• Эрдэнэт үйлдвэрийн гурван ажилтан Цацрагийн хяналтын чиглэлээр амжилттай суралцаж мэргэжлийн үнэмлэхээ өнөөдөр гардлаа

       Цацрагийн үүсгүүр хэрэглэдэг байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалтын чиглэлээр дотоод хяналт тавих үүрэг бүхий ажилтнууд нь энэ чиглэлээр мэргэшсэн, боловсрол эзэмшсэн байх  шаардлагатай байдаг. Энэ шаардлагын дагуу Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Хүний хөгжлийн төлөвлөгөөний дагуу гурван ажилтныг сургаад байна.     Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайван, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын албаны тэргүүлэх инженер Ц.Оргил, Мэдээллийн технологийн хэлтсийн Төлөвлөлт,техник технологийн товчооны дарга  О.Гантулга нар дөрвөн сарын хугацаанд ОХУ-ын Санкт-Петербург хотын Политехникийн сургуульд Цацрагийн аюулгүй байдал, цацрагийн хяналтын чиглэлээр мэргэжил олгох сургалтад хамрагдан амжилттай төгсөж өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.     Эдгээр ажилчид танхимын сургалтаас гадна зайны сургалтад 6 удаа хамрагдаж, хүн тус бүр өөрийн ажил үүргийн дагуу үйлдвэрт ашиглагдаж байгаа  цацрагийн үүсгүүрийн сонгосон төрөлдөө сурсан арга зүйн дагуу холбогдох хэмжилт хийж төгсөлтийн ажлаа хамгаалжээ.     Эрдэнэт үйлдвэр 170 гаруй цацрагийн үүсгүүр ашигладаг. Энэ бүхний аюулгүй ажиллагаа, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, түүнтэй харьцаж ажилладаг ажилтнууд дүрэм журмын дагуу шарлагын тунгийн хэмжээнд байгаа эсэхийг мэргэжлийн түвшинд хянах юм.                                                                                                        А.Бямбамаа       Дэлгэрэнгүй...
  • Засвар, угсралтын цех ажилчдадаа “хүүхдийн томилолт” олгодог

       Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех “Гэр бүл хамгаалал, хүүхэд-2019” хөтөлбөр хэрэгжүүлж, “техникийн эмч нар”-таа хүүхдийнхээ төлөө цаг гаргах боломж олгох, гэр бүлээ гэсэн сэтгэлийг хөхүүлэн дэмжих, ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах баталгааг хангах үүднээс 10 залуу ажилтанд нэг өдрийн цалинтай томилолт олгожээ. Ирэх сард мөн 10 ажилтанд “хүүхдийн томилолт” олгоно гэж тус цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Туяажаргал ярилаа.     Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний зөвлөмжийн дагуу Засвар, угсралтын цех Эцэг эхийн зөвлөл байгуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Миний гэр бүлийн аз жаргал” аян зарлаж, залуу гэр бүлүүдийн дунд “Номтой нөхөрлөе” чөлөөт өдөр, “Эрүүл бие-саруул ухаан” хөгжөөнт буухиа тэмцээн, “Ногоон төгөл”-д гэр бүлийн мод тарих, “Сэтгэлийн бэлэг” уран зургийн болон дурсгалын зүйлс урлах уралдаан, “Сэтгэлийн үг” амтат зоогтой хүлээн авалт зэрэг үйл ажиллагааг он гарсаар зохион байгуулжээ. Түүнээс гадна нийт ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын холбогдох хууль, хувь хүний хөгжил, харилцаа хандлага, гэр бүлийн боловсрол, сэтгэлээ удирдах ухаан зэрэг сэдвээр ёс зүйн модуль сургалт зохион байгуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн найвартай ажиллагааг хангадаг тус цехийн ажилчид, хүүхдүүдээс авсан судалгаагаар гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдэж, хүүхэд зорилго тэмүүлэлтэй хөгжиж, ажлын бүтээмж дээшилсэн дүгнэлт гарчээ.   М.ОДГЭРЭЛ                         Дэлгэрэнгүй...
  • Давтамж хувиргагчийг гар утаснаас тохируулна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Молибдены баяжуулалтын шинэ шугам угсарч, суурилуулж байна. Энэ ажлын хүрээнд Молибдены шахуургын 16  насос хөдөлгүүрийн хамт суурилагдсан. Насосуудын хөдөлгүүр  тус бүр  ABB фирмийн  2.2-50кВт   чадалтай давтамж хувиргагчаар тэжээгдэн автомат горимд ажиллах юм. Уг давтамж хувиргагч нь орчин үеийн ухаалаг технологи дээр хийгдсэн бөгөөд “Bluetooth” холболтоор гар утас болон таблетнаас шууд  тохируулга хийх боломжтойгоороо онцлог юм. Эдгээр давтамж хувиргагчийн тохируулга, програмчлалын ажлыг тус цехийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн инженерүүд чанартай  хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.  Я.Энхтуяа   Молибдены шахуургын насос болон хөдөлгүүрүүд.         ABB фирмийн ACS 880-01 маркийн давтамж хувиргагч         Хуваарилах самбар болон давтамж хувиргагчын шкафнууд.       Дэлгэрэнгүй...
  • “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээнийг Авто тээврийн цехийн хамт олон 167 оноогоор тэргүүлж явна

       Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчид шинээр ажилд орж байгаа залуу ажилчдад түлхүү  хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээний эхний шат амжилттай явагдаж өндөрлөлөө.  Тэмцээний эхний шатанд 20 баг өрсөлдөж, дараагийн шатанд 9 баг шалгарч үлдлээ.     Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм. Эхний шатны тоглолт өдөрт хоёр удаа болж нийт 4000 гаруй ажилтан албан хаагчид “SAFETY FIRST-2019” тэмцээнийг үзэж, мэдээлэл авч баг хамт олноо дэмжжээ.     “SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.     Тэмцээний хоёрдугаар шат энэ сарын 29-ний өдрөөс эхлэхээр Авто тээврийн цех, Цахилгаан цех, ХМТАЦ, Барилга засварын цех, Эрдэнэт сувиллын цогцолбор, Оёдлын цех, Дулааны цахилгаан станц, Спорт цогцолбор, Ил уурхай гэсэн есөн багууд бэлтгэлдээ ороод байна. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.    А.Бямбамаа       Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийг хоёр дахь жилдээ үнэлж байна

       Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийг үнэлэх зорилгоор ажлын байрны хэмжилт, шинжилгээг “Хэлт энд сапти солюшн” ХХК өнгөрсөн долоо хоногоос Баяжуулах үйлдвэрт хийж эхэллээ. Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөл, эрсдэл,  өртөлтийг үнэлэхдээ ажилчдыг түүврийн аргаар сонгон, ижил өртөлтөөр нь бүлэглэсэн байна. Өнгөрсөн жил Ил уурхай, Автотээврийн цехэд үнэлгээ хийж, үр дүнг харгалзан авах арга хэмжээгээ тодорхойлжээ. Тухайлбал, тоос дарах чиглэлээр тогтмол усалгаа хийж, халууны нөлөө ихтэй дампуудад агааржуулагч суурилуулан, засвар үйлчилгээг сайжруулсан байна. Мөн гагнуурын утаа сорох төхөөрөмж суурилуулах, доргионы нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ багаж төхөөрөмжийн худалдан авалтын захиалга өгчээ. Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг үйлдвэрийн газрын хэмжээнд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх жил Засвар механикийн заводын нэгжүүдийг хамруулахаар болжээ.    И.Чинтогтох     Дэлгэрэнгүй...
  • ЭКГ-12К экскаваторын угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна

         Өнгөрөгч сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч ЭКГ-12К шинэ экскаваторыг 35 хоногийн дотор угсарч ажилд гаргахаар Ил уурхайн хамт олон ажиллаж байна. Ил уурхайн Засварын хэсгийн хоёр бригад   12 цагаар  ажиллаж шинэ экскаваторын угсралт тохируулгын ажлыг хариуцан амжилттай дуусгаж өнөөдрийн байдлаар цахилгааны нарийн тохируулгын ажил хийгдэж байна. ЭКГ-12К  шинэ экскаваторыг ирэх пүрэв гарагт карьерт гаргахад бэлэн болжээ. Энэ ажлыг хугацаанаас гурав хоногийн өмнө үндсэндээ дуусгаж байгаа нь тус бригадын хамт олны ажлын идэвх, хариуцлага, туршлагатай холбоотой юм.      Энэ онд Ил уурхайд ЭКГ-12К маркийн хоёр шинэ экскаваторыг ашиглалтад оруулахаас эхнийхийг нь өнгөрөгч таван сард угсарч тохируулан ажилд оруулсан юм. Шинэ экскаватор ашиглалтад орсноор Ил уурхайд нийт арван хоёр экскаватортой болж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган, эдийн засгийн хувьд үр ашиг нэмэгдэх юм. А.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс багасчээ

       Баяжуулах үйлдвэрийн цех, нэгжүүд “Өглөөний ХАБ ба ажлын байрны дасгал хөдөлгөөн” аянд нэгджээ. Тус аян нь ажилтан хүн ажлаа сэтгэл хангалуун хийх, эерэг хандлагаар өглөөг угтах, ажлын байрны аюулгүй байдлыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааны тодорхой сэдвүүдээр санал солилцох, ажлын байранд дасгал хөдөлгөөн хийх соёлыг төлөвшүүлэх зорилготой хоёр сарын хугацаанд хэрэгжиж байна. “Өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт явуулсан аяны хүрээнд ажилтан бүр эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэн, бусдадаа түгээснээр харилцаа хандлага сайжирч, ажилдаа гарахаас өмнө 3-5 минут дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс буурсан” талаар ХАБЭА-н хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг мэдээллээ. Уурхайчид өдөр тутам шинэ зүйлд суралцан, мэдлэгээ тэлж, бусдадаа эерэг нөлөө түгээсээр байна.    И.Чинтогтох       Дэлгэрэнгүй...
  • “Алтан намар”-т 101 сурагчийн бүтээл өрсөлдлөө

        Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор, Орхон аймгийн Зураач урчуудын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Алтан намар” зургийн уралдаан зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёл урлагийн цогцолборт болсон тус уралдаанд 5-15 насны 101 хүүхэд оролцож, байгалийг тольдсон дотоод ертөнцийн өнгө үзэмжээ цаасан дээр зураглалаа. Мэргэжлийн зураач, урчуудын санал шүүмжээр нас насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, тусгай байрт шалгарсан 15 хүүхдийг шагнаж урамшуулсан юм.     Уралдааны дүнгээр ахлах насны ангилалд Ө.Жаргалан тэргүүн байр эзэлж, Х.Нарантуул, Э.Санчирламба нар удааллаа. Дунд насны ангилалд Ө.Намуунаа, А.Золжаргал, А.Золцэцэг нар, бага насны ангилалд Н.Дүүрэнбилэг, С.Сайнбилэг, Б.Дөлгөөн нар тус тус шагналт байрт шалгарч, медалийн эзэд болсон. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, хөхиүлэн дэмжих, сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах хүрээнд Соёл урлагийн цогцолборын 9 дугуйланд жилдээ 300 хүүхэд хүлээн авч, мэдлэг оюуныг нь тэлж байна. Музейн арга зүйч О.НАНСАЛМАА: Бид зураач, уран бүтээлчдийнхээ хойч үеийг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлнэ -Хүүхдийн нүдээр намрыг төсөөлсөн зургууд цасан дээр бууж байна. Ирээдүй үеэ хөгжүүлэхэд чиглэсэн Эрдэнэт үйлдвэрийн оролцооны талаар та бидэнтэй хуваалцахгүй юу? -Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдэд “Алтан намар” аян үргэлжилж байна. Энэ хүрээнд Соёл, урлагийн цогцолбороос 3 насны ангилалд гар зургийн уралдаан зохион байгууллаа. Ирэх жилээс зай талбай нь хүрэлцдэг бол илүү олон хүүхэд хамруулах юмсан гэж бодож байна. Хүүхдүүд ч хүлээлт ихтэй байлаа. Зургийн үзэсгэлэнг 7 хоногийн турш олон нийтэд хүргэж, оролцогч хүүхдүүдээ урамшуулахыг зорьж байна. Энэ жилийн хувьд Орхон аймгийн зураач, урчуудын холбоотой хамтран зохион байгуулж, уралдааныг мэргэжлийн зураач нар шүүн явууллаа. Эрдэнэт хотын зураач нарын бүтээлийг харсан хүүхдүүд маань судалбар зураг гэж юу болох, намрын тухай ойлголт авсан байх. Бид уралдааны үеэр усан болон тосон будгаар зураг зурах нь ямар ялгаатай байдаг тухай яриа таниулга хийсэн. Уран бүтээлч хүн амьдарч буй нийгмээсээ нэг алхамын түрүүнд явж, шинэ зүйл сэтгэж, хийж бүтээдэг. Тэр ч утгаараа хойч үеийнхэнд маань энэ уралдаан асар их ач холбогдолтой оюуны хөрөнгө оруулалт болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Бид зураач, уран бүтээлчдийнхээ хойч үеийг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх болно. Зураач Л.БЯМБАСҮРЭН: Өнгөний хослолтой зургууд их содон, шинэлэг мэдрэмж төрүүллээ -Та уралдааны талаар сэтгэгдлээ хуваалцана уу? -Жил бүр “Намар” сэдвээр уран бүтээлчдийн үзэсгэлэн, уралдаан зохигддог. Өнөөдрийн хувьд хүүхдүүд өөрсдийн өнгөөр намрыг илэрхийллээ. Агуулгын хувьд надад таалагдаж байна. Гүйцэтгэлийн хувьд өнгөний хослолтой зургууд бас их содон, шинэлэг мэдрэмж төрүүллээ. Би СУИС-д багшилж байгаад чөлөөндөө гарсан. Хүүхдийн гэгээлэг ертөнцийг уран зургаас харах нь их гоё санагддаг. Эрдэнэтийн хүүхдүүд хүсэл тэмүүлэлтэй, оролцоотой байгаа нь сайн хэрэг. Би өнгөрсөн зун Эрдэнэтийн зураачидтай хамтарсан аялал хийж, нилээд уран бүтээлтэй ирсэн. Энэ намрын тухайд “Арт галарей”-д усан будгийн хоёр зургаараа үзэсгэлэнд оролцож байгаа. Орхон аймгийн Зураач, урчуудын холбооны тэргүүн Д.БАТБИЛЭГ: Уралдааныг агуулгаар нь шүүхийг эрмэлзлээ -Зохион байгуулагчаар хамтран оролцож байгаа хүний хувьд өнөөдрийн уралдааны онцлох зүйлсээс хуваалцахгүй юу? -Манай холбоо шүүгчээр хамтран ажиллаж байна. Намрыг хүүхэд хэрхэн төсөөлдөг вэ гэдэг их сонин. Зарим нь аав ээжийнхээ ажилтай холбож ойлгоно, зарим нь гадаад орчныг илүүтэй ажина. Аль болох техник талдаа бус сэдэвтээ ойр, “Алтан намар” гэсэн улирал заасан агуулгаар нь шүүхийг эрмэлзлээ. Соёл урлагийн цогцолбороос манай холбоонд хүсэлт тавьсны дагуу энэ жил анх удаа хамтран зохион байгуулж байна. Зураач, урчуудын холбооны гишүүн, зураач н.Цоггэрэл, Д.Батбилэг, Х.Пүрэвдорж нарын бүтээлээс бүрдсэн “Намар” үзэсгэлэнг уралдааны танхимд дэлгэж тавьлаа. Хүүхдүүд маань эдгээр бүтээлээс намрын тухай ойлголт авах байх. Улсын хэмжээнд “Алтан намар” судалбар зургийн уралдаан зарлагдаад байгаа. Бид энэ сарын 30-нд Улаанбаатар, Өмнөговь, Эрдэнэтийн зураач нарын хамтарсан үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.     И.Чинтогтох   Дэлгэрэнгүй...
  • MNS ISO 9001:2016 стандарт 2022 он хүртэл хэрэгжинэ

        Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд чиглэлийн стандартуудаас гадна тогтолцооны гурван стандарт хэрэгждэг. Эдгээр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн, Байгаль орчны, Чанарын менежментийн тогтолцооны стандарт. Чанарын менежментийн тогтолцооны  MNS ISO 9001:2016 стандарт нь байгууллагын стандартын гэрчилгээ авснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэ гэрчилгээ нь 2022 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх стандарт юм. Иймээс Чанарын менежментийн тогтолцооны стандартын тухай ойлголтыг үйлдвэрийн үндсэн цехийн зохих мэргэжилтнүүдэд хүргэхээр үндсэн цехийн ажилчдыг түлхүү хамруулж гурван өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсээс зохион байгуулсан юм. “Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартын үндсэн шаардлагыг сургалтад оролцогчдод танилцууллаа. Энэ стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах үр дүнг тооцохоос гадна PDCA мөчлөгийн дагуу үйл явцаар удирдах, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх болно” гэж  Чанар хяналтын хэлтсийн чанарын мэргэжилтэн  Д.Шинэбаатар мэдээллээ.т     Мөн стандартчиллын суурь асуудал, нэгдсэн менежментийн тогтолцоо стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулж стандартын баримт бичиг боловсруулах , хэлэлцэх, батлах үе шатуудад баримтлах арга зүйн заавруудыг танилцуулан нэгдсэн менежментийн тогтолцооны шалгуурын талаар сургалтад оролцогчдод  мэдээлэл өглөө. А.Бямбамаа Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Хяналт удирдлагын программ хангамж шинэчлэгдлээ

          Диспетчерийн хяналт удирдлагын СКАДА системийн программ хангамжийг Франц улсын Schneider electric фирмийн “CITECT SKADA-2018”-аар сольж, суурилууллаа.  Хоёр үе шаттай программ хангамж нэвтрүүлэх, суурилуулах, тохируулах  ажлыг  Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн инженерүүд  өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлж,  саяхан дуусгав. Одоо туршин зүгшрүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний объектуудыг алсаас хянаж,  удирдаж,  хэмждэг  СКАДА  системийн программ хангамж нь цех нэгжүүдийн цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний  тоног төхөөрөмжөөс  мэдээлэл хүлээн авч,  диспетчерийн хяналт удирдлагад оруулан, хэрэглэгчдэд тасралтгүй найдвартай хүргэх үндсэн үүрэгтэй. Өмнөх  программ хангамж нь 2008 онд суурилагдсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрт нэвтэрч буй ухаалаг төхөөрөмжүүдээс мэдээлэл авахад хүндрэлтэй, сүүлийн үеийн үйлдлийн системтэй нийцэж ажиллах боломжгүй зэргээс шалтгаалан ийнхүү шинэчилжээ.    CITECT SKADA-2018 программ хангамж нь орчин үеийн  бүх төрлийн контроллёр, микропроцессорын реле, ухаалаг хувиргагч, цахилгаан, дулаан, уур усны  хэмжих хэрэгслээс бодит цагийн горимын  мэдээлэл хүлээн авах, дамжуулах, боловсруулалт хийх чадвартай. Түүнчлэн  шаардлагатай чухал мэдээллийг бусдаас ялган харах, ангилах боломжтойгоороо  давуу талтай аж. Я.Энхтуяа Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотынхоо нүүр царай, өнгө төрхийг илтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороор зочиллоо. Авьяаслаг уран бүтээлчдийг “өлгийдөн” авч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн энэ байгууллага үйл ажиллагааны хамрах хүрээгээр хүүхэд залуучууд, уурхайчдад чиглэсэн олон талт сургалтын хөтөлбөртэй. Энэ удаа уртын дууг этник хэлбэрээр дуулж, уран бүтээлийн анхны цомгоо “өлгийдөн” авахаар хүлээн суугаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Дашийн Дагиймаатай цөөн хором ярилцлаа. Уран бүтээлчийн дэврүүн хүсэл мөрөөдлийг хуваалцъя.

-Уртын дуучин болох нь таны мөрөөдлийн нэг хэсэг байв уу? Мэргэжил сонголтын сэдвээр ярилцлагаа эхлье?

-Би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Намайг дөрвөн настайд эмээ маань өөрийн мэддэг ардын болон уртын дуугаа зааж өгсөн юмдаг. Эмээ Булган аймгийн Баян-Агт сумынх. Хөдөөгийн найр хуримд намайг дагуулж явна, би дуулахыг нь их ч сонсдог байлаа. Харин миний бага нас Булган аймгийн төвд өнгөрч, Орхон аймгийн 5 дугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. Харин 2003 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элссэнээр урлагийн хүн болох зам мөрөө тавьж билээ.

Мэргэжил сонголтын тал дээр урлагт “дурласан” зүрхээ дагасан хэрэг л дээ. Би сурагч байхын Яргуй наадам, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцдог хүүхэд байлаа. 10 дугаар ангиа төгсөх жил бие даасан тайлан тоглолтоо хийх үеэр ах дүү нар маань ирж үзчихээд “Чи урлагийн хүн болно оо” гэж хэлж байсан нь надад их хүч өгсөн гэж боддог. Ингээд л урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэн, Монгол Улсын Гавьяат багш  Ц.Дэлгэрийн удирдлаган дор мэргэжлийн дуулаач болсон. Уртын дуу дуулаач нар үндэсний өв соёлоо хадгалан, түүнийг түгээн дэлгэрүүлэх томоохон хариуцлага үүрдэг.

-Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагатай хэдий үеэс холбогдож, мэргэжлээрээ ажиллах болов?

-Ажлын гараагаа “Улаанбаатар” чуулгаас эхэлж, хоёр жил ажилласан. Улмаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцан, Эрдэнэт хотдоо ажиллаж амьдрах, уран бүтээлээ туурвих шийдвэр гаргаснаар 2011 онд “Уурхайчин” соёлын ордны ажилтан болсон. Миний хувьд уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаагүй ч нэг байгууллагад харьяалагдан, олон нийтэд соёлын боловсрол олгох ажилд гар бие оролцон, шавь нараа бэлтгэж байгаадаа баярладаг. Сүүлийн үед хувийн уран бүтээл дээрээ давхар ажиллаж байна.

-Уран бүтээл туурвих явцад хүндрэлтэй зүйл тулгардаг уу? Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээс бидэнтэй хуваалцахгүй юу?

-Шинэ санаа гаргаад хэрэгжүүлье гэхээр хамгийн түрүүнд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Мэдээж бэрхшээл олон. Гэхдээ тэр бүрийг тоочихоос илүүтэй залуу хүний зоримог зангаар аливаа бэрхшээлийг даван туулаад л явж байна. Ер нь өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг илүүд үздэг. Ямартаа ч энэ ондоо багтаан, “Сонгодог шуранхай” тоглолтоороо Улаанбаатарын үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэж байна. Уран бүтээлчид зөвхөн хөдөөд бус хотод ч тоглолт хийж болдгийг, урлагийн хөгжил улс орны аль ч өнцөгт байдгийг энэ тоглолтоороо харуулах болно.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр төвлөрч байна вэ?

-“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин, дуурийн дуулаач, МУСТА Н.Нямсүрэнтэйгээ хамтран “Сонгодог шуранхай” тоглолтоо хийснийг үзэгчид маань санаж байгаа байх. Ер нь уран бүтээл хийхэд санаа нийлнэ гэдэг маш чухал. Би Н.Нямсүрэнгээ алтан хамтрагч гэж хэлнэ. Бид энэ сардаа багтаан “Сонгодог шуранхай” нэртэй шинэхэн цомгоо хэвлүүлж, он гарахаас өмнө цомгийн баяраа хийхээр төлөвлөж байна. Цомогт маань этник хэлбэрээр дуулсан 5 уран бүтээл, уртын дуу мөн тооны багтсан. Опера, ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулснаараа энэ цомог маань өвөрмөц байх болов уу. Үндсэн ажлынхаа хажуугаар хоолой бичүүлж, аринжировк хийлгэх гээд Улаанбаатар хот руу явах ажил чамгүй байлаа. Урын сангийнхаа дууг ч нэлээд баяжууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор бусад урлагийн байгууллагаас ямар ялгаатай вэ?

-Соёлын ордны уран бүтээлчид маань сонгодог тоглолт дээр түлхүү ажилладаг. Манайхан энэ сарыг буриад болон орос ардын дууны сар болгон зарлаж, дор бүртээ бэлтгэлээ хангаж байна. Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагад бусдаас ялгаатай тал их бий. Манай “Эрдэнэт” чуулга гэхэд 5 дуучин, 10-аад бүжигчинтэй. Гэтэл томоохон тоглолтууд дээр дуулах, бүжиглэх, хөгжимдөх хангалттай нөөцтэй. Энэ нь мэдээж үйлдвэрийн ажилтан, ажиллагсад, уурхайчид байдаг. Мэргэжлийн түвшинд хүртэл өөрсдийгөө хөгжүүлж, дайчилж чадсан мундаг хүмүүс гэж би хувьдаа боддог. Миний хувьд сүүлийн хоёр жил уурхайчдынхаа хүсэлтээр уртын дууны багшаар ажиллаж, 10-аад шавьтай болсон. Анхан шатнаас нь эхлэн зааж байгаа. Сонирхсон хэн бүхэнд сургалт маань нээлттэйг энэ дашрамд хэлье.

-Зав чөлөөгүй ажилладаг уран бүтээлчдийн хувьд ар гэрийн асуудлаа орхигдуулах үе гардаг байх. Амьдралын түших багана болсон ханийнхаа талаар ярина уу?

-Би ханьтайгаа 10-н жилийн нэг ангид тохой мөрлөн суудаг байлаа. Миний хань сургуульдаа онц сурлагатан байсан болохоор урлаг уран сайхан гээд хичээлээс хоцорсон надад хичээлээ нөхөж ойлгоход их тусалдаг байсан. Оюутан болоод ч хамтдаа байсан. Урлагийн хүний ажил мэргэжлийг ойлгодог ханьтай байна гэдэг сайхан. Миний хань тийм л хүн. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн байгууллагад ажилладаг. Бид хайраасаа нахиалсан хоёр хөөрхөн хүүхэдтэй.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Монгол Улсад Соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос тэмдэглэж ирсэн байдаг. Манай хамт олон ч эдгээр өдрүүдэд баяраа тэмдэглэж, ололт амжилтаа нийтийн сонорт хүргэж байгаад таатай байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ Соёлын ордны үе үеийн удирдлага, ажилтан, ажиллагсад, уурхайчид, дугуйлангийн сурагчид болоод орон нутгийн мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байгаа уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсье. Урлаг биднийг нэгтгэдэг болохоор халуун дулаан сэтгэлийн үгээр та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог