Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Сэтгэлийн хөгтэй сэтгүүлч-хөтлөгч Онцлох

10 5-р сар 2017 12:00
554 удаа үзсэн

    

      Тэр жил холын нутгаас ерөөлөөр учирсан ханьтайгаа эрдэнэсийн хотод хуримлах болж хамгийн сайн хөтлөгчийн эрэлд гарсан юм. Ёстой захын хүн “Батбаяраар л хөтлүүл, харин цаадах чинь олдохгүй, амжихгүй л байж мэднэ дээ” гэх. Хөөцөлдсөөр яваад “Гендирекци”-ийн гадаа анх нүүр тулан уулзаж байснаа тод санаж байна. Олон жил алсарсан ч эгээ өнөөдрийнх шиг ийм л царай зүс, бие хаатай, эрс шулуун, итгэл төгс яриатай нөхөр байж билээ. Харин ч мань хүн одоо сэтгэл санаа, стиль имижийн хувьд залуужсан байж мэднэ. Миний зорьсон хэрэг тэр үед бүтээгүй л дээ. “Танай хурим манай нутгийн зөвлөлийн үйл ажиллагаатай яг нэг өдөр давхцах юм байна. Уучлаарай, амжихгүй нь” гэж хэлээд шийдэмгий алхаад явчихаж билээ. Араас нь харамсангуй удаан харж зогсохдоо ирээдүйд журмын нөхөд бололцон нэгэн үйлс, зорилгын төлөө мөр зэрэгцэн ажиллана чинээ хэн санахав. Иймдээ л хүний амьдрал таашгүй, баялаг юм.  
     А.Батбаярыг аль нутгийнх болохыг мэдэх хүн ховор болов уу. Учир нь тэр нутгийн зөвлөлүүдийн шинэ жил, үйл ажиллагааг хөтлөхдөө “Манай Завхан...”, “Манай Хөвсгөлийнхөн...” гэж элгэмсэх. Хүмүүс гайхаж эргэлзэнэ, зарим нь өөрийн нутагт хамаатуулах гэж булаацалдан мөрийцөнө. Угтаа бол эцгийн талаа баривал Архангайн гаралтай, эхийн удам судрыг хөөвөл Төв аймгийнх, хүй тасдаж хүний орчлонд ирсэн газар нь Улаанбаатар, өссөн нутаг нь Орхон аймгийн Хялганат хороо, ажил хөдөлмөрийн гараа, анхны амьдрал эхлүүлсэн нь гэвэл Хөвсгөл аймгийн Хатгал хот болоод явчихна. Дов жалгын, талцаж хуваагдсан үзэлд угаас дургүй нэгэн болохоор иймэрхүү хүртээмжтэй харьяалалтай. Гэсэн ч нас нэмэхийн хэрээр сэтгэлийн уяас татагдаж аавынхаа нутаг Архангай аймгийн Цэцэрлэг сум руу гүйх болсон дуулдана. Нялх сэвлэгтэй байхад нь хорвоогоос буцсан аавынх нь хүслээ шивнэсэн, энергиэ шингээсэн “диваажин” хойно арга ч үгүй биз. Түүний аав Л.Алтангэрэл түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Архангай аймгийн намын хороонд ажилладаг байжээ. Улс төрийн өөрчлөлт шинэчлэлийн төлөө тууштай тэмцдэг, уран илтгэгч байсан бөгөөд намаа шүүмжилсэн хэргээр нутаг заагдан Чулуут суманд очиж сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хариуцсан эрдмийн өргөөгөө Улсын тэргүүний сургууль болтол хөгжүүлсэн гавьяатай. Харин ээж нь тогооч, цэцэрлэгийн багш байсан болохоор А.Батбаяр албаны хоол “буудаж” өссөнөө хааяахан дурсана. Түүнийг 2-р ангийн сурагч байхад аав нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ээж нь том ахыгаа бараадан Нийслэл рүү нүүх шийдвэр гаргаснаар эднийх Био комбинатын айл болж. Зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь хүү гэлээ ч өрх тэргүүлэн гурван охин дүүгээ хүний царай харуулахгүй тордон бөөцийлөх үүрэг хувааригүй түүнд ноогдсон гэдэг. Учир нь спортоор “өвчилсөн” ах нь тэмцээнээс тэмцээн рүү аймаг хот алгасан явж гэрийн бараа харахгүй. Намар болоход А.Батбаяр гэрийнхээ ойролцоогоос мойл түүн зарж өөрийнхөө болон дүү нарынхаа хичээлийн хувцас, хэрэглэлийг ээжийнхээ гарыг харалгүй бэлдчихнэ. Сургууль, нийгмийн ажилд идэвхтэй, урлаг, спортын олон төрлөөр хичээллэдэг, хөдөлгөөнтэй сүрхий хүүхэд байсан нь одоогийн зан байдлаас нь илт. 5-р ангийн сурагч байхдаа Д.Нацагдоржийн “Од” шүлгийг уншин уралдаанд оролцож Ажилчны районы аварга болсон нь хожим хөтлөгч, сэтгүүлч болох авьяас цухуйсны илрэл байсан гэлтэй. Тэр цагаас хойш олон уралдаан тэмцээнд түрүүлж, “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр удаа дараа шагнуулж, бат илэрхийлэл уншдаг, сургуулийн концерт хөтөлдөг гол сурагч болсноор олны дундаас онцгойрон багш нарынхаа итгэлийг хүлээв. Харин сурлагаар гавихгүй, “алтан 3”-ын эзэн байснаа тэр нуудаггүй. 1985 онд сургуулиа дүүргэж, Багшийн сургуульд элсэхэд нь аавынх нь ангийн хүүхэд болох захирал нь пионерийн удирдагч мэргэжил рүү зүглүүлэн зөвлөсөөр сонгуулсан нь чадварыг нь таньсан төдийгүй алсдаа хэрэг болох боловсон хүчин хэмээн тоож бэлтгэсэн бодлого ч юм бил үү. Оюутан байхдаа сурахын зэрэгцээ Эмнэлэг гэгээрлийн соёлын ордонд дагалдан жүжигчнээр ажиллаж, “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр олонд танигдсан, найруулагч Г.Доржсамбууд ихэд тоогдон Хэнтий аймгийн сумдаар тоглолтоор явж байснаа тэр дурсах дуртай.
     1989 онд шинэхэн диплом өвөртөлсөн залуухан сэхээтэн Хөвсгөл аймгийн Хатгалд сургуулийн Эвлэлийн хорооны даргаар очжээ. Тэнд ердөө таван сар ажиллаад Хатгал хотын Эвлэлийн хорооны дарга болон дэвшсэн ч 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнгээр эвлэл бутрахад эргээд сургуульдаа багшаар ирж.  Сэтгэлийн хөдлөл нь ил хүний санаа цагаан, үйлс гэгээн, үргэлж өөдөө заяатай явдаг гэж би боддог. Баагий тийм л хүн. Ямартаа л сурагчдадаа амаргүй том “амьтан” хичээл зааж байтал гаднаас өөрт нь болон шавь нарт нь цэргийн зарлан дуудах хуудас хамт ирэхэд хүүхдүүдтэйгээ дарвиад хугацаат цэргийн албанд мордчих вэ дээ. Зэвсэгт хүчний Их бууны ангид очмогцоо багш мэргэжилтэй, Эвлэлийн хорооны дарга байсан энэ тэр тодотгол нь нөлөөлж шууд бага түрүүч цол хүртжээ. Хөгшин цэрэг шавь нартайгаа “он жавууд” болсныг ч хэлэх үү эх орны хөвгүүдийг жинхэнэ журамлаж, тэдний тархинд, зүрхэнд соёлын үр тарьж явсан нь тодорхой. Тийм ч учраас ахлах дэслэгч цолтой, улиран ажиллах урилгатай халагдсан биз.
     А.Батбаяр 1994 онд хөгжил дэвшил дөт Эрдэнэтийг зорьж ирсэн. Хаана ч, хүнтэй үг хэлээ амархан ололцдог, өөрийн чадахаа илүү гартал хийчихээд, орон зайгаа дархалж орхидог нь түүний онцлог. Тэрээр “Уурхайчин” соёлын ордонд гэрээт хөтлөгчөөр ажилласнаар Эрдэнэтчүүдэд дэндүү амархан танигдсан. 1994-2005 онд Орхон аймагт зохион байгуулагдсан том, жижиг бүхий л үйл ажиллагаа А.Батбаярын хөтлөлтгүйгээр болдоггүй байлаа. Үнэндээ Б.Батбаярын тайз эзэгнэлийн үе байсан гэж хэлж болно.   
     Түүнийг итгэл даах, сэтгэл гаргах, зүтгэж чадах уран бүтээлч гэдгийг хэн хүнгүй мэднэ. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн Монгол улсын гавьяат уурхайчин Ч.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаанд ажиллахдаа өөрийгөө анх үнэд хүргэсэн гэдэг. Тухайн үед үнэгүй голдуу, хааяа нэг шил архиар “юм” хөтөлж явсан сэтгэл гундуухан он. Тэр үед Ч.Ганбаатар гавьяаттай 2,5 сая төгрөгийн гэрээ хийсэн нь өндийх итгэл хайрласан хишиг байсан гэлтэй. Мань хүн бол өнөөх “Энэ хүүхнүүд үү” кинонд “4 дугуй хүсээд 2-ыг нь цохуулж авна” гэж гардаг шиг тооцсон хэрэг. Харин хүний хөдөлмөр, ур чадварыг үнэлж сурсан ясны уурхайчин энэ бодлогыг ойлгоогүй нь аргагүй. Тэр тусам өөрийгөө өндөр үнэлсэндээ гэмшин үүрэгт ажлаасаа өөр юуг ч хамаагүй хийж өгмөөр санагддаг байсан гэх. Хүний итгэлийг зүтгэлээр хариулах ухаан байна гэдэг агуу сэтгэлийнх. Гавьяатаас авсан мөнгөөрөө тэр үеийн гоё машин “Аксент” авч уначихаад хот хооронд таксинд явдаг болжээ. Нэг өдөр замд гарах санаатай хүнээ ачаад зогсож байтал “Эрдэнэт” үйлдвэрийн Маркетинг, мэдээллийн хэлтсийн дарга асан Д.Галбаатар өрөөндөө дуудаж. “Ямар үйл ажиллагаа, хаана болох юм бол. Хөтлүүлэх нь дээ...” гэх ухааны юм бодсоор явж очвол “Чи радио хөтлөөд, мэдээ бичиж чадах уу?” гэж. Эргэлзээгүй шууд “Чадна” гэж хариулснаар энэ албанд радиогийн бүр редактороор ажилд орсон гэдэг. Ер нь А.Батбаяр өөрийн хүчин чадлыг бүрэн гүйцэт үнэлж чаддаг нь түүний давуу тал. Анх сэтгүүлч, редактор гэж юу хийдэг, хэн болохыг ч  ялгаж мэдэхгүй нөхөр орж ирсэн бол одоо “Танай гэрт”, “Түүдгийн дэргэд”, “Томилолт”, “Үгийн увдис”, “Бид чадна”, “Буяны мөрөөр” зэрэг радио, телевизийн өөрийн гэсэн 20 орчим нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд бэлтгэн олны хүртээл болгож байна. Түүнээс гадна “Эрдэнэт” телевизийн өдөр тутмын мэдээ түүний шүүлтээр дамжин эфирт цацагддаг. Мөн хамт олноо удирдан, телевизийн шууд дамжуулалтуудыг чадварлаг зохион байгуулсаар явна. А.Батбаярын олны дундах нэр хүнд нөхдөд нь хэрэг болох нь бий. “Тэр эмчид үзүүлэх гэсэн юм, хэлээд өгөөч”, “Хүүхдээ тэнд ажилд оруулмаар байна, туслаач”, “Бид цайндаа явж амжихгүй ажиллаж байна, хоол яах вэ..” гээд албатай, өртэй мэт нэхнэ, дагана. Энэ бүхэнд том хар утсаа шүүрэн авч хэн нэгэн рүү шууд залган асуудлыг шийднэ.
     Ийм л итгэл, зүтгэл, сэтгэлтэй эрхэм хүмүүн манайд ажилладаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хийгээд баялаг бүтээгчдийнхээ ажил, амьдралыг сурталчлах үйлсэд түүний гаргасан амжилт, уран бүтээл, хариуцаж зохион байгуулсан ажлыг компанийн удирдлага үнэлж Хөдөлмөрийн аваргын шагналаа хүртээсэн. Олон удаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолыг хөтөлж зогссон тэрээр энэ жил “Аваргын-Од” тэмдгээр энгэрээ мялаалгахдаа тайзан дээр хэзээ ч үзээгүй сандралыг мэдэрсэн гэнэ. 30 жилийн түүхтэй мэдээллийн албаны анхны Хөдөлмөрийн аварга, Монгол улсын СТА А.Батбаярын нэр түүхэнд ийнхүү мөнхөрсөн.     
     Хүний амьдрал эгээ л зүрхний бичлэг мэт. Тэрээр идэр залуу насандаа  амьдралыг дэндүү өнгөлгөөр харж дэврүүнээр төсөөлж явсан. Хөвсгөл далайн эрэг дээр анхны үрийн зулай үнэрлэн магнай хагартал баярлаж явсан нь саяхан мэт болов ч 20 гаруй жил өнгөрчээ. Итгэсэн, хайрласан эцэст нь гомдол зангируулан холдсон. Эр хүний зүрхийг эмтэрдэггүй гэж хэн хэлэв. Сэтгэлд нь нэгэнтээ дахин нар мандсан ч хорвоо хатуурхан цагаас нь эрт жаргаасан. Залуу бие гундахыг, зүрх нь цөхрөлөөр дүүрэхийг бид харсан. Миний нэг найз “Бурхан хүн бүрт сайхан бэлэг бэлдсэн байдаг. Чухам тэр бэлэг хэзээ ирэхийг таашгүй” гэж хэлдэг юм. Үнэхээр л бурхан түүнд хорвоогийн хамгийн сайхан бэлэг-заяаны нандин ханийг нь илгээснээр сэтгэлийн дулаантай, итгэлийн гэрэлтэй амьдрах шалтгаан үүдсэн. Одоо бол А.Батбаярын амьдралын үнэ цэнэ гэр бүл нь. Тэрээр “Миний нялх үр аавдаа аваргын алдар авчрах гэж яаран цагаасаа эрт мэндэлж дээ гэж бэлгэшээдэг. Бага охин Аминдарь минь хугацаанаасаа 2 сарын өмнө мэндлээд гурав хонож байхад би үйлдвэрийн аварга боллоо гэх сайхан мэдээ дуулж баярласан. Ер нь ханиа, охидоо харах тоолондоо ээждээ энэ сайхан амьдралаа үзүүлж амжсансан бол...гэж үргэлж боддог. Ер нь зөв хань хүнийг зөв амьдрал руу хөтөлдөг юм байна. Ертөнцийг тунгаах үзэл хүртэл өөрчлөгдөх юм. Одоо охидоо бодоод 30 жил өвдөж болохгүй, үхэж бүр болохгүй амьдрал үргэлжилнэ. Хичээнэ дээ” гэж ярихдаа аньсага нь чийгтсэн. Эрийн хайлан юм даа. Б.Анударь охиноо Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно, нэг биш бүр найман удаагийн мисс болно хэмээх бэлгэшээлтэй үгээр хошуу дэвсэн эрхлүүлдэг нь бас учиртай. Эцэг, эх нь үр хүүхдээ ямар хүн болохоор төсөөлнө тэр биеллээ олдог тул сайхан үг хэлж ерөөж байх хэрэгтэй гэнэ.  
     Хэвлэл мэдээллийн их нүргээн дунд бухимдах нь цөөнгүй. Тэр үед радиогийн эфирээ нээгээд “Эрхэм хүндэт сонсогчдодоо энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье....” гээд л сонсогчидтойгоо шууд холбогдон ая дуу болно. Нэг ёсондоо өөрөөрөө омогшиж тайтгардаг юм уу гэлтэй. Удахгүй л баргил дуугаа хадаан, цайлган инээдээ цацраан яваа харагдана.
     Б.Батбаярын найз нөхдийн хүрээлэл дэндүү өргөн. Баян-Өлгийд казак хувцас өмсчихсөн “мик”-ээ бариад хөтөлж зогссон бол хоёр хоногийн дараа Дорнодын их талд тууж явж ч мэднэ. Үүрийн цолмонтой уралдан босч, 06.00 цагт радиогийн эфир нээдэг хариуцлагатай үүрэгтээ тэр дуртай. Эхнэр, охидоо унтаж байхад нь үнсчихээд, өглөө наранд залбирч илч энерги авчихаад Эрдэнэтчүүдийгээ сэрээх ч бас сайхан шүү гэж ярих.      
     Тэр нэвтрүүлэг, ярилцлага эхлэх бүртээ “Зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэрийн...” гэж хүнгэнүүлдэг нь үйлдвэрээ цоллож, өөрийгөө хөглөж буй нь тэр. Аваргын ажил, амьдралыг цухас тэрлэхэд алдаа, оноо бүхнээс нь аархал омогшил, тэнгэрлэг гэгээрэл мэдрэгдэнэ.



М.ОДГЭРЭЛ

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:19
Үнэлэх
(1 Санал)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог