М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн

Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны Шилдэг ажилтан, Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн инженер М.Даваажавтай уулзаж ярилцлаа.

-Төрүүлж өсгөсөн ээж, аав, унасан газар, угаасан усныхаа талаар ярилцлагаа эхлүүлье?
-Манай аавыг Гомбожавын Маналжав гэдэг. Аав маань насаараа тээврийн машины жолооч явсан. Миний ээж Чойжавын Бямбасүрэн гурилын үйлдвэрт лаборант, хоёулаа Булган аймгийн Бугат сумын уугуул. Би 1971 онд Булган аймгийн төвд энэ гэр бүлийн отгон охин болж мэндэлсэн. Аймгийн 4-р цэцэрлэг, бага, дунд, ахлах ангиа 1-р арван жилийн сургуульд суралцаж төгссөн.
-Та хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу? 
-Би гурван ах, гурван эгчтэй айлын отгон охин. Бидний үед нийгэм өөр, тухайн үеийн айл гэрийн амьдрал ахуй жигд байлаа. Аав, ээж, ах, эгчийн хайр халамжинд бага насаа хангалуун, сайхан өнгөрөөсөн. Ер нь аав, ээжтэйгээ амьдарч асан цаг хугацаа хамгийн сайхан үе байж дээ.
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 
-Би 1994 онд МУБИС-ийг Химич-химийн багш мэргэжлээр төгссөн. 1995 оноос Эрдэнэт үйлдвэрээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлээд 29 дэх жилдээ ажиллаж байна.
-Та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа хэрхэн холбочхов оо? 
-Манай сургууль 3-р курсээсээ үйлдвэрлэлийн дадлага хийдэг юм. Тухайн үед Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн хүнд, хөнгөн үйлдвэрүүдийн лаборатори болон үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаатай танилцах дадлага л даа. Бид Эрдэнэт үйлдвэрийн Химийн төв лабораторид танилцах дадлага хийсэн юм. Тэгэхэд Химийн төв лаборатори АБК-ын 2, 3, 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг байлаа. Д.Байгаль дарга биднийг хүлээн авсан. Химийн төв лаборатори шинжилгээний олон өрөөтэй, цэвэрхэн, шинжилгээний сав, суулга, багаж хэрэгсэл үнэхээр дотно санагдаж байсан шүү. Бидний гурван семестр үздэг “аналитик хими”-ийн онолыг үйлдвэрлэлийн технологийн процессыг хянах, химийн шинжилгээний анализын үр дүнгийн ач холбогдлын талаар маш сайхан тайлбарласан нь энэ үйлдвэрт химийн мэргэжлээр ажиллах сэтгэгдлийг надад төрүүлсэн. Их сургууль төгсөөд өргөдөл өгснөөс жилийн дараа энэ ажилд орж байлаа.
-Таны ажлын онцлог юу вэ? 
-Би уусмал бэлдэх хэсгийн инженерээр ажилладаг. Зэс-молибдены орд газрын геологи хайгуулын, хүдэр олборлолтын, үйлдвэрийн технологийн ба товарын бүтээгдэхүүнүүдэд үндсэн болон дагалдах элементүүдийг тодорхойлох, үнэт ба сарнимал элемент тодорхойлох, үйлдвэрт нийлүүлж буй технологийн түүхий эд болох химийн бодис урвалжуудын химийн шинжилгээ болон бусад цех, нэгж хэсгийн технологийн процесс хянах химийн шинжилгээний ажлын уусмалуудыг өндөр концентрацитай химийн бодис урвалжаас бэлтгэдэг. Химийн шинжилгээний үр дүнгийн чанар хангалт, манай хэсгийн үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Олон төрлийн химийн бодис урвалжтай харьцаж ажилладаг.
-Хөдөлмөрийн талбар дээр гаргасан амжилтаасаа дурдвал?
-Химийн төв лаборатори маань Зэс-молибдены баяжмалаар Монгол Улсын СХЗГ-ын магадлан итгэмжлэлээр 11 удаа, 2011 онд Герман улсын Олон улсын итгэмжлэлийн EA, IAF, ILAC (MRA) байгууллагуудын бүрэн эрхт гишүүн “DAkkS DeutscheAkkreditierungsstelle GmbH” байгууллагаар DIN EN ISO/IEC 17025:2005 стандартын шаардлагыг хангуулж итгэмжлүүлэхэд амжилттай сайн оролцсоныг үнэлж 2018 онд “Стандарт хэмжил зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан. 2023 онд Үйлдвэрийн газарт олон жил тогтвор суурьшилтай ажилласнаа үнэлүүлж “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэн. Хариуцсан ажилдаа идэвх санаачилга гарган үр бүтээлтэй ажилласныг минь үнэлэн “Шилдэг мэргэжилтэн”-ээр шалгаруулсан гэж боддог.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим..? 
-Аливаа зүйлийг хийхдээ их боддог. Ажил, амьдрал дээр “Чанар”-ыг эрхэмлэдэг. Эмх цэгцтэй, үнэнч шударга, нягт нямбай ажиллахыг чухалчилдаг.
-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ? 
-Аливаа зүйлд чин сэтгэлээсээ, үнэн, зөв хандах, хамт олон болон эрхэлсэн ажлаа хүндлэх хэрэгтэй. Тухайн хүнд ажил нь амьдралынх нь баталгаа. Тэгэхээр ажлаараа бахархаж явах ёстой. 
-Анх санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлаасаа дурдана уу? 
-Үйлдвэртээ олон жил мэргэжлээрээ ажиллаж, хуримтлуулсан туршлага, мэдлэгтээ тулгуурлан “Химийн бодисын менежментийг сайжруулах нь” төсөл санаачлан хэрэгжүүлсэн. Мэргэжлийн химичдийн баг бүрдүүлэн дөрвөн жилийн хугацаанд энэ төслийг гүйцэтгэсэн. Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Хими-Хими технологийн хүрээлэнтэй хамтран “Химийн бодисын менежментийг сайжруулах” төсөл гурван үе шаттай явагдаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Химийн бодис урвалжийн Хор Аюулын Лавлах Мэдээлэл (ХАЛМ) –ийг 330 нэр төрлийн химийн бодис урвалж дээр боловсруулан зургаан ботиор гарган хэвлүүлж, төсөл хэрэгжиж буй хэлтэс, цех, нэгжүүдэд өгсөн. Шошгожуулах ажлыг 330 нэр төрлийн химийн бодис, урвалж дээр дөрвөн төрлийн хэмжээтэй 5300-аад шошгыг хэвлүүлэн ажлын байр, агуулах, сав баглаа боодол дээр байрлуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Химийн бодис, урвалжуудын хор аюулын мэдээллийн санг үүсгэх зорилгоор химийн хорт болон аюултай бодис хольцуудын хор аюулыг ангилан, зэрэглэж хаягжуулах жагсаалт гаргаад байна. 
-Эндээс та юу судалж мэдсэн гэж боддог вэ? 
-Ажиллах хугацаандаа химийн бодис бүтээгдэхүүний хууль эрх зүй, дүрэм журам, стандартын хэрэгжилт манай үйлдвэрийн газар ямар түвшинд хэр хэрэгжиж байна. Мөн олон улсын хэмжээнд химийн бодис, урвалжийг хор, аюулаар ангилах, зэрэглэх, аюулгүй ашиглах, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, эрсдэлийг хэрхэн яаж үнэлдэг талаас нь судалж байна. Төслийн ажил нь хөтөлбөр хараад үүнийг хийж болох юм байна гэсэн санаа огт биш. Төслийн ажлыг тухайн хүн олон жил бодож боловсруулж, бага багаар хийж, олон шалгуураар шалгагдаж, хэрэгцээ шаардлагыг судалж хэрэгжүүлдэг. Нөгөө талаас тухайн төслийг хэрэгжүүлэх мэргэшсэн, чадварлаг, ачаалал даах чадвартай ажилтнаар багаа бүрдүүлэх, багийн үйл ажиллагааг зөв оновчтой зохион байгуулах гээд олон зүйл мэдэж авсан. Багийн ажилтнууд үндсэн ажлын хажуугаар цаг гаргаж, төслийн ажлаа хийдэг тул хүнээс тэвчээр, хүсэл, зориг, зүтгэл, сэтгэлийн хүч шаарддаг. Энэ завшааныг ашиглаад хамтран ажилласан төслийн багийн гишүүддээ баярлалаа гэж хэлье. 
-Таны амжилтын үндэс юу вэ? 
-Ер нь би Чанарын хяналтын хэлтэс болон Химийн төв лабораторийн үе үеийн удирдах ажилтнуудын мэргэжлийн үүднээс зэмлэж хэлсэн үгийг маш их тунгааж боддог. Энд хүний явдал мөрд хэрэгтэй, тулж дэмнэсэн олон зүйл байдаг. Сайн аав ээж, ах дүү, гэр бүлээс гадна ажлын хамт олон гэдэг маш сайхан. Химийн төв лабораторийн хамт олон дунд энэ олон жил хөдөлмөрлөж явахдаа ахмад болон үе тэнгийн найз нөхөд, залуу үеийн ажилтнуудаас амьдралын болон ажил мэргэжлийн талаар олон зүйл сурч, мэдэж, хөгжиж өдий зэрэгт хүрсэн. 
-Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлдэг вэ? 
-Миний хувьд гэр бүл хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Гэр бүлийн байдал тогтвортой болохоор сэтгэл санаа амар амгалан байж, ажилдаа цаг гаргаж, илүү их ажил амжуулдаг. Миний ханийг Балжиннямын Баттөр гэдэг. Үйлдвэрийн газрын Автотээврийн цехэд технологийн тээврийн хэсэгт мотор-агрегатын засварчнаар 33 жил ажиллаж байна. Манай хүний хувьд хариуцлагатай сайн хань, сайн аав. Бид охинтой, хүүтэй, нэг зээтэй. Хүүхдүүдээ өөрийнхөө хувь заяанд эзэн болоод явах чадвартай өсгөсөн. Ер нь хүн хэн болж төлөвших нь гэрийн хүмүүжилтэй холбоотой. Үүнтэй 100 хувь санал нийлнэ. 
-Залууст хандаж та юу хэлэх вэ?
-Ирээдүйд үйлдвэрийг авч явах залууст хандаж өмнөх ажлаа маш сайн хий. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, янз бүрийн шалгалтыг өнгөц аргалж ажил хийсэн болох биш. Яагаад ийм шаардлага тавьж буйг ойлгож уг асуудлыг хэрхэн зөв шийдэх дээр төвлөрч ажиллах маш чухал. Энэ нь өөрийгөө дайчилж, хөгжүүлэх боломж олгодог.
-Сүүлийн асуултыг танд үлдээе? 
-Химийн төв лабораторийн химийн шинжилгээний үр дүнгээр үйлдвэрийн геологи хайгуулын нөөц , Ил уурхайн хүдрийн нөөцийн судалгаа, технологийн шаардлага хангасан хүдэр нийлүүлэлт, Баяжуулах үйлдвэрийн хүдрийг хүлээн авч боловсруулан 23 хувийн агуулгатай зэс, 49 хувийн агуулгатай молибдены баяжмал болон үйлдвэрийн газарт нийлүүлж байгаа химийн бодис бүтээгдэхүүн, зэс, молибдены баяжмалыг худалдах, үнэ өртгийг тооцоход манай лабораторийн үр дүнд суурилж бүх үйл ажиллагаа явдаг. Иймээс манай лаборатори болон ажилчид сорил шинжилгээний ажлын үр дүн дээр алдах эрхгүй, өөртөө итгэлтэй, нягт нямбай, математик сэтгэлгээтэй, мэдрэмжтэй ажилладаг. Химийн төв лабораторийн химийн шинжилгээний чанар хангалтыг олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэх итгэмжлэх ажил нь үе үеийн химичдийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %