• Нийгмийн цехүүд өвөл цагийн үйл ажиллагаагаа нээлээ

         Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн 11 цех, нэгж өвөл цагийн үйл ажиллагааны нээлтээ өнгөрсөн амралтын өдрөөр А.Амарын талбайд зохион байгууллаа. Нээлтэд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат нар хүрэлцэн ирж, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг сонирхлоо. Цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчдын урлагийн тоглолт, орос дэлгүүрийн амталгаат худалдаа, Оёдлын цехийн загварын үзүүлбэр, Эмнэлэг сувиллын цогцолборын эмч нарын үзлэг, зөвлөгөө, Энэрэлийн хүүхдүүдийн гар урлалын бүтээл, Хүлэмжийн эко ногоо, тарьц суулгацын үзэсгэлэн, Технологийн сургуулийн сургалтын талаарх мэдээлэл, Соёл урлагийн болон Спорт цогцолборын дугуйлан, секцийн бүртгэл гээд нийгмийн чиглэлээр иргэд, олон нийтэд хүргэх бүхий л үйлчилгээгээ Эрдэнэт үйлдвэр дэлгэн харуулсан нь энэ байлаа. Нийгмийн цехүүдийн хийж хэрэгжүүлдэг ажлын нэгээхэн хэсгээс хүргэхээр энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.          Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.ӨНӨБАТ: Нийгэмд хэрэгцээтэй дэмжлэг, тусламж юу байгааг илрүүлэхийг зорьлоо        - Өвөл цагийн үйл ажиллагааны нээлт сайхан боллоо. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагыг үүрч ирсэн. Ингэхдээ зөвхөн өөрийн ажиллагсад бус Эрдэнэт хотын соёл, спорт, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн бүх салбарт үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг байсан. Эрдэнэт үйлдвэр энэ онд Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Улмаар ажиллагсдын нийгмийн асуудалд илүүтэй анхаарч, Нийгмийн харилцааны хэлтсийг байгууллаа. Хэлтэс байгуулагдаад удаагүй ч нийгмийн цехүүдийнхээ үйл ажиллагааг сурталчилах, нийгмийн хэрэгцээтэй дэмжлэг тусламж юу байгааг олж илрүүлэх, түүнийг хийх боломжийг судлах зорилгоор анх удаа өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгууллаа.  Соёл, урлагийн цогцолборын орлогч дарга Х.ҮНЭНЗОРИГ: Уран сайханчид маань “Алтан намар” тоглолтоор бэлэг барьлаа        - Соёлын байгууллага ямар онцлогоо харуулж байна вэ?    - Нийгмийн цехүүдийн өвөл цагийн үйл ажиллагааны нээлтийг Нийгмийн харилцааны хэлтэс санаачлан, зохион байгуулалтыг Соёл, урлагийн цогцолбор хариуцан ажиллалаа. Уран бүтээлчид маань “Алтан намар” тоглолтоо толилуулж, соёлын үйл ажиллагааны нэг хэсэг болсон нийтийн бүжгийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлууд зохион байгууллаа. Нийтийн бүжиг нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд ихээхэн ач тустай. Уран бүтээлчдийн амжилтын нэгээхэн хэсэг болдог уран бүтээлийн цомог, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хийгдсэн урлагийн ном, товхимол, тоглолтын сурталчилгааны  хуудас зэргийг Орхончууд, хүүхэд залуучууддаа зориулан дэлгэлээ. Соёл, урлагийн цогцолбор Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулга, Соёл, чөлөөт цагийн сектор, Техник үйлчилгээний алба, Захиргаа гэсэн бүтэцтэй ажилладаг. Өнөөдрийн үйл ажиллагаанд 86 ажилтан маань 100 хувь хамрагдсан. Өдөрлөгийнхөө зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр ирэх жил илүү санаачлагатай ажиллах болно.      Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.ТУЯА:  Үйлдвэрийн хэмжээнд үйлчилгээний стандарт нэвтрүүлнэ        - Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлынхаа мэдээллээс хуваалцана уу?    - Нээлтийн үйл ажиллагаанд манай цех 105 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Бид ажлаа сурталчилах хэрэгтэйг эндээс харж, дүгнэлээ. Манай хамт олон сүүлийн гурван жил үйлдвэр, хотын орчныг ойртуулах талаар томоохон зорилт дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлсэн. Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд үйлчилгээний стандарт нэвтрүүлэхээр төлөвлөн, батлах шатандаа ажиллаж байна. Стандартын хэрэгжилтийг нийгмийн цехүүдээс эхэлнэ. Ингэхдээ 10 цехийн хооронд үйлчилгээний ажилчдаа солилцох журмаар зохион байгуулна. Олон арга хэмжээ төлөвлөсөн. Гар бөмбөгийн болон мэргэжлийн ур чадварын тэмцээнийг ирэх 10 дугаар сарын эхээр зохион байгуулна.        - Уул уурхайн компанийн үйлчилгээнд нэвтрэх шинэ стандарт боловсруулахад багагүй хугацаа зарцуулав уу?    - 2016 оноос энэ ажил эхэлсэн. Засгийн газрын Нийтлэг үйлчилгээний албатай сүүлийн гурван жил хамтран ажиллалаа. Үйлчилгээний стандартыг үйлдвэрийн хэмжээнд хөрвүүлэх чиглэлээр боловсруулсан. Энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье. Нийгмийн цехүүдтэйгээ гар нийлэн ажиллаж, хамтдаа хөгжих болно.        И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагчид тэтгэврээ хөнгөлөлттэй нөхцлөөр эдлэх боломжтой боллоо

       Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн хүнд хортой нөхцөлд ажиллагсдын хувьд нэн чухал, асар хүлээлттэй байсан асуудал нь шийдвэрлэгдлээ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч, насосны машинч, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчдын ажлын нөхцлийг хөдөлмөрийн хүнд, халуун, хортой ангилалд оруулснаар хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоогдохоор болж байна.    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уурхайчидтай уулзах үеэр ажилчид дээрхи асуудлаар санал, хүсэлтээ хэлж, сүүлийн 10 орчим жил төр засагт хандсан ч шийдвэрлүүлж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий захирал ажилчдын санал хүсэлтийг газар дээр нь хурдан шуурхай шийдвэрлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзалтын танхимаас шууд ярилцаж, улмаар дээрх асуудал биелэх боломжтой болсныг дуулгасан юм.     Салбарын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулсанаар ийнхүү баталгаажиж байна. Тодруулбал, уг жагсаалтын “хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 1 дэх хэсэгт “Илчит тэрэгний түлш шүүрийн цехийн засварчин”, 27 дахь хэсэгт “Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч, нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинч, нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин” гэсэн ажил мэргэжлийг дээрх ангилалд шинээр нэмж оруулжээ. Уул уурхай,  хүнд үйлдвэрийн салбарт ажиллагсдад нэн чухал уг шийдвэрийг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг баталгаажуулж хэлсэн нь уурхайчдын талархлыг хүлээв.      Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн голлох ажил мэргэжилд тооцогдох дээрх мэргэжлүүд  энэхүү ангилалд орсноор хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох эрх уурхайчдад нээгдэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар ийм нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагч нар 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гарах юм.  Өөрөөр хэлбэл, ердийн нөхцөлөөр эмэгтэй даатгуулагч 55 настай тогтоолгож байхад 4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эмэгтэй 50 насандаа, харин халуун, хортой нөхцөлд ажилладаг бол өөрөө хүсвэл 45 насандаа тэтгэврээ тогтоолгох боломжтой юм. Энэ нь ердийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг. Мөн л эрэгтэй даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг 5-10 жилийн өмнө тогтоолгох эрхтэй болж байна.   М.Балжинням         Дэлгэрэнгүй...
  • Уурхайчид 9 сарын эхний 20 хоногт 2161 мянган тонн хүдэр олборложээ

       Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын 9 сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт гарсан байна. Сарын эхний 20 хоногт уурхайчид 1460.60 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөгөө 107.8 хувиар биелүүллээ. Түүнчлэн 612.79 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөний биелэлт 108.8 хувьтай, хүдэр олборлолтын гүйцэтгэл 2161.92 мянган тонн буюу 107.1 хувьтай гарчээ.     Баяжуулагчид энэ хугацаанд 1820.07 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 103.5 хувиар биелүүлсэн байна. 9 сарын эхний 20 хоногийн байдлаар хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.441 хувь, молибденых 0.018 хувь байв. Төлөвлөгөөний биелэлт 94.0-113 хувийн дүнтэй байна.    Металл авалтын төлөвлөгөө 100-106.7 хувиар биеллээ. Тодруулбал, зэсийн металл авалт 88.32 хувь, молибдены металл авалт 51.77 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжмал дахь зэсийн агуулга 22.56 хувь буюу 101 хувиар, молибдены агуулга 49.70 хувь буюу 103.5 хувиар тус тус биелсэн дүнтэй байна. Энэ хугацаанд 32395.17 тонн зэсийн баяжмал, 383.97 тонн молибдены баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 101-103.5 хувиар биелжээ.    М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

       Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр энэ сарын 22-ны өдөр Орхон аймагт ажиллаж буй бөгөөд ажлын айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрээр орж, уурхайчдын төлөөлөлтэй уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний удирдлагын багийнхан хүлээн авч, ажлаа танилцууллаа.     “Эрдэнэт үйлдвэр сүүлийн гурван жилд Ил уурхайн гүнд болон ойр орчимд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд цаашид 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Анх уг ордыг илрүүлэхдээ дунджаар 300 метрийн гүнд өрөмдөж байсан бол сүүлийн жилүүдэд бид хамгийн гүн цооногт 1,3 км-ийн  өрөмдлөг хийж, хүдрийн нөөц байгааг илрүүлсэн. Нөөц баялагийг өсгөх бодлого хэрэгжүүлэхдээ бид  уурхайг тэлэх зорилго тавьж,  60 орчим километрийн радиуст хайгуулын ажлыг хийж байна. Ашиглалтын эхэн үетэй харьцуулахад өнөөдөр хүдэр дэх металлын агуулга 2 дахин буурч, уул геологийн нөхцөл хүндэрч байгаа. Үүнийг манай хамт олон технологийн сайжруулалт,  уулын ажлын зөв горимоор үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулан ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд барьж ажилласнаар уурхайн тогтвортой ажиллах үндсийг хангаж байна. Өртөг зардлаа бууруулахын тулд агаарын тандалтыг ч мөн хийж байгаа. Энэ бүхний үр дүнд Эрдэнэтийн орд газрын  баялаг наанадаж 60 жилийн нөөцтэйг тогтоож,   үйлдвэрийнхээ  насжилтыг 20 жилээр уртасгаад байна” гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн “амин чухал” асуудлаас Ерөнхий сайдад мэдээлэл өгөв. Эрдэнэт үйлдвэрийн  Ил уурхай жилд 36 сая тонн хүдэр олборлож байна. Өнөөдрийн байдлаар үүний 31.5 сая тонн нь Баяжуулах үйлдвэрт уламжлалт буюу флотацийн аргаар боловсруулагдаж байна. Үлдсэн хэсэг нь исэлдсэн хүдэр буюу ядуу агуулгатай тусгай овоолгод хадгалдаг. Эдгээрийг цаашид оновчтой, үр ашигтай технологиор боловсруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг ч тэрээр ярилаа.     Уулын ажлын төлөвлөлтөөс эхлээд уурхайн бүх үйл явцыг хянах зориулалттай Питрам удирдлагын системийг Эрдэнэт үйлдвэр 2017 оноос эхлэн нэвтрүүлсэн. Олборлож буй хүдрийн агуулгыг тогтвортой байлгахад гол үүрэгтэй энэхүү хяналтын системийг нэвтрүүлсэн гурван компани дэлхийн хэмжээнд байдгийн нэг нь Эрдэнэт үйлдвэр юм. Техник технологийн шинэчлэлийг орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн дадлага, туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг үйлдвэрлэлийн бүх шатанд тогтвортой ажиллуулах бодлого чиглэлээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр  танилцуулж, энэхүү боломжоор ханган ажиллаж байгаа одоогийн Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илэрхийллээ.      Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгөв      Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ил уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Баяжуулах үйлдвэрээр орж, үйлдвэрлэлийн цехийн өргөтгөлийн өнөөгийн байдлыг үзэж сонирхов. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах цехийн өргөтгөлийн анхны ээлж 1989 онд 5.5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн бол 2015 онд 6 сая тонноор хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж ашиглалтад оруулжээ. Уг өргөтгөлийг хийснээр өнөөдрийг хүртэл Баяжуулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний жигд ажиллагааг хангаж байна. Цаашид дахин ийм өргөтгөл барьж, ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэлдээ дурьдлаа. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, технологийн шинэчлэлийн  төслийг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ хөдөлмөр зохион байгуулалтын нарийн горим, цагийн балансыг нягт тооцоолсны үндсэн дээр хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж буй  бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй ажиллах нь бидний үндсэн зорилтын нэг гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд байрлах Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонссон. Энд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд гурван жил хүртэл хугацаа шаардагдаж буй, санхүү хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэх гарцаа  хамтдаа ярилцаж, судалж олсон гээд өнөөгийн үйл ажиллагаа, ахиц дэвшил, ололт амжилтын талаар тодорхой мэдээлэв. Түүнчлэн сүүлийн 20 жилийн турш  “толгойн өвчин” гэж нэрлэгдсээр ирсэн цагаан тоосыг дарах ажлыг эрчимтэй хийж буй, хэдийгээр хүндрэл бэрхшээл ихтэй ч энэ асуудлыг ирэх жил бүрэн шийдвэрлэх боломж нээгдсэнийг ч  дурьдсан.      Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Эрдэнэт үйлдвэрийн  үйл ажиллагаатай танилцаж буй Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжилж байна. Бид өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан. Тиймээс одоогийн байдлаар Засгийн газарт тавьж шийдүүлэх асуудалгүй. Монгол Улсын Засгийн газраас бидний хийх ажил, зорилтыг тов тодорхой болгож, тогтоол шийдвэр баталж өгсөн. Одоо бид зөвхөн хамтын хүчээр хийж бүтээх ажил үлдэж байна. Манай үйлдвэр 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй. Цаашид бид үйлдвэрлэл болон эдийн засгийн өнөөгийн түвшинг бууруулахгүй байхын төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны эхний 8 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн нь эдийн засгийн үзүүлэлтэнд ч эерэгээр нөлөөлж байгаа юм. Оны эхний 8 сард Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Оны төгсгөлд энэ тоо 790 тэрбумд хүрэх боломж бүрджээ.     Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээллийг сонссоны  дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрийн хамт олон, уурхайчдын ажил үйлсэд сайн үнэлгээ өгч, “Засгийн газраас ямар нэг зүйл хүсэхгүй өөрсдөө бүгдийг хийх бүрэн боломж байна” гэдэгт сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Мөн Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, улс орон нутгийн төсөвт бүрдүүлдэг хувь нэмрээ жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй нийт ажилтан, уурхайчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.                                    М.Балжинням Фото Н.Батсүх Дэлгэрэнгүй...
  • “Алтан бамбай” тэмцээнийг “Хүч” баг тэргүүллээ

       Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Аврах, гал унтраах 58 дугаар ангиас санаачлан зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Эрдэнэт үйлдвэрийн 21 цех, нэгжийн 19 багийн аврагчид хоёр өдрийн турш ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Тэмцээний дүнгээр Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан “”Хүч” багийнхан тэргүүлж цомоо гардан, Цахилгаан цехийн “Элч илч”, Автотээврийн цехийн “Сэрэмж” багууд удааллаа. Дөрвөн төрөлд зохиогдсон тус тэмцээнээс “Шилдэг аврагч”, “Шилдэг багийн ахлагч”-ийг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм. Мөн тусгай байранд Засвар угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан “Hyper rescue”, Дулааны цахилгаан станцын “Мегаватт” багууд шалгарсан. Үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд цех, хэсгүүд бэлэн байдлаа хангаж, учирч болох эрсдлээс хамгаалахад ур чадвартай аврагчдаа бэлтгэсэн байх шаардлагатай.  2020 онд болох тэмцээний 10 жилийн ойн хүрээнд уул уурхайн компаниудын аврагч багийг урих, Улсын аварга багийн шилдэг үзүүлбэр үзэх зэрэг шинэлэг санааг хэрэгжүүлж, тэмцээнээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.                ХАБЭА-н хэлтсийн ЦХАБ хариуцсан тэргүүлэх инженер, тэмцээний Ерөнхий шүүгч Ц.ОРГИЛ:       Зохион байгуулагчдын зүгээс жил бүр тэмцээний төрлийг шинэчлэх, шинэ элемент, үүрэг даалгавар оруулахад анхааран ажиллаж байна. Энэ жилийн хувьд барилга байгууламжийн төрлийг шинэчиллээ. Шүүгчид “Баг тамирчид аврах ажиллагааг дүрэм журмаар нь хийж байна уу, Олон улсын шаардлагад нийцүүлж чадаж байна уу, үгүй юу” гэдэг асуултыг өмнөө тавьж, хэрэгжүүлж ирсэн. Тэмцээний зохион байгуулалт, дүрэм, зарчим нь Олон Улсад уул уурхайн салбарт сайн дурын аврах ажиллагааны бүлгэмүүд бэлтгэх зарчмаар явагддаг. Энд явагдсан бүх тэмцээн Олон улсын шаардлага, дүрэм журмыг хангасан.      “Шилдэг аврагч”, Ган бөөрөнцгийн цехийн кранчин З.УЧРАЛ:      Эрдэнэт үйлдвэрт 4 дэх жилдээ ажиллаж байна. Ган бөөрөнцгийн цехийг анх удаа төлөөлөн оролцож, шилдгээр шалгарсандаа баяртай байна. Хувь хүнээс хөдөлгөөн, авхаалж самбаа ихээхэн шаардлаа. Аврагч хүн эмнэлгийн анхны тусламжийг бүрэн гүйцэд үзүүлэх нь маш чухал байдаг. Энэ үүргээ биелүүллээ. Хамт олон, багийнхандаа баярлалаа.     И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалин ирэх 10 сарын 1-ний өдрөөс дахин нэмэгдэнэ

       Эрдэнэт үйлдвэрийнхэн 2019 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх төрөл дээр биелүүлж, эдийн засгийн үр ашиг өссөн үзүүлэлттэй байгаа нь ажиллагсдын цалинг нэмэх боломжийг бүрдүүлжээ. Энэ таатай мэдээллийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  үйлдвэрлэлийн цехийн ажилтнуудтай уулзах үеэр дуулгаж, ямар ч цаг үед ажил мэргэжилдээ нягт нямбай, сэтгэлтэй хандаж, хамтын хүчээр амжилттай ажиллаж байгаа уурхайчиддаа талархлаа илэрхийллээ. Ерөнхий захирал болон түүний удирдлагын багийнхан ажиллагсад, уурхайчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох, үйлдвэрийн эдийн засаг, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцох зорилгоор хамт олны төлөөлөлтэй “амьд яриа” өрнүүлж байна. Тус ярианы сүүлийн уулзалтад Баяжуулах үйлдвэр, Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төв, Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн ажилтнууд оролцож, санал бодлоо солилцлоо.     Уулзалтын эхэнд хийсэн мэдээлэлдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Оны эхнээс төлөвлөгөөт зорилтууд амжилттай хэрэгжиж байна. Бид хийх ажлаа тодорхой болгосон нь үүнд эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, бид цаашдын зорилт, бодлогоо тов тодорхой төлөвлөн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор та, бидний хамтран боловсруулсан төрөлх үйлдвэрээ дараагийн 15 жилд буюу 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл бид бүгдийн ирээдүйн зүг чиг болох юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлаа үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Бид үйлдвэрлэлийн үр дүн дээр тулгуурлан, ажиллагсдынхаа нийгмийн асуудал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Тиймээс ч өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс бүх ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн. Мөн ур чадвартай, ажлын голыг нугалдаг сайн ажилчдаа дэмжиж урамшуулах үүднээс “Тэргүүлэх зэрэгтэй ажилчин”-ыг шалгаруулан, тэргүүлэх зэргийн нэмэгдэл урамшуулал олгодог боллоо. Тодорхой шалгуур үзүүлэлтээр эхний ээлжинд 30 ажилчныг тодруулан, өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний өдрөөс сар бүр 300 мянган төгрөгийн нэмэлт цалин тооцож олгоно. Түүнчлэн манай үйлдвэрт ээлжийн мастер гэж чухал ажил үүрэг хүлээсэн, анхан шатны удирдах ажилтнууд бий. Тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх ёстой. Тиймээс “Манлайлагч мастер” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, энэ жилд 40 мастерийг тодруулж, тухайн ажилтны ур чадварын үзүүлэлтээр тус бүр зургаан зуугаас нэг сая хүртэл төгрөгийн урамшуулал хүртээнэ. Энэ урамшууллыг оны эхнээс тооцож олгох юм.  Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн ханш сайн биш байна.  Улсын төсөвт нэг тонн зэсийн үнэ 6272 ам.доллар байхаар тусгагдсан ч өнөөдөр 5700 ам.долларын ханштай байгаа. Эндээс харахад, бид тонн тутмаас 400-500 ам.доллар алдаж байна гэсэн үг. Бодит байдал ийм байгаа ч өртөг зардлаа бууруулан ажилласны чамлахааргүй үр дүн эхний 9 сард гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Үүн дээр тулгуурлан, тооцоолж ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллагсдынхаа цалинг нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр бид энэ онд хоёр дахь удаа ажиллагсдынхаа цалинг нэмж байгаа юм. Цалин хэдэн хувиар нэмэгдэх тоо хэмжээ удахгүй тодорхой болно. Бид эзэн хичээвэл заяа түшнэ гэсэн зарчмаар ажиллахад болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.     Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, эдийн засгийн өнөөгийн байдал, тэдгээрт нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, хөрөнгө оруулалтын талаар өмнөх онуудын байдалтай харьцуулан мэдээлсний зэрэгцээ үйлдвэрт ажиллагсдын нийгмийн асуудал, тэр дундаа ажилчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьдралын түвшинг дээшлүүлэх,  тогтвортой байлгахад авч хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг танилцуулав. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилладаг арилжааны банкуудтай санал солилцож, зээлийн хүүг бууруулах, үндсэн зээл болон хүү төлөлтийн уян хатан, таатай нөхцөлийг бий болгох талаар зөвшилцөлд хүрч буйг мэдээлсэн нь ажиллагсдын сэтгэлд нийцлээ.     Уулзалтад оролцогсод үйл ажиллагааны мэдээллийн дараа санал бодлоо хэлж, удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд аж ахуйн нэгжийн статустай ажиллаж байсан РСЦ компанийг өөрчлөн, тус үйлдвэрийн бүтцийн  Барилга засварын цех болгосон нь тэнд ажиллаж буй 240 гаруй хүний нийгмийн асуудлыг давхар шийдсэн маш оновчтой шийдвэр гэж олон ажилтнууд талархаж байв.  Түүнчлэн хүнд хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хамгаалах хувцас хэрэгслээр хангах ажлыг илүү боловсронгуй болгох, залуу ажилтнуудаа сурч боловсороход нь дэмжлэг үзүүлэх болон хамтын гэрээ, орон сууцны асуудлыг шийдэх зэрэг ажилчдын нийтлэг эрх ашиг, хувь хүмүүсийн асуулт, хүсэлтэд удирдлагууд хариулт өгч, шат дараалан шийдэх боломжтой гэдгийг хэллээ.      Ажилчдынхаа үгийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж буй Ерөнхий захирал болон бусад удирдлагуудад баярласнаа уурхайчдын төлөөлөл илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөтэй байгааг, тэрхүү сайхан ирээдүй рүү хамтын хүчин зүтгэлээр хүрэх ёстойг Ерөнхий захирал уриалснаар үйлдвэрлэлийн цехийнхэнтэй хийх уулзалтын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.      М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн                             Дэлгэрэнгүй...
  • “Намрын ногоон өдрүүд” эрүүл хоолны өдөрлөг зохион байгууллаа

       Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, халуун хоол үйлдвэрлэлийн “Сэлэнгэ” катеринг хамтран “Намрын ногоон өдрүүд” эрүүл хоол сурталчлан таниулах өдөрлөгийг ажилчдад зориулан зохион байгууллаа.    Өдөрлөгийн зорилго нь чанар сайтай, тэжээллэг хоолоор дамжуулан ажилчдаа эрүүлжүүлэх, давс болон чихрийн  өндөр хэрэглээг багасгах, тэдгээрийн хор уршигийг таниулах, илүүдэл жинтэй хэрхэн тэмцэх зэрэг ойлголт, мэдээллийг өгөхөд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Эрүүл ажилтан” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь энэ өдөрлөгөөр дамжин ажиллагсдад хүрч буй аж.    “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг үйлдвэрийн бүсэд  халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй дөрвөн багц буюу Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Авто тээврийн цехийн төрөл бүрийн авто машины засварын хэсэг, Засвар механикийн завод, Ил уурхайд долоо хоногийн турш үргэлжилж, төрөл бүрийн  хүнсний шинэ ногоо болон нарийн ногооны хачир, жимсний орцтой эрүүл хоолыг бэлтгэн, ажилчдад үйлчилсэн байна. Энэ үеэр хүнсний ногооны ач тус, тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх  эерэг нөлөөний талаар хоол болон сурталчилгаа, мэдээллийн хуудас түгээж, таниулсан нь үр дүнтэй боллоо гэж “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир ярилаа.    М.Балжинням Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрх ашгийг "Хамтын гэрээ"-гээр зохицуулдаг

      Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчидтэй уулзлаа. Ажилчдын эрх ашгийг хамгаалах нэг зорилгын төлөө эвлэлдэн нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүд 2019 онд 12 бүлэг 112 заалт бүхий “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь үйлдвэр, холбооны удирдлагуудын хооронд зөвшилцөж хийсэн 11 дэх гэрээ юм.    Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэллээ. Тэрээр “Бид үйлдвэрээ хөгжүүлж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, газрын хөрсөн дор байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үндэсний баялаг бүтээж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажилладаг Эрдэнэт үйлдвэр уул уурхайн баяжуулах үйлдвэр боловч эцсийн дүндээ хүний төлөө үйлдвэр юм. Бид уурхайчиддаа, хүндээ хандсан төслүүдийг хийж хэрэгжүүлнэ. Захиргаа, үйлдвэрчний байгууллага ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэж байна. Бидний бодлого, үйл ажиллагаа цэгцтэй байх ёстой” хэмээсэн.    Эрдэнэт үйлдвэр Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан зарим төрлийн нийгмийн халамж, үйлчилгээг хүргэн ажилладаг. Энэ тухай Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа мэдээлэл хийхдээ “2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийгмийн халамжийн чиглэлээр 100 тэрбум төгрөг зарцуулах” тухай танилцууллаа. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг олон талаар шийдвэрлэж ирсэн Эрдэнэт үйлдвэр энэ онд томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь үйлдвэрийн олон жилийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад чиглэж байгаа юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хороолол барьж байна. Мөн Технологийн сургуульд түшиглэн, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн цогцолбор сургууль, туршилт судалгаа хийх лабораторийн бааз бий болгоно. Орос сургуулийг түшиглэсэн Кембриджийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллеж барьж байгуулах зэрэг олон санаа тусгагджээ.    Эрдэнэт үйлдвэрийн санхүү, мөнгө, эдийн засгийн бодлого эцсийн дүндээ ажилтны эрх ашигт нийцсэн байх ёстой хэмээн удирдлагууд үзэж, банк санхүүгийн асуудалд ихээхэн анхаарсан. Ингэхдээ өмнө нь арилжааны 5 банктай хамтран ажилладаг байсан бол бага хувийн хүү, нэмэлт бүтээгдэхүүн санал болгосон 10 банктай хамтран ажиллах шийдэлд хүрсэн юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбосон 7000 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүл болох Орхон аймгийн 30 мянган иргэнд хийсэн үр өгөөжтэй, алсыг харсан хөрөнгө оруулалт болж байна.            ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр: “Хамтын гэрээ”-ний биелэлтийг дүгнэлээ     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай хийсэн энэ удаагийн уулзалт хоёр ач холбогдолтой боллоо. Нэгд, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хамтын гэрээ”-гээ дүгнэсэн. Оны эхний 9 сарын байдлаар гэрээний гүйцэтгэл 98.35 хувийн биелэлттэй гарлаа. Он дуусахад нэг улирал үлдсэн тул гүйцэтгэлээ 100 хувь хангахаар байна. Хоёрт, “Хамтын гэрээ”-ний 3.4 буюу цалин хөлсийг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх тухай заалтын дагуу 5 дугаар сарын 1, 10 дугаар сарын 1 гэсэн 2 шатлалаар цалин нэмэгдэж байгаа нь бидний хувьд чухал юм. Шинэ гэрээнд тусгах зарим ажлаа ярьлаа. Үйлдвэрийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Ач холбогдолтой, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан үйл явдал боллоо.      И.Чинтогтох Фото: Б.Ялалт     Дэлгэрэнгүй...
  • Хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эргэх холбоо шинэ түвшинд гарсныг онцоллоо

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн өнөөдөр Орхон аймгийн болон Баян-Өндөр сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч, “Оюу” танхимд уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нээн Ерөнхий захирал үг хэлж, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа 2019 оны үйлдвэрлэлийн үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт, төсөл хөтөлбөр, өргөтгөл шинэчлэл, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсвийн бүрдүүлэлт гэсэн мэдээллээр танилцуулга бэлтгэн хүргэлээ. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд Орхон аймагтай 5 чиглэлээр 14 ажил дээр хамтран ажиллаж, 94 хувийн биелэлтээр гүйцэтгэлээ хаажээ. Харин энэ оны санхүүжилтээр 5 чиглэлээр 13 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.     Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын хувьд баг бүр нь Иргэдийн хуралд төлөөлөлтэй. Тэр ч утгаараа иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, төсөвт тодорхой ажлуудаа суулгах гээд төлөөлөгч нарын ажлын хариуцлага их байдаг. Эдийн засгийн мэдээллийн дараа асуулт хариултын цаг үргэлжилж, төлөөлөгч нар багийнхаа иргэдэд тулгамдсан асуудлыг танилцуулан, шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхэд хариулт авсан юм. Орон сууцны болон гэр хорооллын багуудад тулгамдсан асуудал харилцан адилгүй. Тиймдээ ч Уртын гол, Их залуу багийн төлөөлөгч үерийн усны далан, зам харгуй зэргийг шийдвэрлэхэд техникийн дэмжлэг хүссэн бол Согоот багийн төлөөлөгч сургуулийн өргөтгөл барих ажилд туслалцаа хүслээ.     Эрдэнэт үйлдвэр катодын зэсийн үйлдвэр барьж байгуулахаар тооцоо судалгаагаа хийж байна. Мөн гэр хорооллын багуудад тулгамдсан утааны асуудлыг шийдвэрлэхээр утаагүй түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирэхээр болсон. Цагаан тоосны бүсчлэлд амьдарч байгаа болон бусад багаас түүврийн аргаар сонгосон 500-аад иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулж эхэлсэн. Хамтын ажиллагааны бодит үр дүн олон бий. Хурлын төлөөлөгч нар Эрдэнэт хотод Мөсөн ордон барьж байгуулах, орос сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, Баян-Өндөр сумын багууд, Эрдэнэт үйлдвэрийн цехүүд хоорондын харилцаа холбоог сайжруулах, Жаргалант сумын иргэдийн хүнсний ногоогоор Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг хангах хүсэлтэйгээ илэрхийллээ. Хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эргэх холбоо шинэ түвшинд гарч, хөрөнгө оруулалтын үр өгөөж бодит ажил болсоор байна.               И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн     Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн цехийнхэн цалингийн системийг шинэчлэх талаар санал гаргалаа

         Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цех болох Хүдрийн ил уурхай, Геологи хайгуулын анги, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Автотээврийн цехийн ажиллагсдыг хамруулсан уулзалт ярилцлагад үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа нар оролцлоо. Удирдлагуудын тавьсан илтгэлд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт, хэрэгжүүлж эхэлсэн томоохон төслүүд, тэдгээрийн үр өгөөж, эдийн засгийн ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар тодорхой тусгажээ. Тооцоо судалгаа, нарийвчилсан тоо баримтад тулгуурласан мэдээллийн дараа ажилчдын чөлөөт асуултын цаг эхэлсэн юм.       Автотээврийн цехийн ажилчдын асуулт дийлэнх хувийг эзэлсэн бөгөөд юуны өмнө ажилчдаа сонсох уулзалт хийж байгаад тэд талархалтай хандлаа. Ажилчид тээврийн хэрэгслийн овор хэмжээнээс хамаарч цалингийн шатлал үүсгэснийг өөрчлөх цаг болсон тухай сануулж, дотооддоо шатах тослох материалын үйлдвэрлэл байгуулах, өдөр тутамд нэн шаардлагатай жижиг зүйлсийг цаг алдалгүй ханган нийлүүлэх, хайгуулчдын үр дүнг харгалзан цалингийн нэмэгдэл олгох боломжтой эсэхийг удирдлагуудаас тодруулсан юм. Уулзалтыг үр өгөөжтэй болгох үүднээс Ерөнхий захирал асуулт бүрт зохих хариулт өгч, нягтлах шаардлагатай зүйлсийг тэмдэглэн авлаа. Мөн тэрээр 2017-2019 онд үйлдвэрлэлийн нөөцийг өсгөхөд геологичид хэрхэн оролцсон талаар судалж, үнэлэлт гаргахаар болсон юм. Цаг үеийн мэдээ мэдээллийг сар бүр танилцуулж, ажилтнуудынхаа тулгамдсан бэрхшээлийг сонсох үүрэг даалгаврыг цех, нэгжийн удирдлагуудад өгснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.       Уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой, нүүр тулсан яриа бүр тодорхой ойлголцолд хүрч байв. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, алсын хараа, эрхэм зорилгоо оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулалтын төслүүдээ хөхиүлэн дэмжих, урагш хөдөлгөх нь удирдлагын багийн шийдвэр, үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Удирдлагуудын шийдвэрээр өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн 100 гаруй төслийн үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн маргаашийн хувь заяа тодорхойлогдох бөгөөд гол хөдөлгөгч хүч нь мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин болохыг сануулснаараа онцлог байлаа.    И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн                     Дэлгэрэнгүй...
  • Аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн эхэллээ

       Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд гадны байгууллага оролцохгүй, зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн шинэ залуу ажилчдаас бүрдсэн 19 баг аврах ажиллагааны бэлтгэл бэлэн байдлаа шалгуулан өрсөлдөж байгаагаараа онцлог юм. Хоёр жил тутамд явагддаг энэхүү тэмцээн зам тээврийн ослын, барилга байгууламжийн, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа гэсэн төрлөөр үргэлжилж байна. Тэмцээний дүн маргааш гарна.    М.ОДГЭРЭЛ Фото: Ш.ЛХАМСҮРЭН                                         Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
Холбоо барих

Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотынхоо нүүр царай, өнгө төрхийг илтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороор зочиллоо. Авьяаслаг уран бүтээлчдийг “өлгийдөн” авч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн энэ байгууллага үйл ажиллагааны хамрах хүрээгээр хүүхэд залуучууд, уурхайчдад чиглэсэн олон талт сургалтын хөтөлбөртэй. Энэ удаа уртын дууг этник хэлбэрээр дуулж, уран бүтээлийн анхны цомгоо “өлгийдөн” авахаар хүлээн суугаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Дашийн Дагиймаатай цөөн хором ярилцлаа. Уран бүтээлчийн дэврүүн хүсэл мөрөөдлийг хуваалцъя.

-Уртын дуучин болох нь таны мөрөөдлийн нэг хэсэг байв уу? Мэргэжил сонголтын сэдвээр ярилцлагаа эхлье?

-Би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Намайг дөрвөн настайд эмээ маань өөрийн мэддэг ардын болон уртын дуугаа зааж өгсөн юмдаг. Эмээ Булган аймгийн Баян-Агт сумынх. Хөдөөгийн найр хуримд намайг дагуулж явна, би дуулахыг нь их ч сонсдог байлаа. Харин миний бага нас Булган аймгийн төвд өнгөрч, Орхон аймгийн 5 дугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. Харин 2003 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элссэнээр урлагийн хүн болох зам мөрөө тавьж билээ.

Мэргэжил сонголтын тал дээр урлагт “дурласан” зүрхээ дагасан хэрэг л дээ. Би сурагч байхын Яргуй наадам, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцдог хүүхэд байлаа. 10 дугаар ангиа төгсөх жил бие даасан тайлан тоглолтоо хийх үеэр ах дүү нар маань ирж үзчихээд “Чи урлагийн хүн болно оо” гэж хэлж байсан нь надад их хүч өгсөн гэж боддог. Ингээд л урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэн, Монгол Улсын Гавьяат багш  Ц.Дэлгэрийн удирдлаган дор мэргэжлийн дуулаач болсон. Уртын дуу дуулаач нар үндэсний өв соёлоо хадгалан, түүнийг түгээн дэлгэрүүлэх томоохон хариуцлага үүрдэг.

-Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагатай хэдий үеэс холбогдож, мэргэжлээрээ ажиллах болов?

-Ажлын гараагаа “Улаанбаатар” чуулгаас эхэлж, хоёр жил ажилласан. Улмаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцан, Эрдэнэт хотдоо ажиллаж амьдрах, уран бүтээлээ туурвих шийдвэр гаргаснаар 2011 онд “Уурхайчин” соёлын ордны ажилтан болсон. Миний хувьд уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаагүй ч нэг байгууллагад харьяалагдан, олон нийтэд соёлын боловсрол олгох ажилд гар бие оролцон, шавь нараа бэлтгэж байгаадаа баярладаг. Сүүлийн үед хувийн уран бүтээл дээрээ давхар ажиллаж байна.

-Уран бүтээл туурвих явцад хүндрэлтэй зүйл тулгардаг уу? Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээс бидэнтэй хуваалцахгүй юу?

-Шинэ санаа гаргаад хэрэгжүүлье гэхээр хамгийн түрүүнд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Мэдээж бэрхшээл олон. Гэхдээ тэр бүрийг тоочихоос илүүтэй залуу хүний зоримог зангаар аливаа бэрхшээлийг даван туулаад л явж байна. Ер нь өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг илүүд үздэг. Ямартаа ч энэ ондоо багтаан, “Сонгодог шуранхай” тоглолтоороо Улаанбаатарын үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэж байна. Уран бүтээлчид зөвхөн хөдөөд бус хотод ч тоглолт хийж болдгийг, урлагийн хөгжил улс орны аль ч өнцөгт байдгийг энэ тоглолтоороо харуулах болно.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр төвлөрч байна вэ?

-“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин, дуурийн дуулаач, МУСТА Н.Нямсүрэнтэйгээ хамтран “Сонгодог шуранхай” тоглолтоо хийснийг үзэгчид маань санаж байгаа байх. Ер нь уран бүтээл хийхэд санаа нийлнэ гэдэг маш чухал. Би Н.Нямсүрэнгээ алтан хамтрагч гэж хэлнэ. Бид энэ сардаа багтаан “Сонгодог шуранхай” нэртэй шинэхэн цомгоо хэвлүүлж, он гарахаас өмнө цомгийн баяраа хийхээр төлөвлөж байна. Цомогт маань этник хэлбэрээр дуулсан 5 уран бүтээл, уртын дуу мөн тооны багтсан. Опера, ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулснаараа энэ цомог маань өвөрмөц байх болов уу. Үндсэн ажлынхаа хажуугаар хоолой бичүүлж, аринжировк хийлгэх гээд Улаанбаатар хот руу явах ажил чамгүй байлаа. Урын сангийнхаа дууг ч нэлээд баяжууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор бусад урлагийн байгууллагаас ямар ялгаатай вэ?

-Соёлын ордны уран бүтээлчид маань сонгодог тоглолт дээр түлхүү ажилладаг. Манайхан энэ сарыг буриад болон орос ардын дууны сар болгон зарлаж, дор бүртээ бэлтгэлээ хангаж байна. Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагад бусдаас ялгаатай тал их бий. Манай “Эрдэнэт” чуулга гэхэд 5 дуучин, 10-аад бүжигчинтэй. Гэтэл томоохон тоглолтууд дээр дуулах, бүжиглэх, хөгжимдөх хангалттай нөөцтэй. Энэ нь мэдээж үйлдвэрийн ажилтан, ажиллагсад, уурхайчид байдаг. Мэргэжлийн түвшинд хүртэл өөрсдийгөө хөгжүүлж, дайчилж чадсан мундаг хүмүүс гэж би хувьдаа боддог. Миний хувьд сүүлийн хоёр жил уурхайчдынхаа хүсэлтээр уртын дууны багшаар ажиллаж, 10-аад шавьтай болсон. Анхан шатнаас нь эхлэн зааж байгаа. Сонирхсон хэн бүхэнд сургалт маань нээлттэйг энэ дашрамд хэлье.

-Зав чөлөөгүй ажилладаг уран бүтээлчдийн хувьд ар гэрийн асуудлаа орхигдуулах үе гардаг байх. Амьдралын түших багана болсон ханийнхаа талаар ярина уу?

-Би ханьтайгаа 10-н жилийн нэг ангид тохой мөрлөн суудаг байлаа. Миний хань сургуульдаа онц сурлагатан байсан болохоор урлаг уран сайхан гээд хичээлээс хоцорсон надад хичээлээ нөхөж ойлгоход их тусалдаг байсан. Оюутан болоод ч хамтдаа байсан. Урлагийн хүний ажил мэргэжлийг ойлгодог ханьтай байна гэдэг сайхан. Миний хань тийм л хүн. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн байгууллагад ажилладаг. Бид хайраасаа нахиалсан хоёр хөөрхөн хүүхэдтэй.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Монгол Улсад Соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос тэмдэглэж ирсэн байдаг. Манай хамт олон ч эдгээр өдрүүдэд баяраа тэмдэглэж, ололт амжилтаа нийтийн сонорт хүргэж байгаад таатай байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ Соёлын ордны үе үеийн удирдлага, ажилтан, ажиллагсад, уурхайчид, дугуйлангийн сурагчид болоод орон нутгийн мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байгаа уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсье. Урлаг биднийг нэгтгэдэг болохоор халуун дулаан сэтгэлийн үгээр та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог