×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 10-р сар 2017

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар үйлдвэрлэлийн цех нэгжүүдийн ажиллагсадтай хийх уулзалт энэ сарын 2-ны өдөр эхэллээ.  Эхний өдрийн зөвлөлдөх уулзалтаа  Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Ил уурхай, Эрчим хүчний цех, Тээвэр ложистикийн алба, Чанар хэлтсийн ажилтнуудтай хийсэн бол дараагийн өдөр Баяжуулах үйлдвэр, Цахилгаан цех, Ган бөмбөлгийн цехийн  уулзалтаар үргэлжиллээ. Зөвлөлдөх уулзалтанд Ерөнхий захирал түүний удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, үйлдвэрлэлийн цехийн ажиллагсдын санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсож, дэлгэрэнгүй хариулт өгөв. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилт төлөвлөгөөний талаар мэдээлэл хийж, уурхайчид ,  баялаг бүтээгчдийн санаачилга, идэвх оролцоо ирээдүйд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм.
     Уурхайчид та бид бол хамтран зүтгэгч, нэг багийн хүмүүс. Баг гэдгийг өдөр бүр ажил хэргээр уулзаж ярилцдаг орлогч болон цех хэлтсийн дарга нараар хязгаарлахгүй. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа 6000 орчим ажилчид бүгд нэг зорилготой нэг багийн гишүүд юм. Ийм байж гэмээнэ  ажил үйлс, амьдрал ахуй сайн сайхан болдгийг  бодит байдал харуулдаг. Энэ утгаараа бид уулзаж, өөр өөрийн цехийн жаргал зовлон, болох болохгүй асуудлыг илэн далангүй ярилцаж, хамтдаа шийдэх, ирээдүйгээ тодорхойлох зөв зам гарцыг багаараа эрж олох зорилго нь энэ уулзалтын үндсэн агуулга байх болно гэдгийг  Ерөнхий захирал онцолж байлаа. Мөн ирэх жил 40 насны босгыг алхах  үйлдвэрийн маань техник тоног төхөөрөмжийн  байдал өнгөрсөн гучин есөн жилийн хугацаанд элэгдэж өвгөрч ирсэн. Тиймээс бид юуны түрүүнд үйлдвэрлэлийнхээ техник технологид дорвитой шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон нь  энэхүү уулзалтын үеэр хөндсөн онцлох асуудлын нэг байв.
     Эрдэнэт үйлдвэр ирэх 15 жилд хийж бүтээх ажлын үндсэн чиглэлээ боловсруулан ажиллаж байна. Үндсэн чиглэлийн хүрээнд техник технологийн зургаан том төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ бүхэн Эрдэнэт гэдэг их айлд харьяатай, энэ үйлдвэрт хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа хүн бүрийн хамтарч  хийх том зорилт юм.  Зөвлөлдөх уулзалтаар эдгээр санааг хөндөж, үйлдвэрийн өнөөгийн байдал,  тулгамдаж байгаа асуудлыг  жижиг  гэлтгүй ил тодоор  дэвшүүлж, харилцан ярилцсан нь цагаа олсон, ажиллагсдын хүсч байсан уулзалт гэдгийг тодотголоо. Тухайлбал, үйлдвэрлэлийн цехийнхний асуулт, саналын дотор үйлдвэрийн техник технологи, тоног төхөөрөмжийн элэгдэл, засвар үйлчилгээ, тэдгээрийн хангамж, түүнд учирч байгаа хүндрэл бэрхшээлүүд жин дарж байв. Мөн уурхайчдын нийгмийн асуудал болох  ажлын байр, орон сууц, хөдөлмөр хамгаалал, халамж  үйлчилгээ зэрэг олон асуудлаар санал бодол, шүүмжлэлийг ажиллагсад хэллээ. Эдгээр асуултанд  үйлдвэрийн  удирдлагууд  тодорхой хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь  шийдсэнээр   ажилчдын талархлыг хүлээсэн юм.
     Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2017 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэл, техник технологи болон эдийн засаг, санхүүгийн  бүх үзүүлэлтүүдээ 101,3-171,3 хувиар давуулан биелүүлсэн. Энэ ололт амжилт нь тус үйлдвэрт ажиллаж байгаа мэргэжлийн өндөр түвшний инженер техникийн ажилтан, уурхайчдын идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Мөн оны эхний 9 сард улсын болон орон нутгийн төсөвт 406 тэрбум төгрөг  төвлөрүүлжээ. Үүнийг  нийт ажиллагсаддаа хувааж үзвэл, Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан оны эхний 9 сард 67,7 сая төгрөгийн баялаг бүтээсэн гэсэн үг юм. Энэ бол нэг талаасаа үүрэг хариуцлага нөгөө талаас Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаагийн  бахархал, утга учир гэдгийг Ерөнхий захирал энэ үеэр онцолсон нь уурхайчиддаа өгсөн том урам зориг боллоо.

 

     Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ, Эрд Сүлж компанитай хамтран  хөдөлмөр хамгааллын хувцасны өнгө загвар, хийцийг шинэчлэх зорилгоор ажиллагсдынхаа санал авах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна. Тухайн ажилтаны ажлын онцлог, шаардлагад нийцсэн хөдөлмөр хамгааллын хувцсыг оёж нийлүүлэхийн тулд шинээр гаргах загвар хийцдээ ажилчин бүрийн саналыг тусгах үүднээс уг санал асуулгыг жилийн турш зохион байгуулжээ. Өчигдөр санал асуулгын сүүлчийн үйл ажиллагаа боллоо. Санал асуулгын үр дүнд олон шинэлэг санаа ажилчдын зүгээс ирснийг ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтнүүд онцлов. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн химийн бодистой байнга ажилладаг ажилтнуудын хамгаалах хэрэгсэл хувцасны иж бүрдэлд нэмэлтээр галд тэсвэртэй малгай, гагнуурчдын ажлын хувцасанд илгэн материалыг түлхүү оруулах зэрэг оновчтой саналууд дэмжигдсэн байна. Ажиллагсдын саналыг тусгаж, тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц шинэ загварын хөдөлмөр хамгааллын хувцас ирэх 2018 оны нэгдүгээр улиралд олгож эхлэх юм байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцасны нийлүүлэлтийг Эрд Сүлж компани дангаараа хариуцдаг. Тус компани хоёр ээлжээр ажиллаж, сард 2000 ширхэг хөдөлмөр хамгааллын хувцас, 12000 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэж байна. 

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар үйлдвэрлэлийн цехийн ажиллагсадтай хийсэн Зөвлөлдөх уулзалт гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Зөвлөлдөх уулзалтын сүүлийн өдөр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, түүний удирдлагын багийнхан Засвар механикийн завод, Засвар монтажийн цех, Геологи хайгуулын анги, Дулаан цахилгааны төв, Холбоо мэдээлэл техник автоматжуулалтын цех, Лаборатори судалгааны төвийн ажилчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсож, үйлдвэрийн цаашдын зорилтын талаар харилцан ярилцав. Уулзалт бүрийн эхэнд ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашид хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бөгөөд мэдээлэлдээ тухайн  уулзалтад оролцож байгаа цех нэгжийн онцлогийг тодотгож байв. Тухайлбал, 40 жилийн нөөцтэй гэж  байсан Эрдэнэт үйлдвэрийн эрдэс баялагийн нөөцийг  өсгөх,   60 жил ажиллах боломжтойг шинээр тогтоолоо. Энэ ажлыг гардан хийсэн Геологи хайгуулын ангийнхан Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хувь заяаг тодорхойлж байна. Тэгвэл Засвар механикийн заводын хамт олон импорт орлох бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийг өөрсдийн хүч боломжоор амжилттай үйлдвэрлэж байна. Цаашид тус завод зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол улсын хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж, машинт үйлдвэрийн суурийг тавих учиртай гэдгийг онцолж дурьдлаа. Уулзалтын үеэр цехийн ажиллагсад санал бодлоо хэлж, орлогч захирлууд, газар хэлтсийн дарга нар өөр өөрийн чиглэлээр  тодорхой хариулт өглөө.
     Үйлдвэрлэлийн 14 цехийн 1300 гаруй ажилтныг хамруулсан уг зөвлөлдөх уулзалтын үеэр ажиллагсдын зүгээс тавьсан санал хүсэлт,  асуултын гол хэсэг нь  цалин хөлс болон  шагнал урамшууллыг нэмэгдүүлэх тухай байсан. Эрдэнэт үйлдвэр зэсийн үнэ ханшийн хэлбэлзэл, эдийн засгийн үр ашиг, өртөг зардлаа тооцож үзсэний үндсэн дээр ажиллагсдынхаа цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс үндсэн цалинг 10 хувиар, шагнал урамшууллын санг 20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Энэ бодлого цаашид ч  үргэлжилнэ. Ер нь Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй хэнд ч шагнал урамшууллыг гар татахгүй олгоно гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хариултандаа онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн орон сууцны хангамж, боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрүүдийн талаар ажилчид олон санал дэвшүүлсэн. Ажилтнуудаа  орон сууцтай болгох, 8 сая төгрөгийн зээлийн хөнгөлөлтөд  хамруулах бодлого журмын дагуу хэрэгжиж, залуу ажилтнуудыг сургах, мэргэжлийн зэрэг,  ур чадварыг нь дээшлүүлэхэд ямагт  анхаарч ажиллана гэдгийг удирдлагууд тодотголоо. Мөн сахилга дэг журам зарим цех хэсэгт  алдагдаж байгааг ажилчид илэн далангүй хөндөж, тэдгээрт хараа хяналтаа чиглүүлж, хүн бүр ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.   
     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудыг халуун тогоондоо ярилцаж, гарц шийдлийг хамтдаа хэлэлцлээ. Энэ нь Ерөнхий захирал болон түүний удирдлагын багийнхан үйлдвэрлэлийн цех нэгжүүдтэй хийсэн зөвлөлдөх уулзалтын хамгийн том үр дүн гэж хэлж болох юм. Дараагийн ажил хэрэгч уулзалтыг үйлдвэрийн цех нэгжийн бүх мастеруудын дунд зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож  ярилцахаар болсныг  Ерөнхий захирал төгсгөлийн дүгнэлтэндээ онцоллоо.

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд  “Нэн түрүүнд-ХАБ” уриан дор хэрэгжиж байгаа  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд аюулыг мэдээлэх хэрэгслүүд ажилладаг. Үүний нэг нь  аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл хүлээн авах зориулалт бүхий  71300 дугаар юм.  Аюулыг мэдээлэх зориулалттай  71300 дугаарыг ажиллуулснаар тухайн ажлын байран дахь ажилтны идэвх оролцоог нэмэгдүүлж, анхаарал сэрэмжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд үздэг. ХАБЭАБОХХ-ээс  Даваа гариг бүр дээрх дугаарт ирсэн мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллах, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөөн зохион байгуулдаг болсон байна. Энэ нь  ажилтнуудын өгсөн мэдээллийн мөрөөр цаг алдалгүй арга хэмжээ авах, эргэж холбоо барих,  шийдвэрлэх явцыг эрчимжүүлэх зорилготой юм. Зөвлөгөөнд цех нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, инженерүүд оролцож, өөр өөрсдийн харьяа ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл солилцдог. Ингэснээр 71300 дугаарт ирсэн мэдээлэл богино хугацаанд шийдэхэд ихээхэн дөхөмтэй ажээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд  71300 дугаарт нийт 18 төрлийн аюулыг илрүүлэх мэдээлэл иржээ. Эдгээрийн ихэнхийг  үйлдвэрийн бүс дэх  зам, замын хөдөлгөөн, тээвэрлэлтэд хүндрэл учруулж байгаа засвар, тэмдэг  тэмдэглээний зөрчил, цэвэрлэгээний чанартай холбоотой мэдээллүүд эзэлж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөний үеэр  дээрх асуудлыг тухайн цехийн удирдлагуудад танилцуулан хамтарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад үүрэг чиглэл болголоо.

     Өнгөрөгч 9 дүгээр сард  дэлхийн зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 6583 ам.доллартай тэнцүү байсан нь  8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 105 ам доллараар өссөн байна.
     Энэ оны гуравдугаар  улирлын байдлаар зэсийн дундаж үнэ 6346,6 ам доллар байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 683 ам доллараар өссөн үзүүлэлт гарчээ.  Харин 2017 оны эхний 9 сард зэсийн дундаж үнэ 5947 ам доллар байсан бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1223 ам доллараар нэмэгдсэн дүнтэй байна. Хэдийгээр дундаж үнэ өсөлттэй байгаа ч  өнгөрөгч 9 дүгээр сарын эхэн үед 6900 ам доллар хүрсэн зэсийн үнэ мөн сарын сүүлээр 6400 ам доллар болж,  бараг 500 ам доллараар буураад байгаа юм.
     Сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ суларч байгаатай холбоотойгоор зарим судалгааны байгууллага 2017 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өмнөх улиралтай харьцуулахад буурна гэж мэдээлжээ. Тухайлбал ING банкны судлаачид ирэх дөрөвдүгээр улиралд 6000 ам доллар болж буурна гэсэн байна. Тэгвэл Wood Mack байгууллагын судлаачид 10 дугаар сарын эхний өдрийн шинэчилсэн судалгаандаа энэ улиралд зэсийн үнэ дунджаар 6500 ам доллар тонн байна гэв.
     Олон улсын судалгааны байгууллагууд  ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах хандлагатай  гэж таамаглаж байгаа ч  дэлхийн зах зээл дээрх ханш нэлээд хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна. Сүүлийн ганцхан сард л гэхэд нэг тонн зэсийн үнэ 500 хүртэл доллараар өгсөж, уруудсан нь  ханш тогтворгүй байгааг харуулж байна гэсэн юм.


 

Page 5 of 5

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог