Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 10 12-р сар 2019
Мягмар, 10 12-р сар 2019 00:00

Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #3

 

Орос сургуулийн 2б ангийн багш СТЕПАНОВА ОЛЬГА МИХАЙЛОВНА

Би Орос сургуулийн багшаар ажиллаж, хүүхдүүдэд хэл сурахад нь тусалж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан нийт ажилтнууд, удирдлагууд, инженер техникийн ажилчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэт үйлдвэр зөвхөн Эрдэнэт хотын төдийгүй улс орны, цаашлаад дэлхийн бахархал болох болтугай.

 

Орос цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш ХУАТ

Орос цэцэрлэгт 15 дахь жилдээ ажиллаж байна. Би Орос хэлний багш мэргэжилтэй, хүүхдийн сэтгэлзүйчээр мэргэжил дээшлүүлсэн. Энэ жил бэлтгэл ангид хичээл зааж байна. Манай цэцэрлэг үйлдвэрийнх гэдэг утгаараа бусад цэцэрлэгээс онцлогтой. Эрдэнэт үйлдвэр хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, сурах орчин нөхцөлийг нь хангаж өгснөөр тав тухтай орчинд орос хэл сурах боломжийг бүрдүүлсэн юм. Хүүхдийг багаас нь унаган орос хэлтэй болгохын тулд мэргэжлийн багш нарыг ОХУ-аас авчирсан. Энэ бүхэнд бид талархах ёстой гэж бодож байна. Хүүхдүүд нь тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд сурч хүмүүжиж байвал аав, ээж нь ажлаа сайн хийнэ шүү дээ. Үйлдвэрийн ажилчдаас гадна Эрдэнэтийнхэн орос цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхол ихтэй. Сургалтын бүх талын дэмжлэг үзүүлдэг Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.

 

Спорт цогцолборын Аргазүйч Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Анх 2004 онд Эрдэнэт үйлдвэрт гэрээт ажилтнаар орж байлаа. Үндсэндээ 6 жил гэрээт багшаар ажилласан. 2010 оноос орон тооны багшаар ажиллаж, Орхон аймгийнхаа хүүхэд залуучууд, Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг усаар чийрэгжүүлэх, Олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн оролцуулах ажлыг хийж байна. Дэлхийн аваргын болон Дэлхийн цомын, Олимпийн наадамд оролцож, хувийн болон улсынхаа амжилтыг эвдэн, амжилттай яваа ОУХМ Б.Дөлгөөн, ОУХМ Г.Занданбал, СМ Б.Буянтогтох, СМ Б.Есүй, СДМ Мижиддорж, СДМ Энхжин гээд олон тамирчин манайхаас төрсөн. Тамирчдаараа, тэднийг бэлтгэж байгаа багш нараараа бахархаж байна. “Хангарьд” спорт клубын хамт олны зүгээс ойн баярын мэнд хүргэе.

 

Технологийн сургуулийн Тэнхимийн эрхлэгч Л.НАРАНЦЭЦЭГ

Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийдэг нийгмийн хариуцлагатай байгууллага. Энэ дашрамд өөрийн хийсэн судалгааны дүнг товч хэлэхийг хүсэж байна. Уул уурхайн компаниудын орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтын хамгийн өндөр үзүүлэлтэд Орхон аймаг багтдаг. Түүн дунд Эрдэнэт үйлдвэрийн хийсэн хөрөнгө оруулалт үнэлж баршгүй юм. Дам утгаараа хүн амын орлого, эрүүл мэнд, боловролын түвшинд жинтэй нөлөөлсөн болох нь судалгаагаар харагдаж байна. Эдийн засгийн хувьд ДНБ-ний тодорхой хувийг бүрдүүлж байгааг та, бид сайн мэднэ. Энэ утгаараа үр нөлөөг нь ганц би, миний гэр бүл бус Орхон аймгийн иргэд өнөөдөр ч хүртсээр байна. Үйлдвэрийн ажилтны хувьд дэлхийн томоохон уул уурхайн үйлдвэрт ажиллах нь том хувь заяа гэж ойлгодог. Үйлдвэрт ажиллах нь хувь хүнээс ажиллах ур чадвар шаарддаг тул мэргэжлээрээ гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлж байна. Бүхий л зүйлд баярлаж талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд ирж буй шинэ оны, түүхт ойн өдрийн мэндийг хүргэж, амьдрал нь аз жаргалтай, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл дэвшүүлье.

И.Чинтогтох

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог