• Уурхайчид Хангалын голыг цэвэрлэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр,  Авто тээврийн цех,  Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн төв, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ган бөөрөнцгийн цехзэрэг 20 нэгжийн 200 гаруй ажилтан энэ сарын 09-ний өдөр Хангалын голын гольдрол дагуу их цэвэрлэгээ зохион байгууллаа. Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах”дэд хөтөлбөрт тусгасан энэхүү ажлын хүрээнд 152 га талбайг цэвэрлэн, 130 м3 хог ачиж, хогийн цэгт буулгаад байна. Дэлгэрэнгүй...
  • Э.БҮЖИДМАА: Долдугаар сарын турш хүн бүр дээлээр гоёосой

         Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолбороос санаачлан “Дээлээр гоёсон долдугаар сар” аяныг энэ сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, олон нийтийг эерэг хандлагад уриалсан энэхүү аян нь дээлийг өдөр тутмын хэрэглээ болгоход чиглэсэн юм. Аяныг санаачлан зохион байгуулагч, Соёл урлагийн цогцолборын соёлын ажлын арга зүйч Э.Бүжидмаатай ярилцлаа. -“Дээлээр гоёсон долдугаар сар” аян эхлээд удаагүй ч оролцогчид идэвхитэй байгааг цахим хуудсаар бид өдөр бүр харж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн оролцогчоос бүтээл ирээд байна вэ? -Бид Үндэсний их баяр наадамд зориулж “Дээлтэй Монгол" өдөрлөгийг өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаарч үндэсний хэмжээний цахим аян зохион байгуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү аян нь орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл аянд нэгдэж байгаад баяртай байна. Тэр дундаа ӨМӨЗО-ноос уламжлалт гоёл чимэглэл урлаач, Турк улсаас Монгол дээл оёдог уран гартай бүсгүй гэрэл зургаа ирүүлсэн. Аянд оролцогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа ч бидний сэтгэлд дээлтэйгээ мөнхөрсөн ахмад үеийнхнээ урилгаар оролцуулахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг, хилийн чанад дахь 5 улсаас 100 гаруй бүтээл ирж, шаардлагад нийцсэн 80 орчим бүтээлийг сошиал хуудсаар нийтлээд байна. “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аян маань энэ сарын турш үргэлжилнэ. -Үндэсний дээлээ сурталчилсан энэхүү аянаар дамжуулан олон нийтэд юуг хүргэхийг зорьж байна вэ? -Аяны хүрээнд нөлөөллийн давлагаа үүсгэх, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл түгээх ажлууд өрнөнө. Дээлийг Үндэсний их баяр наадам, цагаан сар эсвэл шагналын тайзнаа өмсөх гоёл гэж ойлгох нь өрөөсгөл юм. Бидний амьдарч байгаа нийгэм ч уламжлалт ахуй соёлоо дээдлэн, өвлөн уламжлагч болсон өнөө үеийн залуучуудыг үндэсний хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж байна. Тиймээс ч залуу хойч үеэ эерэг хандлагад уриалах нь бидний гол зорилго юм. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй учраас эртнээс нааш уламжилж ирсэн, энгийн хэрэглээнд хамгийн тохиромжтой, цаг уурын аль ч нөхцөлд өмсөж болох өвөрмөц хийц бүхий дээлээр хүн бүр гоёосой гэж хүсдэг. Манай аяны талаар мэдээлэл авсан хүмүүс эхнээсээ дээлээ өмсөөд аялалд гарцгааж байгаа нь аяны маань нэг зорилго биеллээ оллоо гэж харж байна. -Эерэг хандлагад нэгдсэн хамтран зохион байгуулагчдын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Аяныг зарласнаас хойш соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, бүтээлч, урлаач залуучууд маань нэгдэж эхэлсэн. Хамтран зохион байгуулагчаар үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэнд, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”, дэмжигч байгууллагаар “Алтангадас” үндэсний ресторан, “Монгол хуур” төв, “Жонон хар" музей нэгдээд байна. “Монгол хуур” төвөөс мэргэжлийн урлаачдын бүтээл мастер хуурыг нэгэн сайхан гэр бүлд бэлэглэе гэсэн санаачилга гаргасан. Аяны хүрээнд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг гэр бүлийг урамшуулах болно. Мөн шилдэг дүр төрх, шилдэг гэрэл зурагчныг шалгаруулж зохион байгуулагч, хамтрагч байгуулагуудаас шагнаж урамшуулах юм. -Нэг хүн нэг бүтээлээр оролцох уу, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ? -Тухайн зураг нь ямар нэг өгүүлэмжтэй байх хэрэгтэй. Мөн дээлээр дамжуулан соёлын бусад өвтэй холбогдсон байж болно. Нэг хүнээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар заагаагүй тул хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Оролцохыг хүссэн хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын фэйсбүүк хуудас руу мэссэж илгээхэд л хангалттай. Бид санаачлан зохион байгуулагч гэдэг утгаараа бүтээлийг эхний шатанд шалгаруулна. Ингэхдээ үзэгчдийн дэмжлэг, цахим хандалтыг харгалзан үзэх болно. Харин шалгарсан бүтээлүүдээ мэргэжлийн болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл бүхий шүүгчид рүү илгээн санал авах зарчмаар явуулна. Аянд оролцох бүтээлийг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авч, 31-ний өдөр шалгарсан бүтээлийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна. -Бүх нийтийг уриалах нэг сайхан үг хэлэхгүй юу? -Судалгаагаар аливаа зүйлийг дадал зуршил болгох дундаж хугацаа 30 хоног байдаг. Энэ ч утгаараа аян үргэлжлэх хугацааг товлосон юм. Иймд эрхэм та үндэсний хувцсаа нэг сарын турш өмсөж, хэвшил болгоорой гэж уриалъя. “Дээлээр гоёсон долдугаар сар” маань дээлээр гоёсон амьдрал болох болтугай. Эрхэм уншигч та Соёл урлагийн цогцолборын албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэж, манай аянд нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор хандаарай. Соёл урлагийн цогцолбор /Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ/ Оролцогчдын бүтээлээс... И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 09

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 190 дэх өдөр. Он дуусахад 175хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15градус, шөнөдөө +11 градус дулаан, усархагбороотой, салхины хурд 7-9 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 09.Бархасвадь гараг. Билгийн тооллын 19.Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5цаг 03 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход  сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2830, евро 3194, БНХАУ-ын юань 403, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6194ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1974 оны 07 дугаар сар Сэлэнгэ мөрний сав газрын усыг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай БНМАУ, ЗХУ-ын хооронд хэлэлцээр байгуулжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Д.Лхагвасүрэнг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор батлав. ЗХУ-ын Аж үйлдвэрийн барилгын яамны сайдын тушаалаар А.В.Чекашовыг Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой удирдах газрын даргаар томилжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйлдвэрийн Ерөнхий захиргааг байгуулав.     Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

    Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилаа.Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов.Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.                                                                                                                                  Т.Батчулуун Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн аваргууддаа халуун баяр хүргэе

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагааны үеэр зарим алдартны сэтгэгдлийг хуваалцлаа.    Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай -Би Эрдэнэт үйлдвэрт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт хэмнэлтийн үр ашигтай бодлогын хүрээнд нэгж тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар болон технологийн схемийг өөрчлөх замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх, шинэ тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлуудыг хийсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байна. Бор уулынхаа буян хишгийг хүртэж яваа мянга мянган уурхайчид, хамт олон, инженер техникийн ажилчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга Аситхааны ШИНАРБАЙ   Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье -Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт, телевиз радио хэмээх их айлд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ 2019 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналд тодорхойлж, шалгаруулсан удирдлага, хамт олон, уран бүтээлч нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмнийхээ их баяр цэнгэл наадмаар дэлгэр сайхан наадаарай. Маркетингийн хэлтсийн ОНХА-ны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч П.ЭНХТУЯА   Эрдэнэт үйлдвэртээ 30 жил тасралтгүй ажиллалаа -Анх засварчнаар орж байсан Эрдэнэт үйлдвэртээ тэргүүлэх инженерийн түвшинд хүртлээ 30 жил тасралтгүй ажиллалаа. 1990 онд Геологи, уул уурхайн яамны томилолтоор ирснээс хойш их ч зүйлийг сурч мэдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 10-аад онцгой даалгаварт ажилласан. Далангийн тогтвортой хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 19 байдгаас миний бие 10, 12, 13, 14, 15, М1, М2, М3, М4 даланг барихад гар бие оролцжээ. Энэ хүртэл намайг сургаж хүмүүжүүлсэн багш нар олон бий. Юун түрүүнд, Гомбосүрэнгийн Пүрэвдорж, Дэмбэрэлийн Лхагважав, Надмидын Бямбадорж, Г.Отгондаваа гэсэн инженер техникийн ажилчдадаа баяр хүргэе. Саяхан л би сурагч байсан бол өнөөдөр сургагч багш болж, 10-аад инженер техникийн ажилчныг нарийн мэргэжилд сурган, бүтээн байгуулалтыг гардан хийсэндээ баярлаж, бахархаж байна. Үйлдвэрийнхээ онцгой объект дээр амжилттай сайн ажиллаж яваа шавь нараараа бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдөр шавь Т.Баярбат маань “Хөдөлмөрийн аварга” боллоо. Шавьдаа мөн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь  өрнүүн их амжилтыг хүсье.    Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Дашцэрэнгийн ОЧИРБАТ   Зөв явбал бүх зүйл сайхан болно -Эрхэм хүндтэй энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт уул, “Эрдэнэтийн-Овоо”-ндоо, Баян-Өндөр хайрхан, Их Залуу, Бага Залуу хайрхандаа, Бүрэнбүстийн овоондоо мөргөе. Уул усаа тахин шүтэж, хүндлэн дээдэлж, зөв явбал бүх зүйл сайхан болно. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Балдоржийн НАРАНЦЭЦЭГ    “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг хослуулан авлаа -Баяртай сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрт 16 жил ажиллаж, өнөөдөр “Тэргүүний уурхайчин” Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг зэрэг гардан авлаа. Хамт олныхоо дэмжлэгээр энэ сайхан шагналын эзэн болж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баярлаж байна. Манай хамт олон Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Бид өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үр ашгаа нэмэгдүүлэх талаас илүү сайн ажиллах болно. Та бүхэн сайхан наадаарай. Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэдэнгийн БЯМБАА   Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье -Эрдэнэт үйлдвэрийнхээ болон Цахилгааны цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 17 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл маш их хийгдсэн. Үүний реле хамгаалалт, автоматик дээр Оросын хуучны цахилгаан механик релег сүүлийн үеийнхээр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.  Цахилгааны цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер Бадмаевын ЭНХТАЙВАН   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа

    Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.        Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.   Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.    Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай. Харин Эрдэнэт үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахын зэрэгцээ Хүндэт тэмдгээр шагнан урамшуулдаг. Тус шагналаар Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Очирбат, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Тээвэр ложистикийн төвийн Илчит тэрэгний машинч Ж.Буяндэлгэр нарыг шагнан урамшуулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүллээ. Мөн энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар, Монгол Улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан С.Нямжавыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.                И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

         Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн “Бумбаах” компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.       Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа.      Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм.          М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 189дэх өдөр. Он дуусахад 176 хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +16 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, салхины хурд 6-7м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын 18.Хар хулгана өдөр. Өдрийн наран 5цаг 02 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40),үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2828, евро 3195, БНХАУ-ын юань 402, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6086ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1973 оны 07 дугаар сар Инженер, геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар төрийн шагнал хүртэв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр, дүрмийн төслийг хэлэлцэв. Эрдэнэтийн Овооны зэс, молибдены орд газрыг түшиглэн барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн уул уурхайн үйлдвэрийн тухай хэлэлцээр, дүрмийн төслийн талаарх урьдчилсан зөвлөгөөн осква хотноо эхлэв.     Дэлгэрэнгүй...
  • Улсын баяр наадмын өмнө уурхайчдаа урамшуулна

         Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.      Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Хийн үлээгүүрийн машин суурилууллаа

         2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.                                                                                                                         Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Холбоо барих

     Баяжуулах үйлдвэр энэ онд “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор олон нийтийн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар тус цехийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамираас тодрууллаа.

-Олон нийтийн үйл ажиллагааг “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор зохион байгуулах болсон шалтгаан юу байв?

-Баяжуулах үйлдвэрийн ажилчид сүүлийн жилүүдэд эрс шинэчлэгдсэн. Одоо манай ажиллагчдын 60 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна.  Ер нь ажилтны тогтвор суурьшилтай, ажилдаа зөв хандлагатай, бүтээмжтэй ажиллах гол үндэс нь гэр бүлийн аз жаргал юм. Бид 2020 онд “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” гэсэн уриатайгаар олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. 

-Сүүлийн үед ажилчдын дунд ямар үйл ажиллагаа явуулав?    

-Гэр бүлийн өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цогц үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагаа үргэлжилж байна. Манай үйлдвэрийн “Зүрх, тархи” болсон Нунтаглан баяжуулах хэсгийн таван  технологич маань 35 хүртэлх насны залуус байдаг. Хэсгийн удирдлага нь ч залуу хүн. Энэ хүмүүсийг судлахад гэр бүл нь багш, нягтлан, эдийн засагч, хуульч зэрэг мэргэжлийн хүмүүс байдаг. Бид Залуучуудын холбоотойгоо хамтран залуу ажилчдын гэр бүлийг Эрдэнэт үйлдвэртэй танилцуулах аялал хийлгэдэг. Эдгээр хүмүүсийн хувьд энэ ажил орхигдсон байсан. Эд маань шөнө орой дуудагдан ажилладаг, ажлаасаа цагтаа бууж  үзээгүй, хоногийн 24 цагт сэтгэл зүрхээрээ ажлаасаа уяатай байдаг хүмүүс. Тэдний ар гэрийг үйлдвэртэй танилцууллаа. Нөхрөөр нь Баяжуулах үйлдвэрийн даргын урилга, цэцгийн баглаатай,  хүүхдүүдэд нь Баяжуулах үйлдвэрийн лого бүхий  амтат бялуу хүргүүлсэн юм. Баяжуулах үйлдвэрийн дарга хүлээн авч, цехийн үйл ажиллагааны онцлог, түүхэн замналаас ярьж танилцуулж,  оройн зоог  барьсан. Энэ уулзалтад   Төлөвлөлт шинжилгээний албаны дарга, яруу найрагч Н.Болормаа, НБХ-ээс ажлын гараагаа эхэлж, 37 жил ажиллаж буй БТХ-ийн дарга Л.Баяраа нар оролцож, ажил амьдралын халуун дулаан  яриа өрнүүлсэн.  Технологичдын гэр бүлийнхэн өндөр сэтгэгдэлтэй байсан.  Энэ үйл ажиллагааг  бид цуврал хэлбэрээр  явуулна.  Мөн Монгол Түвдийн бясалгалын төвтэй хамтран хэсгийн дарга нараа эрдэмтэн, бясалгагчдын лекцэд хамрууллаа.  

-Танай цех Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зарласан. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Баяжуулах үйлдвэрийн даргын тушаал гарч  5-р сарын 15-наас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зургаан сарын  аян зарласан. Залуу ажилтнуудад Хууль эрх зүйн мэдлэг олгох, төлөвшүүлэх, амьдралын зөв дадал  эзэмшүүлэх зорилготой юм. Цех хариуцсан эмч Ц.Батаатай хамтран архи хэтрүүлэн хэрэглэдэг ажилчдын судалгаа гаргасан. Эдгээр ажилчидтай ганцаарчлан уулзаж, зөвлөгөө өгч байна. Мөн Хуулийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн мэргэжилтнүүдээр хууль эрх зүйн сургалт явуулж, ээлжийн мастерууд ажлын даалгавар өгөх, ажил тарах үед архи дарс, хулгайн гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байх талаар яриа таниулга хийж байгаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Мягмар, 30 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 30

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 181дэх өдөр. Он дуусахад 184 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +12градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой, салхины хурд 6-7 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 30.Ангараг гараг. Билгийн тооллын 10.Хөх луу өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цагнь бар (03:40-05:40),луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.  

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2821, евро 3167, БНХАУ-ын юань 398, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5957 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

2008 оны 06 дугаар сар

  • Хүдрийн ил уурхайд Герман улсын “Liebherr” фирмийн L-44маркийн 18 шоо метр багтаамжтайшанаган бүхий эксковатор, Япон улсын Komatsu фирмийн WA800 шоо маркийн 8 шоо метр багтаамжтай шаганатай дугуйт ачигч шинээр ашиглалтад оров.

2014 оны 06 дугаар сар

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Бүтээмж, инновацийн шинэ журам” батлагдав.
  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улс орны эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлагатай компанийн засаглал тогтвортой хөгжиж буйг нь үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТОП-150 аж ахуйн нэгжийн манлайд 13 дахь жилдээ өргөмжлөв.

 

     

     Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтанд суусан баяжуулагч инженер В.Өлзийхутаг, Х.Байгавил, Засвар механикийн заводын токарьчин Ч.Мөнхжаргал нар төрөлх цехдээ эргэн ирж, залуу ажилтнууддаа зөвлөн тусалж, мэдлэг туршлагаа өвлүүлэн бүтэн нэг сар ажиллалаа. Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдсан юм. Аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь жилд 15 ахмадын төслийг сонгон шалгаруулж цалинтай ажиллуулдаг. Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажилласан, өндөр ур чадвартай гурван ахмадаа энэхүү хөтөлбөрт хамруулав. Тэд Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводад 30 өдөр буюу 240 цаг ажиллаж, шинэ залуу ажилчдыг дагалдуулан сургаж, мэдлэг чадвараа өвлүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зөв дадал хэвшил олгохоор чин сэтгэлээсээ ажилласанд тус цехийнхэн талархаж байна. Төсөлд хамрагдсан ахмад мэргэжилтнүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан зардлын жишгээр ажилласан цагийн урамшууллыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас олгох ажээ.

М.Одгэрэл

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголынажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал тэргүүтэй удирдлагууд оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монголын  ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой олон жилийн түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн байна. Тус холбоотой хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байсан юм. Мөн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, сургаж хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэрийн  газрын ажилтнуудыг орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи болон туршлагад суурилсан дотоод гадаадын богино болон урт хугацааны сургалтуудад ихээр хамруулж, сурсан мэдлэгээ үйлдвэрийн газартаа нэвтрүүлэх замаар тэднийг сургаж, хөгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.

Эрдэнэт үйлдвэр, Монголын ажил олгогч эздийн холбооны шугмаар ХБНГУ, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын түвшинд мэргэшсэн менежер” бэлтгэх сургалтад Герман улсад 1 сарын хугацаатай 3 инженер техникийн ажилтан хамрагдсан байна. Мөн хөдөлмөр цалин хөлсний чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааг өмнөх жилүүдээс илүү үр дүнтэй байлгах, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй болсон уурхайчдыг сургаж хөгжүүлэх, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг улсуудад мэргэжлийн дагуу сургалтад хамруулахаар гарын үсэг зурлаа.

Даваа, 29 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 29

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 180 дахь өдөр. Он дуусахад 185 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +13 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой, салхины хурд 5-7 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 29. Сумъяа гараг. Билгийн тооллын 09. Харагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40),туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (15:40-17:40) болой. Хол замд явах хүмүүс урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2820, евро 3168, БНХАУ-ын юань 398, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5985 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

2004 оны 06 дугаар сар

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн болов.

2007 оны 07 дугаар сар

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлөөс зэс, молибдены ордын нөөцийг цаашид нэмэгдүүлэх зорилгоор геологи хайгуулын ажилд жил бүр 2 сая хүртэл ам.доллар зарцуулж байхаар шийдвэрлэв.
 

Төгссөн сургууль:

ШУТИС, Уул уурхайн инженерийн сургууль

Мэргэжил:

Ашигт малтмалын баяжуулалтын инженер

Ажилласан туршлага:

Австрали улсын “Metso” компанийн Process Technology and Innovation судалгааны төвд судлаач, Оюутолгойн баяжуулах үйлдвэрт Металлургийн инженерээр ажиллаж байсан. 2018 оны 07 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогчоор ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2014 ондКанадын “Бритиш Колумбиа” Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэр уул уурхайн боловсон хүчнийг бэлтгэх суурь баазаа бэхжүүлэх зорилгоор Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгон өргөжүүлсэн. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ боловсон хүчнээ чадавхжуулах тал дээр анхааран ажиллаж байгаа тус сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагааг хариуцан, эрдэм шинжилгээний  ажилд өөрийн мэдлэг, чадвараа харамгүй зориулж яваа Ц.Төгсбуян хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа ажлаараа хамгаас их бахархдаг. Ажил, амьдрал дээр аливаад эергээр хандаж, бусдад чадлынхаа хэрээр тусалж, зөв хүн байхыг хичээсэн түүний үнэт чанар Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдад түгсээр байх болно. Итгэл төгс маргааш руу тэмүүлэгч эрхэм танд ажлын амжилтыг хүсэн ерөөе.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Үргэлж дэмжиж, хамт байдаг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, зорьсон зорилгодоо хүрэх эрмэлзэл, хобби гээд олон зүйлээс урам зориг авдаг. Бас өглөө ажлаа эхлэхийн өмнө кофе уух дуртай. Энэ бүхэн миний амьдралын сэргээш гэж хэлж болно.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Миний хувьд сургуулийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, хувь хүний хөгжлийн сургалтуудыг хариуцан ажилладаг. Гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадамж болон орчин нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Зөвхөн уул уурхай, баяжуулах гэлтгүй цахилгаан, эрчим хүч, механик гээд инженерийн чиглэлийн бүхий л судалгааны ажилд оролцдогоороо онцлогтой. Сургуульд оруулж байгаа хөрөнгө оруулалт маань одоо суралцаж байгаа, ирээдүйд суралцах мянга, мянган оюутан, залууст хүрнэ гэхээр хамгийн сайхан санагддаг.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай сургууль ХБНГУ-ын санхүүжилтээр Олон улсын мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гагнуурын сургалтын орчин, техник хэрэгсэл, хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг чадавхжуулах зэрэг олон ажил хийгдэж байна. Төсөл хэрэгжсэний дараагаар манай сургуулийн гагнуурын ангийн сурагчид Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой болно. Ойрын хугацаанд гагнуурын шинэ сургалтын байранд шаардлагатай тоног төхөөрөмж, материалын захиалгыг хийж дуусгахаар төлөвлөж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Өөрийгөө мэдээллийн технологи, цахим орчинд хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг. Цахим технологи хурдан хөгжиж байгаа өнөө үед өөрийгөө тогтмол хөгжүүлэхгүй бол хоцрогдох эрсдэл өндөр байна. Цахим технологийн хөгжлийг зөв ашиглаж чадвал бидэнд ажлаа хурдан амжуулах, чанараа сайжруулах, үр ашгаа нэмэгдүүлэх маш олон давуу тал, боломж олгодог.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Залуу насандаа өөрийгөө дайчилж, урдаа тавьсан зорилгодоо хүрэх нь миний хамгийн том мөрөөдөл.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Аливаа зүйлд том, жижиг гэлтгүй “БАЯРЛАЛАА” гэж хэлж сурах хэрэгтэй гэсэн ээжийнхээ зөвлөгөөг дандаа санаж явдаг. “Баярлалаа” гэж хэлэхэд нөгөө хүндээ болоод өөртөө эерэг энерги өгч, сайхан харилцаа үүсгэдэг гэж боддог.

- Таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд Эрдэнэт үйлдвэр хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрт ажиллаад хоёр жил болж байна. Ажилд анх ороод үйлдвэрийн бүтэц, үйл ажиллагааг хэтэрхий нүсэр, зардал ихтэй гэж хардаг байсан. Хугацаа өнгөрөх тусам үйлдвэрийн нийгмийн хариуцлага, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого зэрэг нь ажилчдадаа болоод Эрдэнэт хотдоо ямар их чухал гэдгийг ойлгосон. Аливаа байгууллагад үнэт зүйл, бахархал гэж бий. Эрдэнэт үйлдвэр өргөн агуулгаараа Монгол Улсын бахархал болсон уул уурхайн жишиг аж ахуйн нэгж.

Пүрэв, 25 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 25

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 176 дахь өдөр. Он дуусахад 189 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +23градус, шөнөдөө +10градус дулаан, үүлшинэ, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 25.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 04.Дашнямтай, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу хонь, нохой  жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цагнь үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.  

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2819, евро 3161, БНХАУ-ын юань 398, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5871 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

2002 оны 06 дугаар сар

  • Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Номин” телевизийн техник, тоног төхөөрөмжийг Орхон аймгийн орон нутгийн өмчлөлд шилжүүлж, Нийтийн мэдээллийн төвд хүлээлгэн өгөв.

2003 оны 06 дугаар сар

  • Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт бүрэн нэвтрүүлсэн байгууллагын гэрчилгээ авав. 
Мягмар, 23 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 23

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 174 дахь өдөр. Он дуусахад 191хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +18градус, шөнөдөө +9градус дулаан, бороотой, салхины хурд 1-7 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 23.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 02.Улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа  жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цагнь хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40),туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.  

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2819, евро 3160, БНХАУ-ын юань 398, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5825 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1992 оны 06 дугаар сар

  • Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийг тус үйлдвэрийн халамжид ажиллуулахаар шийдвэрлэжээ.

2001 оны 06 дугаар сар

  • Технологийн сургууль Ш.Отгонбилэгийн нэрэмжит болов.

 

 

     

     Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын яам, агентлагийн төлөөлөгчид өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, сүүлийн үед хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, техник, технологийн  шинэчлэлийн ажилтай газар дээр нь танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид өнгөрсөн онд буюу “Хөрөнгө оруулалтын жил”-д бүтээн байгуулалтын хоёр дахь шинэ үеийг эхлүүлж амжилттай ажиллан түүхэн олон дээд амжилтын эзэд болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цохон тэмдэглэсэн юм. Тэрээр “Уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, 37,2 сая тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд амжилт байлаа. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 961,7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан”-ыг онцлов.   

 

ТОМ ТӨСЛҮҮД АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ

     Энэ үеэр, Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх том төслүүдийн нээлтийн ёслол болсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх, Зэсийн баяжмал боловсруулах металлург-химийн үйлдвэр барих зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгааг дэлгэрэнгүй танилцууллаа. Том төслүүдийг хэрэгжүүлснээр, “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн биетийг бүрэн судалж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэн, олон улсын JORC стандартаар баталгаажуулан иж бүрнээр ашиглах юм. Мөн техник, технологийн шинэчлэлт хийснээр хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хувиар бууруулж, үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилж, урт хугацаанд тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Шинээр 800 гаруй ажлын байр бий болж, боловсон хүчнийг орон нутгаас хангах ажээ. Түүнээс гадна Засвар механикийн заводод үйлдвэрлэдэг импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ олширч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн суурь тавигдаж, төмөрлөгийн болон машин үйлдвэрлэлийн салбар хөгжих нөхцөл бүрдэх юм. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг техник, технологио шинэчилж, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт өрнүүлэхэд зориулсан бол энэ жил 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар том төслүүдээ хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. 

 

АВАРГА ТЕХНИКҮҮД АЖИЛДАА ГАРЛАА

Зуны дунд сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн технологийн тээвэр шинэ таван белазаар хүч нэмлээ. 2020 оны хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн хүрээнд ОХУ-аас авчирсан 130 тооны даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг Автотээврийн цехийн Засварын хэсгийнхэн угсарч ажилд гаргахад бэлэн болжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ”-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нар уул уурхайн аварга техникийн түлхүүрийг эрдэнэсийн тээвэрчдэд гардуулан өгч, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл өргөв. Шинэ белазууд ажилд гарснаар технологийн тээврийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөө биелэх таатай нөхцөл бүрдэж байна. Ингэснээр Ил уурхайгаас 130 тонны даацтай 31 белаз уулын цул тээвэрлэх цуваанд жигдэрлээ.

 

ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИ МОНГОЛД...

     Дараа нь Шадар сайд, дэлхийн шилдэг технологийг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлсэн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөл, шинэчлэлийн нээлтийн ёслолд оролцов. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны 11-р сарын нэгэнд Цутгуурын цехийн үйлдвэрлэлээ зогсоож, хагас жилийн хугацаанд Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг Германы FAT компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн юм. Энэ хугацаанд дэлхий нийтээр коронавирус тархаж, Хятад, Герман улсад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож хүндрэл учирсан хэдий ч түншүүдтэйгээ онлайнаар харилцаж, техник, технологийн шинэчлэлийн ажлаа зогсоолгүй үргэлжлүүлснээр төлөвлөсөн хугацаандаа шинэ шугамаа өөрсдийн хүчээр залгалаа. Дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийнхээ ур чадвар, ухаанаар бахархаж байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх илэрхийлэв. Эрдэнэт үйлдвэр дэлхийн шилдэг технологийг Монголд нутагшуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хэрэгцээт цутгамал бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг ийнхүү бүрдүүллээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж, цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 25-30 хувиар өсөж, өөрийн өртөг тонн тутамд 120 гаруй ам.доллараар буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм.  

 

ГАН БӨӨРӨНЦГИЙН ШИНЭ УРСГАЛТАЙ ТАНИЛЦЛАА

     Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж индукцийн технологи нэвтрүүлснээр хэл ам дагуулсан олон асуудал нэг мөр шийдэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний чанарт ахиц гарсан. Тус цех хоногт 100-гийн голчтой шаар 100 тонн, 80-ын шаар 80 тонн, 40-ийнхийг 18 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Шадар сайд ган бөөрөнцгийн шинэ урсгалыг нүдээр үзэж, үйлдвэрлэлийн технологийн давуу тал, ажлын байрны орчин нөхцөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн ажилтай танилцахад гурван зүйлд сэтгэл дүүрсэн гэлээ. Нэгдүгээрт, COVID-19 цар тахлаас болж олон үйлдвэр үйл ажиллагаагаа хязгаарлаж, үүд хаалгаа барьж байхад Эрдэнэт үйлдвэрт корона вирусын нөлөөлөл огт байхгүй, үйлдвэрлэл хэвийн ажиллаад зогсохгүй, өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ нь төлөвлөлт маш сайн байгааг илтгэж байна. Хоёрдугаар, техник, технологи нь дэлхийн түвшинд хүрчээ. Гуравдугаарт, бусад газар орон тоогоо цомхотгож байхад Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажлын байрыг хадгалахын зэрэгцээ ахмадуудынхаа нэмэгдэл тэтгэврийг өсгөж, ажилчдынхаа цалин хөлсийг нэмсэн нь сэтгэл дүүргэж байна гэж онцоллоо.

М.ОДГЭРЭЛ

ФОТО: Б.БАТТӨГС

 

 

 

 

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хамт олон өнөөдөр 3506 дахь хоногтоо осолгүй ажиллаж байна. Тус хэсгийнхэн дэлхийн шилдэг үйлдвэрүүдийн ослыг тэглэх зорилгоор осолгүй ажилласан хугацаагаа (цаг, хүн цаг) тоолдог туршлагыг нутагшуулахаар зорьсноос эдүгээ 10 дахь жилийн нүүр үзэж байна. Тэд ажлын байрны аюул эрсдэлийг хамгийн бодитой үнэлэх нь  ажилтан өөрөө  гэж үзэн ажил эхлэхийн өмнө хувийн карт хөтөлж хэвшжээ. “Энэ бол манайхны  олон жил осолгүй ажилласан амжилтын үндэс” гэж цахилгаанчин Ч.Болдбаатар ярилаа. Ажилтан бүр ажил эхлэхийн өмнө ажлын байр, ажилбарын эрсдэлийг тооцож, бригадын хамт олонтойгоо хэрхэн аюулгүй ажиллах талаар 2-3 минутад багтаан санал солилцдог аж. Осолгүй ажилласан хугацааг тоолдог болсноор аюулгүй ажиллах сэдэл төрдөг, мөн өглөөний ХАБ, ажлын байрны гимнастикаа хэвшүүлэхэд дэм болдог тухай тус хамт олон ярьж, нийтээрээ осолгүй ажиллаж, илүү их баялаг бүтээцгээе гэж уриалав. Тэдний туршлагыг нэвтрүүлж буй хамт олон ч бий. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Цахилгааны албаныхан өнгөрсөн сарын нэгнээс осолгүй ажилласан тооллоо эхлүүлсэн байна.  

                                                                                                                        Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог