Цутгуурын цехийн шинэчлэл эрчимтэй явж байна Онцлох

09 12-р сар 2019 12:00
142 удаа үзсэн
     Бид Цутгуурын цехийн хэвний технологийн шинэчлэлийн ажлыг сурвалжлахаар Засвар механикийн заводыг зорилоо. Тус цех 1980 оны арванхоёрдугаар сарын 31-нд  анхныхаа ганг хайлж, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангийг цутган үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.
...Уран нарийн хийцтэй
Уурхайн түмэн тоногийг
Урлаж цутган зороход
Ухаан задраад урамтай... хэмээх шүлгийн шад мөрүүд  цээжинд хургана. Цутгуурын цехэд биднийг очиход хэсэг ажилчид жижиг металл хийцүүдийг нэг дор овоолж  явахтай таарлаа. Талбайн зүүн талд  гагнуурын алтан оч үсэрнэ. Нөгөө талд нь ямар нэгэн тоног төхөөрөмжийг кранаар өргөж буй ийм нэгэн хөдөлмөр ундарсан ажлын  талбар угтав. Шингэн шил, шавар сульфит  зэрэг үндсэн холбогч материалуудыг элстэй найруулан зуурсан холимгоор цутгамал бүтээгдэхүүний хэв бэлтгэдэг. Дараа нь галд тэсвэртэй материалаар будаж янзална. Дээд, доод хэвээ хааж, голчуудаа байрлуулна. Хаягдал хар төмөрлөгийг хайлуулж, механик шинж чанараас хамааруулан янз бүрийн химийн орц найрлагатай хайлшуудаар  цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зууханд металл хайлах ажиллагаа гурван цаг орчим явагдана. Цутгуурын цехэд хэрэглэж байсан хэвний технологийг 1960 оноос анх үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  39 жил уг технологиор хийсэн байна. Энэ нь сайн чанарын кварцын элсийг шингэн шилээр зуурч, нүүрс хүчлийн хийгээр  хатууруулан хэв бэлдэх технологи юм. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй экскаваторууд, өрмийн машин, бульдозер, авто ачигч, автогрейдер зэрэг уулын тоног төхөөрөмжийн эд анги, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын хуягууд, тээрмийн доторлогоо, насосын ажлын эд ангиудыг Цутгуурын цехэд үйлдвэрлэдэг. Одоогоор Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамыг суурилуулах  шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Үндсэн зорилго нь хэвний  технологийг өөрчлөх юм. Цутгуурын цех жилд 6600 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай. Тус цех түүхэндээ хамгийн их нь 5800 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Хангалттай захиалга ирсэн тохиолдолд төслийнхөө хүчин чадалд хүрч ажиллах боломжтой. Жилийн захиалгынхаа хэмжээнд үйлдвэрлэл явуулж ирсэн аж. Энэ оны эхний 10 сард 5700 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь Цутгуурын цехийн зогсолтын үед Эрдэнэт үйлдвэрийн жилийн захиалгат цутгамал бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нөөц юм. Өөрөөр хэлбэл жилийн төлөвлөгөөт ажлаа хангалттай биелүүлжээ. Ирэх оны тавдугаар сарын нэгэн хүртэл үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хэрэгцээний цутгамал бүтээгдэхүүний нийлүүлэлт хангагдсан гэнэ. Цутгуурын үйлдвэрлэлийн өргөтгөлийн хүрээнд орчин үеийн өндөр бүтээмжтэй цутгуурын тоног төхөөрөмжөөр тоноглох, шинэ технологи нэвтрүүлэх ажил ийнхүү эрчимтэй явагдаж эхэллээ.  
 
 
 
Хольц бэлтгэх хэсгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмжүүдийг  буулгав   
 
    Баяжуулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг Цутгуурын цехийн бүтээгдэхүүн хангах ёстой. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зэхэж буй шинэ технологийг 2010 оноос гар хэв дээр туршжээ. Шинэ технологийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж 5,7 сая долларын хөрөнгө оруулалт  шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төсөвлөсөн хөрөнгө оруулалт хийгдсэнээр өнгөрсөн сарын нэгнээс Цутгуурын цехийн үйл ажиллагаа зогсож төлөвлөгөөний дагуу технологийн шинэчлэл эхэлсэн. Одоогийн байдлаар хуучин тоног төхөөрөмжийг буулгах, шинэ тоног төхөөрөмжийн суурийн ажил явагдаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 10-аас ХБНГ улсын FAT компанийн тоног төхөөрөмжийг угсрах аж. Энэ ажлыг  FAT компанийн төлөөлөл, Засвар  угсралтын болон Цутгуурын цехийн хамт олон гурван сарын хугацаанд хийх юм. Мөн дэд бүтцийн холболт, туршилт тохируулгын ажил хийгдэнэ. Эдгээр ажил үе шаттай хийгдсэнээр Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэчлэлийн ажил дуусна. Ирэх оны тавдугаар сарын нэгнээс Цутгуурын цех үйлдвэрлэлийн хэвийн жигд, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн давхар хольц бэлтгэх тасгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмж буулгах ажлыг “Ээлт өлгий” компани гүйцэтгэж байна. Урьдчилсан тооцоогоор 160-аад тонн металл хийц, 170-аад тонн бетонон хийц буулгажээ. Засвар угсралтын цехийнхэн хуучин 30 тонны холигч, бункерүүдийг буулгах, элс хатаах төхөөрөмжийг шилжүүлэн суулгалаа. Одоо тоног төхөөрөмжийн суурийн ажил уруу орох гэнэ.Механикийн албаныхан хэвний нэг, хоёр, гуравдугаар машин, элс дахин ашиглах бэлтгэх төхөөрөмж, туузан дамжуургыг буулгасан бол Эрчим зүйн албаныхан цех доторх халуун хүйтэн усны болон хийн шугамуудыг салгах, олон төрлийн кабель утаснууд (КТП-2)-ыг буулгаснаар хэв байрлуулах талбайг томсгожээ. Үндсэн гол ажлыг Барилга засварын болон Засвар угсралтын цех хийж байгаа бөгөөд Цутгуурын цехийн 147 ажилтан туслахаар ажиллаж байна.  
 
 
 
 
Олон тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардлыг хэмнэнэ
 
    Цутгуурын цехийн дарга Ц.Зоригоо: “Манай цехэд шинэ технологи нэвтэрснээр хөдөлмөрийн нөхцөлийн хувьд жаахан өөрчлөлт орно. Хуучин хэвний машинууд доргилттой ажиллаж байлаа. Доргилтын хийн багажууд ашиглаж хэвээ чигждэг. Энэ асуудал байхгүй болно. Харьцангуй дуу чимээ багасна.  Хийн багажийг олон жил ажиллуулсан хүнд булчингийн сулралт явагддаг. Юм атгаж чаддаггүй. Хуучин технологиос бат бэхийн чанар хэд дахин нэмэгдэнэ. Манай цехийг ажиллах үеэр тусгай комисс ажлын нөхцөлтэй танилцана. Урьд нь доргилтод хэв нураад уначихдаг байсан. Энэ технологи нэвтэрснээр өөр төрлийн элс хэрэглэх боломж бүрдэж байна. Бидний хэллэгээр хромтой элс. Үүнийг хайлах температур цельсийн 2100 градус. Тэгэхээр металл цутгасны дараах гадаргууны цэвэрлэгээний ажил харьцангуй хөнгөрнө. Нөгөө талаар геометр хэмжээс маш нарийн болж стандарт, техникийн нөхцөл хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ажиллах хүчний тоо багасна. Хуучин бид хэвний холимгийг тусад нь бэлддэг байсан. Энд 14 хүн ажилладаг. Тэгэхээр энэ хэсэг ажиллах шаардлагагүй. Шинэ тоног төхөөрөмж, автоматаар нормоо тохируулаад холимгоо зуураад өгчихнө. Тэгэхээр туузан дамжуургын систем халагдана. Нийт 130 тоног төхөөрөмжийг ашиглахгүй болно. Эдгээр тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардал хэмнэгдэнэ. Тухайлбал, туузан дамжуургын  лент, хүрд, хөдөлгүүрийн ашиглалтын хэрэглээг хэмнэх жишээтэй. Ажилчин хүн туузан дамжуургыг хянах шаардлагагүй. Иймээс зарим ажлын байранд өөрчлөлт орно. Зарим хүмүүсийг өөр хэсэгт шилжүүлэн ажиллуулна. Манай цех хажуудаа  материалын агуулах ашиглалтад оруулна. Хаягдал төмөр бэлтгэх хэсэгт шинэ кранууд тавьж байна. Эдгээр ажлын байранд хүмүүсээ шилжүүлэн ажиллуулах юм.  Энд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулна. Ирэх жилийн тавдугаар сарын нэгнээс цехийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хүмүүсийн ажлын байрны орон тооны бүтэц батлагдана. Манай заводын резинэн эдлэл үйлдвэрлэх тасаг хүчин чадлаа нэмж байгаа. Уг хэсэгт  дөрвөн хүн шилжүүлж ажиллуулна. Манай цех Вакуум хальсны хэвний технологи нэвтрүүлсэн. БНХАУ-ын Сандри компанийн мэргэжилтнүүдийг урьж энэ ажлыг хэрхэн сайжруулах талаар ярилцсан. Тэдний хийсэн төслийн дагуу нэмэлт тоног төхөөрөмж худалдан авсан нь Тээвэр ложистикийн төвд ирчихсэн байгаа. Бидний дараагийн хийх ажил нь Вакуум хальсан хэвний тоног төхөөрөмжийг шилжүүлж суулгах юм. Бид хуучин тоног төхөөрөмжийг нь энэ зун буулгаад авчихсан. Хольц бэлтгэх, элс татах төхөөрөмжийн чөлөөлсөн талбайд вакуум ажлын хэвийг суурилуулах зураг төсөл явж байна.” гэв. 
 
 
 
     Цутгуурын цех 6000 тонн металл цутгахад 9000 тонн кварцын элс хэрэглэж байсан  бол шинэ технологи нэвтрүүлснээр жилд 3000 тонн элс хэрэглэх аж. Нэг тонн цутгамал бүтээгдэхүүнээс 40 доллар хэмнэх бөгөөд 4,6 жилийн хугацаанд шинэ технологийн зардлаа нөхөх урьдчилсан тооцоо гарчээ. Ийнхүү “Хүйтнээр  хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэ технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирч, хэвний материал хэмнэгдэн, эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэх юм.               
 
     
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 09 12-р сар 2019 03:36
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог