Өглөөний сэргээш

Эрдэнэт үйлдвэрийн ажилтны ажлын хувцасны загвар болон өнгө шинэчлэгдэж, бүх ажилтан ажлын ижил өнгийн хувцсаар хангагдах боллоо. Өмнө нь инженер техникийн ажилтан болон ажилчдын ажлын хувцасны өнгө өөр байсан бол шинэ батлагдсан загвараар ижил өнгөтэй байна гэж албаны хүн онцлов.

Ажиллагсдын хувцасны өнгө, загварыг орчин үеийн уул уурхайн үйлдвэрүүдийн нормын хувцасны жишиг загварт нийцүүлж, ижил улбар шар өнгийн дэвсгэр дээр суурилан шинэчлэхийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Оёдлын цех хамтран санаачилсан байна. Үйлдвэрийн удирдлага уг санаачилгыг дэмжсэнээр бүх ажилтан шинэ загварын ажлын хувцсаар жигдрэх болжээ. Шинэ өнгө, загварын ажлын хувцсыг нөөц материалаа ашиглан, энэ улирлаас оёж эхэлнэ гэж Оёдлын цехийн технологич инженер П.Золзаяа ярив. Тус цехийн зөөлөн оёдлын хэсэг 35 оёдолчинтой, сард 800-1000 ширхэг хос хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд Баяжуулах үйлдвэрийн хамт олон хоёр төрлийн төхөөрөмж бүтээж, оролцож буйгаа танилцуулав. Тус цехийн ХАБЭА хариуцсан ажилтнууд, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бичил осол, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд ноцтой эрсдэлийн хяналтын хуудсыг ажилчдад танилцуулж, болзошгүй аюулын сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, 1978 оноос хойш цехийн хэмжээнд тохиолдсон  үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судалсан байна. Судалгаагаар ослын  гол шалтгаан нь хүндийн хүчний үйлчлэл болон механик хүчин зүйлийн нөлөөллөөс ажилчин гэмтэж, бэртдэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн эргэлдэх машин механизмын завсар орооцолдож, хавчуулагдах эрсдэлийн тоо цөөнгүй байв.  Иймээс судалгааны үр дүнд үндэслэн, дээрх  нөлөөнөөс үүдэх осол гэмтлийг урьдчилан мэдрүүлж, болзошгүй аюулыг бодитойгоор таниулан сэргийлэхэд  зориулагдсан хоёр төрлийн үзүүлэн, төхөөрөмж бүтээсэн гэж Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Д.Бат-Эрдэнэ ярилаа.  

Баяжуулах үйлдвэрийн хувьд туузан дамжуулах буюу эргэлдэх механизм бүхий тоног төхөөрөмж ихэвчлэн ашигладаг онцлогтой. Туузан дамжуулгад орооцолдох, түүний нөлөөллөөр гэмтэж бэртэх тохиолдлын үеэр хүний гар болон хөл илүү өртдөг байна. Тиймээс ийм эрсдэлээс хамгаалахын тулд эргэлдэх машин механизмтай ажиллах үед   хамгийн түрүүнд аюултай энергийн эх үүсвэрийг тусгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, конвейер, тээрэм гэх зэрэг тоног төхөөрөмжийн эргэлдэх хэсгийг хөдөлгөөнд орох боломжгүй болгон тусгаарлах юм. Энэ үйл явцыг тусгаарлалтын журмаар зохицуулж эхэлсэн байна. Ингэснээр эргэлдэх хэсгийн болзошгүй аюулыг таслан зогсоох боломж бүрджээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Лхагва, 13 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 13

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 134 дэх өдөр. Он дуусахад 231 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +8 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 6-9 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 13. Буд гараг. Билгийн тооллын 21. Улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Замд явах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бэрийн үйлд муу болой. Өдрийн сайн цаг нь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Холзамд явах хүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин тусах муу. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5234 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2792, евро 3025, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1997 оны 05 дугаар сар

  • Орхон аймгийн Холбооны газарт EWSD тоон автомат телефон станц ашиглалтад орж, хотын доторх кабель шугамын байгууламжийг шинэчлэх ажлыг Францын Алкател компани гүйцэтгэжээ.

2001 оны 05 дугаар сар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын “Зарубежцветмет” нэгдлийн Ерөнхий захирал А.С.Ладыгог “Алтан гадас” одонгоор, мөн нэгдлийн ажилтан А.А.Кирьяновыг “Найрамдал” медалиар тус тус шагнажээ.

2002 оны 05 дугаар сар

  • Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо Хууль зүйн яаманд бүртгүүлэв.
  •  
  • Эрдэнэт үйлдвэрийн харьяанд Орон сууцны цехийг байгуулж, бүрэлдэхүүнд нь хувьчлагдаагүй үлдсэн орон сууцууд, хүлэмж, “Энэрэл” төвийг нэгтгэв.
 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог