• Орон нутгаас 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

        Эрдэнэт үйлдвэр ХХК нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрлэгч компаниудтай 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Баяжмалын шуудай, ган бөөрөнцөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электродын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. 2016 онд 5,1 тэрбум, 2017 онд 7,7 тэрбум, 2018 онд 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2018 онд 42,5 тэрбум төгрөгийн 244 гэрээ байгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн байна.   У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Геологийн нөөцийг 60 гаруй жил ашиглана

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь анх Монгол, Чехословакийн геологчдын хайгуулын ажлын үр дүнгээс эхлэн өнөөг хүртэл уурхайн ашиглалтын насжилтыг нэмэгдүүлэхээр геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцүүлэн өнөөг  хүртэл гүйцэтгэж байна. Ордын нөөц өсгөх хайгуул, судалгааны ажлыг олон жил үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 2017, 2018 онд геологи хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр хүдрийн баялгийг өсгөж,  ашиглалтын нөөцийг 40 жил, геологийн нөөцийг  60 гаруй жил ашиглах боломжтой боллоо. У.Цэрэн Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын төсвийн орлого нэмэгджээ

        Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн тал хувийг бүрдүүлж, эх орны эдийн засгийн хүнд үед улсаа нуруундаа үүрч явсан түүхтэй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 854,8 сая тонн хүдэр боловсруулжээ. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээнээс харахад улсын болон орон нутгийн төсөвт уурхайчдын төлсөн татварын дүн өссөн байна. Тухайлбал 2016 онд 183,7 тэрбум, 2017 онд 578,6 тэрбум, 2018 онд 654,8 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ. Харин үйлдвэрлэлийн түүхэнд зэсийн металл авалт энэ онуудад хамгийн өндөр хувьд хүрсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын зардлыг нэмэгдүүлэв

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдын цалинг 2017 онд 10%-аар, ажлын үр дүнгийн урамшууллыг 20 %-аар, 2018 онд цалинг дахин 15% хүртэл нэмэгдүүллээ. Үүний хүрээнд сүүлийн гурван жилд 129,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани 2017 онд 60,5 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 24,4 тэрбумаар нэмэгдүүлж 84,9 тэрбум төгрөгт  хүргэсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хуульчид 32,8 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулжээ

         Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ. Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30,3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн 2 хэрэгт  ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4,1 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2,5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлсэн амжилттай ажиллав. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт таван сая ам.доллар, 900 орчим сая  төгрөгийн авлага барагдуулсан байна.      Харуул хамгаалалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, компанийн бүх ажилтнуудад цахим үнэмлэх олгох ажлыг ХМТАЦ-тай хамтран зохион байгуулсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор “Зочин” үнэмлэхийг хэвлүүлж, Үйлчилгээ, аж ахуйн алба, Гэрээт цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн ба гэрээт байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах ажлыг зохион байгуулав. Мөн “Компанийн аюулгүй байдал” сарын аяныг зохион байгуулж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар салбарын харуул, хамгаалалтын бүх  цэгүүдээр хамгаалалтыг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ онд хэрэгжүүлэх үйлдвэрийн ажилчдын автобусны шалган нэвтрүүлэх систем, харуул хамгаалалтын нэгдсэн систем, камерын хяналтын нэгдсэн төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт сувилалд оношилгооны шинэ төхөөрөмжүүд ирлээ

         Эрдэнэт сувилал цогцолборын Дүрс оношилгооны кабинетад  Япон улсад үйлдвэрлэсэн Shimadtsu-Flexavision FD маркийн дижитал рентген аппарат, FUJINON  маркийн улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн аппарат, UUSS-H60  загварын хэт авиан оношилгооны  ЭХО аппарат хүлээн авлаа.      Дижитал рентген аппаратаар толгой, хүзүү, сээр бүсэлхий нугалмууд,  уушиг, зүрх, үе мөчний рентген зураг авах юм. Энэ аппаратын тусламжтайгаар  рентгенээр харах,  ходоод, улаан хоолой хэвлийн хөндийн эрхтэнүүдийн  тодосгогч бодистой рентген  шинжилгээ хийх боломжтой боллоо.        Эхо аппаратаар хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн  эрхтэнүүдийн хэт авиан шинжилгээ, зүрх судас, эмэгтэйчүүдийн оношилгоо хийхээс гадна  шинээр бамбай булчирхай, хөх, үе мөч, булчин шөрмөсийг   үзэж оношилно.      Мөн Лабораторит  цагт 200 шинжилгээ хийх хүчин чадалтай Герман улсын HumaStar-200 маркийн Биохимийн бүрэн автомат анализаторыг суурилуулсан байна.      Ингэснээр  шинжилгээний нэр төрөл олширч, чанар сайжрах төдийгүй шинжилгээний хариу автомат-аар гарах юм. Нүдний кабинетад KOWA VX10 маркийн нүдний дурангийн аппарат шинээр суурилагдсан байна. Уг аппарат нь нүдний уг дурандан оношилж, зургийг нь авдгаараа өмнөхөөсөө давуу талтай юм. Шинэ тоног төхөөрөмжүүдээс ЭХО аппарат ажиллаж эхэлсэн бөгөөд  бусдыг нь ажиллуулахад бэлтгэж, эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж байна. Ийнхүү Эрдэнэт сувилал  цогцолборт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд  ашигласнаар  ажиллагчдын эрүүл мэндийн оношилгоонд дэвшил гарна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Я.ЭНХТУЯА Дэлгэрэнгүй...
  • Ус тунгалагшихад уужирдаг сэтгэл

         Энэ үгийг Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Авирмэдийн Баярсайхан нэгэнтээ хэлсэн. Жинхэнэ хөдөлмөрийн хүн л үүнийг сайн мэднэ.      Дөрвөн арваны тэртээ Увс аймгийн Завхан сумын хүү тухайн үед хэрийн хүн сонирхдоггүй усны мэргэжил эзэмшихээр Унгар улсыг зорьсон нь учиртай. Увс аймгийн Усны аж ахуй удирдах газрын дарга Авирмэдийн гурав дахь хүү ирээдүйд усны мэргэжил монголд эрэлттэй болохыг мэдэрч сонгох нь зүйн хэрэг. А.Баярсайхан гадаад багш нарын хатуу шаардлага, шүүлтийг дөмөгхөн давсаар инженерийн боловсролоор тэргүүлэгч улсын Политехникийн дээд сургуулийг усан хангамжийн ариутгах татуургын инженер мэргэжлээр төгссөн. Хорь гаруйхан настай, өндөр, цэмцгэр залуу тухайн үеийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтэд анх иржээ. Тэрээр үйлдвэрийн харьяа Усан хангамж ариутгах татуургын цехийн шугамын засварчнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Энэ үеэс л багаж хэрэгсэлтэй “нөхөрлөж”, гараасаа салгахгүй хайрлан хямгадаж ашигладаг багаж байнга гялалзаж, их үйлийг хамт бүтээдэг болохыг мэдэрчээ. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимээр тэр удалгүй шугамын мастер, инженер болж,  1995 оноос Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн даргаар даруй 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Хүрдэн болон Элсэн шүүрний, Гүн цэвэрлэгээний байгууламжийг  хүлээн авч, инженер техникийн ажилтнуудынхаа хамтаар тохиргоо үйлчилгээг  гардан хийж ажилд оруулснаар цэвэрлэгээний чанарыг 98 хувьд хүргэж чадсан юм. Монгол улсын хэмжээнд цор ганц бохир усны гүн цэвэрлэгээний байгууламж Эрдэнэт үйлдвэрт бий. Өнөөдөр энэ байгууламжаас байгаль экологид хор аюулгүй цэвэр ус гарч буй нь түүний удирдсан хамт олны хөдөлмөрийн үр шим. А.Баярсайхан цэвэрлэх байгууламжийнхаа өргөтгөл, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн ажлыг санаачилж, тасралтгүй сайжруулалтыг биечлэн манлайлдаг удирдагч.      Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламж боловч Зууны манлай үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хотын бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны ахуйн бохир усыг эднийх цуглуулж, дөрвөн үе шаттай дамжлагаар стандартын хэмжээнд хүртэл нарийн цэвэрлэдэг онцлогтой. Эндээс гарсан усаар Хаягдлын аж ахуйн далангийн усны тэнцлийг тогтворжуулдаг. Хүний өөрийн бохир усыг цэвэршүүлдэг мөн ч буянтай улс гэж бодогдох. Манай Цэвэрлэх байгууламж хоногт 24000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Гэтэл 1990-ээд оны сүүлээр төслийн хүчин чадлаасаа 1,5 дахин их буюу 30 000 гаруй м3 ус хүлээн авч хэт ачаалалтай, аваарын горимд ажилладаг байжээ. Тухайн үеийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг хэсгийн даргынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас, анхаарал болгоомж, арга ажиллагаагаар давж гарсан гэж хамт олон нь бахархан ярих дуртай. Үндсэн тоноглол, ил задгай байгууламжуудыг зогсоож засвар үйлчилгээ хийх боломжгүй тэр үед технологийн горимыг секунт алдахгүй баримтлах чухал. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг А.Баярсайхан өөрийн хэсгийн хамт олонтойгоо зоригтой туулсныг компанийн удирдлагууд одоо ч үнэлдэг. Хэт ачааллын үед “Цаашид Эрдэнэт хот өргөжин тэлнэ, үйлдвэр, аж ахуйн газрууд улам олшрох учраас Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай...”-г ойлгуулж ярьдаг хуруу дарам цөөн хүний нэг нь тэр байлаа. Ийнхүү давхар цэвэрлэгээний дамжлага болох Гүн цэвэрлэгээний байгууламжийг урдаас төлөвлөсөн. Дараа нь Францын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар томоохон өргөтгөл эхлүүлсэн нь одоо дуусах шатандаа явна. Харин хэт ачааллын аваарын горим 2004 оноос дуусгавар болж, хэвийн ажиллагаанд шилжсэн юм. Учир нь орон сууц, албан байгууллагуудыг тоолууржуулах, усны алдагдлыг багасгах янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал буурсан. Одоо эднийх хоногт 18000 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэж байна. Тэрээр “Бохир усыг цэвэрлэх асуудал манай улсын хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Хөгжилтэй оронд бол хөгжлийн дээд түвшинд хүрсэн. Ундны усанд хэрэглэх хэмжээнд хүртэл цэвэрлэж байна. Манайх одоохондоо хөгжлийнхөө шатанд л явна. Харин ч том үйлдвэрийн харьяанд явсаны хүчинд үйл ажиллагаа нь жигд, техник технологийн шинэчлэл цаг хугацаандаа хийгддэг, мэргэжилтэй боловсон хүчингүүдээр хангагддаг, үүнийхээ хүчинд улсын хэмжээнд хэвийн яваа ганц цэвэрлэх байгууламж бол манайх...” гэж ярьсан. Үнэндээ хэвийн жигд ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлсөн, хүчин чармайлт, сэтгэл гаргаж яваа хүн нь өөрөө юм. Үргэлж найдвартай ажиллагаа, хурдтай хэмнэл нэхэж, шинийг эрэлхийлдэг хэсгийн дарга хамгийн сүүлд Сэлэнгэ амралтын баазын цэвэрлэх байгууламжийг Герман улсын “WBS” технологитой бүрэн автомат байгууламжаар  бүтэн шинэчилсэн. Шинэ техник, тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх бол түүний мэргэшсэн ажил. Мөн саяхан Цэвэрлэх байгууламжийн лабораторийн 40 жил ашигласан тоноглол, хэрэгслүүдийг шинэчилснээр бохир усны цэвэрлэгээний шинжилгээг сүүлийн үеийн дэвшилтэт арга зүй, технологиор хийх болсноор үр дүн, чанар дээшилсэн. Ингээд зогсохгүй, лабораторидоо Улсын итгэмжлэл авах санаачилга гарган хөөцөлдсөөр бүтээжээ. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн лабораторийн шинжилгээний дүн Монгол улсын хэмжээнд бүрэн зөвшөөрөгдсөний дээр хүн амын ундны цэвэр усанд шинжилгээ хийх, улмаар бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинжилгээний төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн нь сайн хэрэг.      А.Баярсайханд Эрдэнэтчүүд талархах учиртай. Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад амьдралынхаа туршид асар их хувь нэмэр оруулсан эрхэм. Цэвэрлэгдэн гарч буй бохир усны стандартад хатуу хяналт тогтоож, ус тунгалаг байхын төлөө 33 жилийн амьдралаа бүтэн зориулсан мэргэшсэн инженер. Одоо ч Цэвэрлэх байгууламжийнхаа лагийг үнэргүйжүүлэхэд сэтгэл, оюунаа чилээн судалгаа туршилт явуулсаар, гарц гаргалгаа хайн бэдэрсээр явна. Эндээс гарах усны дусал бүхэн тунгалаг байж, эрэл зөв чигийг олох болтугай. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Уртын дууны шуранхай, ум тарнийн увидастай

             Уртын дуу, сонгодог урлаг, суурь шинжлэх ухааны хөгжлийн орон зай, цаг хугацаанд эрх чөлөө, ардчилал, тэгш эрх оршдог билээ.      Уртын дууны гайхамшиг нь, усны харгиа боргио, уул хавцлын цоор цуурай, исгэрээнээс улбаалан байгаль орчноо аргадах бөөгийн шашны дуудлага, туульсаар өртөөлөн өндөр их уулсын хүрээлэлд үүссэн байх магадлалтай юм. Учир нь тэр их өндөр уулс саръдгийн сансрын салхины эрч, усны хүрхрээн хүчит чимээ анир улмаар цаг уурын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улирлын өөрчлөлтөд хүний сэтгэлийн эгшиг, цахилгаан соронзон долгион болон таталцах хүчээр өдөөгдөж болох учиртай билээ.            Үсэг үсгээр эвлэж үг үүсээд л үг хоорондоо соронзлогдон, шад бадгаар тэгш хэмлэгдэж ид шид шингэсэн дууны яруу найраг төрдөг. Улмаар ширэн цартай, сүүлэн хөвч, хоёр чавхдастай сэтгэл зүрхний хос ховдлыг булгилуулсан морин хуурын амьд эгшигтэй сүлэлдсэн уртын дууны шуранхай амилаад ирэхээр үнэхээр байгаль ертөнцийн уран эгшиглэнтэй, увидастай цэнхэр нүдэн, эмзэгхэн замбуулин хорвоо гэдэг энэ юм шүү дээ гэж төсөөлөгдөн сэтгэлийн таашаал, амгаланг эдлэх. Үнэхээр ч нүдний цөцгий мэт хайрлан, холтолж хэлтлэх нь бүү хэл, хиртээж буртаглаж боломгүй ариун дагшин ертөнц билээ.      Морины гүйх хар  хурданд  уртын дуугаар жигүүрлэн нисэхэд, хүний сэтгэлийн чагтага мултарч, газрын татах хүчнээс хязгааргүй орчлонд  жингүйдэн уусан алдарч, алсран тасраад л уужим сансар огторгуйд хөвөн, алс төгсгөлгүйн хөндлөнгөөс алаг нүдэн дэлхийгээ тольдон   зорчиж амьдрах  нь Монгол хүн болж төрсний  хосгүй хишиг,  хувь заяа юм даа.      Ер нь үлгэр домогт гардаг гуурст хурдан хүлгээрээ монголчууд аль эрт сансарт зорчин нисэж, хөрст цэнхэрхэн дэлхийгээ гаднаас нь ид  шидтэй билгийн нүдээрээ тольдон харж таньчихсан хүмүүс гэлтэй.      Америкийн Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд   аливаа үсэг, үг авианд энергийн эрчим хүч байдаг эсэхийг судлахаар тусгай  дуу дохио авианы маш өндөр нарийн  мэдрэмжтэй багаж зохион бүтээж олон ястны хэлээр хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд  багаж мэдрээгүй гэдэг. Харин Грекийн эртний томъёонууд хэлэхэд дөнгөж мэдрэн үл ялиг  хөдөлж эхэлжээ. Улмаар Буддын сургаалийн  “УМ” тарнийг дуудахад багажны зүү хөдөлж 36 градусыг заасан байна. Үүнээс үүдээд эрдэмтэд энэ хазайлтын өнцгийн хэмжээг эрчим хүчинд шилжүүлж тооцоход сансрын хөлгийг тойрог замд оруулахуйц асар их энерги болохыг баталсан тухай Европын нөлөө бүхий “Асеа” сэтгүүлд бичжээ. 1911 онд сэргээн тунхаглагдсан Монгол улсын төрийн далбааны төгсгөлийн гурван улаан хэлний зулайд Ум, дунд нь Аа, өлмийд нь Хум үсэг заларч  байсан нь ердийн тохиолдол биш дэвшин мандахын агуу бэлгэдэл, сүр хүч байжээ. Ээжүүд үр хүүхэд биднийгээ арцаар ариулахдаа “Умаахан, умаахан, умаахан” гэдэг уншлагын учрыг хожуу хойно л ойлгож байна.      Үүнээс үүдэн шашин номын зүрхэн болон шидэт тарни гэдэг бол ид шидийн эрчим хүчтэй болох нь нэгэнт илэрхий болсон юм. Харин уртын дууны Аяа зээ хө, Ха, Хэ цохилтуудын тэсрэлтийн их хүч бол Ум тарнийхтай дүйцэхүйц эрчимтэй байж болох үндэстэй  юм.      Энергийн эрчмээр илэрхийлэгдсэн уртын дуу, морин хуурын эгшиг, дуучны хоолойн уянга дэлхийн ямарч үндэстэнд орчуулгагүй гэрэлт сэтгэл зүрхэнд нь солонго татан гэгэлзүүлэн дэгэлзүүлдэг онцлогтой.      Уламжлалт морин хуур арьс шир, адууны сүүлээр урлагдсан болохоор  хөгжмийн амьтай зэмсэг болохоор монгол хүний зүрх сэтгэл, адууны үүрсэлт, тэмээний буйлаа шингэсэн нүүдэлчний мэдрэмжтэй байхаас аргагүй юм. Яагаад гэвэл хос чавхдасаас багцлагдан тогтдог боловч хоёр  зуу гаруй хялгаснаас бүрэлддэг гэдэг билээ.      Уртын дуу гэдэг нь үнэн хэрэгтээ гайхамшигт нарийн мэдрэмжтэй  хүмүүсийн чин зүрх сэтгэлээр орон зайд, цаг хугацаагаар ирлэгдэн бодит  амьдралын зовлон жаргалаас л төрж төгөлдөрждөг болохоор  сүнслэг бөгөөд авшигтай юм билээ.      Наран сартай сүлэлдэх үдшийн гэгэлгэн бүрийгээр, өдөртөө сульдсан агаарыг уртын дуугаар уярааж, хаяа дарсан айлуудаас, хангинуулж дөлөөд өнгөрөхөд, хадамд ирсэн шинэхэн бэр санааширч үлддэг л нүүдэлчний нэгэн бодит  амьдралын  зураг.        Дорнын монгол уртын дуу болон Өрнийн сонгодог урлагийн орон зай, цаг хугацааны ертөнцөд л эрх чөлөө, тусгаар тогтнол, жинхэнэ ардчилал оршдог болохоор хүн болгон тэмүүлдэг ч, тэр болгон нь хүрч чаддаггүй хязгааргүй ертөнц билээ. Уртын дууны шуранхай, Ум тарнийн увидас энергийн тодорхой болон тодорхой бус хэлбэрт шилжин хувьсаж, мөнхөд орших эрчмийн үлэмжийн хязгааргүй чанар бөгөөд нарны алтан цацрагтай зүйрлэхүйц ертөнцийн багцалсан лугшилт юм.    Ж.БААТАРХҮҮ Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Орон нутаг

     Өнөөдөр буюу 11 сарын 29-ний өдрийн өглөөний  08:40 цагийн үед Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт гурван ихэр мэндэллээ. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн  Бутлан тээвэрлэх хэсгийн конвейрийн машинч  Бат-Эрдэнийн  Солонго амаржиж, гурван ихэр хүүхдээ өлгийдөн авав. Энэ нь түүний гурав дахь төрөлт бөгөөд 2 охин, 1 хүү төрүүлж, таван хүүхдийн ээж болжээ. Б.Солонгын нөхөр Д.Нямгарав Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинчаар ажилладаг юм байна. Д.Нямгарав, Б.Солонго нар хоёр хүүтэй бөгөөд том хүү Н.Од-Эрхэс нь 2 дугаар ангийн сурагч бол бага хүү Н.Гэрэлт-Од нь  5 настай цэцэрлэгт явдаг аж. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг эмч нар хэллээ.
     Эрдэнэт хотдоо бүл нэмж, аав ээж ах дүүдээ аз жаргал бэлэглэж ирсэн гурван ихэр болон Д.Нямгаравын  гэр бүлд үйлдвэрийн нийт хамт олны  өмнөөс баяр хүргэж, эрүүл энх,  сайн сайхныг хүсэн ерөөе.
 

     Эрдэнэт үйлдвэрийн АТБ-ын анхдагч, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Жанчивдорж  гавьяаныхаа амралтыг эдлэж буй ч гар хумхин зүгээр суусангүй өөрийн бүтээл болох анхны номоо үйлдвэрийнхээ 40 жилийн ойд зориулж хэвлүүллээ.
     Хүн өөрөө түүхийн гэрч, түүх нь өөрөө хүний тухай байдаг гэх бодол уг номын эхний хуудаснаас харахад л бодогдоно. Учир нь манай  үйлдвэрийн АТБ-ын анхдагч, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Жанчивдорж гуай Эрдэнэт хоттой амь амьдралаа холбосон тэр цагаас эхлэн амьдралын баялаг зузаан намтар түүхээ баримт болгон ийнхүү “Өөрийгөө хайрла” хэмээх 100 гаруй шүлгээс бүрдсэн номоо хэвлүүлж уншигч таны гарт хүргэж байна. Бага залуугаасаа шүлэг яруу найраг сонирхон оролдож байсан тэрээр аварга том белаз машины бүхээгнээс буучихаад гэртээ зүгээр суулгүй өөрийн сонирхолыг хөгжлүүлж урьд өмнө нь тэрлэж байсан шүлгүүдээ эмхэтгэхийн сацуу шинэхэн шүлгүүдээ ч тус номонд багтаажээ.
     Түүний шинэхэн бүтээл эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухай, эх орны бүтээн байгуулалтын гайхамшигт түүх, гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж байсан анд нөхдийнх нь гэгээн сайхан дурсамж, насан туршдаа гэргийн сайхан хайр халамжаар дутаагаагүй ханьдаа зориулсан шүлгүүд нь уншигч таньд таалагдах нь гарцаагүй биз ээ.



 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Олон нийттэй харилцах алба болон “Уурхайчин” соёлын ордон хамтран зохион байгуулж буй “Safety first-2017” тэмцээний II шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.  Тэмцээний II шатны шалгаруулалт  хоёр хоногийн хугацаанд үргэлжилсэн юм. “Нэн түрүүнд ХАБ” уриан доор зохион байгуулагддаг уг уралдааны хоёр дугаар шатанд нийт есөн цех нэгжүүд шалгарж үлдсэн юм.
     Засвар механикийн завод, Ил уурхай, Ерөнхий захиргаа нэг хэсэгт багтаж шилдэг тоглолтоо толилуулсан бол Тээвэр ложистикийн алба, Эрдэнэт сувилалын цогцолбор, Цахилгаан цех нэг хэсэгт, Баяжуулах үйлдвэр, Чанар хяналтын хэлтэс, Барилга засварын цех нэг хэсэгт өрсөлдөж авъяас чадвараараа уралдэж  шилдгүүдээ тодрууллаа.
     “Safety first-2017” тэмцээний шагнал гардуулах Гала тоглолтын шилдэг үзүүлбэрүүдийг 2018 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг угтан зохион байгуулах “Нэн түрүүнд ХАБ-2018” Улсын хэмжээний бага хурал дээр толилуулах юм.

 

 

     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн дүн 11 сарын эхний 20 хоногийн байдлаар гарчээ. Энэ хугацаанд хоёроос бусад үзүүлэлтүүд давж биеллээ. Тухайлбал, цаг агаарын байдлаас шалтгаалан уулын цул гаргалт, хөрс хуулалтын үзүүлэлт бага зэрэг тасралттай байгааг Үйлдвэрлэлийн хэлстээс мэдээлэв. Гэвч үлдэж буй хугацаанд дээрх үзүүлэлтийн төлөвлөгөөг нөхөж биелүүлэх боломжтой аж. Мөн Баяжуулах үйлдвэрийн хувьд Нунтаглан баяжуулах хэсгийн 3-р тээрмийн засварын ажил ид өрнөж байна. Энд тээрмийн хуягийг бүрэн солих ажил хийгдэж байгаа бөгөөд хоёрдугаар  тээрмийн конвейрийн редукторыг солих ажил хийгдэж дуусчээ.


 

    

     Эрдэнэт” үйлдвэрт 38 жил тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байсан Төмөр замын цех, Материал техникийн хангамжийн бааз нэгдэн Тээвэр ложистикийн алба нэртэй болж өргөжсөнөөс нь хойш тухтай сурвалжлаагүй юм байна. Өвлийн хүйтэн “тачигнасан ” өдөр эднийхийг зорилоо. Зам засварын хэсгийнхэн төмөр замын ойр орчмын цас цэвэрлэгээндээ гарсан угтав.

 
   Хуучнаар төмөр замын цехийн захиргааны байраар орвол шатны бариулаасаа эхлээд “гял цал”. Вагоны дотрыг санагдуулам бөмбөгөр тааз, нарийн хонгил нь “шил толь”. Интерьер засал нь эгээ уран зургийн галарей мэт. Материал техникийн хангамжийн баазынхантай ханаар тусгаарлан суудаг байснаа сэт цохиод нэгдчихэж. Харин тэр хавь засвар ороод ундуй сундуйхан.



    Нэгдээд ойндоо хүрч буй уг цех ерөнхийдөө хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн зэсийн болон молибдений баяжмалыг илчит тэргэнд ачиж холын замд үддэг.



   Ингэхдээ Улаанбаатар төмөр замын “Эрдэнэт” өртөө, Гаалийн газар, хяналтын байгууллагуудтай өдөр бүр, цаг тутам хамтран ажиллана. Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгээс гарч буй зэсийн баяжмал чанарын хяналтаар түрүүлж ордог юм байна. Тэд хэрхэн яаж ачих, ямар агуулгатайг тодорхойлсны дараа гадны байгууллагуудын хяналт үйлчилгээ тавигдана.



   Төмөр замын хэсгийн ачаа бараа хүлээлцэгч нар гаалийнхантай хамт шалгаад вагонд ачна. Баяжмалын уут болгоныг хэмжиж шалгах жишээтэй. Уутанд гурван тонн баяжмал савладаг, нэг вагонд дунджаар 22-23 уут баяжмал орж харагдсан. Тэгэхээр 70 орчим тонныг нэг илчит тэргэнд илгээдэг байх нь. Хоногт 30-аад вагон зэсийн баяжмал Эрдэнэтээс “хөдөлдөг” гээд бод доо. Үүний дараа вагоныг нийтээр нь “пүүлж” жингээ барьж буй эсэхийг дахин нягтална.



   Ингээд Гаалийнхан бичиг баримтын бүрдэл хийгээд “Эрдэнэт” өртөөнд хүргэдэг. Үндсэндээ дөрвөн удаагийн хяналт шалгалт давж байж энд ирнэ. Харин ч вагоны эргэлтийг түргэтгэх үүднээс хамааралтай гадна, дотнын бүх мэргэжилтнүүд “нэг цэгийн үйлчилгээ”-нд нэгдсэнээр ажил дөмөг бүтэж харагдах. Тооцооны мэргэжилтнүүдийн заншсан ажил нэг мөр болоход зэсийн баяжмал замдаа гарна даа.



   Үүнээс цааш ачаа барааны бүрэн бүтэн байдлыг дэлхий нийтийн жишгийн дагуу зуучлагч компани хариуцдаг. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн сүүлийн шат дамжлага болсон энэ цехийн ажлын хариуцлага өндөр.



   Тээвэр ложистикийн албаныхны бас нэгэн чухал үүрэг нь гаднаас ирсэн ачаа барааг хүлээн авч есөн том агуулахад ангилан хадгалж түгээх. “Эрдэнэт” үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, бараа материалын агуулахын үлдэгдэлд Монгол даяараа “нүд унаж” илүү хардаг гэхэд хилсдэхгүй. Угтаа үлдэгдлийн мөнгөн дүнг сонсоод тэр. Оны эхэнд 114 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байсан бол өнөөдөр 100-аад тэрбум болж буурчээ. Уул уурхайн хүнд үйлдвэрийн технологийн гол тоног төхөөрөмжийн нэг эд анги л гэхэд хэдэн зуун саяын үнэтэй байх нь бий. Белазын зөвхөн нэг дугуй нь 50 гаруй сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн нэн чухал нь нөөц сэлбэг хэрэгсэл, бараа материал. Харин техник технологийн шинэчлэлийн үр дүнгээр дахин ашиглагдахгүй болсон бараа материалыг компанийн вэб сайтад зурагтай нь монголчлон танилцуулж худалддаг. Нээлттэй хаалганы өдөрлөг хэд хэдэн удаа зохион байгуулснаар түрүү жил нэг тэрбум гаруй, энэ жил 215 сая төгрөгийн борлуулалт хийжээ.



   “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хувьд бүсээ чангалсан байдалтай байгаа ч энэ зүгт бүтээн байгуулалтын ажил нилээд хийгдэж буй нь онцлог байв. Гадна өнгөө шинэчлээд, эвдэрсэн зам талбайгаа засуулаад авсан байна. Зургадугаар агуулахын шалыг тэгшилж цементлээд резинэн будгаар будаж байхтай таарлаа. Нефть бааз дизелийн түлш хүлээж авдаг технологийн схемээ өөрчилж хүчин чадлаа сайжруулж байна. Мөн газар доор байрладаг түлш агуулах савуудад аваарын дохиоллын төхөөрөмж суурилуулж байх юм. Аюулгүй байдлыг хангах ажил үүгээр зогсохгүй, өвс ургадаг гадна талбайг цементлэх ажил ид үргэлжилж байна. Өвөл болохоор ажил ундарч, удааширч буй нь харамсалтай.   


 
     Энэ албаны дарга С.Мөнхтэгш гэж “Эрдэнэт” үйлдвэрт, ган замчидтайгаа эдүгээ 36 жил тасралтгүй ажиллаж буй эрхэм аанай л янзаараа инээвхийлэн угтсан. Туслах машинчаас эхлээд мужаан, слесарь гээд түүнд хийгээгүй ажил энэ цехэд үгүй. Даргын албыг сүүлийн 20 гаруй жил хашиж буй нь нэгийг өгүүлнэ. Түүний амьдрал бүхэлдээ “Төмөр замын цех”-ийн түүх юм.



   Тэрээр ажлын байрны тав тух, гоо зүй, эрүүл ахуйг чухалчилдаг нь хэзээнээс анзаарагддаг. Эднийх ажиллагсдадаа цайны цагаар дасгал хөдөлгөөн хийх нөхцөлөөр хангаж фитнес өрөө тохижуулсныг үзлээ. Хувцас солих өрөөнд засвар хийж, 200 хүний хурлын танхим байгуулжээ. Энэ мэт үйлдвэрийнхээ 40 жилийн ойг 40 бүтээлч ажлаар бэлэг барьж угтахаар хичээн ажиллаж буй тус хамт олон ололт амжилт арвин 2017 оныг үдэж байна.



   Тэндээс сэтгүүлчийн хувьд “олз” дүүрэн гарахад Зам засварын хэсгийнхэн маань цасны будраан дунд ган замаа тааваараа цэвэрлэсээр байлаа. Бригадын дарга Д.Бямбацогтын дэргэд хэсэг саатахад тэрээр “Илчит тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачаа тээврийг саадгүй, цаг хугацаанд нь буулгахын төлөө бид өдөр бүр замаа тэгшилж, засч ажилладаг. Өвөл төмөр замын царигийг хэмжээнд нь байлгахын төлөө өндөр намыг үргэлж тэнцүүлнэ. Манайх хагас автомат тоноглолтой. Зам автоматаар шилждэг учраас цэвэр байх ёстой. Бас гар сумаар эргүүлж нэг замаас нөгөө рүү шилжүүлдэг. Тэгэхээр зам мөн л цэвэр саадгүй байх учиртай. Гарам ч ялгаагүй” гэж ярьсан. Энэ цаг мөчид агуулахын хашааны үүдэнд зогсоо цагдаа мөн ч сүртэй харагдсан. Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхондоо улам их амжилт хүсье.

М.ОДГЭРЭЛ

     Тээвэр ложистикийн албаны Нефть бааз дизелийн түлш хүлээж авдаг технологийн схемээ өөрчилж хүчин чадлаа сайжрууллаа. Түлшний вагоноос газар дээрх 1000 м3, 2000 м3-ын багтаамжтай савуудад дизель түлш татахын тулд эхлээд газар доорх савнуудад буулгаад тэндээсээ дээш шахдаг байжээ. Энд нийт дөрвөн цаг илүү хугацаа зарцуулна. Үүнээс гадна газар доорх савнууд халих  эрсдэлтэй байжээ. Харин одоо технологийн схемийн өөрчлөлт хийснээр түлшний вагоноос ил том савууд руу шууд шахах нөхцөл бүрдэв. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, шат дамжлагагүй цаг хэмнэх болжээ. Өөрөөр хэлбэл нэг насос цагт 30 м3 түлш шахдаг байсан бол одоо 100 м3-ыг шахаж байна. Вагоноос дизель түлш татах ажил дөрвөн цаг гаруй хугацаа шаарддаг байсан бол ердөө хоёр цагт амждаг болов. Ингэснээр цахилгаан эрчим хүч ч хэмнэгдэх юм. Технологийн схем өөрчлөх ажлыг “РСЦ”-ийн туслан гүйцэтгэгч “Богц трейд” компани хийжээ.
     Түүнээс гадна газар доор байрладаг, халих аюултай 75 м3-ын багтаамжтай А80 бензин, дизель түлш агуулах нийт 10 саванд аваарын дохиоллын төхөөрөмж суурилууллаа. Уг төхөөрөмж нь саванд түлш татагдсанаар тодорхой түвшинд хүрэхээр дохио өгч мэдээлэх аж. Энэ ажлыг “Булган гэрэгэ” компани гүйцэтгэж байна.

М.ОДГЭРЭЛ

Машин үйлдвэрлэгчдийн баяр,  Механик цехийн 40 жилийн ойг тохиолдуулан Засвар механикийн заводын гүүрэн кранчдын дунд ажил мэргэжлийн уралдаан боллоо. Уралдаанд  10 залуу кранч   ур чадвар, онолын мэдлэгээ сорьсноос нэгдүгээр байрт  Механик цехийн  Б.Болд-Эрдэнэ шалгарч,   Цутгуурын цехийн Б.Ням-Эрдэнэ, Г.Аззаяа нар удаах байруудыг  эзлэв. Кранчдын ур чадварыг  бортгонд ачаа хийх, хонгилоор ачаа тээвэрлэх, шон сүлжих, тэмдэгт байн дээр ачаа байрлуулж  сорьсон бол онолын мэдлэгийг тестээр шалгав.  Уралдааны эхний байруудад шалгарсан кранчдыг  ЗМЗ-ын өөрийн бүтээгдэхүүн болох Зэс өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Тэмцээний шүүгчээр Цутгуурын цехийн механикч С.Эрдэнэт-Алтай, Механик цехийн ахлах механикч  С.Буяндэлгэр, механикч  П.Бүрэнцогт, Засвар угсралтын хэсгийн дарга Н.Мэндбаяр нар ажиллалаа.

 

М.ОДГЭРЭЛ

Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг Улаанбаатар хотод 12-р сарын 25-нд тэмдэглэнэ. Энэхүү түүхэн ойд зориулсан Урлаг соёлын үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэр голлон зохион байгуулах юм. Энэ үйл ажиллагааны бэлтгэл  хэрхэн хангагдаж  буй талаар “Уурхайчин” соёлын ордны захирал Г.Буянжаргалаас тодрууллаа.



Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг “Эрдэнэт” үйлдвэр хариуцан зохион байгуулна. Энэхүү тоглолтод уул уурхайн бусад компаниас уран сайханчид оролцох уу?
Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, орлогчоор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажиллаж байна. Энэ түүхэн ойн баярын хуралд зориулсан  Хүндэтгэлийн концертыг “Эрдэнэт” үйлдвэр хариуцаж зохион байгуулна. Уурхайчин соёлын ордны дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайханчид, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн томоохон компаниудын ардын авьяастнуудын төлөөлөл оролцсон 110 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болно. “Эрдэнэт” үйлдвэрээс  90, бусад уул уурхайн компаниудаас  20 хүн оролцох юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам,  “Уурхайчин” соёлын ордны захиргаа хамтран энэ сарын эхээр уул уурхайн компаниудын уран сайханчдаас хүндэтгэлийн концертод  оролцох  ардын 20 авьяастанг шалгаруулж авсан. Эдгээр авьяастнууд ирэх сарын 17-22-нд  “Уурхайчин” соёлын ордонд бэлтгэл сургуулилт хийнэ. Мөн баярын хурал,  хүндэтгэлийн концертын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  хүндэтгэлийн зоог барих юм. Энэ үйл ажиллагааны урлаг уран сайхны тоглолтыг мөн манайх хариуцна.

Хүндэтгэлийн концертын агуулга ямар байх вэ?
Монгол улсад уул уурхайн салбар үүссэнээс эхлэн түүхийн ямар үе шатыг дамжиж, өнөөгийн хөгжил дэвшилд хүрснийг урлаг уран сайхны өгүүлэмжээр харуулах юм.  Геологичдын тогтоосон нөөцийг үндэслэн 1922 оны 12-р сарын 25-нд  анх Налайхын нүүрсийг олборлон ашиглаж эхэлсэн байдаг. Түүхийн энэ хуудаснаас уул уурхайн салбарын хөгжил эхэлдэг. Концертын  эхний хэсэгт  Налайхын уурхайн их нөөцийг хайгуулчид  хэрхэн  илрүүлсэн талаар өгүүлэх “Хайгуулчдын гал” дуу, яруу найргийн  зохиомж, хоёрдугаар хэсэгт “Уул уурхайн анхны олборлолт” дуу бүжгийн зохиомж, гурав дахь хэсэгт  “Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн түүчээ” дуу хөгжим, бүжиг, яруу найргийн зохиомж, дөрөв дэх хэсэгт  уул уурхайн томоохон компаниудын уурхайчдын мэндчилгээ, төгсгөлд нь “Монголын уул уурхай-95” дуу бүжгийн зохиомж байх юм.

Мэдээж урлагийн тоглолтын бэлтгэлээ базаасан байх. Хүндэтгэлийн концертод зориулан өөр ямар ажил хийж байна вэ?
Тиймээ. Бэлтгэл ажлын хүрээнд нилээд ажил хийж байна. Юуны өмнө энэ түүхт ойн  концертын бүрэлдэхүүний хувцсыг хийж байна. Үүнийг манай үндсэн болон гэрээт оёдолчид, Эрдсүлж компанийнхан урлаж байгаа. Мөн  уран бүтээлч, уран сайханчдын гутал, малгай зэргийг театр чуулгуудын хувцас үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авч байна.  Ер нь  энэ үеэр бид урлагийн хувцсыг бүрэн шинэчлэх зорилттой ажиллаж байна. Урлагийн тоглолтын тайз, техник тоног төхөөрөмжийн  бэлтгэлийг хангаж байна.  

Хүндэтгэлийн концерт хаана болох вэ?
“The Corporate Hotel and Convention Centre”компанийн зочид буудлын цогцолборт байрлах концертын их танхимд болно. Энэ танхим 1000 хүний суудалтай, 500 м2 тайзтай, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь дуу дүрсний хамгийн сүүлийн үеийн  дэвшилтэт  технологитой юм.

Техник тоног төхөөрөмжийн  бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
Хүндэтгэлийн концертын бэлтгэл хангах ажлын хэсэг саяхан Улаанбаатар хотод ажиллаж, концертын  танхимын тайз, дуу шум гэрэлтүүлгийн техник хэрэгслийг хэрхэн ашиглахтай танилцлаа. Урлагийн тоглолтын үед Лед дэлгэцээр гаргах уул уурхайн  салбарын  хөгжлийг харуулсан дүрсийг  дуу дүрсний орчин үеийн  технологи руу хөрвүүлэх ажил хийх  шаардлагатай гэж   мэргэжлийн хүмүүс  үзсэн. Тайзны зураач  хэмжилт авч, схем зургийн ерөнхий чиглэлийг  гаргасан. ХМТАЦ-ийн  инженерүүд  энэ танхимын  лед дэлгэцийг тоглолтод  хэрхэн ашиглах талаарх мэдээлэл авч бэлтгэл ажил хангахаар ажиллаж байна.  Мөн урлагийн тоглолт болох  үеийн  хөдөлмөрийн аюулгүй байдлыг  хэрхэн хангах чиглэлээр манай үйлдвэрийн болон тус компанийн ХАБ-ын мэргэжилтнүүд зөвшилцлөө.



Я.ЭНХ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбоо 2017 оны ажлын төлөвлөгөөний дагуу уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох, өөрсдийн ажил мэргэжил ур чадварын талаар танилцуулга хийх, Монголын Залуучуудын Холбоо, чиглэлийн Залуучуудын зөвлөлтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зорилготойгоор өнгөрсөн долоо хоногт Монголын Залуучуудын холбоо, Улаанбаатар төмөр замын Залуучуудын байгууллага, Дулааны цахилгаан станц- IV ТӨХК, Доншинг компани гэсэн маршрутаар “Уурхайчин залуус-2017 нөхөрсөг уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ уулзалтад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, хэсгийн төлөөлөл болох шилдэг 14 залуу оролцов. Тэд Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцан Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Билгүтэй, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ө.Шинэхүү нартай уулзаж санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ны Залуучуудын холбооны гишүүдтэй уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, Улаанбаатар Төмөр замын Залуучуудын байгууллагатай олон талт хамтын үйл ажиллагааг эхлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар санал солилцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Мөн Дорноговь аймгийн Залуучуудын холбоотой  хамтран Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд Доншинг нефтийн үйлдвэрийн ажил байдалтай танилцаж, туршлага судаллаа.


Б.ЧУЛУУН