Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 12 6-р сар 2020

Төгссөн сургууль:

2002 онд Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургууль

 Мэргэжил:

 Хэрэглээний математикч

 Ажилласан туршлага:

2002-2004 онд Хэнтий аймгийн ХААН банкинд тооцооны төвийн ня-бо, теллер, ахлах теллер, 2004 оноос Эрдэнэт үйлдвэрийн Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цех буюу одоогийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехэд програм зохиогч инженер, өгөгдлийн сангийн дизайнч, системийн шинжээчээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2011 онд Москва хотод “LabWare” программын сургалт, 2012 онд Токио хотод IBM компанид туршлага судлах, 2016 онд Улаанбаатар хотод Мэдээлэл Холбооны сургууль “IOS програмчлал”,  2017 онд “Мэдээллийн системийн аюулгүй байдал, хөгжүүлэлт” ажлын байран дээрх сургалт, 2018 онд “Visial studio, Net component, Java, MVC  вэб технологи” ажлын байран дээрх сургалт

Чин хүсэл:

Цаг үргэлж суралцаж, өөрийгөө дайчилсан тэрбээр мэдлэг боловсролоо Эрдэнэт үйлдвэрийнхээ хэрэгцээтэй салбарт зорилж яваа нэгэн. Тэр ажлаа илүү сайжруулахыг хүсдэг. Тиймдээ ч уул уурхайн салбарт хүний гар ажиллагааг хөнгөвчилсөн олон олон программын шийдлийг нэвтрүүлэхээр эрэлхийлж, судалж яваа. Харин түүний дотоод сэтгэл энэ дэлхийн гэрэлт наран болсон бяцхан үрсийн төлөө цохилдог. Хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлж, тэдний төлөө бага гэлтгүй зүйлсийг хийж, амьдралд нь чадах чинээгээрээ гэрэл гэгээ нэмж, хайр түгээж амьдрахыг тэр хүсдэг. Эрдэнэтийн гэх тодотголтой брэнд болсон хүүхэлдэйн кино бүтээх нь түүний чин хүсэл билээ.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Амьдрал минь өөрөө сэргээш. Туулж өнгөрүүлсэн мөч бүхэн, алдаа оноо, баяр гуниг, ирээдүйд намайг хүлээж байгаа тааварлашгүй бүхэн миний сэргээш юм даа.

Зөв амьдрах ухааныг зааж өгсөн өвөө, эмээгээсээ, хатууг зөөллөх хайрын дээд ээж ааваасаа, зүрхний нандин холбоосоор гагнагдсан насны түшиг ханиасаа, хайрын минь үргэлжлэл, удмын хэлхээ үрсээсээ, баяр хөөрийг минь үржүүлж, гуниг зовлонг минь нимгэлдэг анд найзуудаасаа, асар хурдацтай хөгжиж буй мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах чадварлаг хамт олноосоо, Монгол гэдгээрээ дэлхийд гайхуулж байгаа хүчирхэг хүмүүс, авьяаслаг хүүхдүүд гээд олон хүнээс эрч хүч урам зориг авна.

Бас шиврээ бороотой өдөр, тунгалаг горхи, гол, нуур гээд амьдралын эх болсон уснаас ихээхэн эрч хүч авдаг даа.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Үйлдвэрийнхээ үнэт баялаг болох мэдээллийн санг бүрдүүлж, боловсруулалт хийж, өнгөрсөн одоог харьцуулан, ирээдүйг төлөвлөх программ хангамжуудыг зохиож, тооцоолоход төвөгтэй, цаг хугацаа шаарддаг ажлуудыг хөнгөвчлөн, ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. 

Мөн аливаа үйл ажиллагаа, үйлдлийн эхлэл, логик холбоос, дараалал, үр дүнг урьдчилан тооцоолж, биет бус зүйлсийг хийсвэрлэн сэтгэж, төсөөлөх чадварууд, байнга өсөн дэвжиж, өөрийгөө дайчилж тэмүүлж байхыг шаарддаг онцлогтой.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Энэ зуныг өрнүүн их ажлаар угтаж байгаа болохоор яаралтай хийж гүйцэтгэх олон захиалгат ажлаа хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байна. Мөн зав зайгаараа судалгаа, туршилт хийж өөрийгөө сэргээнэ дээ.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Ажлаа сайн хийх гол түлхүүр нь сайн төлөвлөлт гэж боддог. Биеэ дайчлан, хамт олноосоо байнга суралцаж, шинэ зүйлсийг туршиж судлан, өөрийгөө байнга идэвхжүүлэхийг эрмэлздэг. Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн үгийг мөрдлөг болгож, оюуны ачааллаа зохицуулж, амралтын өдрүүдээ идэвхтэй өнгөрөөхийг хичээдэг.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Би багаасаа л их мөрөөдөмтгий байсан. Олон том мөрөөдөлтэй. Эхний ээлжинд компьютер график судалж, хүүхэлдэйн кино бүтээхийг мөрөөдөж байна.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-Ямар ч бүтэлгүйтэл, муу зүйлийг өөдрөг, сайн талаас нь харах боломж байдгийг ойлгож авсан.

-Одоо хийж буй ажил тань таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Хүүхэд байхдаа компьютер дээр суугаад, уран бүтээлийнхээ амтанд орж улайран сууж байна гэж өөрийгөө төсөөлдөг байлаа. Төсөөлж байсан уран бүтээлээ биш ч гэлээ өөр нэгэн төрлийн бүтээлүүдийг гарган, улайран сууж байгаагаас харахад мөрөөдлийн ажилдаа орсон бололтой.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бүтээлч, эрч хүчтэй, чадварлаг, хийж байгаа ажилдаа эзэн нь болсон үйлдвэрийн ажилтнуудаа, тэдний хийж бүтээсэн бүгдийг өдөр тутам харахад Монголын минь ирээдүй гэрэл гэгээтэй төсөөлөгддөг.

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог