Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 23 10-р сар 2017

      Герман-Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Герхард Вакенхүт  тэргүүтэй төлөөлөгчид саяхан “Эрдэнэт” үйлдвэрт зочлов. Тэд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийв.  Бизнесийн зөвлөлийн төлөөлөгчид  Германы  өндөр технологи, шинэ мэдлэгийг “Эрдэнэт”  үйлдвэрт  нэвтрүүлэн нутагшуулах чиглэлээр  илтгэл толилууллаа.  Тэд   Германы өндөр технологи ашиглаж,  Засвар механикийн заводын бааз суурь, мэргэжилтнийг түшиглэн  Монгол улсын машин үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх боломжийг танилцуулав.  
     “Үйлдвэр байгуулагдаад 40 жил боллоо. Байгалийн баялаг хязгаартай, хэзээ нэгэн цагт үйлдвэр хаагдахад Эрдэнэт хотын 100 мянган иргэн хэрхэн амьдрах вэ гэдэг асуудалд  анхаарлаа хандуулж байна. Иймээс Герман болон  барууны орнуудын технологи  ноу-хауг  Монголд нутагшуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн Хаалт хөгжлийн менежментийн хүрээнд ирээдүйд Эрдэнэт хотод машин үйлдвэрлэлийн том төв бий болоосой гэж хүсч байна” гэж Герман-Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн Л.Цоодол онцлов.  Өнөөдөр   аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын хооронд яригдаж буй асуудлыг  цаашид  хоёр улсын Засгийн газар хоорондын анхааралд  чиглүүлэхийг хичээнэ.  Ирэх жил болох Монгол- Германы Засгийн газар хоорондын Эдийн засгийн комиссын хуралдааныг  Эрдэнэт хотод зохион байгуулж,  улс төр, эдийн засаг, компани хоорондын харилцааг сэргээхийн чухлыг төлөөлөгчид онцлов.


Я.ТУЯА

     Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Баяжуулах үйлдвэрт энэ долоо хоногт “Талархлын захидал” аян өрнөж байна. Энэ талаар тус цехийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэгээс тодрууллаа.

     -Монгол, Орос ажиллагсдын хамтын хөдөлмөрийн үр шимээр “Эрдэнэт” үйлдвэр, энэ хот сүндэрлэснийг бид мартах учиргүй. Тиймээс манай хамт олон жил бүрийн Ялалтын баяр, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд олон талт ажил санаачилан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын эхээр Сэлэнгэ мөрөн дээр загасчлалын тэмцээн явуулсан. Өнөөдөр монгол, орос ажилтнууд бие биедээ чин сэтгэлийн талархал илэрхийлэх аяныг Технологийн сургуулийн Орос хэлний төвтэй хамтран эхлүүлж байна. Үүнд орос мэргэжилтнүүдээс гадна залуу ажиллагсдыг татан оролцуулахыг зорьж байгаа. Орос мэргэжилтнүүдийн үнэлж баршгүй гавьяа, нөхөрсөг тусч сэтгэлд талархаж явдгаа захидлаар дамжуулан илэхийлэх боломжийг ажиллагсдад олгож байгаагаараа онцлог юм. Энэхүү аян маань 10-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Аяны төгсгөлд хамгийн санаачилгатай оролцсон хамт олон, сэтгэл хөдөлгөм захидлыг шалгаруулж урамшуулна.     Өнөөдөр эхний захидлыг Механикийн албаны зохион бүтээгч инженер Маликов.Е.В хамт олноосоо гардаж сэтгэл догдлон уншлаа. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн механик Вислогузов Н.М, Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Мельник хоёрт чин сэтгэлийн талархлын захидлыг монгол үндэсний цамцтай хамт гардууллаа. Удахгүй “Эрдэнэт” телевизтэй хамтран “Малчны хотонд” нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдийн хүртээл болгох, орос мэргэжилтнүүдийг Амарбаясгалан хийдэд аялуулах гээд төлөвлөсөн ажлууд эхнээсээ хэрэгжээд явж байна.   

    -Бүтээмжийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна?
   -Бид бүтээмж инновацийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бүтээмжийн ахисан түвшний арга хэрэгслүүдийг хэрэглэх зорилт тавин ажиллаж байна. Бүтээмжийн зөвлөлөөс өнгөрөгч онд хэрэгжүүлсэн 6 сигма, Бенчмаркинг төслүүд сайжруулалтын шатандаа явж байна. Бенчмаркинг төслийн хүрээнд бид Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын манлайллын түвшинд тандалт судалгаа хийж нийтлэг давуу болон сул талуудыг тодорхойлсон. Мөн “Ногоон бүтээмж”-ийн арга хэрэгслүүдийг хэрэглээнд оруулах ажил эхэлсэн. Бид инженер техникийн ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулж  манлайллыг дээшлүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд зарим удирдах ажилтны туршлагаас суралцах, тодорхой чиглэлүүдээр мэдлэгээ дээшлүүлэх, биечлэн үлгэрлэн манлайлах ажлыг зохион байгуулна. Мөн Бүтээмжийн зөвлөлөөс ойрын үед ХАБЭА-н хэлтэстэй хамтран “Манлайллын хөтөлбөр” хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
     -Баярлалаа.

М.ОДГЭРЭЛ

     Хаягдлын  аж ахуйн  шүүрлийн усны сувгийн зүүн, баруун хэсгийг цэвэрлэх ажил эхэллээ. Энэхүү төслийг “Мон-Энерго” компани өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ сувгийн төв хэсэг буюу гуравны нэгийг бүрэн цэвэрлэсэн  байна. Шүүрлийн усны суваг нь Хаягдлын далангаас шүүрч буй усыг цуглуулж авах, үйлдвэрлэлд эргүүлэн ашиглах зориулалттай юм. Энэхүү сувгийг  цэвэрлэх  төсөл 2018 онд дуусах аж. Уг ажлын  цахилгаан, дулааны хангамжийг “Эрдэнэт” үйлдвэр  хариуцаж  байна.
     “Мон-Энерго”  компанийн  Ерөнхий захирал Г.Пүрэвсүрэн Цэвэрлэгээнд  сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж байна. Усан доорх бүх процесс, гаргасан лагийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж буй, технологийн горимтой тохирч байгаа  эсэхийг  камерийн системээр хянаж байна. Шүүрүүлэх сувгийг хооронд нь холбосон 11 метрийн гүн дэх 59 метр турба бөглөрсөн нь бидний ажилд хүндрэл учруулж байна.  Ус сэлгэх зориулалттай цементэн турба нь 1500 мм-ийн голчтой буюу дотор нь бараг хүн явах өндөртэй. Энэ турбаг цэвэрлэх ажлыг усан дор ажиллах тусгай технологи ашиглан  ирэх жил гүйцэтгэнэ” гэж ярилаа. Шүүрлийн усны сувгийг цэвэрлэснээр хаягдлын далангийн бат бэх байдал сайжрах юм. Мөн Хангалын гол руу ус алдахгүй болсноор энэ хавийн бохирдол багасах аж. Нөгөөтэйгүүр энэ сувгийг бүрэн цэвэрлэснээр жилд таван сая шоо метр   ус хэмнэж, Сэлэнгэ мөрнөөс татах ийм хэмжээний усыг эргүүлэн ашигласнаар манай үйлдвэрийн эдийн засагт чамгүй үр ашиг гарна. Мөн байгалийн цэвэр усыг ариг гамтай хэрэглэж саарал усыг үйлдвэрлэлд ашигласнаар байгаль орчинд ээлтэй ажил болох юм. “Мон-Энерго”  компанийн  инженерүүд шүүрлийн сувгийг цэвэрлэхэд зориулан гүүрэн кран бүхий иж бүрэн сийрүүлэн сорох  төхөөрөмж зохион бүтээжээ.  Төсөл дууссаны дараа уг төхөөрөмжөө технологийн горимын дагуу, оюуны өмчийн патентын хамт “Эрдэнэт” үйлдвэрт шилжүүлэн өгөх юм.

 


Я.ЭНХ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог