Г.Жаргалсайхан: Албан хэрэг хөтлөлтөд цаасгүй технологи нэвтрүүлнэ Онцлох

21 1-р сар 2019 12:00
400 удаа үзсэн

     ХМТАЦ-ийн мэргэжилтнүүд цаасгүй технологи бүхий албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийг боловсруулан үйлдвэрийн хэмжээнд нэвтрүүлэхээр зэхэж буй. Энэхүү программ хангамжийг нэвтрүүлэх явц, үр дүнгийн талаар тус цехийн дарга Г.Жаргалсайханаас тодрууллаа.

     -Цаасгүй технологи бүхий программ хангамж нэвтрүүлэх ажил хэр урагштай явна вэ?
     -Компанийн  Мэдээллийн технологийг хариуцан  ажиллах чиг үүргийнхээ дагуу манай хамт олон  цаасгүй технологи бүхий программ хангамжийн  системийг үе шаттайгаар боловсруулан нэвтрүүлж байна.  Үүний нэг нь  албан хэрэг хөтлөлтийн программ хангамж. Энэхүү программ хангамжийг боловсруулан, Захиргаа хүний нөөцийн хэлтэстэй хамтран  нэвтрүүлэхээр ажиллаж  байна. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсанаас  хойш тухайн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал  өрнөж буйтай холбоотойгоор  уул уурхайн компаниудад ашиглаж буй   шилдэг тоног төхөөрөмжийн  судалгаа хийж,  программч инженер, мэргэжилтнүүдээ сургалтад хамруулж байна. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажилласны үр дүнд  тодорхой систем, программ хангамжуудыг нэвтрүүлэх ажил хурдацтай хийгдэж байгаа.
   
     -Албан хэрэг хөтлөлтөд ямар үйл ажиллагаа хамаарах вэ?
     -Компанид ирсэн, явсан бичиг баримт, бүтцийн нэгжүүдийн бичиг баримтыг боловсруулахаас эхлэн, албан бичиг хэрхэн шийдэгдсэн хүртэлх бүхий л үйл ажиллагааг багтаасан бичиг баримтын нэгдсэн систем юм.

     -Энэхүү үйл ажиллагаанд программ хангамж нэвтрүүлснээр ямар үр дүн гарах вэ?
     -Ихээхэн  ач холбогдолтой. Баримт бичгийг боловсруулах явцад алдаа мадаг,  найруулга зүйг шат шатны албан тушаалтнууд системээс хянаснаар цаг хугацаа, цаас хэмнэнэ. Баримт бичгийн эргэлт түргэсч, компанийн нэгж, хэсгүүдэд мэдээлэл шуурхай дамжина. АБК-аас албан бичиг явууллаа гэхэд 2-3 хоног, заримдаа 20-30 хоногоор ч хаана яваа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Тэгвэл уг системийг  нэвтрүүлснээр 20-30 минутын дотор л хариу нь  бэлэн болно. Энэчлэн  цаг хугацаа, цаас, тээврийн зардал хэмнэх юм. Баримт бичгийн цаасан хувийг хүлээлгүйгээр хуваарилалт хийж, үүрэг даалгавар, ажлын гүйцэтгэлийг хянах боломжтой.  Түүнчлэн  ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэхэд ч нөлөөтэй юм.

     -Ойрын үед өөр ямар программ хангамж нэвтрүүлэхээр ажиллаж байна вэ?
     -Бид   мөн  албан томилолтын системийн программыг боловсрууллаа. Эрх бүхий албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулахаар  томилолтын хуудсаа барьсаар багагүй цаг хугацаа үрдэг байсан үе ард хоцорно. Энэ программ нэвтэрснээр 20-30 минутад томилолтын хуудас бэлэн болж, киоск машинаас авах бүрэн боломжтой болсон. Энэхүү системд цахим буюу тоон гарын үсгээр баримт бичгийг баталгаажуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх учиртай.  Бид тоон гарын үсэг боловсруулж  дууссан. Хууль, эрх зүйн газраас  үүнд хөндлөнгийн  хяналттай  байх шаардлага тавьсан. Бид энэ  чиглэлээр ажилладаг компанитай холбогдсон.  Хэрэглэгчийн лицензийн  төлбөр  болох 10 сая орчим төгрөгийн зардал гарах юм. Үүнийг чиглэл хариуцсан захирлууд, Хууль эрх зүйн газартай зөвшилцөн шийдвэрлэвэл тоон гарын үсгийн асуудал  шийдэгдэнэ. Энэхүү систем нэвтэрснээр тодорхой албан тушаалтныг хүлээдэг, явуулсан бичиг цаас  алга болдог, зарим нөхцөлд  утга нь алдагддаг хүндрэлтэй асуудлууд үгүй болох юм. Мэдээллийн технологийн эрин үетэй Эрдэнэт үйлдвэрийнхэн бид ч  хөл нийлүүлэн алхах нь зүйн хэрэг.  Иймээс манай цехийн хамт олон цаашдаа ч  цаасгүй технологийг  хэрэгжүүлж, нэвтрүүлсээр байх болно.


Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 21 1-р сар 2019 02:21
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог