Ч.ХҮРЭЛБААТАР: Би 40 насандаа шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон

Нэгэн цаг үед Дэлхийн шатрын олимпиадад дөрвөн удаа амжилттай оролцож явсан ОУХМ Ч.Хүрэлбаатартай уулзаж ярилцлаа.
-Эхлээд хоёулаа таны бага нас, туулж өнгөрүүлсэн амьдралын замналаас ярилцлагаа эхлэх үү?
-Миний бие 1955 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Намайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас өргөж авсан юм билээ. Хүүхэд тогтдоггүй айл байж л дээ. Төрүүлсэн ээж Чимэд ярихдаа “Тэшигийн эмнэлэгт мориор ирж чамайг төрүүлээд айлд өргүүлээд буцсан гэдэг юм. Хүүг минь хөхүүлээрэй гэж надад 12 тугалтай үнээ өгсөн байдаг. Өргүүлсэн болон өргөж авсан аав, ээжүүд миний төрсөн он, сар, өдрийг мэддэггүй. Төрсөн нь 1954 он шиг байгаа юм. Сүүлд морин жилд төрсөн гэж ярьсан нь ортой. Тухайн үед төрсний гэрчилгээ байсангүй. Манай аав, ээж хоёр гаргасан хүүхэдгүй учир ах, бид хоёрыг айлаас өргөж авсан. Хожим манай ахын том хүүхдийг өсгөсөн. Намайг хоёр настайд манай хөгшчүүд Тэшигээс Бугатад шилжиж ирсэн юм. Тэд малчин хүмүүс байлаа. Намайг ухаан орсон цагаас Булган аймгийн пионерын зуслан буюу “Анаг” амралт, Зоон даваа, Хуурайн аманд өвөлжиж байсан. Нэгдүгээр ангид орсноос хойш Хөрөө рамын тэнд малтай олон жил болж, би тэндээс нэгдүгээр 10 жилийн бага, дунд сургуулиа дүүргэсэн. Таван км газар ганцаараа 10 жил явган явсан даа. 1963 онд 1-р ангид байхад манай ангийн багш Бямбаа “Хүрэлбаатар миний хүү төрсний гэрчилгээгээ авчраарай” гэсэн. Тэр үед би 1-р ангид орохдоо мянгын дотор тоо цээжээрээ боддог, шатар сайн тоглодог байлаа. Би ээждээ очоод хэлсэн чинь “Яана аа, тийм бичиг эмнэлгээс өгөөгүй. Миний хүүг сургуулиас гаргачихгүй байгаа” гээд багшид очиж “Битгий миний хүүг сургуулиас гаргаарай” гэж гуйсан. Багш “Яалаа гэж гаргах вэ, ганц сайн шавиа” гэж хэлж надад төрсний гэрчилгээ авч өгсөн юм. Тэгэхдээ 1955 оны 7-р сарын 27 гэсэн төрсөн он сар өдөр бичсэн байдаг. Уул нь 9 настай сургуульд орсон шиг байгаа юм. Би 1-ээс 7-р ангидаа “онц” сурч, 8-р ангиасаа зураг хөдөлмөр, дархан, биеийн тамир, дуу хөгжмийн хичээлд “сайн” дүн авч 10-р ангиа “сайн” дүнтэй төгссөн. Гэхдээ би тоо, физик, хими, түүх, газар зүй зэрэг хичээлд сонирхолтой, сайн байсан. 8, 9, 10-р ангидаа Булган аймгийн математикийн аварга болж 1973 онд МУИС-ийн математикийн ангид элсэн суралцсан. 1979 онд сургуулиа төгсөөд Булган аймагт багшилсан. Булган аймгийн Бүрэгхангай суманд хоёр жил, аймгийн төвийн 1-р 10 жилд 1992 он хүртэл багшилсан. Багшлах хугацаандаа гурван удаа 10-р анги бие дааж төгсгөсөн. 
-Хэзээнээс та шатар сонирхож эхэлсэн бэ?
-Анх би таван настайдаа хорол гэж тоглоом сурсан. Өвлийн орой гэртээ аав, ээжтэйгээ их тоглодог байлаа. Харин шатрыг 6-7 нас хавьцаа л сурсан байх. Манайх нэг жил аймгийн төвд өвөлжихөд би 6 настай л байсан санагддаг. Манай хөрш Цэрэндамба гэж манай ээжийн ахынд өвгөчүүл шатар үргэлж тоглоно. Би харж байгаад нүүдэл сурчихсан. Тэдний хүү Нэргүй (надаас нэг насаар ах) шатар тоглодог байлаа. Шатар сураад удалгүй түүнийг хождог болсон. Аав нь, чи сайжрахгүй байна гэж түүнийг зэмлэнэ. Тэр үеийн 9-р ангийн сурагч миний ах надад хожигддог байсан. Тэр жилийн хавар ээж Бугатаас цалингаа авахаар надтай шуудангаар явлаа. Цалингаа аваад дэлгүүрээс юм авахад нь орос модон шатар авхуулсан. Тэр шатар надад бараг 20 жил болсон доо. Буцаад аймаг руу явган орсон. Түүнээс хоёр жилийн дараа манайх Булганаас 2-5 км зайтай Хөрөө рам, Зүүн түрүүний голын гармын ойролцоо цөөхөн малтай 20-иод жил амьдарсан. Энэ үеэс би аймгийн төвийн өвгөчүүлтэй шатар их нүүсэн. Сургуульд орохоосоо өмнө Улаан Чүлтэм, Хормой Гончиг, Бээлий Жумба, Дагва мээрэн, Цоохор Раднаа, Бат-Очир зэрэг настнуудтай шатар их тоглодог байсан юм. Харин 5-р ангиасаа Цоохор Раднаа, Түгж гавьж, Дуг Балжин, Өндөр Бадрах зэрэг сайн өвгөчүүлтэй тоглосон. Намайг 1-р ангид ороход манай 10 жилийн сургуульд шатрын дугуйлан байгаагүй. Харин 5 дугаар ангидаа 10 жилийн сургуулийн багш нарт шалгуулж бүгдийг нь хожоод Ж.Пүрэвсүрэн багшийн дугуйланд орж байлаа. Тэр дугуйланд шатрын спортын мастер Ш.Дэчин, спортын дэд мастер Л.Лхагвасүрэн нар явдаг байсан. Энэ үеэс Булган аймгийн төвийн шатарчидтай Л.Лхагвасүрэн бид хоёр гэрээр нь очиж их тоглоно.
Мөн Сумьяа, Дашцэрэн зэрэг багш нарын гэрт очиж их тоглодог байсан. Тэр үед Ш.Дэчин 9-р ангийн сурагч аймагтаа хамгийн сайн шатарчин гэгдэж байлаа. Би 7 дугаар ангиасаа Улаанбаатар хотод улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тухайн үед хүүхдийн аварга шалгаруулах тэмцээн гурван жилд нэг удаа болдог байсан юм. 18 нас хүртэлх ганцхан насны ангилалтай. Тэр тэмцээнд 1, 2-р байр эзэлсэн Бадамбазар, Төмөрхуяг нартай тэнцсэн боловч хамгийн сүүлийн өрөгт Дорноговь аймгийн 10 дугаар ангийн сурагч Төмөрмөнхийг хожиж яваад хожигдсоноос 25 шатарчнаас 11 дүгээр байр эзэлсэн. Анх Ж.Пүрэвсүрэн багшийнд шатрын хөлөг харахгүйгээр хүнтэй тоглож сурсан юм. 8 дугаар ангид байхдаа овоо сайжирч 5 аймгийн багийн тэмцээнд хүүхдийн ширээнд тоглож түрүүлсэн. Харин Булган аймгийн намын хорооны 2-р дарга Равдан гэж улсын 1-р зэрэгтэй шатарчныг хождоггүй байлаа. Намайг 9-р ангид байхад Цоохор Раднаа гуайн хүү 1-р зэргийн шатарчин Дагважамц Булган аймагт ирж хэдэн сар болоход нь янз бүрийн бооцоотой тоглож овоо сайжирсан. Эхлээд хожигдож түлээ хөрөөддөг байлаа. Нэг сарын дараа ойролцоо болж 10 төгрөгтэй дүйцэх зүйлээр тоглодог болсон. Анх удаа 9-р ангидаа Пионер сурагчдын спартакиадад оролцож улсад 3-р байр эзлэн хүрэл медаль хүртсэн. 10-р ангидаа Пионер сурагчдын спартакиадад багш Ж.Пүрэвсүрэн, С.Тунгалаг нарын хамт оролцож алтан медаль авч байлаа. Энэ үедээ би 5 өрөг дээр харахгүй тоглосон. 1973 онд 10-р ангиа төгсөөд МУИС-ийн математикийн ангид элсэж орсон. Энэ үед би шатар, математик хоёрыг зэрэг сонгосон нь том алдаа болсон гэж боддог. Тэр үед Монголд шатрын хөгжил буурсан үе байсан. Улсын шигшээ баг тарж, гадаадын тэмцээнд явах нь ховор болсон. Шатрыг ганц дэмждэг Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай 1972 онд нас барсан юм. Манай улсын шатрын алтан үеийн (1960-1970 он) алдарт шатарчин Т.Үйтүмэн, Л.Мягмарсүрэн нар их мастер болдгийн даваан дээр гадаадын тэмцээнд оролцохоо байсан үе юм. 1973-1979 онд би оюутан байхдаа шатраас сурсан гурван зүйл бий. 


 

-Тэр нь юу вэ?
-Шатрын орос ном, сэтгүүл ашиглаж сурсан. Хөлөг харахгүй шатар тоглодог болсон. Их сургуулийн байранд, албан байгууллагад 6-8 хүнтэй зэрэг хөлөг харахгүй тоглодог байсан юм. Т.Үйтүмэн гуайн гэрт 3 төгрөгийн бооцоотой хонон өнжин 24 цаг тасралтгүй блиц их тоглодог байлаа. /тоглолтын практик дадлагатай болсон/ 
-Таны сэтгэлд үлдсэн ямар тэмцээн байна вэ?
-1975 бил үү, 1976 он байна уу, албан ёсоор Булган аймгийн Соёлын ордонд аймгийн шилдэг найман хүнтэй өрөг харахгүй зэрэг тоглож долоо хожиж нэг хожигдсон. Энэ тухай аймгийн Дэвшилт сонинд сурвалжлагч Мяхлай маш дэлгэрэнгүй нийтлэл бичсэн. Энэ талаар Спортын мэдээ сонинд нийтлэгдсэн. Тухайн үед дэлхийн рекорд 52 өрөг дээр харахгүй тоглосон байдаг юм. Би болдог сон бол ядахдаа 30 өрөг дээр тоглох боломж байсан л даа. Гэхдээ миний найман өрөг дээр харахгүй тоглосныг албан ёсоор хэн ч Монголд эвдээгүй.
-Та гаргасан амжилтынхаа талаар дурсахгүй юу?
-Хөдөө ажиллаж байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд 1980, 1982, 1984, 1986 онд оролцсон. Тэр үед Булган, Хөвсгөл аймагт Монголын хамгийн сайн гурван шатрын мастер ажиллаж амьдарч явсан юм шүү. Тухайлбал Булган аймагт Ш.Дэчин бид хоёр, Хөвсгөл аймагт спортын мастер Г.Пүрэвдорж гуай байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Булган аймгаас Ш.Дэчин бид хоёрын нэг шалгарах, бүсийн тэмцээнээс Г.Пүрэвдорж гуай бид хоёрын аль нэг нь гардаг хэцүү үе байлаа. 1982 онд анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 3-р байр эзэлж хүрэл медаль хүртсэн. 1982-1990 онд манай улс гадаадын тэмцээнд оролцоогүй. Би 1988 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 1-2-р байр эзэлж, коэффициентын зөрүүгээр дэд байрт орсон. Энэ ондоо “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит Олон улсын тэмцээнд дэд байрт шалгарч шатрын спортын ОУХМ-ын болзол хангаж байлаа. Люцерн, Москва, Новисад, Манилд болсон дэлхийн шатрын олимпиадад нийт 4 удаа оролцсон. Щвейцарь улсын Люцерн хотод болсон Дэлхийн шатрын олимпиадад оролцож 3-р ширээн дээр 14 тоглож 8.5 хожил авсан. Тэр үед миний гадаад рейтинг 2350 хүрсэн нь 1983 онд монголын шатарчид дотор хамгийн өндөр оноо байв. Намайг багш нарын намрын хадлан дээр байхад олимпиадад оролцуулах шийдвэр гэнэт гарч Улаанбаатар-Москва-Люцерн маршрутаар нисэж олимпиадад оролцсон юм. Надаас өөр Булган аймгаас дэлхийн шатрын олимпиад, олон улсад спортын төрлөөр 4 удаа оролцсон хүн байхгүй. Одоогийн Булган аймгийн удирдлагууд үүнийг зориуд мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Өнгөрсөн хугацаанд Польш, ОХУ, Хятад зэрэг оронд олон улсын тэмцээнд оролцсон. Би 1990 онд анх Булган аймагт ардчилсан хөдөлгөөнийг байгуулахад дэмжиж, социал демократ намын их хуралд оролцож явлаа. Намайг тэр үеийн дарга багш Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нар сайн мэднэ.
-Та шатрын дасгалжуулагч багшаар Эрдэнэтэд ажилласан гэсэн. Та гарын шавь олонтой юу?
-Би 1992 оноос Эрдэнэт хотод аймгийн дарга Доржпалам, Монгол банкны захирал Магвансүрэн нарын хүсэлтээр аймгийн спорт хороонд шатрын дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ “Хос морь” шатрын клубийг найман жил ажиллуулсан. Тухайн үед Монгол Улсын харцага М.Дармаабазар бид хоёрт улсаас байр олгож байлаа. Энэ хугацаанд Эрдэнэт хотод шатрын олон спортын мастер, дэд мастер шавь нар төрүүлсэн. Тухайлбал, Улсын аварга, Олон улсын хэмжээний мастер Н.Баттулга, Дэлхийн шатрын холбооны мастер Ган-Од, спортын мастер Б.Янжиндулам, Х.Тэмүүжин, Я.Алтанхундага, Б.Оюунболд нар төрөн гарсан. Намайг Эрдэнэтэд ажиллаж байхад ОХУ-д сургууль төгссөн Эрдэнэт үйлдвэрийн олон залуучууд шатар эрчимтэй судалж, тэмцээнд идэвхтэй оролцон 30 гаруй спортын мастер, дэд мастерууд төрөн гарч байв. Үүнд спортын мастер Л.Ганхуяг, Ж.Баттулга, Ш.Төрбат, дэд мастер В.Дашдаваа, А.Ганболд, М.Даваа, Г.Ганчимэг, Ч.Уранчимэг, Г.Хулан, Ганцэцэг, Э.Энх-Амгалан нарын зэрэг сайн шатарчид байна. Үүнээс гадна Анх-Эрдэнэ, Ц.Цасаа, Адьяа, Төгөлдөр нарын олон авьяаслаг шавь нарыгаа дурдмаар байна. Улаанбаатарт шилжиж ирснээсээ хойш Улсын аварга, Дэлхийн сонирхогчдын аварга Б.Баярмаа, Өсвөр үеийн улсын аварга Амгаланбаатар, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Ану зэрэг олон хүүхдэд шатрын онол, практик заан сургаж бэлдсэн.
-Та насаараа хичээллэсэн шатрын спортынхоо талаар ямар бодолтой явдаг вэ? Ер нь шатрын спорт танд юу өгсөн гэж бодож байна.
-1996 оноос шатрын онол, практик өргүүдтэй 20 ном, сурах бичиг хэвлүүллээ. 2016 оноос БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөлөнбуйр, Ордос хошуунд шатрын багш, дасгалжуулагчаар ажилласан. Ер нь би бараг оюутан болтлоо ном үзээгүй шахуу шатар тоглосон. Би 40 нас хүрч шатрын учрыг олж, 50 хүрч философийг нь ойлгосон гэж боддог. Шатрын сайхан нүүдлүүдийг харах нэг өөр. Харин шатрын нарийн зүй тогтлыг ойлгож, нүүж сурахад олон жилийн хөдөлмөр хэрэгтэй. Шатарт гараа, дунд үе, төгсгөлийн 9-10 зарчим байдаг. Үүнийг төгөлдөр эзэмших ёстой. 
-Баярлалаа. Таны оюун мэлмий тунгалаг байж, урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
7
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %