Д.ЭРДЭНЭБАТ: Зуслангийн эхний ээлжинд 358 хүүхэд амарч байна Онцлох

18 6-р сар 2019 12:00
529 удаа үзсэн

   Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эрүүл цэнгэг агаарт байрлах “Найрамдлын-Эрдэнэс” зуслан нь үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 38 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх тус зуслан зуны хөтөлбөрөө эхлээд байна. Энэ талаар “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

   - Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг зуслан үйл ажиллагаагаа эхэллээ. “Найрамдлын Эрдэнэс” зуслан хэдэн ээлж хүлээн авах вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан манай цехийн бүтэц, орон тоонд нэлээд өөрчлөлт гарсан. Улмаар “Сэлэнгэ” амралтын бааз Амралт, аялал жуулчлалын цогцолбор болон өргөжиж, үйл ажиллагааны хамрах хүрээгээ тэллээ. “Найрамдлын-Эрдэнэс” хүүхдийн зуслангийн хувьд энэ долоо хоногт эхний ээлжээ хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар 358 хүүхэд зуслангийн нэгдүгээр ээлжинд амарч байна. Зуны улиралд зуслан найман ээлжээр хичээллэж, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажиллана. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн 53 иргэнтэй хамтран, сургагч багшаар ажиллуулж эхэлсэн.
  
   - Зуслангийн ээлж бүр ялгарах онцлогтой байх уу?
   - Зуслангийн үйл ажиллагааны хөтөлбөрөө жилээс жилд шинэчилж, сайжруулсаар ирсэн. Бид 38 жилийн туршлагатай. 2007 оноос хойш манай цехийн хэмжээнд шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ хүрээнд зуслангийн ээлж бүрийг ямар нэг хөтөлбөрийн дор зохион байгуулахыг эрмэлзэх болсон. Энэ жилийн тухайд 1, 2, 3 дугаар ээлжиндээ Олон улсын хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Австрали улсаас амрагчид хүлээн авна. Харин 4, 5 дугаар ээлжинд спортын зөв хүмүүжил олгох зорилгоор сагс болон хөл бөмбөгийн тусгай сургалт явуулна.

   - Бусад зуслангаас ялгарах давуу тал нь юу вэ?
   - Манай зуслан Сэлэнгэ мөрний ай сав, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Мөн Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгж, дэлхийд данстай энэ том үйлдвэрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг нь бидний давуу тал гэж хэлж болно. Ногоон байгальд амарч байгаа хүүхэд, залуучуудын хувьд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, хог хаягдлаа хямгадаж, эх дэлхийтэйгээ харьцаж сурахад илүү дөхөмтэй.

   - “Зуслангийн эрхийн бичиг дуусчихлаа” гэсэн яриа гардаг. Энэ жилийн тухайд эрхийн бичгийн хүртээмж хэр байгаа вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг ая тухтай амраах зорилгоор “Найрамдлын-Эрдэнэс” зусланг 1981 онд байгуулсан. Бид үйлдвэрийнхээ ажилчдын хүүхдүүдийг амраах бодлогоо илүүтэй барьж, эрхийн бичгээ цехүүддээ хуваарилдаг. Бусад хүүхдэд эрхийн бичгийн хүрэлцээ муу байдаг тул ийм яриа гардаг байх. Энэ жил “Найрамдлын-Эрдэнэс” зусланд 4000 орчим хүүхэд амарна.

  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 18 6-р сар 2019 09:55
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог