Д.ГАНСҮХ: Эхний улиралд нийт 20.7 тэрбум төгрөгийн авлага барагдууллаа Онцлох

18 6-р сар 2019 12:00
497 удаа үзсэн

   "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Д.Гансүхтэй ярилцлаа.

   - Өр барагдуулах ажлын талаар мэдээлэл өгнө үү?
  
- “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу урьдчилгаа мөнгө авч, гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч авлага үүсгэсэн 5-15 жилийн насжилттай, 161 компанид холбогдох 60.8 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд манай хуульчдын баг хариуцан ажиллаж байна. Нийтдээ 43.05 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор барагдуулж, авлага барагдуулалт 70.7 хувьтай, 119 компанийн авлагыг бүрэн барагдуулж хаасан байна. 32 компанид шүүхийн шийдвэр гаргуулж, авлага барагдах шатандаа үргэлжилж байна. 2019  оны эхний улиралд нийт 20.7 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байна.

   - Үүссэн авлагыг барагдуулах ажиллагааг явуулахдаа хууль, эрх зүйн талаас ямар дүрэм журмаар зохицуулагдаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг вэ?
   - Авлага барагдуулах ажиллагааг авлага барагдуулах ажиллагааны журмаар зохицуулж өгсөн. Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/689 тоот тушаалаар үүссэн авлагыг барагдуулах ажиллагааны журмыг шинэчлэн баталсан. Журмаар гэрээнд заасан чиг үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн, найдваргүй авлага үүсгэсэн иргэн, хуулийн этгээд, компанийн ажилтнаас авах авлагыг барагдуулах, авлага барагдуулахад үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ажиллах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах, үүссэн авлагын баримт бичгийг Хуулийн хэлтэст хэрхэн шилжүүлэхийг журамлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

   - Хугацаа хэтэрсэн авлага гэж, найдваргүй авлага гэсэн нэр томьёог тайлбарлавал?
  - Хоёр өөр ойлголт юм. Хугацаа хэтэрсэн авлага гэж компанид бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил, үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, дотоодын борлуулалт болох цэвэр ус, дулаан, цахилгаан, утас, ярианы төлбөр зэрэг үйлчилгээ авсан байгууллагууд цаг тухайд нь төлбөр тооцоог компанид төлөөгүйгээс хугацаа хэтэрч үүсгэсэн авлага, үйлдвэрийн зардлаар гадаад болон дотоодод сурахаар сургалтын гэрээ байгуулсан ажилтан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр эд хариуцагч эд, материалын хохирол учруулснаас үүссэн авлагыг хэлнэ. Харин найдваргүй авлага гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээд нь татан буугдсан, дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон, хариуцагч нь нас барсан, шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх чадваргүй, ор сураггүй болсон, байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн улмаас авлага барагдуулах боломжгүй болсон иргэн, хуулийн этгээдийн авлагыг хэлнэ.

   - Авлага барагдуулах ажил амаргүй ажил. Ямар дарааллаар явагдаж байна вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмаар үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд гэрээ хариуцсан ажилтан ажилладаг. Энэ ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу гэрээний төсөл боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, авлага барагдуулах талаар уулзалт хийх, протокол үйлдэх, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдэх, үлдэгдлийг баталгаажуулах, авлагын талаар тайлан мэдээ, хувийн хэрэг нээж, бүртгэл хариуцан ажилладаг. Үүссэн авлага барагдуулах ажиллагааны журамд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд, хэлтэс, цехийн ажиллах тусгайлсан чиг үүргийг зааж өгсөн. Авлага үүсгэсэн иргэн хуулийн этгээд нь авлага барагдуулах явцад мэдэгдэл, албан шаардлагад тогтоосон хугацаанд авлагыг барагдуулаагүй, санаатай зайлсхийсэн тохиолдолд бүтцийн нэгжийн дарга холбогдох баримт бичгийг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн зөвшөөрлөөр Хуулийн хэлтэст шилжүүлнэ. Холбогдох баримт бичигт гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, төлбөрийн даалгавар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ төлөгч бол гэрчилгээний хуулбар, тооцоо нийлсэн акт, авлага барагдуулах талаар хийсэн протокол, мэдэгдэл, шаардлага зэрэг холбогдох албан бичгүүдийн бүрдэл орно. Авлага үүсгэсэн хуулийн этгээдийн материалыг Хуулийн хэлтэс хүлээн аваад дарга хуульчдад хуваарилна. Хуульч журамд заасны дагуу хавтаст хэрэг нээж, хийх ажлын төлөвлөгөө гаргаж, материалыг судалж, дүгнэлт хийнэ. Бүтцийн нэгжийн хариуцсан ажилтнаас тайлбар авна, мэдэгдэл шаардлага хүргүүлж, хөөн хэлэлцэх хугацааг судална. Шаардлагатай тохиолдолд авлага барагдуулах гэрээ хийж, авлага барагдуулах график төлөвлөгөө гарган Ерөнхий захирлаар  батлуулан мөрдөнө. Иргэн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр авлага барагдуулаагүй тохиолдолд сонин хэвлэлээр зарлаж, нэр төрд нь халдах, хууль хяналтын байгуулагад шилжүүлэх, шийдвэр гаргуулах шат дараатай арга хэмжээ авна.

   - Авлага барагдуулах талаар бусад Хууль, хяналтын байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмын дагуу хуулийн этгээдүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шаардах эрхээ хадгалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах, оршин суугаа хаяг тодорхойгүй, ор сураггүй хуулийн этгээдүүдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Шүүхийн шийдвэр гаргуулсан 10 компанийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 19 компанид шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж  Цагдаагийн газарт шилжүүлсэн. Гурван компанид эрүүгийн хэрэг үүсгүүлэн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

   - Хар жагсаалтад бүртгэгдсэн хуулийн этгээдүүдийн талаар?
  - Хууль, эрх зүйн газраас Ерөнхий захирлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/716 тоот тушаалаар Хар жагсаалтыг шинэчлэн баталсан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн авлага үүсгэсэн 141 компани, иргэн, хуулийн этгээдийг найдваргүйд тооцож, тэдгээрийн удирдлагатай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гэрээ, хэлцэл хийхгүй байхыг Ерөнхий захирлын орлогч, бүх газар, цех, хэлтсийн дарга нарт үүрэг болгосон.

   - Ярилцсанд баярлалаа.

А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 18 6-р сар 2019 07:19
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог