×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Эрдэнэт” үйлдвэр 2015 онд зах зээлийн сорилттой тулгарч магадгүй Онцлох

02 12-р сар 2014 12:00
120392 удаа үзсэн

     Хэдийгээр оны сүүлийн саруудад Лондонгийн металлын бирж дэхь зэсийн үнэ бууралттай байгаа хэдий ч жилийн дундаж үзүүлэлтээр 1 тн зэсийн үнэ 6900 ам.доллар байхаар байгаа нь бидний тооцоолж, төлөвлөсөн түвшинд байна. Ирэх 2015 оны хувьд зэсийн үнэ төдийлөн сайнгүй байх төлөв байдал ажиглагдаж байгаа нь манай Компанийн хувьд тодорхой сорилт болж магадгүй байна. Мөн сүүлийн саруудад олон улсын тогтворгүй нөхцөл байдалтай уялдуулан судалгааны байгууллагууд зэсийн үнийн төсөөллөө бууруулан шинэчилсээр байна. ОХУ-ын Украйн, Барууны орнуудтай маргаантай нөхцөл байдлын улмаас уул уурхайн бүтээгдэхүүний үнийн урт хугацааны төсөөлөл хийхэд маш эргэлзээтэй, эрсдэлтэй цаг үе болоод байна.
     Үүсээд буй нөхцөл байдал Европын холбооны улсыг Баруун болон Зүүн улсуудаар нь хуваагдан талцуулж Европын холбооны улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон хямралд ч хүргэж мэдэхээр байна. Хэрвээ олон улсын харилцааны хурцадмал энэ байдал даамжирвал дэлхийн эдийн засаг, геополитикт нөлөөлж улмаар дэлхийн санхүүгийн зах зээл бүрэн шинэчлэгдэх томоохон өөрчлөлтийг араасаа дагуулах магадлалтай гэж олон эдийн засагч нар үзэж байна.
Хэдийгээр америк доллар нь олон улсын төлбөр тооцооны гол валют ч гэсэн эдийн засаг нь тэлж буй ОХУ, Хятад тэргүүтэй дэлхийн зарим улс нэг туйлт эдийн засаг, америк долларын төлбөр тооцооноос татгалзаж шинэ дүрмээр тоглохыг эрмэлзэж байгаа боловч дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, ам.доллароос өөр баталгаатай, эрсдэлгүй зүйл байхгүй мэт болоод байна. Харин өнөөгийн дэлхийн санхүү-эдийн засгийн тогтолцооны олон жил хөөсөрсөн хөөс цаашдаа энэ байдлаараа удаан үргэлжлэх боломжгүй болсон талаар хараат бус нөлөө бүхий судалгааны байгууллагууд тэмдэглэх болсон.
     ОХУ нь нефт, эрдэс бүтээгдэхүүнээ рублээр зарах сонирхолтой байгаа бол Хятад улс ч мөн адил төлбөр тооцоог юанаар хийх сонирхлыг аль хэдийн ил далд илэрхийлэх болсон ба хоорондын худалдаа арилжааг ямар валютаар хийх талаар талуудын сонирхол нэгдсэн нэг шийдэлд хүрэхгүй байгаа, мөн ам.долларын ихээхэн нөөц бүрдүүлсэн зэргээс асуудал шийдэгдэхгүй байна.
     Иймд уул уурхайн салбараас хамааралтай улсууд үнийн уналтад бэлтгэж байна гэж хэлж болохоор байна. Учир нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, үнэ нь эдийн засаг, аж үйлдвэрлэлийн тогтвортой байдалтай шууд холбоотой байдаг.      


     Зэсийн үнийг өндөр төлөвлөх нь Бизнес төлөвлөгөөг хөөсрүүлэх хандлагатай
     Өндөр үнэ, өндөр ашиг төлөвлөчихөөд тэр хэмжээгээр зардлаа дагаад өсгөдөг байсан. 2012, 2013 онуудад бид 1 тн зэсийн үнийг 7900, 6800 ам.доллар түвшинд төлөвлөх саналаа гаргаад Сангийн яам, Монгол банктай зөвшилцөхөд улсын төсвийн орлого, зарлагатайгаа уялдуулаад зэсийн үнийг 8500, 8152 ам.долларын түвшинд төлөвлөж байсан бол бодит байдал дээр зэсийн үнэ 7950, 7326 $/тн байсан байх жишээтэй. Үр дүн нь нь өртөг зардал өсөх, бэлэн мөнгөний хомсдлыг хөөрөгдөх бас нэг шалтгаан болсон түүх байдаг. Харин улс төсвийн тодотгол хийдэг. 2015 оны Улсын төсөвт зэсийн үнийг 6970,7 $/тн-оор тооцож 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцсон. Монгол Улсын хувьд зэсийн бүтээгдэхүүний экспорт ихээхэн нэмэгдэж, зах зээлд эзлэх байр суурь тэр хэрээр өсөж байгаа энэ үед бусад улс орон, компаниудын авч хэрэгжүүлж буй туршлагыг судалж, төсвийн орлогын гол эх үүсвэр болох зэсийн үнийн өөрчлөлтөөс хүлээж болох бодит эрсдэл болон түүнээс сэргийлэх арга замыг судлах судалгааны ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй.  Энэ чиглэлээр 2013 оноос хойш Улсын төсөвт “тэнцвэржүүлсэн үнэ” гэдэг үнийг тооцдог болсон. 2015 онд тэнцвэржүүлсэн үнийг 6354,7 $/тн байхаар тооцоолсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс төсвийг хамгаалах зорилготой “Тогтворжуулалтын сан” гэдэг хуримтлалыг бий болгсон. Тэнцвэржүүлсэн үнээс давсан хэсэг нь төсөвтөө зарцуулагдахгүй, Тогтворжуулалтын санд хуримтлагдах ёстой. Хэрэв үнэ 6354,7 доллароос доош унавал өмнө хуримтлуулсан орлогоосоо төсөвтөө буцааж хэрэглэх хуультай байгаа. Тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо тухайн жилийн өмнөх 10-12 жилийн дараалсан дундаж үнийг ирэх 3 жилийн төсөөлөлтэй дунджилж байгаад төсвийн тэнцвэржүүлсэн үнэ гэж тооцохоор хуульчилж өгсөн байгаа. Энэ нь бусад ижил төстэй улсын эрсдэлийн удридлагын жишгийг дагасан зөв шийдэл болсон ч цаашид цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан төгөлдөршүүлэх шаардлагатай байна.



     Зах зээл судална гэдэг нь зүгээр тийм, ийм байна гээд орхичихдог юм биш
     Судалгааны үр дүн нь орлогыг нэмэгдүүлэх арга зам, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж таагүй өөрчлөлтийг аль болох хохирол багатай даван туулах, нөөц боломжоо ашиглах, төлөвлөх талаар санал, дүгнэлт гаргах зэрэгээр хязгаарлагддаг тул судалгааны үр дүнг шууд санхүүгийн үзүүлэлт, мөнгөн дүнгээр илэрхийлэхэд хүндрэлтэй байдаг. Харин судалгааг үндэслэн шийдвэр гаргах эрх нь удирдлагуудад байдаг.
     Зэс нь бирж дээр арилжаалагддаг металл тул мэдээж үнийн өсөлт бууралт дээр тоглодог, ашиг олдог зориуд ташаа, захиалгат үнийн төсөөлөл хийдэг байгууллагууд олон байдаг учраас найдвартай эх сурвалжаас мэдээлэл авна гэдэг нь маш чухал байдаг.
     Дэлхийн санхүү-эдийн засгийн байдал, аж үйлдвэрлэлийн өсөлт зэргээс хамаарч нүүрс, зэсийн үнэ өнөөгийн таамагласан үнээс буурсан тохиолдолд төсвийн орлогод шууд нөлөөлж, төсвийн төлөвлөсөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжгүй болох томоохон эрсдэлийг бий болгох учир бид юун түрүүнд өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зөв тооцоолол хийж, одоо байгаа аргачлалыг сайжруулах, оновчтой бодлого, хөтөлбөр боловсруулах хэрэгтэй.
     Өмнө нь бид зөвхөн гадны эх үүсвэрүүдээс өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид, хэрэглэгчид,  судалгааны байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагуудаас гаргасан үнийг авч ашигладаг байсан бол мэргэжилтнүүдийнхээ туршлага судалгаан дээр үндэслэн цаашид Эрдэнэт үйлдвэр ХХК дотоод хэрэгцээндээ зориулж өөрөө албан ёсоор үнийн төсөөлөл гаргадаг байх нь чухал байгаа юм. Иймд энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.  
     Ер нь Уул уурхайн салбараас хэт хамааралтай, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг цөөн тооны эрдэс бүтээгдэхүүний экспортоос орлогоо бүрдүүлдэг Монгол Улсын хувьд эрдэс бүтээгдэхүүний үнийн эрсдэлийн менежмент хийх асуудлыг Төрийн бодлогоор дэмжиж, хөгжүүлэх нь өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнт өнөө үеийн зах зээлд маш өндөр ач холбогдолтой гэж боддог. Манай улсын экспортлогч компаниудын хувьд зах зээлийн өөрчлөлттэй уялдсан нэгдмэл нэг үнийн болон борлуулалтын бодлого дутагдаж байна.    
     ОХУ болон Барууныхны харилцааны хурцадмал байдлыг Хятад, Чили зэрэг зарим зарим улс овжин ашиглаж өөртөө ашигтайгаар ашиглаж чадаж байна. Тийм учраас цаг үеийн энэ ээдрээтэй мөчид зөв бодлого, шийдвэр гаргаж өөрчлөлтийг өөртөө эерэгээр тусгах нь маш чухал асуудал болоод байна.



     Хэрвээ зах зээл хүндэрвэл “Хямралын эсрэг маркетинг”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай
     Дэлхийн санхүү, эдийн засгийн тогтворгүй үед маркетинг гэдэг нь удирдахуйн арга барилын хувьд бараг л цорын ганц арга хэрэгсэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг болсон.
     2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш аж үйлдвэрлэл, худалдаа тогтвортой сэргэсээр ирсэн боловч дэлхийн санхүүгийн зах зээл тэр чигээрээ өөрчлөгдөж ч болохоор байгаа нь олон компаниудыг цаг үеийн өөрчлөлт, салхины зүг чигтэй уялдуулан бодлого боловсруулах шаардлага нэн түрүүнд гарч ирж байна. Маркетингийн тусламжтайгаар үйлдвэрлэлийг оновчилж, нээгдэж буй боломжуудыг ашиглах, хөрөнгө татах гэх мэтчилэн хямралын үед маркетинг нь үндсэн суурь болж өгөх ёстой. Хямралын эсрэг маркетингийн удирдлага нь компанийн хүнд үед гарч болох хамгийн хурц асуултуудад судалгаа, шинжилгээг үндэслэн шинжлэх ухаанч байдлаар хариулт өгдөгөөрөө онцлогтой байдаг.
     Хэдийгээр  Компанийн санхүү-эдийн засгийг хөтөлдөг гол хөтөч нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ байдаг боловч манай үйлдвэрийн хамт олны хүч хөдөлмөр, идэвх зүтгэл, зөв менежментийн бодлого компанийн өсөн нэмэгдэх өрсөлдөх чадвар, хөгжлийн ирээдүйг тодорхойлдог гэж ойлгодог.
     2014 онд зэсийн үнэ бидний төлөвлөсөн түвшинд байгаа хэдий ч Компанийн цэвэр ашгийн жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн амжилттайгаар бид 2014 оноо үдэж байна. Энэ нь манай үйлдвэрийн нийт хамт олны хэмнэлтийн горимд шилжиж, үргүй зардлыг бууруулж ажилласны үр дүн. Мэдээж Ерөнхий захирлын шийдвэрээр байгуулагдсан санхүү-эдийн засгийн байдлыг тогтворжуулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн хувь нэмэр ч байсан гэж бодож байна. Зах зээл хүндэрвэл ийм, тийм арга хэмжээ авна гээд манай ажлын хэсэг хямралын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан.
     Энэ нь Компанийн өртөг, зардлыг Лондонгийн металлын бирж дэхь зэсийн үнэтэй уялдуулан тэвчиж болох зардлуудыг танах, цаашлаад нөхцөл байдал хүндэрвэл үйлдвэрийн гол цөмийг авч үлдэж тасралтгүй ажиллагааг хангаж хохирлыг бууруулахын тулд гол цехүүдээс бусад цех, нэгжүүдийн үйл ажиллагааг түр царцаах хүртэл бодлогыг тусгасан. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ хэд болно тэр түвшинд үйлдвэр алдагдалгүй ажиллах хүртэл зардлуудыг эрэмбэ дараатай тана гэсэн үг. Мөн дотоод нөөц бололцоогоо ашиглахаас гадна гадаад боломжуудыг ч ашиглахыг зорьсон байгаа.



     Зах зээл хүндэрвэл бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад, хэмнээд хүндрэлээс гарна гэвэл өрөөсгөл
     Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК бэлэн мөнгөний хомсдолтой байгаа хэдий ч цэвэр ашгийнхаа 70 орчим хувийг ногдол ашигт өгч, өөрийн өртөг, ашиг, алдагдлыг үл харгалзан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт зэсийн үнэ 5000$/тн-оос дээш байх тохиолдолд борлуулалтынхаа орлогын 16-20 хувийг Улсын төсөвт төлж байгаа нь Компанийн санхүү-эдийн засагт ихээхэн дарамт болж байна. Өөрөөр хэлбэл Компани алдагдалтай ажиллаж байсан ч борлуулалтынхаа орлогын 16 хувийг зөвхөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа юм. Энэ нь алт олборлогчтой харьцуулахад тогтоосон хувь хэмжээний хувьд 8 дахин, “Оюутолгой” ХХК-тай харьцуулахад 3 дахин өндөр байна. Алт олборлогчид 2,5 хувийн, “Оюутолгой” ХХК 5 хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа нь Хуулийн зүйл заалт зөвхөн Эрдэнэт үйлдвэр ХХК-д үйлчилдэг, гадны хөрөнгө оруулалттай компаниуд тэгш бус нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байгаа юм. Мөн Хуулийн энэхүү зүйл заалтын гаргалгаа, роялти тооцох аргачлалыг ч нягтлах хэрэгтэй гэж боддог.
     Монгол Улсын хэмжээнд 2013 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийт 505 тэрбум төгрөг төвлөрсний 245,3 тэрбум төгрөг буюу 49 хувийг Эрдэнэт үйлдвэр ХХК дан ганцаараа төвлөрүүлсэн байдаг.
     Уул нь Төр ижил төстэй бусад улс орнуудад мөрдөгдөж буй “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийн стандарт жишгийн дагуу 10 орчим хувьд шинэчлэн тогтоогоод бүх компаниудаас тэгш байдлаар авдаг байх нь аль аль талдаа нийцсэн шийдвэр болно гэж боддог.
     Ер нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тухайн орон нутгийн хөгжилд зарцуулагдах ёстой байдаг бол энэ төлбөрөөс Орхон аймагт нэг ч төгрөг үлдэхгүй байна.
     Өмнө нь мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуулийн заалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 10 хувь нь тухайн сумандаа, 20 хувь нь тухайн аймгийн төсөвт орж байх заалт байсныг хэрэгжүүлэхгүй байсаар 2011 оны шинэчилсэн найруулгаар хүчингүй болгосон. Орхон аймагт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс багагүй хэмжээний хөрөнгө төвлөрдөг хэдий ч түүнийгээ захиран зарцуулах эрх нь байдаггүйгээс улсын төсөв рүү татагддаг.
     Монгол Улс цаашдаа эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай, зөвхөн уул уурхайгаас хамааралтай байж болохгүй гэдгийг хаа хаанаа ойлгодог болсон. Харин Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэр бол уул уурхайн салбарын жишиг бүтээн байгуулалт, уурхай дагаж боссон хот. Орхон аймаг, Эрдэнэт хот 40-өөд жил нэг салбараас, нэг компаниас хараат хэвээрээ л байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, роялтигаас орж ирж байгаа орлогоос тодорхой хэсгийг орон нутгийн санд үлдээж эдийн засгаа төрөлжүүлэхэд зарцуулж, Орон нутгийн тулхтай эдийн засгийг хангах шаардлагатай байна.
     Бид Орон нутгийн нийгэм, эдийн засгийн шинж чанартай төслүүдийг багтаасан Компанийн хаалт-хөгжлийн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан боловч хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хүндрэлтэй тулгарч байна.
     Ер нь “Эрдэнэт” үйлдвэр нийт борлуулалтынхаа орлогын 50-55 хувийг Улсын болон орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төлдөг.



     Хятад улсын зэсийн жилийн хэрэглээний өсөлт 6 хувиас доош буурвал зэсийн үнэ ихээхэн эрсдэлд орно
     Манай Улсын эрдэс бүтээгдэхүүний борлуулалт бараг 100 хувь зөвхөн Хятад улсаас хамааралтай. Аж үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт хаана өндөр байна тэнд зэсийн хэрэглээ өндөр байдаг. Энэ утгаараа Хятад улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлттэй байсан тул хэрэглээ нь ч нэмэгдсээр ирсэн.
     2013 оны байдлаар Хядад улс нь дан ганцаараа дэлхийн нийт зэсийн баяжмалын хэрэглээний 41%, үйлдвэрлэлийн 28%-ийг үйлдвэрлэж жилдээ 8,4 сая тонн зэс хэрэглэж, хэрэглээний өсөлт 9 хувьтай байсан нь Хятад улсын дэлхийн зах зээлд эзэлж буй байр суурийг шууд харуулж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын зэсийн хэрэглээний өсөлт болон аж үйлдвэрлэлийн өсөлт тогтмол өсөлттэй буюу жилийн 7 хувиас дээш байсан нь зэсийн үнэ Евро бүсийн хямрал зэргийг үл хамааран тогтвортой байх шалтгаан болж байсан.
     Гэхдээ сүүлийн үед Хятадын зах зээлд зэсийн нийлүүлэлт ихээр нэмэгдэж өрсөлдөөн ширүүсэх болсны хажуугаар эдийн засгийнх нь өсөлтийн хурд нь саарч зэсийн эрэлт суларч зэсийн үнэ буурахад нөлөөлж байна.
     Дэлхийн зэсийн зах зээлийн томоохон тоглогч болох Хятад улсын зэсийн жилийн хэрэглээний өсөлт 6 хувиас доош буурвал зэсийн үнэ ихээхэн эрсдэлд орох талаар тооцоо хийсэн байдаг. Гэтэл 2015 онд Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт буурч -3.9%, 2016 онд 2.5%-д байх төсөөлөл гарсан, ОУВС-ын зүгээс 2015 онд эдийн засгийн өсөлт нь 7.3 хувь болж 2014 оны түвшинээс буурахаар байгаа нь зэсийн хэрэглээ ч тэр хэмжээгээр буурах эрсдэлийг учруулж болзошгүй байна.
     Мөн зарим судалгааны байгууллагуудын зэсийн үнийн ойрын буюу 2015-2018 оны төсөөлөл 5800 ам.$-оос ч доош унах эрсдэл байгаа талаар дурдаад болозошгүй эрсдэлд бэлэн байх талаар анхааруулж байна.
     Дэлхийн ихэнх олборлогч компаниудын өөрийн өртөг 5500 ам.$ орчимд байгаа гэсэн мэдээлэл байгаа тул зэсийн үнэ энэ хэмжээнээс доош унахад ашигтай ажиллах компани цөөхөн байхаар байгаа нь зах зээл 2008-2009 оны хямралын дараах зах зээл дээр богино хугацааны нийлүүлэлтийн хомсдол үүсч үнэ хөөрөгдөх түүх ч давтагдах магадлалтай байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
     Иймд бидэнд нэг талаас зах зээлийн таагүй сорилттой тулгарах эрсдэл байгаа боловч нөгөө талаас түүнийг амжилттай даван туулж, хямралыг сөрж гарж чадвал өрсөлдөөнд үлдэж үйл ажиллагаагаа бэхжүүлэх боломж үргэлж байна.

 

 

 


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 
Эдийн засаг, маркетингийн хэлтсийн
менежер Б.ГӨЛГӨӨ

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 04 12-р сар 2014 01:06
Үнэлэх
(6 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог