М.ДАМДИНСҮРЭН: Эрдэнэт үйлдвэр 60-аас илүү жил ажиллах боломж бий Онцлох

07 4-р сар 2020 12:00
212 удаа үзсэн

Хаврын урь ороход геологичид маань ажлаа эрчимжүүлж байгаа даа, гэх бодол эрхгүй төрдөг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан корона вирусын халдвараас сэргийлэхийн тулд ажил хаа сайгүй хазаарлагдсан аястай байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг бодитой тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг Геологи, хайгуулын экспедицийн ажил хэр урагштай яваа талаар тус цехийн дарга М.Дамдинсүрэнгээс тодрууллаа. 

-Геологи, хайгуулын ажил эхэлсэн үү?

-Гуравдугаар сарын эхээр эхэлсэн. Ил уурхай дээр энэ оны ашиглалтын хайгуулын ажил үргэлжилж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явна. Мөн Баяжуулах үйлдвэрийн хүсэлтээр Уралын уулын хүрээлэнгээс мэргэжилтнүүд ирж Хаягдлын аж ахуйд ажилласан. Бид тэнд өрөмдлөг хийгээд саяхан дууслаа. Манай нэгдүгээр улирлын төлөвлөгөө биелсэн. 

-Уралын уулын хүрээлэн-гийнхэн ямар ач холбогдолтой ажил хийсэн бэ?

-Хаягдлын аж ахуйн далангийн тогтвортой байдлыг хангах гэрээний дагуу усны түвшин, шилжилт хөдөлгөөн зэрэгт гидрогеологи, маркшейдерийн ажиглалт хийлгэдэг юм. Энэ ажлын пьезометр, инклинометрийн өрөмдлөгийг манайх хийдэг. Энэ удаа шон босгох өрөмдлөг хийж дууслаа. Тэд цооногууд дээр бүтэн жил ажиглалт явуулаад он гарахаар ажлын үр дүнгээ тайлагнана. Жилдээ нэг хийгддэг ажил л даа.

-Үйлдвэрийн газрын нөөцөд бүртгэгдсэн орд газруудад ажил явагдаж байна уу?

-Эрдэнэтийн төвөөс 40-өөд км яваад Шандын орд бий. Тэнд өнгөрсөн жил  хайгуулын ажил хийгдсэн. Энэ жил мөн үргэлжилнэ. 7000 тууш метр өрөмдөх төлөвлөгөөтэй. Технологийн материал нийлүүлэгдэхээр ажил эхэлнэ. Тавдугаар сарын сүүлээр хээр гараад явчих болов уу. Мөн тэнд геофизикийн ажил хийнэ.

-Оны эхнээс геологийн бичиглэл, зураглал эрчимтэй явуулсан байхаа?

-Тэгсэн. Энэ хүрээнд дахин 10 мянган тууш метр бичиглэл хийнэ. Энэ ажил эхний шатанд амжилттай явагдаж байна. Сардаа 2000 тууш метр бичиглэл явуулах ёстой. Ямар ч байсан хоёр, гуравдугаар сарын төлөвлөгөөгөө биелүүлчхээд байгаа.

-Эрдэнэтээр нисээд байгаа онгоц танай ажилтай хамааралтай юу?

-Өнгөрсөн жил бол хамааралтай байсан. Агаарын геофизикийн зураглал хийсэн. Зураглал тодорхой үе шаттай, масштабуудаар хийгддэг ажил л даа. Зураглалын тайллыг үндэслэн манайх ажлаа үргэлжлүүлдэг юм.

-Шандын ордоос гадна нөөцөд бүртгэгдсэн газар бий юу?

-Одоогоор хайгуул хийх ёстой хоёр ч газар байна. Завсрын хэсэг гэж бий. Тэнд хагас дутуу хайгуул хийгээд, аргачлал буруу гээд Сандуйжав гуайн үед орхигдсон. Оюутын хэсэг бий. Энэ дээр урьдчилсан хайгуул хийгээд бас орхисон. Лиценз нь манайд байдаггүй. Засгийн газраас, урт нэртэй хуулийн дагуу хаачихсан. Бид 2012 оноос хойш лицензийг нь авах гэж хөөцөлдөөд хуулийн хүрээнд хаагдчихсан учраас гарч ирэхгүй байна. Энэ хоёр газар  хүдрийн биет, зэсийн нөөц байгаа нь тодорхой.

-Урьдчилсан хайгуулыг манайх хийсэн үү? 

-Оюут дээр урьдчилсан хайгуулыг оросууд хийсэн байсан. Нөөц нь бодогдоод гарчихсан. Гэхдээ хайгуулын үйл ажиллагаа дутуу хийгдсэн учраас үргэлжлүүлэх шаардлагатай. Шанд ч ялгаагүй.

-Эрдэнэт үйлдвэрийн насыг жарнаар тооцох болсон. Энэ хоёр ордын нөөц үүнд багтсан уу?

-Хамрагдаагүй. Хэрэв нөөц нь тодорхой болоод бодогдох юм бол Эрдэнэт үйлдвэр 60-аас илүү жил ажиллах нөхцөл бүрдэнэ.

-Ер нь жаран жилийг яаж бодоод байна?

-2016 онд “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэлээр энэ хүчин чадлаараа 39 жил ажиллахаар тооцогдсон юм. Энийг 40 жил гэж үзэх боломжтой. 2016 оноос өнөөдрийг хүртэл ордын баруун хойд болон  төвийн хэсэг дээр үргэлжлүүлэн хайгуул хийсэн нөөц маань дахиад 20 жил ажиллах хэмжээнд байгаа учраас нийлбэрээр нь 60 жил гэж үзэж байгаа юм.

-Ойлгомжтой. Энэ оны хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийх үү?

-Хамгийн том нь нэг өрөм шинээр авна. Бид техникийн тодорхойлолт, захиалгаа өгчихсөн. Үнэлгээний хороо байгуулагдсан. Удахгүй тендер зарлагдах болов уу гээд хараад сууж байна. Токарийн машин, индукцийн зуух гээд захиалгад орсон тоног төхөөрөмжүүд бий. Геологи, хайгуулын экспедици хайгуулын шатны үйл ажиллагаа явуулахаас гадна хайгуулын өрмийн хошуу ч юм уу, технологийн тоног төхөөрөмжийн хэрэгтэй сэлбэг хэрэгслүүдийг өөрсдөө хийхийг зорьж байгаа. Энэ хүрээнд эдгээр тоног төхөөрөмжийг авч байгаа юм. Гэхдээ одоохондоо энэ тухай ярихад эрт байна. 2021 онд хэрэгжих ажил.

-Манайх Монгол улсын хэмжээнд хайгуулын хамгийн том өрөм эзэмшдэг газар шүү дээ. Хэргийг нь гаргаж байна уу?   

-Геологи, хайгуулын анги экспедици болж өргөжсөнөөр зөвхөн үйлдвэрийн хэмжээнд бус улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Тэр тусмаа Төрийн өмчит үйлдвэрийн газар учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяа “Эрдэнэс-Таван толгой”- гоос эхлээд Багануур, “Шивээ-Овоо” гэх мэт уурхайнууд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ажил хийлгэх боломжтой. Эдгээр уурхай хайгуулын төрөл бүрийн ажил үргэлж хийж байх ёстой. Манайх  ашиглалтын хайгуул, дараа нь гүйцээх хайгуул хийдэг. Үүний тулд өрөмдлөг зайлшгүй шаардлагатай. Мөн Геологи, хайгуулын анхан шатны ажил болох бүх төрлийн зураглал хийдэг.             

-Зураглал олон янз байдаг уу?

-Геологийн, гидрогеологийн, геофизикийн зураглал гэж бий. Энэ ажлуудыг хэрэгцээтэй талбайд хийж өгөөд эрлийг эхлүүлдэг. Эрлийн ажил дууссаны дараа урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуулын төгсгөлд нөөцийн тайлан бичигдэнэ. Үүний үр дүнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулагддаг. Уурхай болоод явсны дараа ашиглалтын хайгуул, гүйцээх хайгуул болон тусгайлсан хайгуул хийгддэг.

-Тусгайлсан хайгуулыг хаана хийдэг вэ? 

-Жишээ нь олон жил болсон овоолгуудын нөөцийг тусгайлсан хайгуулаар тогтоодог. Хэдийгээр уурхайгаас гарч байгаа уулын цул сар, улирал, жилийн үр дүнгээр тоон үзүүлэлт, хүдрийн хэмжээтэй байдаг ч талбайд тараагаад асгачихаар хаана нь юу орсон нь мэдэгдэхгүй. Тиймээс хайгуул явуулдаг юм. Дараа нь “Ачит Ихт”, “Эрдмин” компани шиг хэрэглэнэ гэсэн үг.  

-Шинээр авах өрөм өмнөх томтой ижил үү? 

-Адилхан, 2500 м хүртэл өрөмдөх хүчин чадалтай. Шандын ордын хөрсний зузаан нь 300 метр байна. Түүнээс доош хүдэр байгаад байдаг. Гэтэл манайх хамгийн гүндээ 1617 хүртэл метр өрөмдөж байсан. Одоо 300, түүнээс гүн өрөмдөх шаардлагатай учраас хүчин чадал өндөр өрөм захиалсан.

-Зэсийн үнэ унаж байгаатай холбогдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд хэмнэлтийн бодлого хэрэгжиж байна. Танайд боломж бий юу?

-Хэмнэлтийн бодлогын хүрээнд энэ онд 170 сая төгрөг хэмнэх техник, зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Баярлалаа.   

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 07 4-р сар 2020 02:37
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог