×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Тэсэлгээчин Ц.БЯМБАДОРЖ

24 11-р сар 2014 Нийтэлсэн

     Энэ удаагийн Аваргууд буландаа Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн тэсэлгээчин Цэдэн-Ишийн Бямбадоржийг онцолж байна. Тэрээр 1960 онд Ховд аймгийн Дуут суманд эгэл малчин айлын хоймор эзэгнэн төрсөн. Том хүүгийн эрх ямба, үүрэг хариуцлага бүхнийг дааж ирсэн Ц.Бямбадорж араасаа найман дүү дагуулжээ. Ганц эгч нь боловсрол, соёлын салбарт насаараа ажилласан буурай эдүгээ Дархан-Уул аймагт бий. Олуулаа бужигнаж өссөн түүнд хамт олонч, нийтэч зан юу юунаас илүү төлөвшсөн. Ховор инээдтэй, дуу цөөнтэй түүнээс дүү нар нь төдийгүй шавь нар нь эмээнэ. Харин аль хэдийн эрийн цээнд хүрсэн, эхнэр болсон хүүхдүүдээ хараад өөрөөсөө илүү хайрлаж зөөлөрнө. Ц.Бямбадорж нутгийнхаа Хонгор, Жинст уулаар хонь хариулж, Эвтийн рашаанаас ундаалж, Хар ус нуурын усанд өдөржин шумбан тоглож явсан хүүхэд насаа дурсахдаа дуртай. Аавынхаа хурдан бор морийг наадамд унаж уралдахдаа айраг алддаггүй байсан тухайгаа ярихдаа нүд нь сэргэж, дуу нь чангарна. Хурдан бор мориных нь удам угшил одоо ч тасраагүй, Ховд аймгийн алдарт уяач дүүгийнх нь адууны сор болон нутагтаа уралдсаар...
     Тэрээр ээлжийн амралтаараа нутагтаа очиж сэтгэлээ сэргээнэ, багадаа тоглож явсан буйраа эргэнэ, ах, дүү нартайгаа золгоно. Түүнээс гадна эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах, рашаан сувилалд амрах сонирхолтой. Ингэж л бүтэн жилийн эрч, хүч, энергээ хуримтлуулаад ажилдаа шамдана.      


     Ц.Бямбадорж сумандаа 8 жилийн сургууль дүүргэсэн. Тэрээр 17 настай хүүхэд байхдаа Дуут сумынхаа 20 жилийн ойн наадамд зодогложээ. Аав, ээжийн бөхийн удмыг залгахаар том биетэй мань эр нутагтаа нэр алдартай олон сайн бөхийг өвдөг шороодуулан давж түрүүлэн Сумын заан цол хүртсэн нь амьдралынх нь гэгээн дурсамжийн нэг. Сумын шинэхэн заан цэргийн албанд түвэггүй тэнцэж Улаанбаатар хотын Барилгын цэргийн 130 дугаар ангид хуваарилагджээ. Гэсэн ч хугацаат цэргийн албаны сүүлийн хоёр жилийг Эрдэнэт хотын Барилгын цэргийн 110 дугаар ангид ахлах түрүүч цолтой хаасан байна. Сахилгагүй хүүхэд сэргэлэн цэрэг болж ангийн ахлагч, жагсаалын дарга, офицеруудынхаа итгэлийг хүлээснээр тус цэргийн ангид улиран ажиллах урилга гарджээ. Ц.Бямбадорж 1978-1991 он хүртэл алба хаасан цэргийн ангидаа ахлагч, хөнгөн машины засварчнаар ажилласан. Тэрээр Хүдрийн ил уурхайд тэсэлгээчнээр ажиллаж байгаад “хувьд гарсан” Давааням, Даваажав гэх ихэр найзтай. 1991 оны намар ихэр найз нь “Манайд ажлын байрны орон тоо гарлаа. Чи очиж уулзаач” гэж хэлснээр дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэртэй хувь заяагаа холбох замын эхлэл тавигджээ. Хоёр жил Тэсрэх бодисын үйлдвэрт ачигчаар ажиллаад, сургалтын төвийн курс дүүргэж мэргэжлийн тэсэлгээчин болсон. Тэр цагаас хойш Ц.Бямбадорж эдүгээ 23 жил уул тэсэлж, улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулсаар явна. Тэрээр Булган хангай нутгийн өгөөж, Эрдэнэтийн овоо ордын хишиг буяныг хүртэж яваагаа азтайд тооцон сэтгэлдээ сүсэглэн идээний дээжээ өргөн залбирна. Энэ сайхан баян хангайг тэслэхдээ сэтгэл нь эмзэглэх ч “Монгол улсыг тэжээж буй дэлхийн тэргүүлэгч үйлдвэрийн нэгэн чухал ажилтан нь би юм шүү. Энэ бол миний ажил, бусдын төлөө хийж буй буянтай үйл” хэмээн өөрийгөө зоригжуулан тайвшруулж ажилладаг гэнэ. Баасан гараг бүр тохиох энэхүү нүсэр ажлыг ил уурхайн 15 тэсэлгээчин хамтын хөдөлмөрөөр гүйцэтгэдэг. Долоо хоногийн эхний өдрөөс бэлтгэл хангана. Тэсрэх бодисын үйлдвэрээс шингэн болон хуурай тэсрэх бодис БелАЗ-аар зөөн авчирч цооногуудыг цэнэглэнэ.
     Ц.Бямбадорж усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисыг ашиглах, тэсэлгээний цэнэглэгч СЗМ-15 машиныг шинээр ашиглалтанд оруулах, Нонел системийн тэслэх хэрэгслийг Швед, Орос, Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд олон жилийн туршлага, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо хошуучлан ажилласан. Ингэснээр цооног ба сүлжээний холболтын шуурхай, найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ тэсрэлтээр үүсэх чичирхийллийн үйлчилгээг багасгах, тэсрэх бодисын энергийг бутлалтанд бүрэн ашиглах боломжийг бүрдүүлсэн юм. Тэрээр сүүлийн 5 жил дотоод тээврийн тэсрэх материал түгээх машин дээр ажиллахдаа төлөвлөгөөт даалгаврыг 102-105 хувь биелүүлж, жилд дунджаар 22 тонн тэсрэх хэрэгсэл, 400 тонн энгийн тэсрэх бодисоор 8700 хөлдүүс цооног цэнэглэх ажлыг цаг хугацаанд нь аюул осолгүй, чанартай гүйцэтгэжээ. Мөн цэнэглэлтийн процессийг хөнгөвчлөх, чанаржуулахад шинэ санаа дэвшүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Тэсэлгээ явагддаг учраас Эрдэнэт зүрх муутай хүнд хатуу газар гэгддэг. Тэгвэл тэрхүү тэсэлгээг гардан гүйцэтгэж буй түүний эрүүл мэндэд бүр халтай санагдана. Гэсэн ч Ц.Бямбадорж нүдний шил, амны хаалтаас эхлээд хөдөлмөр хамгааллын бүх хэрэгслээ зүүсэн байхад алзахгүй ээ гэх. Тэр үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ хамт олондоо үлгэр дуурайлал үзүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгон, шинэхэн тэсэлгээчин Э.Самбуу, Б.Батбилэг, Б.Баасан нарыг дагалдуулан ажлын дадлага туршлага, аюулгүй ажиллагааны арга барилыг заан сургаж бие даан ажиллах чадварыг эзэмшүүлж байна.
     Ц.Бямбадорж “Би гавьяаны амралтандаа гарвал морь, бөх ярьсан жинхэнэ монгол өвгөн болно доо” гэх. Цагийн эрхээр энэ үе ирэх нь тодорхой. Тэр цагт хийх ажил, хэлэх үг, үйлдлээ мэдэж байна гэдэг бодолтой хүний шинж. Түүний эхнэр Булган аймгийн Тэшиг  сумын  харьяат ажилсаг буриад эмэгтэй бий. Хаяанд буй хадмын нутагтаа тэр байсхийгээд үдлэх дуртай. Эднийх чандмань адил гурван сайхан хүүхэдтэй айл. Голомт залгах ганц хүү нь Хүдрийн ил уурхайн Засварын хэсгийн гагнуурчин. Уурхайчны удмыг ч залгаж явна. Харин хоёр охин нь уул уурхайн мэргэжил эзэмшсэн ч одоохондоо гэргий заяа түшин түүнд дөрвөн хөөрхөн зээ төрүүлээд асарч байна.
     Уулын цул тэслэх өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэсэн амжилтаараа 2009, 2013 онд Хүдрийн ил уурхайн “Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарч байсан Ц.Бямбадорж могой жилд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аваргаар тодорсон нь олон хүнийг баярлуулсан. Тэрээр “Хамт олон гэдэг нэгэн гэр бүл” хэмээн онцолсон. “Хүдрийн ил уурхай” гэх өнөр гэр бүлийн нэгэн хүндтэй гишүүн, үлгэрлэн дуурайх ажилтан нь яах аргагүй Хөдөлмөрийн аварга Ц.Бямбадорж юм. 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог