×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

А.Отгончулуун: Үйлдвэрлэлийн галын шугаман дээр ажилладаг хүмүүс томилолтоор явсан нь их үр дүнтэй байлаа Онцлох

24 4-р сар 2017 12:00
805 удаа үзсэн

     Ерөнхий захирлын А/191 тоот тушаалаар Ган бөмбөлгийн цехийн дарга А.Отгончулуун, инженер технологич Б.Анх-Эрдэнэ, зуухны ашиглалтын инженер Н.Бэх-Очир, хийн зуухны машинч Б.Бат-Эрдэнэ нар 4-р сарын 1-10-нд  БНХАУ-ын Шандунь муж, Харбин хотод туршлага судлаад иржээ. Томилолтын үр дүн болон тус цехийн ажил үйлсийн талаар цехийн дарга А.Отгончулуунтай ярилцлаа.

   -Та бүхний албан томилолтын зорилго юу байсан бэ?
   -Бид  манайхтай ижил төстэй нүүрс хийжүүлэх үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжтэй танилцах, манай цехэд  үүссэн  хүндрэлүүдийг арилгах  арга замыг хайх, Харбин хотын үйлдвэрийн  ашиглаж буй нүүрс, түүнд тавигддаг  технологийн шаардлага, байгаль цаг уурын онцлог зэргийг судлаад ирлээ.

   -Томилолтын зорилгоо хэрхэн биелүүлэв?
   -Бидний зорилго амжилттай биелсэн. Шандунь мужийн нүүрс хийжүүлэх зуух үйлдвэрлэгч Ван-фенг компани биднийг их сайхан хүлээж авсан.  Ашиглалтаас хойш  цехэд гарсан бүх хүндрэлийг  үйлдвэрлэгч талд  бид баримт, зургаар гаргаж танилцууллаа.  Тэд бидний алдаа оноог хэлж, ашиглалтын явцад үүссэн  хүндрэлтэй холбоотой   албан ёсны зөвлөмж гаргаж өгөхөө амласан.  Бид энэ зуухыг ашиглаад жил гаруй болж байна. Тоног төхөөрөмж элэгдэж байна. Үүнтэй холбоотой  үйлдвэрлэгч тал  тоног төхөөрөмж захиалах аргачлалыг зааж, сэлбэг хэрэгслийн жагсаалт гаргаж өгье гэсэн.  Мөн  манайхтай цаг уурын хувьд ижил төстэй,  ижил төрлийн  зуух ашиглаж байгаа Харбин хотын үйлдвэртэй  танилцлаа. Өвлийн улиралд -20 хэм орчим байдаг. Тэнд ч бас   хүндрэл гардаг ч зохих журмын дагуу арилгаж жигдрүүлдэг юм байна.

   -Танай цехэд өнгөрсөн 1-р сард технологийн процесс алдагдаж нилээдгүй хүндрэл гарсан тухай ярьж байсан. Үүний шалтгааныг олж чадав уу?
   -Үүний шалтгааныг олсон. Өөрөөр хэлбэл бидний ажилд ямар алдаа дутагдал байна, юуг анхаарах, үйл ажиллагаандаа нэвтрүүлбэл зохих зүйлийн талаар ч сайн мэдэж авлаа. Бид технологт хэрэглэж буй нүүрсний чанар болон бүхэллэгт голлон анхаарах ёстой юм байна. Манай дээр хийгдэх ажил их  байна. ДЦС-аас уур татах шаардлагатай байна. Уур үйлдвэрлэлт манай дээр чамлалттай явж байна. Ерөнхий технологийн схем дээр уурын битүүмжийг зөв зохистой ашиглаагүйгээс тодорхой хүндрэл үүсч байсныг  туршлага судлах явцдаа мэдсэн.Үйлдвэрлэл дээр өдөр тутам технологийг гардан явуулдаг  хүмүүс энэ удаагийн томилолтод хамрагдсан болохоор их үр дүнтэй байсан.
  
   -Нүүрс хийжүүлэх  технологт нүүрсний чанар, бүхэллэг  хамгийн чухал гэлээ.  Тэгвэл Хятадад ямар нүүрс хэрэглэдэг вэ?

   -Хятадад 6500 кДж/м3-аас дээш илчлэгтэй нүүрс ашигладаг. Тэгэхэд манайх 5400-6200 орчим л байгаа. Манайх өндөр илчлэгтэй нүүрс ашиглаж үзсэн. Хөвсгөлөөс 6400, 6800, 6900 кДж/м3 нүүрс авч хэрэглэхэд  технологийн процесс өсөөд л явсан. Үйлдвэрлэж буй хийн чанар сайжирч, үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэн. Гэлээ ч илчлэг ихтэй нүүрсний үнэ өндөр гэдэг шалтгаанаар больсон. Илчлэг ихтэй  нүүрс  илчлэг ихтэй хий үйлдвэрлэдэг.   Илчлэг ихтэй хий богино хугацаанд бэлдцийг улайсгаснаар үйлдвэрлэлийн гарц ихэснэ.  Ер нь  хийн илчлэг, нүүрсний илчлэгээс шууд хамааралтайг бид ажлын туршлагаасаа мэдсэн. Ижил төстэй үйлдвэрээр явахдаа ч  үүнийгээ баталсан. Мөн нүүрсний бүхэллэгийг хэрхэн зохицуулснаар галын түвшинг жигдрүүлж, хийн гарцыг  сайжруулах талаар мэдлэгтэй боллоо. Бид  30-90 мм-ийн бүхэллэгтэй нүүрсийг холиод л  зуух руу хийдэг. Хятадад нүүрсээ шигшээд 30-40, 50-60, 60-70, 80-90 мм гэсэн  4 төрлөөр үелж хийж байна. Энэ нь их оновчтой юм.  1200 хэмийн шаталтаас үүсч буй энэ үелсэн нүүрс маш сайн хий үйлдвэрлэж байна. Бид хольсноос галын түвшин жигд барьж чадахгүй байж. Тэгэхлээр  галын түвшинг жигд барих, хийн гарцыг сайжруулах гол нөхцөл нь энэ байсныг бид олж мэдлээ. Манай үйлдвэрлэлд  энэ мэтчилэн олон хүчин зүйлс нөлөөлдөг. Нүүрсийг зууханд шатаах, хий үйлдвэрлэх технологи маш нарийн, мэдрэмтгий юм байна. Бид энэ технологийн тухайд жил гаруйн  л ажлын туршлагатай болохоор сурч мэдэх зүйл их байна.

   -Танай цехийн гол зорилтын нэг нь чанартай ган бөөрөнцөг үйлдвэрлэх явдал байх. Энэ чиглэлээр туршлага судлав уу?
  -Тиймээ. Манай цех 2017 онд ган бөөрөнцгийн чанарыг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Бид ган бөөрөнцөг үйлдвэрлэж байгаа Хятадын зарим компаниас туршлага судаллаа. Тэдний ган бөөрөнцгийн чанар, хатуулаг, бэлдцийн химийн найрлагатай  газар дээр нь танилцлаа.

   -Танай цех шинэ технологи нэвтрүүлээд удаагүй байгаа. Үүнд бэлтгэгдсэн боловсон хүчин хэр байна вэ?
   -Ган бөөрөнцгийн үйлдвэр 1996 онд байгуулагдсан.  2007 онд Эрдэнэт үйлдвэрийн нэг цех болсон түүхтэй. Урьд нь дизелийн түлш ашиглаж бэлдцээ халаадаг байсан. 2015 оны 11-р сараас бид дизелийн түлшнээсээ татгалзаад, нүүрснээс хий гаргаж, хийгээрээ бэлдцээ халаах шинэ технологи  нэвтрүүлсэн. Энэ технологи дээр ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин дулимаг. Бид өнөөдөр практик ажил дээр л  туршлагажиж байна. Бидэнд  сурах, мэдэх зүйл их байна. Тиймээс бид ажилчдаа сургаж дадлагажуулах чиглэлд гол анхаарлаа хандуулдаг. Манай ИТА-ууд ажилчиддаа улиралд нэг удаа сургалт явуулдаг. Манайх нийт 63 ажиллагчтай.

   -Ган бөөрөнцгийн чанарыг сайжруулахад чиглэсэн ямар ажил хийж байна вэ?
   -Ган бөөрөнцгийн чанар нь хатуулаг, дотоод бүтэц, түүнийг бүрдүүлж байгаа химийн найрлага, ган бөөрөнцгийг үйлдвэрлэх технологи гээд олон зүйлээс хамаардаг. Хамгийн гол нь ган бөөрөнцгийн хатуулаг эзэлхүүний хувьд жигд тархалттай буюу гадаргуун гүний хатуулаг жигд байх нь чухал. Манай үйлдвэрийн хүдрийн онцлог, шинж чанараас хамаарч ган бөөрөнцөгт тавигдах хатуулгийн зөвшөөрөгдөх хэмжээ байдаг. Бид дээрх шаардлагад бүтээгдэхүүнээ ойртуулах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр ган бөөрөнцгийн элэгдэл жигд байх болно. Хатаалтын барабаныг ашиглан тодорхой температурт ган бөөрөнцгийг хатаадаг. Бид хатаалт хийсэн технологийн усаа хөргөх, эргүүлэн ашиглах, мөн хатаалтыг давсны уусмалаар хийх ажлыг эхлүүлээд явж байна. Хатаалтыг давсны уусмалаар хийх нь энгийн усаар хийснээс хатаах процесс 2 дахин хурдан явагддаг. Дээрх ажлыг хэрэгжүүлснээр технологийн усыг хэмнээд зогсохгүй бүтээгдэхүүний чанарыг сайжруулж хатуулгийн зөрүүг ойртуулах юм.

   -Цаашид энэ бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахаар өөр ямар ажил  төлөвлөж байгаа вэ?
   -Цаашид хийхээр төлөвлөсөн томоохон ажлын нэг нь давсны уусмалд хатаасан бүтээгдэхүүндээ зориулан амраах зуух барина. Амраах зуух барьснаар бүтээгдэхүүнд хатаалтаас үүссэн дотоод хүчдэлийг арилгах, хатуулгийг эзэлхүүний хувьд жигд тархалттай байлгах гээд олон шинж чанар нь сайжирч, тээрэм дотор ган бөөрөнцөг нь хэлбэрээ алдахгүй жигд элэгдэх юм. Ингэснээр  тээрэмд орж буй  12-14 мм-ийн бүхэллэгтэй  хүдрийг ган бөөрөнцөг 0,074 мм бүхэллэгтэй болтол нь  нунтаглан,  уг  хүдэр  хам баяжуулалтын процесст орж, эцсийн бүтээгдэхүүн  авах нөхцөл бүрдэж байгаа юм. Бид бүтээгдэхүүний чанарыг сайжруулах дулааны боловсруулалтын дээрх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ган бөөрөнцгийн хувийн зарцуулалтыг хамгийн багадаа 3 хувиар багасган урьдчилсан тооцоотойгоор жилд 1,4 тэрбум төгрөг, эргэлтийн уснаасаа 500-600 сая төгрөгийн хэмнэлт гаргах зорилт тавин ажиллаж байна.
  
   -Нүүрсний хийгээр бэлдэц халаах технологийн эдийн засгийн үр ашгийг  нь өмнөх технологитой харьцуулбал?
   -Хэдийгээр дэлхийн зах зээлд зэсийн ханш тааруу, үйлдвэрийн  эдийн засгийн байдал сайнгүй байсан ч хэмнэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн  зоримог шийдвэр нь бодитой үр дүнгээ өгч байна. 18,0 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд дизель түлшний технологиор  3 тэрбум орчим  төгрөг зарцуулж байсан бол  нүүрсний хийн технологиор   800 сая төгрөгийн зардал гарах жишээтэй. Энэ технологийг нэвтрүүлэхэд гаргасан зардлаа жил хагасын дотор нөхөх боломжтой.  65 хувийг нь 2016 оны 12-р сарын 31-нд  нөхсөн. Уг нь тооцоогоор жилийн дотор зардлаа нөхнө гэсэн юм.  Төмөрлөгийн  болон  машин механизмын үйлдвэрлэлийн техник технологи 2-4 жилд жигдэрч биеллээ олдог. Аль ч үйлдвэрт хүндрэл бэрхшээл тулгардаг. Бид боломжит хамгийн богино хугацаанд техник технологийн ажиллагааг зүгшрүүлж гартаа оруулахаар мэрийж байна.
  
   -Одоогоор хэдэн төрлийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна вэ?
   -40, 80, 100 мм-ийн голчтой 3 төрлийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Манай дээр технологийн шаардлагаар  60 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломжтой.
  
   -Энэ нь Баяжуулах фабрикийн хэрэгцээний хэдэн хувийг эзэлж байна вэ?

   -Баяжуулах фабрик  40, 80,100,120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг ашигладаг. Үндсэндээ өнөөдөр  30,9 сая тонн хүдрийг нунтаглах ган бөөрөнцгийн  хэрэгцээний 85 хувийг манайх дангаараа хангаж байна.
  
   -Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэр байна вэ?
   -Бид 2017 онд Баяжуулах фабрикт 24647 тонн ган бөөрөнцөг нийлүүлэх төлөвлөгөөтэй. 2016 онд 18400 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн. Төлөвлөгөөний гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. 1-р улиралд 40 мм-ийн ган бөөрөнцөг 34 хувь, 80-ийнх 31 хувь, 100-ийн ган бөөрөнцөг  26 хувийн тус тус  гүйцэтгэлтэй байна.
  
   -Танай цех  бүтээгдэхүүнээ Баяжуулах фабрикт нийлүүлдэг. Тиймээс фабриктай хэрхэн хамтран ажилладаг вэ?

   -Бидний гол түнш, захиалагч бол Баяжуулах фабрик. Бид фабрикийнхаа   ИТА-тай нягт хамтран ажилладаг.  Тэд бидний ажлыг хөнгөвчлөх, өдөр тутам  үүсч буй асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болдог. Сая л гэхэд бидний томилолтын зардлыг  Баяжуулах фабрик гаргасан.  Тухайн үеийн фабрикийн дарга Д.Эрдэнэцогт захирал:  “Санхүү хэдий хүнд байгаа ч  манай  бүтээгдэхүүний чанар танай цехтэй шууд холбоотой учир томилолтын зардлыг манайх даая” гэсэнд  бид их баярласан.  Би ч Баяжуулах фабрикийн “угшилтай” хүн. Тиймээс фабрикийн хамт олонтойгоо харилцахад  ойр, ойлголцоход амар байдаг.  Баяжуулах фабрикийнхандаа ажлын амжилт хүсье.


                                                  Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:08
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог