• Д.МӨНХБОЛД: “Ковид-19” халдвараас хамгаалах ажлын хүрээнд “Эрдэнэт Монголын дархлаа” аян зохион байгуулна

    Эрдэнэт үйлдвэрт “Нэн түрүүнд-ХАБ” уриа хэрэгждэг. Ажилчдадаа аюулгүй, ая тухтай ажлын байранд урам зориг, эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, осол зөрчилгүй хөдөлмөрлөх зарчим мэдээллийг сурталчлан таниулах, хяналт тавих гээд олон ажлыг ХАБЭА-н хэлтэс хариуцан ажилладаг. Шинээр  хэрэгжүүлж буй цаг үеийн болоод цаашдын зорилтын талаар тус хэлтсийн дарга Д.Мөнхболдтой ярилцлаа. -ХАБЭА-н хэлтсийн үйл ажиллагаа, ойрын үед анхаарал хандуулж буй гол ажлуудын талаар ярихгүй юу?      -ХАБЭА-н хэлтэс долоо хоног тутмын үйл ажиллагааны мэдээллээ өөрчилж, төрөлжүүлж гаргадаг боллоо. Тухайлбал, тухайн долоо хоногт ХАБЭА-н чиглэлээр хэчнээн төрлийн сургалт төлөвлөгдөж, яаж хэрэгжсэн эсэх, өндөр эрсдэлтэй ажил хэд байв, тэдгээрт хэрхэн хяналт тавьж ажилласан гэх зэргээр дүгнэж байна. Оны эхний улиралд манай хэлтсээс бүх бүтцийн нэгж дээр эрсдэлийн удирдлагын хүрээнд хийгддэг ажлыг үнэлүүлж, өндөр эрсдэлтэй ажлын мэдээллийг долоо хоног тутамд гаргаж байна. Жишээ нь, Баяжуулах үйлдвэр дээр хийгдэх өндөр эрсдэлтэй ажлуудын мэдээллийг урьдчилж аваад, газар дээр нь очиж шалгадаг болсон. Өмнө нь цех бүрээр ороод, энд юу болж байна гээд гэнэтийн байдлаар очдог байсан бол одоо бүх хяналт шалгалт зорилтот болсныг онцолъё. Мөн тусгай зөвшөөрөл, нарядаар хийгддэг галын ажлууд ч үүнд хамаарч байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цацрагийн аюулгүйн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Бидний нэг үндсэн ажил бол ажилчдын хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, хангалт.  Одоогийн байдлаар, өвлийн хувцасны нөөц боломжийн хэмжээнд буй ч зуны хувцас, гутал бэлдэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр Оёдлын цехтэй 14 хоног тутамд уулзалт хийж,  хамтран ажиллаж байна. Бид одоо, ажлын хувцасны загварын альбомыг шинэчилнэ. Үйлдвэрийн хэмжээнд өвөл, зуны хувцас хэчнээн төрлөөр ямар загвартай байхыг тодорхой болгох юм. Хуучин альбомд ажилчны болон инженер техникийн ажилтны загвар гэж ангилдаг байсныг бид өөрчилж байгаа. Учир нь ажлын байрны албан тушаалын ялгаварлан гадуурхал гэж үзэж, ингэж ангилах нь зохимжгүй гэж ойлгож байна. Ер нь ажилтны ажлын хувцсаар дамжуулан Эрдэнэт үйлдвэртээ хайртай, үнэнч байх, бахархах зэрэг ажилчин хүний үнэт зүйл илэрхийлэгддэг. Тиймээс ажилчин, инженер техникийн ажилтны загвар гэж байсныг өөрчлөн үйлдвэрлэлийн болон албан ажлын загвар гэж гаргана. Албан ажлын өрөөнд ороход үйлдвэрийн нүүр царайг илэрхийлсэн, өнгө үзэмжтэй загвар байх шаардлагатай гэж үзсэн. Харин үйлдвэрлэлийн орчинд бол хүнд ачаа тээш өргөж буулгах зэрэгт тохиромжтой, ажил хийхэд саадгүй байхаар гаргана. Мөн ажил мэргэжлийн онцлогт тохирсон, хавар, намрын улиралд өмсөх дулаан цамцны загвар гаргасан. Энэ бүхнийг бид Оёдлын цехтэй хагас жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлнэ. Хувцасны захиалга хангалтын хувьд өмнө нь өвлийн зуны бүх хувцсыг ижил тоогоор үйлдвэрлэж гаргаснаас ажилчдын хувцасны хэмжээ зөрж, томдох эсвэл багадах гээд асуудлууд их байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор бид өнгөрсөн саруудад үйлдвэрийнхээ бүх ажилтны биеийн хэмжээг авсан. Ингэснээр тухайн ажилтны биеийн хэмжээнд таарсан хувцсыг эдэлгээний хугацаа нь дуусахаас нэг сарын өмнө үйлдвэрлэж бэлэн болгох боломжтой болох юм. Ажлын хувцасны хэрэгцээ, эрэгтэй эмэгтэй хүний норм хэд байх вэ гэдгийг урьдчилан судална. Судалгаанд үндэслэн Оёдлын цехэд захиалга өгнө гэсэн үг юм. Ингэж бид ажлын хувцасны загвар, нөөц гээд бүх асуудлыг шийдсэнээр “Яг цагт нь” гэдэг системийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. ХАБЭА-н хэлтсийн хамгийн гол чиг үүрэг бол хүнтэй ажиллах. Өөрөөр хэлбэл, хүнтэй ажиллаж, хүмүүсийг аюулгүй ажиллуулах зорилготой. Тиймээс долоо хоногийн ажлын дүгнэлтэд “Хүнтэй ажиллах” гэсэн үзүүлэлтийг тусгайлан оруулсан. Ажлын байраар явахдаа ажилтнуудтай хэрхэн зөв зохистой харьцах, аюулгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа болон зөвлөгөө өгөх, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох зэргийг энэ үзүүлэлтээр дүгнэнэ. Мөн 4 дүгээр шатны үзлэг, эрүүл ахуй, зорилтот ээлжит бус шалгалтууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн хэмжилт хийгддэг. Тухайн ажлын байранд аюулгүй ажиллах нөхцөл, тухайлбал агааржуулалт, гэрэлтүүлэг, тоосжилт, дуу чимээ нь хэвийн байгаа эсэхийг тогтоодог. Энэ бүх ажлуудын мэдээлэл ч долоо хоног тутамд гарна. -Дэлхий даяар тэмцэж буй коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг үйлдвэрийн хэмжээнд авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ ажилд ХАБЭА-н хэлтэс чухал үүрэгтэй. Ямар ажлуудыг хариуцан, хэрэгжүүлж байна вэ? -“Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шуурхай штабыг ХАБЭА-н хэлтэс ахалж ажиллаж байна. Шуурхайн штабаас зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх, хамгаалах ажилд “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Гэрээт цагдаа, Соёл, урлагийн цогцолбор, Орос сургууль, цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Технологийн сургууль зэрэг үйлдвэрийн цех нэгжүүдээс  нийт  300 гаруй хүнийг татан оролцуулж Улсын Онцгой комиссоос өгсөн зааврын дагуу ажиллаж байна. Мөн үйлдвэрийн бүсэд нэвтрэх пост бүрд тогтмол үзлэг хийж, өглөө бүр 30 автобусанд ажилчдын биеийн халууныг үзэж, зөвлөгөө өгч байна. Амралтын өдрүүдэд 1800 гаруй, ажлын өдөрт бүх объектод нэвтэрсэн 5500-6200 орчим ажилтан, ажилчид дээрх үзлэгт хамрагдсан байна. “Ковид-19” халдвар нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед үйлдвэрийн зүгээс Ерөнхий төв штаб болон дөрвөн дэд штаб байгуулан ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэгтэй нэг штаб нь зардал хэмнэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготой ажиллаж байна. Үүний хүрээнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас Ерөнхий захиргааны байрны ажилтнуудын ажлын цаг ашиглалтыг сайжруулахад анхаарч байгаа бол үйлдвэрийн бүсийн ажилтнуудад манай хэлтэс хяналт тавьж байна. Ажлын байрны цаг ашиглалт, хариуцлагыг дээшлүүлэх хяналт шалгалтын хүрээнд үйлдвэрийн бүс рүү нэг, хоёрдугаар шалган нэвтрүүлэх байраар дамжин нэвтэрч буй бүх хүмүүсийг хамруулж байна. Нэвтрүүлэхдээ биеийн халууныг үзэж, ажилтны үнэмлэхийг шалгаж, харин гаднын хүмүүст тусгай зөвшөөрлөөр түр үнэмлэх олгож байгаа. Мөн нэвтрэх байранд санамж бичиг байршуулсан. Орж буй хүмүүсийн зэрэгцээ, гарч байгаад нь бас хяналт тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаас эрт бууж байгаа хүмүүс заавал чөлөөний хуудас бөглөж, удирдлагаараа гарын үсэг зуруулсан байх ёстой. Өмнө нь ийм чөлөөний хуудас авах журам гаргасан ч хяналт тавьдаггүй байсан. Тэгвэл одоо дээрх санамж бичигт тусгаснаар чөлөөний хуудсыг шалган нэвтрүүлэх байрны цагдаа ажлын цагаас эрт явж буй ажилтнаас шаардана. Шалгасан чөлөөний хуудсыг цаг бүртгэлийн программ дээрх жагсаалттай тулгаж, цаг ашиглалтын хяналтыг сайжруулна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээр, дэглэмийн үед ажилтнуудын хөдөлмөрийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Тиймээс ч ХАБЭА-н хэлтсээс үүнд онцгой анхаарал тавьж ажиллаж байна. -Шинэ аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Ямар зорилго, чиглэлтэй аян бэ? -ХАБЭА-н хэлтсээс санаачлан “Эрдэнэт Монголын дархлаа” аяныг зохион байгуулахаар бэлтгэж байна. Дэлхий нийтээр аюулт өвчний эсрэг тэмцэж буй хүнд цаг үед хүн бүр хариуцлагатай байж, төлөвлөгөө зорилтоо биелүүлэн эдийн засгийн бага эрсдэлтэй даван туулж чадвал тэр хэрээр улс орондоо өгөх үр өгөөж их байна. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед манай улсын гол найдвар нь Эрдэнэт байж чадсан шиг өнөөгийн энэ бэрхшээлтэй үед ч үүргээ хариуцлагатай биелүүлж, тулах цэг нь болъё гэсэн зорилготой аян юм. Манай хэлтэс, хүнтэй ойр ажилладгийн хувьд “Эрдэнэт Монголын дархлаа” аянаар дамжуулан эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах, эрүүл мэнд дархлаагаа дэмжих, сахилга хариуцлагатай байхыг сануулж, ингэснээр иргэнийхээ үүргийг биелүүлж энэ цаг үеийг тэвчээртэй, зөв хандлагатай байж хамтдаа туулах уриалгыг хэрэгжүүлэх юм. Аян таван чиглэлтэй байна. Эхний чиглэл нь Уурхайчны өөрийн дархлаа буюу зөв ажиллах таван зарчмыг мөрдөж, дархлаагаа сайжруулах бол дараагийнх нь Гэр бүлийн дархлаа, Хамт олны дархлаа гэх зэргээр үргэлжилнэ. Аянд зориулсан лого, дуу, стикер гаргаж байна. Зорилго агуулгыг ойлгож хэрэгжүүлж буй ажилтан бүрийн хамгаалах хэрэгсэл малгайд нь стикер нааж өгөх юм. М.Балжинням Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 04 дүгээр сарын 10

    Мэдүүштэй... 1.Өнөөдөр жилийн 100 дахь өдөр. Он дуусахад 265 хоног үлдлээ. 2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 12 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 2-6 м/сек байна. 3.Аргын тооллын 4 сарын 10. Сугар гараг. Билгийн тооллын 18. Харагчин хонь өдөр. Лусын буулттай. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Энэ өдөр гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муунөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буяны үйл, хөрөнгө оруулах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой.Хол замд явах хүмүүс урд зүг рүүмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахадэд, малын гарлагатай тул цээрлэвэл зохилтой. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4963 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3020, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна. Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1982 оны 4-р сар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 188 тоот тушаалаар 5-р цэцэрлэгийг 10 бүлэг, 280 хүүхэд, 68 ажиллагсадтайгаар байгуулав. Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний халамжлан хүмүүжүүлэгчдийн зөвлөгөөн болов. ЗСБНАвтонамит Буриад улсын Эрхүү мужийн Ардын депутатуудын зөвлөлийн Гүйцэтгэх захиргааны дарга А.Е.Соколов тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ. 1983 оны 4-р сар Зөвлөлт Үзбекистаны Алмалык хотын комсомолын хорооны 1-р нарийн бичгийн дарга В.А.Абдуламиков тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод айлчлав.    Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #15: Төмөртогоогийн ТҮМЭН-ӨЛЗИЙ

    Төгссөн сургууль: Украйн улсын Кривой Рог хотын Аж үйлдвэрийн техникум, ОХУ-ын Санкт-Петербург хотын Уулын дээд сургуулийг төгссөн. Мэргэжил: Баяжуулагч инженер Ажилласан туршлага: 1993 оноос Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт баяжуулагч, бригадын дарга, технологич, хэсгийн дарга, Үйлдвэр техникийн албаны даргаар, 2013 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, 2016 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар дэвшин ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2009 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын менежмент, 2012 онд ШУТИС-ийг мэргэшсэн инженерээр тус тус дүүргэсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн “атгасан гар” шиг ажилладаг хамт олныг чиглүүлэгч нь хэлтэс, цех, хэсэг, албадын дарга нар бөгөөд удирдагч болохын тулд тэд ажлыг багаас нь эхэлж, шат шатны давааг давсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэвэл зүйд нийцнэ. Дарга гэж даам гарахаас илүүтэй, ажлын туршлагаараа асуудлын голыг олж, шийдлийг гаргадаг тийм л үндэсний чадварлаг боловсон хүчнийг Эрдэнэт үйлдвэр төрүүлэн гаргасан. Тэдний нэг бол Төмөртогоогийн Түмэн-Өлзий. Хариуцсан, эрхэлсэн ажил бүрээ нухацтай хийж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оновчтой олон санааг гаргасан нь өнөөгийн Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллах боломжийг түүнд олгосон. Уурхайчдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэгэн насны амьдралаараа туулж яваа энэ эрхэм Эрдэнэтээс төрсөн манлайлагчдын тэргүүн эгнээнд алхаж, үйлдвэрийнхээ хэт ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгтээ бат итгэдэг. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? -Миний нэг өдөр 06:30-д эхэлдэг. Өглөө босоод заавал аяга ус ууж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн. Ажлын хувьд өглөө бүр үйлдвэрлэлийн захирал, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдийн утасны шуурхайг сонсож, үйлдвэрийн өнгөрсөн хоногийн үйл ажиллагааг хэлэлцэн ажлаа эхлүүлдэг. -Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Гэр бүл, үр хүүхдүүд гэдэг миний амьдралын бэлэг учраас хамгийн том сэргээш гэж хэлнэ дээ. Аливаа томоохон ажлын эхэнд мэдээж шантардаг. Харин бодож санасан зүйлээ хийж, бүтээлээ хараад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Ер нь амьдралд урамших, эрч хүч авах олон зүйл бий л дээ. Гэхдээ миний хувьд ажлын амжилтаасаа амтлах мэдрэмж хамгийн сайхан.   -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Эрдэнэт бол Монгол Улсын уул уурхайн ууган үйлдвэр. Хоёр орны ахан дүүсийн гараар бүтсэн энэ том үйлдвэр, аж ахуйн нэгж өөрийн гэсэн өнгө аяс, ажлын нарийн чанд зохион байгуулалттай. Баялаг бүтээгч уурхайчдын хөлс хөдөлмөрөөр өнөөгийн өндөрлөгт хүрсэн үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг цаг, хоног, сар, жилээр хянаж, биелэлтийг ханган ажиллах нь манай хэлтсийн гол зорилго юм. Удирдлагын зүгээс шаардлагатай бүхий л ажлыг хийхийг хичээдэг. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Би ОХУ-д суралцаж төгссөн, орос хэлтэй. Мэдээллийн эринд амьдарч байгаагийн хувьд англи хэлний зохих түвшний мэдлэг шаардлагатай байна. Тиймээс англи хэлийг бие даан сурахаар олон жил уйгагүй оролдож байна даа. Мэргэжлийнхээ хувьд шинэ техник, технологийн ололтын талаар мэдээлэлтэй байхыг хичээдэг.  -Та хэр зарчимч хүн бэ? -Ер нь зарчимч талдаа. Гэвч хэтэрхий зөөлөн, өрөвч зангаасаа болоод тэр бүр зарчимч байж чаддаггүй л дээ. -Өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач? -Өглөө бүр ус ууж, дасгал хөдөлгөөн хийж, дулааны улиралд тогтмол дугуй унадаг. -Таны хобби, сонирхол юу вэ? -Хүүхэд байхдаа шуудангийн марк сонирхож цуглуулдаг байлаа. Цуглуулгаа нэг орос найздаа бүгдийг нь бэлэглэчихсэн. Яг тэр гэх хобби байхгүй л дээ. Дөрвөн хүүхдийнхээ багадаа цоортол өмссөн гутал, зурсан зургууд, анхны А үсэг бичсэн дэвтэр гэх мэт зүйлсийг нандигнан хадгалдаг. Хожим хамгийн дурсгалтай, үнэ цэнтэй зүйлс болох болов уу гэж боддог. Манай гэрийнхэн энэ тухай мэддэггүй л дээ.  /инээв/ -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Хүн хаана ч явсан, хэн ч байсан нэг л зангаараа явах сайхан. Мөн хүний тусыг хэзээ ч битгий мартаж яваарай гэж хэлсэн аав ээжийнхээ захиасыг дандаа бодож явдаг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн бэ? -Эрдэнэт үйлдвэрт 1993 оноос хойш ажиллаж байна. Эх орныхоо бахархал болсон энэ сайхан уулын буяныг хүртэж, энэ том үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны нэгээхэн эс ширхэг болж яваадаа туйлын их баярлаж, бахархдаг. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг үргэлж гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна. Тиймээс ч ирээдүйд техник, технологийн хөгжлийг дагаад үйлдвэр маань олон жил улам их үр ашигтай ажиллах болно гэсэн бат итгэлтэй явдаг.    Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2019” сайн саналын системийн 100 манлайлагч тодорлоо

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын2019 оны сайн саналын системийн 100 манлайлагч ажилтанд баяр хүргэж, бахархан алдаршуулж байна. 2019 оны 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 37 хувь нь удирдах болон инженер техникийн ажилтан, 63 хувь нь ажилчин, албан хаагчид ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 29 хувь нь механикийн, 35 хувь нь технологийн, 19 хувь нь эрчим хүчний, 5 хувь нь автоматжуулалтын, үлдсэн 12 хувь нь бусад чиглэлийнх байна. 2019 онд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн тоон удирдлагатай зорогч суурь машины оператор Б.Бат-Эрдэнэ сайн саналын системээр дамжуулан нийт 137 санал гаргаж, 64 хувийг үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж, 2 дахь удаагаа сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад бичигдэж байна. 2018 оны сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүлсэн Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Болдбаатар сайн саналын системээр дамжуулан нийт 121 санал гаргаж, 70 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дугаарт жагсаж, 3 дахь удаагаа тус жагсаалтад бичигдэж байна. Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад 2 цехийн 3 ажилтан таван удаа, 4 цехийн 7 ажилтан дөрвөн удаа, 8 цехийн 14 ажилтан гурван удаа, 9 цехийн 24 ажилтан хоёр удаа бичигдсэн бол бусад 52 ажилтан анх удаа энэхүү жагсаалтад багтсан байна. Манлайлагчид сайн саналын системд нийт 2118 санал гаргаснаас 1826 санал үнэлэгдэж, 58 хувь нь хэрэгжсэн бөгөөд 40 хувь нь маш сайн, сайн саналууд байна. Мөн тус жагсаалтын 77 хувь нь эрэгтэй, 23 хувь нь эмэгтэй, 33 хувь нь (24-38 нас) 1-5 жил, 33 хувь нь (30-48 нас) 6-15 жил, 22 хувь нь (38-58 нас) 16-25 жил, 12 хувь нь (46-59 нас)26-аас дээш жил ажилласан ажилтнууд байв. Эдгээр ажилтнуудыг дэвшүүлсэн саналын тоо, түүний хэрэгжилт, саналын чанар гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж, сайн саналын системийн программын тусламжтайгаар тодруулав.   Дэлгэрэнгүй...
  • Уурхайн төлөвлөлтийн цогц систем нэвтрүүлнэ

      Эрдэнэт үйлдвэрийн Геологи, маркшейдерийн хэлтэс, Ил уурхайн инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэлхийн жишигт нийцсэн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь, Эрдэнэт үйлдвэрийн уурхайн урт хугацааны төлөвлөлтийг Оросын мэргэжилтнүүд хийдэг байсан бол 2016 оноос Монгол инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлт хийх болжээ. Тэд Австралийн “МАРТЕК” компанийн мэргэжилтнүүдтэй өдөр бүр онлайнаар холбогдож уг системийг эзэмших, уул уурхайн төлөвлөлтийн цогц программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа солилцож байна. Энэхүү систем нь хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд нөөц, баялгийн үнэлгээ хийж уурхайн оновчлол, эцсийн дизайныг тооцоолох, олборлолтын урт хугацааны стратеги, дунд хугацааны тактик төлөвлөлтийн инженерийн зураг төслийг боловсруулах юм. Эдгээр системийг нэвтрүүлснээр ордын үр ашиг, өнөөгийн үнэ цэнэд суурилсан уурхайн оновчлол, хөрөнгө оруулалтыг тооцож  төлөвлөлтийг илүү өргөн хүрээнд, нарийвчлал сайтай хийхээс гадна дэлхийн зах зээлийн болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тохирсон бизнесийн үйл ажиллагааны стратеги боловсруулах, компанийн удирдлагыг хэрэгтэй мэдээллээр хангах юм. Шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүд, өндөр хүчин чадал бүхий дөрвөн компьютер ажиллагаанд оруулжээ. М.Одгэрэл Фото. Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 04 дүгээр сарын 09

    Мэдүүштэй... 1.Өнөөдөр жилийн 99 дэх өдөр. Он дуусахад 266 хоног үлдлээ. 2.Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 0-11 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, багавтар үүлтэй, салхины хурд 1-5 м/сек байна. 3.Аргын тооллын 4 сарын 9. Бархасбадь гараг. Билгийн тооллын 16. Салхины эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол замд явах хүмүүс хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4976 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3024, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна. Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1977 оны 4-р сар Эрдэнэт хотын орон сууцуудыг хэрэглээний халуун усаар төвлөрсөн шугамаас хангаж эхлэв. “Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын үеийн бэлтгэлийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 83 дугаар тогтоол гарчээ. 1978 оны 4-р сар Бүх Холбоотын Өнгөт төмөрлөгийн нэгдлийн дарга Л.А.Баулин тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.  1979 оны 4-р сар БНМАУ-ын уул уурхайн үйлдвэрүүдийн удирдах ажилтны зөвлөгөөн Эрдэнэт хотод болов. 1980 оны 4-р сар Эрдэнэт хотод “Экран-414” телевизийн дахин дамжуулах станц суурилагдаж, Зөвлөлтийн төв телевизийн “Орбита”-ын программыг шууд үзэх боломжтой болов. Улаанбаатар-Дашинчилэн, Булган-Эрдэнэтийн радио-релейн шугамыг Эрдэнэт хотод хүлээн авчээ. 1979 оны ажлаар “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон бүх ард түмний социалист уралдаанд шалгарч, 4 байгууллагын шилжин явах туг, диплом, мөнгөн шагнал гардан авав. Дэлгэрэнгүй...
  • Баяжуулагчид албан өрөөндөө дасгал хийж хэвшив

    Хүн төрөлхтөнд тархаад буй шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлж дархлааг дэмжих, ажилтнуудынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Баяжуулах үйлдвэрийн арга зүйчид, Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийн зохион байгуулагчид цайны цагаар ажиллагчдаа дасгал хөдөлгөөнд хамруулж байсан. Харин сүүлд хоёроос дээш хүн цуглавал бөөгнөрөл гэж үзэж хориглох шийдвэр гарснаас хойш тэд үйлдвэрийн газрын Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны захиргааны ажилнуудын албан өрөөнд өртөөчлөн Тайсо дасгал хийлгэж хэвшжээ. Японы Тайсо нь хүний биеийн бүх хэсэгт үйлчлэн булчин ясыг бэхжүүлж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, дархлаа сэргээх ач тустай энгийн дасгал юм. Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөн энэ үйл ажиллагаагаараа удирдлагын манлайллыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Өнгөрсөн жил Баяжуулах үйлвэрийн арга зүйчид хэсгүүдийн дунд Тайсо дасгалын уралдаан зарлаж, 140-өөд хүн оролцож өрсөлдсөн юм. М.Одгэрэл Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоос цаашилсаар...

    Цагаан тоосны дэгдэлтийн талбайгаас сурвалжиллаа. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үйлдвэрлэлийн хаягдал булингаас үүсдэг хуурай элс, салхинд дэгдсэнээс “цагаан тоос”-ны асуудал эхлэлтэй. Энд 2000 гаруй га талбайг Хаягдлын аж ахуй эзэлдэг. Үүний 1400 гаруй га нь хуурай талбай бол 900 орчим га талбайг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэдэг. Хамаг сайхны эхлэл хавар цагтай зэрэгцэн айлчилдаг хавсарга салхины улирал “цагаан тоос”-ны жинхэнэ ташуур болох нь бий. Чухам энэ л цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн ч цагаан тоос дарах ажлаа эрчимжүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан багийнхан ажлын цагаа уртасгаж, амралтын өдрүүдээ хугаслан ажилладаг юм. Өнөө жил ч цаг агаарын онцлогт уялдуулан цагаан тоос дарах ажлаа үргэлжлүүлж байна. Энэ удаа биднийг газарчилсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторинг хариуцсан инженер Н.Наранчимэг ярихдаа “Өнөөдрийн байдлаар, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах байнгын ажлын алба, Ган бөөрөнцгийн цехийн нийт 11 хүний бүрэлдэхүүн цагаан тоосны талбайд хүч нэмэгдүүлэн, өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна. Цагаан тоос дарахдаа бид олон технологийн аргыг хослуулан ашигладаг. Хөрсөөр хучих, кальци хлоридын уусмалыг устай хольж зориулалтын техникээр шүрших, нөхөн сэргээлтийн ажилд ашиглаж байсан хуучин тороор хуурай талбайг хучих гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дарж байна. Хаягдлын аж ахуйд Авто тээврийн цехийн 40 тонны даацтай гурван БелАЗ байнга ажилладаг. Эдгээр техникээр өдөрт 50 орчим удаа ус зөөвөрлөж, шүршигч төхөөрөмжөө цэнэглэн талбайг норгож байна. Бид өнгөрсөн хавраас поликулиант буюу холигч бодис ашиглан барьцалдуулах технологийн арга туршиж эхэлсэн нь үр дүнтэй болж, нийт талбайнхаа 80 хувийг нь дараад байгаа. Одоо үлдсэн 20 хувийг дарна. Энэ хэсэг нь талбайн булан тохой учраас хүнд даацын техникүүд элсэнд шигдэх, техникийн боломж хүрэлцэхгүй, технологийн онцлог зэргээс шалтгаалан  хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хэсгийн талбайд хүрч дарах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь салхины хурд 4 метр секунд хүрэх төдийд л тоос дэгдэж эхэлдэг байсан бол одоо 12 метр секунд хүртэл хурдтай салхинд зөвхөн үлдсэн 20 хувийн талбайгаас цагаан тоос босож байгаа” гэсэн юм.    Цагаан тоос дарах ажилд Эрдэнэт үйлдвэр жил бүр 1 тэрбум орчим төгрөг төлөвлөж зарцуулдаг. Үүний ихэнх хэсэг нь техник, тоног төхөөрөмжийн зардал аж. Цагаан тоос дарахад зардал, мөнгөнөөс гадна байнгын ажиллагаа шаардлагатай. Учир шалтгаан нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, хүдэр боловсруулалтын хэмжээ өссөнөөр булинга элсний хуримтлалын талбай тэлж байгаатай холбоотой. Тиймээс ч үйлдвэрийн удирдлага Хаягдлын аж ахуйн ирээдүй, онцолбол шинэ аж ахуй байгуулах тухайд ч санал бодлоо хэлэлцэж буй.  Нөгөөтээгүүр, цагаан тоосыг бүрэн дарж дуусгахад үйлдвэрлэлийн хаягдлын технологийг өөрчлөх учиртайг үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьдаг. Өөрөөр хэлбэл, хаягдал булингын шинж чанарт нөлөөлөх технологи буюу өтгөрүүлэх аргын судалгаа болон техник эдийн засгийн үндэслэлийг Хөгжлийн хэлтсийнхэн Канад улстай хамтран хийж байна. Оюутолгойн үйлдвэрлэлийн хаягдал булинга нь 70 хувийн хатуулагтай байдаг бол манай үйлдвэрийнх 20 хувь байдаг байна. Тиймээс дээрх судалгааг хийж нэвтрүүлснээр шингэн булингыг өтгөрүүлэх,  нарийн ширхэгтэй тоос болж дэгдэх эрсдэлийг багасгах боломжтой болох юм. Ингэж зөвхөн өнөөдрөөр бус маргаашийг хэрхэн төлөвлөх талаар инженерүүд  урьдчилан олон талаас нь судалж байгааг дурдах нь зүйтэй. Цагаан тоосны талбайд ажиллаж буй ажилчид тоос дарах аргын үр дүнг газар дээр нь харж буйгаа хэллээ. “Кальци хлоридын уусмал буюу давстай усаар шүрших арга үр дүнтэй. Барьцалдамтгай чанартай учир наранд удаан хатдаг юм байна. Шүрших зориулалттай машин 8 тонны даацтай, нэг удаа 200 метр орчим талбайг шүршиж хүрэлцдэг” гэж Ган бөөрөнцгийн цехийн Цувих шугамын оператор Л.Өлзий ярив. Харин хөрсөөр хучих аргаар дарж буй хаялтын цэгээс Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Б.Моломжамц мэдээлэхдээ “Өдөрт хоёр белАЗ 45-50 удаагийн эргэлтээр шороо зөөж байна. Хөрсөөр хучсан талбайд дахин хаягдал булинга нэмэгдэхгүй тохиолдолд цагаан тоос дахин дэгдэхгүй. Тиймээс хөрсөөр хучих нь найдвартай аргын нэг” гэсэн юм.    Цагаан тоос хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэх яриа мэр сэр гардаг. Мэдээж, үүнд тодорхой бөгөөд үнэн хариулт хэрэгтэй. Тиймээс Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хүн болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах,  урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 2006 оноос эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үе шаттай зохион байгуулж ирсэн юм. Эрүүл мэндийн үзлэгт цагаан тоосны бүс гэж нэрлэдэг Орхон аймгийн Баянцагаан, Говил баг болон Жаргалант сумын зарим нутагт амьдардаг ард иргэдийг хамруулдаг. Уг үзлэгийг жил бүр Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нарын баг болон бусад хөндлөнгийн хяналтын байгууллагуудыг оролцуулж байна. Өнгөрсөн онд л гэхэд цагаан тоосны бүс нутагт оршин суудаг 488 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөмж зөвлөгөө өгсөн. Шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хийж, цагаан тоос хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг тогтоожээ. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар олон төрлийн судалгаа байдаг ч нарийн мэргэжлийн багийнхны үнэлгээ хийлгэхээр Эрүүл мэндийн яаманд хандаад буй. “Ковид-19” халдвараас шалтгаалан энэ ажил түр хугацаагаар хойшлоод байгааг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа ярилаа.     Эрдэнэт үйлдвэр цагаан тоосноос салах ажлыг эрчимжүүлж, уурхайчид онцгой анхаарч, ажлын албаныхан, байгаль орчныхон хүч, сэтгэлээ нэгтгэн  ажилласнаар цагаан тоос цаашилж байна. Гэхдээ нэг удаа дараад зогсох бус, уйгагүй тасралтгүй ажиллагаа, бас цаг хугацаа л “цагаан тоос”-нд хэрэгтэй.  М.Балжинням Фото Б.Баттөгс  Дэлгэрэнгүй...
  • Шилдэг шинийг санаачлагч

      Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны шилдэг шинийг санаачлагч, Автотээврийн цехийн Эрчим зүйн албаны тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж, түүний хамт олны ажил үйлсийн тухай өгүүлэх нь.   1990 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг Уулын цахилгааны инженер мэргэжлээр төгссөн тэрбээр  яамны томилолт өвөртлөн Эрдэнэтийг зорьжээ. Завхан нутгийн хүү, сургаар мэдэх болсон энэ хотод хөл тавьсан тэр нэгэн өдрөөс хойш өдгөө 30 хаврыг үджээ. Засвар механикийн заводын Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгээс хөдөлмөрийн гараагаа мастераар эхэлж, 1995 он хүртэл ажилласан. 1995 оноос өнөөг хүртэл Авто тээврийн цехэд энэ л албанд  зүтгэсээр. Одоо тэр Эрчим зүйн 62 хүнтэй хүчирхэг албыг тэргүүлэн ажиллаж буй. Энэ алба Авто тээврийн байгууллагыг уур, ус, дулаан, цахилгаанаар найдвартай хангах үндсэн үүрэгтэй. Тэдний харьяанд Шатахуун түгээх станц, Технологийн тээврийн, Төрөл бүрийн маркийн  автомашины, Тусгай зориулалтын автомашины засварын газруудын машин угаалга, гараажууд ч харьяалагдана. Машин угаах, шатахуун түгээх гээд л үйлдвэрийн хэмжээний  нэн чухал албыг тэд залгуулдаг. Эднийхэн 2019 онд ажил үйлс, ХАБЭА, бүтээмж инноваци, сахилга дэг журам гээд л бүхий л үзүүлэлтээрээ Авто тээврийн цехийн бүх хэсгээс тэргүүлсэн. А.Батдоржоор ахлуулсан энэ баг үндсэн үүргээ чанд биелүүлэхээр ажлаа хязгаарлахгүй.  “Ахлагч”-ийн толгойд  шинийг эрэлхийлэх, эрчим хүчний орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, зардал  хэмнэх бодол байнга эргэлдэнэ. Үйлдвэрийн ажлын байранд лед гэрэл суурилуулах төслийг эднийх анх хэрэгжүүлсэн гэдэг. Цахилгаан эрчим хүч ихээхэн хэмнэсэн энэ туршлагыг Эрдэнэт үйлдвэр даяар нэвтрүүлсэн. Тэр, автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц байгуулах санаачилга гарган ашиглалтад оруулснаар суудлын 20 машины зөвхөн түлшний үнийн зөрүүгээс сард 5,1 сая төгрөг хэмнэжээ. Түүний санаачилсан “Автомат мэдрэгчтэй шүршүүр” төсөл үйлдвэрийн хэмжээнд шалгарч хэрэгжсэн. Түүнчлэн “Нарны толин гэрэлтүүлэг” зэрэг төсөл хэрэгжүүлснээр ус, цахилгаан эрчим хүчийг ихээхэн хэмнэжээ. Өнгөрсөн жил цехийн ажлын байрны дулааны системийн 30 хувийг нь шинэчилжээ. Тухайлбал, багахан гурван өрөө тус бүрийг 22 квт-ын хөдөлгүүртэй  вентилятороор халаадаг байсан бол 7,5 квт-ын орчин үеийн ганц вентилятороор  эдгээр өрөөг дулаанаар үлээх системд холбожээ. Энэ хэрээр зардал буурах юм. Мөн машиныг шлянкаар угаадгийг халж, тусгай зориулалтын компрессор ашигласнаар усны хэрэглээ үлэмж багасжээ. Эрчим хүч хэмнэж, эх дэлхийгээ аврах үйлсэд эдний хамт олон жинтэй хувь нэмэр оруулж буй нь тодорхой. А.Батдорж хамт олноо байн байн магтана. Манайхны ихэнх нь залуус. Ажилдаа өөриймсөг ханддаг, санаачилгатай, хөдөлмөрч нь дэндсэн л гэнэ. “Үндсэн ажлынхаа зэрэгцээ төсөл санаачлах, түүнийг хэрэгжүүлэхэд бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцдог. Ажлын орчноо тохь тухтай, цэвэр цэмцгэр байлгах нь манайханд хэвшсэн ажил” гэв.  Бид БелАЗ-ын гарааж дахь Эрчмийнхний ажлын байрыг сонирхлоо. Энд угаас гарааж бус “Аптек” гэмээр цэвэрхэн, урлаг, спортын танхим мэт цэлгэр. Хэзээ ч ороод очиход бүртийх төдий ч тоос шороо, тос маслыг эндээс олж харахгүй. Эднийхний санаачилж, байгуулсан Ус хөргөх зориулалттай усан сан цэмцийнэ. Том ёмкост ашиглан хийсэн энэ сангийн эргэн тойрны бүх зүйл эмх цэгцтэй, цайвар цэнхэр өнгөөр будсан бетонон шал шил толь мэт. Түүн дээр усны дусал ч алга.  Танай үйлчлэгч их ажилсаг, нямбай хүн бололтой гэхэд: “Манайд орон тооны үйлчлэгч үгүй. Ажлаа хийчхээд ажлын байрыг цэгцэлж, цэвэрлэх нь манайхны сурсан зан” гэв.  Багаж олгодог, бас чөлөөт цагаа өнгөрөөх багахан өрөөгөөр орлоо. Тэнд байх бүхий л зүйлийг тэд өөрсдөө бүтээжээ. Диван, сандал, ширээ, бас багажийн шкафыг хаягдал поошик ашиглан хийсэн байна. Багажийн шкаф дотроо эргэдэг тавиур өлгүүртэй. Энд багаж бүр өөрийн байртай, эмх цэгцтэй.  Хэн, хэзээ, хэдэн ширхэг ямар түлхүүр авсныг тэмдэглэх дэвтэр ч үүн дотор байх. Энэ шкаф их эрэлттэй, үзэсгэлэн худалдааны үеэр үүнийг захиалж авдаг хэрэглэгч олон гэнэ.          Энэ гараажид цахилгаан хуваарилах дэд станц байрладаг. Түүнд төмөр сараалжин хашаа хийж, тэмдэг, тэмдэглэгээ, зураг плакат байрлуулсан нь аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн, өнгөлөг гоёмсог болжээ. Цехийн хэмжээнд   таван дэд станц байдаг бөгөөд бүгдийг нь ийм болгосон гэсэн. Ажлын байраа танилцуулж явахдаа А.Батдорж ажил хуваарилах өрөөг хамт олныхоо хандиваар тохижуулж байгаагаа ярьсан. Тансаг сайхан өрөөтэй болно оо, бид. Тохижуулж дуусахаар нь ирж үзээрэй. Ажилчид маань наръядаа аваад ажилд гарахдаа сэтгэл тэнүүн сайхан байх болно. Энэ ч ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө гэв.      Бүтээмжийн менежер Ж.ПҮРЭВСҮРЭН: “Манай тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж их санаачилгатай, бүтээлч хүн. Шинэ зүйл санаачлах үйлст хамт олноо үлгэрлэн дагуулж, залуусыг хөгжиж, шинээр сэтгэхэд сэдэлжүүлэн ажилладаг. Эдний ажлын байр үлгэр жишээ, санаачилсан бүхэн нь үр ашигтай байдаг. Ноднин хийн компрессорыг Ил уурхайтай ойролцоо суурилуулах санаачилга гаргаж хэрэгжүүлсэн нь зардал хэмнэсэн сайхан ажил болсон” гэсэн юм. Бид Ил уурхай дахь БелАЗ-ын зогсоол дээр байрлах компрессорыг үзлээ. БелАЗ-ын гарааж дээр өндөр хүчин чадалтай хийн компрессор суурилуулж, хуучныг нь энд байрлуулжээ. Ингэснээр БелАЗ-ын дугуй хийлэх зайг ойртуулж, хэмнэлт гаргах үндэс болсон байна.  БелАЗ-ын нэг дугуй дунджаар 64,9сая төгрөг байдаг. Түүний зургаан дугуйг жигд хийтэй ажиллуулснаар даац хэвийн, эд ангид эвдрэл бага байж, ажлын бүтээмж дээшилж, эдийн засагт хэмнэлт гардаг аж. Компрессорыг Ил уурхайд ойртуулснаар дугуйн хийг нэмэх, шалгах тоо жилийн хугацаанд 120-оор нэмэгджээ. Энэ нь жолооч нар дугуйндаа хяналт сайн тавьж байгааг харуулж буй аж. Дугуй хийлэхээр БелАЗ-ын гарааж руу очиход 4, км, харин эндээс 2 км.  Хүдэр тээвэрлэдэг 30 БелАЗ жилийн турш 8269 км сул явалт хэмнэсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 102, сая төгрөгийн дизель түлш, тос тосолгооны материал, авто дугуйн элэгдлийн зардлын бодит хэмнэлт гарчээ. Энэ төсөл зардлаа хасаад 95,2сая төгрөгийн үр ашигтай болсон гэж эдийн засагчид тооцжээ. А.Батдорж энэ төслөө улам сайжруулан төгс болгох зорилттой байгаагаа ярьсан. Эдний албаныхан Ил уурхай дээр зөөврийн ШТС барьсан бөгөөд үүнийхээ дэргэд компрессор байрлуулах гэнэ. Ингэснээр жолооч шатахуунаа авах хооронд дугуйн хийгээ шалгах, нэмэх боломж бүрдсэнээр илүү ихийг хэмнэнэ гэж үзжээ.    Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж буй энэ үед та бүхэн ямар хэмнэлт гаргах вэ? гэсэн асуултад тэр: “Гадна температур дулаарч буйг ашиглан хүн ажилладаггүй хэсэг, тухайлбал, гараажуудынхаа дулааныг 4-р сарын нэгнээс хэсэгчлэн хааж эхэллээ. Ингэснээр дулааны зардлыг 30 орчим хувиар хэмнэх тооцоо гарч байгаа” гэв.  Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагч А.Батдорж эрчим хүчний хэрэглээнд байнга хяналт тавьж, дүгнэлт хийж,  уур, ус, цахилгаан, дулааныг үр өгөөжтэй ашиглаж, хэмнэх боломжийг эрэлхийлэн, ажлын байрыг тав тухтай байлгахын  төлөө  оюунаа чилээж  явна.         Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр - 04 дүгээр сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 98 дахь өдөр. Он дуусахад 267 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 4-8 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, бага зэргийн хур тунадастай, салхины хурд 5-6 м/сек байна.     3. Аргын тооллын 4 сарын 8. Буд гариг. Билгийн тооллын 15. Тэргүүн дагуул одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол замд явах хүмүүс баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.     4. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5067 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3024, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна. Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1975 оны 4-р сар Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Эрдэнэтийн бүтээн байгуулалтад зориулан нэмэлт хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 1976 оны 4-р сар 22-нд: Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 08 дугаар тогтоолоор Эрдэнэт хотод хивсний үйлдвэр байгуулах талбайг 13 га-гаар тогтоож, үүнээс 12 га-г үйлдвэрлэлийн зориулалтаар, 1 га-г хаягдал шингэний хөөс агуулах талбайгаар ашиглуулахаар тогтжээ. 23-нд: Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох төв үйл ажиллагаагаа эхлэв. 26-нд: Эрдэнэт үйлдвэрийн төв корпусыг барих ажил эхлэв. 1978 оны 4-р сар Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс анх Хөдөлмөр хамгааллын хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдав. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа

   Улс үндэстний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь хүчин зүйлсийн нэг гэгддэг инновацыг эх орондоо хөгжүүлэх зорилгоор байгуулсан Технологи ба инновацыг дэмжих төвүүдийн (Technology and innovation support center-TISC) үндэсний сүлжээнд Технологийн сургууль нэгдэн орлоо. Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар энэ сарын 20-ны өдөр гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа баталгаажсан юм. ТISC буюу технологи, инновацыг дэмжих үндэсний сүлжээнд нэгдэн орох нь Олон улсад хэвлэгддэг шинжлэх ухааны холбогдолтой ном товхимол, сэтгүүлүүдийг хямдралтай үнээр унших, олон төрлийн сургалтанд үнэгүй хамрагдах боломж олгодгоороо давуу талтай. Инновацыг дэлгэрүүлэх нь орон даяар техникийн болон шинжлэх ухааны мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, патентын тухай мэдлэг мэдээллийг тэлж, оюуны өмчийн мэдээллийн санд хэрэгцээ шаардлагынхаа дагуу хайлт, дүн шинжилгээ хийхэд туслахаас гадна өргөн утгаараа аливаа улс орныг дэлхийн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  

   Технологийн сургуулийн хамт олон өнгөрсөн сард оюутнуудад зориулсан бизнес инкубатор төвийн нээлтийг хийж, мэргэжилдээ үндэслэн бизнесийн салбарт хөл тавихаар зорьж буй залуучуудаа дэмжихээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд гурван багийн 10 гаруй оюутан залуус чадавхижиж байна. Уул уурхайн мэргэжилтэй залуусын бүтээмжийн шинэлэг санааг хөгжүүлж, бизнесийн орчинд байр сууриа олоход туслах зорилготой энэхүү төв эх орондоо инновацын бүтээл гаргадаг түшиц газар болохоор алсын хараагаа тодорхойлжээ.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  ажилд оруулна гэсэн залилангийн 8 хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Үйлдвэрийн зарим удирдлагуудыг таньдаг хэмээн бусдыг мэхэлж олон сая төгрөгийн хохирол учруулсан иргэдэд хууртахгүй байхыг анхааруулж байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгууллагын дотоод дүрэм журмаар нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах, үйлдвэрт 20 ба түүнээс олон жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт суухад нэг хүүхдийг нь мэргэжил, болон эрүүл мэнд бусад шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд ажилд авдаг. Түүнээс бус хэн нэгэн хувь хүнээр зуучлуулан, бусдад авлига өгөх журмаар ажилд орох ямар ч боломжгүй гэдгийг Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хэлж байна. Тэрээр “Иргэд мэдээлэл дутмаг байдлаас болж бусдад залилуулж байгаа хэрэг өмнө гарч байсан. Одоо ч байсаар байна. Бид сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Аль болох хүний оролцоогүй шударга явуулахад бид арга хэмжээ авч байгаа. Хэрвээ хэн нэгэн дээрх сэдлээр хандаж ямар нэг тохиолдолд мөнгө авч, амлалт өгч байвал хуулийн байгууллагад хандаж шалгуулах хэрэгтэй. Магадгүй манай байгууллагын ажилтан холбоотой бол бидэнд мэдээлэл өгч шалгуулж болно” гэлээ. Сул ажлын байрны зарыг www.erdenetmc.mn сайтаар бүртгэх бөгөөд эндээс ажлын байрны сонгон шалгаруулалтын  мэдээллийг авах боломжтой юм.
 
Б.Учрал
   “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллага 400-аад ахмадтай. Тэд цех хэсгээрээ сар бүр уулзалт-өдөрлөг зохион байгуулах хуваарьтай ажээ. Тусгай зориулалтын машин механизмын гараашийн ахмадуудын уулзалт өдөрлөг саяхан зохион байгуулахад тус цехээс гавьяаны амралтаа авсан ахмадуудын Х.Оюунцэцэг ахлагчтай бүжгийн ”Солонго” хамтлаг, Г.Пагамжав ахлагчтай хийн дасгалын баг тэнд үзүүлэх тоглолт хийж үлгэр дууриалал үзүүлэв. Энэ үеэр багийн ахлагч нарын сэтгэгдлийг сонсоход:
 
   “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Х.Оюунцэцэг:
   - Би “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад операторчинаар ажиллаж байгаад 6 жилийн өмнө гавьяаны амралтаа авсан. “Эрдэнэт” үйлдвэрт 36 жил ажилласан. Нийтдээ 44 жил бүжиглэж байна. Авто тээврийн байгууллагын ахмадын бүжгийн “Солонго” хамтлаг байгуулаад 2 жил болж байна. Жил бүрийн цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” наадам, бусад уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор өдий хүрлээ. 2019 оны “Хаврын баяр”-ын “Гран при”, алтан медалиар шагнагдсан. Бүжгийн багш Магнай энэ бүх бүжгийг бидэнд дэглэж өгдөг. Манай хамтлагт 16 ахмад бий. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт зохиогдсон бүсийн тэмцээнд Тусгай байрын шагнал хүртсэн. Саяхан Дорноговь аймгийн бүсийн тэмцээний шагналт байрт шалгарлаа. Улсын тэмцээнд 5 жил оролцож, алтан медаль нэг, мөнгөн медаль 2, хүрэл медаль 2-ыг тус тус хүртсэн. Би бүжиглэхээс гадна явган алхалт, фитнесээр хичээллэдэг. 
   Бүжиг бол ахмадуудад эрүүл байх, хамт олонтой болох, биеэ цэх шулуун авч явах гээд олон талын ач холбогдолтой. Байнга бүжиглэдэг бидэнд элдэв хууч өвчин гэж үгүй. Тэтгэврийн насныхан хөдөлгөөний дутагдалд орохгүй байх нь хамгийн чухал. Тиймээс үйлдвэрийнхээ ахмадуудыг бүжгээр хичээллэхийн уриалж байна. 
 
 
      “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад Г.Пагамжав:
   - Би улсад 37 жил хөдөлмөрлөсөн. Үүнээс 16 жилд нь “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан. Анх үйлдвэрийнхээ урилгаар, авто зам хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу ирж Эрдэнэт хотын иргэн болсон. Авто тээврийн байгууллагын Газар шорооны албаны дарга, замын мастераар ажиллаж байгаад 2010 онд тэтгэвэрт гарч, тэр жилийн хавраас эхлээд хийн дасгалаар тогтмол хичээллэж байна. 2011 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогцолборт хийн дасгалын орон тооны бус багшаар ажилладаг болсон. Энэ хугацаанд 200-аад хүнд хийн дасгал зааж сургасан. Одоо үйлдвэрийн цех хэсэг бүрээс тэтгэвэрт гарсан 60-аад хүн энд хийн дасгалаар тогтмол хичээллэж байна. Хийн дасгалын тэмцээнд анх ахмадуудын 4-5 баг оролцдог байсан бол сүүлийн үед 8 баг оролцдог болсон. Энэ жил бид япон дасгал, хоёр хийн дасгал шинээр сурлаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй, ахмадуудын биед тустай гэдэг нь нотлогдсон тэдгээр дасгалыг бид хийж сурсандаа баярладаг. Ер нь хийн дасгалаар хичээллэснээр хүний биеийн таван цул, зургаан сав эрхтнийг эмчилж илааршуулах ач тустай юм. 
   “Нас бол тоо” гэдэг үнэн шүү. Хүн эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргаж чадвал насан турш эрүүл явах боломж бүрэн бий. Харин өчүүхэн шалтаг тоочоод биеийнхээ эрүүл мэндийг дэмжихгүй суугаад байвал тун тусгүй гэж боддог. Манай Авто тээврийн байгууллагын ахмадуудаас олон арван хүн нийтийн болон спортын бүжиг, фитнес, хийн дасгалаар хичээллэдэг. Тэд эрүүл бие, цог золбоогоороо бусдыг үлгэрлэж явааг харахад бахархалтай санагддаг гэж ярилаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ж.Оюун
Фото: Б.Баттөгс
Баасан, 29 11-р сар 2019 00:00

Даваанямын ЗОРИГТХҮҮ

----- ӨГЛӨӨНИЙ СЭРГЭЭШ -----

Овог нэр: 
Даваанямын ЗОРИГТХҮҮ
 
Төгссөн сургууль:
АНУ-ын Колорадогийн уулын сургууль
 
Мэргэжил:
Металлурги, баяжуулагч инженер
 
Ажилласан туршлага:
Эрдэнэт үйлдвэрийн Шинжилгээний төв лаборатори, Баяжуулах фабрик
 
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
Канадын Бритиш Колумбын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
 
Чин хүсэл:
Монгол улсад оюуны хөдөлмөр өндрөөр үнэлэгдэж, Эрдэнэтийн овооны дэргэд томоос том эрдмийн овоо сүндэрлээсэй гэж хүсэж мөрөөддөг тэрээр мөрөөдөлдөө нэг шат ахихаар алхалж явна. Эрдэнэт үйлдвэрийн чадварлаг боловсон хүчний нэгд зүй ёсоор нэрлэгддэг түүний энэ цаг үед хийх ажил нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн суурь баазыг бэхжүүлэхэд чиглэж байна. 
 
 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?

-Амралтын өдрүүдэд сэрэнгүүтээ ном уншиж, ажлын өдрүүдэд аливаагбодонгоо ажил руугаа яаралгүй алхдаг.

-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Том ажлын ард гарсан, эсвэл хэцүү зүйлийн учрыг олсон, ойлгосон үедээ их урам, эрч хүч авдаг. Мөн өдөр бүр хоёр хүүгээсээ хамгийн их сэтгэлийн баяр баяслыг мэдэрч, хүлээн авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-Сургалтын байгууллага гэдэг миний бодлоор хүнийг “тарьж ургуулдаг” газар юм. Тариа, ногоо тарихад үр шим нь жилийн дотор мэдэгддэг бол боловсролын үр дүн хэдэн жилийн дараа гардгаараа онцлогтой. Үр дүн шууд харагдахгүй байх нь нэг талаараа хэцүү. Гэхдээ үйлдвэрийнхээ, цаашлаад улсынхаа хөгжлийг түүчээлэх инженер, техникийн боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа гэсэн эерэг бодол тээсээр явна. Бусдыг чиглүүлэх хариуцлагатай алба хашиж байгаагийн хувьд ажилдаа чамбай хандахыг хичээдэг.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?

-Хувь хүнийхээ хувьд Олон улсад шалгарсан боловсролын (ISO 21001) болон чанарын удирдлагын (ISO 9001) менежментийн тогтолцоонуудад суралцаж байна. Сургуулийн захирлын хувьд оюутан, багш, ажилчид, эцэг эх, үйлдвэрийн бусад цех хэлтсүүд, БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам гээд олон чиглэлд харилцах зүй ёсны шаардлага бий болдог. Энэ утгаараа сүүлийн үед харилцааны ном уншиж өөрийгөө хөгжүүлж байна.

-Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү?

-Мэдээж бусдаас суралцах хэрэгтэй. Ялангуяа аливаа зүйлд суралцах эхний болон дунд үед бусдаас туслалцаа авах нь том туршлага болдог. Харин ямар ч зүйлийг гүнзгийрүүлэн суралцахад өөрийгөө дайчилж, ганцаарчилж сурахаас өөр аргагүй. Тухайлбал, докторантурт суралцахад шинжлэх ухаанд шинэ бөгөөд хэрэгтэй мэдлэгээр хувь нэмрээ оруулах ёстой. Тэгэхээр шинэ гэдэг тодорхойлолтод урьд өмнө нь байгаагүй мэдлэгийг бий болгоно гэсэн үг юм.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-“Медипас” эмнэлгийн үзлэг шинжилгээний дүнгээр өөх, тосоо багасга гэсэн зөвлөгөө авсан. Тиймээс эрүүл, зөв хооллолтын талаар суралцаж, түүнээс чухал нь сурснаа хэрэгжүүлэхэд анхаарч байна.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-“Сайн хүн гэж, бусад хүний сайныг олж хардаг хүнийг хэлнэ”. Намайг 19 настай бакалаврт суралцаж байхад магистрын ангийн Мөнхөө ах энэ үгийг хэлж өгч билээ. Их үнэн үг гэж боддог.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Аавын үеийнхэн “бор уулын буян” гэсээр сүсэг бишрэл, шашин шүтлэгтэй холбоотой юм шиг нэг л зүйлийг их хэлдэг байж билээ. Би Эрдэнэт үйлдвэрт анх ажилд орохдоо “бор уулын буян” гэдэг үгийн гүн утгыг ойлгодоггүй байсан. Сүүлийн үед арай өөрөөр бодож, энэ үгийн утгыг ойлгож эхэлсэн. Хүн ер нь амьдарч, хоолоо олж идэж байгаа газар дэлхийгээ шүтэн дээдэлж, хайрлан, бас чин сэтгэлээсээ сүслэн залбирч байх ёстой гэж боддог.

 
   Эрдэнэт үйлдвэр, “Медипас” төвтэй хамтран жил бүр ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх үүднээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тодорхой хуваарийн дагуу зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн 6 дугаар сарын 28-наас эхэлсэн үзлэгт 9000 гаруй ажилтныг хамруулахаар төлөвлөн, 9 төрлийн шинжилгээний багц санал болгожээ. Энэ сарын 23-ны байдлаар 5680 уурхайчин, 380 гаруй ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд үзлэгт хамрагдсан талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Бүртгэлийн мэргэжилтэн Ч.Баярмаа хэлж байна. Энэ долоо хоногт Барилга засварын цех, Ерөнхий захиргаа, Геологи хайгуулын анги, Оёдлын цех, Соёл урлагийн цогцолборын ажилтнууд болон ҮОМШӨ, ахмад настнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан ирэх сарын 15-ны дотор үзлэг шинжилгээг дуусгавар болгохоор шийдвэрлээд байна.  
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

    Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндрэхийн хэрээр жилээс жилд хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга буурч байна. Энэ нөхцөлд тохирсон техник, технологийн шинэчлэлийг инженерүүд эртнээс төлөвлөн хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт биелсээр ирсэн. Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болон ойрын жилүүдэд үйлдвэрлэлийн чиглэлээр алсын хараатай ямар өргөтгөл, шинэчлэл өрнөх талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.

    -Үйлдвэрлэлийн өнөөгийн онцлог нөхцөл байдал ямар байна вэ?

    -Манай Ил уурхай гүнзгийрэх тусам хүдрийн агуулгаас шалтгаалан эцсийн бүтээгдэхүүний гарцын гурван хувийн бууралт байгалиасаа бий болдог. Нөгөө талаар хүдрийн хатуулаг нэмэгдсээр байдаг. Өөрөөр хэлбэл хатуу хүдэр бутлах, нунтаглах шаардлагатай болж байна. Үүнийг дагаад тоног төхөөрөмжүүдийн цагийн бүтээмж буурах нь тодорхой. Тээрэм цагт 280 тонн хүдэр боловсруулдаг бол 275 болох жишээтэй. Цагийн ачаалал буураад байхад бүтээмжээ яаж нэмэх вэ? гэдэг асуудал үүсдэг. Тиймээс тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлээр бүтээмжийн өсөлтийг хангах бодлого барьж ажилладаг.

    -Тухайлбал...?

    -Өөрөөр хэлбэл цагт 280 тонн хүдэр боловсруулдаг тээрмийг 290 тонн/цаг болгох шаардлагатай. Цагт 650 тонн хүдэр хүлээн авдаг бутлуурыг 700 тонн/цаг авдаг болгох жишээтэй. Технологийн олон шийдлийг хийх хэрэгтэй. Энд л инженерүүдийн ур чадвар харагддаг. Техникийн болон технологийн уялдаа холбоог сайжруулж явах нь үйлдвэрийн гол бодлого юм. 2015 онд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн гуравдугаар шугамыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ өргөтгөлд Эрдэнэт үйлдвэр маань 170 сая ам.доллар зарцуулсан ч зардлаа 2,5 жилийн дотор бүрэн нөхсөн.

    -Жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай энэ өргөтгөлийн бүтээн байгуулалтыг та Баяжуулах фабрикийн дарга байхдаа эхлүүлсэн байхаа. Одоо төслийн хүчин чадалдаа хүрч ажиллаж байна уу? 

   -Залгаснаас хойш жилдээ 5,2 сая тонн хүдэр боловсруулж байсан. Тус шугамын хувьд техник, технологийн шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ жил анх удаа төслийн хүчин чадалд нь хүргэх боломж бүрдүүлээд байна. Гэтэл ирэх жил уул геологийн нөхцөлөө дагаад хүдрийн хатуулаг 15 квт/тн-оос дээшлэх хандлагатай байна. Бондын индексээр хатуу ангиллын хүдэр боловсруулна. Нэг сөрөг тал энэ. Нөгөөх нь хүдэр дэх металлын агуулга одоо 0,466 хувь байгаа. Ирэх онд 0,459 болж буурна. Мэдээж, үйлдвэрлэж буй баяжмал дахь металлын хэмжээ дагаж буурна. Үүнийг нөхөхийн тулд техникийн бодлого, хөгжлийн үндсэн чиглэл эртээс төлөвлөгдөн хэрэгжиж байгаа шүү дээ. Энэ оны төгсгөлд Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг 2021 оны хоёрдугаар хагаст амжиж хийхгүй бол 2022 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань эрс буурна.

    -Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн хүдэр боловсруулах хүчин чадал хэд байх вэ?

   -Гуравдугаар шугамтай ижил, жилийн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байна. Мөн ижил төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдоно. Цаг хэзээ ч зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй. Бүтээмжийн бууралтаа нөхөх шинэчлэлийг цаг алдахгүй хийх нь чухал. 2023 онд Эрдэнэт үйлдвэр жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулна гээд хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан яваа. Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хугацаа нь бүтэн нэг жил шүү дээ. Тэгээд  барилга байгууламж барих, ус, дулааны шугам хоолой татах, цахилгаан хангамжаа хийх гээд нүсэр ажил өрнөнө. 

    -Энэ жил хөрөнгө оруулалтаар техник, технологийн олон шинэчлэл, бүтээн байгуулалт хийлээ. Одоо ч үргэлжилсээр байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх урьтал ажлууд гэж ойлгож болох уу?

   -Эрдэнэт үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болохын тулд хийгдэж байгаа бэлтгэл ажлууд гэж ойлгож болно. Одоо манай үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Өнөөдрийн түвшинд үүнээс илүүг чадахгүй. Харин “КСИ”-гийн хүчин чадлыг дахиад зургаан сая тонноор өргөтгөвөл боломжтой. Үүний тулд шинэчлэлийн ажлыг технологийн хамгийн сүүлийн дамжлага буюу Хаягдлын аж ахуйгаас эхэлдэг байхгүй юу. Бид 2010 онд ХАА-н хүчин чадлыг 40 сая тонн материал хүлээж авахаар болгосон юм. Одоо тэнд хийх ёстой чухал ажил бол насосуудын шинэчлэл. 2008 онд 12000 м3 булинга шахдаг насосыг анх удаа суурилуулж байсан бол 2011 онд цагт 15000 м3  булинга шахдаг насос суурилуулсан. Одоо бид 18000 м3 цагийн хүчин чадалтай насосыг дэлхийд анх удаа Эрдэнэт үйлдвэр ирэх онд суурилуулна. Түүнчлэн ирэх онд бид флотацын фронтыг нэмэгдүүлнэ. 

    -Өргөтгөл хийхэд цахилгаан хангамж хүрэлцэх үү?

    -Хүрэлцэхгүй. Бид 25 мВт-ын хоёр трансформатораар Өөрөө нунтаглах хэсгийг цахилгаанаар хангадаг. Тиймээс ирэх онд 63 мВт-ын трансформатор солино. Үйлдвэрлэхэд хагас жилийн хугацаа шаардах учраас энэ жил захиалга өгөөд ирэх онд солино. Нөгөө талаас цэвэр усны асуудал ургана. Эрдэнэт үйлдвэр 65 км-ийн цаанаас 820 мм-ийн голчтой хоёр шугамаар ус татаж хэрэглэдэг. Хамгийн өндөр хүчин чадлаар авахад хоногт 80 000 м3 ус хэрэглэдэг. Бид энэ хэмжээг 120 м3 шахах хүчин чадалтай болгохыг зорьж байна. Мөн Ил уурхайн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажил явагдаж байна. 

    -Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд чиглэсэн техник, технологийн энэ жилийн шинэчлэлийн зарим шийдлийг тодруулж танилцуулбал?

   -Хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гурван шатлал бүхий, жилдээ 20,5 сая тонн хүдэр буталдаг нэгдүгээр шугамын хүчин чадлыг конвейрийн хурдаар нэмэгдүүлж байна. Sew euro driwe компанийн мотор-редукторыг Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р туузан дамжуулгад суурилуулснаар хүдэр дамжуулалтыг хоёр сая тонноор өсгөх боломж бүрдлээ. Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын бутлуурыг Метsо фирмийн МР-800 төрлийн бутлуураар сольж байна. Энэ бутлуур нь бүтээмж болон бутлалтын зэрэг өндөр учраас бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээг бууруулж, улмаар тээрмүүдийн цагийн ачааллыг 10 хүртэл тонн/цагаар нэмэгдүүлэх боломж олгох юм. Нунтаглан баяжуулах хэсэгт Украйн улсын НКМЗ үйлдвэрийн МШЦ 5,5х6,5 маркийн тээрмийг сольж байна. Дани улсын FLS компанид үйлдвэрлэсэн зэс, молибденыг салгах молибдены баяжуулалтын шинэ шугамыг угсарч, суурилуулан үйлдвэрлэгчийн төлөөллийн хамтаар туршилт тохируулгын ажил гүйцэтгэж байна.  Шүүн хатаах хэсэгт мөн FLS компанийн үйлдвэрлэсэн молибдены даралтат шүүлтүүрийн угсралт ид явагдаж байгаа. Ерөнхийдөө тавдугаар сарын нэгэнд нээлт хийсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл дээр төлөвлөгдсөн бүх ажлууд 12-р сарын 14 гэхэд 100 хувь дуусна.

    -Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалт нь хаягдлын сангийн 4М далан барих, уул сэтэлж холбох суваг байгуулах ажил байлаа.

   -Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн хамгаалалт 4М даланг, эргэлтийн усны холбох сувгийн хамт барьж байгуулан ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр үйлдвэрээс гарсан булингын ус худагт хүрэх замыг дөтөлж хугацаа хэмнэнэ, аюулгүй байдлыг хангана. Түүнээс гадна өвлийн ид хүйтний үед усан сангийн хүрэлцээг хангана. Бид өвөл ХАА-н усны түвшинг 11-р худгаар байнга хэмждэг. Энэ усан сангийн маань нөөц одоогоор 21,3 сая м3 байна. Өмнө нь 19 сая м3 болж багассанаас эргэлтийн усан хангамжийн асуудал хүндэрч байсан түүх бий. Усан сангийн нөөцөө Сэлэнгийн усаар нөхөж нуурын түвшинг 3,2 м-ээр өргөж чадсан. Үүний хүчинд өнгөрсөн өвлийг ажирахгүй давсан. Энэ жил эргэлтийн усаараа өвлийг давах бэлтгэл сайн хангаад байна. Ирэх жил 5,5 сая тонн хүдэр хүлээн авдаг хам баяжуулалтын тавдугаар секцийн хүчин чадлыг 12 сая тоннд хүргэж өргөтгөнө. Ер нь инженерчлэлийн тооцоолол хэр зэрэг бодитой байхаас дараагийн шинэчлэлийн үр дүн хамаардаг.   

    -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

     Аливаа бүхэн стратеги, хөдөлмөр зохион байгуулалтын нарийн төлөвлөлт дээр тулгуурлан хөгжлийн шинэ шатанд гарах боломж нээгддэг. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ч энэ суурь зарчмыг баримтлан ажиллаж буйг Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат ярилцлагандаа онцоллоо.

    -Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа,  үнэт зүйлс, хөгжлөө тодорхойлох үндсэн чиг зүг юу вэ?

    -Стратеги, төлөвлөлт бодлогын газар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноор бүтэц зохион байгуулалт өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14 нд үйлдвэрийнхээ эрхэм зорилго, алсын хараа,үнэт зүйлсээ тодорхойлсон.  Бид өнөөдөр “Дэлхийн жишиг, Монголын бахархал” алсын хараатай, Эрхэм зорилгоо “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялагийг бүтээнэ” хэмээн тодорхойлсон бол бидэнд байгаа үнэт зүйлсээ “Аюулгүй байдал ба эрүүл мэнд”, “Ёс зүй, хариуцлага”, “Байгаль орчны тэнцвэртэй байдал”, “Хамтын хүч, багаар ажиллах чадвар”, “Бүтээмж, инноваци буюу шинэ санал” гэж таван чиглэлээр боловсруулсан. Үүн дээрээ үндэслэн  Эрдэнэт үйлдвэрийн стратегийн зорилго, зорилтуудыг тодорхойлж байна. Нийт таван үндсэн зорилт манай үйлдвэрийн хамт олон дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, Үйлдвэрийн газрын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх, Хоёрдугаарт, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Гуравдугаарт санхүүгийн удирдлагыг дээшлүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, Энэхүү зорилт нь цаашид мөнгөн хөрөнгөө хэрхэн зөв зохистой удирдах, ямар төсөл хэрэгжүүлж, хичнээн хэмжээний орлого олох вэ гэдэг бодлогод чиглэнэ. Дөрөвдүгээрт, хүн капиталын өгөөжийг дээшлүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, Үүнд бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүд багтаж байна. Тавдугаарт, хариуцлагатай уул уурхай, зөв тогтолцоог бий болгон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, Уг зорилтыг  Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх замаар хэрэгжүүлнэ. Энэ бүхэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын стратегийн бодлогыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үндсэн зорилт болж байгаа юм.  Энэ зорилгодоо бид хүрэхийн тулд яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгохын тулд 2017-2031 он хүртэлх үйлдвэрийн Хөгжлийн Үндсэн чиглэлийн бодлогоо боловсруулан, хэрэгжүүлж байна.

    Дараагийн нэг томоохон асуудал бол бүтээмж, инновацийн чиглэлийн бодлого байгаа юм. Бүтээмж гэдэг ойлголт бол орц, гарцын харьцааг хэлдэг. Бид ямар хэмжээний орц оруулаад хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна вэ гэдгийг тодорхойлдог. Нөгөө талаас, бүтээмж бол үйл явц буюу процессийн сайжруулалт гэж ч ойлгож болно. Бүтээмжийн талаар манай үйлдвэр 2005 оноос “5 сайн үйлс” /5S/, “Сайн саналын систем” /kaizen suggestion system/, Бүтээмж чанарын дугуйлангууд анх Баяжуулах фабрикт, 2012 онд бусад 23 цехэд нэвтрүүлж ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл нийт 14 жилийн турш энэ хөтөлбөрийг нэвтрүүлж, нутагшуулж байна. Харин одоо бид энэ чиглэлээр хөгжлийн ямар түвшинд явж байна вэ гэдгээ дүгнэж, цаашид ямар хэлбэрээр хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тэгвэл цаашид бид Азийн орнуудын томоохон бизнесийн байгууллагын бүтээмжийн түвшинд хүрэхийн тулд Зургаан сигма /Six sigma/, Бизнесийн төгөлдөршил /Business excellence/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг манай “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд тодорхой төлөвлөгөө боловсруулан, сайн ажиллаж байна

    -Ер нь бүтээмж инновацийн хөгжлийн түвшингээр хаана явна гэсэн дүгнэлт гарсан бэ?

    -Дунд буюу төлөвших түвшинд байна гэж дүгнэсэн. Бизнесийн төгөлдөршлийг батлагдсан загварын дагуу үнэлдэг. Бүтээмжийн эхний алхмуудыг хэрэгжүүлсэн гэж өмнө би хэлсэн. Үүнийг оноогоор дүгнэж хэлбэл, 1000 оноо авах ёстой гэвэл 351 оноо авчихсан байна гэж хэлж болно. Ингэхээр үйлдвэрийн газрын хувьд боломжийн үнэлгээтэй. Харин дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх, идэвхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой юм. Удирдлагын түвшингийн менежерүүддээ энэ чиглэлийн сургалтанд хамруулах, ойлголтыг өгөх хэрэгтэй. Өөрсдөө илүү сайн мэдлэгтэй байх ёстой. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс дэмжин, ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

    -Бүтээмж инновацийн хөдөлгөөнийг үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж, ажиллагсдын идэвх оролцоог дээшлүүлэх зорилгоор “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, Инноватор цомыг шилдэг төсөлд олгодог гээд олон үйл ажиллагаа бий. Эдгээрийн үр дүн хэрхэн харагдаж байна вэ?

    -Манай газрын харьяа Хөгжлийн хэлтсийн дэргэд Инновацийн төв ажилладаг. Эндээс 100 сая төгрөгийн шагналын сантай шилдэг төсөл шалгаруулах “Инноватор” уралдааныг зохион байгуулж байна. Үр дүнд нь манай цех нэгжүүд маш идэвхтэй болж, үйлдвэрлэлд өндөр үр ашигтай санал санаачлага, төсөл хэрэгжүүлэхийн төлөө мэрийдэг болсон. Бидний зүгээс ч тэднийг дэмжиж, сайн төслүүдийг Оюуны өмч буюу патентжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Инженерүүд, ажилтнуудынхаа сайн төсөл, бүтээлийг нь Оюуны өмчийн хуулийн дагуу эрхийг хамгаалах чиглэлээр бас анхаарч байгаа. Энэ утгаараа ч манай үйлдвэр “Оюуны өмчийн бодлоготой байгууллага” тодотгол авсан гэж хэлж болно.

   -Ажиллагсдынхаа санаачилгыг идэвхжүүлэх, түүгээр дамжуулан бүтээмж нэмэгдүүлэх үүднээс “Сайн саналын систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж буйг түрүүн та дурьдсан. Энэ чиглэлээр гарч байгаа эерэг талууд юу байна вэ? Илүү боловсронгуй болгох ямар арга ашиглаж байна вэ?

   -Энэ тал дээр “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд маань олон ажил, сургалтуудыг тасралтгүй хэвшүүлснээр Сайн саналын тогтолцоо манай үйлдвэрт жигдэрсэн гэж хэлэх байна. Саяхан “Сайн саналын систем”-ийн 100 манлайлагчийг шалгаруулж, алдаршуулж урамшуулсан байгаа. Энэ үйл ажиллагааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар сайн дэмжсэнээр  Хөгжлийн хэлтэс, бүтээмжийн чиглүүлэгч нар сайн саналын  манлайлагчидтай “Зангиагүй уулзалт” зохион байгуулж, санал бодлыг сонсон ярилцсан байгаа. Улаанбаатар хотод болсон “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ы үеэр манай сайн саналын системийн туршлагыг бусад компани, үйлдвэрийн газрууд ихээхэн сонирхож байсан. Тэр тусмаа ажиллагсдынхаа саналыг үнэлж, урамшуулж байгааг асууж, харилцан туршлага солилцох саналаа ч бидэнд хэлсэн. Сүүлийн үед манай үйлдвэрийн сайн саналын систем илүү идэвхжиж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, 2017 онд сайн саналын систем дэх ажилтнуудын оролцоо 20 хувь байсан бол 2018 онд 24 хувь болон өсч, энэ оны эхний 9 сарын байдлаар 29 хувьд хүрсэн дүнтэй байна. Энэ нь манай ажилтнуудын идэвх хандлага сайжирч байна гэсэн үг. Бүтээмж инноваци хоёр бол салшгүй ойлголт. Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан сайн саналын систем дэх оролцоог нэмэгдүүлснээр нэг төгрөг зарцуулж, 6.5 төгрөг болгон олж байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ бол маш том бүтээмж. Нөгөө талаасаа зөвхөн эдийн засгийн хэмжигдэхүүнээр тооцож гаргасан дүн. Харин нийгэмд оруулж буй хувь нэмрээр нь тооцвол маш том хөрөнгө оруулалттай, цаг хугацаа хэмнэж, бүтээмж нэмэгдүүлсэн өгөөжтэй ажил болж байгаа гэдгийг онцолмоор байна.

    -Эрдэнэт үйлдвэрийн цаашдын стратеги төлөвлөлт ямар дүр зураг, төсөөлөлтэй байгаа вэ?

   -Стратеги, төлөвлөлт бодлогын газрын Хөгжлийн хэлтэс, төслийн нэгж дээр Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх 6 том төслийг холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран судалж, боловсруулсан. Эдгээрээс Ил уурхайд мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, Үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна. Энэ бол стратегийн том төсөл төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай төслүүдийн нэг. Дараагийн төсөл Уусган баяжуулах /SX/EW/ технологиорисэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барих,  богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа өгөх энэ төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төсөл чухал стратеги төлөвлөлтийн нэг болж байгаа. Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой эдийн засгийн ашигтай ажиллахын тулд жилд Баяжуулах үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлыг нь 6 сая тонноор нэмэгдүүлэх хүчин чадалтай Өөрөө нунтаглах хэсгийн шугамын өргөтгөлийг ирэх оноос барихаар төлөвлөн ажиллаж байна. Засвар механикийн заводын Цутгуурын цехэд одоо хийгдэж буй техникийн өргөтгөл, шинэчлэл Герман улсын ФАТ компанитай хамтран үргэлжилж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр цаашид Эрдэнэт үйлдвэр хэрхэн хөгжих, багаар бодоход 60 жил ашиглахуйц нөөц дээрээ түшиглэн Эрдэнэт хотыг яаж авч явах гэх зэргээр стратеги төлөвлөлт, хэтийн зорилт бодлого тодорхойлогдоно. Үүнтэй уялдуулан ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ хөгжүүлэх зэргээр хаалт менежментийн хөтөлбөрөө боловсруулан ажиллах боломж нээгдэнэ гэж харж байгаа. Бидний ойрын үеийн зорилго ч үүнд чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх том төслүүдийг хөдөлгөх бэлтгэл ажлуудаа бүрэн хангаж, бас эхлүүлнэ гэж хэлж болно. Өмнө хэлсэнчлэн бүтээмж инноваци болон сайн саналын тогтолцоог илүү боловсронгуй болгож, ажиллагсдынхаа оролцоог дээшлүүлэх чиглэлээр эрчимжүүлж ажиллана. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй, хөгжлийн дүр зургийг илэрхийлнэ.

М.Балжинням

Фото Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог