×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 12 9-р сар 2017
     Эрийн цээнд хүрч, 40 насны босго алхаж буй Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол үе үеийн эгэл уурхайчид билээ. Уурхайн галын шугаманд өдөр шөнийн ээлжинд зүтгэх  баялаг бүтээгчдийн маань  үүх түүх  цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр улам бүр арвин болж буй нь лавтай.
     Тэрхүү уурхайчдын тухай, ажил амьдралын  бахархам үйлсийг  төвийн өдөр тутмын хэвлэлүүд өөр өөрийн хуудаснаа мөнхлөн, үлдээж байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн краны машинч С.Наранжаргалын тухай “Тэнгэрийн бүсгүй” хөрөг нийтлэлийг  Үндэсний шуудан  сонин онцолсон бол Зууны мэдээ сонинд Эрдэнэт үйлдвэрийн анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы тухай “Эрдэнэтээс  Булган аймаг хүртэл өрөмджээ” хөрөг, Өдрийн сонин Засгийн газрын мэдээ сонинууд  Засвар механикийн заводын Цутгуурын цехийн ган хайлагч Д.Энхбаатарын тухай “Ган хайлагч” хөрөг нийтлэлийг  тус тус нийтэлж, хөдөлмөрийн хүний ажил үйлсийг алдаршуулсан байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ахлах цахилгаанчин М.Алтантулгын тухай “Элгэмсүү сэтгэл” хөрөг нийтлэлийг Өдрийн сонин ээлжит дугаартаа онцолжээ. 
     Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны ойрын зорилт, өрнөж буй үйл явдлын талаар “Эрдэнэт үйлдвэр катодын зэс үйлдвэрлэхээр зорьж байна",   “ГОК-ынхон Их Британийн технологитой танилцлаа” гарчигтай мэдээ мэдээллийг Өнөөдөр, Зууны мэдээ сонинууд нийтэлсэн байна.
 

 

 

 

 

 

 

     Нийгмийн хариуцлагыг  хэрэгжүүлэгч  шилдэг жишээ Эрдэнэт үйлдвэр дэргэдээ  боловсрол, эрүүл мэнд, спорт, урлаг соёл, амралт сувилал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр арав гаруй  цех нэгжийг ажиллуулж, тэднээр дамжуулан   баялаг бүтээгч уурхайчдадаа нийгмийн олон төрлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн юм. Эдгээр цехэд   найман зуу гаруй  ажилтан албан хаагч ажиллаж, Эрдэнэт үйлдвэрээрээ овоглодог.  Өөрийн  харьяандаа бүхэл бүтэн хотын дайтай  үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууллагуудыг бий болгож,  зуун хувь санхүүжүүлдэг  үйлдвэр манай улсын хэмжээнд Эрдэнэтээс өөр байхгүй.  Энэ нь  тус  үйлдвэрт  хүний төлөөх том зорилт хэрэгждэгийн тод илрэл юм. 
     Саяхан үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон чиглэл хариуцсан удирдлагууд нийгмийн цехийн ажилтнуудтай уулзаж, тэдгээрийн уурхайчдад үзүүлж буй нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж,  соёлд шинэ алхам хийх талаар хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, уурхайчид уурхайн мөргөцөгт хад чулуутай харьцдаг бол нийгмийн цехүүд хүнтэй ажилдагаараа  онцлогтой. Тиймээс хүнд хүргэх бүх талын нийгмийн үйлчилгээ нь харилцааны өндөр соёл, сэтгэл татсан  чанартай байх ёстой гэсэн санааг  энэ удаагийн уулзалтаар дэвшүүллээ. Түүнчлэн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Нийгмийн цехүүдийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ дээрх асуудлыг хөндөж, ирээдүйд  бид өөрсдөө хэрхэн хөгжих чиг хандлагаа тодорхойлох нь зүйтэй  гэсэн юм. 
     Энэ үеэр уурхайчдыг  урлаг уран сайхан, спортоор дэмжин урам зоригийг сэргээх үүрэгтэй  Уурхайчин соёлын ордон, Спортын ордон, эрүүл энхийн манаач Эрдэнэт сувиллын цогцолбор, монгол инженерүүдийн эрдмийн овоо болсон  Технологийн сургууль, аялал амралтын төв цэг Сэлэнгэ амралтын баазынхан өөр өөрсдийн үйл ажиллагааны онцлогийг  танилцуулж, цаашдын зорилт хөтөлбөрүүдээ толилууллаа. Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал  болон ажилтнуудын санал бодлыг сонсож,  асуултуудад хариулсны дараа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэдэнд “гэрийн даалгавар” өгөв. 
     “Эрдэнэтэд очсон хүн урт насалдаг” гэж ярьдаг болсон цагт манай эрүүл мэндийн цехийн ажлын үр дүн харагдана гэсэн  үгийг Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олонд хаягласан бол сургалт үйлдвэрлэлийг  хослуулах нь үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн хамгийн том давуу тал гэж тодотгов.  Харин урлаг бол хүний зүрх сэтгэлд шууд хүрдэг утгаараа уурхайчдын чөлөөт цагийг дуу хуураар дүүрэн байлгаж, тив дэлхий болон улсын чанартай тэмцээн уралдаанд манай тамирчид тогтмол  амжилт гаргана гэсэн хэмжүүрээр спорт урлагийнхны ажил үйлс үнэлэгдэнэ гэдгийг онцоллоо. Тэрээр нийгмийн цехүүдийн цаашдын үйл ажиллагааг чанаржуулж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд үйлдвэрийн зүгээс техник тоног төхөөрөмжийн болоод ажилтнуудын мэдлэг чадвар, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалтыг шат дараатай хийх болно гэж хэллээ.   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог