын харьяат хүн байжээ. Уулын үйлдвэр байгуулагдах дуулианаар илгээлт өвөртлөн ирж, Эрдэнэт хотыг цогцлоосон анхны барилгачдын нэг төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн өрмийн анхны машинч юм. Харин ээж нь одоогийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын сувилагч Б.Цолмон гэж зөөлөн гартай, хүнлэг сэтгэлтэй эмэгтэй байв. 

    М.Болдбаатар хүүхэд байхаасаа уурхайчдын хөдөлмөрийн хүнд хэцүү, зовлон, жаргалыг мэдэрч өссөн. Ээлжинд гарсан аавыгаа их хүлээдэг, аав нь ажлаас бууж ирэхээрээ хоол идчихээд олон цаг сэрэхгүй унтахыг хараад урам нь хугарч бас их өрөвддөг байсан тухайгаа одоо дурсан сууна. Тэрээр 10 жилийн сурагч байхдаа Монгол хэл, уран зохиолын хичээлд илүү сайн, “Номын сайн нөхөр”, онц сурлагатан байв. Багш болохыг битүүхэн мөрөөддөг М.Болдбаатар хүү сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Соёлын техникумын номын санчийн ангид элсэн суралцсан гэдэг. Ном унших сонирхол нь тийш хөтөлсөн хэрэг. Харин тэндээс эрдэм сурахын зэрэгцээ нэгэн насны түшиг хань эрдэнээ олсон. Дундговийн бүсгүйтэй дурлалцаж, дундуур нь цэргийн алба ч хааж, юм юмыг амжуулсан сэргэлэн оюутан явжээ. Болдоо 1987 онд сургуулиа дүүргэж, эхнэр нь Хялганат уруу томилогдоход амьдралын эрхээр дагаж нэг жил номын санчаар ажилласан. Гэсэн ч түүний зүрх сэтгэл Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлын нүргээнт амьдралыг санаж байлаа. Сэтгэлийн дуудлагаа тэр дагасан нь оносон. 1990 онд Ил уурхайд жижүүрийн тэрэгний жолоочоор анх ажилд орж, шинэ машин ирэхийг хүлээх зуураа аж ахуйн ажилд хамжилцдаг байв. Зав л гарвал “КСИ”-гийн ойролцоо очоод Белаз хүдэр ачин ирж, буулгаж байгааг хараад зогсдог байснаа дурслаа. Ер нь хүн хөгжих, урагшлах асар их хүсэл шуналтай байх хэрэгтэй гэж шилдгийн шилдэг ажилтан ярьж байна. Анх Эрдэнэт үйлдвэрт ажилд орохсон гэж хүсэж явсан бол дараа нь аварга техник жолоодохсон гэж, Белазын жолооч болсныхоо дараа хамгийн том, хамгийн сайных нь жолоог мушгиж манлайд нь явахсан гэж шунаж хичээсэн цагт амжилт ирдэг. 1991 оны намар М.Болдбаатар Белазын жолооч болох хүсэлтээ илэрхийлэн өргөдөл гаргаснаар даргынхаа өрөөний хаалгыг өдөр бүр онголзуулан шалж, зарим үед зэмлүүлж, сайхан ааштай үед нь тууштай хэмээн магтуулж байж 40 тонны даацтай техникийн жолоо атгасан. Б.Шарав багшийнхаа үг, үйлдэл бүрийг хичээнгүйлэн дагаж ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн суусан. Түүгээр ч зогсохгүй уурхайчдынхаа эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөдөг, зүтгэл сэтгэлийг нь хүртэл өвлөсөн шавь. Тэрээр анх 40 тоннын белаз жолооддог байхдаа зөрж өнгөрөх 110 тоннын 01, 02 дугаартай  белазуудыг бахдан харж, жолооч нараас нь үлгэр дуурайлал авдаг байжээ. Тухайн үед 01 дугаарын белазыг одоогийн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Чадраабал жолооддог байж. Машин дотроо явахдаа ганган, цэмцгэр, цаанаа л нэг гоё харагддаг байсан гэв. Удалгүй 136 тоннын “КАТ” ирэхэд белазын залуу жолооч нараас шалгалт аван байр эзлүүлж хамгийн өндөр оноо авсан хоёр хүнд шинэ тэрэг өгсний нэг нь М.Болдбаатар. Тухайн үед хэн нэгэн “20 гаруй жилийн дараа та бүхнийг хэдэн тонн ачаатай хаана явааг, ачсан хүдэр нь ямар агуулгатайг, түлшний зарцуулалт хэр хэмжээнд байгааг сансраас хянадаг болно” гэж хэлсэн бол мэдрэл муутай нөхөр байна гэж бодох байсан биз. Харин одоо диспетчерийн хяналтын системээр энэ бүхнийг хянаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 6600 ажилтны манлайд яваа шилдгийн шилдэг ажилтан маань уурхайн хүнд даацын БелАЗ-75131 загварын 130 тонн даацтай өөрөө буулгагч автомашинаар Х.Сабит, Л.Нармандах, Ч.Батхуяг нарын экипажийн залуусын хамт өнгөрсөн онд 640,6 мянган м.куб уулын цул тээвэрлэж, төлөвлөгөөг 102.1 хувиар, 5,4 сая тн.км ачаа эргэлт гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлжээ. Тэрээр “Жолооч хүн гэдэг нэгээс нөгөө рүү давхиж очоод ачаа буулгахдаа гол нь биш. Белазынхаа хүчин чадлыг маш сайн мэддэг, бас мэдэрдэг ухаантай байх хэрэгтэй. Даац 136 тонн, белаз өөрөө 107 тонн, нийлээд 240 гаруй тонн жинтэй техникийг жолоодоход хүнээс өндөр ур чадвар шаарддаг. Жолоо мушгихдаа жаахан хэтрүүлж дарахад л ачаа хажуу тийш савирч асгарна. Тэр дээгүүр өөрөө бас журмын нөхөд нь явна. Унасан чулуу машины дугуй сүйтгэнэ. Өнөөдөр белазын нэг дугуйны зах зээлийн үнэ 24000 доллар. Нэг белазанд зургаан дугуй эргэж байгаа гэхээр жолооч анхаарал жаахан алдахад л ямар их гарзтай нь ойлгомжтой. Тиймээс дугуйнд өдөр тутмын арчилгаа чухал. Чулуу хавчуулагдсан бол түүх, аль болох чулуу дайрахгүй явах ур чадварт залуусаа сургахыг хичээдэг” гэж ярьсан юм. М.Болдбаатар белазын VPRS-E2A 33.00R51 загварын дугуйг 2019 онд нормоос 17,5 мянган км илүү гүйлгэж үйлдвэрт 10 орчим сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ.

    Тэрээр одоогоор 10 гаруй шавьтай. Цаашид энэ тоо хэдэн арваар өснө. Учир нь тэр саяхнаас сургагч багш болжээ. Технологийн тээврийн “аялал”-даа гарахын зэрэгцээ өөрийн мэдлэг, чадвараа залууст зааж сургах эрхэм үүрэг түүнд оногдсон. Хамгийн сүүлд БелАЗ-75131 загварын автомашины удирдлагын цахилгаан тохируулгын хянах дэлгэцийн гарын авлага санаачлан гаргаж жолооч нартаа зааж сургажээ. Үүний үр дүнд хөдөлмөрийн бүтээмж дээшилж, автомашины хүчин чадлыг бүрэн ашигладаг болсон тухай хэсгийн дарга нь ярив.

    Уулзах төдийд эрч хүч, халуун сэтгэл мэдрүүлдэг хүн байдаг. Тийм л хүмүүсийн нэг нь М.Болдбаатар гэлтэй. Эрдэнэсийн үйлдвэртээ 28 жилийн хөдөлмөрөө бүрэн зориулсан энэ эгэл агаад энгүй хөдөлмөрийн эзний хэлэх ярих нь ухааны уурхай юм. Аюулгүй ажиллагаа, машин техник эзэмших эв дүй, ажлын арга барил, амрах соёл, биеэ ажилд бэлтгэх чадвар гээд буй биеэрээ үлгэр дуурайлал, амьд “гарын авлага”. Аварга техникийн жолоо атгасан залуурдагч өнөөдөр залуу ажилчдыг араасаа дагуулах залуурч болж.  

   Олон жилийн өмнө М.Болдбаатар Дундговь аймагт айлын найранд суужээ. Дэргэд нь суусан өвгөн “Миний хүү, тэр белаз гэдэг унаа чинь ямархуу эд байдаг юм дээ?” гэж асууж. Мань хүн “136 тонн ачаа ачдаг, долоон метр өндөр, өргөн нь зургаан метр...” гээд ойлгуулчих санаатай техникийн тодорхойлолт хэлсэн чинь өөдөөс нь “ЗИЛ-130” чинь хэдэн тонн билээ?” гэж. Болдоо хариуд нь “Таван тонн. Миний машин 27 “ЗИЛ 130” машины ачааг нэг дор ачна шүү дээ, ах минь” гэтэл таг болчихож. Хэсэг дуугүй байснаа “Миний хүү, уг нь хүн харахад нүдэнд дулаахан, сайхан залуу байх юм. Жаахан бодолтой залж байхгүй бол хүн амьтны элэг доог болно шүү” гэж аминчлан захисан гэдэг. Өвгөний төсөөлөлд багтаагүй белазыг өнөөдөр ч жолоодсоор яваа М.Болдбаатарын зөөсөн хүдрийг тооцвол нэгэн том уул болох биз ээ. Залуурдагчийн үйлс бүхэн өөдөө, гэгээн хүсэл нь биелж яваг.     

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог