Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 01 5-р сар 2020

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон өнгөрсөн сард 2044 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 100.7 хувиар, 916.55 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100 хувиар тус тус биелүүллээ. Ингэснээр оны эхний дөрвөн сард уулын цул гаргалтыг 8351 мянган метр куб, хөрс хуулалтын хэмжээг 3665.9 мянган метр кубт хүргэж, төлөвлөгөөт үзүүлэлт 102.5-103.6 хувиар биелжээ. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр хүдэр олборлолт 2875 мянган тонн буюу төлөвлөгөө нь 101.3 хувьтай байгаа бол оны эхний дөрвөн сарын байдлаар 11947 мянган тонн буюу 101.7 хувиар биелсэн байна. Оны эхнээс уурхайчид 170750 тууш метр өрөмдлөг хийжээ.

Хүдэр боловсруулалт  өнгөрсөн сард 2605 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 103.1 хувиар, эхний дөрвөн сард 10713 мянган тонн буюу 102 хувиар тус тус биелэв. Өнгөрсөн сард хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 101.7 хувиар, молибдены агуулга 127.7 хувиар, зэсийн металл авалт 100.3 хувиар, молибдены металл авалт 107.2 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Эдгээр үзүүлэлтийг оны эхний дөрвөн сарын байдлаар авч үзвэл 100-109 хувиар биелжээ. Дөрөвдүгээр сард 47494 тонн зэсийн баяжмал, 548 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэж, төлөвлөгөөг 105-138.5 хувьд хүргэлээ.

Оны эхний дөрвөн сард нийт 190687 тонн зэсийн баяжмал, 1977 тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 102-117 хувиар биелүүлсэн байна. Баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө  өнгөрсөн сарын байдлаар  105-141 хувиар биелсэн бол оны эхнээс 102-121 хувийн биелэлттэй гарчээ. Өнгөрсөн сард хуурай жингээр 45499 тонн зэсийн баяжмал, 459 тонн молибдены баяжмал тус тус ачуулсан байна. Харин оны эхний дөрвөн сард нийт 185952 тонн зэсийн баяжмал, 1661 тонн молибдены баяжмал ачуулжээ. Ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөөг өнгөрсөн сараар авч үзвэл 101-102 хувь, оны эхнээс 102-103 хувиар биелсэн байна. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

ХАБЭА-н хэлтсээс зарласан аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмж хийх уралдаанд Засвар механикийн заводын Механик цехийн хамт олон 6 төрлийн бүтээлээр оролцохоор амлалт авчээ. Тус цехийнхэн ХАБЭА-н хэлтсийн сургалтын лабораторид байрлуулж, ашиглах эдгээр төхөөрөмжийнхөө эхний гурвыг нэгдүгээр улиралд багтааж, сүүлийн хагаст үлдсэн гурвыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэд стандартын явган шат, ремень, гинжин дамжуулга зэрэг аюулыг мэдрүүлж, эрсдэл багасгах тоног төхөөрөмжүүдийг үндсэн ажлын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан хийж байгаа аж.

ХАБЭА-н хэлтсээс зарласан аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээх уралдааны зорилго нь  удирдах ажилтнуудын үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, нөгөө талаас аюул эрсдэлийг арилгахад бодитой ажил хийх, үйлдвэрийн удирдах болон инженер техникийн ажилтнуудын санаачилгыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна. Уул уурхайн томоохон компаниудын шилдэг туршлага нь ажлын байрны аюул эрсдэлийг мэдрүүлэх тоног төхөөрөмжийн сургалтын материаллаг баазтай байдаг бөгөөд ажиллагчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, шинэ ажилтнуудыг сургаж дадлагажуулахад чухал ач холбогдолтой. ХАБЭА-н хэлтсийнхэн оны төгсгөлд аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдааныг дүгнэж, инженер техникийн ажилтнуудын бүтээлүүдийг нэгтгэн сургалт дадлагын лаборатори байгуулах юм байна.

М.Балжинням

Фото Б.Ялалт

Баасан, 01 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дүгээр сарын 01

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 122 дэх өдөр. Он дуусахад 243 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +19 градус, шөнөдөө +5 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-8 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 01. Сугар гараг. Билгийн тооллын 8. Хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич жилтнээаливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу болой. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Хол газар явагсад зүүн зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5231 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2788, евро 3035, БНХАУ-ын юань 395, ОХУ-ын рубль 38.3, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн нөөц фонд гэж юу вэ?

Хариулт: -Хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн 8-р зүйлд заасны дагуу үйлдвэрийн нөөц фондыг үйлдвэрийн зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр байгуулна. Нөөц фондын нийт хэмжээ өөрийн эргэлтийн хөрөнгийн нормативын 15 хувь, үндсэн хөрөнгийн анхны өртгийн 0,5 хувиас хэтрэхгүй. Нөөц фондыг үндсэн хөрөнгийн бүрэн сэргээн босголтод зориулсан элэгдэл хорогдлын шимтгэл ба ашгаас байгуулж болно.

Уг фондыг байгуулах ба ашиглах тухай түр журмыг 1978 онд хуралдсан хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн VIII хуралдаанаар байгуулан мөрдөж байна. Нөөц фондын хөрөнгийг зөвхөн хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн шийдвэрээр доорх зориулалтаар ашиглана. Үүнд:  

-Байгалийн гэнэтийн аюул буюу бусад аюулын улмаас үйлдвэрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх,

-Байгалийн гэнэтийн аюулын хор уршгийг арилгахтай холбогдсон барилга, засварын ажлыг санхүүжүүлэх,

-Үйлдвэрлэлийн томоохон ослын уршгийг арилгах ажлыг санхүүжүүлэх, ослын улмаас үйлдвэрийн болон хөдөлмөрчдийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх,

-Ашгийн төлөвлөгөөг биелүүлээгүйн улмаас үйлдвэрийн өөрийн эргэлтийн хөрөнгө дутагдвал дутагдлыг нөхөх,

-Үйлдвэрийн санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөх боломжгүй үйлдвэрлэлийн зардлыг санхүүжүүлэх,

Нөөц фондын хөрөнгө нь үйлдвэрийн тооцооны харилцах дансанд хадгалагддаг юм. 1989 оны эхний байдлаар Эрдэнэт үйлдвэрийн нөөц фонд 163 орчим сая төгрөг байгаагийн 22 хувийг ашгаас, үлдэх хувийг үндсэн хөрөнгийн бүрэн сэргээн босголтод зориулсан элэгдэл хорогдлын шимтгэлээс тус тус шимтгэн байгуулсан.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 
 

Төгссөн сургууль:

Монгол Улсын ШУТИС-ийн харьяа Механик инженерийн сургууль

Мэргэжил:

Инженер, механик

Ажилласан туршлага:

БелАЗ-ын засварчин, Импортын хэсэг буюу Кат-Тип-топ мастер, 40 тн ТҮ-УЗ болон Тип-топ мастер, Мотор-Агрегатын мастераар ажиллаж байгаад эдүгээ 130 тн ТҮ-УЗ хариуцсан ахлах мастераар Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2013-2015 онд ОХУ-ын Екатеринбург хотод Уралын холбооны уул уурхайн их сургуульд Уул уурхайн тоног төхөөрөмж мэргэжлээр магистр хамгаалсан. 2011 онд Герман улсын Мьюнхен хотноо “Дугуй засварлах технологи” мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хүч сүүлийн жилүүдэд дотоодын мэргэжилтэй боловсон хүчнээр солигдож, эдүгээ нийт ажилчдын 97,2 хувийг монгол ажилчид эзэлж байна. Зэсийн баяжмал үйлдвэрлэлээр Азийн тэргүүлэх 10 үйлдвэрийн нэгд зүй ёсоор багтдаг Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг хөдөлгөх хүч нь үндэсний чадварлаг боловсон хүчин байх нь гарцаагүй. Тэрхүү хариуцлагатай үүргийн төлөө ахмад үеийнхнээсээ тасралтгүй суралцаж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, хамт олондоо үлгэрлэж яваа олон залуу бий. Мастеруудын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж яваа Т.Ганболд бол тэдгээр залуусын төлөөлөл. Тэр амьдарсан шиг амьдарч, дурсамж дүүрэн ирээдүйг бүтээхээр өглөө бүрийг эхлүүлдэг. Шатлан дэвшүүлэх “мерит” зарчим Эрдэнэт үйлдвэрт бодитоор хэрэгжиж, залуучуудаа ажлын байран дээрээ өсөж хөгжих, дэвшин ажиллах боломж олгодог байхыг тэр чин сэтгэлээсээ хүсдэг.

 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

-Миний нэг өдөр өглөөний 06:00 цагт эхэлдэг. Өвөг дээдсийн “Өглөөний хоолыг өөртөө” гэсэн үнэт сургаалыг даган өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн. Тухайн өдрийнхөө хийхээр төлөвлөсөн ажлыг бодож, гэр бүлийнхэндээ ажлын амжилт хүсээд урам зоригтойгоор ажилдаа явдаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Амьдралд маш их зүйлээс урам зориг авч, эрч хүчээ сэлбэдэг. Хайртай дотнын хүмүүс, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноосоо хамгийн сайхан энергийг хүлээн авдаг. Бас өөрийн чаддаг зүйлсээрээ бусдад тусалж, түүнээсээ сайхан мэдрэмж тээгээд үлддэг. Ер нь өөрт байгаа бүхий л сайхан зүйлсээс сэргээш авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эмч нар аливаа өвчнийг оношилж эмчилдэг бол бид аварга том БелАЗ авотмашины эвдрэлийг тодорхойлж засварладаг. Хүний хийж байгаа ажлыг хялбар гэж бүү бод гэдэг дээ. Бидний ажил ч мөн л тийм. Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Эрдэнэт үйлдвэртээ ажилсаг хамт олныхоо дунд гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явна.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би өөрийн хийх ажлуудыг бичиж, төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэх эрэмбэ тогтоохыг хичээж ажилладаг. Үйлдвэрт цаг ямагт технологийн томоохон ажлууд явагддаг. Тиймээс ажлын нөхцөл байдлаас хамаарч ажилчдынхаа аюул эрсдэлгүй, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Юун түрүүнд ажил хийж байгаа хүнийг цаг ямагт хариуцлага дагадгийг мартах ёсгүй гэж боддог. Аливаа ажлыг бага гэж гололгүйгээр зарчимч, заавар журмын дагуу чин сэтгэлээсээ, хэн нэгэн хүнд таалагдах гэж биш шаргуу дайчин ажиллахыг хичээдэг. Залуу хүний хувьд цаг үеэсээ хоцрохгүй уншиж судлан, таньж мэдэх зүйлүүд их байдаг учраас өөрийгөө илүү хөгжүүлж, идэвх санаачилгатай, хамт олноо зөв зүйлд манлайлан чиглүүлэх тал дээр өөрийгөө хөгжүүлж байна.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби сонирхол юу вэ?

-Орчин үед мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр мэдээ мэдээллийг илүү бодит зүйлд тулгуурлан авахын тулд хэлний мэдлэг илүү их шаардагдаж байна. Тиймээс англи хэлийг түлхүү судалж, суралцахын зэрэгцээ манлайлах ур чадвар, удирдлагын арга барил сайжруулах номууд уншиж байна. Би хөгжим сонсож, дугуй унах хоббитой. Манай гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн цуглуулгатай. Миний хувьд орон орны онцлогийг харуулсан бэлэг дурсгалын таваг, мөн аяга цуглуулдаг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Анх ажилд орохоор Эрдэнэт хот руу ирэхэд аав минь “Хүний нутагт хийморьтой, хулгай хийж, худлаа ярихгүй, эр хүнийхээ ноён нурууг алдалгүй, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаарай” гэж захиад, үнсэж байсан нь санаанд тодхон үлджээ.

-Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ?

-Хүн аливаа зүйлийг хүсэж мөрөөдсөн бол түүнийхээ төлөө уйгагүй, ухаалаг, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Амьдрал баян болохоор зовлон жаргал ээлжилнэ. Түүнд бүү шантраарай. Алдаа дутагдал, асуудал тулгарвал эхлээд өөрөөсөө шалтгаалах зүйлүүдийг хийж чадсан уу, гэж асууж сураарай. Дараа нь хэн нэгнээс өө хайх хэрэгтэй. Хүний төлөө болон хийж байгаа зүйлсээ алдаа мадаггүй сайн гүйцэтгэсэн ажил нь амжилт, аз жаргалыг байнга дагуулдаг юм шүү. Залуучууд маань бүх зүйлийг ашиг хонжоо харж, явцуу бодлоор битгий хандаарай. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, дандаа сайхан зүйлсийг бусдад түгээж яваарай.

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог