×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 3-р сар 2018

     ШУТИС-ын харъяа, “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн сургуулиас төвийн бүсийн аймгуудын ахлах ангийн сурагчдын дунд сэтгэх чадварын олимпиадыг зарлалаа. Олимпиадын шилдгүүдийг гурван байр эзлүүлэн мөнгөн шагналаар урамшуулж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд суралцах эрх, “Эрдэнэт” үйлдвэрийн сургалтын тэтгэлэг хүлээж байна. Сэтгэх чадварын бүсийн олимпиадыг энэ сарын 18-ны өдөр Технологийн сургууль дээр зохион байгуулах бөгөөд 3-р сарын 5-14-ний өдрийг дуустал бүртгэх юм.


У.Цэрэнбат

     Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр 6900 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт хүрэн металын ханш 3.1%-иар буурлаа. Өнөөдрийн байдлаар зэсийн үнийн ханш дахин буурч  6750 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхний хагасаас хойших хамгийн доод ханшид тооцогдож байна. Ийнхүү үнэ буурахад Лондоны металын бирж болон Шанхайн биржийн агуулах дахь зэсийн нөөц өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн сүүлийн долоо хоногт тохиосон хөрөнгийн зах зээлийн уналт ханшийн бууралтад түлхэц өгсөн байна.
     Нөөц ихэссэн тухайд гэвэл, он гарах үед Лондоны металын бирж дэх зэсийн нөөц 200 мянган тонноор хэмжигдэж байсан бол өнгөрсөн баасан гаригт уг үзүүлэлт 336 мянган тонн болж, үндсэндээ 70%-иар өсчихөөд байгаа юм.
     Гэхдээ ANZ банкны зүгээс энэ удаагийн ханшийн бууралт нь харьцангуй түр зуурын шинжтэй байх болно гэж тайлбарлажээ. Учир нь зэсийн зах зээлд нийлүүлэлт саатах эрсдэл өндөр хэвээр байгаагийн сацуу зэсийн хамгийн том хэрэглэгч болсон Хятад улс хаягдал зэсийн импортод хориг тавьж магадгүй байгаа ажээ.


 

 

Уул уурхайн салбарыг сүүдэр мэт дагадаг аюул ослыг тэглэх алсын хараа буюу Vision Zero хөдөлгөөнд нэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд сайн туршлагыг түгээхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-тай хамтран уул уурхайн томоохон форумыг Эрдэнэт хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” нэрийн дор энэ сарын 29, 30-ны өдөр болох юм. Форумын хүрээнд Монгол улсын уул уурхайн томоохон хөрөнгө оруулагч болох “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны өнгөрсөн 40 жилийн хугацааны алдаанаас суралцсан туршлагыг отгон үйлдвэрүүдэд түгээхээс гадна олон улсад сайн туршлага болсон орчин үеийн чиг хандлагын талаар уул уурхайн салбарынхан уулзалдана. Энэ нь Орхон аймагт энэ сард зохион байгуулагдах томоохон үйл явдал болж байгаа бөгөөд яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, уул уурхайн компаниудын төлөөлөл болох 450 хүн оролцох юм. “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум нь “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан ач холбогдол бүхий томоохон ажлуудын нэг болж байна.

У.Цэрэнбат

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг Алдарт эхийн I, II одонтой 40 гаруй ээж Нийслэлийг зорьж UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” ток шоу нэвтрүүлэгт оролцлоо. Энэхүү нэвтрүүлгийн онцлох зочноор буюу гол ярилцагчаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга З.Жаргалмаа, Авто тээврийн байгууллагын Хөнгөн тэрэгний тээврийн хэсгийн жижүүр Ц.Цолмонтуяа, Тээвэр ложистекийн албаны Ачиж буулгах хэсгийн краны машинч Я.Оюунтунгалаг, Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн насосны машинч С.Бадмаараг нар уригдаж амьдрал ахуй, ажил үйлсээрээ дамжуулан компаниа сурталчлав. Мөн С1 телевизийн “Ээжүүд” нэвтрүүлэгт Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч Д.Урантуяа, Орон сууцны хэсгийн ахлах тогооч Б.Дайриймаа нар оролцож өөрийн амьдралын талаар болон “Эрдэнэт” үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг талаар ярилцлага өрнүүлсэн юм.    

Энэ үеэр Алдарт эхчүүд төрийн ордноор зочилж, үйл ажиллагаатай танилцан УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хүндэтгэлийг хүлээн авч зоог барив. Энэхүү аялалыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо санаачлан компанийн удирдлагуудын дэмжлэгээр амжилттай зохион байгуулсанд одонтой ээжүүд талархаж байлаа. Эмэгтэйчүүдийн баяраар Алдарт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа ийнхүү хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж уламжлал болон тогтож байна.

М.ОДГЭРЭЛ

     “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд  орон нутгийн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй саяхан уулзлаа. Уулзалтад  Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 компанийн төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь үндэсний  компани болсонтой холбогдуулан худалдан авалтын дүрэм журмаа Монгол улсын хуульд нийцүүлэн өөрчилж, нээлттэй, шилэн дансны худалдан авалтын бодлого баримтлан ажиллаж байгаа аж. Худалдан авалтын шинэчлэгдсэн бодлогоо орон нутгийн үйлдвэрлэгч компаниудад танилцуулан, цаашид тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Үндэсний үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжинэ

     Уулзалтын эхэнд Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам Худалдан авалтын нээлттэй, шилэн дансны бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай болон, худалдан авалтын журмыг тайлбарлан таниулав. “Эрдэнэт” үйлдвэр нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэдээ дараах шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт: “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал байх. Хоёрдугаарт: Чанар стандартын шаардлага хангасан байх. Гуравдугаарт: Зах зээлийн үнээр байх. Дөрөвдүгээрт: Хугацаандаа  нийлүүлдэг байх. Эдгээр шаардлагыг хангасан  орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал олгохоор худалдан авалтын  журамдаа тусгажээ.

Найдвартай компанитай урт хугацааны гэрээ байгуулна

     “Эрдэнэт” үйлдвэр дээрх шаардлага хангасан тогтвортой үйл ажиллагаатай, тууштай хамтран  ажиллах найдвартай компаниуд, мөн оюуны өмч эзэмшдэг, орон нутгийн аж ахуйн нэгжтэй урт хугацааны гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа аж.
     Түүнчлэн үйлдвэрлэгч компаниуд дундын зуучгүйгээр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах саналаа өгөх эрх нээгдэж байна. Албан хүсэлтээ Хангамжийн хэлтэст хүргүүлэх аж. “Манай үйлдвэр жилд нэг удаа хар, цагаан жагсаалт гаргаж, цагаан жагсаалтад орсон компаниудын удирдлагатай уулзаж,  санал хүсэлтээ солилцох, алдаа оноо байвал засаж залруулан ажиллах юм. Харин бараа бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлээгүй, хариуцлагагүй компаниудыг хар жагсаалтад оруулж дахин хамтран ажиллахгүй” гэж Хууль эрхзүйн газрын дарга мэдэгдсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Худалдан авалтын гэрээг Захирлуудын зөвлөлөөр шийддэг болгосон нь “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг компаниудад ээлтэй шийдвэр болжээ. Худалдан авалтын шинэ журмаар Худалдан авах комисс, Онцгой комиссыг байгуулан ажиллаж эхэлсэн байна.  Тус бүрдээ 20-иод хүний бүрэлдэхүүнтэй эдгээр  комисст  дан ганц дарга нар бус  мэргэжлийн хүмүүс оролцож,  худалдан авах бараа, ажил үйлчилгээг “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, шаардлагатай эсэхийг тодорхойлдог ажээ. Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний компаниудтай хамтран ажиллах нь “Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад цаг хугацаа, зардал хэмнэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа  гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж байгаа аж.  

Худалдан авалтыг нээлттэй, ил тод болгоно

     Худалдан авах ажиллагааны  хамгийн түрүүн хийх алхам нь төлөвлөгөө гаргах  аж. Бүх цех нэгжийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний төлөвлөгөөг холбогдох газар, хэлтэст нэгтгэж, Захирлуудын зөвлөлд оруулан  дэмжигдвэл Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулдаг аж. Батлагдсан төлөвлөгөөг 12-р сарын 15-ны дотор  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яаманд мэдэгдэж, нийтэд нээлттэй зарлах хуулийн заалтыг цаашид хэрэгжүүлэн ажиллана гэж Хууль эрхзүйн газрын дарга ярьсан. Хангамжийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр: “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаа нээлттэй байж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд давуу байдал бий болгосноор  урт хугацааны турш ажилтай, тогтмол орлоготой байхад нь дэм болохыг зорьж байна.  Компани урт хугацаанд оршин тогтнож, олон жил “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллахын тулд та бүхэн хууль, журмын дагуу эрүүл  үйл ажиллагаа явуулаарай. Бид боломжоороо дэмжиж  ажиллана гэв.

 

“Эрдэнэт” үйлдвэртэй хамтран  ажиллаж байгаадаа баяртай байна

     Б.Амгалан: Манай “Оракс” компани 2013 онд байгуулагдаж, туршилт, судалгаа хийсний үндсэн дээр Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн зэс болон молибдений баяжмалын шүүлтүүрийн цамц үйлдвэрлэж, “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. ЗМЗ-ын хайлах зуухнаас гардаг утаа тоос тоосонцрын шүүлтүүрийг 2015 оноос үйлдвэрлэн нийлүүлж байгаа. Орхон аймгийн шилдэг татвар төлөгчөөр хоёр удаа шалгарсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулдгийн давуу тал нь  бүтээгдэхүүний нарийн хэмжээ зөрөх тохиолдолд  газар дээр нь тулгалт хийх, богино хугацаанд засаж өөрчлөх боломжтой байдаг. “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
     Г.Эрдэнэ: “Поли-Этилин” компани хоёрдогч түүхий эдээр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг 2007 онд байгуулж, анх “Эрдэнэт” үйлдвэрээс реагентын хүхэрт натрийн хаягдал шуудай худалдан авч түүхий эдээ бэлтгэдэг байсан. 2009 оноос  молибдений баяжмалд зориулсан хуванцар поддон үйлдвэрлэж, нийлүүлж байна. Мөн Ил уурхайн инженерүүдтэй хамтран жилийн өмнө тэсэлгээний цооногт тулгуурын  томоохон  туршилт хийсэн. Манайх саяхан оюуны өмчийн  гэрчилгээ авсан. Бусад бүтээгдэхүүнээр хамтран ажиллах санал тавьсан ч өмнөх удирдлагуудаас дэмжлэг аваагүй.  Таны хэлсэнчлэн оюуны өмч эзэмшдэг компанитай шууд худалдан авалт хийх бодлого хэзээнээс хэрэгжих вэ?
     Д.Цэрэнбадам:  Оюуны өмч эзэмшдэг л бол давуу эрхтэйгээр шууд гэрээ байгуулна гэсэн үг биш. Худалдан авалтын гол  шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг харгалзана.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж буйд талархаж байна

     Ц.Гүррагчаа: Анд-Энерги хувьцаат компани 2011 онд цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр байгуулагдаж, 2014 онд Монголд анхны ЛЕД  гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Бид гэрлийн үйлдвэр байгуулсан цагаасаа “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах санал гаргасан чдэмжиж байгаагүй. Харин 2017 оноос манай үйлдвэрийг дэмжин гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэнээр үнэхээр худалдан авалт нээлттэй, зөв болж буйг харуулж байна. Цаашид  цахилгаан угсралт, автоматжуулалтын чиглэлээр шийдэх асуудлыг  нээлттэй зарлахыг  хүсч байна.

Цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна

     Д.Одгэрэл: “Нарийн хужиртын гол” компани принтерийн хорны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэт” үйлдвэртэй өмнө хоёр ч удаа хамтран ажилласан. “Эрдэнэт” үйлдвэр принтерийн хороо дахин цэнэглүүлж, ашиглавал энэ зардлыг хоёр дахин бууруулах боломжтой. Цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.
     Д.Цэрэнбадам: “Энэ бол манай үйлдвэрийн хувьд авч хэрэгжүүлэх ёстой чухал ажил байна. Бид жилд олон мянган худалдан авалт хийдэг болохоор бүх зүйлд анхаарлаа хандуулж чадахгүй байгаа. Таны гаргасан саналыг ажил хэрэг болгоно”гэв.
     Ийнхүү орон нутгийн үйлдвэрлэгч компаниуд“Эрдэнэт”  үйлдвэртэй харилцан ашигтай хамтран ажиллах тухай санал бодлоо нээлттэй солилцсоноор  уулзалт өндөрлөв. Үйлдвэрт хэрэгцээтэй, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн,  товлосон хугацаандаа нийлүүлэх хариуцлагатай компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулна гэдгээ “Эрдэнэт”-үйлдвэрийнхэн энэ үеэр илэрхийлэв.


Я.Энхтуяа




 

Пүрэв, 01 3-р сар 2018 00:00

Ижийдээ захидал бичээрэй

Эрдэнэт үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевизийн хамт олон эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” захидлын уралдааныг санаачилжээ. Мөнгөн шагнал бүхий тус тэмцээнд үйлдвэрийн ажилчин бүр оролцох боломжтой юм. Уурхайчдын ижийдээ бичсэн захидлыг шалгаруулан мөнгөн шагналаар шагнаж, үзэгч, сонсогч, уншигчдад сурталчилна. Захидлыг энэ сарыг 3-ны өдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байранд байрлах Олон нийттэй харилцах албанд хүлээн авч байна.

У.Цэрэнбат

Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн  Инновацийн төвөөс цех нэгжүүдийн 2017 оны  бүтээмжийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өглөө.  Цех нэгжүүдийн бүтээмжийн хөтөлбөрийн  тайлангийн эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмжийн үйл ажиллагааны түвшин тогтоох үнэлгээ болон 2017 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцсэн байна.  

Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үндсэн зургаан зорилтыг дэвшүүлэн ажиллажээ.  Ажилтнуудын  бүтээмжийн үйл ажиллагаан дахь оролцоо, сайн саналын систем дэх санал гаргалт, хэрэгжилтийн түвшин, бүтээмж чанарын дугуйлангийн төсөл, 5 сайн үйлсийн үнэлгээ, дүгнэлт хийж буй ажлын байрны тоог нэмэгдүүлэх, бүтээмжийн үйл ажиллагааны ахисан түвшний 6 сигма арга хэрэгслийг нэвтрүүлэх, бүтээмж чанарын дугуйлангийн системийг бүрдүүлэх зорилтуудын биелэлтэнд Инновацийн төвийнхөн ажлаа чиглүүлж, 50.3 хувийн гүйцэтгэлтэй байгааг тайландаа онцлов.

Тэгвэл бүтээмжийн үйл ажиллагааны хүрээнд нийт 12 ажлыг төлөвлөсөн байна.  Төлөвлөгөөт ажлын биелэлт 90 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх, бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэх, хяналт тавих, бүтээмжийн менежер, чиглүүлэгч нарт арга зүйн зөвлөгөө өгөх, бүтээмжийн үйл ажиллагааны тэргүүн туршлагыг түгээх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлууд 100 хувь биелжээ. Компанийн хэмжээнд сайн саналын системээр дамжуулан ажилтнуудаас ажил сайжруулахад чиглэгдсэн 3388 санал гаргасны 60,8 хувь нь хэрэгжиж, өнгөрсөн онтой харьцуулахад санал гаргалтын тоо 3,4 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, 2017 онд  сайн саналын тоо нэмэгдэж, оролцоо 3,1 хувиар, хэрэгжилт 12,8 хувиар тус тус дээшилсэн байна.  Сайн саналын тоогоор Баяжуулах үйлдвэр, Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цех, Засвар механикийн завод тэргүүлсэн бол хамгийн олон санал төсөл хэрэгжүүлсэн цехээр Баяжуулах үйлдвэр, Чанар хяналтын хэлтэс, Засвар механикийн завод бусдыгаа манлайллаа. Бүтээмж чанарын дугуйлангуудын үйл ажиллагаа ч идэвхжиж, бүтээлч төсөл, жижиг сайжруулалтын ажлын хэрэгжилт 8 хувиар нэмэгдсэнийг тайлангийн хурал онцлов.  

Ажилтнуудын бүтээлч санаачилгыг идэвхжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон зөвлөгөөн, уралдааныг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон байна. Сайн саналын системийн 100 манлайлагчийн чуулган, Бүтээмж чанарын дугуйлангийн шилдэг төсөл шалгаруулах уралдаан, 1000 инженерийн болон Мастеруудын анхдугаар зөвлөгөөн, “Гарааны бизнес ба залуусын боломж” лекц уулзалт зэрэг үйл ажиллагаанд олон ажилтан ажиллагсдыг оролцуулж, бүтээмжийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжих боломжийг бүрдүүлжээ.

Ингэснээр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн олон хөтөлбөрийн үр дүнд ажлын байрны эрсдлийг бууруулах, өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, ажил хөнгөвчлөх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг дээшлүүлэх, ажилтнуудын бүтээлч хандлага, багаар ажиллах чадвар, сэтгэл ханамж дээшлэх зэрэг эерэг олон өөрчлөлт алхмууд гарсныг мэргэжилтнүүд үнэллээ. Эдийн засгийн үр өгөөжийг тооцвол, бүтээмжийн үйл ажиллагааны урамшуулалд 197,8 сая төгрөг зарцуулж, 1118,3 сая төгрөгийн үр ашиг авчрах нөхцлийг бүрдүүлсэн буюу 1 төгрөг зарцуулж, 5,6 төгрөгийн үр ашгийг бий болгох боломжийг өнгөрсөн оны амжилт авчирсан байна.

Page 3 of 3

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог