Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 31 12-р сар 2019
    Эрдэнэт үйлдвэрийн “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт 2019” жилийн хүрээнд хийгдсэн Ган бөөрөнцгийн цехийн индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдэнэт үйлдвэр хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийг дагаж тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд хийсэн. 
    Цувих хос шугам ашиглалтад хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо. 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэг агсны санаачилгаар байгуулагдсан Ган бөөрөнцгийн цех өнөөг хүртэлх хугацаанд 300-аад мянган тонн ган бөөрөнцөг буюу 60 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй индукцийн технологи нэвтрүүлснээр 80х100, 40х80-ын голчтой цувих шугамаар ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж бүрдлээ. Шинэ технологи нэвтрүүлэх тус ажилд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зардлаа 1,5 жилийн дотор нөхөх тооцоо гаргаад байна. Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчээр ажилладаг индукцийн технологи руу шилжсэнээр жилдээ 24500 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд 1,3 тэрбум төгрөг хэмнэж ажиллана. Баялаг бүтээгчид оны ажлаа үр дүнтэй бүтээн байгуулалтаар өндөрлөж, ирэх оныг эрч хүчээр дүүрэн угтаж байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэрэмжит “Уурхайчдын их цэнгүүн” Спорт цогцолборын “Хангарьд” паласт энэ сарын 30-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. 2019 оны ажлаа дүгнэж, амжилт ололтоо хамт олонтойгоо хуваалцсан энэхүү баярын цэнгүүнд үйлдвэрийн удирдлагууд, бүтцийн нэгжийн шилдэг, тэргүүний ажиллагсад уригдан оролцсон. Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулсан тэргүүн дээд амжилтаар 2019 оныг үдэж, улс, орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилтаа баяр бахдалтайгаар ийнхүү тэмдэглэлээ.
 
    Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт уурхайчдадаа хандан, их цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү баярт цэнгүүний үеэр уурхайнхаа мөргөцөгт ажиллаж, Баяжуулах үйлдвэрийнхээ технологийн горимыг хянаж, хөвүүлэн баяжуулах процессоо хараад баясан байгаа баяжуулагч нартаа, яг энэ цаг мөчид цех, нэгжийнхээ ээлжинд гарч, төв диспетчерийн байрандаа тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа нийт ажилтнууддаа шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2019 онд бид сайн ажиллаж, энэ өнөр бүлийн гишүүн бүр өөрийн хариуцсан ажилтай, өөрт оногдсон үүрэх ачааг эзний ёсоор сайн хийлээ. Манай хамт олон ингэж ажиллахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг хань ижил, гэр бүлд нь үйлдвэрийн удирдлагын зүгээс гүн талархал илэрхийлье. Түүхэн амжилт, түүхэн бүтээн байгуулалтын жилд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа түүхэн дээд амжилт тогтоож, түүнийг дагасан санхүү эдийн засгийн үзүүлэлт сайн байлаа. Сэтгэл зүтгэлтэй ажилласан нийт хамт олондоо баярт цэнгүүний индэр дээрээс талархал дэвшүүлье, та нартаа халуун баяр хүргэж, цаашдын хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөе” хэмээсэн.
 
    Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут “Уурхайчдын их цэнгүүн”-д урилгаар оролцож, талархал илэрхийллээ. Тэрээр энэ онд орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа онцолж, ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд илүү дэвшилттэй ажиллах жил болно гэдэгт итгэж байгаагаа уламжилсан. Эрдэнэт үйлдвэр 2020 оны босгон дээр манлайлагч, тэргүүний баялаг бүтээгчдээ шалгаруулж, энэ үдшийн цэнгүүн дээр шагналыг нь гардуулан өглөө. Мөн энэ үеэр Ил уурхайн ажилтан Э.Отгонбаатар Ерөнхий захирлын нэрэмжит “Уурхайчдын их цэнгүүн”-ий супер азтан болж, хоёр өрөө байрны түлхүүр гардан, баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Цех, хэлтсийн шилдэг ажилтнууд өвлийн өвгөнөөс бэлэг гардаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн энэ үдшийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадмаар өндөрлөн, уурхайчид айсуй оноо угтсан юм.
 
    2019 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд бүтээн байгуулалтын хоёр дахь давалгааг эхлүүлсэн онцлог жил байсан төдийгүй үр ашиг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлсэн түүхэн цаг хугацаа байсныг тэмдэглье. Монгол Улсын төсвийн 10 орчим хувийг дангаар бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон шинэ оноо өрнүүн их амжилт, хөдөлмөр бүтээлээр утгаж байна.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болж, 2019 оны ажлаа дүгнэн хэлэлцэв. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн гадаад, дотоод худалдаа болон бүтээгдэхүүний маркетингийн бодлогыг чадварлаг тодорхойлж олон жил үр бүтээлтэй ажилласан Маркетингийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Л.Гантулгад Санхүү, бүртгэлийн Тэргүүний ажилтан, мэргэжилтэн Б.Болдбаяр болон уул уурхайн салбарын хэвлэл мэдээлэл, телевизийн салбарт өөрийн 30 жилийн хөдөлмөрөө зориулсан нэвтрүүлэгч П.Энхтуяа нарыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын шийдвэрээр “Тэргүүний уурхайчин” хүндэт тэмдгээр шагнасныг удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ. Мөн тус хэлтсийн мэргэжилтэн Ч.Тод-Эрдэнэ Яамны хүндэт жуух бичгээр шагнагдсан юм. Шинэ оны босгон дээр шагнал хүртсэн журмын нөхөддөө баяр хүргэе.     
 
 
 
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Мягмар, 31 12-р сар 2019 00:00

Мэндчилгээ

 
 
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн ард иргэд Та бүхэндээ морилон ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. 
    Баялаг бүтээгч хамт олон маань улирч буй 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж ихийг төлөвлөн хэрэгжүүлж бүтээн байгууллаа. Техник, технологийн бодлогын хүрээнд Ил уурхайд 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийсний үр дүнд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирч, жилийн дүнгээр анх удаа 37 сая тонн хүдэр олборлов. Баяжуулах үйлдвэрийн үндсэн хэсгүүд болох Бутлан тээвэрлэхээс эхлээд Шүүн хатаах, Хаягдлын аж ахуй хүртэлх бүхий л дамжлага дээр өргөтгөл, шинэчлэлийн ажил өрнөж, бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжсэний үр дүнд энэ онд анх удаа 32 сая тонн хүдэр боловсруулж, түүхэн дээд амжилт тогтоолоо. 
2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүтээн байгуулалт, техник, технологийн шинэчлэлд түүхэндээ хамгийн өндөр буюу 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх олон чухал ажил хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдены баяжмал салгах, молибдены баяжуулалтын дамжлага шинэчлэгдсэнээр жилд 1.8 тэрбум төгрөгийн, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 бутлуураар сольсноор жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох нөхцөл бүрдсэн. Хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрмийг шинэчиллээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехэд болон Ган бөөрөнцгийн цехэд дэлхийн дэвшилтэт технологийн шинэчлэл хийгдэж байна. Мөн Хаягдлын аж ахуйд М4 далан, холбох сувгийн хамт барьж байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, хаягдлын сангийн насжилт зургаан жилээр уртаслаа. Энэ мэт их ажил ундарсан, Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд 2019 он тод үлдсэн жил болж өндөрлөж байна.    
    Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэхийн хэрээр залуу ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх шаардлага шинээр ургаж байна. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцтай болоход нь үзүүлдэг дэмжлэгийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ. Ингэснээр энэ жил 518 ажилтанд 6.2 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Мөн ажилчдынхаа цалинг тавдугаар сарын нэгнээс 10 хувиар, аравдугаар сарын нэгнээс дахин 10 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдийнхээ орлогыг өсгөх бодлого баримтлан ажиллах болно.    
   2019 онд Эрдэнэт үйлдвэр ХХК маань ТӨҮГ болон статус нь өөрчлөгдсөн, бид бүхэн шинэчилсэн дүрмээр, онцгой дэглэмд амжилтаа ахиулж ажилласан, 2020 оны бизнес төлөвлөгөөгөө шинэ оны өмнө батлуулж, дараа жилийнхээ ажилд эртлэн шамдсан сайхан жил улирч байна. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Засгийн газар тусгайлан авч үзэж, 2019 оны зургаадугаар сард тогтоол гаргалаа. Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан зэрэг нь 2019 онд онцлох чухал шийдвэр юм. Үндсэн чиглэл батлагдсанаар Эрдэнэт үйлдвэр тодорхой бодлоготой, зорилготой, жарнаар хэмжигдэх ирээдүйг харж ажиллах нөхцөл бүрдлээ. 
   Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг уурхайчдын баярын өмнө буюу 12 дугаар сарын 22-ны өдөр биелүүлж, 2020 оны ажилдаа ороод байна. Бид улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 936,5 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр 140 орчим сая төгрөгийн баялаг бүтээснийг энд тэмдэглэхэд таатай байна.  
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын "Энтрепренер-2019" шалгаруулалтын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч, 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.  
    2020 онд Эрдэнэт үйлдвэрт их бүтээн байгуулалт үргэлжилсээр байх болно. Бид хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улс орондоо баялаг бүтээгч Эрдэнэтийн уурхайчид бид өнөөдрийн амжилтаа ахиулахын төлөө, маргаашийн хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллах болно.  
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч ахмадууддаа, 6600 уурхайчин бүрт, тэдний гэр бүлд, хамтран ажилладаг түншүүддээ, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айсуй 2020 ондоо ажлын өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН,
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР /Sc.D/
Х.БАДАМСҮРЭН
 
 
     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын 2019 оны сүүлчийн шуурхай хуралдаан болж, бүтцийн нэгжийн дарга нар өөрийн цех, хэлтсийн ололт амжилт хийгээд ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа тоймлон хэлэлцлээ. Зууны манлай үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, техник, технологийн шинэчлэлд 410 тэрбум төгрөг зарцуулан, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг анх удаа 32,2 сая тоннд хүргэв. Мөн “Эрдэнэт”-ийн баялаг бүтээгчид улс, орон нутгийн төсөвт түүхэндээ хамгийн их буюу 936,5 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэчлэн олон дээд амжилтаа хэлэлцсэн шуурхайн зөвлөгөөний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа 2019 онд мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хүүгээс хамгийн өндөр буюу 19 тэрбум төгрөгийн орлого олсныг дуулгаад, эндээс үйлдвэрийн газрын удирдлагууд уурхайчдадаа урамшуулал олгохоор шийдвэрлэснийг мэдээлсэн юм. Эрдэнэт үйлдвэр 2019 онд санхүү, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлэн арилжааны банкнуудтай өрсөлдөх чадвараар нь хамтран ажилласан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад цалингийн болон ипотекийн зээлийн хамгийн бага хүү санал болгуулах, тус үйлдвэрийн газрын мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг өндөр хүүтэй хадгалах зэрэг хэлцэл хийж хамтран ажилласны үр дүнд энэхүү боломж нөхцөл бүрджээ. Мөн 2019 онд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш  төлөвлөснөөс бага байсан тул Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал тушаал гарган хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд тав орчим тэрбум төгрөг хэмнэжээ. Зардал бууруулж, санаачилгатай ажилласан цех, хэлтсийн дарга нарт ажилчдаа урамшуулах эрх мөн олгов. 
М.Одгэрэл
Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог