×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Захирлууд хариулж байна Онцлох

07 4-р сар 2015 12:00
880 удаа үзсэн

 

     “Эрдэнэт” үйлдвэрийн 2014 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 3-р сарын 27-нд “Уурхайчин” соёлын ордны их танхимд боллоо. Тайлангийн хуралд үйлдвэрийн 500-аад ажиллагч, төв, орон нутгийн 70 гаруй сэтгүүлч оролцов. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд жилийн ажлын тайлангаа видео хэлбэрээр танилцуулж, ажиллагсад болон сэтгүүлчдийн асуултанд өөрсдөө хариулт өглөө.  “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудад тавьсан асуултыг хариултын хамт уншигч танд хүргэж байна.                 
 
   Асуулт: -Үйлдвэрийн  үйл ажиллагааг ил тод танилцуулсан та бүхэнд баярлалаа. “Эрдэнэт” үйлдвэр хаалт хөгжлийн менежмен-тийн бодлогын хүрээнд томоохон ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ? Оношилгоо эмчилгээний төв ашиглалтанд орох тухай таатай мэдээ бидэнд ирж байна. Шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, мэргэжилтэн, боловсон хүчин хаанаас бүрдэх вэ? 
   Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу: -Уул уурхайн тогтвортой хөгжил хаалт хөгжлийн менежментийн асуудал Монгол улсад иж бүрэн хэрэгжээгүй, нилээн түүхий байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд 2012 оноос уг асуудлыг соргог тусган авч хэрэгжүүлэхээр зорьсон. Уг нь “Эрдэнэт” үйлдвэр анх байгуулагдах үеэс л хаалт хөгжлийн менежментийг хэрэгжүүлэх ёстой байсан. Учир нь олон жилийн хойно байгалийн нөөц шавхагдах тохиолдолд Эрдэнэтийн ард иргэд хэвийн амьдарч, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд жигд ажиллах нөхцөлийг эртнээс бүрдүүлэх ёстой. Тэр утгаар бид уул уурхайн тогтвортой хөгжил, хаалт хөгжлийн менежментийн хөтөлбөр боловсруулж байна. Энэ хөтөлбөр батлагдсанаар “Хаалтын сан” байгуулах юм. Энэ сан цаашид Оношилгоо эмчилгээний төв, байгаль орчин гэх мэт нийгмийн  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой. Оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт Медикал” төвийн боловсон хүчний хувьд нийслэлээс нилээд мэргэжилтэн урьж ажиллуулна.  Мөн Япон улсын эрүүл мэндийн стандартыг Монголд нутагшуулах зорилгоор тэндэхийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд энд ирж ажиллана. Ингэснээр Монголчууд эрүүл мэндийн асуудлаар гадаад руу яваад байх биш, эх орондоо эрүүл мэндийн өндөр зэрэглэлийн үйлчилгээ хүлээн авах боломж бий болох юм.  Энэ төвийг  2015 оны 6-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.  
   Ерөнхий захирал Ц.Даваацэрэн: -Хаалт хөгжлийн менежментийн асуудал дээр нэмж хэлэхэд Технологийн сургуулийг цаашид Геологи, уул уурхайн судалгаа, шинжлэх ухааны төв болгон хөгжүүлэх чиглэлээр бодитой алхам хийнэ. Энэ хүрээнд Баяжуулах фабрикийн гол бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг төв лабораторийг Судалгааны төв болгож Үйлдвэрлэл эрхэлсэн захирлын шууд харьяанд өгсөн. Энэ нь бас нэг алхам гэж ойлгож болно. Манай эрдэмтэд, туршлагатай инженер техникийн ажилтнууд лаборатори дээрээ туршилт, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны ажил хийх боломжийг нээж өгсөн эхний алхам энэ юм. Судалгааны төв, Инженерийн зураг төслийн төв, Шинжлэх ухаан технологийн сургууль  яваандаа хаалт хөгжлийн менежментийн хүрээнд нэгдэж шинжлэх ухааны парк болон хөгжих ёстой. Хоёр дахь асуудал нь, Засвар механикийн заводын бааз суурийг ашиглаад Монголын зах зээлийн хэрэгцээ хангах уул уурхайн бүх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх бодлого баримталж байна. Өнгөрсөн жил тушаал гараад Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна. Монголын уул уурхайн салбарын тоног төхөөрөмж хийж борлуулах чиглэлээр бид ийм бодитой ажил хийх бодолтой байгаа.
 
   Асуулт: -”Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс Аутсорсингийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь хэр ашиг тустайг тооцсон судалгаа бий юу? Гадаадаас агуулах орж ирвэл “Эрдэнэт” үйлдвэрийг даган хөгжиж байгаа үндэсний үйлдвэрүүд хаалгаа барих нөхцөл үүсэх биш үү?
   Ерөнхий захирал Ц.Даваацэрэн:: -Монгол улсад ялангуяа Эрдэнэт хотод үйлдвэрлэж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны нийлүүлэлт дээр Аутсорсинг хийхгүй. Харин Монгол улсад үйлдвэрлэдэггүй, дуулга малгай (каска), нүдний шил гэх мэт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэрэгсэл дээр аутсорсинг хийнэ. 
 
   Асуулт: -Олон жил яригдаж байгаа зэс хайлах үйлдвэр хэзээ, хаана баригдах вэ?
  Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу: -“Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн удирдлагууд зэс хайлах үйлдвэрийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсан тэр цаг үеэс манай үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд зэс хайлах үйлдвэрийг монголд барьж байгуулах тухай ярьсаар ирсэн. Монголын уул уурхайн инженерүүдийн мөрөөдөл болсон энэ том төслийг хэрэгжүүлэх тухай тодорхой шийдвэрүүд төр, засгийн хэмжээнд гарсан. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын хүчээр Техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэлийг боловсруулсан. Мөн технологийн шийдлүүдийг гаргасан. БНХАУ-ын компанийн тусламжтайгаар ТЭЗҮ-ийг боловсруулаад дуусч байна. Энэ үйлдвэрийг Монгол улсын үйлдвэржилтийн хөтөлбөрийн хүрээнд Бор-Өндөрийн жоншны баяжмалыг боловсруулж крилит хийх үйлдвэртэй хамтруулан цогцолбор байдлаар барьж байгуулах тухай Аж үйлдвэрийн яаман дээр ярилцсан. Тиймээс Бор-Өндөрөөс 100 га газар аваад дараагийн ажил хийгдэж байна. Цаашид инженерийн  зураг төсөл хийх гээд шийдвэрлэх олон асуудал байгаа. Монгол улсын Аж үйлдвэрийн сайд саяхан Орхон аймагт айлчлахдаа Монгол улсын нэн түрүүнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэгэнд зэс хайлах үйлдвэр орсон тухай мэдэээлсэн бөгөөд энэ чиглэлээр бид хамтран ажиллаж байна. 
 
 
   Асуулт: -Сүүлийн үед “чемодантай дарга” гэх яриа гарах боллоо. Энэ талаар та санал бодлоо хэлнэ үү?
   Ерөнхий захирал Ц.Даваацэрэн: -”Эрдэнэт” үйлдвэрийн 9 бодлого дотор “Улс төрөөс ангид” байх тухай тусгагдсан бий. Үйлдвэрийн ажиллагсад бие биеэ улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлаж, хоорондоо талцмааргүй байгаа юм. Аль ч нийгэмд “Эрдэнэт” үйлдвэр нэг л үүрэг хариуцлага хүлээсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, бид үйлдвэрээ сайн ажиллуулж, төрийн байгууллагад төлдөг татварыг цаг хугацаанд нь төлж, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу энэ үйлдвэрийг ашигтай ажиллуулах үүргийг бид хүлээдэг. Тиймээс улс төрийн янз бүрийн нөлөөлөлд автах шаардлагагүй. Сүүлийн үед “чемодантай дарга” гэх яриа дуулдах болсон. Эрдэнэт хотыг барьж байгуулсан хүмүүс бүгд л чемодантай ирж энэ хотыг  бүтээн босгосон шүү дээ. Гэтэл өнөөдөр нэг нь нөгөөгөө  “чемодантай” гэж цоллоод, түрүүлж ирсэн нь сүүлд ирснээ ад үзээд байх шаардлагагүй. Энэ нь Монгол улсын үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр Монгол улсын иргэн хэн ч гэсэн хаана ажиллаж амьдрахаа чөлөөтэй сонгох эрхтэй. Үйлдвэрийн хамт олныг хагалж бутаргах явуургүй яриа гаргаад байгаа хүмүүсийн үйлдэлд харамсаж байна. Хамгийн гол нь чемодантай, чемодангүйдээ биш, хэн сэтгэлтэй сэтгэлгүй ажиллаж байгаад л хамаг учир бий. Бидэнд улс төрийн жалга довны үзэл хэрэггүй. Бидэнд бүтээмж-инноваци хэрэгтэй. Бидэнд сэтгэл хэрэгтэй. Бид бүтээмжээ өрнүүлж, инновацийг хөгжүүлж чадвал “Эрдэнэт” үйлдвэр эрчимтэй хөгжинө. Үүнийг бид л хамтдаа хийнэ. Тиймээс хамт олноороо оюун ухаанаа уралдуулж, мэдлэг чадвараа хоршиж байж бид “Эрдэнэт” үйлдвэрээ хөгжүүлнэ.  
   
   Асуулт: -Дулааны цахилгаан станцын 2-р шатны өргөтгөлийн ажил ямар түвшинд явна вэ? 
   Ерөнхий захирал Ц.Даваацэрэн: -Тус станцын өргөтгөлийн ажлын тендерт  Хятад улсын “Avic”  компани шалгарсан. Уг компанитай бид гэрээ байгуулж чадаагүй. Манайд гэрээний нөхцөл эрсдэлтэй байсан. Нэгдүгээрт, гэ-рээгээр урьдчилгаа 30 хувийг нь авна. Хоёрдугаарт, ямар нэг маргаан гарсан тохиолдолд олон улсын шүүхэд хандана гэсэн шаардлага тавьж байгаа. Манай Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил Монгол улсын эрчим хүчний болон барилгын тухай хуулиар явна. Ямар нэгэн маргаан гарвал манай улсын хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн хоёр шаардлага дээр санал нийлээгүй учраас тендерийн хугацаанд уг компанитай гэрээ байгуулж чадаагүй. Тэгэхээр бид дахин тендер зарлах эсвэл эдийн засгийн энэ хүнд үед харьцуулалтын аргаар гэрээнийхээ нөхцөлийг  сайжруулах саналыг Сангийн яаманд гаргаад  байна.
   
   Асуулт: -Улс орон эдийн засгийн хямралтай, дэлхийн зах зээл дэх зэсийн ханш унасан энэ хүнд үед та бүхэн хямралын эсрэг ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
  Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг:  -Сүүлийн   жилүүдийн судалгаанаас харахад дэлхийн зах зээл дээр  зэсийн үнэ 2011 онд хамгийн өндөр буюу 1 тонн нь  8000 гаруй ам.доллар байсан. Түүнээс хойш жил бүр зэсийн ханш унасаар ирсэн. Үүнтэй холбогдуулан манай үйлдвэр 2013 онд  “бүсээ чангалах” дэглэмтэй  ажилласан. Мөн 2014 онд  манай ард түмний ярьдгаар “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” бодлого барьсан. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан ч бид төлөвлөсөн орлогоо олж, улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн  татвар хураамжаа төлөх ёстой. Ингэхийн тулд ашгаа нэмэгдүүлэх бүхий л боломжийг хайсан. Өнгөрсөн онд хүдэр олборлолт, боловсруулалт, баяжмал үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, зэсийн баяжмалын чанарын үзүүлэлтээ тодорхой хэмжээнд дээшлүүлсэн. Ийм  байдлаар орлогын хэмжээг бага ч гэсэн нэмэгдүүлсэн. Нөгөө талаас цех нэгж, хүн бүхэн  хэмнэлтийн дэглэмд шилжин ажилласан.   Өнгөрсөн жил бид худалдан авалтаа 30 орчим тэрбум төгрөгөөр багасгасан.  Хоёр жил дараалан  үндсэн хөрөнгө,  тоног төхөөрөмжөө солиогүй, хэрэгцээт зүйлээ санасан хэмжээнд авч чадаагүй. Үйлдвэрлэлтэй холбоогүй зардлуудыг бүх шатанд хэмнэх бодлого баримталсан. Урьдын адил үнэтэй машин техник авдаг,  ширээ сандал, компьютер, хэрэгслийг ойрхон  сольдгоо больж, гадаад дотоодын  томилолт, сургалтын  зардлаа хэмнэсэн. Энэ бүхэн  удирдлагын зүгээс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа. Үүнийг үйлдвэрийн хамт олон ойлгож, дэмжсэнээр  хямралтай үед амжилттай сайн ажилласан. Энэ бол та бидний хамтын ажиллагааны үр дүн юм. 
 
   Асуулт: -Улс, орон нутгийн төсөвт төлсөн төлбөр урьд оныхоос буурсан нь ямар шалтгаантай вэ?
   Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг: -Улсын төсөвт төлдөг манай хамгийн өндөр төлбөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байдаг. Сард 20 орчим тэрбум төгрөг төлдөг. 2014 онд төсөвт төлсөн татвар урьд оныхоос 57 тэрбумаар буурсан нь  ноогдол ашиг 53 тэрбумаар багассантай холбоотой юм. Олсон орлогоосоо зардлаа нөхөөд үлдэж буй ашгаасаа хөрөнгө оруулагч талуудад  ноогдол ашиг төлдөг. 2013 онд улсын төсөвт 68 тэрбум төгрөгийн ноогдол ашиг төлсөн. Үйлдвэрт хэрэгжиж буй төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэхээр 2 талын хувьцаа эзэмшигчдэд удаа дараа хүсэлт гаргаж, төрийн өмчийн хороо болон бусад байгууллагаар дамжуулж ойлголцсоны дүнд ноогдол ашгийг өмнөх оноос бууруулж, компанид үлдээсэн. 2014 онд 15 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг улсын төсөвт төлсөн.  
 
   Асуулт: -Ямар үндэслэлээр ажиллагчдын дундаж цалин 2,1 сая төгрөг болсон бэ? Ажилчид энэ мөнгийг авч чадахгүй байгаа. 
   Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг: -Үйлдвэрлэлийн цехэд ажиллагчдын цалин, нийт ажиллагчдын дундаж цалин гэж гардаг. Үйлдвэрлэлийн бус салбарт ажилладаг нийгмийн цехүүдийн ажиллагчдын цалин үйлдвэрлэлд ажиллагчдынхаас харьцангуй доогуур байдаг. Аль цехийн ажиллагчдын дундаж цалин хэд байдгийг ажил хэргийн шугамаар сонирхох бол  Эдийн засгийн хэлтсийн Хөдөлмөр цалин хөлсний товчооноос харьцуулсан үзүүлэлт авч болно. 
 
   Асуулт: -ОХУ-ын Эльбруст олон улсын уулын марафоны А зэрэглэлийн тэмцээнд  оролцоход 4 сая төгрөгийн зардал гарах юм. Үүнийг үйлдвэрээс гаргах боломжтой юу?  Тэмцээн 2015 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 8-нд болно. 
  Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг: -Дэлхийн  зах зээл дэх зэсийн ханш унаж байгаатай холбогдон  шууд үйлдвэрлэлтэй холбоогүй нийгэм соёлын зардлууд нилээд танагдсан. Бид  тамирчдыг спортын  уралдаан тэмцээнд урьдын адил явуулж чадахгүй байгаа. Одоохондоо  Хангарьд спорт клубын тамирчдыг 2016 оны олимпод оролцох оноо цуглуулах тэмцээнд нь тасралтгүй оруулах гол бодлого барьж байна. Саяхан  Төрийн өмчийн хорооны даргын албан бичиг ирсэн. Үүний дагуу Ерөнхий захирлын тушаал гарч, томилолт, сургалт, урлаг уран сайхны  гэх мэт үндсэн үйлдвэрлэлтэй холбоогүй зардлыг багасгах, зогсоохоор шийдвэрлэсэн.  Дээрх тэмцээн Спорт ордны 2015 оны төлөвлөгөөнд ороогүй бол энэ асуудлыг санхүүжүүлэх боломжгүй. Төлөвлөгөөнд байгаа бол  олон улсын өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд оролцуулах талаас нь анхааръя.   
 
   Асуулт: -“Эрдэнэт медикал” төв нь “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад ямар хөнгөлөлт, тарифаар үйлчлэх вэ? 
  Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу: -“Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр хоёр том төсөл хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж байна. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийг хоёр жигүүртэй гэж үзвэл нэг нь үйлдвэрлэл, хоёр дахь нь нийгмийн салбар юм. Нийгмийн салбарт том байр суурь эзлэх “Эрдэнэт медикал” оношилгоо эм-чилгээний төвийн бүтээн байгуулалт нэг дэх том төсөл. Хоёр дахь төсөл нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл юм. “Эрдэнэт медикал” төвийн анхны үйлчлүүлэгчид нь манай үйлдвэрийн ажилчид байх болно. Ингэхдээ хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлнэ. Энэ талаар манай мэргэжлийн хүмүүс судалгаа хийж байгаа. 
 
   Асуулт: -2014 онд “Эрдэнэт” үйлдвэрт хэдэн хүн ажилд орсон бэ? 
  Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа: -2014 онд 339 ажилтан тэтгэвэрт гарч Хамтын гэрээний заалтын дагуу эцэг эхийнхээ оронд 236, хүний нөөцийн бодлогоор болон сонгон шалгаруулалтаар 242, компанийн зардлаар сурсан 12 хүн ажилд орсон. Манай хүний нөөцийн бүрэлдэхүүн 2014 онд харьцангуй шинэчлэгдсэнийг эндээс харж болно.  
 
   Асуулт: -Цаашид нийгмийн бодлогын чиглэлээр төлөвлөж буй ажил...? 
  Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа: -Бидний хамгийн гол хэрэгжүүлж буй ажил бол орон сууцны бодлого. Ажиллагчдынхаа орон сууцны асуудлыг хэд хэдэн чиглэлээр шийдэхээр төлөвлөж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 2300-аад ажилтан орон сууцгүй гэсэн судалгаа бий.  Үүнийг шийдэх эхний алхам 1300 айлын орон сууцыг хотхон хэлбэрээр байгуулах төлөвлөлт хийгдэж  байна. Үүний дагуу амины орон сууцны “Эко-400” хороолол буюу Эрдэнэт үйлдвэрийн “Сархиа” цанын баазын зүүн энгэрийг дагасан суурьшлын шинэ бүс бий болгоно. Энд манай үйлдвэрийн 400 ажиллагч, Эрдэнэт хотын 120 иргэн, нийт 500 гаруй айлын шинэ суурьшлын бүс бий болно. Үүнийг бид Нийгмийн бодлогын чиглэлийн гол ажил гэж үзэж байна. Дараа нь хуримтлалгүй залуучуудад зориулсан нийтийн орон сууц хэлбэрийн “Залуус-600” хорооллыг Говил багт эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн орос мэргэжилтнүүдийн аюулгүй аж төрөх байдлыг хангах үүднээс “Москва-300” хотхон барьж өгнө. Тэдний суллагдсан 300-аад байрыг монгол ажиллагчдадаа өгөх чиглэл баримталж байна.   
 
   Асуулт: -Орон сууцны дэмжлэгийн 8 сая төгрөг нэмэгдэх үү?  
   Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа: -”Эрдэнэт” үйлдвэр Нийгмийн хамгааллын чиглэлд томоохон бодлого явуулдаг. Өнөөдрийн байдлаар жил бүр 150 өрхийг 8 сая төгрөгийн хөнгөлөлттэйгээр орон сууцтай болгох үндсэн чиглэл хэрэгжиж байна. Энэ үндсэн чиглэлд 2014 оны 12-р сард өөрчлөлт орсон. Тухайлбал манай ажилчид банкнаас зээл аваад 8 саяын хөнгөлөлтөөр зээлийнхээ хэмжээнээс багасгадаг байсан бол өнөөдөр банкны зээлийн урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж чадахгүй байгаа хүмүүст 8 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх боломж бас нээгдсэн. Мөн гэр хорооллын амины орон сууцаа эко хэлбэрээр, байгаль орчинд ээлтэйгээр барьж байгуулсан ажилчдад 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болсон. Ийм айл нэлээн хэд байна. Бид судлаад гурван айлд 8 сая төгрөгийн дэмжлэг олгох шийдвэрт хүрсэн. Өнөөдөр дэлхийн эдийн засаг хямралтай байна. Энэ хямрал “Эрдэнэт”  үйлдвэрийг   тойроогүй.   Бидний  гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж, үйлдвэрийн орлого, зарлага үндсэндээ баланс барих хэмжээнд явж байна. Иймээс нийгмийн бодлогод зарцуулж байгаа дэмжлэгийг тэлэх боломжгүй. Уг нь 8 саяын хөнгөлөлтийг ирээдүйд жаахан нэмэгдүүлэх төлөвлөгөө бий. Гэхдээ энэ онд нэмнэ гэж хэлэхэд итгэлтэй биш байна. Ямар ч байсан 8 сая төгрөгийн дэмжлэг хэвээр үргэлжилнэ. Бууруулахгүй байх тал дээр бид бодлого барьж ажиллана.    
     
   Асуулт: -”Эрдэнэт” үйлдвэрт ажилд орох хүсэлтэй, орос хэлтэй, мэргэжлийн хүмүүс ажилгүй явж байна. Тэдэнд боломж бий юу ?  
   Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа: -Ийм хүн олон бий. Ялангуяа орос хэлтэй хүмүүс нийгмийн салбарын мэргэжилтнүүд байдаг. Тэгэхээр багш, газар зүй, үйлдвэрийн менежмент гэх мэт мэргэжлээр төгссөн хүмүүс нийгмийн салбарын 10 гаруй байгууллагад ажлын байр олоход хэцүү байгаа. Харин орос хэлтэй бөгөөд уул уурхайн салбарын мэргэжилтэй хүмүүс сонгон шалгаруулалтаар ажилд орох нь харьцангуй нээлттэй болсон.   
 
   Асуулт: -Тайланд 2013, 2014 онд нийтдээ 922 ажилтан орон сууцны асуудлаа шийдвэрлүүлсэн гэсэн байна. Тодорхой тайлбарлаж өгнө үү? 
  Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа: -2013 онд бид 450 хүний орон сууцны асуудлыг шийдсэн. 2014 онд 472 хүний асуудлыг шийдсэн. Нийлээд 922 ажилтан ямар нэг байдлаар орон сууцны асуудлаа шийдвэрлүүлсэн гэсэн үг. 
 
 
"ӨНӨӨГИЙН ЭРДЭНЭТ" СОНИНЫ РЕДАКЦ
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:28
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог