Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 27 11-р сар 2017

    

     Эрдэнэт” үйлдвэрт 38 жил тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байсан Төмөр замын цех, Материал техникийн хангамжийн бааз нэгдэн Тээвэр ложистикийн алба нэртэй болж өргөжсөнөөс нь хойш тухтай сурвалжлаагүй юм байна. Өвлийн хүйтэн “тачигнасан ” өдөр эднийхийг зорилоо. Зам засварын хэсгийнхэн төмөр замын ойр орчмын цас цэвэрлэгээндээ гарсан угтав.

 
   Хуучнаар төмөр замын цехийн захиргааны байраар орвол шатны бариулаасаа эхлээд “гял цал”. Вагоны дотрыг санагдуулам бөмбөгөр тааз, нарийн хонгил нь “шил толь”. Интерьер засал нь эгээ уран зургийн галарей мэт. Материал техникийн хангамжийн баазынхантай ханаар тусгаарлан суудаг байснаа сэт цохиод нэгдчихэж. Харин тэр хавь засвар ороод ундуй сундуйхан.



    Нэгдээд ойндоо хүрч буй уг цех ерөнхийдөө хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн зэсийн болон молибдений баяжмалыг илчит тэргэнд ачиж холын замд үддэг.



   Ингэхдээ Улаанбаатар төмөр замын “Эрдэнэт” өртөө, Гаалийн газар, хяналтын байгууллагуудтай өдөр бүр, цаг тутам хамтран ажиллана. Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгээс гарч буй зэсийн баяжмал чанарын хяналтаар түрүүлж ордог юм байна. Тэд хэрхэн яаж ачих, ямар агуулгатайг тодорхойлсны дараа гадны байгууллагуудын хяналт үйлчилгээ тавигдана.



   Төмөр замын хэсгийн ачаа бараа хүлээлцэгч нар гаалийнхантай хамт шалгаад вагонд ачна. Баяжмалын уут болгоныг хэмжиж шалгах жишээтэй. Уутанд гурван тонн баяжмал савладаг, нэг вагонд дунджаар 22-23 уут баяжмал орж харагдсан. Тэгэхээр 70 орчим тонныг нэг илчит тэргэнд илгээдэг байх нь. Хоногт 30-аад вагон зэсийн баяжмал Эрдэнэтээс “хөдөлдөг” гээд бод доо. Үүний дараа вагоныг нийтээр нь “пүүлж” жингээ барьж буй эсэхийг дахин нягтална.



   Ингээд Гаалийнхан бичиг баримтын бүрдэл хийгээд “Эрдэнэт” өртөөнд хүргэдэг. Үндсэндээ дөрвөн удаагийн хяналт шалгалт давж байж энд ирнэ. Харин ч вагоны эргэлтийг түргэтгэх үүднээс хамааралтай гадна, дотнын бүх мэргэжилтнүүд “нэг цэгийн үйлчилгээ”-нд нэгдсэнээр ажил дөмөг бүтэж харагдах. Тооцооны мэргэжилтнүүдийн заншсан ажил нэг мөр болоход зэсийн баяжмал замдаа гарна даа.



   Үүнээс цааш ачаа барааны бүрэн бүтэн байдлыг дэлхий нийтийн жишгийн дагуу зуучлагч компани хариуцдаг. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн сүүлийн шат дамжлага болсон энэ цехийн ажлын хариуцлага өндөр.



   Тээвэр ложистикийн албаныхны бас нэгэн чухал үүрэг нь гаднаас ирсэн ачаа барааг хүлээн авч есөн том агуулахад ангилан хадгалж түгээх. “Эрдэнэт” үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, бараа материалын агуулахын үлдэгдэлд Монгол даяараа “нүд унаж” илүү хардаг гэхэд хилсдэхгүй. Угтаа үлдэгдлийн мөнгөн дүнг сонсоод тэр. Оны эхэнд 114 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байсан бол өнөөдөр 100-аад тэрбум болж буурчээ. Уул уурхайн хүнд үйлдвэрийн технологийн гол тоног төхөөрөмжийн нэг эд анги л гэхэд хэдэн зуун саяын үнэтэй байх нь бий. Белазын зөвхөн нэг дугуй нь 50 гаруй сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн нэн чухал нь нөөц сэлбэг хэрэгсэл, бараа материал. Харин техник технологийн шинэчлэлийн үр дүнгээр дахин ашиглагдахгүй болсон бараа материалыг компанийн вэб сайтад зурагтай нь монголчлон танилцуулж худалддаг. Нээлттэй хаалганы өдөрлөг хэд хэдэн удаа зохион байгуулснаар түрүү жил нэг тэрбум гаруй, энэ жил 215 сая төгрөгийн борлуулалт хийжээ.



   “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хувьд бүсээ чангалсан байдалтай байгаа ч энэ зүгт бүтээн байгуулалтын ажил нилээд хийгдэж буй нь онцлог байв. Гадна өнгөө шинэчлээд, эвдэрсэн зам талбайгаа засуулаад авсан байна. Зургадугаар агуулахын шалыг тэгшилж цементлээд резинэн будгаар будаж байхтай таарлаа. Нефть бааз дизелийн түлш хүлээж авдаг технологийн схемээ өөрчилж хүчин чадлаа сайжруулж байна. Мөн газар доор байрладаг түлш агуулах савуудад аваарын дохиоллын төхөөрөмж суурилуулж байх юм. Аюулгүй байдлыг хангах ажил үүгээр зогсохгүй, өвс ургадаг гадна талбайг цементлэх ажил ид үргэлжилж байна. Өвөл болохоор ажил ундарч, удааширч буй нь харамсалтай.   


 
     Энэ албаны дарга С.Мөнхтэгш гэж “Эрдэнэт” үйлдвэрт, ган замчидтайгаа эдүгээ 36 жил тасралтгүй ажиллаж буй эрхэм аанай л янзаараа инээвхийлэн угтсан. Туслах машинчаас эхлээд мужаан, слесарь гээд түүнд хийгээгүй ажил энэ цехэд үгүй. Даргын албыг сүүлийн 20 гаруй жил хашиж буй нь нэгийг өгүүлнэ. Түүний амьдрал бүхэлдээ “Төмөр замын цех”-ийн түүх юм.



   Тэрээр ажлын байрны тав тух, гоо зүй, эрүүл ахуйг чухалчилдаг нь хэзээнээс анзаарагддаг. Эднийх ажиллагсдадаа цайны цагаар дасгал хөдөлгөөн хийх нөхцөлөөр хангаж фитнес өрөө тохижуулсныг үзлээ. Хувцас солих өрөөнд засвар хийж, 200 хүний хурлын танхим байгуулжээ. Энэ мэт үйлдвэрийнхээ 40 жилийн ойг 40 бүтээлч ажлаар бэлэг барьж угтахаар хичээн ажиллаж буй тус хамт олон ололт амжилт арвин 2017 оныг үдэж байна.



   Тэндээс сэтгүүлчийн хувьд “олз” дүүрэн гарахад Зам засварын хэсгийнхэн маань цасны будраан дунд ган замаа тааваараа цэвэрлэсээр байлаа. Бригадын дарга Д.Бямбацогтын дэргэд хэсэг саатахад тэрээр “Илчит тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачаа тээврийг саадгүй, цаг хугацаанд нь буулгахын төлөө бид өдөр бүр замаа тэгшилж, засч ажилладаг. Өвөл төмөр замын царигийг хэмжээнд нь байлгахын төлөө өндөр намыг үргэлж тэнцүүлнэ. Манайх хагас автомат тоноглолтой. Зам автоматаар шилждэг учраас цэвэр байх ёстой. Бас гар сумаар эргүүлж нэг замаас нөгөө рүү шилжүүлдэг. Тэгэхээр зам мөн л цэвэр саадгүй байх учиртай. Гарам ч ялгаагүй” гэж ярьсан. Энэ цаг мөчид агуулахын хашааны үүдэнд зогсоо цагдаа мөн ч сүртэй харагдсан. Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхондоо улам их амжилт хүсье.

М.ОДГЭРЭЛ

     Тээвэр ложистикийн албаны Нефть бааз дизелийн түлш хүлээж авдаг технологийн схемээ өөрчилж хүчин чадлаа сайжрууллаа. Түлшний вагоноос газар дээрх 1000 м3, 2000 м3-ын багтаамжтай савуудад дизель түлш татахын тулд эхлээд газар доорх савнуудад буулгаад тэндээсээ дээш шахдаг байжээ. Энд нийт дөрвөн цаг илүү хугацаа зарцуулна. Үүнээс гадна газар доорх савнууд халих  эрсдэлтэй байжээ. Харин одоо технологийн схемийн өөрчлөлт хийснээр түлшний вагоноос ил том савууд руу шууд шахах нөхцөл бүрдэв. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, шат дамжлагагүй цаг хэмнэх болжээ. Өөрөөр хэлбэл нэг насос цагт 30 м3 түлш шахдаг байсан бол одоо 100 м3-ыг шахаж байна. Вагоноос дизель түлш татах ажил дөрвөн цаг гаруй хугацаа шаарддаг байсан бол ердөө хоёр цагт амждаг болов. Ингэснээр цахилгаан эрчим хүч ч хэмнэгдэх юм. Технологийн схем өөрчлөх ажлыг “РСЦ”-ийн туслан гүйцэтгэгч “Богц трейд” компани хийжээ.
     Түүнээс гадна газар доор байрладаг, халих аюултай 75 м3-ын багтаамжтай А80 бензин, дизель түлш агуулах нийт 10 саванд аваарын дохиоллын төхөөрөмж суурилууллаа. Уг төхөөрөмж нь саванд түлш татагдсанаар тодорхой түвшинд хүрэхээр дохио өгч мэдээлэх аж. Энэ ажлыг “Булган гэрэгэ” компани гүйцэтгэж байна.

М.ОДГЭРЭЛ

Машин үйлдвэрлэгчдийн баяр,  Механик цехийн 40 жилийн ойг тохиолдуулан Засвар механикийн заводын гүүрэн кранчдын дунд ажил мэргэжлийн уралдаан боллоо. Уралдаанд  10 залуу кранч   ур чадвар, онолын мэдлэгээ сорьсноос нэгдүгээр байрт  Механик цехийн  Б.Болд-Эрдэнэ шалгарч,   Цутгуурын цехийн Б.Ням-Эрдэнэ, Г.Аззаяа нар удаах байруудыг  эзлэв. Кранчдын ур чадварыг  бортгонд ачаа хийх, хонгилоор ачаа тээвэрлэх, шон сүлжих, тэмдэгт байн дээр ачаа байрлуулж  сорьсон бол онолын мэдлэгийг тестээр шалгав.  Уралдааны эхний байруудад шалгарсан кранчдыг  ЗМЗ-ын өөрийн бүтээгдэхүүн болох Зэс өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Тэмцээний шүүгчээр Цутгуурын цехийн механикч С.Эрдэнэт-Алтай, Механик цехийн ахлах механикч  С.Буяндэлгэр, механикч  П.Бүрэнцогт, Засвар угсралтын хэсгийн дарга Н.Мэндбаяр нар ажиллалаа.

 

М.ОДГЭРЭЛ

Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг Улаанбаатар хотод 12-р сарын 25-нд тэмдэглэнэ. Энэхүү түүхэн ойд зориулсан Урлаг соёлын үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэр голлон зохион байгуулах юм. Энэ үйл ажиллагааны бэлтгэл  хэрхэн хангагдаж  буй талаар “Уурхайчин” соёлын ордны захирал Г.Буянжаргалаас тодрууллаа.



Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг “Эрдэнэт” үйлдвэр хариуцан зохион байгуулна. Энэхүү тоглолтод уул уурхайн бусад компаниас уран сайханчид оролцох уу?
Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, орлогчоор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажиллаж байна. Энэ түүхэн ойн баярын хуралд зориулсан  Хүндэтгэлийн концертыг “Эрдэнэт” үйлдвэр хариуцаж зохион байгуулна. Уурхайчин соёлын ордны дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайханчид, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн томоохон компаниудын ардын авьяастнуудын төлөөлөл оролцсон 110 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болно. “Эрдэнэт” үйлдвэрээс  90, бусад уул уурхайн компаниудаас  20 хүн оролцох юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам,  “Уурхайчин” соёлын ордны захиргаа хамтран энэ сарын эхээр уул уурхайн компаниудын уран сайханчдаас хүндэтгэлийн концертод  оролцох  ардын 20 авьяастанг шалгаруулж авсан. Эдгээр авьяастнууд ирэх сарын 17-22-нд  “Уурхайчин” соёлын ордонд бэлтгэл сургуулилт хийнэ. Мөн баярын хурал,  хүндэтгэлийн концертын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  хүндэтгэлийн зоог барих юм. Энэ үйл ажиллагааны урлаг уран сайхны тоглолтыг мөн манайх хариуцна.

Хүндэтгэлийн концертын агуулга ямар байх вэ?
Монгол улсад уул уурхайн салбар үүссэнээс эхлэн түүхийн ямар үе шатыг дамжиж, өнөөгийн хөгжил дэвшилд хүрснийг урлаг уран сайхны өгүүлэмжээр харуулах юм.  Геологичдын тогтоосон нөөцийг үндэслэн 1922 оны 12-р сарын 25-нд  анх Налайхын нүүрсийг олборлон ашиглаж эхэлсэн байдаг. Түүхийн энэ хуудаснаас уул уурхайн салбарын хөгжил эхэлдэг. Концертын  эхний хэсэгт  Налайхын уурхайн их нөөцийг хайгуулчид  хэрхэн  илрүүлсэн талаар өгүүлэх “Хайгуулчдын гал” дуу, яруу найргийн  зохиомж, хоёрдугаар хэсэгт “Уул уурхайн анхны олборлолт” дуу бүжгийн зохиомж, гурав дахь хэсэгт  “Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн түүчээ” дуу хөгжим, бүжиг, яруу найргийн зохиомж, дөрөв дэх хэсэгт  уул уурхайн томоохон компаниудын уурхайчдын мэндчилгээ, төгсгөлд нь “Монголын уул уурхай-95” дуу бүжгийн зохиомж байх юм.

Мэдээж урлагийн тоглолтын бэлтгэлээ базаасан байх. Хүндэтгэлийн концертод зориулан өөр ямар ажил хийж байна вэ?
Тиймээ. Бэлтгэл ажлын хүрээнд нилээд ажил хийж байна. Юуны өмнө энэ түүхт ойн  концертын бүрэлдэхүүний хувцсыг хийж байна. Үүнийг манай үндсэн болон гэрээт оёдолчид, Эрдсүлж компанийнхан урлаж байгаа. Мөн  уран бүтээлч, уран сайханчдын гутал, малгай зэргийг театр чуулгуудын хувцас үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авч байна.  Ер нь  энэ үеэр бид урлагийн хувцсыг бүрэн шинэчлэх зорилттой ажиллаж байна. Урлагийн тоглолтын тайз, техник тоног төхөөрөмжийн  бэлтгэлийг хангаж байна.  

Хүндэтгэлийн концерт хаана болох вэ?
“The Corporate Hotel and Convention Centre”компанийн зочид буудлын цогцолборт байрлах концертын их танхимд болно. Энэ танхим 1000 хүний суудалтай, 500 м2 тайзтай, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь дуу дүрсний хамгийн сүүлийн үеийн  дэвшилтэт  технологитой юм.

Техник тоног төхөөрөмжийн  бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
Хүндэтгэлийн концертын бэлтгэл хангах ажлын хэсэг саяхан Улаанбаатар хотод ажиллаж, концертын  танхимын тайз, дуу шум гэрэлтүүлгийн техник хэрэгслийг хэрхэн ашиглахтай танилцлаа. Урлагийн тоглолтын үед Лед дэлгэцээр гаргах уул уурхайн  салбарын  хөгжлийг харуулсан дүрсийг  дуу дүрсний орчин үеийн  технологи руу хөрвүүлэх ажил хийх  шаардлагатай гэж   мэргэжлийн хүмүүс  үзсэн. Тайзны зураач  хэмжилт авч, схем зургийн ерөнхий чиглэлийг  гаргасан. ХМТАЦ-ийн  инженерүүд  энэ танхимын  лед дэлгэцийг тоглолтод  хэрхэн ашиглах талаарх мэдээлэл авч бэлтгэл ажил хангахаар ажиллаж байна.  Мөн урлагийн тоглолт болох  үеийн  хөдөлмөрийн аюулгүй байдлыг  хэрхэн хангах чиглэлээр манай үйлдвэрийн болон тус компанийн ХАБ-ын мэргэжилтнүүд зөвшилцлөө.



Я.ЭНХ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбоо 2017 оны ажлын төлөвлөгөөний дагуу уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох, өөрсдийн ажил мэргэжил ур чадварын талаар танилцуулга хийх, Монголын Залуучуудын Холбоо, чиглэлийн Залуучуудын зөвлөлтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зорилготойгоор өнгөрсөн долоо хоногт Монголын Залуучуудын холбоо, Улаанбаатар төмөр замын Залуучуудын байгууллага, Дулааны цахилгаан станц- IV ТӨХК, Доншинг компани гэсэн маршрутаар “Уурхайчин залуус-2017 нөхөрсөг уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ уулзалтад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, хэсгийн төлөөлөл болох шилдэг 14 залуу оролцов. Тэд Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцан Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Билгүтэй, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ө.Шинэхүү нартай уулзаж санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ны Залуучуудын холбооны гишүүдтэй уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, Улаанбаатар Төмөр замын Залуучуудын байгууллагатай олон талт хамтын үйл ажиллагааг эхлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар санал солилцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Мөн Дорноговь аймгийн Залуучуудын холбоотой  хамтран Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд Доншинг нефтийн үйлдвэрийн ажил байдалтай танилцаж, туршлага судаллаа.


Б.ЧУЛУУН

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Уурхайчин соёлын ордон, Орхон аймгийн БСУГ-аас хамтран зохион байгуулдаг МУСТА Т.Дашцэрэнгийн нэрэмжит “Эрдэнэтийн намар” Орхон аймгийн хүүхдийн найрал дууны VII наадам 2017 оны 11-р сарын 22-нд зохион байгуулагдлаа. Орхон аймгийн сурагчдын дуулах ур чадварыг дээшлүүлэх, урын санг баяжуулах, хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлүүлэх зорилготой  уламжлалт наадамд  3-6-р анги, 7-12-р ангийн холимог найрал төрлөөр явагдлаа.

Дунд насны ангилалд:
   1.   1-р сургуулийн багш АБТА Ж.Бурмаа багштай найрал дууны хамтлаг /40 хүүхэд/
   2.   17-р сургууль. Ц.Булгамаа багштай хамтлаг /45 хүүхэд/
   3.   8-р сургууль. Ш.Оросоо багштай хамлаг /67 хүүхэд/
   4.   15-р сургууль. БТА, МУСТА С.Болормаа хамтлаг /85 хүүхэд/
   5.   14-р сургууль. БТА Ө.Байгалмаа багштай хамтлаг /40 хүүхэд/

Ахлах насны ангилалд:
  1.   3-р сургууль. МУСТА Б.Оюун-Эрдэнэ багштай хамтлаг /46 хүүхэд/
  2.   4-р сургууль. БТА,МУСТА Ц.Өлзийсайхан, Б.Одончимэг багштай хамтлаг /48 хүүхэд/
  3.   15-р сургууль. “Багшийн алдар” медальтай С.Өлзийсайхан багштай хамтлаг /65 хүүхэд/
  4.   7-р сургууль. МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медальт Д.Анхмандах багштай хамтлаг /68/
оролцлоо.

Уралдааны шүүгчдээр:
   1.    Уурхайчин соёлын ордны хөгжмийн багш, МЗЭ-ийн шагналт хөгжмийн зохиолч МУСТА Б.Цэрэндондов
   2.    БСУГ-ын мэргэжилтэн, МУСТА А.Төгсжаргал
   3.    ДБЭЧ-ын дуучин МУСТА Д.Дагвадорж нар ажиллаа.

Уралдааны шагналтнууд:
   1-р байрт  
                           Дунд нас: 14-р сургуулийн Байгалмаа багштай хамтлаг, 
                           Ахлах нас: 4-р сургуулийн Ц.Өлзийсайхан, Б.Одончимэг багштай хамтлаг шалгарч тус бүр Өргөмжлөл, 400000 төгрөг, Алтан медаль
   2-р байрт
                           Дунд нас: 8-р сургуулийн Ш.Оросоо багштай хамтлаг, 
                           Ахлах нас: 3-р сургуулийн Б.Оюун-Эрдэнэ багштай хамтлаг шалгарч тус бүр Өргөмжлөл, 250000 төгрөг, Мөнгөн медаль
   3-р байрт
                           Дунд нас: 1-р сургуулийн Ж.Бурмаа багштай хамтлаг, 
                           Ахлах нас: 15-р сургуулийн С.Болормаа, С.Өлзийсайхан багштай хамтлаг шалгарч Өргөмжлөл, 100 000 төгрөг, Хүрэл медалиар шагнагдлаа.

Номинацийн шагналаар:
-    17-р сургуулийн багш Ц.Булгамаа
-    15-р сургуулийн багш С.Болормаа
-    15-р сургуулийн багш С.Өлзийсайхан
-    7-р сургуулийн багш  П.Анхмандах нар шагнагдсан.

Гран-При цомын эзнээр:
    Хамгийн өндөр оноотой хамтлагаар шалгарсан 4-р сургуулийн багш Ц.Өлзийсайхан, Б.Одончимэг нарын удирдсан найрал дууны хамтлагт Шилжин явах цомыг наадмын зохион байгуулагч Уурхайчин соёлын ордныг төлөөлж орлогч захирал МУСТА Х.Үнэнзориг, СЦЧС-ын эрхлэгч СХУ-ны доктор Д.Ганчулуун нар гардууллаа.

Уламжлал ёсоор МУСТА Т.Дашцэрэн агсны гэр бүл Ичинхорлоо болон  үр хүүхдүүдээс нэрэмжит шагнал:

Сургалтын хэрэглэгдэхүүнд зориулсан яригчаар:
    -  15-р сургуулийн багш С.Болормаа
    -  17-р сургуулийн багш Ц.Булгамаа
    -  15-р сургуулийн багш С.Өлзийсайхан
    -  7-р сургуулийн багш  П.Анхмандах нарыг

Зөөврийн компьютерээр:
    Тус наадмыг зохион байгуулагчдын нэг Орхон аймгийн БСУГ-ын мэргэжилтэн А.Төгсжаргалыг шагнав.

    Найрал дуугаар хөгжүүлж, тэднийг өөртөө итгэлтэй, урлагийн бүтээлийг ойлгосон, мэдэрсэн, хайрлаж сургахаас гадна соёлтой үзэгч сонсогчид болгон төлөвшүүлэх үүргийг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тус уралдааныг 7 уилийн турш зохион байгуулж байгаа Уурхайчин соёлын ордны хамт олон, БСУГ-ын хамт олон, МУСТА Т.Дашцэрэн агсны гэр бүл, үр хүүхдүүдэд, наадмыг санаачлагчдын нэг  та бүхэндээ нийт оролцогч хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдийн өмнөөс талархал илэрхийлье.


 

                Арга зүйч  Б.Хишигжаргал

Механик цехийн 40 жилийн ойн  хүрээнд  саяхан зохиогдсон “Эрдэнэт” үйлдвэрийн  токарьчдын ажил мэргэжлийн уралдаанд  Засвар механикийн заводынхан илүүрхэв.  Энэ  тэмцээнд  найман цехийн 14 хүн ур чадвараа сорьсноос Засвар механикийн заводын  Н.Ганзориг, О.Тулга, Ш.Бат-Амгалан нар эхний байруудыг эзлэв. Мөн энэ үеэр болсон гагнуурчдын тэмцээнд  Эрчим хүчний цехийн Ц.Мөнхтулга түрүүлж, ЗМЗ-ын Э.Батзориг дэд, Засвар монтажийн цехийн З.Эрдэнэзул гутгаар байр эзэллээ. Энэхүү ажил мэргэжлийн уралдаанд  тав хүртэл жил ажилласан, гурав, дөрөвдүгээр зэрэгтэй залуу ажилчид оролцов.   Ерөнхий механикийн хэлтсээс уламжлал болгон явуулдаг уг уралдааныг энэ жил Төслийн менежментийн хэлтэс, Технологийн сургуультай хамтран зохиолоо.  Түрүүлсэн ажилчдын зэргийг нэгээр ахиулдаг энэ уралдаан оролцогчдын  идэвхийг  өрнүүлж, залууст урам өгөв.

 

Я.ЭНХ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог