×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 12-р сар 2017

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон шинэ жилийн сүлд модоо чимэглэж, гэрлээ асаалаа. Энэхүү “Сүлд модны гэрэл асаах ёслол"-ыг өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн бөгөөд ирж байгаа ондоо амжилт бүтээл, аз жаргалыг өнгө өнгийн гэрэл чимгээр даллан дуудах бэлэгдлийг агуулж байгаа аж. Хуучин оноо үдэж, 2018 оноо угтах шинэ жилийн баяр, Сүлд модны гэрэл асаах ёслолд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, удирлагууд болон Орхон аймгийн төр захиргааны байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид оролцож, шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн урлаг соёлын одод хүрэлцэн ирж, Эрдэнэтчүүддээ ая дууны дээжээс өргөн барилаа. 

 

 

 

  

   
 

Баасан, 08 12-р сар 2017 00:00

Тоочин бүсгүй

    

     Намуухан дуутай, нүдэнд дулаан төрхтэй эмэгтэй дөлгөөхөн инээмсэглэж, асуултад минь жинтэй хариулна. Түүний өгүүлсэн бүхэн яагаад ч юм ухаарал шингэсэн мэт санагдаж билээ. Тийм  байх ёстой, ийм байх учиртай гэж сургаал айлдаагүй ч үг бүр нь нэг л тийм үнэ цэнэтэй хөвөрнө. Аливаад ул суурьтай, бүр нэг “шүүсийг нь сайн шахсан аарц” гэдэгчлэн ямар ч  дутуу дулимаг зүйлгүй эмх цэгцтэй байхыг шаарддаг ажил мэргэжил нь нөлөөлсөн ч байж мэднэ. Тэр тоочин хүн л дээ. Сүүлийн арав гаруй жил Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засгийн хэлтэс, Баяжуулах фабрикт цалин хөлсний эдийн засагчаар ажиллаж байна. Харин унаган  мэргэжил нь автоматжуулалтын  инженер. Энэ л мэргэжил нь түүнийг  Эрдэнэт  хэмээх их айлын нэгэн гишүүн болж, слесариас  эдийн засагч хүртэлх  үргэлж өөдөө ахисан алба хашихад нь хөтөлжээ. Эдүгээ Баяжуулах фабрикийн эдийн засагч, ажлаа ч,  амьдралаа ч  “часхийтэл” авч яваа Ц.Долгоржав гэх энэ намба төгс эмэгтэй Эрдэнэт хотод 1986 онд иржээ. ОХУ-ын  Свердловск хотын Уулын дээд сургуулийн  чансаатай “бүтээгдэхүүн”-үүдийн нэг.  
     Эрдэнэт хот минь яг л нэг Оросын тосгон шиг. Цас орохоор их гоё жигдхэн хөвсийж харагдаад л.  Оросын мэргэжилтнүүд их олон, гадаа гудамж талбайд хаа сайгүй Оросуудтай таарна. Свердловск хотоосоо арай өөр хотод ирсэн мэт сэтгэгдэл төрдөг сөн. Залуухан инженер бүсгүй шинэхэн хотдоо ирсэн анхны бодлоо ийнхүү уяран дурсан өгүүлэх.
    Түүний  “Эрдэнэтийн хүн” болсон түүх тэр үед уулын мэргэжил эзэмшээд энэ нутагт ээнэгшсэн олон залуусын л адил. Свердловскийн уулын сургуулийн дээд курсын  “ах” нэгэн насны хайр, амьдралынх нь хань түшиг болох хувь тавилантай байв.  Нэг жилийн өмнө төгссөн  нөхөр Ж.Баатар нь  Баяжуулах фабрикт томилогдон ирсэн нь Эрдэнэт рүү тэмүүлэх томоос том шалтгаан болжээ. Гэвч тэр хүсэл нь шууд биелээгүй гэдэг. Хөгжилтэй ч гэмээр саад байсан гэж тэр хуучлав. Шинэ төгссөн мэргэжилтнүүдийг уул уурхайн яам томилно. Түүнийг  яаман дээр очиход Монгол Чехийн хамтарсан нэгдэл гэдэг байгууллагад цахилгааны инженерээр томилсныг танилцуулжээ. Мэдээж,гэр бүл Эрдэнэтэд байгаа тул тийшээ  явах хүсэлтэй гэдгээ ч хэлж. Тухайн үед яамны боловсон хүчин Логшир гэж хүн  “хэрэв чи Эрдэнэт явбал инженер биш слесарь л хийнэ шүү  дээ” гээд чамгүй удаан хүлээлгэсэн гэнэ. Энэ үеэр нэг  төгсөлтийн Ганхуяг гэдэг залуу “Бор-Өндөрт хуваарилагдчихаж, хөдөө явахгүй” гээд бас яаман дээр байхтай нь таарав.  Өөр өөр бодолтой ийм хоёр хүн  яаман дээр өнжин хүлээж буйг харсан яамны  боловсон хүчин нэлээд залхсан шинжтэй  “нэг нь хотод үлдэнэ, нөгөө нь хөдөө явна гээд хаашаа янзын хүмүүс вэ” гээд хүсэлтийг нь ёсоор болгож байжээ. Ингэж Ц.Долгоржав Эрдэнэт нутгийн зүг хувь заяаны жолоог залсан юм. Тэр ирээд шууд л Тооцоолон бодох цехэд кип автоматикийн  слесарь болов. Тус цехэд харьяатай ч ажил нь  Баяжуулах фабрикийн реагентний хэсэг дээр өрнөнө.  Өөрөөр хэлбэл, энэ хэсэг дээр тоног төхөөрөмжийн урвалжийн  даатчигийн үйл ажиллагааг хариуцдаг слесар байв. Эндээс л тэр мэргэжил дээрээ тасралтгүй өсөж, өндийн оператор,  программист инженер, рентген лабораторийн ахлах инженер болох шатаар амжилт дүүрэн алхсан юм.

    Аварга тээрэм, хүчит техник нүргэлсэн орчноо сольж, нөгөө талаар өөрийгөө дахин сорьж үзэхээр шийдсэн нь эдийн засагчаар ажиллая гэсэн эрмэлзэл төрснийх. Энэ бодлоо  цехийн даргадаа хэлэхэд нь дэмжсэн хариулт өгчээ. Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцан төгсөж,  үйлдвэрийнхээ зүрх нь болсон Баяжуулах фабрикийн эдийн засагч болов. Өнөөг хүртэл төрөлх цехдээ ажиллахдаа тэр өмнөх ажлаа хийгээд, цагаа бүртгүүлээд явдаг жирийн нэг ажилтан байсангүй. Цаг ямагт шинийг эрэлхийлж, санаачилгатай, чадварлаг, “толгой сайтай”  тоочин гэдгээ харуулсаар явна. “Эдийн засагчаар Баяжуулах фабрикт ирэхэд зөвхөн цалингийн тооцоон дээр л гэхэд гурван эдийн засагч яг ижилхэн зүйлийг эксел программ дээр давтаж хийдэг байв.  Цаг хугацаа, бүтээмжид сөрөг нөлөөтэй энэ давхцлыг арилгах санаа тэр үед төрж,  дэлгэрэнгүй мэдээллийн баазтай программ шинээр хийе гэж шийдсэн. Тооцоолон бодох цехийн программист инженер Ц.Цэвэлтэй хамтраад, тухайн ажилтны ажилласан жил сар, шилжилт хөдөлгөөн гээд бүхий л мэдээллийг ганцхан товчлуур дараад харах боломжтой мэдээллийн нэгдсэн бааз хийж, нэвтрүүлсэн. Одоо энэ программыг “Хөдөлмөрийн бүртгэлийн программ” нэртэйгээр үйлдвэрийн хэмжээнд хэрэглэж байна. Анх хэн санаачилж,  хийснийг одоогийн залуус маань мэдэхгүй ч үйлдвэрт маань ашиглаж байгаа гэж бодохоор сэтгэл маш өндөр явдаг даа” хэмээн тэр бахархал дүүрэн хэлсэн. Уурхайчидтай ажиллах сайхан. Нээлттэй, шулуун шударга хүмүүс байдаг. Бидний дараагийн үе эхэлж, залуусаар цех маань хүч сэлбэж байна. Тэдэндээ хийсний хэрээр цалин урамшуулал нэмэгдэж, хэрхэн тооцож, олгож байгааг уйгагүй тайлбарлаж өгдөг. Эрдэнэсийн  уулынхаа буянд ажил үйлс,  амьдрал ахуй сайн сайхан, дээшээ байгаад  үргэлж  сэтгэл хангалуун яваарай гэж захих дуртай гэж сэтгэлээ уудалсан.

     Түүний нэг том бахархал нь уурхайн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэлцэж, “багшаа” гэж дуудуулах завшаан тохиосон он жилүүд. Технологийн сургуулийн оюутнуудад автоматжуулалтын инженерийн хичээлийг  үйлдвэрлэлийн цехэд   биетээр харуулан зааж байсан нь өгөөжөө өгчээ. Түүний шавь нараас Нунтаглан баяжуулах хэсгийн дарга М.Отгон, ахлах механик Б.Болор-Эрдэнэ, М.Жамбал, ээлжийн мастер Ч.Намнансүрэн гээд олон чадварлаг инженерүүд уул уурхайн салбарыг өнгөлж явааг дурсахгүй өнгөрөхийн аргагүй.
     Хүн бүрт өөрийн шилдэг чанар, увидас гэж бий.  Ц.Долгоржавын хувьд алган дээрээс нь ямар ч нарийн арчилгаатай ургамал жимс ногоо хэдийд ч урган цэцэглэж байдаг увидастай. Өсөж үржихийн ерөөл түүнийг дагаж явдаг гэмээр. Тэр тун чиг ажилсаг эмэгтэй. Гэрийнхээ гадна талбайд үрэл, мойл, улаалзгана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, тошлой, интоор, алим гээд жар гаруй төрлийн ховор сонин жимсний мод, бут, хүнсний болон нарийн ногоонууд тарина. Арчилгаанд нь зориулж цаг гаргана. Ажлаа тараад жимс ногоогоо услах гэж яарна. Ургаж байгааг нь хараад, баярласандаа ганцаараа ч ярих үе гарна. Нарийн ногоонууд бүр ч их арчилгаа ажиллагаа шаардана. Зэрлэг зулгаахаас эхлээд ажил мундахгүй. Энэ жил тэр интоороо хурааж, чанамал хийсэн гэнэ. Хамгийн их “хайр” шаардлагатай нь бөөрөлзгөнө гэсэн. Бас мандарин, нимбэг, гүзээлзгэнэ тарьж, жимсээ хураагаад эхэлжээ. Ээжийнхээ хоббиг охид нь  дэмжиж, Бээжингээс мандарины суулгац хүртэл авчирч өгсөн гэнэ. Ургацаа хурааж, түүнийхээ дээжээр  найз нараа дайлахдаа тэр хамгийн их жаргалтай байдаг гэсэн. Өөрөө тарьж, ургуулж, тэр бүхнээ бусадтай хуваалцах хамгийн сайхан гэж нэмж өгүүлнэ лээ. Одоо тэр үйлдвэрийнхээ ахмадуудын эгнээнд шилжиж буй. Урт амралтаа авахаараа ширээний теннисээ тоглоно, бүжиглэнэ, ногоогоо тарина, бас хүүхдүүд дээрээ зочлоно. Уйдах завгүй ийм л эрч хүчтэй хүмүүс аз жаргалыг түгээж байдаг гэлтэй.  
     Ажил хөдөлмөрийнх нь үзүүлэлт тоон хэлээр хэмжигддэг ч амьдралын урсгалыг хүний сэтгэлийн сайхнаар  хэмждэг гэж тоочин бүсгүй хэлсэн. Амьдрахуйн төгс утга учир энэ буй заа.   


М.Балжинням  
     

    

 

Уул уурхайн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “Монголын уул уурхайн салбар 95 жил" бага хурлын тэргүүн байранд Технологийн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан Ч.Итгэлтбаатар /Удирдагч Б.Одбаяр, магистр/ “Белаз-75131 автосамосвалын эргэлтийн цилиндрийн эдэлгээг уртасгах боломжийн судалгаа” сэдвээр  шалгарч өргөмжлөл, 1.000.000 төгрөгийн мөнгөн шагнал, дэд байранд Технологийн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан М.Ням-Очир, М.Тэнгис /Удирдагч Б.Одбаяр, магистр/ “КМД маркийн бутлуурын хуяг сэргээн засварлах боломжийн судалгаа” сэдвээр шалгарч өргөмжлөл, 750.000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Амжилттай оролцсон оюутнууд болон удирдсан багш нарт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Технологийн сургуулийн захиргаа

 

Бүлэг Боловсрол

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос компанийн захиргаанд хандаж, ажилчдын автобусанд эмэгтэйчүүдэд зориулсан ягаан суудалтай болох, автобусны урд хаалгаар зөвхөн эмэгтэйчүүдийг оруулж байх саналыг 2017 оны 10 сарын 09-ний өдөр хүргүүлсэн.
     Энэхүү санал, санаачилгыг компанийн захиргаа шуурхай шийдвэрлэж, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс бодит ажил болж хэрэгжиж эхэллээ. “Ягаан суудал, урд хаалга” аяны хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчдын 25 автобусны 100 суудлын бүрээсийг  ягаан өнгийнхөөр сольсон бөгөөд автобусны урд хаалгаар зөвхөн эмэгтэйчүүдийг оруулж эхлээд байна.
     Эмэгтэйчүүдийн Холбооны  “Ягаан суудал, урд хаалга” санаачилга нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, АТБ-ын зорчигч тээврийн хэсгийн дарга Д.Алтанбаяр, автобусны жолооч нар, Эрдсүлж ХХК-ийн технологич П.Золзаяа, оёдолчин бүсгүйчүүд зэрэг маш олон хүний дэмжлэг оролцоотойгоор хэрэгжсэн тул холбооны зүгээс талархал илэрхийлье.
     Манай улсын хэмжээнд салбар, байгууллага бүр үйл ажиллагаандаа жендерийн мэдрэмжтэй бодлого баримталж ажиллах зорилт тулгарч буй өнөө үед манай компани “Ягаан суудал, урд хаалга” санаачилгыг дэмжсэн явдал нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах асуудлаар нэг алхам урагшилсан үзүүлэлт боллоо.
     Цаашид “Ягаан суудал, урд хаалга” санаачилгыг үйлдвэрийн ажилчид өдөр тутамдаа хэвшүүлэх зөв дадлын нэг болж, манай үйлдвэрийн байгууллагын соёлыг тодорхойлох нэг хэмжүүр болно гэдэгт эмэгтэйчүүд бид итгэж байна.


 

     Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг ган бөмбөлгийн цехийхэн 2018 оныг “Чанарын жил” болгон зарлалаа. Тус цехийн хамт олон ирэх онд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг  улам сайжруулахад түлхүү анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
     Цехийн хамт олон Технологийн сургуультай хамтран ган бөмбөлгийн бэлдэцийн чанарт хими анализийн судалгаа хийж  байгаа юм. Ингэснээр 4-р ангиллын, өндөр хатуулагтай, шаардлага хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Чанарын шаардлага хангахуйц  бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд элементийн хувь хэмжээг оновчтой сонгож, өндөр хатуулагтай ган бөмбөлөг үйлдвэрлэхэд анхаарах чухал юм. Мөн ган бөмбөлгийн чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх хөргөлтийн системийн шинэчлэл хийж байгаа аж. Одоогийн байдлаар уг  шинэчлэлийн ажил 80%-тай явагдаж байна. Усны температурыг хэвийн хэмжээнд барих урсгалыг тогтмол бий болгохын тулд уг ажлыг хавсран гүйцэтгэж байгаа талаар цехийн удирдлагууд онцлов.
     Ирэх  онд тус цехийхэн Баяжуулах үйлдвэрийн захиалгат  24800 тонн ган бөмбөлөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

     Эрдэнэт сувиллын цогцолборын амбулаторийн үзлэгийн өнгөрсөн сарын мэдээллээр томуугийн вирусын халдвартай 117 ажилтан үзлэгт хамрагдсан байна. Хүйтэн, сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж өрхийн эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг байна.
     Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Мөн бага насны хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
   • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн  хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
   • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
   • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
   • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
   • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
   • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
   • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
   • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
   • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
   • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.




 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех нэгжүүдийн дунд жил бүр зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
     Тэмцээний тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн “Дэвшилд тэмүүлэгч” баг шалгарч өргөмжлөл цом, таван сая төгрөгийн мөнгөн шагналын эзэд болов. Дэд байрыг  Барилга засварын цехийн “Дуулга” баг эзэлж,  өргөмжлөл гурван сая төгрөг хүртсэн бол, гутгаар байрт Цахилгаан цехийн “ЭМАЖ ХАБ” баг шалгаран, өргөмжлөл хоёр сая төгрөгөөр шагнагдлаа. Тусгай байрыг Засвар механикийн заводын “Риск & витамин”, Ил уурхайн “Уурхайн бүргэдүүд” багууд эзлэв. Тэмцээний “Шилдэг үзэсгэлэн” номинацид Дулаан цахилгааны төвийн “Мегаватт” баг, “Шилдэг мэндчилгээ” номинацид  Барилга засварын цехийн “Дуулга”баг тус тус шалгарав. Харин  “Шилдэг ХАБЭА-н инженер”- ээр Эрдэнэт сувиллын цогцолборын ажилтан Энх-Од, “Шилдэг гэрийн даалгавар гүйцэтгэгч”-ээр Чанар хяналтын хэлтсийн “Талст” багийхан, “Шилдэг арга зүйч”-ээр Тээвэр ложистикийн албаны ажилтан М.Сүхбаатар, “Шилдэг манлайлагч”-аар Орон сууцны хэсгийн дарга М.Болдбаатар,  Орос 19-р сургуулийн захирал Степанова С.И, Орос цэцэрлэгийн захирал Ивченкова Е.В,  “Шилдэг багийн ахлагч”-аар Цахилгаан цехийн ажилтан П.Болд-Энх нар тус тус тодорлоо.



.
 

     Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/702 тоот тушаал гарч, компанийн хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт орсон. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар заасан байдаг. Үүний тулд хөдөлмөрийн  дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх арга хэмжээ авахыг тусгасан. Үүнтэй холбогдуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран жендерийн эрх тэгш байдал, ажлын байрны бэлгийн дарамт сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтыг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Монфемнет Үндэсний сүлжээний сургагч багш нар удирдан багаар ажиллах хэлбэрээр зохион явуулсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. Сургалтанд цехүүдийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч 30 гаруй бүсгүй хамрагдав. Эмэгтэйчүүд энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээр өөрийн цехдээ сургалт зохион байгуулах аж.

 


М.ГЭРЭЛ

2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын дунд хэрэгжүүлэх “Эрүүл мэнд” хөтөлбөрийн төлөвлөгөө батлагдлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд шинэлэг хийгээд онцлог ямар төсөл, үйл ажиллагаа явагдах талаар ХАБЭАБОХ хэлтсийн лабораторийн дарга О.Алтансүхээс тодрууллаа.



“Эрүүл мэнд” хөтөлбөр хэдэн он хүртэл хэрэгжих вэ?
2018-2022 он хүртэл хэрэгжих “Эрүүл мэнд” хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд жил бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдаад явдаг. Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Спорт цогцолбор, “Уурхайчин” соёлын ордон, ХАБЭАБОХ хэлтэс, Технологийн сургууль, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг хуралдаж ирэх онд хийх ажлаа тодорхойллоо. Эдийн засгийн хэлтэс компанийн биенес төлөвлөгөөнд зардал суулгах ажлыг хариуцан оролцдог.

Хэрэгжих төслийг хэрхэн сонгодог вэ?
“Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нараас маш олон төсөл ирсэн. Бид комиссын хурлаар хэлэлцээд хэрэгжих боломжтой, үр дүнтэй гэсэн төслийг төлөвлөгөөнд оруулсан байгаа. Хөтөлбөр маань компанийн ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, хувь хүнийг төлөвшүүлэх, эрүүл ажилтныг дэмжих, удирдлагын оролцоог нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр 10 гаруй төсөл хэрэгжинэ.  Үйлдвэрийн цехүүдийн ажлын байр руу чиглэсэн ажлууд түлхүү хийгдэх юм.

Онцлог төслүүдийг тодорхой танилцуулбал...?
Тухайлбал, “Алжаал ядаргааны хөтөлбөр” хэрэгжинэ. Энэ нь Оюутолгойд хэрэгждэг хөтөлбөр л дөө. Ээлжийн ажиллагсдад тэр дундаа технологийн тээврийн жолооч нарт “Ухаалаг малгай” хэрэглүүлэх төсөл. Эхний ээлжинд Белазын жолооч нарт өмсүүлж турших юм. Шаардлагатай гэж үзвэл бүх жолооч нарт чип карт бүхий ухаалаг малгай өгнө. Энэ малгай нь ядаргааны түвшинг тогтоодог. Анхаарал сулрах үед дохио өгч сэргээнэ. Шөнийн ээлжийн жолооч нарыг үүрэглэх эрсдэлээс хамгаална. Энэ төслийг Хөгжлийн хэлтэстэй хамтарч хэрэгжүүлэх юм. Австралийн компаниас үнийн санал ирсэн байгаа.

Ямар үнэтэй эд вэ?
Эхний жил 10-аад малгай авч энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 63000 доллар зарцуулахаар байгаа. Дараагийнх нь “Амьсгал хамгаалах хөтөлбөр”. Бидэнд Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлагын дагуу чиглэл өгсөн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд мэргэжлээс шалтгаалах өвчинтэй 900 гаруй тохиолдол бүртгэгдсэний 70 хувь нь тоосны шалтгаант өвчлөл эзэлж байгаа. Иймээс ажлын байран дахь эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл болох аюултай тоос тоосонцор, утаа, уур хийн аюулаас ажиллагсдын амьсгалын эрхтнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Амны хаалтуудын тохиргоог тест хийх замаар тодорхойлно. Жишээ нь Засвар механикийн заводын Цутгуурын цех, Дулаан цахилгааны төв, Ган бөмбөлгийн цехийн ажилчдад ямар төрлийн маск илүү тохирохыг хэрэглүүлэх юм. Хөгжлийн хэлтсээс чиглэл өгсний дагуу “Эрүүл мэнд” хөтөлбөрийн төлөвлөгөөнд зардлыг нь суулгаж хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ мөн л Оюутолгой компанид хэрэгждэг хөтөлбөр.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог