×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2017

Саяхан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй баг Европын холбооны зарим улсын уул уурхайн компаниудад ажлын айлчлал хийгээд ирлээ. Уг айлчлалын зорилго, үр дүнгийн талаар Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяраас тодруулав.  

Европын орнуудад хийсэн энэ удаагийн ажлын айлчлалын гол зорилго, ач холбогдол юу байв?
Энэ удаагийн ажлын айлчлалын багийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл, ерөнхий захирлын уул уурхайн асуудал хариуцсан зөвлөх Н.Бямбадорж болон миний бие багтсан. Айлчлалын хүрээнд Герман улсын Thyssen Krupp концерн, Takraf Tenova, Чех улсын Vitkovice Machinery, Польш улсын Фамур Фамак зэрэг группийн үйл ажиллагаатай танилцаж, үндсэн хоёр чиглэлээр ярилцлаа. Германы  Thyssen Krupp концерн, Takraf  Tenova, Польшийн Фамур Памак группуудтэй Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн хөрсийг конвейрийн системээр тээвэрлэх төсөл дээр хамтран ажиллах боломж, техник технологийг судлах, техникийн зөвлөгөө авах талаар санал солилцлоо. Эдгээр компаниуд нь бүгд техникийн болоод туршлагын хувьд дэлхийд танигдсан том группууд юм. Тиймээс манай талаас  хамтарч ажиллах санал тавьсан. Нөгөө талууд ч бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байгаа. Төслийн зохион байгуулалтыг  тусдаа ярьж байж шийдвэрлэнэ. Ажлын айлчлалын дараагийн асуудал нь манай Засвар механикийн заводын шинэчлэлийн чиглэлээр байсан бөгөөд Чех улсын Vitkovice Machinery групптэй хамтран ажиллахаар тус компанийн туршлага, техникийн хүчин чадал зэрэг олон давуу талыг нь ашиглан засвар механикийн заводаа шинэчлэх боломжийн тухай ярилцсан. Vitkovice Machinery групп ч энэ тал дээр хамтрах боломжтой гэдгээ бидэнд илэрхийллээ. Мөн металлургийн чиглэлээр инженер техникийн ажилтнуудаа харилцан солилцож, туршлага судлуулах, тодорхой хугацаанд ажиллуулах асуудлыг ярилцсан байгаа. Тус группын  дэргэд манай үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуультай ижил уул уурхайн коллеж байдаг юм билээ. Энэ сургуулиудын хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан оюутан, багш нар солилцох, цаашилбал хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн асуудлаар ч бид бас ярилцлаа.

Дээрх хоёр асуудал компанийн 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан байгаа?
Тийм.  Үндсэн чиглэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх том төслүүдийн хоёр нь дээрх  асуудлууд гэж хэлж болно.

Хамтын ажиллагаа хэдийд биеллээ олж эхлэх вэ? Хэрхэн төлөвлөж байгаа вэ?
Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ тодорхой шат дараалсан арга хэмжээнүүдийг авах нийтлэг стандарт гэж байдаг. Тэр стандартын дагуу эхлээд судалгааны ажлуудаа хийх ёстой. Үйлдвэрийн хэмжээнд бид өөрсдийн боломжид тулгуурлан судалгаа хийсэн. Үүн дээр технологийн талаасаа хараат бус зөвлөхүүдийг авч ажиллуулах шаардлага байгаа. Тэр зөвлөхүүдийн хүчээр техник  эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Техник эдийн засгийн үндэслэлээс хамаараад аль компанийн ямар тоног төхөөрөмжийг сонгох вэ, худалдан авалт болон угсралт тохируулгын ажлыг яаж хийх вэ, төслийн чанарт яаж хяналтыг тавих вэ гэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эхний шатны судалгааны ажлын үр дүнгээс төслийн хэрэгжилтийн хугацаа тодорхой болно.

Европын эдгээр компаниудтай үйлдвэрлэл, хүний нөөц мэргэжилтнүүдээ солилцох, дадлага туршлага судлах гээд олон чиглэлээр хамтран ажиллахаар ярилцжээ.  Тэгвэл төсөл хэрэгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл нь хөрөнгө оруулалтын асуудал. Энэ талаар ямар чиглэлтэй байгаа вэ?  
Хөрөнгө оруулалтын хувьд бол нэлээд болгоомжтой ярих нь зүйтэй гэж би бодож байна. Яагаад гэвэл, манай Эрдэнэт үйлдвэр бол төрийн өмчит компани. Төрийн өмчит компанид гаднаас хөрөнгө оруулах асуудал бол нэлээд өндөр түвшинд, өөрөөр хэлбэл засгийн газрын хэмжээнд яригдаж, шийдэгдэх асуудал л даа. Тэгэхээр хэн нэгэн хөрөнгө оруулалт хийх бол өмчлөлийн асуудал хөндөгддөг. Тиймээс хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай.  Нөгөө талаар бидний саяын томилолтын хүрээнд очсон компаниуд нь зөвхөн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд.  Ийм төрлийн компаниуд манай үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй. Зарим нь  энэ саналаа тодорхой илэрхийлсэн. Тэгэхээр бид эдгээр компаниудаас  техникийн үйлчилгээ, тоног төхөөрөмж  худалдан авах хэлбэрээр хамтран ажиллана. Өндөр хөгжилтэй орнуудаас  тоног төхөөрөмж худалдан авахдаа экспортын зээл болон өөр ижил төрлийн зээлийн хэлбэрээр төслийг санхүүжүүлэх асуудал яригдаж болно. Гэхдээ үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа,тодорхой шаардлагууд тавигддаг. Тодруулбал, тухайн  тоног төхөөрөмж, ажил үйлчилгээний тодорхой хувийг зээл олгож  буй улсаас нийлүүлэх шаардлагыг тавьдаг. Тиймээс  төсөл маань ямар хэмжээний ажил, тоног төхөөрөмж авах шаардлагатай байгаагаас хамаараад талууд ярилцаж, тохирох ёстой.

Ил уурхайд нэвтрүүлэх мөчлөгт урсгал конвейрийн технологи бол том төсөл. Хөрөнгө мөнгө, хүн хүч, хугацаа гээд шийдэхэд амаргүй олон зүйлүүд бий?  Ийм технологи нэвтрүүлсэн ижил төстэй компаниудыг газар дээр нь үзэхэд ямар санагдав?
Зөвхөн нэг төрлийн техник, авто машин худалдаж авах бол мэдээж амархан шийдэх боломжтой. Гэтэл ил уурхайд нэвтрүүлэх мөчлөгт урсгал тээврийн технологи, тоног төхөөрөмжийн асуудал нэлээд ярвигтай төсөл гэж хэлж болно. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана.  Дэлхийн олон уул уурхайн компаниуд  энэ конвейрийн тээврийг сонгосон байдаг. Ялангуяа сүүлийн үед хүчин чадлаа нэмж байгаатай холбоотойгоор конвейрийн тээврийн технологид шилжиж байна.  Манайх шиг авто тээвэр ашиглаж буй уурхайнууд ч бий. Конвейрийн тээврээр их хэмжээний материалыг тээвэрлэхэд өртөг зардал нь хямд. Гэхдээ хэдий хэмжээний хэмнэлт гаргах вэ, нөгөө талаас технологийн хувьд ямар хүндрэл гарч болох вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй. Авто тээврийн технологийн хувьд маш уян хатан систем учраас манайх шиг  төрлийн уурхайд тохиромжтой байдаг л даа. Сая бид ижил төрлийн хэд хэдэн уурхайг үзлээ. Герман, Польш улсын уурхайнууд нүүрсний тээвэрт конвейрийн технологийг өргөн хэрэглэж байна. Энэ нь нүүрсний тээвэрт илүү тохиромжтой байдаг. Учир нь нүүрсний уурхайд уян хатан нөхцөл байдал их шаарддаггүйтэй холбоотой.  Манай уурхайн хувьд хүдрийн уурхай учраас онцлогтой. Өөрөөр хэлбэл, цаашлах тусам гүнзгийрдэг учраас уян хатан системээ давхар бодолцож байж, конвейрийн технологийг ярих нь зүйтэй. Одоо бид Ил уурхайн төлөвлөлт, цаашид ил уурхайг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох судалгааны ажлыг  хийж байна. Энэ төлөвлөлттэй уялдуулан  шинэ технологи нэвтрүүлэх төлөвлөгөөгөө гаргана.


М.Балжинням

 

Эрдэнэт үйлдвэрийн Олон Нийттэй Харилцах Албаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тэртээ 1987 онд “Ажилчны үг” нэртэй Орос, Монгол хэл дээрх сонины анхны дугаар хэвлэгдсэнээр тус албаны эх суурь тавигдсан гэж үздэг. Эрдэнэтийг бүтээн байгуулалтсан олон зуун илгээлтийн эзэд болон Оросын мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрийг алдаршуулах, урам зоригийг бадраах, цаг үеийн мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй “Ажилчны үг” сонин эдүгээ  “Эрдэнэт”  телевиз, “Өнөөгийн Эрдэнэт”  сонин,  FM 107.1 радио, www.erdenetmc.mn, www.erdenettoday.mn цахим хуудас бүхий хэвлэл мэдээллийн алба болон өргөжсөн юм. 

Тус албаны хамт олон ойн баяраа  байгууллагынхаа түүхэн замналыг судлах, ахмад үеийнхнээ дурсах, өнөөгийн үйл ажиллагаагаа хэвлэлийн хуудас, телевизийн хальсанд бичиж үлдээх зэрэг уран бүтээлч санаачилгаар тэмдэглэж байна.

Мөн “ Найргийн үдэш” яруу найргийн цэнгүүнийг зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчиддаа оюунлаг хийгээд гэгээлэг нэгэн үдшийг бэлэглэхээр төлөвлөжээ. “Найргийн үдэш" цэнгүүнд Монголын утга уянгын их мастерууд болох Монгол улсын Ардын уран зохиолч Т.Галсан, Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, Төрийн соёрхолт Ц.Бавуудорж,  Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч  Х.Чилаажав, Соёлын гавьяат зүтгэлтэн  А.Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нар нэгэн дор чуулж, яруу тансаг,  гайхамшигт зохиол бүтээлийнхээ  дээжсээр  мэлмий, сонорыг тань мялаах юм.   Яруу найргийн цэнгүүн  энэ  сарын 11-ний өдрийн 19.00 цагт Уурхайчин соёлын ордны Их танхимд болох ажээ. 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны 30 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй “Найргийн үдэш”  уншигч, зохиолчдын уулзалт цэнгүүн зохион байгуулагдах гэж байна. Тус цэнгүүнд Монгол улсын ардын уран зохиолч Т.Галсан, азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Чилаажав, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нар нэг дор чуулж, яруу тансаг гайхамшигт зохиол бүтээлийнхээ дээжсээр таны мэлмий сонорыг тань мялаах болно. “Найргийн үдэш” цэнгүүн 2017 оны 11-р сарын 11-ны өдөр 19 цагаас “Уурхайчин” соёлын ордны их танхимд болно. Баялгийг бүтээгчид, уурхайчид та бүгдийг урьж байна.

Цэнгүүнийг зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах алба

“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод  нь  төмөр хайлуулж, цутгамал үйлдвэрлэдэг“Цутгуурын”, механик боловсруулалт, металл хийц болон резинэн эдлэл   үйлдвэрлэдэг “Механик”гэх хоёр том  цехээс бүрддэг. Бид эхлээд Цутгуурын цехийн  Хайлах хэсэгт очиход хайлалт ид явагдаж байв. Хайлсан төмөр мэлтэгнэн урсаж, оч нь түүдгийнх шиг үсчин гялалзах нь сонин.  Ган хайлагч залуу  урт төмрөөр сэтгүүрдэн зогсох нь баатрын дүртэй.  Түүнд  бидэнтэй хөөрөлдөх зав  байсангүй. Хайлах хэсгийн ажлын байр өвөрмөц үнэртэй, чимээ шуугиан ихтэй, их халуун. Металлын буцлах хэм 1450-1550 орчим. Дээд тал нь 1700 хэм байдаг гэнэ. Зуухны аман дээр 1000 орчим хэм аж. Цехийн дарга Ц.Зоригоо Уралын Политехникийн  дээд сургууль  төгсөж ирээд ажлын гараагаа ган хайлагчаас эхэлсэн тухайгаа хүүрнэв. Үнэхээр бахдам энэ ажил эр зориг, тэсвэр тэвчээр ихээхэн шаарддаг бололтой. Танайхны ажлын нөхцөл угаартай, халуун, дуу чимээ ихтэй  юмаа гэхэд тийм ээ, үнэхээр хүнд нөхцөлтэй.  Тэгэхдээ дасчихдаг юм. Манайхан ханиад шуухнаа  хүрвэл цех рүүгээ орж ирэнгүүт л  эдгэчихдэг гэлцдэг юм гээд инээв. Хайлах хэсгээс гадна Хэвний хэсэг маш  том байгууламж бүхий нүсэр системтэй.  Хольц зуурч дамжуулдаг төхөөрөмж бүхий дөрвөн давхар байгууламжид  хэв бэлтгэх ажиллагаа  явагдана. Хэвний  дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр  ТЭЗҮ, техникийн даалгавар боловсруулах ажил хийгдэж байгаа аж.  Хүйтнээр хатуурдаг холимгоор хэв бэлдэх технологийг нэвтрүүлснээр   хэвэнд хэрэглэдэг материалын тоо хэмжээ, төрөл багасч,  бат бэхийн чанар олон дахин  сайжрах, зай талбай хэмнэх гээд эдийн засгийн ихээхэн үр ашигтай. Ажлын байрны нөхцөл ч шинэ түвшинд очих гэнэ. Энэхүү технологийг нэвтрүүлэх ажил “Эрдэнэт” үйлдвэрийн ирэх 15 жилийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан тухай цехийн дарга ярьж байсан. Загвар буюу тэдний ярьж заншсанаар Моделийн хэсэгт мужааны цехэд орсон мэт хөрөө рамны  дуу шуугиантай. Учир нь цутгамал бүтээгдэхүүний  загварыг модоор хийдэг юм байна. Нэгэн үе загварыг гараар хийдэг байсан бол одоо тоон удирдлагатай суурь  машинаар  хийдэг болжээ. Гадуураа шилэн хорготой, автомат  машин модоор загвар зүсч, дэргэд нь оператор  орос залуу зогсох.  Энэ машинд  загварын зургаа л зөв оруулсан бол  алдаа гарахгүй гэнэ.

Механик цехэд ажиллагсад  зорох, зүсэх, фрезердэх ажиллагааг суурь машин дээр хийж харагдана. Дээрх ажиллагааг нэгэн дор гүйцэтгэх багахан автобус адил овортой бүрэн автомат машин байх. Орчин үеийн энэ дэвшилтэт технологийг суурилуулж, туршаад одооноос л  ажиллуулж  байна.  Солонгос улсад үйлдвэрлэсэн таван тэнхлэгт бүрэн автомат энэ суурь машинаар  хэлбэр, хэмжээ, хийцийн хувьд төвөгтэй эд ангийг хийх юм.  Засвар механикийн заводын  хамт олон бүрэн автомат тоон удирдлагатай, механик боловсруулалттай суурь машины төв байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж.  

Дулаан цахилгааны төвийн хүчин чадлыг   48 МВт-аар  өргөтгөх  төслийн ажил төгсгөлийн шатандаа орлоо.  Төслийн бүрэн хүчин чадлаар 72 цаг амжилттай ажиллаж, өнгөрсөн баасан гараг буюу 11-р сарын гурванд иж бүрэн туршилт амжилттай дууслаа.  Өөрөөр хэлбэл 72 цагийн турш 48МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 10-р сарын 26-наас  дөрвөн турбинаа ээлжлэн залгаж ачаалалтай туршилт явуулжээ.  Диспетчерийн үндэсний төвөөс өгөгдсөн даалгаврын дагуу ачааллаа 12, 24, 36,48 МВт болгон өсгөж, ачаалалтай үеийн туршилт амжилттай өндөрлөсөн байна. “Ер нь  48 МВт-ын ачаалал аваад турших явцад турбинуудын угсралт, туршилт тохируулгын ажил  боломжийн сайн хийгдсэн нь харагдаж байна. Учир нь илэрч буй зөрчил дутагдал харьцангуй бага байна. Ямар ч байсан бүх туршилтаа амжилттай давлаа. Турбинууд боломжийн сайн ажиллаж байгаа нь цаашдаа ч  саадгүй сайн ажиллах, төлөвлөгөөт даалгавраа   бүрэн биелүүлэх боломжтой” гэж Төслийн зөвлөх Д.Батчулуун ярилаа. Энэ үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон техникийн комисс ажилласан байна. Одоо Дулаан цахилгааны төвийнхөн улсын комисс ажиллах бэлтгэлээ  хангаж байгаа аж. 

10-р сарын зэсийн дундаж үнэ 9-р сарын дундаж үзүүлэлттэй харьцуулахад 214 ам доллараар өссөн дүнтэй байна. Мөн 10-р сарын байдлаар зэсийн жилийн дундаж үнэ 6032 ам доллар тонн байгаа нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 1307 ам доллар тонноор өсжээ.

Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Чили улсад газар хөдлөлт гарсантай холбогдуулан мөн хятадын хэрэглэгчдийн худалдан авалт биржүүдийн зэсийн нөөц буурсан зэрэг нь зэсийн үнийн өсөлтөнд нөлөөллөө.

2017 оны 9-р сард Хятадын цэвэр зэсний импорт өмнөх сартай харьцуулахад 14 хувиар, зэсийн баяжмалын импорт 2,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн уулын ажлын төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил эхэллээ. Шинэ техник хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэр, “Трансвест” компанийн удирдлагууд болон ажилчид оролцов.

“Комацу” брэндийн албан ёсны нийлүүлэгч “Трансвест монголиа” компанитай “Эрдэнэт” үйлдвэр олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. “Трансвест монголиа” компани 2013 оноос Эрдэнэт үйлдвэртэй сэлбэг, засвар үйлчилгээ нийлүүлэх гэрээг хийснээс хойш хамтын ажиллагааг шинэ түвшинд авчран уулын ажлын хоёр техникээ бүрэн угсарч гардууллаа.

“Трансвест Монголиа”компанинь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тиймээс бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлах  үйлчилгээг үзүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн зам овоолгын хэсэгт  Комацу фирмийн WA600-6Rдугуйт ачигч, D275A-5Rгинжит бульдозерийг хүлээлгэн өгөв. Тус техник дээр ажиллах операторчдод мөн трансвест компанийн зүгээс дурсгалын зүйл гардуулсан юм.

Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайн зам овоолгын хэсэг нь 28 техник, 98 ажилчидтайгаар уурхайн зам засах, овоолго  байгуулах үндсэн үүрэгтэй ажилладаг.Тус хэсэгт 2004 оноос техник шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд энэ  онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд гурван шинэ техник авах болсон.Эдгээр техникүүд нэмэгдсэнээр зам овоолгын хэсэг хоёр дугуйт ачигч, дөрвөн  гинжит бульдозертой болж, уулын ажлын төлөвлөгөөгөө биелүүлэх боломж нэмэгдэж байна.

Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Орос хэлний тэнхимээс “АСТ” тэмцээнийг зохион байгууллаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойг тохиолдуулан багш, оюутнуудын  орос хэлний мэдлэгийг дээшлүүлэн үгийн санг баяжуулах, Оросын хэл соёлыг сурталчлах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулав.

Тус тэмцээнд бакалаврын мэргэжил бүрээс 6-8 хүний бүрэлдэхүүнтэй багш оюутны холимог нийт дөрвөн баг оролцож буй нь онцлог болсон байна.  “АСТ” уралдаан мэндчилгээ, орос дууны хэсэг, багийн ахлагч нарын тэмцээн болон “үгэн тоглоом” гэсэн нийт дөрвөн хэсгээс бүрджээ.

Авхаалж сэргэлэнчүүдийн шүүгчээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ний Ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Ерөнхий механик Б.Чинзориг, МУ-ын Зөвлөх инженер Ю.Цэдэнбал, ЭХМТ-ийн тэнхимийн зөвлөх Ш.Сүхээ нар ажиллав. АСТ тэмцээнийг шүүхэд багийн гишүүдийн оролцоо, зохион байгуулалт, хувцаслалт, тайзны соёл, гүйцэтгэл болон  ур чадварын түвшинг харгалзан үзжээ.

Тэмцээний тэргүүн байрандЭрчим хүч, мэдээлийн технологийнтэнхимийн Цахилгааныинженер мэргэжлийн  баг, удаах байруудад  Уул уурхайн тэнхимийн Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн баг, Уул уурхайн тэнхимийн Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлийн баг тус тус шалгарав.w

 

“Нэн түрүүнд ХАБ” тэмцээний эхний өдрийн байдлаар Засвар механикийн завод (РМЗ), Ил Уурхай, Чанар хяналтын хэлтэс, ХМТАЦ, ГРП болон Цахилгаан Цех тус тус тоглолтоо толилууллаа.


 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог