×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Ж.Эрдэнэбилэг: Худалдан авах үйл ажиллагаанд цахим тендерийн системийг нэвтрүүлнэ Онцлох

13 3-р сар 2018 12:00
637 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК энэ онд худалдан авах үйл ажиллагааг цахим тендерийн хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал, Худалдан авах комиссын дарга Ж.Эрдэнэбилэгээс дараах сэдвээр тодрууллаа.

Өнгөрсөн онд 817 тендер шалгаруулж, 442,4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн

     Юуны өмнө цахим тендерийн тухай ярихын өмнө өнгөрсөн оны худалдан авах үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй.  2017 онд манай үйлдвэр нийт 817 тендер шалгаруулж, үүнд 442,4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүний 27 хувь буюу 102 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс, 7,6 хувь буюу 7,7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Орхон аймгийн үйлдвэрлэгчдээс тус тус худалдан авсан байна. Бид худалдан авалтын үйл ажиллагаагаа Хангамжийн хэлтэс, Их барилгын хэлтэс, Хөгжлийн хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Геологи маркшейдерийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэсэн 6 нэгжээр дамжуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн дагуу зохион байгуулж байна.  Өнгөрсөн онд 448,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байснаас 422,5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдэж 26,3 турбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан. Тендер шалгаруулалтын 94 үнэлгээний хороонд давхардсан тоогоор 850 орчим хүн ажиллалаа. Цаашид бид тендер шалгаруулалт, худалдан авалтын бодлогыг ил тод, нээлттэй явуулах орчныг хангах зорилгоор цахим тендерийн системийг нэвтрүүлэхээр зорилт дэвшүүлсэн.

Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтран ажиллана

     Тендерийн тухай  хуулинд зааснаар хэд хэдэн төрлөөр тендерийн шалгаруулалт явагддаг. Нээлттэй тендер, онцгой журмаар зохицуулагддаг хязгаарлагдмал, харьцуулалтын, гэрээ шууд байгуулах арга, мөн зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт гэж бий. Зөвлөх үйлчилгээг манай үйлдвэрийн Хөгжлийн хэлтэс хариуцдаг. 2018 онд бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан даалгаврын дагуу худалдан авалтын тендерийг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллахаар төлөвлөсөн. Тус албан даалгаврын 12 дугаар зүйлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй, ил тод тод зохион байгуулж худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд оруулж нийтэлж байх” гэж заасан байгаа. Энэхүү албан даалгаврыг үндэслэн,  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, дээрх заалтыг оруулж өгсөн. Иймээс уг чиглэлийг худалдан авах үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ. Үүнтэй уялдуулан бид Орхон аймгийн Худалдан авах газрын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн манай үйлдвэрийн холбогдох нэгжийн ажилтнууд хамтарч байна. Тэднийг сургалтад хамруулж, цахим тендерийн системийг  хэрхэн нэвтрүүлэх талаар зааварчилгаа өгч байна.
     Бид худалдан авах үйл ажиллагааны гол бодлогоо орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэднээс бараа  бүтээгдэхүүн худалдан авахад чиглүүлнэ. Энэ хүрээнд саяхан үйлдвэрийн Хууль эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд орон нутгийн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон. Уулзалтын үеэр олон зөв зүйтэй, оновчтой, ажил хэрэгч саналууд гарсныг тэмдэглүүштэй. Мөн энэ удаагийн уулзалтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санаачлан хийж байгаа бол дараагийн уулзалтуудад орон нутгийн үйлдвэрлэгчид илүү өргөн хүрээнд эвлэлдэн нэгдэж, Орхон аймгийн ханган нийлүүлэгчдийн холбоо байгуулан хамтран зохион байгуулахыг Хууль эрхзүйн газраас онцолж хэлсэн. Цаашид нийлүүлэгч компаниудын цагаан, хар жагсаалтыг гаргаж бүртгэлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.  Үйлдвэрт нэн  хэрэгцээтэй, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, товлосон хугацаандаа нийлүүлэх хариуцлагатай орон нутгийн  компанитай урт удаан хугацаанд гэрээ байгуулан хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, орон нутгийн үйлдвэрлэгчид болон Эрдэнэт үйлдвэрт харилцан ашигтай байх нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.

Үйлдвэрийн хөгжлийн бодлогын бодит ажлууд хийгдэнэ

     Энэ онд манай компани нийт 461,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Их барилгын, үндсэн хөрөнгийн худалдан авалт, машин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ,  геологи хайгуул, хөгжлийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Мөн төсөл хөтөлбөрүүд үүнд тусгагдсан байгаа.
     Бид хөрөнгө оруулалтын ажлуудаа  дараах үндсэн таван ангиллаар зохион байгуулна. Үүнд:
          - Үйлдвэрийн аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд хийж байгаа ажил ба худалдан авалт
          - Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх,
             сайжруулах чиглэлд хийж байгаа ажил болон худалдан авалт
          - ХАБЭА-н шаардлагын дагуу  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хийж байгаа ажил ба худалдан авалт
          - Барилга ашиглалтын стандарт, норм, нормативын дагуу хийж байгаа засварын ажлууд,
          - Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлууд гэсэн чиглэлүүд тусгагдсан.
   Эдгээр төлөвлөгөөт ажлуудын 46 нь өмнөх оноос үргэлжлүүлж хийгдэх бол бусад нь шинээр хийгдэх ажлууд тусгагдсан. Мөн энэ онд Эрдэнэт үйлдвэрийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөний бодлого хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж, бодитоор хэрэгжиж эхэлнэ.    


М.Балжинням

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 14 3-р сар 2018 06:23
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог