Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 5-р сар 2018
Пүрэв, 17 5-р сар 2018 00:00

Баатар багшийн шаламгай шавь

     Уурхайчны амьдралтай танилцах энэ удаагийн томилолт минь “Эрдэнэт” уулын ил уурхайн өрөмдлөгийн талбайд өрнөлөө. Хавар цаг хуйсагнуур аашаа үзүүлж, хавсарга тавьсан бүүдгэрхэн өдөр хөргийн баатраа зорин очихуй.. Харин тэрээр тэнгэрийн муухайг огтхон ч тоосон шинжгүй, аварга машинаа залуурдаж, хичээнгүйлэн шимтэн ажиллах. Саад болохгүй гэсэн дээ шууд яваад очиж зүрхэлсэнгүй, хэдэн хором хүлээе хэмээн бодож зогстол  ашгүй эргэн харж, толгой дохив.  Хүдрийн ил уурхайн өрмийн машинч Артын Дамдиндорж хэмээх яриа хөөрөө, явж суух үйл хөдлөл нь гавшгай хөнгөн эр инээмсэглэн мэндчиллээ.  “Ах нь өдрийн норм, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хором, мөч бүрийг алдахад хайран” гэж хэлсэн нь надтай ярилцах цаг хугацаандаа ихэд харам буй нь илт байв. “Уурхайд олборлолт хаана хийгдэхийг олж тогтоосны дараах хамгийн эхний ажил нь өрөмдлөг. Тэгэхээр өрмийн машинч хамгийн эхний дамжлага хийдэг гэсэн үг юм. Хариуцлага, эмх цэгц, цаг ашиглалт өрмийн машинчийн ажлын гол түлхүүр” гэж  яриагаа эхэлсэн. Энэ түлхүүр нь түүнийг хувь хүн талаас нь ч бас тодорхойлох  шиг.  

     Түүний “Эрдэнэт” үйлдвэртэй  хувь  заяагаа холбосон гучин дөрөв дэх хавар нь тохиож буй. Тэрээр Эрдэнэтэд хүлгийн дөрөө мулталсан 1981 он бол шинэхэн үйлдвэр дотооддоо уурхайн нарийн мэргэжлийн ажилчдаа бэлтгэж  эхэлсэн үе.  Сургалтын төв гэх  эдүгээгийн  Технологийн  сургуулийн өрмийн машинистын анхны курсын нэг төгсөгч нь А.Дамдиндорж. Нэг ангид үе тэнгийн шижигнэсэн арваад залуу “хойно” төгсөж ирсэн мэргэжилтнүүдээр хичээл заалган өрмийн машинч мэргэжилтэй болцгоов. А.Дамдиндоржийн наашаа зорих үндсийг түүний аав Арт нь тавьсан гэдэг. Уурхайн ажил дотроос  өрмийн машинистын мэргэжил даанч сайхан шүү гэсэн аавынх нь  зөвлөгөө хүүдээ ажил хөдөлмөрийн жигүүр хайрласан гэлтэй.  Өрмийн машинч гэж чухам ямар алба байдгийг төсөөлөөгүй ч аавынхаа хэлснийг дагасан нь алдаагүй гэж тэр хуучилсан. Түүний аав нь тууварчин хүн байв.  Эрдэнэтийн  овооны дэргэдүүр тууврын мал олонтаа  тууж явахдаа энд том үйлдвэр барих сураг чимээ дуулж, түүнийгээ ярьж очсон нь тэр байж.  А.Дамдиндорж эхээс есүүлээ. Алсын ухаантай аав ээжийн захиас хүүхдүүдээ эрдэнэсийн уурхай руу хөтөлж, энэ насны ажил, амьдралтай золгуулсан гэдэг.  Эдүгээ түүний ээж 80 нас сүүдэр зооглосон сайхан буурал бий. Ингэж байгалийн сайхан, Хар нуураараа алдартай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул хүү Эрдэнэтийн суугуул хүү болсон түүхтэй.

      Шинэхэн, залуухан өрмийн машинч ил уурхайдаа ажиллаж байтал түүнийг эр цэргийн албанд дуудав. Гурван жилийн хугацаат албаа 065 дугаар ангид хааж, радио холбооны буухиа шууданчийн мэргэжил эзэмшжээ. Харин түүнийг халагдаж үйлдвэртээ ирэхэд ажлын шаардлагаар орон тоон дээр нь өөр хүн ажиллаж байсан тул Засвар механикийн завод руу шилжив. Нэгэн үед цэргийн алба хаасан Баатар, Пэлжээ, Чинбаа нар нь ч мөн өөр цехэд ажиллах болж. Гэсэн ч хувь заяа, сурсан ажил мэргэжил нь тэднийг дахин  Ил уурхайд “учруулж”, хагас жарны турш мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн юм. ”Үеийнхэн минь бүгд гавьяаны амралтаа авцгаасан. Би л сүүлийг нь мушгих бололтой. Уурхай нэгэн үеэр  шинэчлэгдэж, залуучууд бидний залгамж халаа болж байна.  Арга ч үгүй юм даа, үйлдвэр маань хүнээр бол идэр насанд хүрлээ” гэж тэр санааширсан.  

     Өгүүлэх бүрийд огшмоор бахархал хүн бүхэнд бий. Харин таны бахархал юу вэ гэхэд “Би чинь энэ үйлдвэрээс төрсөн ууган хөдөлмөрийн баатарын гарын шавь шүү дээ” гэж сэтгэл нь хөдлөн хариулсан. Үнэхээр ч цэл залуухан гучин нэгэн насандаа төрийн алтан соёмбо энгэртээ зүүсэн “Эрдэнэт” үйлдвэрийн анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь гэдгээрээ бахархах нь зүйн хэрэг. Жагаа багшаараа өрөмчний эрдэм ухааныг заалгаж өдий зэрэгт хүрсэн азтай хүн гэж үргэлж баярлаж явдаг гэсэн. Харин тэр өөрөө дөрвөн сайхан шавьтай хүн. Тэдний нэг нь бригадын дарга болж, нөгөө нь хөдөлмөрийн аваргаар тодорч, амжилт бүтээлээр дүүрэн яваа. Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг гэдэгчлэн хөдөлмөрийн баатар багшийн эрдэм үе үеийн шилдэг уурхайчдыг төрүүлэх эх ундарга  болж буй нь  юутай сайхан.
     Өрөмчин хүний хоёр дахь гэр нь өрөмдлөгийн машины бүхээг. Тэнд л “амьдрал” өрнөнө. Тийм ч учраас машинаа байнга “додомдоно”. Тав тухтай ажиллахын тулд тохижуулна.  Бүхээгний дотор талд сар, долоо хоногийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл гээд зайгүй цаас өлгөж, тогтоосон харагдана. Эндээс өдрийн ажлынхаа дүр зураглалыг харж, цагаа хуваарилна. Тэдний ажлын гол үзүүлэлт нь төлөвлөгөөний биелэлтээр хэмжигдэнэ. Төлөвлөгөөт өрөмдлөгийн ажлаас гадна техникийн урсгал засварууд ч чухал. Өрмийн машины бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах нь юу юунаас ч илүү хариуцлага, санаачилга шаардана. Тэгж байж гэмээнэ үр бүтээл сайжирч, гүйцэтгэлийн чанар дээшилнэ. Тэр ингэж л ажилладаг аж. Ярианыхаа эхэнд ажиллах зарчмаа хариуцлага, эмх цэгц, цаг ашиглалт гэж томьёолсон нь ийм учиртай. “Уурхайн ажил бол баг, хамт олны хүч хөдөлмөрийн үр дүнд хийгддэг. Ажлаа арван хуруу шигээ эзэмшсэн хамт олонтой ажиллаж байгаадаа олзуурхдаг. Мэргэжлийн өндөр ур чадвартай механик, цахилгааны инженер, мастерууд техникийн засвар үйлчилгээг хурдан шуурхай гүйцэтгэдэг болсон нь олон талын дэвшлийг авчирч байна. Тэднийхээ дэмжлэг, урам зоригоор ажиллаж өдий хүрсэн дээ” хэмээн тэр хамт олноо магтсан. Бас “Шинэ үеийн залуус маань “Эрдэнэт” үйлдвэрээ цаашид авч явах нь мэдээж. Ард олондоо хүртээмжтэй, зөв ухаанаар залж яваасай. Тэгвэл цаашид олон жил үр шимээ өгөх сайхан хангай. Нөгөө талаас, хөдөлмөрийн хүний, уурхайчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж чадвал, тэр чинээгээрээ  бүтээмж үр ашиг дээшилж,  дэлхийн хөгжлөөс хэзээ ч хоцрохгүй” гэж ахмад уурхайчны хувиар санал бодлоо нэмэрлэнэ лээ.

     А.Дамдиндорж хоёр хүү, нэг охинтой. Том хүү, охин хоёр нь Хятад улсад өндөр боловсрол эзэмшсэн бол бага хүү нь уурхайчин ааваа залгамжилж, геологи инженер болжээ. Түүний гэргий  Оюунчимэг гэж нутгийнх нь бүсгүй бий. Тэд энд учирч, амьдралаа эхэлж, бас босгосон. Эрдэнэт уулын минь ач буян ингэж миний амьдралыг гийгүүлсэн дээ гэж тэр нүүр дүүрэн инээмсэглэх.
     Өрмийн машинч А.Дамдиндорж ирэх жил өндөр насныхаа амралтад сууна. Өдөр тутмын ээлжийн ажлын дэглэмд дасчихсан, зүгээр сууж чаддаггүй шаламгай хөдөлгөөнтэй тэр гэртээ төдийлэн удаан “амарч” суухгүй л болов уу. Ямар нэг зүйл бүтээхээр дотроо төсөөлчихсөн л байгаа. Энэ бодлыг минь таав уу гэлтэй асуухаас өмнө байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байхыг л илүүд үзнэ. Авсаархан жижигдүү амралтын бааз барьж, найз нөхөд, аяны хүмүүс дуртайяа зорин очих тав тухтай орчин бүрдүүлнэ дээ гэж бодож санаж буйгаа хуучлав.
     Шар нохой жилийн босгон дээр тэр төр засагтаа олон жилийн нөр хөдөлмөрөө үнэлүүлж, “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Газрын хэвлийгээс эрдэнэс ундраасан гучин гурав  дахь жилийнх нь нүүрэнд  Алтан гадас  энгэрт нь гялалзсан. Энэ бол эзнээ олж ирсэн зүй ёсны шагнал билээ. Эрдэнэт ууландаа сүслэж, ширхэг чулуу бүрийг нь элгэмсэн хайрласаар яваа мянга мянган эгэл уурхайчдын нэг нь тэр билээ.


М.Балжинням

     “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа “Энэрэл” төвийн сурагчид өнөөдөр компанийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байр буюу үйлдвэрлэлийн бүсэд “Эрдэнэт үйлдвэрийн ах эгч нартаа баярлалаа” өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр уурхайчдад урлагийн тоглолтоор бэлэг барьж, өөрсдийн хийсэн гар урлал, гоёл чимэглэлийн зүйлсээр үзэсгэлэн гаргав. “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа “Энэрэл” төвд 45 хүүхэд хүмүүжиж байна. Уурхайчин хамт олон аав, ээжийн хайрыг нь нөхөж чадахгүй ч тэднийг өөрсдийн гэр бүлийн гишүүн, компанийн салшгүй нэг хэсэг болгон халамжилдаг. “Энэрэл” төвд өсч хүмүүжсэн олон арван залуус эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа манлайлж амжилт гаргаж байгаа нь “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны бахархал болдог билээ.

 


У.Цэрэнбат

     Энэ жилийн “Эрдэнэтийн бал-2018” бүжгийн наадам Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойд зориулснаараа онцлог байлаа. Тус наадамд 4-80 насны, 34 хамтлагийн 800-аад бүжигчин оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалтын түүхтэй холбоотой зохиомжит бүжгийн төрлөөр өрсөлдсөн.
     “Эрдэнэтийн бал-2018” бүжгийн 29-р наадмын “Ажилчин залуус”, “Ажилчин-ахмад” насны ангилалд “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Спорт ордон, Ган бөмбөлгийн цех, Үйлчилгээ аж ахуйн алба, Засвар угсралтын цех, Хувьцлагдаагүй орон сууцны хэсэг, Орос сургууль, цэцэрлэг, Барилга засварын цех, “Уурхайчин” соёлын ордон, “Сэлэнгэ” амралтын бааз, Тээвэр ложистикийн алба, Геологи хайгуулын анги, Технологийн сургууль зэрэг 17 цех, нэгж оролцсон. Тус наадмын “Фермейшн” төрлийн “Ажилчин залуус” насны ангилалд Засвар механикийн заводын “Залуус” хамтлаг тэргүүн байр эзэлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит цомоор шагнууллаа. “Үндэсний цэнгээнт” төрөлд Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн “Цахим” хамтлаг Гран-при цом, тэргүүн байрыг эзэлсэн бол хоёрдугаар байранд ҮААлба, Геологи хайгуулын анги, Засвар угсралтын цех, “Сэлэнгэ” амралтын баазын хамтарсан “Дөрвөн зүг” хамтлаг орж, Спорт ордон, “Уурхайчин” соёлын ордон, Тээвэр ложистикийн алба, Ган бөмбөлгийн цех, “РСЦ” ХХК-ийн хамтарсан “Таван цул” хамтлаг удаалсан байна. Мөн энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч Э.Мөнх-Уянга наадмын Шилдэг сэтгүүлчээр шалгарч, зураглаач Б.Тунгалагийг Монголын соёлын түшиг холбооны “Соёлын алдар” медалиар шагнав.

    Монгол Улсын Их хурлаас томилогдсон ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, гишүүдэд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар багтаж байгаа бөгөөд тэд өнөөдөр, маргааш “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байна. Өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд компанийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Мөн тавдугаар сарын 12-нд “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцана.

 

У.Цэрэнбат
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулагддаг “1000 ахмадын чуулга уулзалт” энэ сарын 24-нд Эрдэнэт хотноо болно. Тус чуулга уулзалтыг үйлдвэрийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн санаачлагаар 2015 онд эхлүүлсэн бөгөөд ахмадууд энэ жил хоёр дахь удаагаа чуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа.

     - “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа ажил үйлсийн тухай яриагаа эхлүүлье?    
- Өнгөрсөн дөрвөн жилд бид дөрвөн том зорилт дэвшүүлсэн. Зорилт бүрийг тухайн жилийнхээ нэрэмжит болгон зарлаж, хэрэгжүүлж ирлээ. Эхний зорилт нь “Идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгоё” гэсэн уриан дор өрнөсөн. Идэвхтэй хөдөлгөөн хийж байж эрүүл байна гэдэг утгатай. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр ахмадууд Баян-Өндөр, Сархиа уул, Бурхан багшийн сэрэг дүр, Эрүүл мэндийн зам гээд Эрдэнэт хотынхоо дөрвөн зүгт урт, богино замаар явган алхаж хэвшсэн. Алхалтанд нь дэмжлэг үзүүлж, алхаа тоологч аппарат хямдруулан олголоо. Дараагийн жилд ахмадуудын оролцоог сайжруулах зорилт тавьсан. Ахмадын зөвлөлөөс зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаанд 100-200 ахмад  идэвхтэй оролцдог байсан бол “Оролцоог сайжруулья” жилийн хүрээнд идэвхтэй ахмадын тоо 600-800 хүрч нэмэгдсэн. Ер нь манай ахмадуудын соёл, хүмүүжлийн ажлын оролцоо Орхон аймагтаа төдийгүй, төвийн бүсдээ харьцуулахад дээгүүрт байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад, анхдагчдаа дэмждэг бодлогын үр дүн, бас манай ахмадуудын идэвх зүтгэл юм. 2017 оныг “Эрүүл урт наслах  арга барилд суралцах” жил болгон зарласан. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс тэтгэвэртээ гарсан ахмад эмч нараа оролцуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч үйлчилсэн. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье”  уриатай аян өрнүүллээ. Уг аянаар дөрвөн цагаан хор гэж нэрлэдэг чихэр, өөх тос, давсны хэрэглээгээ чим чимхээр багасгах нь эрүүл байхын үндэс гэдгийг ойлгуулж, сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулсан. Энэ хөтөлбөрүүд маань зөвхөн нэг жилд хэрэгжээд дуусах биш, цаашид үргэлжлээд ахмадуудад амьдралын зөв хэвшил болж үлдэх ёстой. Тиймээс бид 2018 оныг өнгөрсөн жилүүдэд олсон амжилтаа баталгаажуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх жил болгон зарласан юм. Шинэ оны эхээр бид “Эрүүл урт наслах арга барилд сургах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, 800-аад ахмадыг хамрууллаа. Мөн Ахмадын Урлагийн их наадмын авъяастнуудаа тодруулж, нийтийг хамарсан уламжлалт тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байна.
     - Зууны манлай үйлдвэрийн 40 жилийн түүхэн замналын гол цөм нь тус үйлдвэрийг барьж байгуулсан анхдагч, ахмадууд гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Ойн өмнө ахмадууд маань чуулахаар бэлдэж байна. Энэ удаа ахмадууд юуны тухай ярилцах вэ?
     - 2015 онд “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга уулзалт”-ыг анх зохион байгуулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу үйлдвэрийн түүхт 40 насны ойгоор болох гэж буй нь ач холбогдолтой болж байна. Өнөөдрийн байдлаар, манай зөвлөлд 2140 ахмад бүртгэлтэй. Чуулганы бэлтгэл болгож, Ахмадын зөвлөлийн ажлын алба ахмадуудынхаа дунд хоёр удаагийн санал асуулга явуулсан. Үүний гол зорилго нь бидний хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, аяны үр дүн тухайн хүнд хэрхэн хүрсэн эсэх, хөдөлгөөний аль төрлийг хэвшил болгож буй, түүнчлэн компанийн зүгээс үзүүлдэг халамж, дэмжлэг туслалцаа хүртээмжтэй эсэх гээд ахмадын  тойрсон бүхий л асуудалд дүн шинжилгээ хийх юм. Санал асуулгын дүнг нэгтгэж багцлаад, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулна. Өөрөөр хэлбэл, ахмадуудынхаа  саналыг уламжилж, тэд юу хүсч, бодож байгаа талаар зөвшилцсөний үндсэн дээр чуулганаар хэлэлцэх асуудлаа тодорхойлно. Ингээд үйлдвэрийн захиргаанаас цаашид ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг боловсруулж, үүнийг ахмадын чуулга уулзалтаар ярилцах юм. Санал асуулгаа бид хүн бүхэнд шуудангаар ил захидал хэлбэрээр илгээсэн нь шинэлэг бөгөөд өгөөжтэй болсон. Манай ахмадууд ч идэвх санаачилгатай оролцож, 1800 орчим ахмад санал бодлоо ирүүлээд байна. Тэдний үнэ цэнэтэй санал хүсэлт, санаачилга дээр тулгуурласан учраас энэ удаагийн чуулганд тавигдах асуудлууд ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь “Эрдэнэт” үйлдвэр дэлхийд данстай, улсынхаа нэрийн хуудас болсон компанийн хувьд “Сэтгэл зүйн төв”-тэй байх ёстой. Сэтгэл санааны дэмжлэг гэдэг бол бүх насныханд хамаатай чухал зүйл. Ажиллагсдад хаана хэнд хандах, хэнээс зөвлөгөө авах гээд өдөр тутамд хэрэгцээ, шаардлага тулгардаг. Тэр тусмаа өндөр насны тэтгэвэртээ гарах гэж буй ажилчдаа сэтгэл зүйн талаас нь бэлтгэдэг, урам зориг өгдөг байх ёстой. Тэгэхээр ийм эрэлт хэрэгцээг нь хангаж, мэргэжлийн үндэслэлтэй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг нээн ажиллуулах саналыг чуулга уулзалтаар ярилцана.   
     - “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнээ хөгжүүлэх, хамгаалах том бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Нийгмийн хөгжлийн бодлогынх нь багагүй хэсгийг анхдагч, ахмадууддаа чиглэсэн халамжийн хөтөлбөрүүд эзэлдэг. Энэ тухайд манай ахмадууд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
     - Ахмадын зөвлөл саяхан үйлдвэрийнхээ удирдлагуудтайгаа уулзаж, зөвлөлийн өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт,  хийж буй ажил, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл гээд олон талаас нь ярилцсан. Үүний үр дүнд цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойгоор анхдагч, ахмадуудаа шагнаж урамшуулах, тэднийхээ хөдөлмөр алдрыг сурталчилж мөнхжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. “Уурхайчин” соёлын ордон, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба болон бусад цехтэй хамтран “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” уулзалтыг цувралаар зохион байгуулж буй нь энэ ажлын нэг хэсэг юм. Залуу наснаасаа энэ үйлдвэрийн бүтээн босголтонд гар бие оролцон зүтгэсэн эгэл жирийн ажилчин ахмадуудынхаа гавьяаг үнэлж, урамшуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн талбарт “Нэргүй баатар” хэмээн нэрлэгддэг эгэл уурхайчдаа бид тодотгож үнэлэх ёстой. Ойрын үед энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Манай ахмадууд үеийн үед Эрдэнэт уулаа “Бор уул” хэмээн шүтэж бахархаж явдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын хаана ч “Эрдэнэт” үйлдвэр шиг Ахмадын зөвлөлийн өөрийн гэсэн байртай, ахмадууддаа нэмэгдэл тэтгэвэр олгож буй үйлдвэр байхгүй. Энэ бол тэдэнд маш том санхүүгийн болоод сэтгэлийн дэм болдог юм. Компаниас үзүүлдэг халамж, дэмжлэгт манай ахмадууд үргэлж сэтгэл өндөр талархаж явдаг. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр маань цаашид сайн ажиллаж, олон жил ач буянаа хайрлаасай гэж залбирна. Үр хойч минь ургаж боловсорч, ахмад үеийнхээ үлдээсэн энэ үйлдвэрээ нэр төртэй залгамжлан авч яваасай гэж ахмадууд бид хүсдэг.


М.Балжинням
 

Лхагва, 09 5-р сар 2018 00:00

Бид мартахгүй

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар хамтран уулын үйлдвэрийн дэмжлэгтэйгээр жил бүр тавдугаар сарын 9-ний өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд баярын жагсаалд оролцогчдын тоо нэмэгдэж, ялалтын баярын үйл ажиллагаанд хойч үеийг оролцуулснаар тэд дайны хор уршиг, энх тайван зэрэгцэн оршихын ач холбогдлыг ойлгуулсан үр дүнтэй болсон юм. “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Оросын консул болон компанийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд байрлах Монгол, Зөвлөлтийн баатруудын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэж, “Найрамдлын өндөрлөг”-ээс А.Амарын талбай хүртэл жагссан.
    1941 оны 6-р сарын 22-нд хар дайн энх тайванд заналхийлж, дэлхийн хоёрдугаар дайны хөлд улс үндэстнээрээ, үй олноороо нэрвэгдэн доройтож байсны дотор ЗХУлс хамгийн их хохирол амсаж, 27 сая хүнээ алдаж гашуун зовлонд унасан юм. Энэ үед Монгол түмэн тухайн үеийн ханшаар 435 сая төгрөгийн эд мал, 300 кг алт, 485 мянган толгой агт морь, 32 мянган толгой шилдэг хүлгүүдээ фронтод илгээжээ. 1945 оны тавдугаар сарын 9-нд энх тайван ялж, дайн дууссан. Эх орноо эрэлхэгээр хамгаалан, цэл залуу насандаа үрэгдэж, эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнийг халуун биенийхээ өвдөлт, зовлонгоор хэмжиж байсан эх орончдоо, ахмад дайчдаа бид мартахгүй. Тэр хүйтэн жилүүдэд Монгол, Орос цэргүүд дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж ялалт байгуулсан бол энх цагт хамтдаа хөдөлмөрлөж, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулсан юм.
    Монгол, Орос ах дүүгийн найрамдлын бэлэг тэмдэг болсон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, уурхай даган сүндэрлэсэн энэ хотын иргэд жил бүр ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, өнөө ч хамтдаа ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд, тэдний гэр бүлд халуун мэндчилгээ хүргэдэг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 150 орчим Орос мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт хотноо ОХУ-ын 300 гаруй иргэн амьдарч байна.

 

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс
 

     Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өнөөдөр Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол улсын Ёрөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Эрдэнэт үйлдвэр бол бүхий л үзүүлэлтээрээ "номер нэг" болж буйг онцлов. Жил бүр Монгол улсын Засгийн газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран  шалгаруулдаг "Топ 100" аж ахуйн нэгжийг энэ жил 16 дахь удаагаа тэргүүлснийг дурьдаад, тус үйлдвэрийн уурхайчин хамт олны төлөөлөлтэй өдөрлөгийн индэр дээрээс шууд онлайн холбогдож, баяр хүргэн мэндчиллээ. Мөн өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцож буй Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй баг төлөөлөгчдөд дахин баяр хүргэж, амжилт хүсэв.
     Монгол улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг ард иргэдэд сурталчлах, харилцан туршлага солилцох, импорт орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах нөхцлийг өргөжүүлэхэд тус өдөрлөгийн зорилго чиглэгдсэн байна. Төрийн өмчит компаниудын эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, ололт амжилт бататгах, харилцан туршлага солилцох боломжийг нээдэг уг үйл ажиллагааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санаачлан уламжлал болгожээ. "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөгт төрийн өмчийн оролцоотой 70 гаруй байгууллага хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа нээлттэй сурталчиллаа.
     Тэд 2017 оны үйл ажиллагааныхаа ололт амжилт, эдийн засгийн үр ашиг, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, тайлангаа тавив. Өнгөрсөн 2017 онд төрийн өмчит байгууллагуудын хувьд амжилт арвин байсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон. Манай улсын 97 төрийн өмчит компаниудын 70 гаруй хувь нь ашигтай ажилласан. Энэ бол их сайн мэдээ, өндөр амжилт гэдгийг тэрээр тодотгосон.
     Энэ нь эдийн засгийн уналтыг зогсоох, сэргэлтийг хангахад бодит хувь нэмэр болж буй. Эдгээр байгууллагуудын нийт хамт олонд Ёрөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, илүү өндөр амжилт хүсэн ерөөв.


Сэтгүүлч М.Балжинням Гэрэл зурагчин Б.Баттөгс

Баасан, 04 5-р сар 2018 00:00

Ялалтын 73 жилийн ой - Эрдэнэтэд

Эх орны аугаа их дайны ялалтын 73 жилийн ойг угтаж “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн сургууль дахь Орос хэлний салбар төвөөс цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал, Орхон аймгийн ЕБС-ийн багш нарын дунд “Бидний мэдэх И.С.Тургенев” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд тэргүүн байранд 4-р сургуулийн багш Г.Отгонжаргал, удаах байрт 17-р сургуулийн багш Х.Ариунтунгалаг, 3-р байрт 14-р сургуулийн багш О.Энхжаргал нар шалгарлаа. 2018 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдөр Ерөнхий боловсролын 16 сургуулийн дунд 8-р ангийн Орос хэлний олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Хоёрдугаар шатанд нийт 16 сургуулийн 270 сурагч оролцож, 69 сурагч шагналт байруудыг эзэлсэн байна.

Технологийн сургуулийн багш ажилтнуудын дунд Цэрэг, эх орны сэдэвт караоке тэмцээнийг Уурхайчин соёлын ордонд зохион байгуулсан. Тэмцээнд таван баг оролцож хамтлаг дууны төрөлд Б.Ганболд ахлагчтай баг тэргүүн байр, Ш.Амгаланбаяр ахлагчтай баг II байр, Д.Пүрэвсүрэн ахлагчтай баг III байрт тус тус шалгарав. Гоцлол дууны төрөлд дэд профессор Б.Алтансанаа “Журавли” дуугаар  тэргүүн байр, хичээл зохицуулагч Т.Саранцэцэг “Смуглянка” дуугаар II байр, гэрээт ажилтан Ш.Буянхишиг III байрыг тус тус эзэллээ. Цэрэг, эх орны сэдэвт дууны тэмцээнийг Технологийн сургуулийн оюутнуудын дунд мөн зохион байгуулсан бөгөөд гоцлол дууны төрөлд Т.Бат-Од тэргүүн байр,Н.Орхонтамир II  байр, Б.Нямлхагва III байранд тус тус шалгарсан. Хамтлаг дууны төрөлд Т.Бат-Од ахлагчтай “Красноармейцы” хамтлаг тэргүүн байр, Б.Ганцоож ахлагчтай “Радуга” хамтлаг II  байр, Э.Цолмон ахлагчтай хамтлаг III байрыг тус тус эзэллээ.  

Эх орны дайны ялалтын 73 жилийн ойг угтсан цуврал үйл ажиллагааны хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Технологийн сургуульд “Агуу их эх орны дайн: ялалтын үнэ цэнэ”сэдэвт лекц-уулзалт зохион байгуулагдсан. Тус уулзалтад ОХУ-ын Дархан хот дахь Ерөнхий Консулын газрын нарийн бичгийн дарга,  Эрдэнэт хотод суугаа төлөөлөгч О.В.Шалимова,  Орхон аймгийн цэргийн Штабын дарга, хурандаа Г.Батсуурь,1945 оны чөлөөлөх дайны оролцогч, өдгөө 93 настай ахмад дайчин Ш.Сүрэнжав нар хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, Технологийн сургуулийн ахмад багш Б.Мажинбуу, СШУТ-ийн ахлах багш, доктор Б.Энхцэцэг нар оролцсон. Уулзалтад тус сургуулийн нэг, хоёрдугаар дамжааны 84 оюутан оролцож, тусгаар тогтнол, эрх чөлөө, ялалтын үнэ цэнэ, дайны хүнд бэрх үе, Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөний талаар сонслоо. Уулзалтын төгсгөлд түүхэн баримтат кино үзүүлж, хүндэт зочдод мөнгөн аяга бэлэглэсэн юм.

Технологийн сургуулийн СШУТ-ийн багш: Ч.Лхагвасүрэн

     Говил багийн иргэдээс цагаан тоос ундны усанд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдол гаргасан. “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторийн тогтмол хийдэг шинжилгээний дүнд итгэлгүй байдаг учраас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт тавьжээ. Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэр, МХГ хамтран ундны усанд шинжилгээ хийв. Говил багт иргэдийн зөвшөөрөлгүй дур мэдэн гаргасан худаг нь жорлонтой ойр байдаг учраас халдварт өвчин үүсэх өндөр магадлалтай байдаг бөгөөд эндээс хөрсний бохирдол илэрчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр зөвшөөрөгдсөн газарт гаргасан, Эрдэнэт голын дагуух гүний дөрвөн худаг, Хангал голын 11 цэгээс дээж авахад зөвшөөрөгдөх хэмжээ даваагүй, стандартын шаардлага хангасан байгааг тогтоолоо.

 


Э.Мөнх-Уянга

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог