Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 25 12-р сар 2019

    Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулж буй зарим тендер шалгаруулалттай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар Эрдэнэт үйлдвэр, түүний удирдлагыг илт гүтгэн, бодит байдлыг мушгин гуйвуулсан, үйлдвэрийн үйл ажиллагааг сөрөг үр дагаварт хүргэх мэдээлэл гарч байна.

    Тухайлбал, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн цэвэр усны хэрэгцээг 60 гаруй км-ийн зайтай Сэлэнгэ мөрний сав газраас хос ган хоолойгоор ус татаж хангадаг бөгөөд уг ган хоолой болон үүнтэй холбоотой барилга, инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээг Эрдэнэт үйлдвэр хариуцдаг юм. Энэхүү хос ган хоолойн ашиглалтын хугацаа дууссан, мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа солих шаардлага тавьдаг. Ус дамжуулах шинэ хоолойг барихгүй бол Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын ус хангамжийн системд доголдол гарч, усны хангамж тасалдах, улмаар үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл байгаад дүгнэлт хийж, 3 дугаар ган хоолой барихаар 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

    Цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам хоолойг барих гүйцэтгэгчийг сонгох Үнэлгээний хороог байгуулж, нээлттэй тендерийг 2019 оны 5 болон 8 дугаар сард 2 удаа зарласан боловч эдгээр тендерүүд хүчингүй болсон. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3 дахь заалтын дагуу гүйцэтгэгчийг сонгох Ажлын хэсгийг байгуулсан.

    Ажлын хэсэг уг ажлыг гүйцэтгэж чадах ажлын туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхитай компаниудийг судалсан. Гэвч энэхүү ажлыг гүйцэтгэх талаар гэрээ байгуулагдаагүй байхад цахим сүлжээгээр янз бүрийн сөрөг мэдээлэл цацагдаж байгаа нь Үнэлгээний хороо, Ажлын хэсэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.

    Иймд энэхүү асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад танилцуулж, хянуулах нь зүйтэй гэж үзэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг түр хугацаагаар зогсоолоо.

    Хоног тутамд 89 мянган тн хүдэр боловсруулж, цаг тутамд 230 сая төгрөгийн борлуулалт хийж, минут тутамд 1.8 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг үйлдвэрийн хувьд үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангахад цаг хугацааны хүчин зүйл онцгой чухал байдаг боловч худалдан авах үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх, асуудлыг шударгаар шийдвэрлэх зарчмын дагуу энэхүү арга хэмжээг авлаа.

   Тасралтгүй үйл ажиллагаатай, 6500 гаруй ажилтантай, Монголд төдийгүй Ази тивдээ томоохонд ордог үйлдвэрийн хувьд технологийн техник, тоног төхөөрөмж болон тэдгээрийн сэлбэг, материалын худалдан авалт, хангамжийг зохион байгуулахад зарим талаар хүндрэл гардаг хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд явагдаж байна.

   2019 оны эхний 11 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам, аргын дагуу зохион байгуулсан худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөвт өртгөөс 53.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ нь 50 ортой эмнэлэг 10, эсвэл 280 ортой цэцэрлэг 25-ыг барьж болох хөрөнгө. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол ЭКГ-12 маркийн экскаватор 3, эсвэл 130 тоннын даацтай Белаз автомашин 10-ыг худалдан авч болох хөрөнгө юм.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хөрөнгө оруулалтын бодлогоо үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС, ХУУЛИЙН ХЭЛТЭС

    Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийн хүрээнд ҮЭ-ийн байгууллагатай хамтран жил бүр “Хамтын гэрээ” хэрэгжүүлэн ажилладаг. Ирэх 2020-2021 онд хэрэгжүүлэх шинэ “Хамтын гэрээ”-нд талууд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү гэрээ нь уурхайчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх нөхцөл, эрх, үүрэг, давуу тал зэрэг олон асуудлыг багтаасан 12 бүлэг, 108 заалт бүхий 12 дахь удаагийн гэрээ юм. Харин Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болсны дараа байгуулагдсан анхны “Хамтын гэрээ” боллоо.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Бид ҮЭХ-той хамтран хэрэгжүүлэх энэ удаагийн “Хамтын гэрээ” нэлээд онцлогтой. Учир нь өнгөрч буй 2019 он бидний хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувьд хүргэсэн. Энэ бол манай уурхайчдын ажлын үр дүн. Нөгөө талаас, “Хамтын гэрээ”-г хэлэлцэх ажлын хэсгийнхэн ойлголцол, зөвшилцөл өндөр хэмжээнд байж, богино хугацаанд байгуулсныг тэмдэглэх учиртай. Хэдийгээр үйлдвэр, үйлдвэрчний байгууллагууд хуулийн дагуу нэг зүйлийн хоёр тал шиг харагддаг ч бид хөгжлийн төлөө, ажилчин хүний төлөө нэг баг болж, нэг зорилгын дор нэгдэж хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Ингээд энэ зорилгын төлөө харилцан зөвшилцөж, гарын үсэг зурах боломжийг бүрдүүлсэн Эрдэнэт үйлдвэр, ҮЭХ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд тусгагдсан асуудлууд уурхайчдын ажиллах нөхцөл, цалин хангамж, сэтгэл хангалуун амьдарч ажиллахад эерэг боломж бүрдүүлж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцлов. Мөн тэрээр уг үйл ажиллагаанд оролцсон үйлдвэрийн болон ҮЭХ-ны байгууллагын төлөөллүүдэд Уурхайчдын баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.

Б.ТӨГСБАЯР: Шинэ “Хамтын гэрээ”-нд 2-ийн 4 дэх заалтыг хэвээр нь үлдээж, ажилчдын цалинг дахин 20 хувиар нэмэхээр тусгасан

    Шинэ “Хамтын гэрээ”-г үзэглэх үйл ажиллагаан дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Төгсбаяр тэмдэглэхдээ “2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний бүх заалт нь ажилтан хүний нийгмийн асуудал, бодит орлого, цалин хөлсийг шийдэхэд ихээхэн түлхэц болохуйц байдлаар тусгагдсан” гэдгийг хэлэв.

    Уурхайчдын зүгээс хамгийн их хүлээлттэй, санал шүүмжлэл дагуулсан зүйл, заалтын талаар тодруулахад “ Хамгийн гол онцлог бол үйлдвэрийн санхүү, эдийн засгийн төлөвлөгөө батлагдахаас өмнө Хамтын гэрээ байгуулагдаж байгаа нь маш чухал. Энэ удаагийн гэрээний 29 заалтанд нэмэлт, өөрчлөлт орсон байгаа. Ажилчдын хамгийн их хүсэн хүлээж байсан 2-ийн 4 дэх заалт буюу аав, ээжийнхээ оронд залгамжлан ажилд орох тухай заалтыг ямар нэг нэмэлт өөрчлөлтгүйгээр хуучнаар нь авч үлдсэн. Мөн ирэх жилүүдэд ажилчдын цалинг 20 хувиар нэмэх заалт орууллаа. Бусад нийгмийн хамгааллын олон асуудлууд багтаж байгаа. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтэд нийт 53 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөн, тусгаж чадсаныг бас хэлэх нь зүйтэй. Мэдээж, энэ төсвийг манай ажилчид цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт гэх зэрэг олон хэлбэрээр авна гэсэн үг. Хамтын гэрээнд тусгагдсан асуудлуудыг уг гэрээг дагалдаж гардаг журмаар зохицуулан хэрэгжүүлнэ. Тиймээс бид ажилчиддаа энэ Хамтын гэрээ-ний зүйл, заалт бүрийг таниулж, сурталчлах ажлыг нээлттэй зохион байгуулна” гэж ҮЭХ-ны дарга ярилаа. Уг Хамтын гэрээ ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оныг дуустал хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

     Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Монголын уул уурхайн салбар буюу Уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Эх орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчид ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар энэхүү тэмдэглэлт өдрөө угтаж байна. Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөгөө биелүүлж, олон ололт дэвшилтэй ажилласныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэж, нийт уурхайчин хамт олондоо баяр хүргэв.

    Тэрээр “Манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрлөөр 100-аас дээш хувиар биелүүлсэн сайхан амжилтаар Уурхайчдын баярын өдөртэй золгож байна. Сүүлийн жилүүдэд байгаагүй нэгэн онцлог зүйлийг энд тодруулж хэлмээр байна. Энэ юу гэвэл, 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын энэ оны 12 сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн. Өнгөрч буй 2019 онд манай үйлдвэрийнхэн олон сайхан дээд амжилтыг хөдөлмөрийнхөө үр шимээр тогтоолоо. Түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болж чадлаа. Түүнчлэн бидний бүтээж буй баялаг буюу улс орон нутгийн төсөвт оруулдаг орлогыг  900 гаруй тэрбумд хүргэж чадлаа. Энэ бол бас үйлдвэрийн түүхэнд байгаагүй дээд амжилт боллоо. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байна гэсэн үг. Ийм бахархам амжилтын эзэд болсон нийт уурхайчид, хамт олондоо Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Нийт уурхайчиддаа, тэдний гэр бүлд ажлын өндөр амжилт, амьдралын аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэндчиллээ.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог