×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Орон нутаг

     Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь  байгууллагын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын гэрээнд тэднийг төлөөлөн санал оруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,  цех хэсгийн үйл ажиллагааг дэмжих, уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэхэд оршиж байна. Талууд залуучуудын тулгамдсан асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, сурч боловсрох, шинийг эрэлхийлэх, санаачлах, бүтээлч үйлсийг дэлгэрүүлэх, тэднийг урамшуулах, сурталчлах талаар хамтын дэмжлэг үзүүлэх, урлаг спортын  арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттай хамтын шийдвэрээр явуулахаар санамж бичигт тусгажээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан  “Уурхайчин залуу” нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлэг, “HARD GAME-2018” хөгжөөнт тэмцээн, “Оюунлаг залуу” уралдааныг үйлдвэрийн Залуучуудын холбоо санаачлан зохион байгуулсан байна. “Уурхайчин соёлын ордон, Монголын оюун ухааны академитай хамтран зохион байгуулсан  Оюун ухааны анхдугаар уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин залуус маш идэвхтэй оролцлоо. Тэдний дунд ой тогтоолтын спортыг дэлгэрүүлэх, оюуны алжаалыг тайлах, үйлдвэрийн түүхэн үйл явдлын талаар мэдлэг, мэдээлэл түгээх, олон улсын оюуны спортын тэмцээнд баг бүрдүүлэн оролцох зорилготой явагдсан нь энэ уралдааны онцлог байлаа.” гэж албаны хүн ярилаа.


Т.БАТ

     Байт харвааны Хангарьдын цом дөрөв дэх удаагийн нээлттэй тэмцээн Хангарьд паласт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Алдар нийгэмлэг, Живт хасар, Добу мэргэн, Ирээдүйн одод зэрэг найман байгууллагын 80 гаруй тамирчин оролцож, цэц мэргээ сорилоо. Тэмцээн рекурв, компаун төрлөөр, насанд хүрэгчид, өсвөрийн тамирчдын дунд боллоо. Хангарьд спорт клубийн тамирчид зургаан алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, таван цомын гурвыг нь авлаа. Эдгээрийн дундаас   Баяжуулах үйлдвэрийн ШХХ-ийн мастер, байт харвааны спортын мастер Н.Өлзийхутаг мөнгө, тус хэсгийн оосорлогч, Үндэсний сурын Улсын мэргэн Л.Отгонбаяр хүрэл, ЗМЗ-ын мастер, спортын дэд мастер  Б.Ганзориг хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнийг Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэсэн бөгөөд ирэх жилээс олон улсын нээлттэй тэмцээн болгохоор зорьж байгаа аж. Байт харваагаар хичээллэснээр  хүүхэд залуусын  бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлөхөөс  гадна  анхаарал төвлөрөл сайжирч, зөв төлөвшин хүмүүжүүлэх ач холбогдолтой юм.


Я.ТУЯА

     Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өнгөрсөн наймдугаар сараас 24-р гидроциклоныг угсарч, суурилуулж байна.  Энэ нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалт бүхий төхөөрөмж юм.  Өмнө нь  тус  хэсгийн  өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц  гидроциклон  суурилагдсан.  Долоон гидроциклоноос бүрдсэн нэг багцыг дахин ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх аж. Уг гидроциклоны хяналт удирдлагын системийг тохируулан суурилуулах ажлыг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсэг гүйцэтгэж байна.  Гидроциклоныг энэ  сарын сүүлчээр  хүлээлгэн өгөхөөр  Баяжуулах үйлдвэр  болон Засвар монтажийн цехийн ажилчид шамдан ажиллаж байна.

 

Я.ЭНХ

Эрдэнэт үйлдвэрийн анхан шатны удирдлага мастеруудын мэдлэг ур чадвар, манлайллыг дээшлүүлэх зорилготой “Мастерын манлайлал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн даваа гарагт Монгол улсын Хөдөлмөрийн баатруудтай уулзалт ярилцлага хийлээ. Технологийн сургуулийн хурлын танхимд болсон уг уулзалтад  Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Бямбаа,  Д.Жаргалсайхан нар ажил амьдралын арвин туршлагаасаа хуваалцаж, мастеруудтай халуун дотно яриа өрнүүллээ. Д.Жаргалсайхан баатар тэдэнд хандаж хэлсэн үгэндээ: “Үйлдвэрийн мастер бол агуу сайхан алба. Дайны талбарт бол галын шугаманд  цэргүүдийг удирддаг дарга. Энхийн цагт том бүтээн байгуулалтыг хөдөлгөгч хүчийг чиглүүлэгч. Эрдэнэт үйлдвэрийн зууны манлай бүтээн байгуулалт болтлоо улс орон даяар нэр алдраа түгээхэд мастеруудын гавьяа их байсан. Манай үйлдвэрийн олон захирал, Геологи уул уурхайн яамны сайд асан Д.Цогбаатар гэхчилэн олон эрхэм  мастер хэмээх албаар дамжиж өндөр албан тушаалд хүрсэн түүхтэй. Энэ сайхан үйлдвэрийнхээ чиглүүлэгч хүч нь болсон эрхэм алдрыг дааж яваа  мастерууд та бүхэн өөрийгөө хөгжүүлэн, бусдадаа хүртээмжтэй ажиллаж  амьдраарай”  гэсэн сургаалиа айлдлаа.

 

Я.ЭНХТУЯА

     Эрдэнэт үйлдвэрийн энэ оны 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө амжилттай биелж байна.  Уулын цул гаргалт 102,5 хувь, төлөвлөгөөнөөс 49000 м3 илүү гаргасан.  Нийт хүдэр олборлолт 103,6 хувийн биелэлттэй, төлөвлөгөөнөөс 108 мянган тонн хүдэр олборлосон. Хүдэр боловсруулалт 103,9 хувь, төлөвлөгөөнөөс 100 мянган тонн  хүдэр илүү боловсруулсан.  Хүдэр дэх зэсийн агуулга зэсээр 0,74, молибден 0,187 хувийн биелэлттэй гарлаа. Металл авалт зэсээр 88,81 хувь, молибден 56,23 хувьтай биеллээ. Тайлант хугацаанд  1532 тонн зэсийн баяжмал, 153 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн. Бид Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн гуравдугаар тээрмийг 10-р сарын сүүлчээр сольж хугацаанаас нь 11 хоногийн өмнө ажилд оруулсантай холбоотойгоор ийнхүү хүдэр боловсруулалт 100 мянган тонноор давж биелсэн. Сарын хугацаанд хүдрийн шинж чанар харьцангуй тогтвортой явсан учраас баяжуулалтад ноцтой хүндрэл гараагүй. Өнгөрсөн долоо хоногт жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээ тооцлоо. Уулын цул олборлолтын төлөвлөгөө 12-р сарын 17-нд, хөрс хуулалтын төлөвлөгөө 12-р сарын 12-нд, хүдэр олборлолтын төлөвлөгөө 12-р сарын 20-нд, хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 12-р сарын 24-нд, зэсийн баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө 12-р сарын 22-нд тус тус биелэгдэхээр байна. Молибдений баяжмал гаргалт, металл авалт харьцангуй сайн байгаатай холбоотойгоор 11-р сарын 21-нд 2018 оны молибдений баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг биелүүлсэн. 12-р сарын 24 гэхэд 2018 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт биелэх боломжтой гэж Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.

 

Я.ЭНХ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог