Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Д.Нэмэхбаяр: Европын зарим компанитай хамтран ажиллана Онцлох

13 11-р сар 2017 12:00
183 удаа үзсэн

Саяхан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй баг Европын холбооны зарим улсын уул уурхайн компаниудад ажлын айлчлал хийгээд ирлээ. Уг айлчлалын зорилго, үр дүнгийн талаар Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяраас тодруулав.  

Европын орнуудад хийсэн энэ удаагийн ажлын айлчлалын гол зорилго, ач холбогдол юу байв?
Энэ удаагийн ажлын айлчлалын багийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл, ерөнхий захирлын уул уурхайн асуудал хариуцсан зөвлөх Н.Бямбадорж болон миний бие багтсан. Айлчлалын хүрээнд Герман улсын Thyssen Krupp концерн, Takraf Tenova, Чех улсын Vitkovice Machinery, Польш улсын Фамур Фамак зэрэг группийн үйл ажиллагаатай танилцаж, үндсэн хоёр чиглэлээр ярилцлаа. Германы  Thyssen Krupp концерн, Takraf  Tenova, Польшийн Фамур Памак группуудтэй Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн хөрсийг конвейрийн системээр тээвэрлэх төсөл дээр хамтран ажиллах боломж, техник технологийг судлах, техникийн зөвлөгөө авах талаар санал солилцлоо. Эдгээр компаниуд нь бүгд техникийн болоод туршлагын хувьд дэлхийд танигдсан том группууд юм. Тиймээс манай талаас  хамтарч ажиллах санал тавьсан. Нөгөө талууд ч бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байгаа. Төслийн зохион байгуулалтыг  тусдаа ярьж байж шийдвэрлэнэ. Ажлын айлчлалын дараагийн асуудал нь манай Засвар механикийн заводын шинэчлэлийн чиглэлээр байсан бөгөөд Чех улсын Vitkovice Machinery групптэй хамтран ажиллахаар тус компанийн туршлага, техникийн хүчин чадал зэрэг олон давуу талыг нь ашиглан засвар механикийн заводаа шинэчлэх боломжийн тухай ярилцсан. Vitkovice Machinery групп ч энэ тал дээр хамтрах боломжтой гэдгээ бидэнд илэрхийллээ. Мөн металлургийн чиглэлээр инженер техникийн ажилтнуудаа харилцан солилцож, туршлага судлуулах, тодорхой хугацаанд ажиллуулах асуудлыг ярилцсан байгаа. Тус группын  дэргэд манай үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуультай ижил уул уурхайн коллеж байдаг юм билээ. Энэ сургуулиудын хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан оюутан, багш нар солилцох, цаашилбал хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн асуудлаар ч бид бас ярилцлаа.

Дээрх хоёр асуудал компанийн 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан байгаа?
Тийм.  Үндсэн чиглэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх том төслүүдийн хоёр нь дээрх  асуудлууд гэж хэлж болно.

Хамтын ажиллагаа хэдийд биеллээ олж эхлэх вэ? Хэрхэн төлөвлөж байгаа вэ?
Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ тодорхой шат дараалсан арга хэмжээнүүдийг авах нийтлэг стандарт гэж байдаг. Тэр стандартын дагуу эхлээд судалгааны ажлуудаа хийх ёстой. Үйлдвэрийн хэмжээнд бид өөрсдийн боломжид тулгуурлан судалгаа хийсэн. Үүн дээр технологийн талаасаа хараат бус зөвлөхүүдийг авч ажиллуулах шаардлага байгаа. Тэр зөвлөхүүдийн хүчээр техник  эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Техник эдийн засгийн үндэслэлээс хамаараад аль компанийн ямар тоног төхөөрөмжийг сонгох вэ, худалдан авалт болон угсралт тохируулгын ажлыг яаж хийх вэ, төслийн чанарт яаж хяналтыг тавих вэ гэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эхний шатны судалгааны ажлын үр дүнгээс төслийн хэрэгжилтийн хугацаа тодорхой болно.

Европын эдгээр компаниудтай үйлдвэрлэл, хүний нөөц мэргэжилтнүүдээ солилцох, дадлага туршлага судлах гээд олон чиглэлээр хамтран ажиллахаар ярилцжээ.  Тэгвэл төсөл хэрэгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл нь хөрөнгө оруулалтын асуудал. Энэ талаар ямар чиглэлтэй байгаа вэ?  
Хөрөнгө оруулалтын хувьд бол нэлээд болгоомжтой ярих нь зүйтэй гэж би бодож байна. Яагаад гэвэл, манай Эрдэнэт үйлдвэр бол төрийн өмчит компани. Төрийн өмчит компанид гаднаас хөрөнгө оруулах асуудал бол нэлээд өндөр түвшинд, өөрөөр хэлбэл засгийн газрын хэмжээнд яригдаж, шийдэгдэх асуудал л даа. Тэгэхээр хэн нэгэн хөрөнгө оруулалт хийх бол өмчлөлийн асуудал хөндөгддөг. Тиймээс хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай.  Нөгөө талаар бидний саяын томилолтын хүрээнд очсон компаниуд нь зөвхөн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд.  Ийм төрлийн компаниуд манай үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй. Зарим нь  энэ саналаа тодорхой илэрхийлсэн. Тэгэхээр бид эдгээр компаниудаас  техникийн үйлчилгээ, тоног төхөөрөмж  худалдан авах хэлбэрээр хамтран ажиллана. Өндөр хөгжилтэй орнуудаас  тоног төхөөрөмж худалдан авахдаа экспортын зээл болон өөр ижил төрлийн зээлийн хэлбэрээр төслийг санхүүжүүлэх асуудал яригдаж болно. Гэхдээ үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа,тодорхой шаардлагууд тавигддаг. Тодруулбал, тухайн  тоног төхөөрөмж, ажил үйлчилгээний тодорхой хувийг зээл олгож  буй улсаас нийлүүлэх шаардлагыг тавьдаг. Тиймээс  төсөл маань ямар хэмжээний ажил, тоног төхөөрөмж авах шаардлагатай байгаагаас хамаараад талууд ярилцаж, тохирох ёстой.

Ил уурхайд нэвтрүүлэх мөчлөгт урсгал конвейрийн технологи бол том төсөл. Хөрөнгө мөнгө, хүн хүч, хугацаа гээд шийдэхэд амаргүй олон зүйлүүд бий?  Ийм технологи нэвтрүүлсэн ижил төстэй компаниудыг газар дээр нь үзэхэд ямар санагдав?
Зөвхөн нэг төрлийн техник, авто машин худалдаж авах бол мэдээж амархан шийдэх боломжтой. Гэтэл ил уурхайд нэвтрүүлэх мөчлөгт урсгал тээврийн технологи, тоног төхөөрөмжийн асуудал нэлээд ярвигтай төсөл гэж хэлж болно. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана.  Дэлхийн олон уул уурхайн компаниуд  энэ конвейрийн тээврийг сонгосон байдаг. Ялангуяа сүүлийн үед хүчин чадлаа нэмж байгаатай холбоотойгоор конвейрийн тээврийн технологид шилжиж байна.  Манайх шиг авто тээвэр ашиглаж буй уурхайнууд ч бий. Конвейрийн тээврээр их хэмжээний материалыг тээвэрлэхэд өртөг зардал нь хямд. Гэхдээ хэдий хэмжээний хэмнэлт гаргах вэ, нөгөө талаас технологийн хувьд ямар хүндрэл гарч болох вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй. Авто тээврийн технологийн хувьд маш уян хатан систем учраас манайх шиг  төрлийн уурхайд тохиромжтой байдаг л даа. Сая бид ижил төрлийн хэд хэдэн уурхайг үзлээ. Герман, Польш улсын уурхайнууд нүүрсний тээвэрт конвейрийн технологийг өргөн хэрэглэж байна. Энэ нь нүүрсний тээвэрт илүү тохиромжтой байдаг. Учир нь нүүрсний уурхайд уян хатан нөхцөл байдал их шаарддаггүйтэй холбоотой.  Манай уурхайн хувьд хүдрийн уурхай учраас онцлогтой. Өөрөөр хэлбэл, цаашлах тусам гүнзгийрдэг учраас уян хатан системээ давхар бодолцож байж, конвейрийн технологийг ярих нь зүйтэй. Одоо бид Ил уурхайн төлөвлөлт, цаашид ил уурхайг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох судалгааны ажлыг  хийж байна. Энэ төлөвлөлттэй уялдуулан  шинэ технологи нэвтрүүлэх төлөвлөгөөгөө гаргана.


М.Балжинням

 

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог