Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 9-р сар 2017
ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд Бакалаврын Эчнээ сургалтанд дараах мэргэжлээр элсэлт авч байна. Үүнд:
     1. Авто инженер 
     2. Механик инженер 
     3. Ашигт малтмалын баяжуулалтын технологи 
     4. Уул уурхайн ашиглалтын технологи
     5. Цахилгааны инженер 
 
Элсэгчдэд тавигдах шаардлага: 
     • Гадаадын их дээд сургууль болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг мэргэжлийн диплом (С диплом) болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх 
 
Бүрдүүлэх материал:
     • Иргэний үнэмлэх 
     • Сургууль төгссөн дипломын эх хувь 
     • Ажлын газрын тодорхойлолт 
     • 2% цээж зураг (3х4) бүртгэлийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Технологийн сургуулийн Сургалтын албаны 110 тоот өрөөнд бүртгэнэ. 
 
Холбоо барих утас: 01352-73318, 99352856, 99888166, 95347388
 
Баасан, 29 9-р сар 2017 00:00

Төмрийн оёдолчин

     
     Эрдэнэтүйлдвэртэй ажил амьдралаа холбосон тэр л цагаас өөрийгөө  эмэгтэй хүн гэдгийг мэдэрсэн гэж ярих энэ бүсгүйтэй хэдэн хором ярилцаж суухад энэ үгний учгийг тайлсан юм. 
    Сүрэнжавын Түмэннаст арван хүүхэдтэй айлын найм дахь нь болж хорвоод хүн байхын утга учрыг бусдад түгээх нандин, эрхэм чанарыг өвөлсөн эгэл жирийн үйлдвэрийн ажилчин. Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэр буюу Эрээн  хороонд төрж эршүүд зантай ч эрх танхил айлын охин жүжигчин болохыг ихээр мөрөөдөж эгэлгүй амьдралыг хөглөжээ. 1988 онд арван жилийн сургуулиа төгсөж,  эршүүд зандаа дийлдэн геологич болохоор шийдэн Түлш эрчим хүч геологийн Техник мэргэжлийн сургуульд орж, гагнуурчин мэргэжлээр гурван жил сурчээ. Багануурын нэгдсэн уурхайн засварт жил гаран ажиллаад 1993 онд сургуулийн андаа даган Эрдэнэт гэдэг их айлд зочилжээ. 2005 онд Эрдэнэт үйлдвэрт  сонгон шалгаруулатаар гагнуурчин болох хориод залуусаас хоёрт орсон тэр цагаас өнөөг хүртэл Зууны манлай үйлдвэрийн ажилчидтай мөр зэрэгцэн ажилласаар байна. Хортой, шартай дээр нь мэргэжилдээ дуртай болохоор амжилт ар араасаа хөвөрсөөр. 
    Мэргэжилдээ дурлаж, хайртай байх нь  амьдралыг хөдөлгөгч гол хүч гэдгийг ухааран,  мэргэжилдээ тун чиг хайртай бүсгүй. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын  Засвар угсралтын хэсэгт есөн жил гагнуурчнаар ажиллаж, элэгдэж цоорсонг нөхөх биш, төмрийн нарийн оёдолд суралцахаар Металл хийцийн хэсэгт өөрийн хүсэлтээр орж ажиллажээ. Хөнгөн ажлаас илүү чаддаг зүйлээ хийх сайхан. Нарийн ур ухаан шаардсан, хийц ая данг нь тааруулах гээд л төмрийн үйлчин бүсгүйд хийх зүйл их байлаа.  Гагнасан бүтээлээ цэвэрлэж, ур ухаанаа уралдуулан, гагнаас бүр нь уран хийцтэй байх нь чухал учир, тог цахилгаанаа тааруулах, явдал суудлаа тохируулах, амьсгаагаа хуваарилахаас эхлээд дэг жаяг бүр нь үнэ цэнэтэй ажил.  
    Зогсолтгүй эргэлдэх тээрмийн хүрдийн хүчийг сааруулах эрх үйлдвэрийн ажилчдад байхгүй. Засварын үед тоног төхөөрөмжийг гагнахдаа гаргууд байх нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлнө. Сард том, жижиг нийлсэн 20- иод бүтээл гаргадаг гэхээр сүүлийн хоёр жилийн байдлаар 500-аад бүтээл төмрөөр уралжээ. Бутлуурын араа, шүд элэгдэл ихтэй байдаг тул,  олон ч удаа гагнуур хийнэ. Бутлуурын араа шүдний дийлэнх нь буюу 90 хувь нь дороо л элэгдэн төмрийн үйлчин бүсгүйн гар дээр ирнэ. Бодлоо....Яавал бутлуурын араа шүдийг илүү удаан ажиллуулах вэ гэж...Үүний эцэст хардогс, элдогс материалыг туршиж үзэн гагнаас хийхээр шийдэж тухайн араандаа тэмдэг тавин явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тэмдэгтэй бутлуурын араа түүний гар дээр ирсэнгүй.  Бутлуурын шүдний элэгдлийг  багасгах, насжилтыг нь уртасгасан томоохон бүтээл болсон нь энэ.  Энэ шийдлээс бутлуурын араа шүдний элэгдэл бүрэн буурсан гэж хэлж болно.  Энэ бүтээлээрээ уралдаанд оролцож гуравдугаар байрыг ч  эзэлжээ. Санхүүгийн хэмнэлт ихээр гарсан нь мэдээж. 
    Загвар зохион бүтээгч байхгүйгээр оёдол гарахгүйтэй адил гагнуурчид үгүй бол тоног төхөөрөмж үгүй юм. Олон жилийн нөр их туршлага, хичээнгүй хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр төмрөөр даашинз урлах дайны болжээ. Мэргэжилдээ мэргэшинэ гэдэг энэ л юм. Хүнийг хамт олон найз нөхөд нь төлөвшүүлэн хүмүүжүүлдэг болохоор нөхөрлөлөө дээдлэн хамгаас илүүд хүндэлнэ.  Токорьчин, кранчин, оператор, гагнуурчин мэргэжилтэй эгч, дүү нийлсэн зургаан бүсгүйн нөхөрлөл олон жил үргэлжилжээ. Одоо ч хэвээр. Дутууг нь дүүргэж, алдаа оноог нь дэнслэн, ааш зангаа авсан бүсгүйчүүдийн нөхөрлөлөөс сурсан зүйл их гэдгийг төмрийн үйлчин бүсгүй мартахгүй. Энэ нөхөрлөлийг Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон үеэс л эхэлсэн болохоор өнөөх эршүүд зантай бүсгүйн “эмэгтэй” болсон түүх эхэлжээ. Ажилсаг, шартай, эршүүд зантай эгэл бүсгүй тэрээр ээж М.Цэвэгжав, аав Л.Сүрэнжаваас өвлөж авсан олон эрдмийн нэг нь төмрөөр сийлбэрлэн  “наадах” эрдэм гэдгийг баталжээ. Ээжийнхээ, хоёргүй сэтгэлээр нэг л зангаар ажиллаарай гэх эрхэм сургаалийг үйл хөдлөл бүртээ мөрдлөг болгон гарын ураар хатуу төмрийг уяраасаар л байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 40-н жилийн ойн баярыг угтаж томоохон бүтээл туурвихаар төмрийн оёдолчин бүсгүй эсгүүрийнхээ ажилд хэдийн оржээ.  Их ажлын хажуугаар өрх гэрээ өөд нь татна, гал голомтоо дээдлэнэ. Нөхөр хүү хоёртойгоо амьдралыг цэцэглүүлэн өөрийн гараар урласан  зуухаар өргөө гэрээ батжуулан галаан өрдөж сууна. Ганц хүүгээ өрх тусгайрлахад нь гал голомтоосоо таслан өөрийн урласан зуухаа өгнө өө гээд ярьж суух энгүүхэн агаад эрхэмсэг төмрийн оёдолчин бүсгүйдээ ажил үйлийн дөл өөдөө байхыг хүсье. 
 
А.Бямбамаа
 
 

     Монгол улсад телевизийн салбар үүсэж, хөгжсөний 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын хүрээнд Монголын Телевизийн салбарын түүхэнд мөнхөрсөн шилдгүүдэд “АЛТАН ЦАМХАГ” шагнал гардуулах ёслол энэ сарын 27-ны өдөр боллоо. Энэ үеэр Телевизийн салбарыг дэмжигч шилдэг байгууллага, “Алтан цамхаг”-ийн эзнээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “MCS Холдинг” ХХК, “Голомт” банк, “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “АПУ” ХК тодорсон.
     “АЛТАН ЦАМХАГ” шагналыг гардан авах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Телевизийн салбарын нийт уран бүтээлч, үе үеийн ажилтнуудад хандаж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
     Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын үндэсний телевизийн бүтээлч хамт олон, тэдгээрийн гэр бүлд түүхт ойн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Мөн өнөөдөр салбарынхаа ойг тэмдэглэж байгаа арилжааны телевиз, Монгол улсын телевизийн салбарын үе үеийн уран бүтээлчид та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр банк, санхүүгийн салбарынхан, үйлдвэрлэлийн салбарынхан, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгч бидэнд энэ “Алтан цамхаг” хэмээх агуу сайхан шагналыг хүртээж, бидэнд асар их урам хайрласан, их эрч хүч өгсөн та бүхэндээ бид гүн талархал илэрхийлж байна. Монгол улсынхаа хөгжил дэвшлийг улам эрчтэй урагшлуулахын төлөө, улам ихийг бүтээн байгуулахын төлөө, улам ихийг үйлдвэрлэхийн төлөө, Монголын ард түмнийхээ төлөө, баялаг бүтээхийн төлөө, Монголын үйлдвэрлэгчид, аж үйлдвэрийн салбарынхан, банк санхүүгийн салбарынхан, уурхайчид бид зүтгэж ажиллах болно.” гэсэн юм.
     Эрдэнэт үйлдвэр ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд бусад салбарын үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн. Ирэх 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч Уурхайчид түүхт 40 жилийн ойтойгоо золгоно.  Ойн босгон дээр гардан авсан энэхүү шагнал нь Монголын ард түмэн, үзэгч олондоо Тив, дэлхийн хэмжээний спорт, соёл урлагийн томоохон үйл явдлуудыг цэнхэр дэлгэцээр дамжуулан толилуулахад Монголын үндэсний телевизтэй хамтарч ажилласныг үнэлсэн үйл явдал боллоо.

 

     Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хэлтсийн  мэргэжилтнүүд  саяхан “Цацрагийн шарлагын тунгаас авах эрсдэлийг бууруулах нь” сэдэвт  бүтээлч ажил хийжээ.  Энэ хүрээнд  хөрсөнд  элемент  тодорхойлох багажны  суурь,  дээжний  автомат тавиур  бүтээсэн байна.  Үүнийг  Байгаль орчны албаны дарга О.Эрдэнэтуяагийн санаачилгаар Д.Мөнгөншагай, А.Одонтуяа, Н.Мөнхбат нар нэг сарын  хугацаанд хийсэн байна.  Уг багажаар  ажилтан өдөр бүр  10-15 дээжинд  хоёр  цагийн турш хэмжилт хийдэг.  Цацрагийн үүсгүүр бүхий  1,7 кг жинтэй уг багажийг гартаа барьж,  дээжээ ширээн дээр тавьж нэг нэгээр нь хэмждэг байжээ. Бүтээлч  ажлын үр дүнд автомат эргэлттэй тавиур дахь дээжид  сууринд байрлуулсан багажаар хэмжилт хийх болжээ.  Ингэснээр   ажилтны авч буй шарлагын тун буюу хорт бодисын хэмжээ багасаж, богино хугацаанд олон дээжид  хэмжилт хийх боломж бүрджээ. Ажлын байрны аюул эрсдэлийг бууруулж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр хөнгөвчлөх  ач холбогдолтой уг төсөл  2,5 сая орчим төгрөгөөр бүтжээ.  ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын зардлаас 500 мянган төгрөг олгож, үлдсэнийг нь  эдний хамт  олон дотоод нөөц бололцоогоо ашиглан бүрдүүлжээ. Энэхүү багажийг Геологи хайгуулын анги болон Ил уурхайд ашигладаг бөгөөд, дээрх бүтээлийг нэвтрүүлэх боломжтой юм.
 
 
Я.ЭНХ
 
Даваа, 25 9-р сар 2017 00:00

Шинэ насос суурилууллаа

     Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн лагийн талбайн насосны станцад Германы GRUNDFOS NKG маркийн   насосыг саяхан суурилууллаа. Уг насос  цагт  130 м3 ус шахах хүчин чадалтай, 35 метрийн түрэлттэй аж.  Энэ  талбайд 2004 оноос  Оросын СТ-140 насос ажилласан бөгөөд, сэлбэг хэрэгслийн олдоц муугаас шалтгаалан  ашиглагдахгүй болжээ. Шинээр суурилуулсан  насос нь өмнөхөөс эрчим хүчийг 20-30 хувиар бага зарцуулдаг болохоор  эдийн засгийн ихээхэн хэмнэлт гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энд  шинэ насос суурилуулсантай  зэрэгцээд  арматур, битон хийцээ шинэчлэн, буджээ. Биднийг энэ станцад ирэхэд  цахилгааны газардуулгын бүслүүр төмрийг гагнаж байв. Цэвэрлэх байгууламжийн хэсгийн механик Д.Буйдан, “Лагийн талбайн насосны станц нь Цэвэрлэх байгууламжийн технологийн шугамаас ирсэн лагтай усыг  ёроол дахь  хайрган шүүлтүүрээр шүүж, усыг нь  цэвэрлэгээний  шугам руу нийлүүлдэг байгууламж юм.  Цэвэрлэх байгууламжид  лагийн  хоёр талбай байдаг. Анхны төслөөр хийгдсэн лагийн талбайд нар салхины үйлчлэлээр ус нь ууршиж лаг нь хатаж ширгэдэг.  Тэгвэл энэ талбайд усыг  шүүж,  лаг нь   үлддэг  болохоор илүү дэвшилттэй.  5-6 жилд   талбайд хуримтлагдсан лагийг зөөж хатаан  цэвэрлэдэг юм” гэв.
 
 
Я.ТУЯА
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбооноос компанийн залуучууддаа ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх, уриалан дуудсан идэвхитэй хандлага руу чиглүүлэх "Мартагдашгүй намар-2017" реалити нэвтрүүлгийг чөлөөт уран бүтээлийн NBTV, Орхон аймгийн Жаргалант сумын ЗДТГ -тай хамтран 2017 оны 9-р сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Намрын ургац хураалтын үйл явц, ямар нөр их ажлын үр дүнд ургац хураалт, тариалалт хийгддэг талаархи мэдээ мэдээллийг хүргэх, хүнсний ногоо болон тариалалтын мэдлэгийг ард иргэдэд олгох, залуучуудыг хамтарч хөдөлмөрлөх идэвхитэй хандлага руу чиглүүлэх зорилготой энэхүү нэвтрүүлэгт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шилдэг залуучуудын төлөөллүүд болох Б.Баясгалан (Баяжуулах үйлдвэр), Д.Пүрэвдорж (Авто тээврийн байгууллага), О.Батбилгүүн (Засвар механикийн завод), О.Цэрэнбямба /Тээвэр ложистикийн алба-Материал техникийн хангамжийн бааз), Ж.Мөнх-Эрдэнэ /Тээвэр ложистикийн алба-Төмөр замын цех), М.Төвшинтулга (Онцгой байдлын алба), Б.Отгонтуяа (Эрчим хүчний цех), Ш.Болормаа (Төслийн менежментийн хэлтэс), А.Мөнхзаяа ("Эрд сүлж" ХХК), Г.Сувд (Үйлчилгээ, аж ахуйн алба) нар тус тус оролцож байна.  
     Хамтдаа ажил хөдөлмөрийн үр шимийг мэдэрч, намрын ургац хураалтандаа гарсан нийт залуустаа ажлын их амжилт хүсье.
     УУРХАЙЧИН_ЗАЛУУЧУУД_МАНДТУГАЙ
 
 
 
 
Пүрэв, 21 9-р сар 2017 00:00

МЭДЭГДЭЛ

     Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаа болон тус компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн талаар гүтгэлгийн шинжтэй ор үндэслэлгүй мэдээлэл зарим телевиз, мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж, үзэгчид, уншигчдыг төөрөгдүүлэх гэж оролдож байгаад харамсч байна.
     Энэ нь улс орныхоо өмнө өндөр хариуцлага хүлээж, 24 цагийн  тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа хэцүү цаг үед  улсын төсвийг бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрч хамт олныг дотроос нь  хагалан бутаргах, эв эеийг нь алдагдуулах, Ерөнхий захирлаас авч хэрэгжүүлж байгаа мэргэжлийн удирдлагын арга барил, үр дүнг харлуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улс төржүүлэх, удирдлагын албан тушаалд санаархах зорилгоор зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэж харж байна. 
     Ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй,  Эрдэнэт үйлдвэрийнхэн ажил хаялт, суулт зохион байгуулна, Ерөнхий захирал олон тооны мэргэжлийн бус зөвлөх томилсон, Ерөнхий захирал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэх мэтчилэн шил шилээ дарсан үндэслэлгүй мэдээлэл цацагдлаа.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий  захирал Х.Бадамсүрэн нь Компанийн тухай хууль, компанийн Дүрмийн хүрээнд улс төрөөс ангид үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан бүтцийн дагуу байгуулагдсан Ажлын албанд тодорхой төсөл хариуцсан, өндөр мэргэжлийн, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын баялаг дадлага туршлагатай ажилтнуудыг томилон ажиллуулж байна. Эдгээр нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд цаг алдалгүй хэрэгжүүлэх томоохон төслүүдийг, тухайлбал Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг удирдаж байгаа бөгөөд цалин нь 2,5 сая төгрөг болно. 
     Үйлдвэр ажилчдынхаа цалинг 2017 оны тав дугаар сарын 01-нээс 10 хувиар нэмснээр үндсэн цалингийн фонд 6,9 тэрбум төгрөгөөр өссөн, мөн урамшууллын санг долоо дугаар сарын 01-нээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлого 120-450,0 мянган төгрөгөөр өссөн болно.  Үүнээс гадна 2017 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр нийт ажилчиддаа 2,7 тэрбум төгрөгийн шагнал урамшууллыг олгосон. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухай бүрт мэдээлж байсан болно.
     Үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн горимоороо тогтвортой, тасралтгүй, жигд явагдаж, ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд ажил хаях, суулт зарлах ямарваа хандлага, яригдсан зүйл байхгүй болно. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсан 39 жилийн хугацаанд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагаа умартаж, ажил хаяж, үйлдвэрлэлээ зогсоож байсан түүх байхгүй. Хоногт дунджаар 4,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байгаа үйлдвэрийг нэг минут ч зогсоох эрх байхгүй гэдгийг мэдэгдэж байна.
     Манай компани 2017 оны эхний найман сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 101,0-154,0 хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөв болон цахилгаан эрчим хүчний төлбөр, төмөр замын тээврийн зардалд нийт 494,6 тэрбум төгрөг төлсөн.
     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь 2016 оны арваннэгдүгээр сараас 4 жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд ажлаа өгөх өргөдөл өгсөн гэдэг нь огт худал мэдээлэл юм. Мөн тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч үндэслэлгүй болно.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс энэ мэт элдэв гүтгэлэг, худал мэдээлэлд хүлээцтэй хандаж ирсэн.  Цаашид ийм байдал үргэлжилбэл үндэслэлгүй мэдээллийн талаар хууль хяналтын байгууллагад хандахаа албан ёсоор МЭДЭГДЭЖ байна. 
    Ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээж, олон түмнийг төөрөгдүүлэхээ зогсоож, Эрдэнэт үйлдвэрийн талаарх бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудад УРИАЛЖ байна. 
 
 
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
     Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийнхний  хувьд өнөөдөр онцгой баярт сайхан өдөр болж байгааг  тус  төвийн захирал Б.Батсүх онцоллоо.  Учир нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон 2017 онд Орхон аймагтай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд нэн шаардлагатай эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний тоног  төхөөрөмжийг  бэлэглэсэн юм. 
     Тоног  төхөөрөмж  гардуулах үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч  Д.Дэлгэрбаяр, Эдийн засаг хариуцсан орлогч  Ж.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцож,  хоёр талын хамтын ажиллагаа нь Орхончуудын эрүүл мэнд, боловсрол гээд хүний хөгжлийн  олон  асуудлыг  шийдвэрлэхэд  эерэг  үр дүн өгч буйг  энэ үеэр тэмдэглэв.  
     Энэ онд Эрдэнэт үйлдвэрийнхэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоёр дахь  удаагийн бэлгээ илгээж буй бөгөөд эхнийх нь  нярайн тасагт чухал шаардлагатай дуслын шахуурга аппарат байсан. Харин энэ удаагийн тусламж нь 100 сая төгрөгийн өртөг бүхий хэт авиан бүх төрлийн  дүрс  оношилгооны эхо аппарат, өвчтөний монитор, амьсгалын аппарат,  гурван үйлдэлт өнгөт хэвлэгч  зэрэг тоног  төхөөрөмжүүд байв.  
     Эдгээр тоног  төхөөрөмжийг  “Чоно гол” ХХК тендерт шалгарснаар нийлүүлсэн аж. Тус компани нь эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлэгч таван компанийн нэгд тооцогддог  туршлагатай байгууллага юм.  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өгч буй тоног төхөөрөмжүүд нь 2017 оны шинэ загварууд бөгөөд  таван жил тасралтгүй ашиглах боломжтой гэж тус компанийн ахлах инженер Л.Бат-Энэрэл онцлов.  

 

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог