• “ХАБЭА ба ажилтны оролцоо-2020” бага хурал боллоо

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н зөвлөл, ХАБЭА-н хэлтсээс хамтран зохион байгуулсан “ХАБЭА ба ажилтны оролцоо 2020” бага хурлыг энэ сарын 15-нд Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгууллаа. Цех, нэгжийн төлөөлөл бүхий 450-иад ажилтан оролцсон тус хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн оны ажлаа дүгнэх, ажиллагчдынхаа санал бодлыг сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлоход чиглэснээрээ онцлогтой. Энэ удаагийн ээлжит бага хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга Б.Баттайван тэргүүтэй бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хамгааллын байцаагч нар оролцлоо.     Эрдэнэт үйлдвэр 1978-1998 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартгүй байсан бол 1998-2007 онд Хөдөлмөр хамгааллын удирдлагын систем, 2007-2018 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 стандартыг тус тус нэвтрүүлж, 2020 онд ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бага хурлын үеэр ХАБЭА-н хэлтсийн удирдлагууд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа нэгтгэн танилцуулж, холбогдох мэргэжилтнүүд сонирхолтой илтгэл тавьсан юм. Өнгөрсөн онд тус хэлтэс ХАБЭА-н дүрэм журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд 22 журмыг хянан шинэчилж, ажилтны манлайлал, оролцоог нэмэгдүүлснээр 5527 ажилтан бүтээлч санаачилга гарган ажилласан байна. “Мэдээллийн хаалгач” аппликейшны хэрэглээг хэвшүүлснээр ажлын байран дахь зөрчлийн талаар тухай бүрд мэдээлэл хүлээн авч, ажилчдын оролцоотой 140 орчим аюул ослыг илрүүлэн ажиллажээ. Түүнчлэн үйлдвэрийн газрын ХАБЭА-н ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2019 онд амжилттай зохион байгуулж, 122 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 9050 ажилтныг хамруулсан байна. Аврах ажиллагааны “Алтан бамбай 2019”, “Safety first” тэмцээнийг жил тутам зохион байгуулснаар үйлдвэрийн ажиллагсдыг идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц өгч байгаа талаар тайлан мэдээлэлд онцоллоо.     Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс эдүгээ тусгай үүрэг чиглэл бүхий 3 албатай үйл ажиллагаа явуулж байна. Уурхайчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журмыг таниулан сурталчлах, үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад мэргэжлийн 80-аад ажилтан мэдлэг, ур чадвараа дайчлан ажилладаг. Бага хурлын үеэр ажилчдыг сэдэлжүүлэхэд томоохон алхам болсон “Өглөөний ХАБ”-ын шилдгүүдийг шагнаж урамшуулан, ажиллагсдын төлөөлөл чөлөөт индэрт санал бодлоо илэрхийллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “ХАБ бол бидний нэн тэргүүний ажил. Энэ ажилтай холбоотой хангамжийн асуудал ч нэн тэргүүнд байх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тулгамдсан асуудал байх ёсгүй тул асуудлаа шуурхай шийдвэрлэж явах болно. Өнөөдөр үйлдвэрийн санхүүгийн байдал бэхжиж, мөнгөний бодлого оновчтой хэрэгжин, аливаа асуудлаа шийдвэрлэхэд санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй болсон. Үйлдвэрлэлийг сайн явуулахад гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хэлтсийн хамт олон, ХАБ-ын ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” хэмээн санал бодлоо илэрхийлж, амжилт хүссэнээр бага хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.     Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд уурхайчдыг татан оролцуулах олон ажлыг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улаанбаатар төмөр замынхан Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаатай танилцлаа

        “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтнуудын төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж байна. Тус нийгэмлэгийн Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүн энэ удаа бүтээмж инновацийн үйл ажиллагаа, хөгжил болон сайн саналын системийн үр дүнгийн талаар хичээл сургалт авлаа.     Эрдэнэт үйлдвэрт бүтээмж инновацийн хөдөлгөөн 2005 оноос эрчимжиж, сайн санал, санаачилга өнөөдрийн байдлаар 32 мянгад хүрээд байгааг мэргэжилтнүүд онцолдог. Энэ нь ажиллагсдын идэвх санаачилга дээшилснийг харуулаад зогсохгүй үйлдвэрлэл эдийн засгийн үр өгөөжид эерэг нөлөө үзүүлснийг ч баталж буй юм.     Тус үйлдвэрийн бүтээмж, инновацийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Бид олон газрын бүтээмж, инновацийн сайн туршлагаас судалж, танилцаж байсан. Ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулж, байгууллагынхаа хандлагыг өөрчлөх зорилгоор бусдын сайн туршлага, арга барилаас суралцахыг зорьдог. Үүний ч үр дүнд манай байгууллагын бүтээмж, инновацийн үйл ажиллагаа шинэ тутам боловч зөв ажиллаж байгаа гэж хэлэх байна. Эрдэнэт үйлдвэрт бүтээмж инноваци, сайн саналын систем нь хэдийнээ тогтворжиж, хэвшсэн юм байна. Суралцах, санаа авах зүйл маш их харагдлаа. Хөгжлийн хэлтэс, инновацийн төвийн мэргэжилтнүүд, сургагч багш нарын хичээл, мэдээллүүд өгөөжтэй байна. Цаашид энэ чиглэлээр нягт хамтран ажиллаж, суралцах хэрэгтэй гэсэн санаа төрлөө” гэж Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.Амгалан ярилаа. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэлхийн энтэй хүн Шагдарын Отгонбилэг

        Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, бахархам хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой нэгэн бол Шагдарын Отгонбилэг билээ. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирлаар томилогдон ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны улс орон,Эрдэнэт үйлдвэрт оруулсан хувь нэмрийг хойч үеийнхэн мартах учиргүй. Тиймээс ч түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эл өдөр алдар гавьяа, үйл хэргийг  дурсан санах учиртай.      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэг агсны нэрэмжит Технологийн сургуулиас түүний төрсөн өдөр буюу жил бүрийн 2 дугаар сарын 1-нийг угтан “Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэгийн намтар, үйл хэргийг судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчлах, тус сургуулийн үүсэл хөгжилд оруулсан хувь нэмрийг нь тодорхойлж, бахархал болгох зорилготой уг уралдааны шилдэг бүтээлийн дээжээс уншигчдадаа хүргэж байна.     Дэлхийн энтэй хүн Шагдарын Отгонбилэг       Хүний үр сад сайн явахад нутгийн уул толгод нь баярлан өндөлздөг юм гэсэн. Тэгээд л хүний нутаг ус “Төрүүлсэн хүүгээ ” байнга харж нэхэн санадаг байх. Завхан аймгийн Дөрвөлжин  сумын нутагт хоёр буурлын уул гэж хосгүй сайхан хангай бий. “Хойд буурал”-ын ууланд  тэмээний бөх шиг хоёр шовх, элгэн хүрэн байц хадан уулын онь хөтөл дээр туг дарцаг, хадаг яндар намирсан бэсрэг цагаан овоо байдаг. Нутгийнхан Буурлын цагаан овоо гэхээсээ илүү “Сартуулын цагаан овоо” гэнэ.  Энэ л сайхан хайрхнууд нь 1952 оны луу жил нэгэн хүүг өлгийдөн авсан нь тэр нутагт тэнгэрийн хүү мэндэлсэн гэлтэй. Түүний  эцэг нь ардын хувьсгалын анхны партизануудын нэг Хатанбаатар Магсаржавын цэрэг, хожим намын үүрийн анхны дарга, сумандаа удирдах ажил хийж  явсан Гэцэгжавын Шагдар  хэмээх нутаг олондоо хүндтэй нэгэн байлаа. Түүний хань Сайнхувьтын Самбуу гэж малчин удмын  саальчин бүсгүй байв. Тэд хүний орчлонд хувь заяагаа холбосоор  зургаан охин,  хоёр хүү төрүүлж өсгөсний отгон хүү нь энэхүү эсээний баатар Отгонбилэг билээ. Тэр багадаа   өнчрөл хагацал, амьдралын хатууг үзсэн ч, Дөрвөлжин сумын бага сургуулийг онц дүнтэй төгсөн, аавтайгаа   хотын зүг хүлгийн жолоо залжээ. Улсын нийслэлд ирээд төмөр замын  “Хонхор”  өртөөнд суурьшин хэдэн жилийн нүүр үзээд, удалгүй хотын төвд байршин 21-р сургуульд орж, сурлага урлаг спортоор олон аавын хүүгээс онцгойрон, арван жилийн сургуулиа 1970 онд алтан медальтай төгссөн байна. Тэр жилээ  Ангар мөрний зүг,  Эрхүү хотод суралцахаар аяны дөрөө жийв. Авхаалжтай хүү Отгонбилэг аугаа оросын ард түмний амьдрал ахуйг судална, англи  орос хэлийг  ахисан түвшинд сурна, уул уурхайн инженер, улс төрийн эдийн засаг, түүх нийгэм гээд түүний суралцсан эрдэм хязгааргүй байлаа. Сурахын зэрэгцээ  гар бөмбөг, хөл бөмбөг,  хөнгөн атлетикт хүч үзнэ. Аз туршсан тэмцээнд аваргын төлөө өрсөлдөнө.Бидний хэдэн нөхөд ажлын шугамаар  Эрхүүгийн техникийн их сургуультай танилцахаар очиход сургуулийн уул уурхай-маркшейдерийн тэнхимийн хаалган дээр Ш.Отгонбилэгт зориулсан дурсгалын самбар байрлуулсан  нь бидэнд их дотно санагдсан. Тэр үед  агуу удирдагчаар бахархах сэтгэл төрж байв. Баатрын  маань идэр залуу насны амьдрал, хайр дурлал нь Эрхүүгийн тэнгэр дор өрнөжээ. Энд л  эхнэр Туяатайгаа анх танилцаж, энд л эрдэмтэн болох гараагаа тавьсан аж. 1976 онд   оюутан насаа онц дүнтэй үдэж, уул уурхайн инженер- маркшейдерийн улаан диплом өвөртлөн, уул уурхайн яамны удирдлагын мэдэлд очлоо. Уул уурхайн сайд П.Очирбат халуун дотно хүлээн авч, урмын үгээр мялааж   яамны  мэргэжилтнээр  томилжээ.  1978 онд Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг эмзүйч мэргэжлээр дүүргэсэн Дорноговь аймгийн  харьяат Данзандаржаагийн Туяа бүсгүйтэй  амьдралаа холбон тов хийсэн хурим хийв. Эрдмийн мөр хөөсөн энэ  айлын  гишүүн  бүр  ном дагах хувь заяатай хүмүүс гэлтэй. Хүү О.Содбилэг, охин О.Одмаа нар  аав, ээжийнхээ адил номын мөр хөөсөн эрдэмтэй хүмүүс болон өсцгөөсөн.  Угийн  авхаалжтай Отгонбилэг ажил мэргэжилдээ гаршиж,  яамандаа газар, хэлтсийн дарга хийж аспирантурт суралцан, “Эрдэнэтийн орд газрын хүдрийн чанар, агуулгыг дундчилах нь” сэдвээр эрдмийн цол,  докторын зэргийг хамгаалж, Москвагийн Уул Уурхайн Их сургуулийн эрдмийн зөвлөлийнхний талархлыг хүлээлээ.  Судалгааны үр дүн нь уулын ажлын хүндхэн асуудлыг шийдвэрлэж чадсанаараа уул уурхайн шинжлэх ухаанд маш том асуудлыг шийдвэрлэх дөт замыг нээж өгсөн гэж манай эрдэмтэд үнэлдэг.      1989 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоход улс орны эдийн засаг зах зээлд  шилжин хямралд орсон  үе байлаа. Ихэнх үйлдвэрүүд хаалгаа барьсан ийм хүнд үед үйлдвэрийг чадварлаг удирдан зохион байгуулж, хямралыг давж, үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, хүдэр олборлолтыг нэмэгдүүлж,  туслах хэсгүүдийг  зохих хэмжээгээр өргөтгөсөн байна. Түүний найзууд нь монголын нэрийг  дэлхийд Эрдэнэт, Отгонбилэг хоёр гаргасан. Энэ хоёроор дэлхий дахин монголыг таньж байгаа гэж ярьдаг нь үнэний хувьтай.  Ш.Отгонбилэгийн гавьяаг төр засаг  үнэлж, 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгон, Сүхбаатарын одон,  “Алтан соёмбо” тэмдгээр энгэрийг нь мялаахад баатар маань ачлалт аав ээж хоёроо дурсан санаж, алтан нутгийнхаа  уул усыг санагалзан , уул уурхайн мэргэжилтэй болж, газар шорооныхоо өгөөжийг хүн арддаа   түгээж байгаагийн хаялга гэж жигтэйхэн  баярласан гэдэг.      Эрдэнэтийг боловсон хүчнээр хангах ажил 1976-1986 онд түүний гараар дамжин хэрэгжиж байсан. Ш.Отгонбилэг 1996 оны 11-р сарын 15-нд Технологийн сургуулийг нээж хэлсэн үгэндээ: “Цаашид энэ сургууль сургалт үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийн ажилтай хослуулсан цогцолбор байх ёстой” хэмээн дурдсаныг онцлон өнөөдөр  сургуулийн хамт олон “Сургалт-Эрдэм шинжилгээ -Үйлдвэрлэл”-ийн таатай орчинг бүрдүүлэх замаар оюуны үйлдвэрлэлээ явуулж  байна. Энэхүү сургуулийг 2001 онд  “Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль” болгосон. 2002 онд тус сургуулийг үндэслэгч их хүмүүнд зориулан хүрэл хөшөөг нь үүдэн хойморт нь сүндэрлүүлсэн билээ.  Идэр залуугаасаа эх орныхоо уул уурхайн салбарт зүтгэж,  Эрдэнэт үйлдвэрийг дэлхийн дайтай үйлдвэр болгон удирдан зохион байгуулсан,  улс орныхоо төрийг түшилцэж явсан энэ эрхэм хүн 2001 онд  зуд турханд ядарсан малчин ардад туслахаар ажил үүргээ  гүйцэтгэж яваад Увс аймгийн Малчин сумын нутагт харамсалтайгаар осолдсон. Газрын дээр төрж, тэнгэрийн дор амьдарч байсан тэнгэрлэг сайхан эрхэм хүмүүн тэнгэртээ хальж,  нутгийн сайхан хайрхнууд нь гудайн барааж, түмэн олон эмгэнэн гашууджээ.     Тийм ээ тэр ард түмнээ  эрүүл энх, энх тунх, элбэг хангалуун сайхан амьдралтай байлгах  хүсэл тээсээр хорвоогоос одсон юм. Шилдэг мэргэжилтэн, шаргуу хөдөлмөрч, гарамгай удирдагч, гавшгай бизнесмен, түмэнд нэртэй түүхэнд мөртэй таны  үйл хэрэг үеийн үед дуурсагдах нь гарцаагүй.   Технологийн сургуулийн Номын сангийн эрхлэгч  Д.Цэнд-Аюуш Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхний 10 хоногт хүдэр олборлолтын төлөвлөгөөг 114 хувиар биелүүлэв

            Шинэ оны эхний сарын 10 хоногийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт өндөр үзүүлэлттэй гарлаа. Уурхайчид сарын эхний 10 хоногт 732 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 111 хувиар биелүүлэн ажиллаж байна. Хөрс хуулалтын төлөвлөгөө 107.2 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөө 114.7 хувиар тус тус биелжээ. Баяжуулагчид энэ хугацаанд 906.56 мянган тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөний  биелэлтийг  106.5 хувьд хүргэсэн  байна.       Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 95.4 хувь, молибденых 87.9 хувьтай байсан бол зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.4 хувь, молибдены металл авалт 107.1 хувиар тус тус биеллээ. Баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.2 хувь,  молибденоор 104.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Оны эхний 10 хоногт 16002 тонн зэсийн баяжмал, 244.7 тонн молибдены баяжмал ачсан байна. Ачигдсан баяжмалын чанарыг авч үзвэл, зэсийн баяжмал 101.2 хувь, молибдены баяжмал 104.3 хувийн чанарын үзүүлэлттэй гарчээ.   М.Балжинням Фото: Б.Баттөггс Дэлгэрэнгүй...
  • Залуурдагч

        Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны Шилдгийн шилдэг ажилтнаар тодорсон Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч, сургагч багш Мишиграгчаагийн Болдбаатартай уулзаж ярилцахаар утас цохилоо. Дуу шуу болсон уриалгахан нөхөртэй өдөр уулзахаар цаг товлов. Ээлжийн ажилтай уурхайчид цаг ягштал баримталдаг жишгээр “болзоо”-ндоо минут ч хоцорсонгүй. Инээд алдсан, дулаан төрхтэй энэ эр уулыг нүүлгэх ажилдаа маргааш гарна гэнэ. Бидний уулзалт Говь-Алтай аймгийн тухай яриагаар эхэллээ. Түүний аав Б.Мишиграгчаа Алтай сумын харьяат хүн байжээ. Уулын үйлдвэр байгуулагдах дуулианаар илгээлт өвөртлөн ирж, Эрдэнэт хотыг цогцлоосон анхны барилгачдын нэг төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн өрмийн анхны машинч юм. Харин ээж нь одоогийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын сувилагч Б.Цолмон гэж зөөлөн гартай, хүнлэг сэтгэлтэй эмэгтэй байв.      М.Болдбаатар хүүхэд байхаасаа уурхайчдын хөдөлмөрийн хүнд хэцүү, зовлон, жаргалыг мэдэрч өссөн. Ээлжинд гарсан аавыгаа их хүлээдэг, аав нь ажлаас бууж ирэхээрээ хоол идчихээд олон цаг сэрэхгүй унтахыг хараад урам нь хугарч бас их өрөвддөг байсан тухайгаа одоо дурсан сууна. Тэрээр 10 жилийн сурагч байхдаа Монгол хэл, уран зохиолын хичээлд илүү сайн, “Номын сайн нөхөр”, онц сурлагатан байв. Багш болохыг битүүхэн мөрөөддөг М.Болдбаатар хүү сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Соёлын техникумын номын санчийн ангид элсэн суралцсан гэдэг. Ном унших сонирхол нь тийш хөтөлсөн хэрэг. Харин тэндээс эрдэм сурахын зэрэгцээ нэгэн насны түшиг хань эрдэнээ олсон. Дундговийн бүсгүйтэй дурлалцаж, дундуур нь цэргийн алба ч хааж, юм юмыг амжуулсан сэргэлэн оюутан явжээ. Болдоо 1987 онд сургуулиа дүүргэж, эхнэр нь Хялганат уруу томилогдоход амьдралын эрхээр дагаж нэг жил номын санчаар ажилласан. Гэсэн ч түүний зүрх сэтгэл Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлын нүргээнт амьдралыг санаж байлаа. Сэтгэлийн дуудлагаа тэр дагасан нь оносон. 1990 онд Ил уурхайд жижүүрийн тэрэгний жолоочоор анх ажилд орж, шинэ машин ирэхийг хүлээх зуураа аж ахуйн ажилд хамжилцдаг байв. Зав л гарвал “КСИ”-гийн ойролцоо очоод Белаз хүдэр ачин ирж, буулгаж байгааг хараад зогсдог байснаа дурслаа. Ер нь хүн хөгжих, урагшлах асар их хүсэл шуналтай байх хэрэгтэй гэж шилдгийн шилдэг ажилтан ярьж байна. Анх Эрдэнэт үйлдвэрт ажилд орохсон гэж хүсэж явсан бол дараа нь аварга техник жолоодохсон гэж, Белазын жолооч болсныхоо дараа хамгийн том, хамгийн сайных нь жолоог мушгиж манлайд нь явахсан гэж шунаж хичээсэн цагт амжилт ирдэг. 1991 оны намар М.Болдбаатар Белазын жолооч болох хүсэлтээ илэрхийлэн өргөдөл гаргаснаар даргынхаа өрөөний хаалгыг өдөр бүр онголзуулан шалж, зарим үед зэмлүүлж, сайхан ааштай үед нь тууштай хэмээн магтуулж байж 40 тонны даацтай техникийн жолоо атгасан. Б.Шарав багшийнхаа үг, үйлдэл бүрийг хичээнгүйлэн дагаж ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн суусан. Түүгээр ч зогсохгүй уурхайчдынхаа эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөдөг, зүтгэл сэтгэлийг нь хүртэл өвлөсөн шавь. Тэрээр анх 40 тоннын белаз жолооддог байхдаа зөрж өнгөрөх 110 тоннын 01, 02 дугаартай  белазуудыг бахдан харж, жолооч нараас нь үлгэр дуурайлал авдаг байжээ. Тухайн үед 01 дугаарын белазыг одоогийн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Чадраабал жолооддог байж. Машин дотроо явахдаа ганган, цэмцгэр, цаанаа л нэг гоё харагддаг байсан гэв. Удалгүй 136 тоннын “КАТ” ирэхэд белазын залуу жолооч нараас шалгалт аван байр эзлүүлж хамгийн өндөр оноо авсан хоёр хүнд шинэ тэрэг өгсний нэг нь М.Болдбаатар. Тухайн үед хэн нэгэн “20 гаруй жилийн дараа та бүхнийг хэдэн тонн ачаатай хаана явааг, ачсан хүдэр нь ямар агуулгатайг, түлшний зарцуулалт хэр хэмжээнд байгааг сансраас хянадаг болно” гэж хэлсэн бол мэдрэл муутай нөхөр байна гэж бодох байсан биз. Харин одоо диспетчерийн хяналтын системээр энэ бүхнийг хянаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 6600 ажилтны манлайд яваа шилдгийн шилдэг ажилтан маань уурхайн хүнд даацын БелАЗ-75131 загварын 130 тонн даацтай өөрөө буулгагч автомашинаар Х.Сабит, Л.Нармандах, Ч.Батхуяг нарын экипажийн залуусын хамт өнгөрсөн онд 640,6 мянган м.куб уулын цул тээвэрлэж, төлөвлөгөөг 102.1 хувиар, 5,4 сая тн.км ачаа эргэлт гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлжээ. Тэрээр “Жолооч хүн гэдэг нэгээс нөгөө рүү давхиж очоод ачаа буулгахдаа гол нь биш. Белазынхаа хүчин чадлыг маш сайн мэддэг, бас мэдэрдэг ухаантай байх хэрэгтэй. Даац 136 тонн, белаз өөрөө 107 тонн, нийлээд 240 гаруй тонн жинтэй техникийг жолоодоход хүнээс өндөр ур чадвар шаарддаг. Жолоо мушгихдаа жаахан хэтрүүлж дарахад л ачаа хажуу тийш савирч асгарна. Тэр дээгүүр өөрөө бас журмын нөхөд нь явна. Унасан чулуу машины дугуй сүйтгэнэ. Өнөөдөр белазын нэг дугуйны зах зээлийн үнэ 24000 доллар. Нэг белазанд зургаан дугуй эргэж байгаа гэхээр жолооч анхаарал жаахан алдахад л ямар их гарзтай нь ойлгомжтой. Тиймээс дугуйнд өдөр тутмын арчилгаа чухал. Чулуу хавчуулагдсан бол түүх, аль болох чулуу дайрахгүй явах ур чадварт залуусаа сургахыг хичээдэг” гэж ярьсан юм. М.Болдбаатар белазын VPRS-E2A 33.00R51 загварын дугуйг 2019 онд нормоос 17,5 мянган км илүү гүйлгэж үйлдвэрт 10 орчим сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ.     Тэрээр одоогоор 10 гаруй шавьтай. Цаашид энэ тоо хэдэн арваар өснө. Учир нь тэр саяхнаас сургагч багш болжээ. Технологийн тээврийн “аялал”-даа гарахын зэрэгцээ өөрийн мэдлэг, чадвараа залууст зааж сургах эрхэм үүрэг түүнд оногдсон. Хамгийн сүүлд БелАЗ-75131 загварын автомашины удирдлагын цахилгаан тохируулгын хянах дэлгэцийн гарын авлага санаачлан гаргаж жолооч нартаа зааж сургажээ. Үүний үр дүнд хөдөлмөрийн бүтээмж дээшилж, автомашины хүчин чадлыг бүрэн ашигладаг болсон тухай хэсгийн дарга нь ярив.     Уулзах төдийд эрч хүч, халуун сэтгэл мэдрүүлдэг хүн байдаг. Тийм л хүмүүсийн нэг нь М.Болдбаатар гэлтэй. Эрдэнэсийн үйлдвэртээ 28 жилийн хөдөлмөрөө бүрэн зориулсан энэ эгэл агаад энгүй хөдөлмөрийн эзний хэлэх ярих нь ухааны уурхай юм. Аюулгүй ажиллагаа, машин техник эзэмших эв дүй, ажлын арга барил, амрах соёл, биеэ ажилд бэлтгэх чадвар гээд буй биеэрээ үлгэр дуурайлал, амьд “гарын авлага”. Аварга техникийн жолоо атгасан залуурдагч өнөөдөр залуу ажилчдыг араасаа дагуулах залуурч болж.      Олон жилийн өмнө М.Болдбаатар Дундговь аймагт айлын найранд суужээ. Дэргэд нь суусан өвгөн “Миний хүү, тэр белаз гэдэг унаа чинь ямархуу эд байдаг юм дээ?” гэж асууж. Мань хүн “136 тонн ачаа ачдаг, долоон метр өндөр, өргөн нь зургаан метр...” гээд ойлгуулчих санаатай техникийн тодорхойлолт хэлсэн чинь өөдөөс нь “ЗИЛ-130” чинь хэдэн тонн билээ?” гэж. Болдоо хариуд нь “Таван тонн. Миний машин 27 “ЗИЛ 130” машины ачааг нэг дор ачна шүү дээ, ах минь” гэтэл таг болчихож. Хэсэг дуугүй байснаа “Миний хүү, уг нь хүн харахад нүдэнд дулаахан, сайхан залуу байх юм. Жаахан бодолтой залж байхгүй бол хүн амьтны элэг доог болно шүү” гэж аминчлан захисан гэдэг. Өвгөний төсөөлөлд багтаагүй белазыг өнөөдөр ч жолоодсоор яваа М.Болдбаатарын зөөсөн хүдрийг тооцвол нэгэн том уул болох биз ээ. Залуурдагчийн үйлс бүхэн өөдөө, гэгээн хүсэл нь биелж яваг.      М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ган бөөрөнцгийн шинэ урсгал

            Уулын хүдрийг нунтаглан баяжуулахад хамгийн чухал үүрэгтэй ган бөөрөнцгийг Эрдэнэтчүүд 23 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн. Хувьд байсан үйлдвэр 2007 оноос Эрдэнэт үйлдвэрийн харьяанд орж, үйлдвэрлэлийн нэгэн томоохон цех болон өргөжсөнөөр техник, технологийн шат дараатай шинэчлэлүүд хийгдэж ирсэн. Гэсэн ч бүгд оновчтой байгаагүй. Нүүрс хийжүүлэх зуухны технологи нь байгаль орчинд халтайн дээр ажлын байрны хортой нөхцөл, техникийн доголдол гээд олон асуудал, хэл ам дагуулж байв. Энэ бүхнийг цогцоор нь шийдэх технологийн шинэчлэл 2019 оны төгсгөлд өрнөж, 12-р сарын 31-ний өдөр тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад хүлээн авснаар хөгжлийн шинэ хуудас эргэлээ.     Индукцын технологи ган бөөрөнцгийн үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч, манай буйранд хэрхэн нутагшиж буй талаар сурвалжлахаар тус цехийг зорилоо. А.Отгончулуун дарга өрөөндөө инженер техникийн ажилтнуудаа цуглуулаад хуралдаж сууна. Шилэн хаалганы цаанаас харвал бүгдийнх нь царай гэрэлтэй, тайван, үйл хөдлөл нь эрчтэй урам дүүрэн ажиглагдана. Намайг ороход оосорлогч авах, 2020 оны захиалгаа гүйцээх үүрэг даалгаврын чиглэл өгснөөр хурал өндөрлөв. Өнөөдөр Ган бөөрөнцгийн цехийн удирдлагын зүгээс бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхээс илүү шинэ тоног төхөөрөмж дээр ажилчдаа сургаж дадлагажуулах, мэргэшүүлэхэд илүү анхаарал хандуулж, бодлого, үйл ажиллагаагаа тэр зүг чиглүүлж байгаагаа илэрхийлсэн. Ингэж гэмээнэ тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдал эхнээсээ хангагдана гэж үзэж байна. Индукцын технологи нэвтрүүлэх техник эдийн засгийн үндэслэлээр 66 орон тоо баталсан ч хүнээ нэмэхгүй хуучин орон тоогоороо ажиллах боломжтой гэв.             Ган бөөрөнцгийн цехийн технологийн шинэчлэлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авалт хийснээрээ онцлог, давуу талтай. Нийлүүлэгч компанийнхан тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтын ажилд оролцож, нэгдүгээр сарын долоонд ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй хэдий ч төлөвлөгөөт хугацаанаас өмнө ийнхүү дуусгажээ. Одоо тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт ажлын байрны сургалттай хамт явагдаж байна. Ажилчдыг сургаж дадлагажуулах ажил хоёр сар үргэлжлэх бөгөөд танхимын сургалт ч зохион байгуулах аж. Хятад мэргэжилтнүүд Өвөрмонгол орчуулагчтай учраас бүрэн ойлголцоход хүндрэл учирчээ. Гэсэн ч Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн инженер, Дундад улсад их сургууль төгссөн залуугийн тусламжтайгаар ажил урагштай явна.     Үйлдвэрийн хэсэг рүү ороход дуу чимээ ихтэй ч урьдын утаа угаар, тоос шороо үгүй болжээ. Өнгө муутайхан, тортогтой хувцастай байдаг ажилчид нь ер бусын өнгөтэй, жавхаатай харагдана. Ган бөөрөнцгийн шинэ урсгал хоёр зэрэг тасралтгүй хөвөрнө. Тэд шинэ тоног төхөөрөмжөө ашиглалтад хүлээн авснаас хойш 80, 100-гийн голчтой “шаар” 20 гаруй тонныг үйлдвэрлээд байна. Технологийн горимоо зүгшрүүлэх, ажилчдаа сургахыг илүү чухалчилж байгаа учир шинэ шугамаас гарсан бүтээгдэхүүнээ Чанар хяналтын хэлтсийн Металлын лабораторит шинжлүүлэхээ азнаж байгаа гэнэ. Мөн эднийх үйлдвэрийнхээ дэргэд металлын өөрийн гэсэн лабораторитой болох бэлтгэл хангасныг үзлээ. “Шаар”-ны бүтэц, чанарыг лабораторитоо шинжлээд үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагдаж байгааг хянан горимыг тохируулж ажиллах юм. Аливаа шинэ технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтрэхэд нэг л өдөр бүх зүйл төгс болчихгүй. Энд нь нэг эвүүр хийчихмээр юм байна, тэнд нь ролик тавьчих нь зүйтэй юм байна гэсэн жижиг сайжруулалтын ажлууд хэсэгтээ үргэлжилдэг. Ингэснээр тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал хангагдаж, эвдрэл гэмтлээс удаан сэргийлж чадна. Ажилчид камер суурилуулах, дуу чимээ намсгах, усны хэрэглээ багасгах гэх мэт чиглэлээр сайн саналууд гаргасаар...      Одоогоор Ган бөөрөнцгийн цехэд 12000 тонн бэлдэц бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эдгээр бэлдэц жигд биш байгаагаас үйлдвэрлэлд бага зэргийн асуудал үүсгэж байна. Бэлдцүүд үзүүр хэсэгтээ нарийн, дундаа бүдүүн, гулзайлт ихтэй, барзгар гадаргуутай байх жишээтэй. Индукцын цувих шугамын технологи нь хэмжүүрийн 100-ны нарийвчлалтай. Гэтэл Дарханы бэлдэц 10-ны нарийвчлалтай учраас тэр. Гэхдээ сайн саналын системээр сайжруулах боломжтой гэж цехийн дарга ярилаа. Түүнээс гадна Ган бөөрөнцгийн цехийн түүхэнд тодоор бичигдэх шинэчлэлийн ажлыг хамтран хэрэгжүүлсэн Механикийн болон Эрчим хүчний хэлтэс, Цахилгааны цех, Барилга засварын цех, Засвар механикийн завод, Засвар, угсралтын цехийн хамт олонд, тоног төхөөрөмжүүдийг богино хугацаанд нийлүүлэхэд хүчин чармайлттай ажилласан У.Эрдэнэбаяр даргатай Худалдан авалт, хангамжийн хэлтсийн багийнханд тусгайлан талархал илэрхийлэв.     Тус хамт олон 2020 оныг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын жил болгожээ. Бүтээгдэхүүнийхээ бүтэц, чанарыг улам сайжруулах, алсдаа 120, 125-ын “шаар” үйлдвэрлэх хэтийн зорилго, төлөвлөгөөтэй тооцоо судалгаа явагдана. Ажил, мэргэжлийн хувьд асар их хүсэл шуналтай байж гэмээнэ амжилтад хүрдэг гэдэг. Ган бөөрөнцгийн шинэ урсгал дөнгөж эхэлж байхад дараагийн дэвшлийг төлөвлөж чадаж байгаа нь энэ хамт олны ирмүүн хөдөлмөр, сэтгэлийн илэрхийлэл юм. Ээлжийн мастер М.БАХДАЛ:      -“Шаар”-ны хэлбэр дүрс сайхан гарч байна. Энгийн нүдээр харахад импортоор ирж байгаа хятадын шаарнаас ялгарах юм алга. Индукцын технологи их мэдрэмтгий, нарийвчлал өндөр. Тиймээс шинэ тоног төхөөрөмжүүд ажилтнаас ур чадвар, мэдрэмж их шаардаж байна. Манай ажилчид Хятад мэргэжилтнүүдийг дагаад сайн дадлагажиж байгаа. Ажлын байрны орчин нөхцөл эрс сайжраад, манайхан сэтгэл өндөр, ажиллах урам зориг дүүрэн байгаа нь хөдөлмөрийн бүтээмжээс нь мэдрэгдэж байна. Өмнө нь нүүрс хийжүүлэх зуухтай байхад нүүрсээ буулгана, ачна, шигшинэ, бэлдэнэ гээд ажиллагаа ихтэй, бас хаягдал нүүрс, үнс, давирхай ихээр хуримтлагддаг асуудал байсан. Индукцын давуу тал нь бэлдцийг жигд халааж, цувилтад оруулдаг. Нэг бэлдцийг хоёр минутад цувиж байна. Бэлдцийг индукцын зуухаар халааж цувилтад оруулсны дараа “шаар” хөргөлтийн системээр дамжаад амраах зууханд ирж тодорхой хэмд гаргана. Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Анянг компанийн инженер ЖАН ХАЙ ЖЕЙ:       -Ерөнхийдөө тоног төхөөрөмжийн угсралт 100 хувь болсон. Одоо тохируулга, туршилт, сургалт хариуцан ажиллаж байна. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Гарын авлагад тулгуурлан онолын болон ажлын байрны сургалт давхар явагдаж байгаа. Монгол ажилчид үнэхээр ур дүйтэй, чадвартай байгаа нь надад их амар байна. Би гадаадын 30 улсад энэ тоног төхөөрөмжийг суурилуулсан. Харин Монголд анх удаа ирлээ. Өнгөрсөн хоёр хоногт Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж маш том гэдгийг мэдэрсэн. Дэлхийд чансаагаараа ТОП тавд эрэмбэлэгддэг уул уурхайн үйлдвэрт ажиллаж байгаадаа баяртай байна. Суралцах зүйл их байна.  Оператор Ц.АЛТАНГЭРЭЛ:     -Би Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх Шведийн цувих машин байхад л ирсэн. Индукцын технологи утаа униаргүй, цахилгаанаар ажилладаг болохоор илүү амар. Хуучин мэдрэмжээрээ, туршлагаараа ажиллаад, давхар суралцаад явж байна. Хамгийн гол нь ажлын байрны хортой нөхцөл сайжирсанд баяртай байна. Үйлдвэрийн шалыг резинэн будгаар будаад угааж арчих цэвэрлэгчтэй болно гэхээр цаашид маш цэвэр орчин бүрдэнэ.    Жижүүр Г.ХИШИГСҮРЭН:     -Амраад ажилдаа иртэл шинэ шугам тавигдчихсан, үйлдвэрлэл явж байна. Ган бөөрөнцөг урсаж байгааг хараад үнэхээр их баярласан. Тэр өдөр тогтож сууж чадахгүй догдлоод, гадаах цасаа цэвэрлээд, доторх шороо тоосоо арчиж угаагаад л, эрч хүч цаанаасаа оргилсон сайхан өдөр байсан. Хүн бүрийн царайд инээмсэглэл тодорсон тийм сайхан өдрийг би энд  зургаан жил ажиллахдаа олон хараагүй. Жижүүрийн үүрэг бол бүтээгдэхүүнээ жинлэнэ, хэдэн кг бэлдэц ирсэн, хэдэн кг шаар үйлдвэрлээд явуулав гэдгийг бүртгэнэ. Камер хянана. Нүүрс хийжүүлэх зуухтай байхад бид үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг байсан. Гэртээ очиход угаар үнэртээд зогсохгүй ажлаас буусан шөнө ханиалгаад унтаж амарч чаддаггүй байсан. Би “24” гараад “72” амардаг. Хонож байж ханиалга намддаг байлаа. Одоо бол асуудалгүй сайхан байна.     Ган бөөрөнцгийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл хэр үр дүнтэй болсныг цаг хугацаа харуулна. Эрдэнэт үйлдвэр жилд ойролцоогоор таван төрлийн 35000 тонн “шаар” хэрэглэдэг. Цехийн хүчин чадал нэмэгдсэн учраас өөрийн үйлдвэрийн хэрэглээг хангаад зогсохгүй дотоодын зах зээлд жилд 3000-5000 тонн ган бөөрөнцөг борлуулахыг зорьж байгаагаа ч тэд нуусангүй. Ган бөөрөнцгийн шинэ урсгал эрчтэй, ажилчдын сэтгэл тэнүүн байна.                     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Станц 329 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ

        Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц хоёр жилийн өмнөөс Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлсэн. Диспетчерийн Үндэсний төвөөс өнгөрсөн онд 324 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх горим төлөвлөгөө өгснийг манай “галын бурхад” 100,1 хувиар биелүүлжээ. Харин энэ жил үүрэг хариуцлагыг дахин таван кВт/цаг-аар нэмэгдүүлж 329 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн түгээх даалгавар өгснийг амжилттай биелүүлэхээр ажиллаж байна. Харин дулаан үйлдвэрлэх төлөвлөгөө нэмэгдүүлээгүй. Тус хамт олон, тоног төхөөрөмжийн урсгал болон их засварыг чанартай гүйцэтгэж, нүүрс нөөцлөлт болон гуравдугаар зуухны их засварт анхаарал хандуулан ажилласны үр дүнд төлөвлөгөөт хугацаанд нь галлаж өвлийн ид ачаалалд ажрахгүй байх нөхцөл бүрдлээ. Одоогоор станц 52000 тонн нүүрсний нөөцтэй байгаа нь 50 хоногийн хэрэглээ юм.     2019 оны төгсгөлд IV цахилгаан станц доголдож, цахилгаан эрчим хүчний нэг трубин зогссоноос ижил төстэй станцуудын ачаалал нэмэгдсэн. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц таван зуухны горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эрчим хүчний салбарт дэм үзүүлэв.  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.МӨНХБОЛД: Хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт боловсруулна

        Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэрэглэх “Техникийн тодорхойлолт”-ыг Техникийн хэлтэс боловсруулж байна. Энэ талаар Техникийн хэлтсийн орлогч Д.Мөнхболдоос тодрууллаа.     -“Эрдэнэтийн-Овоо” орд газрын өөрийн онцлог гэж байдаг. Оюутолгой зэрэг бусад ордууд өөр өөрийн онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн  ордын агуулга, бүтэц, найрлага өөр учраас... Тэгэхээр бид 41 жилийн түүхэндээ Эрдэнэтийн ордыг ашигладаг технологитой болчихсон. Энэ технологи өөр газар таарахгүй. Ийм технологид тохирсон тоног төхөөрөмж энд ажиллах ёстой.     Өнгөрсөн оны зургаадугаар сард үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ нь техник технологийн, эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны, тогтвортой хөгжлийн бодлого юм. Уг ажлын хүрээнд  үйлдвэрлэлд тулгамдаж буй техникийн асуудлыг техникийн зөвлөлөөр шийдвэрлэж байгаа. Техникийн хэлтсийнхэн  2019 оны сүүлийн хагас жилд техникийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам боловсруулж байна. Өмнө нь онцгой комисс хуралдаж тулгамдаж буй асуудлаа шийдэж ирсэн. Үйлдвэрийн удирдлагын баг 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” он болгох зорилт дэвшүүллээ. Энэ нь үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлье. Тэгэхдээ шинжлэх ухаанд суурилъя гэсэн санаа.    Эрдэнэт үйлдвэрт техник, тоног төхөөрөмж ямар байх ёстой юм. Ямар шаардлага хангасан тоног төхөөрөмж авч, хэрхэн ашигтай ажиллуулах ёстойг зөв тодорхойлох нь маш чухал ажил. Иймээс анхан шатны техникийн баримт бичгийг тодорхой болгож нэг стандарт загварт оруулах шаардлагатай  гэж үзсэн.     -Техникийн тодорхойлолт боловсруулж нэг загварт оруулснаар ажлын ямар өөрчлөлт гарах вэ?     -Ямар техник хэрэгцээтэйг зөв тодорхойлох шаардлагатай. Тухайн техникт ерөнхий болон тусгай шаардлага тавигддаг. Сүүлийн жилүүдэд техникийн тодорхойлолтыг үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өөр өөрийн чиглэлээр янз бүрийн хэлбэрээр боловсруулж байсан. Энэ нь зарим нэг техникийн шаардлагыг орхигдуулах, улмаар зөвхөн нэг талыг баримталж тодорхойлох нь олон асуудал дагуулдаг. Жишээлбэл, шинэ техник, тоног төхөөрөмж захиалахдаа худалдан авсны дараа тухайн техник дээр ажиллах ажилтныг сургах шаардлагыг орхигдуулснаар асуудал үүсдэг. Тухайн техникийг тодорхойлолтын дагуу тендер зарлаж худалдан авалт хийгээд техникийг ажиллуулах үед бэлтгэгдсэн ажилтангүй байгаа нь тухайн техникийг эвдэх, ажилтан осолдох зэрэг хүндрэл үүсгэдэг. Тэгэхээр уг техникийн тодорхойлолт дээр нь хүн сургах шаардлагатайг тусгачих ёстой.     Үүнээс гадна захиалсан тоног төхөөрөмж ямар орчинд ажиллахыг тодорхойлоогүйгээс шинээр ирсэн агаар шахах компрессор халаад байн байн зогсоод байсан.     Учир юу вэ гэвэл гадна орчин ба дулаан байранд ажиллах зориулалтыг тодорхойлолгүй захиалга хийгдсэн. Гадна ажиллах тоног төхөөрөмжийг дотор тавихаар халаад ажиллахгүй байх жишээтэй.     Техникийн тодорхойлолтод үндсэн үзүүлэлт, төрөл, загвар, ямар энергийн эх үүсвэр хэрэглэх талаар тодорхой заах хэрэгтэй. Гаднын зарим тохиолдолд нэмэлтээр өөр энергийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Тухайлбал, зарим тоног төхөөрөмжид тусгай хий азот шаарддаг.     Үүнийг техникийн тодорхойлолтод тусгаагүй бол азотын станц тавих, шугам татах зэрэг нэмэлт ажлууд гарна. Тэгэхээр цахилгаан, азот, ус, уур хэрэглэнэ гээд тусгай шаардлага дээр нь заачихвал ямар ч асуудал гарахгүй. Энэ бүхнийг тооцоогүйгээс нэмэлт зардал гардаг. Шинэ техник үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хүндрэл учруулдаг.     Тоног төхөөрөмжийн  техникийн тодорхойлолтыг зөв боловсруулснаар ийм алдаа дахин гарахгүй. Техникийн бодлого зөв хэрэгжинэ, нэг стандартад орж цэгцэрнэ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд болон бодлогын хэлтсүүдтэй хамтран техникийн тодорхойлолт загварыг зөвшилцөх замаар боловсруулж, 12-р сарын 25-ны өдөр буюу Уурхайчдын баяраар “Техникийн тодорхойлолтын загвар батлах тухай” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэр гарсан. Ингэснээр 2020 онд Эрдэнэт үйлдвэр худалдан авалт хийж буй бүх тоног төхөөрөмжийнхөө техникийн тодорхойлолтыг нэг загвараар боловсруулна. Техникийн бодлого нь техникийн тодорхойлолтоос эхлэх ёстой. Байшин барилаа гэж бодоход суурийг нь сайн тавина гэсэн үг. -Баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ҮҮРИЙНТУЯА: Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжилж, зогсоосон гэдэг мэдээлэл үндэслэлгүй...

       Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосноос хойш 10 сар болох гэж байна. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд  гарсан үр дүнг дүгнэх зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Шалгалтын зорилго, чиглэлийн талаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.         -Өнөөдөр зарим нэг нэр бүхий сайт, цахим хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрт АТГ, ТЕГ зэрэг газрын бүрэлдэхүүнтэй “десант” бууж, үйлдвэрийн өрөө тасалгаа, бичиг баримтыг битүүмжиллээ гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?     -Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 178 дугаар захирамж гарч, Монголросцветмет болон Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 3 сард тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан бэ гэдгийг шалгах, санхүүгийн иж бүрэн шалгалт хийх ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдөр Эрдэнэт үйлдвэрт эхэлсэн. Шалгалт үргэлжилж байна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжилсэн, удирдлагуудын ажлыг зогсоосон, лацадсан, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй. Тиймээс  зарим цахим сүлжээгээр тавигдаад буй  мэдээлэл үндэслэлгүй юм.     -Ажлын хэсгийнхний энэ удаагийн шалгалт юунд чиглэгдэж байна вэ?    -Шалгалтын ажлын хэсгийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хууль хүчний байгууллагуудаас АТГ, ТЕГ, ЦЕГ оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг,  Эрдэнэт үйлдвэрт “Онцгой дэглэм” тогтоосон 2019 оны 3 сараас хойшхи хугацааны санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, худалдан авах үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хийгдсэн зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон, дараа нь УИХ-ын чуулганаар дахин 6 сараар сунгаад буй “Онцгой дэглэм”-ийн үед “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгнө гэж хэлж болно.     -Дээрх мэдээлэлд худалдан авах үйл ажиллагаа буюу тендертэй холбоотой асуудал дурьдагдсан байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 100 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх мэтчилэн. Үүн дээр дахин тодруулга өгнө үү?     -Эрдэнэт үйлдвэрийн тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байна. Бид 2019 оны худалдан авалтын үйл ажиллагааны тайланг гарган холбогдох төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Өмнө нь бид тайлангаа урьдчилсан байдлаар бэлтгэж хүргүүлсэн бол өнөөдрийн байдлаар эцэслэн гаргаж дууслаа. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг  цаг тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ямар нэг байдлаар хууль тогтоомж зөрчин тендер зохион байгуулсан тохиолдол байхгүй. Худалдан авалтын мэдээллийг  цахим тендерт байршуулан, үнэлгээний хороо хэрхэн ажиллах зарчмын дагуу явуулж байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Е-оffice систем нэвтэрснээр албан бичиг баримтын хүлээгдэлгүй болно

             Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд үйлдвэрийн ажилтан болон ажлын байрны цогц мэдээллийн сан бүхий Е-оffice системийг боловсруулан нэвтрүүлж байна.    Энэ талаар тус цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн системийн шинжээч Б.Солонгоос тодруулахад: “Е-оffice системийг үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн жилээс эхлэн туршсан. Өнөөдрийн байдлаар уг туршилтын үр дүнд бүрэн нэвтрүүлэх ажил эхлээд байна. Бид систем нэвтрүүлэх явцад гарч буй алдаа дутагдлыг арилгах, сайжруулахад анхаарч байна. Манай цехийн мэргэжилтнүүд хоёр  жилийн өмнөөс энэ системийг боловсруулах судалгааны ажил хийж эхэлсэн. Нийслэлийн архивын газраас туршлага судалж, өөрсдийн хийж байсан арга жишээн дээр тулгуурлан уг системийг боловсрууллаа. Е-оffice системийг нэвтрүүлж ашигласнаар дотоод албан тоот, баримт бичгийн хүлээгдэл арилж, цаасгүй технологиор цаг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна. Энэ системийг боловсруулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хуулийн хэлтэстэй хамтарч ажилласан. Ингэснээр систем рүү нэвтрэхэд мэдээллийн бааз дугаарлагдсан эсэх, мэдээллийн сан нь зөвхөн программаар нэгтгэгдэх зэрэг хэд хэдэн тавигдах шаардлагыг хангасан. Энэ систем нь дотроо бичиг хэргийн ажилтнуудад зориулагдсан, хэрэглэгчдэд хүргэх вэб программ гэсэн хоёр хэсэгтэй. Систем нэвтрүүлж буйтай холбоотой олон санал ажилтнуудын зүгээс тавьж байгаа. Тодруулбал, Е-оffice системээр дамжуулан ажил үүргийг цахимаар хуваарилах, илүү боловсронгуй болгох, өргөн хүрээнд ашиглах боломж бүрдүүлэх гэх зэргээр бидэнд хандаж байна. Тиймээс илүү сайжруулахаар хичээж байна” гэж хариулав. М.Балжинням      Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай
   Эрдэнэт хотноо зохиогдсон Монголын Волейболын холбооны дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолт амжилттай зохиогдлоо. “Шидэт бөмбөлөг” шоу цэнгүүний үеэр залуу тамирчдын төлөөлөлтэй уулзан, сэтгэгдлийг нь хуваалцлаа. 
 
“Хасу Мегастарс” багийн ахлагч, спортын мастер А.ДАВААЖАРГАЛ:
Бид бусад багтай хэрхэн тоглохоо сайн судалдаг

 
 
   - Танай багийн амжилтын нууц юу вэ?
   - Дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад энэ жилээс сэргэж байна. Манай баг залуу бүрэлдэхүүнтэй. Бид 2014 оноос багийн зохион байгуулалтаар хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Манай багийнхан харьцангуй намхан нуруутай болохоор хурдан тоглох арга барилд суралцаж байна. Мөн бусад багтай хэрхэн тоглох вэ гэдэг дээр сайн судалгаа хийдэг. Энэ бүхэн бидний амжилтад нөлөөлдөг гэж хэлж болно.

   - Багийн спортын онцлог юу байдаг вэ? Монголчуудад хэр ойр спорт вэ?
  - Талбайн гадна, дотно хаана ч байсан нэгнийгээ мэдэрч, ойлгож, хайрлаж, хүндэлж, халамжилж байж багийн спортод илүү их амжилт үзүүлдэг. Нэгнийхээ арыг сайн даадаг байх нь чухал.

  - Дэлхийн дэвжээнд боломж хэр байна гэж хардаг вэ? Ямар дэмжлэг байвал Олон Улсын хэмжээнд хүрэх боломжтой гэж харж байна?
   - Шигшээ багт 3-4 жил тоглож, багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Манай Улсын тамирчдын хувьд Олон улсад гарах боломж байгаа ч клубийн түвшинд байнгын бэлтгэл сургуулилт хийж чадахгүй байх шиг санагддаг. Үүнээс болж нэгнийгээ ойлгох ойлголцол нь дутаад байна уу гэж бодсон. Ойрын хоёр жилдээ бэлтгэл сургуулилт сайн хийгээд гараад ирэхийг үгүйсгэхгүй.

   - Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Орон нутгийн тоглолт ямар болж өнгөрөв?
   - Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгууллаа. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр ач холбогдол өгч, хүлээн авсанд сэтгэл өндөр байна. 
   
   - Баярлалаа. Танд спортын амжилт хүсье.
 
 
“Хилчин Алтайн барс” багийн тамирчин, спортын мастер Д.НАРАНЦАЦРАЛ:
Лигийг сэргээсэн нь хамгийн том ололт

 
    - Эрдэнэтэд ирсэн анхны сэтгэгдэл ямар байв?
   - Вагоноос буухаас эхлээд маш гоё санагдсан. Тамирчин хүн сэтгэл хөдлөл ихтэй байдаг шүү дээ. Биднийг угтах гээд автобуснууд эгнээд зогсчихсон, тайз засаад хүлээж авсанд үнэхээр гайхаж, “Бидэнд зориулсан шүү дээ” гэж бодохоор цаанаа нэг огшмоор байсан. Хүлээн авалт шинэлэг байлаа. Ийм сайхан хүлээн авсан Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
 
   - Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын баг тамирчид байна вэ?
   - Бүх баг түвшин ижил, хүчтэй өрсөлдөгч байж чадаж байна. Гол нь сэтгэлзүйгээрээ ялгардаг. “Хобби эйс”, “Энагурэ”, “Уурхайчин” багууд залуу бүрэлдэхүүнтэй, Монголын хувьд өсөх ирээдүйтэй мундаг тамирчид нэг багт оржээ гэж харагдсан. Лиг 7 жилийн дараа зохиогдоход хүлээлт их байсан учраас Волейболын холбоо болон багийн эздүүд ихээхэн ач холбогдол өгсөн нь харагдаж байна.

   - Таны зорилго, хүсэл мөрөөдөл?
   - Би 2009 оноос хойш лигт тоглосон. Багаа сольж байгаагүй. Спортод нас их хамаатай. Нас ахихаар туршлага суудаг нь ч байна, харьдаг нь ч байна. Өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ спортын хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж бодож явдаг. Бүх тамирчид ийм сэтгэлээр бэлтгэлээ хийж, энэ спортоо хайрлаж, түүнд дурлаж, спортын төлөө бүхнээ зориулдаг байх гэж би бодож байна. Миний хувьд лигт тоглож эхлэх үеийн тэр мөрөөдлөө орхиогүй. Монголын төдийгүй Азийн, дэлхийн хэмжээнд Монголынхоо багийг гаргахыг хүсдэг. Гадны тамирчид ажил хийхгүйгээр зөвхөн спортоор дагнан хичээллэж, тэр хэрээр амжилт гаргадаг бол манай Монголд тийм зүйл алга. Зөвхөн сэтгэл зүрхээрээ энэ спортын төлөө нэгддэг. Энэ жилээс эхлээд гоё болох байх.

   - Волейболын спортын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
  - Жижиг тэмцээн олон зохиогддог болсон. Гэхдээ лигийг сэргээсэн нь хамгийн том ололт гэж бодож байна. Олон тамирчин үүнийг хүлээж байсан. Хүн ус уухгүй удаан явахаар ямар их ангаж цангадаг билээ. Тамирчин хүн ч ялгаагүй, тэмцээнээрээ “цангадаг”, хүсдэг, хүлээдэг. Яагаад гэвэл, тэр тэмцээн дээр өөрийн хамаг чадвараа нээж харуулах гэж бид бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Тэмцээн бүр бидэнд үнэ цэнэтэй, авсан медаль бүр сэтгэл зүрхэнд минь байдаг. Хүмүүс “Медаль үнэгүйдлээ” гэдэг, миний хувьд тийм биш. Хөлс хөдөлмөрөө урсгасан болохоор тэр бүхэн үнэ цэнэтэй санагддаг. 
 
 
“Булган” багийн тамирчин, спортын мастер А.ТҮВШИНТӨГӨЛДӨР:
Одоо л бидний тоглолт гар нийлж, жигдрэх гээд байна

 
   - Та тэмцээний сэтгэгдлээ бидэндтэй хуваалахгүй юу?
  - Би 2010-2012 оны хооронд “Харх” багт 2 жил тоглосон. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Алтайн барс” багт тоглож, лигийн тэмцээнд “Булган” багийн өндрийн дотлогчоор оролцож байна. Лигийн аварга шалгаруулах тэмцээн нь бусад тэмцээнийг бодоход цар хүрээ өргөн, оролцож байгаа багуудын чансаа өндөр, багийн эздүүдийн гаргаж байгаа сэтгэл их байгаа нь харагдлаа. Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан болоод ч тэр үү, зохион байгуулалт, нээлтийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгууллаа.

   - Лигийн аваргын тэмцээнд хэр хугацаанд бэлтгэл хангав?
  - Бид сарын өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн. Оролцогч багуудын хувьд 3-4 жилийн туршлагатай. Харин манай баг энд тэндээс нийлсэн хүмүүсээс бүрдсэн. Гэхдээ сүүлийн 2-3 жил бэлтгэл хийж тоглоогүй ч туршагатай тамирчдаас бүрдсэн гэж би хардаг. Одоо л бидний тоглолт гар нийлж, жигдрэх гээд байна. Бүх багийнхандаа тэмцээндээ амжилттай оролцоорой гэж хэлье.
 
 
“Эрчим” багийн тамирчин, спортын мастер А.ОЧГЭРЭЛ:
“Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” багууд бүгд л хүчтэй
 
 
    - Дээд лигийн аялан тоглолт ямар сэтгэгдэл үлдээж байна вэ?
   - Эрдэнэт хотод аялан тоглолт хийсэндээ сэтгэгдэл өндөр байна. Лигийн тамирчид Эрдэнэтийн үзэгчдэд уран гоё тоглолтуудаа үзүүлж чадлаа. Манай багийнхан сүүлийн 5-6 жил энэ бүрэлдэхүүнээрээ тоглосон. Бусад багийн залуу тамирчидтай харьцуулахад олон жил бэлтгэл хийж, гар нийлсэн нь давуу тал боллоо.

   - Өрсөлдөгч багуудын тухайд?
   - “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” багууд бүгд л хүчтэй. Өмнөх жилүүдэд ч хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Бид сайн оролцохыг хичээж байна.

   - Ур чадвараас гадна ухаан шаардсан спортын төрөл гэж ойлгож байна?
   - Тамирчин хүнээс яаж тоглох вэ гэдэг ухааныг секунд тутам шаарддаг спорт гэдэгтэй санал нэг байна. Тухайн цаг мөчид зөв шийдвэр гаргаж чадсан нь хожлыг гартаа авдаг. Тэгэхээр хэн зоригтой, хурдан шийдвэр гаргана, тэр хүнд ялалт ойрхон байдаг гэсэн үг.
   
   - Баярлалаа. Танд спортын амжилт хүсье.
 
 
“Эрчим” багийн тамирчин, спортын дэд мастер, Б.БАТСУУРЬ:
Олон Улсын хэмжээнд амжилтаа ахиулна
 
 
   - Дэд мастерын болзол хангаж, өнөөдөр шагналаа гардсанд баяр хүргэе?
   - Тэмцээн үзэгч олонтой, багууд өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо. Миний хувьд волейболын спортоор 9 дэх жилдээ хичээллэж байна. Спортоор хичээллэснийхээ үр шимийг хүртэж, дэд мастерын болзол хангаж, үнэмлэхээ авлаа. Баяртай байна. Манай багийнхан Залуучуудын Улсын аваргын хошой алт, “Тэнүүн Огоо кап”, “Хасу кап”, “Монголын бүх ард түмний спартикад” гээд оролцсон бүх тэмцээндээ амжилт гаргасан. Цаашид олон тэмцээнд оролцож, Олон Улсын хэмжээнд амжилтаа ахиулна.
 
   - Талархалын үгсээ хэнд зориулан хэлэх вэ?
   - Хоёр багшдаа, гэр бүлийнхэн, багийнхандаа маш их баярлалаа. 
 
 
“Уурхайчин” багийн тамирчин Ц.СОДБАЯР:
Ах нараас сурах зүйл их байна
 
 
   - “Уурхайчин” баг харьцангуй залуу тамирчдаас бүрдсэн. Та бүхэн өөрсдийн ур чадварыг хэрхэн үнэлэв?
  - Би одоо 11 дүгээр ангид суралцаж байгаа. Спортын мастер Өлзийхутаг багшийнхаа удирдлага дор 4 дэх жилдээ энэ спортоор хичээллэж байна. “Уурхайчин” багийнхантайгаа хичээллээд хагас сар болсон. Эрдэнэт үйлдвэрийн нэрийн өмнөөс их том итгэл хүлээж, хариуцлага үүрч лигийн аварга шалгаруулах тэмцээнд орж байгаа ч итгэлийг нь алдах вий гэсэн айдас бидэнд байлаа. Ах нараас сурах зүйл их байна. Бид 1-2 жилийн дараа ур чадвараа улам сайжруулаад хүчтэй өрсөлдөгчид болох болно.

   - Өөртөө ямар зорилго тавьсан бэ?
  - Бэлтгэлээ сайн хийж, бүх л тэмцээндээ түрүүлмээр байна. Сурах зүйл их бий. Тэмцээндээ орж туршлага судлаад, өөрийгөө хөгжүүлээд явна. Оюутан болсон ч волейболоо орхихгүй.
 
 
“Эрчим” багийн легионер тамирчин НИКИТА СОБОРА АНДРЕЕВИЧ:
Бусад багийн тамирчидтайгаа энэ тэнцүү сайхан өрсөлдлөө
 
 
   - Волейболын спортыг хэзээнээс сонирхох болов?
    - Би 21 настай. ОХУ-аас ирж “Эрчим” багт тоглож байна. Их сургуулийн нэгдүгээр курст байхдаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоор 3 дахь жилдээ волейбол тоглож  байна.

    - Монголын тамирчдын ур чадварыг хэрхэн үнэлэх вэ?
   - Монгол волейболчид техник сайтай, нилээд хурдтай тоглогчид байдаг. Энэ нь өрсөлдөгчдийн хувьд их хэцүү. Багийн тоглолт сайтай, сайн холбогч гэдгээрээ Монголын тамирчдад давуу тал олон бий. Волейбол бол оноо авахын төлөө ухаанаа уралдуулдаг сонирхолтой спорт. Тэр ч утгаараа энэ спорт надад таалагддаг.

    - Зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
   - Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархаж байна. Бусад багийн тамирчидтайгаа энэ тэнцүү сайхан өрсөлдлөө. Нийт тамирчиддаа амжилт хүсье.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтын хаалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Уурхайчин багийн эзэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнтэй волейболын спортын талаар ярилцлаа. 

 

    - Уурхайчин багийн хамт олон Үндэсний дээд лигийн тэмцээнд хэр бэлтгэлтэй оролцож байна?
  - Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд манай Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт амжилттай явагдаж дууслаа. Энэ жил бид Үндэсний  дээд лигийн тэмцээнийг найман жилийн дараа сэргээн, зохион байгуулж байна. Энэ лигийн тэмцээнд легионер тоглогчид урьж оролцуулж байна. ОХУ, Япон улс, АНУ-аас легионер тоглогчид оролцож байна. Ингэснээр өндөр ур чадвартай тамирчдын тоглолтыг залуучууддаа үзүүлж байгаа юм. Энэ жил Уурхайчин багаа бид онцлогтойгоор тэмцээнд оролцуулж байна. Үндсэн тоглогчдын дийлэнх хувь нь хүүхэд залуучууд, 15-17 насныхан энэ багийг бүрдүүлж байна.  Би Монгол Росцветмет нэгдлийн Ерөнхий захирал байхдаа Эрдэнэтийн Д.Алтансувд гэж охиныг анх 13 настайгаас нь Улаанбаатар хотод авч ирэн, дотуур байранд байрлуулан бэлдүүлж байлаа. Одоо олон улсын хэмжээний мастер болчихсон Монгол Улсынхаа урдаа барьдаг сайн тоглогч болсон. Энэ тоглогчоо Уурхайчин багтаа оруулж тоглууллаа. Уурхайчнаар овоглож байгаа залуучууд маань манай Монголчуудын хэлдгээр ирээдүйд цахиур хагалсан, гал гаргасан тоглолтыг гаргах, Монголын волейболын спортын нэрийг өндөрт өргөх баг тамирчид болно гэж бид ойлгож байгаа. Энэ удаагийн тоглолтод тэдэнд маань арай л бяр, туршлага дутаж байна даа.

   - Волейболын спортыг улам хөгжүүлэхийн тулд Эрдэнэт хотдоо волейболын ордон барьж байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ тухайд?
   - Монголын хүүхэд залуучууд, Орхон аймаг, Уурхайчдын хүүхдүүд, Уурхайчин залуучуудын маань сэтгэлд нийцсэн, бидний хүсэл мөрөөдөлд нийцсэн шийдвэр болсон гэж бодож байна. Энэ шийдвэрийг Монголын волейболын холбооны удирдлагууд, Орхон аймгийн удирдлагуудтай хамтарч ярилцаж байж гаргасан шийдвэр юм.

   - Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт анх удаа зохион байгууллаа. Орхон аймгийн ард иргэд, баялаг бүтээгч уурхайчид, Зэвсэгт хүчний 186-р ангийн хөгжимчид ирж багуудын тоглолтыг дэмжиж байгаа нь сайхан харагдаж байлаа?
   - Улаанбаатар хотод Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болдог байлаа. Спортын төв ордонд хөл гишгэх зайгүй. Багуудаа дэмжсэн хөгжөөн дэмжигчид бүрээ үлээж, бөмбөр дараад л сайхан байдаг байлаа. Тэр үеийг санагдуулж байна. Волейбол нь хамт олныг нэгтгэдэг, хүчийг нь нэгтгэдэг сайхан спорт. Энэ хэдэн өдөр Эрдэнэтчүүд, Эрдэнэт үйлдвэрийнхэн  волейболоор амьсгалж байна. Багийнхаа тоглолтуудыг харж суухад энэ цөөхөн Монголчууд бидэнд сэтгэл нэгтэй байх, эв эетэй байх, бие биенээ дэмжихэд спорт их ач холбогдолтой. Тэрний нэг илрэл гэж харж байлаа.  Бид урд нь легонер тамирчдыг хүн явуулж, тоглолтыг нь харж байгаад сонгодог байлаа. Энэ удаад ажил ихтэй учир хүмүүсийг ч явуулж амжсангүй. Цаасаар судалгаа хийн цол хэргэм, өндрийг нь харж байгаад л цахим хэлбэрээр сонголт хийлээ. Сонгосон хүмүүсийг харж байхад ингэж сонголт хийх буруу юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ. Ийм хүмүүсийн чанар чансаа муудсан юм байна гэж харлаа. Уурхайчин багийн тамирчдыг маань хурцалж чадаагүй нь бидний хүсэн хүлээж байсан хүнийг сонгож авч ирж чадаагүйтэй ч холбоотой. Мөн аймагтаа волейболын ордонтой болох нь улсдаа төдийгүй цаашид тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай сайн тоглоно гэдэгт итгэж байна. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ гэдэг суурь хүмүүжилд асар их чухал. Иймээс ч бид ач холбогдол өгч байна даа.

   - Залуу байхдаа та волейболын спортоор хичээллэдэг байсан. Тоглолтуудыг хараад сэтгэгдэл ямар байна?  Ахмад волейболчид ч ярьж байна. Гурван өдөр үнэхээр сайхан байлаа гэж?
   - Залуу нас сайхан. Би хөдөөгийн сумуудад голдуу сурч байлаа. Хөдөө суманд шатар тоглох, дугуй унах, теннис тоглох, эмнэг хангал сургахад л хичээж, сайн ч оролцдог байлаа. Дараа нь наймдугаар ангидаа төвийн арван жилийн сургуульд  заалтай газар орж ирээд волейбол тоглож сурсан даа. Улмаар ОХУ-д сурч байхдаа сагс, волейболоор нэлээн шамдангуй хичээллэж байсан. Яаманд, Бор-Өндөрт ажиллаж байхдаа ч тоглодог байсан. Тэр үеийг дурсан санаж байна. Энд уригдан ирсэн Үндэсний дээд лигийн тэмцээнийг үзэж байгаа ахмадууд тухайн үедээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцож байсан мундаг хүмүүс. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байлаа, материаллаг бааз хэр байв? гэсэн хэдий ч сайн тоглодог хүмүүс шүү. Монголын волейболын холбооноос ач холбогдол өгч ахмадуудаа урьж авч ирсэн. Тоглолт дундуур ахмадууд маань  өөрийн сэтгэл, зөвлөмжийг өгч харагдана. 300 гаруй залуучууд ирсэн байна. Эрдэнэтийн  хүүхдүүд эдгээр тамирчдыг хараад волейболын спортод дурлаж, тэмүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотод, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Монголын эмэгтэй баг Хятадын багийг анх удаа хожиж мөнгөн медаль авч байсан. Тэрнээс хойш Монголын волейболчдын ур чадвар эрс нэмэгдсэн. Волейболд хандах хандлага нь өөрчлөгдсөн. Хүүхдүүдээ волейболоор хичээллүүлэх гэсэн эцэг,  эхчүүдийн хандлага нэмэгдсэн. Ийм ч учраас энэ удаагийн тоглолт Эрдэнэт хотод волейболын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

   - Танд амжилт хүсье.
   - Баярлалаа.
 
А.Батбаяр
Фото: Б.Баттөгс
   Эрдэнэт үйлдвэрийн гэх тодотголтой “Эрдэнэт долгион” FM 107.1 радио 25 жилийн турш Эрдэнэтчүүдийнхээ сонорыг мялаан, цаг үеийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүдийг шуурхай хүргэж ирсэн. Энэ хугацаанд дууны түвшин тохируулах төхөөрөмж сольж байснаас өөр техникийн шинэчлэл хийгдэж байгаагүй юм. Харин энэ удаа тус радиогийн техникүүдийг Америк, Итали, Хятадын тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчилж, хэвийн ажиллагаанд орууллаа. Техникийн доголдлоос шалтгаалан хэсэг хугацаанд зогссон “Эрдэнэт долгион” FM 107.1 радиогийн шинэ тоног төхөөрөмжийн  суурилуулалт өнгөрсөн бямба гарагт дуусч, сэтгүүлч, уран бүтээлчид Монголын волейболын дээд лигийн тэмцээний II тойргийн тоглолтоос шууд сурвалжлага бэлтгэн сонсогчдод хүргэснээр ажил нь жигдэрлээ.     
 
 
 
 
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

  Нийгмийн хариуцлагын шилдэг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр, их спортыг дэмжиж ирсэн баялаг бахархам түүхээ нэгэн шинэ хуудсаар дахин зузаатгалаа. Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хамтран ажиллаж, Эрдэнэт хотдоо өнөө цагийн волейболын шилдгүүдийг авчирсан нь ойрын өдрүүдийн тод “сонин” байв. Хангарьд палас гурван өдрийн турш үзэгчдийн уухай, тамирчдын өрсөлдөөнд доргиж, Эрдэнэтчүүд волейболын спортын хөгжлийн томоохон “зүтгэлтнүүд” гэдэг нь энэ өдрүүдэд нотлогдлоо.

 

 
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Волейболын ордныг Эрдэнэт хотод барихаар боллоо

   Эрдэнэт хотод болсон волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний үр дүнгээс гарсан хамгийн сайхан шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Х.Бадамсүрэн хаалтын үйл ажиллагааны үеэр дуулгав. Үе үеийн волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж, волейболын ордныг Эрдэнэт хотод сүндэрлүүлэх болсон нь зөвхөн уг спортынхон төдийгүй уурхайчдын хотын иргэдэд барьсан гайхалтай бэлэг боллоо. Үндэсний дээд лигийн тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дээрх таатай мэдээг дуулгаж, зохион байгуулалтын ажилд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ.  Тэрээр “Сэтгэгдэл өндөр байна. Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг 7 жил завсарласны дараа энэ жилээс тус холбооны шийдвэрээр сэргээн зохион байгуулагдаж байна. Волейболын холбооноос намайг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар томилсон. Тэмцээн маань эхлээд Улаанбаатар хотод амжилттай явагдсан. Волейболчид бидний хэлдэгээр “аялан тоглолт” нэртэй  тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ “аялан тоглолт” буюу Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн тэмцээний тодорхой тоглолтууд Эрдэнэт хотод боллоо. Тоглолт маш гоё өрсөлдөөнтэй байж, залуучууд маань сонирхолтой олон тоглолтыг үзүүлж чадлаа.  ОХУ, Япон, АНУ-аас легионер тоглогчид ирж, өөрсдийн ур чадвараа үзүүлж, Эрдэнэтчүүд уурхайчдыг баясгаж, сэтгэлийг нь өндөр хэмжээнд аваачсан сайхан тоглолтууд байлаа. Ер нь тамирчдаа харахад, бахархах сэтгэл төрж байв. Би Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 10-аад жил ажилласан. Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Улаанбаатар хотод Бөхийн өргөөний танхимд зохион байгуулж байлаа. Тэр үед их сайхан сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ манай тамирчид хэзээ эд нар шиг нуруулаг болж, ур чадвар нь өсөх бол гэж бодож суусан. Харин энэ удаагийн багууд миний тэр бодол санааны том хэсэг нь хэдийнэ биелэлээ олсон байна гэдгийг харуулж чадлаа. Тэр жилийн Зүүн Азийн аваргын тэмцээнд манай эмэгтэй баг Хятадын багийг хожиж, мөнгөн медаль хүртэж байсан нь дурсамж бас энэхүү өдрүүдэд сэргэлээ. Мөн энэ удаад залуучуудаа дэмжиж, тоглолтыг нь үзэхээр  ахмад волейболчдын төлөөлөл зорьж ирсэн.  Тухайн үед залуу насандаа дэлхийн аваргын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байсан МУГТ Ц.Шоовдор тэргүүтэй мундаг волейболчид, шилдэг мастерууд хүрэлцэн ирсэн нь бас сайхан хэрэг байлаа. Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга болон Монголын Волейболын холбоо, манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хамтран зөвлөлдөж, нэг сайхан шийдвэр гаргалаа. Олон жил бид Монгол улсдаа Волейболын ордонтой болъё гэж ярьж ирсэн. Энэ ордноо Эрдэнэт хотод барья гэсэн хамтын шийдвэрт хүрлээ. Энэ шийдвэр маань Монголын залуучуудын сэтгэл санаанд нийцэж байгаа гэдэгт итгэж байна. Монголын үе үеийн бүхий л волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх сайхан шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. Манай уурхайчдын үр хүүхдүүд, залуучууд маань баяртай байгаа гэж бодож байна. Тиймээс энэ ажлыг хурдан шуурхай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Монгол волейболчид өөрийн гэсэн ордонтой болж, тэндээ уран гоё тоглолтуудаа үзүүлэх сайхан мөч улам ойртож байгаад залуучууд, волейболын спортынхон сэтгэл өндөр байгаа нь энэ өдрүүдэд харагдлаа. Өөр нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, миний анх 1995 онд байгуулалцаж байсан Уурхайчин клубын баг маань их залуужсан байна. Энэ багийг байгуулахдаа одоогийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхантай хамтарч байлаа. Г.Баярсайхан маань дасгалжуулагчаар олон жил ажилласан. Энэ жилээс холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, хамтдаа энэ удаагийн лигийн тэмцээний зохион байгуулж буйдаа баяртай байна. Манай “Уурхайчин” багийн 70 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна. Тэд маань ах эгч нартайгаа ур чадварын хувьд дутах юмгүй тоглолоо. Мэдээж, өсвөрийн насны хүүхдүүд учраас бяр, туршлагаар дутуу. Г.Баярсайхан дасгалжуулагчийн хэлснээр тэд маань Уурхайчин багийн зургаа дахь үеийн тамирчид болж байгаа. Тоглолтын өдрүүдэд үнэхээр тэднээрээ бахархаж суулаа. Тиймээс аль болохоор дэмжиж, хурдан хугацаанд өсөж туршлагажихад нь хувь нэмэр болох юмсан гэсэн сэтгэл өвөрлөж, энэхүү үндэсний дээд лигийн аялан тоглолтыг өндөрлүүлж байна. Түүнчлэн тэмцээний хаалт болгож, гурван өдрийн турш уран гоё тоглолтоороо бидний нүд сэтгэлийг баясгасан залуучууд, тамирчдадаа зориулан “Шидэт бөмбөлөг” цэнгүүнийг зохион байгуулж байна. Волейболчид маань тэмцээний сонин хачинаас ярилцаж, цаашлаад Улаанбаатар хотод үргэлжлэх тоглолтынхоо талаар хоорондоо зөвлөлдөж санал солилцох боломжийг өгч байгаа юм” гэж Эрдэнэт дэх лигийн тоглолтыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэв.    
 
 

Багийн спортод хөрөнгө оруулалт хийх нь нийгэмд оруулж буй хамгийн том хувь нэмэр
 
   Волейбол хурд хүчний төдийгүй оюуны спорт гэдгийг волейболын зүтгэлтнүүд хэлдэг. Тэр утгаараа уг спортоор сонирхон хичээллэгсэд бие бялдрын болоод оюун ухааны тэгш хөгжил, хүмүүжилтэй болж, бие хүний хувьд хамгийн зөв төлөвшлийг олж авдаг аж. Зөв төлөвшилтэй иргэд сайн нийгмийг бүтээх нь лав. Багийн спортыг хөгжүүлж, бэхжүүлэх нь хүнээ, залуу үеээ төлөвшүүлэх гол үндэс суурь болдог гэдгийг волейболын Үндэсний дээд лигийн үеэр олон хүн ярьж байлаа. Тиймээс ч лигийн тэмцээнд оролцож буй багуудад хөрөнгө оруулалт хийж, дэмжин авч яваа багийн эзэд, дасгалжуулагчдын хувь нэмэр илүү тод томруун харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч боломгүй. “Багийн спортод хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тухайн улс орны эдийн засгийн боломж өндөр бол багийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд хараахан тийм биш. Тамирчид хэдийчинээ санхүүгийн боломжтой байна, төдийчинээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Мөн санхүүгийн чадамжтай, хөл дээрээ боссон багийн спорт нь  хичээллэгсдэдээ хүмүүжлийн маш зөв чиг баримжаа суулгаж өгдөг. Аль ч спортын төрөлд ийм байдаг” гэж Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхан ярьсан. Тэгвэл хэдхэн сарын өмнөөс Булган багаа шинээр бүрдүүлж, волейболын спортод  сэтгэл зүтгэлээ зориулахаар шийдсэнээ Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр мөн л хүүхэд залуусын зөв төлөвшилтэй холбон тайлбарласан. Тэрээр анхны лигт Булган багаа сойж буй шинэхэн багийн эзэн. “Волейболын спорт бол багийн спорт. Энэ төрөлд спортоор  анх хичээллэх сонирхолтой хүмүүс тоглож чадах  магадлал их байдаг. Хамгийн анхан шатны спорт мэддэггүй хүн ч сурах боломжтой. Энэ утгаараа ирээдүй үеийнхнээ, залуучуудаа энэ спортод дуртай болгох үүднээс энэ төрлийг дэмжиж, орж ирсэн. Миний хувьд, хүүхэд ахуй үедээ волейболд дуртай, их үзэж сонирхдог байсан. Нөгөө талаар манай Булган аймаг үе үеийн волейболын алдартай сайн тамирчидтай. Алтангэрэл, Тамир гээд лигийн аварга тамирчид манай Булганых. Тэдний тоглолтыг үзэж, бахархаж явсан маань Булган багаа дэмжиж, лигт “сойх”-од нөлөөлсөн гэж бодож байна. Манай баг тун саяхан байгуулагдсан ч сайн тоглож байгаа. ОХУ-аас 2 легионер тамирчин авчирсан. Багийн нийт бүрэлдэхүүн 18-25 насны залуучууд байгаа. Багийн спортоор дамжуулан эх орондоо сайн тамирчдыг бэлтгэх зорилготой” гэсэн юм. Учраа багтайгаа эн тэнцүү өрсөлдөж, “хатуу боорцог” гэдгээ тоглолт бүртээ мэдрүүлж байсан Хобби айс багийн эзэн нь волейболын спортод элэгтэй Наранбаатар. Тэрээр волейбол тоглодог охиноо дуртай зүйлээр нь хөгжүүлэхийн тулд  Хобби айс багаа дэмжин авч явах болсон гэдгээ хэлсэн. Ингэж багийн спортод санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байгаа нь дан ганц спортын хөгжилд  бус ирээдүй үе, нийгмийн сайн сайхны төлөө оруулж буй том хувь нэмэр гэдгийг онцлоё. 
 
   
  
Уламжлал дээр суурилсан шинэчлэл волейболд ч бас чухал
 
   Өчигдөргүйгээр өнөөдөр, өнөөдөргүйгээр маргааш гэж байдаггүй. Энэ бол аливаа зүйл бүхэн өмнөх үеэсээ суралцаж, өнөөдөр хөгжиж, маргааш илүү сайныг бүтээх салшгүй зүй тогтолтой гэсэн үг юм. Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтын үеэр зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэр,  волейболын спортын ахмад зүтгэлтнүүдээ урин ирүүлсэн нь үүнтэй утга нийцнэ. Монголын волейболын хөгжилд өөр өөрийн үнэтэй байр суурьтай, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж явсан ахмад волейболчид энэ өдрүүдэд дурсамж замналаа хуваалцахын зэрэгцээ багийн спортын давуу тал, ач холбогдол, цаашид хэрэгжүүлэх олон чухал санааг хэлж байсан нь Үндэсний дээд лигийн тэмцээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлсэн. Өнөөдрийн волейболын спортын хөгжлийн түвшин, тамирчдын ур чадвар гээд олон өгүүлэх зүйлтэй тэмцээний талаар дүгнэлтээ хэлж, санаа бодлоо ч энэ үеэр хуваалцлаа.  Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн хэлэхдээ “Би волейболын спортын Гавьяат тамирчин Доржжүгдэр багшийн шавь гэдгээрээ бахархаж явдаг.  Улсын шигшээ багийн тамирчин байлаа. Олон ч уралдаан тэмцээнд оролцож, Олон улсын хэмжээний мастер цолонд хүртлээ волейболын спортоор хичээллэсэн. Энэ удаагийн волейболын Үндэсний дээд лигийн зарим тоглолтуудыг үзэж сонирхохоор Эрдэнэтэд ирлээ. Үнэхээр маш сайхан зохион байгуулалттай, өндөр хэмжээний тэмцээн боллоо. Залуучуудын  ур чадварын түвшин их өсөж байгаа юм байна. Хувь хүнийг нийтэч, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг зан чанарт сургадаг сайхан спортын төрөл бол волейбол. Үүнийг дэмжиж залуу, дунд, ахмад үеийн тамирчдыг нэг дор уулзуулж, волейболын хөгжлийг олон талаас нь харах боломж олгосон Эрдэнэт үйлдвэрийнхэн, Монголын Волейболын холбооныхондоо маш их баярлаж байна” гэсэн бол ахмад тамирчин, ОУХМ Г.Таня “Волейболын спортоор 60 жил хичээллэж явна. Алдар нийгэмлэгийн тамирчин. Эрдэнэтэд олон удаа тэмцээн уралдаанд оролцохоор ирж байсан ч энэ удаагийн лигийн тэмцээн маш өвөрмөц боллоо гэж хэлмээр байна. Нээлтийн ажиллагааны үеэр аваргын цомыг өндөрөөс буулгаж, харуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Залуу тамирчдын ур чадвар, тоглолтын техник боловсронгуй болж, өссөн байна. Бие бялдрын хувьд ч гадны тамирчдаас огт дутахааргүй болсон байна. Ажилсаг, ухамсартай болгож, бүх талын өв тэгш хүмүүжлийг олгодог волейболын спортоор олон залуус, хүүхдүүд маань хичээллэж суралцаасай гэсэн бодол энэ өдрүүдэд ихээр төрлөө” хэмээн сэтгэгдэлдээ өгүүлэв.
 
   
 
Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн                                                         Ахмад тамирчин, ОУХМ Г.Таня
 
 
   Монголын волейболын өнгө төрх өнөөгийн залуу тамирчдын гарт буйг ахмадууд бас өгүүлж, тэдэнд урам зориг сургаалиа харамгүй өгсөн. Тэдний бий болгосон үндэс суурь дээр маргаашийн волейбол цэцэглэн хөгжих нь мэдээж. Үндэсний дээд лигийн тоглолтууд тамирчдад өөрсдөд нь ч мартагдахааргүй дурсамж үлдээж буйг тэд сэтгэгдэлдээ дурьдсан. “Хасу Мегастарс” багийн тамирчин, ОУХМ М.Цэрэнбаатар “Үндэсний дээд лигийн Аялан тоглолтоо 3 өдөр Эрдэнэтэд хийлээ. Зохион байгуулалт, үзэгч хөгжөөн дэмжигчид, заал талбай гээд бүхий л талд  маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн тэмцээн боллоо. Манай баг 2 удаа тоглож, хоёуланд нь хожил авлаа. Биднийг сайхан хүлээн авч, дэмжсэн Эрдэнэтчүүддээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж, “Хос бар” багийн тамирчин Д.Эрхэтбаатар “Би багийнхаа хамгийн залуу тамирчин нь. 18 настай. Энэ спортоор хичээллээд 2 жил болж байгаа. Анхны лигтээ оролцож байна. Том туршлага өгч байгаад баяртай байна. Эрдэнэт хотын тоглолтууд зохион байгуулалтын дээд түвшинд боллоо. Олон жилийн дараа сэргээж байгаа Лигийн тэмцээн их хүлээлтэй байсан нь харагдлаа. Багууд маш хүчтэй, бэлтгэл сайн байна. Улам сайн тоглохын төлөө хичээнэ” гэж урам зориг, хүсэл тэмүүллээ хуваалцлаа. Харин “Хасу Мегастарс” багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал “Манай баг залуу бүрэлдэхүүнтэй. Бид 2014 оноос багийн зохион байгуулалтаар хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Намхан нуруутай болохоор хурдан тоглох арга барилд суралцаж байна. Мөн бусад багтай хэрхэн тоглох вэ гэдэг дээр сайн судалгаа хийдэг. Энэ бүхэн бидний амжилтад нөлөөлдөг гэж бодож байна. Талбайн гадна, дотно хаана ч байсан нэгнийгээ мэдэрч, ойлгож, хайрлаж, хүндэлж, халамжилж байж багийн спортод илүү их амжилт үзүүлдэг” хэмээн амжилтын нууцаа дэлгэсэн.
 
      
“Хасу Мегастарс”                                                       “Хос бар”                                                       “Хасу Мегастарс” 
багийн тамирчин                                        багийн тамирчин багийн ахлагч                                 спортын мастер 
ОУХММ.Цэрэнбаатар                                               Д.Эрхэтбаатар                                                    А.Даваажаргал      
 

   Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээнд 26 шүүгч, мэргэжлийн стастистикийн баг ажиллаж байна. Ерөнхий шүүгч Х.Золдэлгэр “Энэ жилийн Үндэсний дээд лигийн гол онцлог бол Эрдэнэт үйлдвэр ерөнхий зохион байгуулагчаар оролцож, аялан тоглолт Эрдэнэтэд боллоо. Тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд бэлтгэгдэж, Эрдэнэт үйлдвэрийнхэн онцгой ач холбогдол өгсөнд талархаж байна. Эрдэнэтэд болж буй 2 дугаар тойргийн тоглолтоос харахад багууд жигд сайжирч, чанаржиж байна. Мөн энэ удаагийн лигт багууд маш их залуужсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин багт 15-16 настай, Энагурэ багт 17 настай хүүхдүүд үндсэн тамирчдаар тоглож байна. Тэгэхээр волейболын гуравдахь үеийнхэн хэдийнэ гараад ирчихсэн, залуучуудын шигшээ баг бүрдэхэд бэлэн болсон байна. Үндэсний дээд лиг бол залуу тамирчид тэр тусмаа өсвөр үеийн хүүхдүүдэд волейболын спортоор хичээллэх дур сонирхлыг нь төрүүлэх, ирээдүйн тамирчдыг гаргаж ирэхэд том ач холбогдлоо өгдөг. Энэ бол уг спортын хөгжилд өгөх хамгийн том шинэчлэл” гэдгийг тэмцээнийг дүгнэж онцолсон.
 

   Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн Монголын волейболын спортын хөгжилд том мөрөө үлдээж, волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь хамтдаа бичлээ. 
 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгc
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс энэ онд ажилчиддаа зориулан зохион байгуулж буй 3 аяны нэг болох “Өвлийн нар” витаминжуулалтын аян өнөөдөр нээлтээ хийлээ.  Аяны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монос фарм” трейд, “Хаппи веритас” оношилгоо эмчилгээний төв хамтран D витамины талаар ажилчдад ойлголт, мэдээлэл өгөх витаминжуулалтын аяныг өрнүүлж байна. Монгол Улсын нийт иргэдийн 80-90 хувь нь буюу бага насны хүүхдүүдийн 90 хувь, жирэмсэн эхчүүдийн 95 хувь, 15-49 насны эрчүүдийн 82 хувь нь D витамины дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.  Аяны үеэр ажилчдаас D витамины шинжилгээ авч, нүдний хуурайшил тодорхойлон, био-энергийн аппаратны оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох,  биеийн жингийн индекс тодорхойлох, 3D арьс оношилгоо болон D витамины дутагдлын хор уршиг, витамины хөнгөлөлттэй худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр ерөнхий захиргааны 2-р байрны ажилтнуудыг үзлэгт хамруулсан бол 11 сарын 12-ны өдөр АБК дээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин Лхагва гаригт Засвар механикийн заводын ажилтнуудыг аянд уриалах юм.
   D витамины зохистой хэрэглээ нь насанд хүрсэн хүнд яс зөөлрөхөөс хамгаалах, ясны сийрэжилтээс урьдчилан сэргийлэх,  бүх төрлийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ, дархлаа дутагдлын эмгэгээс хамгаалдаг байна. Харин хүүхдэд D витамин хэрэглүүлснээр рахит өвчнөөс урьдчилан сэргийлж, уушгины хатгалгаа, зүрх судас, амьсгалын дутагдалд орохоос сэргийлж, өсөлт хөгжилтийг дэмждэг байна. 

Э.Мөнх-Уянга
Фото:Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа 41 дэх спартикиадын нэг төрөл болох гимнастикийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 2019-2020 онд үйлдвэрийн ажиллагсдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Ажлын байранд идэвхтэй дасгалыг нэвтрүүлэх нь” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд гимнастикийн тэмцээнийг уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжийн 8 багийн 80 гаруй тамирчид оролцож, тэргүүн байранд Баяжуулах үйлдвэрийн гимнастикчид шалгарчээ. Удаах байрыг Засвар механикийн завод, Оёдлын цех, Авто тээврийн цехийн багууд эзлэв.
   Ажлын байранд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг  хэвшүүлэх аяныг ирэх оны 3 дугаар сард дүгнэнэ. Үйлдвэрийн хэмжээнд 600 гаруй ажилтанд ажлын байрны дасгал хөдөлгөөний ач тус, хэрхэн тогтмол хийж хэвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулаад байна. Үүний үр дүнд цех нэгж бүр ажлын байрны дасгал хөдөлгөөний сургагч багштай болжээ. Цаашид аяны хугацаанд үйлдвэрийн бүх ажилтныг сургалтанд хамруулж, үр дүнг нь дүгнэхдээ Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байрны гадаа нийтийн гимнастикийн үзүүлбэр зохион байгуулна гэж Спорт цогцолборын Арга зүйч, гимнастикийн багш Б.Уянга ярилаа.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

   Ер гаруй жилийн замналтай  Монгол волейболчдын шинэ цагийн түүхийг  1990-ээд оны сүүл үеийнхэн бичиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өсвөр насны охид хөвгүүд эдүгээ цагийн волейболын спортыг өнгөлж байна.
   Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг энэ жилээс эргэн ирж, ирэхдээ шижигнэсэн хурд хүч, сэтгэлгээний өндөр чадвартай залуу үеийнхнээр бүл нэмжээ. Бүл нэмсэн гэхийн учир энэ жилийн Үндэсний дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг тоглож буй нь урьд өмнөх жилүүдэд байгаагүй өргөн бүрэлдэхүүн юм. Волейболын түүхийн хуудсанд “акулууд” гэж тэмдэглэхээр амжилт, туршлагын зузаан намтартай Уурхайчин, Эрчим, Алтайн барс, Энагурэ, Хасу Мегастарсынхан залуу үеийнхнээр “ цус сэлбэж”, бас Хобби айс, Булган, Дархан сеть зэрэг шинэхэн дүү нарыг араасаа дагуулан иржээ.  Багуудын дундаж нас 18-25 байгаа нь өсвөр үеийнхэн волейболын спортод ихээр дурлаж, Монголын Волейболын гуравдахь үе нэгэнт эхэлсэн нь  Эрдэнэт хотод болсон Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтоос харагдаж байв. Илүү хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, хурц ухаан бол волейбол. Энэ утгаараа өв тэгш иргэнийг төлөвшүүлэхэд багийн спорт тэр дундаа волейболын төрөл онцгой үүрэгтэй юм байна гэдгийг ч Үндэсний дээд лигийн “гал гарсан” өрсөлдөөнтэй тоглолтууд хэлж өгөв. Волейболчдын чадвар чансаа, энэ спортын хөгжлийн түвшин хаана явааг нь  тодорхойлдог Үндэсний дээд лигийн ерөнхий зохион байгуулагчаар зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллаж байна. Тэгэхдээ тус үйлдвэрийнхэн “зүгээр нэг” зохион байгуулагч хийсэнгүй, Монголын волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь тэмдэглэн үлдээж байна. Телевизээр л хардаг тамирчдаа хүндэтгэх ёсыг өөрсдөд нь үзүүлсэн манлай үйлдвэрийнхэнд талархаад баршгүй буйгаа залуу волейболчид олон дахин илэрхийлснийг ч энэ дашрамд дайя.   

      
Энагурэ багийн эзэн Chang Jin Hong:  Эрдэнэт волейболын төлөө хот юм байна

   Энагурэ гэж Монголоор Ундран оргилох гэсэн утгатай. Багийн маань хүч чадал үргэлж ундран оргилж байхыг бэлэгдэж ийм нэр өгсөн юм. Манайх эмэгтэй баг. Яагаад эмэгтэй баг байгуулах болсон бэ гэхээр эмэгтэйчүүд илүү сэтгэлийн тэнхээтэй, бие бялдар, чадварын хувьд цаашид илүү хурдан хөгжих боломжтой учраас эмэгтэй багийг үүсгэж, авч яваа. Миний хувьд, волейболоор хичээллэж байгаагүй ч энэ спортод үнэхээр дуртай. Манай Энагурэ баг 2009 онд Серб улсад болсон Оюутны аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2010 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайвань улсад Оюутны аваргаас хүрэл медаль тус тус хүртсэн.  Бид Монголынхоо Үндэсний дээд лигт 2009 оноос эхлэн оролцож, улсын чанартай тэмцээнүүдээс арав гаруй алтан медаль авсан. Манай багийн тамирчдын 3 дахь үе энэ удаагийн лигт тоглож байгаа. Хамгийн том нь 20 настай бол бага нь 16 настай. Багийн ахлагч, Спортын мастер Тамир болон тамирчин Анужин нар маань өндөр амжилттай яваа. Бид багийнхаа гуравдахь үеийг ийнхүү өсвөрийн насныхнаар бүрдүүлж буйгийн гол зорилго нь олон улсын нас заасан тэмцээнүүдэд амжилттай оролцоход одооноос бэлдэж байгаа юм. Мөн бид одоо сайн тоглохоос илүү цаашид улам сайжрах хүүхдүүдийг бэлтгэнэ гэж бодож багаа бүрдүүлсэн. Эрдэнэтэд ирэхэд биднийг халуун дотно угтсан. Дуу хуур, урлаг соёлын сайхан хөтөлбөртэй хүлээн авч, унаагаар үйлчилж очих газарт хүргэж өгдөг ийм тэмцээнд анх удаа оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хамгийн түрүүнд надад  Эрдэнэт бол волейболын төлөө хот юм байна гэсэн бодол төрсөн.

  
“Алтайн барс” эрэгтэй багийн Ахлах дасгалжуулагч, ОУХМ  Б.Мөнгөндөл: Залуу үеийн тамирчид маш сайн бэлтгэлтэй байна

   Үндэсний лигийн тэмцээн Эрдэнэт хотод маш сайхан зохион байгуулалттай болж байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, дэмжиж, Эрдэнэтчүүд өөрсдөө олноороо хүрэлцэн ирж үзсэн нь тэмцээнийг өргөн цар хүрээтэй болголоо. Манай “Алтайн барс” баг Ховд аймгийн нэр дээр оролцдог, Хилчин спорт хороонд харьяалагддаг. 2011 онд байгуулагдсан. Багийн бүрэлдэхүүний дундаж нас 25, биеийн өндөр 1.95 см-ийн дундаж хэмжээтэй, залуу тамирчид байгаа. Мөн манай багт Японы 2 легионер тамирчин тоглож байна. Эхний тоглолтоо Хос бар багтай хийж, 3:0-ын харьцаагаар хожоод байна. Залуу тамирчид маш сайн бэлтгэлтэй, багууд өрсөлдөөн ихтэй байгаа нь тэмцээнээс харагдлаа.


Алтайн барс багийн ахлагч, ОУХМ  А.Мөнхбаяр: Чөлөөт хамгаалагч легионер тоглож буйгаараа онцлогтой

   Би Волейболын спортоор 12 жил хичээллэж байна. Харин манай баг 9 дэх жилдээ тогтмол уралдаан тэмцээнд оролцож байна. Бид 2012 оны Монголын бүх ард түмний спартикиадын аварга, 2013 оны Хаврын тэргүүн клубуудын аварга, 2013,2014 оны Намрын тэргүүн клубуудын аваргын мөнгө, 2013, 2014, 2015 оны Залуучуудын улсын аварга, 2019 оны Хасу клубуудын аварга, Хөгжлийн лигийн аварга, Тэнүүн огоо клубуудын аваргын мөнгө, Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө медаль зэрэг амжилт үзүүлсэн баг. Урьд өмнө манай эрэгтэй багт гадаадын легионер тамирчид тоглож байгаагүй. Харин энэ удаа Япон улсын 2 легионер тоглож байгаагаараа онцлог. Бусад багууд голчлон довтлогч легионер авч ирдэг бол манайх анх удаа чөлөөт хамгаалагч тоглуулж байгаа нь Монголын волейболын лигийн түүхэнд шинэ зүйл болж байна. Энэ жилээс дахин сэргэж байгаа Үндэсний дээд лигт багууд, багийн эзэд, дасгалжуулагчид гээд бүгд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдаж байна. Тамирчдын сэтгэл зүйн хувьд ч өөр түвшинд хүрсэн байна. Лигийн тэмцээний хувьд багууд  олон тойргийн турш жигд тоглолтоо хадгалж явах шаардлагатай тул олон сар жилийн бэлтгэл хангасан нь харагдлаа. Мөн тамирчдын ур чадвар дээшилсэн, өрсөлдөөнтэй болж байна. Хасу мегастар багт 2 метр өндөр,  АНУ-ын нэг легионер, Эрчим багт ОХУ-ын легионер, Тэнүүн Огоо багт Япон улсын легионер тамирчид тус тус  тоглож байна. Эдгээр  багууд  маш хүчтэй байна. 


Алтайн барс багийн хамгийн залуу тоглогч, Э.Хосбаяр: Клубын ах нарынхаа тоглолтоос үлгэр дууриалал авдаг

   Би 21 настай. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд волейболын секцний хүүхдүүдийн тоглолтыг үзээд, энэ спортоор хичээллэх бодол төрсөн. Тэгээд Баатархүү багшийнхаа удирдлаган дор анх тоглож, 2013 онд Алтайн барс клубтээ голын хаагч буюу нам хагасын хамгаалагчийн үүрэгтэй тамирчнаар орсон. Одоо ч энэ нам хагасын байрлалд тоглож байгаа. Клубын ах нарынхаа тоглолтыг шимтэн үздэг, зарим үед “ийм аймаар байдаг юмуу” гэж сонирхож, тэднээс суралцаж, үлгэр дууриал авдаг. Волейболоор хичээллэж ирсэн 6 жилийнхээ турш багийн ах нарын тоглолтоос эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй болдог. Үндэсний дээд лигт анх удаа оролцож байна. Үнэхээр гоё тэмцээн болдог юм байна. Эрдэнэт хотод болж байгаа 2 дугаар тойргийн тэмцээн бүр илүү өндөр зохион байгуулалттай, маш сайхан болж байна. Телевизээр хардаг шиг л өөрсдөө автобусанд суугаад явж байгаа зэрэг нь гоё сэтгэгдэл төрүүлж байна.


Уурхайчин багийн ахлагч Б. Нинжболор: Манай баг хамгийн залуу тоглогчидтой

   Багаар ажиллах чадварыг сайжруулахын зэрэгцээ хувь хүний бие галбир болон хүмүүжил талаас нь тэгш зөв болгож төлөвшүүлдэг гээд  волейболд олон давуу тал байдаг. 15 настай байхдаа манай Эрдэнэтэд болсон аймгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Алтайн барс, Уурхайчин багуудын тоглолтыг үзээд, анх удаа энэ эгч нар шиг волейбол сайн тоглож сурая гэж бодсон. Тэгээд ОУХМ Г.Баярсайхан багш дээрээ очиж, гараагаа заалгаж эхэлсэн. Манай “Уурхайчин” баг энэ удаагийн лигийн хамгийн залуу тамирчидтай баг нь байх. Манай охидууд голдуу 15-16 настай, Улаанбаатар хотын 21 дүгээр сургуулийн сурагчид.  Хоёр жилийн өмнөөс одоогийн энэ багийн бүрэлдэхүүнд орж, хичээллэж байна. Өсвөр үеийн тамирчид гэж тодотгож болно. Бидэнтэй бас өмнө нь олон жил тоглосон хоёр эгч байгаа. Арай ахмад тамирчид маань тэд. 2017 онд манай “Уурхайчин” клуб хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил Хүүхдийн спортын их наадмаас алт медаль авсан. Одоо энэ лигийн тэмцээний дараа  Насанд хүрэгчдийн улсын аварга, “Тэнүүн Огоо”,  “Хасу” клубуудын аваргын тэмцээн, Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон уралдаан тэмцээн хүлээж байгаа. Тэр бүхэнд жигд амжилттай тоглохын тулд хичээж, бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй.


Уурхайчин багийн тоглогч, ОУХМ Д.Алтансувд: Волейболд эгч маань “уруу татсан”

   Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Волейболын спортод уруу татсан хүн бол эгч маань. Тэр өөрөө Эрчим клубт тоглодог. Бас Монголын шигшээ багт тоглож, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Эгчийнхээ тоглолтуудыг үзээд, волейболоор хичээллэхээр шийдэж, 3 дугаар ангиасаа тоглож эхэлсэн. Дараа нь 7 дугаар ангид байхдаа Г.Баярсайхан багш дээрээ очиж,  2003 онд Уурхайчин клубын тамирчин болсон доо. Тэр үеэс эхлээд Залуучуудын улсын аварга, Үндэсний дээд лигт оролцож, үндсэн багийн тамирчнаар тоглон хүрэл медаль хүртсэн. 2004 оны Үндэсний дээд лигийн аварга баг болж, шилдэг холбогчоор шалгарсан. Одоо 16 дахь жилдээ Уурхайчин багтаа тоглож, 7 дахь лигтээ оролцож  байна. Үндэсний дээд лиг энэ жилээс сэргэж, зохион байгуулагдаж эхэлсэнд баяртай байгаа. Волейболын спорт бол тамирчнаас хурд хүчээс гадна оюуны өндөр чадвар шаарддаг. Хэн сайн тархиа ажиллуулж, хурдан сэтгэж, овсгоотой байж чадна тэднийд хожил ирнэ. Энэ талаараа хүнийг өв тэгш хөгжүүлж чаддаг спорт гэж боддог.


Хобби айс багийн ахлагч Л. Хосбаяр: Үндэсний дээд лиг эргэн ирсэнд баяртай байна

   Волейболын спорттой холбогдоод  12 жил болж байна. Анх волейболоор хичээллэх хүслээ аавдаа хэлснээр волейболын секцэнд явж эхэлсэн. Би одоо багийнхаа гишүүд дотроо хамгийн том нь. Манай охидууд 2000-аад оны хүүхдүүд. Тиймээс манай баг бас залуу гишүүдтэй. Намайг оюутан байхад волейболын спортын хөгжил жаахан уналтанд орсон санагддаг. Үндэсний лиг ч зогссон, эмэгтэй баг ховор болчихсон. Харин  сүүлийн 2 жил идэвхжиж, төрөл бүрийн тэмцээн уралдааны тоо ч нэмэгдэж байна.  Хасу, Тэнүүн огоо гээд клубуудын аварга шалгаруулах тэмцээн,Үндэсний лиг, мөн манай клубээс эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Энэ хирээрээ багуудын бэлтгэл сургуулилалт жигдэрч, тамирчдын чадвар чансаа улам сайжрах боломжийг өгч байна гэж боддог. Тэмцээнүүд олшрох тусам үзэгчдийн тоо ч нэмэгдэж, хүүхэд залуус волейболын спортын сайхныг харж мэдрэх, хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаад баяртай байгаа. 


М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Монголын волейболын дээд лигийн II тойргийн тоглолm Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд палас”-т амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ үеэр IV цахилгаан станцын “Эрчим” багийн менежер, Волейболын Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын ОТГОНТӨГС-тэй ярилцсан юм.  

 

   - Та хэдэн настайдаа волейболын спортод хөл тавьсан бэ?
   - Тавдугаар ангийн сурагч байхаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Би Хэнтийн Бэрхийн уурхайн тосгонд төрсөн. Аав маань уурхайчин хүн байсан. Ээж маань ч уурхайн станцад насаараа ажиллаад гавьяаны амралтадаа суусан. Манайхан намайг волейболоор хичээллэхэд эхэндээ төдийлөн дэмжээгүй. Аав маань залуудаа том биетэй, бөх барилддаг хүн байсан юм. Би үеийнхэнтэйгээ “ноцолдохоороо” амар унадаггүй хүүхэд байсан болохоор намайг бөх болгох сонирхолтой. Би бөхөд “хорхойгүй”. Тэгээд гэрийнхэндээ бөхийн секцэндээ явлаа гэж хэлээд волейболын секц рүүгээ орчихдог байж билээ.

   - Та анхны багш, волейболын анхны багийнхаа талаар дурсаач?
   - Бэрхийн анхны багш маань волейболын спортын мастер З.Лувсандорж гэж хүн бий. Багшийн секцэнд 90-ээд хүүхэд анх орсон юм. Шигшигдсээр 25-уулаа үлдсэн. Би багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Есдүгээр ангийн сурагч байхдаа Хэнтий аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Улсын аваргын тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод анх ирж үзсэн. Волейболын Олон улсын хэмжээний мастер Р.Тамир, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Хангай, Тэмүүжин, дуучин Базарсадын Болдбаатар бид нэгэн үеийн тамирчид. Тэр жил дуучин Б.Болдбаатар ирээгүй. Сумаасаа одоо энэ “Гранд мед” эмнэлгийн их эмч Тэмүүжин бид хоёр аймгийнхаа шигшээ багт тоглож байлаа. Шагдар багшийн нэрэмжит шигшээ наймын тэмцээнээс бид мөнгөн медаль хүртэж их урамшсан. Улсаас авсан анхны том шагнал.

   - Тэр үед Бэрхийн уурхай орос ажилчид олонтой байсан нь волейболын спорт илүү хөгжихөд нөлөөлсөн үү?
   - Нөлөө бий. Гэхдээ 1998 онд Хэнтийн Батширээт сумаас волейболын спортын мастер, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Ч.Түвшинтөр Бэрхийн уурхайд ирж, биднийг дасгалжуулан Өсвөрийн Улсын аваргын тэмцээнд анх удаа хөдөөний тосгоны хүүхдүүд оролцож байлаа. Ёстой л “битүү морьд” гэдэг шиг хэн ч танихгүй хүүхдүүд очоод одоогийн Улсын  шигшээ багийн тамирчин М.Мөнх-Оргил, Хаш-Эрдэнэ тэргүүтэй тэр үеийн мундаг залуусыг хожиж хүрэл медаль хүртсэн.

   - Насанд хүрэгчдийн тэмцээнд ямар амжилтууд үзүүлж байв?
   - 1999 онд насанд хүрэгчдийн Улсын аваргын тэмцээнд анх тоглож, А зэрэглэлийн Улсын аварга болсон. 2000 онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дорнодод болоход хоёрдугаар байрт шалгарч волейбол тоглох асар их хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэр жил Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болоход Бөхийн өргөөний тавцан дээр үзэж суухдаа яавал Улсын шигшээ багийн тамирчин болдог юм бол гэж бодож билээ. Миний үзэж, бахдаж суусан хүмүүс бол манай М.Мөнх-Оргил, Р.Тамираа, Түвшинбат нар байсан. Үеийн нөхдөөсөө цойлоод гарчихсан залуус үнэхээр гоё харагдсан. Тэгээд л волейболдоо бүхий л сэтгэл зүрхээ, цаг заваа зориулж дурлах ёстой юм байна гэдгийг ойлгож шаргуу бэлтгэл хийсэн.

   - Та “Уурхайчин” багийн анхдагчдийн нэг байхаа?
   - “Уурхайчин” багийн үүсгэн байгуулагчдийн хамгийн бага нь би байлаа. 1998 онд би 18 настай байсан. Одоогийн Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, С.Амгаабазар, “өндөр” Амгаланбаатар, Өлзийсайхан, Түвшинтөр, Төмөрөө, Гэндэн гээд Дорнодговийн  волейболчин ах нарыг, уурхай дагасан хэдэн залуусыг цуглуулж баг болгосон. Одоо энэ Монголын волейболын холбооны нарийн бичгийн дарга, Олон улсын хэмжээний мастер Г.Баярсайхан “Уурхайчин” багийн анхны дасгалжуулагч.

   - Тэр цагаас “Уурхайчин” багийн амжилтын буухиа эхэлсэн үү?
   - 2000 онд Залуучуудын Улсын аваргын тэмцээн Монголд анх нээгдэхэд “Уурхайчин” баг маань түрүүлж байлаа. Тэр жилийнхээ Улсын аваргыг бас авчихаж байгаа юм. Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймагт болоход алтыг нь авсан. 2001 онд дахин Залуучуудын Улсын аварга болсон. Клубуудын цомын аваргаар хүрэл медаль хүртсэн. Ах нар тусдаа, бид үеэрээ ороод жаахан хүүхдүүд хүрэл авчихаж байгаа юм.

   - Та өөрийгөө ямар тоглолтоор анх таниулсан гэж боддог вэ?
   - 2003 онд Спортын төв ордонд анх болсон Үндэсний дээд лигээр өөрийгөө хүмүүст таниулсан гэх үү дээ. Х.Бадамсүрэн захирал, Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал байсан Д.Даваасамбуу ах манай дасгалжуулагчийн сандал дээр суудаг байсан юм. Тэд хоорондоо ярьж байгаад Монголын лидер тоглогч А.Дашзэвэг ахыг заменд суулгаад оронд нь Т.Отгонтөгсийг гаргаж үзье гэж шийдсэн юм билээ. Эрдэнэт үйлдвэрийн “Харх” гэж үнэхээр сайн багтай тоглосон ч би үнэхээр хаалтанд ороогүй. Тэр өдөр манайх хожигдсон бол дууссан газар. Бид тоглолтыг эргүүлж маргааш дахин тоглолт гаргуулсан. 23 настай дээд лигийн талбай дээр цахиур хагалж явлаа.

   - “Уурхайчин” багт хэдэн жил тоглосон бэ?
   - 1998-аас 2006 он хүртэл “Уурхайчин” багт найман жил тоглосон. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 2002 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болоход тоглосон. 2003, 2004 онд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж дахиад Зүүн Азийн тэмцээнд тоглосон. Ингэж л Улсын шигшээгийн тамирчин болсон доо. 2005 онд “Уурхайчин” баг дээд лигийн аварга болсон юм. Өмнө нь дээд лигээс гурван мөнгө авсан байсан. Тэгээд Х.Бадамсүрэн захирал маань ч ажлаа өглөө, “Уурхайчин” баг маань ч эвгүйтсэн. Тэр үед ажил, амьдралаа бодъё, бөмбөг нүдсээр байтал нас явлаа гэж бодоод хэдэн найзтайгаа Тавантолгойд ажиллахаар явахын өмнө орой одоогийн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар дарга намайг утсаар дуудсан. Очсон өдрөө л станцад ажилд орчихдог юм.

   - Ямар санал тавьсан болоод Оюутолгойг орхиод тийшээ орчихов?
   - Ах нь чамайг ажилтай болгоё. Манай “Эрчим” багт яг л энэ эрчээрээ тоглоод, удирдаад яв гэсэн. Дээд лигийн аваргыг авчихъя гэж зүтгээд бараагүй. Мөнгөн медалийг бол гурав ч авсан. Харин одоогийн дээд лигийн хэмжээний тамирчид ордог клубуудын цомын төлөөх тэмцээнд манай “Эрчим” баг 2014, 2015 онд түрүүлсэн. Би тэрийгээ дээд лигийн аварга гэж тооцдог.

   - Энэ удаагийн дээд лигийн тэмцээний өрсөлдөгчид ширүүн байна уу?
   - Баг болгон сайн байна. Хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багтай хийсэн. Тэнд 15, 16, 17 настай хүүхдүүд байна. Тэгэхэд бид тэдэнд нэг парт алдах жишээний. Тоглолт болгон үнэ цэнэтэй, нэг онооны араас зүтгэсэн аястай ширүүн болж байна. 4-р цахилгаан станцын Б.Төмөрхуяг захиралтай хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээж байна даа.
 
   - Баярлалаа.     

М.ОДГЭРЭЛ

   Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу тоглогчид 15 настай залуу тамирчид байлаа. Уурхайчин багийн тамирчин Сайнбаярын Анх-Эрдэнэ, Эрхэмбаярын Ууганзул нартай тэмцээний үеэр уулзаж сэтгэгдлийг нь авлаа.

   Сайнбаярын Анх-Эрдэнэ:
 

 
   “Би волейболын спортоор долоо дахь жилдээ хичээллэж байна. Ах нартайгаа зэрэгцэж талбайд гарч Лигийн аварга шалгаруулах том тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Лигийн тэмцээнд орж  тоглох гэдэг нь надад агуу их туршлага болж байна. Багаар ажиллах чадвар их чухал гэдгийг ойлгодог боллоо. Манай багийнхан нэг баг, нэг хамт олон болж тоглодог. Бид тэмцээнд орохын өмнө сайтар ярилцаж, талбай дээр дохио зангаагаар, нэгнийхээ нүдийг хараад л ойлгодог доо. Уурхайчин багийн эздэдээ итгэл хүлээлгэж, энэ их зардал гаргаж тусалж байгаад баярлаж байна”. 
 
 
   Эрхэмбаярын Ууганзул: 
 
   “Уурхайчин багийн гишүүн болоод би нэг жил болж байна. Өмнө нь дандаа сургуулийнхаа багт тоглодог байсан. Ийм том хэмжээний тэмцээнд анх удаагаа оролцож байгаа болохоор, анх талбай дээр гарахдаа маш их сандарч байсан. Тоглолтын талбайд гарахад үнэхээр их сүрдмээр байсан. Ингээд л тэмцээн бүрийн дараа илүү их хичээх хэрэгтэй юм байна гэж зорилго тавиад л тоглож байна. Волейболын багийн тамирчид атгасан гар шиг байж амжилтад хүрдэг гэж боддог. Уурхайчин багийн эзэн Х.Бадамсүрэн захиралдаа болон зохион байгуулж байгаа бүх ах эгч нартаа баярлалаа”.
 
А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог