• Ажилчид “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарт талархалтай хандаж буйгаа илэрхийлэв

       Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийн 700 орчим ажилтанд халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг эхлээд хагас сар болж буй “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарын талаар  ажилчид  сэтгэгдлээ ярилаа. Дээрх үндсэн цехийн ажилчдаас гадна Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Засвар механикийн завод, Цахилгааны цех зэрэг бусад үйлдвэрлэлийн бүс дэх цех нэгжийн ажилчид ажлын онцлог, шаардлагаас шалтгаалан тус катерингаар үйлчлүүлж байна. Тэд мөн тус катерингийн хоолны чанар, үйлчилгээнд эерэг хандаж буйгаа илэрхийлэн, саналаа хэлсэн. Тухайлбал, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Тохируулгын инженер В.Очирхуяг “ Хоолны амт чанар, төрөл, хэмжээний хувьд сайн, сайхан амттай байгаа. Харин үйлчилгээний шуурхай байдалдаа анхаарах хэрэгтэй санагдсан. Олон хүнд ачаалалтай үйлчилж байгааг ойлгож байна. Гэхдээ ажилчдыг удаан хүлээлгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаасай” гэсэн бол Засвар механикийн заводын ХАБЭА-н инженер С.Мөнхдэлгэр “Амт чанар сайтай хоолоор үйлчилж байгаа “Сэлэнгэ” катерингийнханд талархаж байна. Цаашид энэ байдлаа хадгалж ажиллавал ажилчдын зүгээс ямар нэг гомдол, шүүмжлэл гарахгүй байх гэж бодож байна. Хоолны танхимын тохижилт, эмх цэгц сайжирсан нь таалагдаж байна” хэмээн ярив. Тэгвэл Ил уурхайн ажилчид “Бид өдөр бүр эндээ халуун хоолоор үйлчлүүлдэг. Хоолны амт чанарт сэтгэл өндөр байгаа. Төрөл бүрийн  амттан өгч байгаа нь бүр ч шинэлэг байна. Одоогоор тодорхой санал болгож хэлэх зүйлгүй. Цаашид чанар үйлчилгээгээ улам сайжруулан ажиллана гэдэгт итгэж байгаа” гэдгээ хэллээ. Тус  катеринг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа хэсэг бөгөөд энэ сарын 1-ний өдөр халуун хоол үйлдвэрлэлийн үйлчилгээгээ нээсэн юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн нийтийн хоолны хэсгийн нэг салбар гэж хэлж болно.    Хүний эрүүл, эрч хүчтэй ажиллах гол хүчин зүйл нь чанартай, тэжээллэг хоол хүнс болдог. Тэр тусмаа уул уурхай, хүнд үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өндөр бүтээмжтэй ажиллах үндэс нь эрүүл чанартай хоол байдаг учраас Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг нийтийн хоол үйлдвэрлэлийн компаниудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс ч энэ асуудалд удирдлагын зүгээс онцгой анхаарч, ХАБЭА-н хэлтсээр дамжуулан хоолны орц, найрлага, түүхий эд болон үйлчилгээний чанарт өндөр шаардлага тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд өөрийн харьяа нийтийн хоолны хэсгийн салбарыг Ил уурхайд нээн, уг цехийн уурхайчдад халуун хоолны үйлчилгээг хүргэхээр шийдвэрлэсэн нь энэ чиглэлд илүү оновчтой зохион байгуулалт болж байна. Халуун хоолны үйлчилгээг чанар стандартын шинэ түвшинд хүргэхэд тухайн нийтийн хоол үйлдвэрлэгчийн үйлчилгээний чанар, туршлага, ур чадвар, нөгөө талаас ажилчдын хооллох соёл гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ тал дээр санаачилгатай, хичээж ажиллах зорилт дэвшүүлснээ “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир онцоллоо.   М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Баяжуулалтын шинэ шугам суурилуулах ажил үргэлжилж байна

       Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс томоохон төслүүдээ хөдөлгөж эхэлсний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэж байгаа зэс, молибдены баяжуулалтын шинэ шугам суурилуулах ажил юм. Ихээхэн хөрөнгө оруулалт хийгдсэн энэ төслийн хувьд 450 м урт шугам хоолой шинээр тавих бөгөөд гүйцэтгэгч компани суурийн бетон цутгалтын ажлыг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөжээ. Суурь бэлэн болсноор ган хийц угсралтын ажил үргэлжилнэ.    Төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах нөхцөл бүрдэх юм. Ирэх 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авах төслийн гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт” ХХК, Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Нунтаглан баяжуулах хэсэг, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хамтран ажиллаж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр эдийн засгийн хэмнэлт гаргаж байна

       Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөг бодитоор хэмнэжээ. Үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжийн эд ангиа дотооддоо үйлдвэрлэн, эдийн засгийн хэмнэлт гаргасан тус завод Баяжуулах үйлдвэр болон Ил уурхайд ашигладаг 24 нэр төрлийн импортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Түүнчлэн гаднын байгууллагаас 150 сая төгрөгийн захиалга авахаар төлөвлөсөн нь 240 сая төгрөгт хүрчээ.     Төлөвлөгөөт үзүүлэлтээ хангахын зэрэгцээ заводын 2019 оны төлөвлөгөөнд туссан томоохон ажлын нэг нь Цутгуурын цехийн Хэвний хэсгийн технологийн шинэчлэлийн ажил юм. Ирэх сард шинэ тоног төхөөрөмж хүлээн авах ажлын явц 50-аас дээш хувьтай үргэлжилж байна. Энэ оны 11 дүгээр сарын нэгнээс, 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх технологийн шинэчлэлийн ажлыг Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Орос хүүхдүүд монгол дуу, бүжиг сурснаа тайлагнана

       Эрдэнэт үйлдвэрийн “Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч буй орос хүүхдүүдэд Соёл, урлагийн цогцолборын багш нар монгол дуу, бүжиг зааж байгаа бөгөөд тэд сурснаа удахгүй тайлагнан концерт тоглох ажээ.    Энэ зун ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл удаа дараа тохиож, олон хот тосгон үерт автсан. Монгол улсын Засгийн газар, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэлийн дэм үзүүлж байна. Үүний нэг хэлбэр нь Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 сурагчийг зургаан багшийн хамт Эрдэнэт үйлдвэр өөрийн зусландаа үнэ төлбөргүй амрааж, үер усны аюулаас үүдсэн айдсаа даван туулахад нь тусалж буй явдал юм.    Эрхүүгийн хүүхдүүд Эрдэнэтэд монгол хүүхдүүдтэй нөхөрлөж, үндэсний дуу, бүжиг сурахаас гадна эко аялалд хамрагдаж, багаар ажиллах, лидер байх чадварт суралцан, ховор ан амьтныг дэргэдээс нь харж сонирхолтой амарч байгаагаа онцоллоо. Мөн монголд амарсан дурсамжаа насан туршдаа мартахгүй гэж ярьсан. Харин Соёл, урлагийн цогцолборын багш нар орос хүүхдүүдийн шаргуу, бие биедээ өндөр шаардлага тавьдаг, даалгавар сайн биелүүлдэг онцлог зан чанарыг сайшааж байв.    Өнөөдөр Монгол Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ж.Сандуйжав нар тэднийг зуслан дээр нь эргэж, чөлөөт ярилцлага өрнүүлэн дурсгалын зүйл гардууллаа. М.Одгэрэл   Дэлгэрэнгүй...
  • 4М далангийн бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж байгуулах төсөл юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь зэсийн баяжмал боловсруулах үйл ажиллагааны эцсийн шатанд үүсдэг хаягдал булинга асгах томоохон байгууламж бөгөөд  үйлдвэрлэлийн тасралтгүй,  найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил тутам  өндөрсөж байгаа тус хаягдлын далангийн аюулгүй, найдвартай байдлыг цаашид хангаж ажиллах зорилгоор 2019 оны 5 дугаар сард 4М далан байгуулах ажлыг эхлүүлсэн.  Хаягдлын сангийн 19 дэх далан болох уг бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаар бид сурвалжиллаа.     Шинээр баригдаж буй 4М далан 1,5 км урт, 5 м өндөртэй байх бол холбох суваг нь 604 метр урттай, 24 метр гүн байх аж. Өнөөдрийн байдлаар, далан байгуулах төслийн явц 80 орчим хувьтай, шугам хоолойн ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг ажлын хэсгийнхэн ярив. Үйлдвэрийн ирээдүй рүү чиглэсэн үр дүнтэй ажлын нэг болох уг ажлын Зөвлөхөөр Техникийн хэлтсийн уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбат ажиллаж байгаа юм. Тэр, өөрсдийн хүчээр байгуулж байгаа нь уурхайчдад, тэр тусмаа залуу ажилтнуудад далан барих төдийгүй цаашид олон том бүтээн байгуулалт босгох арвин туршлага өгч буйд олзуурхсанаа тэмдэглэж, хаягдлын сангийн  гол цэгээс үргэлжлүүлэн ингэж ярилаа.    “4М далан байгуулах төслийг Ерөнхий захирлын А/311 тоот тушаалын дагуу онцгой даалгаварт тооцсон болон  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 5 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот шийдвэр зэргийг үндэслэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. 4М далангийн бүтээн байгуулалтын ажил үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаагаар онцлогтой.  Эхний хэсэг нь  4М даланг байгуулах  ажил бол дараагийнх нь дамжуулах шугам хоолойг угсрах, суваг барих зэрэг ажлаас бүрдэж байгаа. Тодруулж хэлбэл, бид 12 болон цаашлаад 13 дугаар худгийг эргэлтийн усаар хангахад нэмэлт суваг барина. Мөн шугам хоолойг угсрах ажлыг “Эрдэнэт Лайт” компанитай хамтран гүйцэтгэж байгаа. Ер нь 4М далангийн ажилд манай үйлдвэрийн цех хэсгүүдийн инженер техникийн ажилтнуудаас эхлээд Ерөнхий захирал хүртэл бүх шатанд анхаарал тавьж, асуудлыг шуурхай шийдвэрлэж буйг хэлэхийг хүсэж байна. Ингэснээр далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-ны өдөр амжилттай дуусган, хүлээлгэж өгсөн. Харин одоо далангийн холбох шугамыг барих ажил ид өрнөж байна. Энэ ажлыг бид ирэх сарын 5 гэхэд дуусгахаар төлөвлөж, ажлаа эрчимжүүлсэн. Үндсэн  төлөвлөлтөөр бол 10 дугаар сарын 1-нд дуусгахаар тусгасан ч ажлын явцын байдлаас харахад хугацаанаас сарын өмнө хүлээлгэж өгөх боломжтой. Энэ нь эдийн засгийн болон бусад хэмнэлт үзүүлнэ” гэсэн юм.    Далан байгуулах ажилд  40 орчим ажилчин гар бие оролцож байна    Шинэ 4М далангийн бүтээн байгуулалт болон холбох суваг барих ажлыг гүйцэтгэх зорилготой түр ажлын хэсэг өнгөрсөн 5 дугаар сарын 8-нд байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мастер Т.Баярбат ажиллаж, багийн бүрэлдэхүүн үйлдвэрийн Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс зэрэг 5 цех нэгжийн 40 орчим ажилтнаас бүрджээ. Хамтран гүйцэтгэгчээр “Очир төв” болон түүний охин компани болох “Эрдэнэт лайт” компани ажиллаж байгаа аж. Далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-нд дууссан бол шугам хоолойн ажлыг 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр ажлын баг төлөвлөж байна.  Мөн энд тэсэлгээ, өрөмдлөг, уулын цул бэлтгэх ажлыг Геологи хайгуулын анги, Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Одоогоор техник хүчний доголдол харьцангуй бага байгааг ажлын хэсгийн дарга онцлоод, техник тоног төхөөрөмжийн жижиг эвдрэл, гэмтлийг тухайн чиглэлийн цех нэгжүүдийн удирдлага, ажилтнууд цаг тухайд нь шуурхай засварлаж байгааг хэлсэн. Ингэж  харилцан уялдаа холбоо сайтай байгаа нь зорилтот төлөвлөгөө биелүүлэхэд тус дөхөм боллоо гэж нэмж ярилаа. Нөгөө талаар, цаг ашиглалтыг сайн хангаж, бүх ажлууд зэрэг хийгдэж байгаа нь далангийн ажлын явцыг хурдасгах гол хөшүүрэг болж байна.       Өдөр тутмын гүйцэтгэлийн  үйл явц, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил хуваарилалт зэргийг хариуцан хоёр мастер ажиллаж байгаагийн нэг нь Ил уурхайн зам овоолгын хэсгийн инженер Г.Ганжаргал. Тэрээр хоёр талд зэрэг  хийгдэж буй ажил дээр мастерууд хамтран хэмжилт, хяналт тавьж, тодорхой шийдэл гаргаж байгаа нь хүндрэл бэрхшээлгүй ажиллахад дэмтэй гэж онцоллоо.    4М даланг  270 мянган  метр куб бүхий уулын цулаар байгуулж байгаа бөгөөд  227 мянган метр куб уулын цулд нь тэсэлгээ, 167 мянган метр кубт нь өрөмдлөг хийн, бэлтгэжээ.  Үүний 160 мянган метр куб цулыг дараагийн хамгаалалтын даланд ашиглах зорилгоор нөөцлөөд байна. Ингэхдээ нөөцийн, элсэн, шимт хөрсний гэсэн гурван овоолгыг үүсгэсэн. Нөөц ангилах ажил нь бүтээн байгуулалтын төсөлд тусгагдаагүй, өөрөөр хэлбэл нэмэлт ажил гэж хэлж болно. Өмнө нь зөвхөн овоолоод орхидог байсан бол энэ удаа ангилж, нөөцлөх санаачилгыг ажлын хэсгийнхэн гаргаж, хэрэгжүүлсэн нь энэ.  Овоолгыг ангилснаар шимт хөрсний тусламжтайгаар далангаа цагаан шорооноос хамгаалах ач холбогдолтой гэдгийг тэд бас хэлж байна. Мөн элсэн овоолгыг зам өнгөлөх, цаашдын бүтээн байгуулалтын барилгын ажилд ашиглах боломжтой юм.    Тэгвэл  холбох сувгийн үр өгөөжийг мэргэжилтнүүд, түрэгдсэн ус 12 дугаар худгийн эргэлтийн усанд тойрч хүрдгийг хааж, шууд эргэлтийн усанд нийлэх  боломжийг өгнө хэмээн тайлбарлав. Дараагийн онцлох дэвшил гэвэл далангийн шугам хоолойн ажил далан барих үндсэн ажилтайгаа зэрэг хийгдэж байна. Ердийн горимоор бол  даланг бүрэн байгуулж дууссаны дараа шугам хоолойн ажил хийгддэг аж.  Харин манайхан энэ ажил дээр хүлээгдэхгүйгээр зэрэг гүйцэтгэх боломжийг гүйцэтгэгч компанийнханд гаргаж өгчээ. Үүнд хамтрагч байгууллагын зүгээс талархаж буй. Нарийн төлөвлөлт, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалтын үр шимээр хугацаа хожиж, 4М далан байгуулах цогц ажил  ирэх 9 дүгээр сарын 5-нд бэлэн болох боломж нээгдсэнийг харахад таатай байв.          Хаягдлын сангийн хиймэл нуурт усны шувууд чуулж байна    Хаягдлын аж ахуйн бүтээн байгуулалтын явцыг сурвалжилж явах зуур нүд баясгаж, сэтгэл сэргээсэн нэгэн зүйл нь хиймэл нуурт эрх дураараа хөвөх хос хун, ангирын чуулган  байв. Шар цэцэгс эргээр нь алаглаж, зүйл зүйлийн усны шувууд сүргээрээ ганганах тэрхүү үзэсгэлэнт зураглалыг харахад хэн ч үйлдвэрлэлийн хаягдлаас үүссэн хиймэл нуур гэмээргүй сонин содон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйд байгалийн бодит гоёмсог төрх бүрдэж, ургамал амьтан өнгөжин ургаж, төлжсөн нь энэ. Эндээс эргэцүүлэн бодоход, хаягдлын аж ахуйн ус байгаль орчныг бохирдуулан, сүйтгэж, ургамал, амьтанд сөргөөр нөлөөлдөг гэх мэр сэр ойлголт үндэслэлгүй мэт. Нөгөө талаас хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэл их, бага хэмжээгээр байгальд халгаатай гэдэг ч энэ сөрөг талтай Эрдэнэт үйлдвэр үргэлж тэмцэн, нөхөн сэргээлт, хамгааллын ажлыг бодлогоор зохицуулан, чанартай хийж ирснийг хиймэл нууран дахь жаргалтай амьтдын агшин тод харуулж байна. Нүднээ ил тусах бодит байдлыг өгүүлэхгүй байхын аргагүй тул сурвалжилгынхаа төгсгөлд ийн дурдав.  М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Т.ЦОГТБАЯР: Бид ДАШТ-нд багийн амжилтаа ахиулах зорилго тавьсан

       Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” спорт клубийн байт харвааны баг тамирчид өнгөрсөн сард зохиогдсон улсын аваргын тэмцээнээс богц дүүрэн медальтай ирсэн. Тэд энэ сарын 17-нд өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дасгалжуулагч багш, спортын мастер Т.Цогтбаяртай ярилцлаа.    - Байт харвааны баг тамирчдадаа баяр хүргэе. “Хангарьд” клубийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа ололт, амжилтаас хуваалцахгүй юу?    - Долоодугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр зохиогдсон 2019 оны өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-нд нийт 15 багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэмцээний өсвөр үе, залуучуудын УАШТ-нд манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд 3 алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдээс 5 мастер, 2 дэд мастерын болзол хангасан. Залуучуудын төрөлд 6, насанд хүрэгчдийн төрөлд 8 тамирчин хүч сорин өрсөлдөж, шавь нар маань Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймаг, “Хангарьд” клубийнхээ нэрийг өндөрт өргөсөнд баярлаж байна.   - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид маань бэлтгэл, сургуулилтаа хэр хангаж байна вэ?   - Испанийн Мадрид хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцох эрхээ авсан. “Хангарьд” клубийн 4, “Ирээдүйн одод” сургуулийн 4, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос тус бүр нэг тамирчин оролцохоор Цуврайн аманд байрлах бэлтгэл сургуулилтын бааздаа гараад байна. Хүүхдүүд маань зунжин бэлтгэл хийсэн. Залуучууд ангилалд 4, өсвөр үе ангилалд 6 тамирчин оролцоно.   - Сонгон шалгаруулалт нь ямар журмаар хийгдэв?   - Энэ жилийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн цаг хугацааны хувьд нэлээд оройтлоо. Тэмцээний үр дүнгээс сонголт хийхэд тохиромжгүй байсан тул Дэлхийн аваргын тэмцээнд явах тамирчдыг өнгөрсөн оны болон дөрөвдүгээр сарын заалны УАШТ-ний амжилтыг нь харгалзан сонгосон.    - Тулгамдсан асуудал бий юу? ДАШТ-ээс ямар хүлээлттэй байна вэ?   - Эрдэнэт үйлдвэрийн гэрээт тамирчнаас бусад нь зардал мөнгөө хувиасаа гаргахаар болсон. Эцэг эхчүүд маань сайн дэмжиж, ойлгож байгаа тул одоогоор хүндрэл бэрхшээл алга. Энэ дашрамд “Хангарьд” спорт клубийн нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс их спортыг хөхиүлэн дэмждэг Эрдэнэт үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Тэмцээний тухайд манайхан нийт тамирчдын дунд хавьцаа байр эзэлж байсан бол энэ удаагийн тэмцээнд багийн амжилтаа ахиулахыг зорьж байна. Байт харвааны төрөлд Япон, Солонгос зэрэг Азийн орнууд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Цаашид хойд юм уу, урд хөрштэй туршлага солилцон, хамтран ажиллах чиглэлээр тамирчдаа бэлтгэхээр төлөвлөж, ярьж байгаа.    - Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Байт харваагаар суралцах сонирхолтой хүүхэд хэр олон байдаг вэ, хүүхдэд олгох төлөвшлийн тухайд?    - Өнөөдрийн байдлаар “Хангарьд” клубт байт харвааны насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн насны ангилалд 40-өөд тамирчин хичээллэж, 4 тамирчин маань Улсын шигшээ багт орсон. Дугуйландаа шинэ элсэлт авахдаа хүүхдийн тоо хязгаарладаггүй ч сургалтын хэрэглэгдэхүүний хувьд бидэнд дутмаг тал бий. 2010 онд авч байсан хэрэглэгдэхүүнээ өнгөрсөн онд тодорхой хэмжээгээр шинэчилсэн. Ер нь оръё гэсэн хүүхдүүдээ шинэ элсэлтээр авдаг ч явцын дунд тууштай, хичээнгүй хүүхдүүд л үлддэг. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлдэг спорт гэж хэлэх нь зөв байх. Төлөвшил олгох, төвлөрөх чадвар сайжрах, ааш зан тогтворжих, багаар ажиллах, биеэ авч явах байдал нь эергээр өөрчлөгддөг. Тэр хэрээр хүүхэд зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болох нь бий. Одоогоор суралцагчдын дийлэнх хувийг охид эзэлж байна. Манайх өнгөрсөн жилээс 9 настай суралцагч авч эхэлсэн.    - Энэ жилийн элсэлтээ хэзээнээс авах вэ?   - Спорт цогцолборын бусад дугуйлангийн адил есдүгээр сарын 15-наас шинэ элсэлтээ авч эхэлнэ. Гэхдээ ирэх сарын 19-23-нд “Хангарьдын цом” насанд хүрэгчдийн Олон Улсын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэчнээн тамирчин, хаанаас ирэх нь одоогоор тодорхойгүй ч чанартай хийхийг зорино. Тэмцээнээ дуусгаад хичээлээ эхлүүлнэ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайчин залуус Ай Ёо доктортой уулзав

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл 20 гаруй залуу Ай Ёо доктор буюу Б.Дугархүү эмчтэй уулзалт хийж, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөмж, сургалт авлаа. Телевизийн үзэгчдэд Ай Ёо доктор нэрээрээ хэдийнээ танил болсон  Б.Дугархүү эмч болон Монголын явган алхалтын холбооны удирдлагуудыг уурхайчин залуустай уулзуулах энэхүү арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо 20 жилийнхээ ойн ажлын хүрээнд зохион байгуулсан байна. Залуучуудыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриалж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, явган алхалтын ач тусыг ойлгуулж, зөвлөх зорилгод тус уулзалт чиглэжээ. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл буй элэг цөс болон бусад хоол боловсруулах эрхтний хямрал, өвчлөлтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлж, анхаарах талаар Ай Ёо доктор чухал зөвлөгөө өгсөн бол дараа нь оролцогчид нэг цагийн нөхөрсөг уулзалт хийсэн байна. Алхалтын үеэр залуучууд хэрхэн зөв алхаж сурах, алхалтын ач холбогдол, гадаад орнуудад алхалтын спорт хэрхэн хөгжиж буй зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн нь өндөр үр дүнтэй боллоо гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Залуучуудын холбооны нарийн бичиг Ц. Хоролсүрэн бидэнд ярилаа.   Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Залуучуудын холбоо байгуулагдсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ уурхайчдын залгамж халаа залуусын дуу хоолой болон ажиллаж байна.  Түүхэн ойгоо угтаж тус холбоо олон арга хэмжээг санаачлан, үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тухайлбал, энэ сарын 23-аас 26-ны өдрүүдэд Монголын явган алхалтын холбоотой хамтран Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станц болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан уулын явган алхалтыг ОХУ-ын Байгал далайн орчимд хийхээр бэлтгэж байна. Энэ үер тус улсын явган алхалт сонирхогч залуучуудтай уулзах, амралт чөлөөт цагийн хөтөлбөр зохиогдох аж.    М.Балжинням  Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Нэвтрүүлэг

     Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь  Гаалийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрхзүйн газартай хамтран  Материал техникийн хангамжийн хэлтэс, Чанар хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн албаны ажилтан албан хаагчдад өнгөрсөн пүрэв гарагт сургалт явууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны Оюу танхимд болсон уг сургалтаар   гаалийн байгууллагын үйл ажиллагаа, шинэ хөтөлбөр, гаалийн хууль тогтоомжийг сурталчлан таниулсан. Гаалийн байгууллага нь гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, шалгуур хангасан аж ахуйн нэгжид итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтэд нь  зарим хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих,  хууль ёсны худалдааг хөнгөвчлөх үүднээс Гаалийн ерөнхий газраас  Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд хоёр байгууллага нэгдсэн аж. “Манай улсын шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэр бүхий л шаардлагыг хангаж байгаа тул  хөтөлбөрт  нэгдэн орох бүрэн боломжтой” хэмээгээд энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болохыг гаалийнхан тодотгов. Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулснаар  гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих түвшин дээшилж, гаалийн үйлчилгээ илүү хөнгөн шуурхай болох юм гэж Гаалийн газрын дарга Б.Майдармаа хэлсэн үгэндээ онцолсон юм.


Я.ТУЯА


 

    Б.Баасансүрэн даргын  унаган мэргэжил нь үнэндээ  уул уурхайгаас  хол, өөр мэргэжил. Тэр мэргэжлээ их л санаандгүй бөгөөд бяцхан адал явдалтайгаар сонгож байснаа дурдатгалдаа өгүүлсэн. 1982 онд түүнийг 10 дугаар анги төгсөхөд сурагчдыг  сурлагаар нь жагсаан, улаан шугам татдаг байж. Гэхдээ түүнд  улаан шугамны хаана жагсаж  байгаа нь тийм ч сонин байсангүй. Харин жолооч болох хүслээр “ өвчилсөн” хүүхэд байв. Сургуулиа төгсөөд,  цэргийн албанд мордож, тэнд жолооч болно гээд  шийдчихсэн явж байтал нэг өдөр  ангийн багш нь дууджээ. Яваад очтол, чи юун цэргийн алба хаах вэ, элсэлтийн шалгалтад ор гэж зэмлэж. Ингээд багшийнхаа хэлснээр шалгалт  өгч, уул уурхайн чиглэлээр гадаадад сурах эрхтэй болов.  Гэтэл  нөгөө бүлгийн  нэг хүүхэд  орос хэлний ярилцлагадаа унаснаас болоод  түүний сонгосон  машин үйлдвэрлэлийн анги сул үлдсэн байжээ.  Тэр үед ах нь ч түүнд “миний дүү, заавал гадаад хуваарь гэж байхаар сонирхлоо дагаад, машин техникийн чиглэлийн ангид эндээ сурвал яасан юм бэ”  гэж зөвлөх нь тэр. Ингэж  Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид элссэн түүхтэй. Хожим   нөгөө шалгалтандаа унасан хүүхэд таараад, би хуваариа буцааж авна гэсэн ч, “одоо тийм юм байхгүй, би хэдийнэ сонгосон” гээд өгөөгүй гэдэг. Тэр жил  Монгол Улсын  Их сургуулийн бүтцээс Политехникийн дээд сургууль бие даан тусгаарлаж, Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид анхны  25 хүүхэд элсүүлсний нэг нь тэр байв. Харин өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа гурав, дөрөвхөн төгсөгчийн нэг нь Б.Баасансүрэн дарга юм.  Хөгжилтэй бас санаандгүй сонгосон энэ л мэргэжил нь түүний  амьдралын замыг зааж явна.
     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уул ус тэгш хангай нутагт тэр  малчин айлын хүү болон мэндэлжээ. Сурагчийн амралтаараа нэгдлийн малтай  аав ээждээ тусалж, бусад үед сумын төвийн дотуур байранд эрдэм номын дуу сонсон хүүхэд насаа үдсэн. А үсэг таниулсан анхны багш,   амьдралын замд хөтөлсөн аравдугаар ангийн  багш нараа үргэлж санан дурсаж, тэр л сайхан хүмүүсийн гар дээр сурч хүмүүжсэнээ их хувь тохиол гэж тэр өгүүлнэ. Хүүхэд байхын их хөдөлгөөнтэй, авхаалжтай байсан нь одоо ч хэвээрээ гэж түүний ойр дотныхон ярьдаг. Тиймдээ ч наймдугаар анги төгсөтлөө хурдан морь унаж, бүсээ намируулан хүлгийн зоон дээр дарцаглаж өсчээ. Арван нэгэн хүүхэдтэй айлын дунд хүү,  ах дүү нар дотроо хамгийн адтай сэргэлэн  байсан тэрээр ажил амьдралын замд ч хамгийн эрэмгий, дайчин нэг нь. Үргэлж урагшаа харж, өөдөө тэмүүлж явдаг цог жавхаанд нь  багадаа давхиж хурдалсан  морьдынх нь  хийморь, сэрүүхэн өндөрлөг хэдий ч сэтгэл татам унаган нутгийнх нь нөмөр нөөлөг нөлөөлснийх буй заа.   

     Аав ээжээс илүү ачлалт бурхан гэж үгүй. Арван нэгэн хүүхдийг төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн аав ээж хоёрыгоо тэр хүний дээд гэж хайрлан шүтнэ. “Миний аав насаараа мал дагасан, нутаг усандаа алдартай сайн уяач хүн байв. Манай адуу “Өвгөний зээрдүүд” гэж зүсээрээ танигдсан нэршилтэй. Аавын минь нэг дүр төрх ер санаанаас гардаггүй  юм. Зун морио хөлслөх гээд уул, нугаар явна. Тэгээд надаас их асууна, миний хүү аль морио унах вэ, алийг нь хөлслөх вэ гээд л. Миний унах морь, бас хөлслөх морь тусдаа байсных л даа. Аав минь тэгж хайр, хал хоёрыг зэрэг амсуулж өсгөсөн. Харин ээж минь хатуу талдаа хүн. Сахилгагүйтвэл сүү самарч байгаа шанагаараа цохиод авна. Тэгж л тэр олон хүүхдийг дэгтэй хүмүүжүүлсэн байх. Их ажилсаг,  дээл сайхан оёдог уран хүн байсан” гэж ижий аав хоёроо дурссан.  Хүн болох төлөвшлийн  эхний суурийг түүнд сумын сургуулийн тэр л бүлээн дулаахан орчин өгсөн гэдэг. Сургуулийнхаа дотуур байранд 8 дугаар ангиа дүүргэж, чухам тэрхүү цаг хугацааны орчил дунд хүний арга эвийг олох, бие даан амьдрах гээд олон чадваруудыг олж авсан хэмээн Б.Баасансүрэн дарга хуучилна.  Үндэс сайтай мод түмэн зүгтээ сүрлэг сайхан нахиалж ургадгийн адил хүүхэд ауйдаа ухаант аав ээж, ачит багш нараасаа өвлөсөн хүмүүжил нь түүнийг оюутны цэнхэр өдрүүд,  ажил хөдөлмөрийн гараанд ч хэлбэрэлтгүй хөтөлсөн юм.  
     Энх цагийн их хөгжлийн нэрийн хуудас Эрдэнэттэй тэр хувь заяагаар холбогдсон. Оюутны дипломын ажлаа  “Мушгиа өрөм үйлдвэрлэх оновчтой технологи” сэдвээр хамгаалж, үйлдвэрлэлийн дадлагаа өнөөгийн нэг гэр нь болсон Засвар механикийн заводдаа хийж байжээ. “Үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа л эзэмшиж буй мэргэжилдээ улам их “дурлаж” билээ. Үнэхээр сонирхолтой, машин хийх юм байна, машин үйлдвэрлэл гэж юу болох гэдгийг тэр үеэс л илүү сайн мэдэж авсан. Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллах хүсэл ч  төрсөн дөө” гэж тэр Эрдэнэтийн хүн болох үеийн дурсамжаа хуваалцсан. Түүнийг сургуулиа төгсөхөд нь тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яамнаас Завхан аймагт хуваарилсан боловч Эрдэнэтэд  ирэх хүсэлтээ олон дахин хэлж байж, шинэ цагийн шилдэг бүтээн байгуулалтын өлгий хотыг зорин иржээ. Түүний анхны ажлын гараа  Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатаас эхлэв. Механик инженер, цехийн даргын албыг нэр төртэй хашиж, тэр ч бүү хэл тухайн үеийн олон нийтийн хамгийн том байгууллага болох МХЗЭ-ийн Эрдэнэт хотын хороонд хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, оюуны цараатай, чадварлаг удирдагч болохоо харуулж чаджээ. Хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргын сонгуульт ажил аанай л түүний холыг харж, том сэтгэж чаддаг чадварыг нь дагаж ирсэн гэж хэлж болно.  

     1989 онд хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны бүгд хурал болов. Тус  хурал дээр Модны үйлдвэрийнхээ  ХЗЭ-ийн Хорооны даргын даалгавраар үг хэлэх болж,  ажилчин залуусын нийгмийн асуудлыг хөндсөн санал хэлсэн гэдэг. Залуучуудыг орон сууцжуулах  хөтөлбөрийг хэрэгжүүлье. Ингэхдээ залуучуудынхаа  хүчийг нэгтгээд, газрыг нь шийдэж өгөөд, өөрсдөөр нь орон сууц бариулая гэсэн нь хурлын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж, удирдлагууд нь ч зөв зүйтэй асуудал дэвшүүллээ гэж үнэлжээ.  Ингээд тун удалгүй хотын ХЗЭ-ийн Хорооны сонгуульд  өрсөлд гэсэн санал ирж,  дэд даргаар сонгогдсон байна. Энэ бүхэн түүнд хамт олныг зөв удирдан чиглүүлэх, ямар ч ажилд манлайлан оролцох өндөр чадвартайгаа нээх боломж, бас арвин туршлага хуримтлуулах үүд хаалга нь болж өгчээ. Эрдэнэт хотын ХЗЭ-ийн Хорооны дэд даргаар ажиллаж байхдаа түүнд өөрийн мэргэжлээрээ Засвар механикийн заводад ажиллах бодол хэдэнтээ төрж,  тэр саналаа ч Эвлэлийн хорооны даргадаа хэлэв. Ингээд ЗМЗ-ын ерөнхий инженер Ц.Цогтсайхан, Орлогч дарга Х.Даваасүрэн,  Механик цехийн дарга Д.Цогтхангай нартай уулзахад нь уриалгахнаар хүлээн авч, “Баскагаа аль ажил дээр томилох вэ” гэж ярилцан, дотно хандаж байсан нь одоо ч мартагддаггүй аж. Харин тэр заводдаа л  ажиллаж байвал юу ч хийхэд  бэлэн гэсэн тэмүүлэл дүүрэн Цутгуурын цехэд мастераар ирж байв. Дараа нь Механик цехдээ  багажны хэсгийн мастераар ажиллаж байхад нь  Хөтөлийн Гангийн үйлдвэрээс ажлын санал хүлээн авчээ. Тэнд жил орчим ажиллаад, үйлдвэртээ эргэж ирсэн гэдэг. Ингээд төрөлх үйлдвэртээ технологи инженер, Засвар монтажийн цехийн орлогч дарга, Ган бөмбөлгийн цехийн дарга, Засвар механикийн заводын дарга гээд  үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн газар бүхэнд очиж, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулж явна.  
     Түүний түүхийг сонсоход тэр үнэхээр л Эрдэнэтэд амьдрах л ерөөлтэй хүн ажээ. Өөр газар орон, хамт олонтой ажиллах олон боломжууд гарсан ч тэр эргээд л Эрдэнэтийн овоондоо буцаад ирдэг гэнэм. “Эрдэнэт надад олон зүйлийг өгсөн. Оюутан ахуй цагтаа учирсан амьдралын ханьтайгаа гурван сайхан охины аав ээж бололцож, эдүгээ зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. Хэн бүхний адил энэ  үйлдвэрт ажиллах болсноороо хязгааргүй их бахархаж,  Орос ах нарын үлдээсэн өндөр соёл, ажлын зөв арга барилыг эрхэмлэж явдаг. Оюутан ахуй цагаасаа л энд би өсөж, төлөвшиж, ажил хөдөлмөрийн эрдэмд суралцаж яваа гэж санана. Мастераас эхлээд ахлах мастер, хэсгийн дарга, хэлтсийн инженер, цехийн дарга хүртэл ахиж дэвшсэн энэ замд  Эрдэнэт үйлдвэр гэдэг өнөр бүл  намайг хөтөлж, хүн болгосон гэж ам бардам өгүүлнэ. Тиймээс юу чаддаг, юу мэддэгээ бас юу бодож яваагаа хэрэгжүүлэх боломж гэж би өнөөдрийн ажил албаа хардаг” хэмээн тэр сэтгэлээ  уудалсан.

     Б.Баасансүрэн даргын удирддаг Засвар механикийн заводын ирээдүй гэрэлтэнэ.  Тэр гэрэл гэгээг илүү тод болгохын төлөө түүний хамт олон  шинэ, өндөр түвшинд ажиллахыг зорьдог. Тиймээс ч Засвар механикийн заводыг 2018-2032 онд хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврын төслийг хамт олонтойгоо гүйцэтгэж, цаашид явах зам, зүг чигээ тодорхойлох нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар, мөн өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчээр бүтээгдэхүүний өртгийн шинэчилсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй Олон улсын ISO9001 стандартыг Заводынхаа үйлдвэрлэл, аж ахуйн бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ  онд тус заводынхан Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийг үйлдвэрлэд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд компанийн удирдлага гарын үсэг зурсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь эхэлж, 2020 оны эхээр технологио бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ бол ирээдүйн их хөгжлийн гараа, дэвжин дээшлэхийн эхлэл юм. Заводынхаа хувь заяаг атгаж байгаагийн хувьд Б.Баасансүрэн даргад үргэлж бодож явдаг нэг зүйл бий гэсэн. Энэ нь тус заводын техник технологийн шинэчлэлийг үе шаттай зөв оновчтой хийх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд тэнцэхүйц стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нөөц боломжийн тухай. Үүнийг хэрэгжүүлнэ гэж тэр эрс шийдэмгий өгүүлнэ лээ.  
      Хүн бүхэн өөр өөрийн чадах зүйлийг хийж, амжилтанд хүрэх хичнээн сайхан. Түүн лугаа Б.Баасансүрэн даргын багийхан ингэж ажиллаж, ийм ихийг бүтээсэн шүү гэж харж, бахархах сайн ажил үйлсийг хойчдоо үлдээх нь түүний чин хүсэл. Өөрийн багт ажиллаж буй мэргэжил нэгт хамтрагч, залуусаа тэр үнэт баялаг хэмээн бахархдаг. Хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө  шинийг эрэлхийлж, цаг  үргэлж том  сэтгэж, холыг харах нь түүний бас нэг давуу чанар. Хүн болж төрсний их хувь заяа түүнд эрин зууны манлай хотод ажиллаж амьдрах ерөөл хайрласан шиг тэр өөрөө ч Эрдэнэтээ, Засвар механикийн заводаа их хөгжлийн оргил өөд хүргэх билэг ерөөлөөр дүүрэн явна. Түүний хэлсэнчлэн,  хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсноор бүс нутгийг хамарсан металл боловсруулах үйлдвэр төдийгүй улс орныхоо аж үйлдвэрийн тодорхой салбаруудын  машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэлийн том төв болох цаг үе ойрхон гэдэгт итгэнэм.


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийн хэтийн төлөвд чухал нөлөөтэй хүдрийн нөөц бүхий орд, илрэлүүдийн геологи хайгуул болон эрэл үнэлгээний ажил газар дээрээ хэрхэн үргэлжилж буйг өнгөрсөн лхагва гарагт явж үзлээ. Үйлдвэрийн Хөгжил, их барилгын асуудал хариуцсан дэд захирал Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон Ерөнхий захирлын зөвлөхүүд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Ил уурхайгаас эхлээд Баруун хойд болон Төвийн ордоор дамжаад Завсрын хэсэг, судалгааны томоохон биет болох Оюут, Шандын орд дээр ажилласан юм. 1985, 2012 онд эрлийн хайгуулын шатанд нөөц тогтоосон Шандын орд дээр өрмийн гурван машин ажиллаж байна. Энэ удаа 1300 гаруй метрийн гүний түвшинд өрөмдлөг явуулсан нь анхны тохиолдол бөгөөд энд хүдэржилт байх магадлалтай дүн гарчээ.
     Ерөнхий захирал энэ үеэр “Хүдэржилт боломжийн байдалд харагдаж байгаа нь 300-400 метрээс цааш. Хэрэв нөөц тогтоогоод ашиглах болвол далд уурхайн асуудал яригдана. Далд уурхайн зардал илүү өндөр байдаг. Тэр утгаараа хүдрийн агуулга ямар байхад онцгой анхаарч байна. Зэсээ дагаад өөр үнэт металл байж гэмээнэ ордын үнэ цэнэ нэмэгдэх учиртай. Ойрын жилүүдэд геологи хайгуул, судалгааны ажил үргэлжилнэ” гэж ярив.
     Шандын орд дээр илүү нарийвчилж гүний хайгуул хийх, олон төрлийн эрдэс болон металл тодорхойлох, геологийн үнэлгээ хийж нөөцийг бүрэн тогтоох ажил давхар хийгдэж байна. Түүнээс гадна өрөмдлөгийн явцад гүний тодорхой түвшнөөс салаалах шинэ технологи ашиглаж байна. Нэг цооногоос олон салаа өрөмдөж зардал бууруулах технологийг энэ жилээс ашиглаж эхэлжээ.    
     Энэ жилийн геологи хайгуул нь агаар сансарын зургийн тайлал, геофизикийн аргачлалуудаас гадна талбайн урсгал сарнилын хүрээний болон хөрсний геохимийн дээжлэлтүүд, хувирлын зэрэг өмнө хийгдэж байгаагүй цогц ажлыг Эрдэнэтийн Овоо ордын эргэн тойрон 60 км радиуст хийж байгааг геологич онцолж байлаа. Мөн ашиглалт явуулж буй орд дээр олон улсын Жорк кодоор шалгалт, хяналтын өрөмдлөг болон нөөц, баялагийн үнэлгээний ажил хийж байна. Олон улсын туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ ажлыг удирдан явуулж  байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Гео сан” компани геофизикийн аргаар агаарын болон газрын тандан судалгаа, “Дипирамид” компани хувирал, структур, зураглал, “Тайтлайн ресурс”-ийнхэн нөөц, баялагийн үнэлгээ хийж байгаа аж. Мөн Геологи хайгуулын ангийн 20 гаруй ажилтан хээрийн ажилд байнгын хяналт тавьж, чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.          
     Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр геологийн болон талбайн судалгааны ажилд их хэмжээний хөрөнгө хүч зарцуулах болсон. 2017 онд өмнөх онтой харьцуулахад Геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол энэ жил 3,2 дахин өсгөжээ.

М.ОДГЭРЭЛ

 














 

     Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн босгох, чухал судалгаа, шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлнтүүд, уурхайчид нэгэн дор цуглаж төрөлх үйлдвэрийнхээ 40 жилийн ойн баярын  хуралд оролцлоо. Мөн энэ үеэр уурхайчдын 40 жилийн амжилтыг харуулсан архивын ховор баримт материал, гурван үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгосон.  

      Баярын хурал, хүндэтгэл ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содном, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга, Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Очирбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, зөвлөлийн гишүүнээр 20 шахам жил ажилласан Д.Рэнчинханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор Ч.Хурц тэргүүтэй Уул уурхай, аж үйлдвэрийн үе, үеийн сайдаар ажиллаж байсан эрхэмүүд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монголын талын дарга, гишүүнээр ажиллаж байсан, мөн тус зөвлөлийн хянан шалгах хорооны дарга, шинжээчээр ажиллаж байсан эрхэмүүд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирал, орлогч захирлаар ажиллаж байсан эрхэм хүндтэй хүмүүс, тус үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн төлөөллүүд нэгэн дор цугласан.
      20-р зууны Манлай бүтээн байгуулалт болж, Дэлхийн жишигт эрэмблэгдсэн  Эрдэнэт үйлдвэрийн анхны шанг таталцаж, ажил үйлсээрээ дархалсан эрхэм уурхайчдадаа баяр хүргэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УУХҮЯ, Монгол улсад суугаа элчин сайдын яам, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд баярын мэндчилгээ өвөртлөн ирсэн.    

        Баярын хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудалд чухал шийдвэр, оновчтой бодлогыг хэрэгжүүлж ирсэн төр засгийн үе үеийн удирдлагууд болон Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон үе үеийн уул уурхайн яамны удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгоход залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, Ахмадууд, Уурхайчид, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, ажилчдадаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлсэн. Мөн, “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж, энэ үйлдвэрийг чадамгай удирдаж, Монгол хүний, Монгол инженерийн үнэлэмжийг өөрийн оронд болон дэлхийн бусад орнуудад үзүүлж чадсан, бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм. Ийм учраас энэ баярынхаа өдөр Ш.Отгонбилэг агсныг дурсан санаж, түүний гэр бүл, үр хүүхдэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүн хүндэтгэл талархалаа илэрхийлж байна” гэсэн. Мөн, “Энэ 40 жилийн түүхэн хугацаанд дэлхийд томд тооцогдох үйлдвэрийг 24 цаг тасралтгүй, доголдолгүй ажиллуулж чадах удирдах ажилтнууд болоод инженер техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ийм том үйлдвэрийн сайн авч явах ажилтан ажилчдын бүхэл бүтэн “арми”-ийг бий болгосон нь Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл гэж би ойлгож байна” гэсэн юм. Тэрээр цааш нь, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны түүхэн амжилт, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярьж, шинээр боловсруулан хэрэгжүүлж буй үндсэн чиглэл, төслүүдийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр энэ жилээс цааш дахин 60 жил ажиллах нөөцийг тогтоож, баталгаажуулсан тухай бахархан дуулгасан юм.       
     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн улс, эх орны хөгжилд оруулж ирсэн хувь нэмрийг онцгойлон тодотгож, “Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид та бүхэн  улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол улсын засгийн газар итгэл төгс байна” гэсэн.
     Уурхайчин хамт олонд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бие төлөөлөгчөөрөө дамжуулан илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Энэ үеэр мөн, компанид үр бүтээлтэй амжилттай ажилласан Автотээврийн байгууллагын хүнд даацын белазын  жолооч Б.Ууган-Эрдэнэ, Автотээврийн байгууллагын автомашины цахилгааны засварчин С.Энхболд нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр, “Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Засвар механикийн заводын ороомогчин, өндөр настан Л.Саруултуяа, Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч Б.Октябрь, Засвар механикийн заводын цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд нарыг тус тус шагнаж, урамшуулсан.


     Ойн баярын үйл ажилалгаанд хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордон, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, уран сайханчид, авъяаслаг уурхайчид “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн концертоо толилуулсан юм.

     Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.
     Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.
     Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.
     Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.
     ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.




 

 

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Элдэвтэй эр

     Одоогоос 18 жилийн өмнө энэ шавилхан залууг би  таних болсон юм. Гадаад дүр төрх нь “Аман хуур” киноны  Соном өвгөнийг санагдуулах эл эрийг Дамбийн Одсүрэн гэдэг. Гадна, дотнын мэргэжлийн танилууд нь “Эрдэнэт”-ийн Одсүрэн гэх. Эрдэнэт үйлдвэрийнхэн Баяжуулахын Од хэмээнэ. Түүнийг таньж, мэдэхгүй хүмүүс ийн дотно ханддаг нь эрхэлсэн ажилдаа эзэн байж, мэргэжлийн ур чадвараараа олонд танигдсаных биз. Нэгэн цагт Сайншандын Төмөр замын боловсон хүчний дарга асан Майдарын Дамбийнх 15 хүүхэдтэй айл байх.  Одсүрэн тэдний 10 дахь хөвгүүн нь. 15 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нь төмөр замчнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Түүний ээж Самбуугийн Цэрэнбалжир гэж өндөр насалсан, буянтан байв. Эдүгээ үр хүүхдүүд нь бүгд тус тусын ажил алба эрхлэн улс орондоо өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж явна. Түүний ханийг Жигжидсүрэнгийн Долгорлхам гэдэг. Тогооч мэргэжилтэй. Шүлэг бичих авьяастай. Хотын төвийн 19-р цэцэрлэгт амтат хоол хийн бяцхан үрст үйлчилж, хорооллын хашаандаа ногоо тарьж, цэцэг үрслэн суух. Энэхүү аав, ээжийнх нь хөдөлмөрч тууштай зан чанар, авьяас билгийг төрсөн үр хүүхэд нь өвлөсөн бололтой. Том хүү  О.Анхучрал нь Триатлионы  холбоонд тамирчин дасгалжуулагч. Уулын ашиглалтын механик инженер мэргэжилтэй. Триатлионы спорт сонирхогчдын хоёр удаагийн улсын аварга тамирчин. Дунд охин О.Азжаргал нь 2002 онд Монгол улсын урлагийн үзлэгийн “Бяцхан тод авьяастан”-аар шалгарч байв. Харин авьяас билэг нь хожим тодрох ирээдүйн нэгэн төлөөлөл нь бага охин Бөртэ-үжин бөлгөө...

     Энэхүү хөргийн эзэн Улаанбаатар хотын Тээврийн ТМС-ийг улаан дипломтой төгсөж, гагнуурчны дөрөвдүгээр зэрэг эзэмшээд  Эрдэнэтийн “отгон” илгээлтийг өвөрлөж ирсэн залуусын нэг. Түүний ажлын дадлага туршлага бүтээлч хөдөлмөрөөс суралцсан олон арван залуус буй. Одоо түүний шавь нараас Эрдэнэт үйлдвэрт найм нь, Оюутолгойд хоёр нь ажилладаг гэнэ.
     ...Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тасралтгүй  үйл ажиллагааг ханган ажилладаг. Ээлжит болон ээлжит бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хамт олон. Бутарсныг эвлүүлж, салсныг нийлүүлж, хуучирсныг шинэчилдэг нь гагнуурчны ажлын онцлог. Одсүрэн үр дүнтэй, өндөр бүтээлтэй, гар сэтгэл нийлэн ажилладаг  бригадын дарга Ш.Эрдэнэбат, залуу ажилтан Н.Отгондорж, Э.Батзаяа, Э.Гомбодорж, Э.Энхбаяр, С.Бат-эрдэнэ нарынхаа ажил үйлсээр бахархаж явдаг гэсэн. Нимгэн зузаан төмрийг ямар электродоор хэрхэн яаж гагнах нь тухайн мэргэжилтнээс нарийн мэдрэмж шаардана. Бид бол төмрийн мэс заслын эмч нар юм гэж тэр ажил мэргэжлээ тодотгов. Түүний хэсгийнхэн Бүтээмж чанарын “Эв нэгдэл” дугуйлангийн гишүүд. Тэд олон бүтээлч санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.  Одсүрэн хотын төвөөр алхахдаа хийсэн ажлаа ярих. “10-р хорооллын шугам хоолойны засварыг хийж, Уурхайчин соёлын ордны өмнөх лед дэлгэцийн суурийг би гагнаж босгосон. 400 метр газар, Эрдэнэт хотын цэвэр усны шугамыг би шинэчлэн сольж байлаа” гэж “томорно”. Манай Засварын хэсэг 150 ажилтантай. Даргын нарийн бичиг, үйлчлэгч хоёроос бусад нь эрчүүд. Сайхан даа гээд хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Тэрбээр улс төр, уран зохиол, урлаг спорт, уул уурхайн сэдвийг хөндөж ярих дуртай. Өөрийн үзэл бодлоо хамгаалж баримтаар нотлох гэж чигээрээ зүтгэнэ. Маргасан нөхцөлд бууж өгөхгүй зөрүүдэлнэ. Энэ нь түүний ямарваа нэг ажлыг гүйцэт хийж санаа амардаг, хөдөлмөрч зангийн илрэл мэт. Түүний нэг дутагдал нь хүнд үгүй гэдэггүй. Би чадахгүй, амжихгүй гэж хэнд ч хэлж үзээгүй гэхэд болно. Ямартаа нэг найз нь Эрдэнэтийн байшингийн булан тойроод ирэхээр  Од л гагнуур хийж суух юм гэхэв. Учир нь Эрдэнэтийн орон сууцуудын нэг давхарт  үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээхэд Одсүрэн гагнуур хийн ажилласан байдаг. Анх түүний хаалга үүдийг нь нээсэн байруудад одоо үсчин, гоо сайхан, цайны газар ажиллаж буй. Ингэж тэр олон байгууллага, хувь хүнтэй ойртон дотносож хөдөлмөрлөсөн хүртээмжтэй эр. Тэр түмэнд хүндлэгдсэн хөдөлмөрийн сайчуулын нэг. Хэтийдсэн магтаал зарим хүнийг ичээх нь бий. Харин “хийсэн ажилтай, хэлэх үгтэй” Одсүрэн шиг аливаа юманд эвсэлтэй  элдэвтэй эрийг сайшаахад ичих зүйл алга. 

     32 жил гагнуурчнаар ажилласан түүний хийж бүтээснийг энд жагсаавал хэдэн хуудас материал болно. Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин Дамбийн Одсүрэнгийн ажилласан хугацаанд хийсэн гагнуурын оёдлын уртыг тооцоход олон зуун километр гарч байх жишээтэй. Нэг баримт дурдахад 2000 онд Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг далайцтай хийж  КМД, КСД бутлуурыг цаг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөд тэр бусдыгаа манлайлан оролцжээ. Ер нь тэр зүгээр сууна гэж үгүй. Үндсэн ажлынхаа хажуугаар Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны шугам хоолойн ажилд гар бие оролцон ажилласан байна. Чи унтаж амардаг юм уу гэхээр... Орой амраад эрт босоод сурчихсан юм. Хүн ажиллаж байхдаа амардаг байхгүй юу гэж ам таглана.  Найз нөхөд нь “Аман хуур”-ын  Соном оо гэж хошигнож дуудахаар би тэр хүн биш ээ. Харин төрсөн жилтэйгээ ямар нэг талаараа адилхан байж болох юм гэх. Нээрээ л “элдвийн зүйлийг элэглээд байдаг, илбэч эрдэмтэй бичин” жилтэн тэр бөлгөө. Тиймээс юм бүхэнд авхаалж самбаатай, овсгоотой. Хүн хийе бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй зүйл бүтэхгүй ажил байхгүй гээд л зүтгэнэ. Энэ нь түүний бусдаас ялгарах давуу тал. Барилдаад уначихаараа дахиад нэг үзчихье гээд зууралдаад салахгүй. Хэрвээ тэр урлаг, спортоор тууштай хичээллэсэн бол юм дуулгах байсан нөхөр. Техник мэргэжлийн сургуулийн оюутан явахдаа гар бөмбөгийн шилдэг холбогч байж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж явсан “толгой”.  Мөнхүү нийтийн цэнгээнт бүжгийг гаргууд хийнэ. Баяжуулах үйлдвэрийн ахмадын “Од” бүжгийн хамтлагийн гишүүн. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан,урлаг спортын олон талын авьяастай, ийм нэгэн элдэвтэй эрийн энгэрт эрхэт төрийн одон гялалзах цаг ирсэн мэт ээ.

 


Т.БАТЧУЛУУН
 

     Энэ сарын 12-нд Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Архивын товчооны дарга Б.Одонтуяа нар хамтран ажиллах, туршлага судлах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хоёр тал архивын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, цахимжуулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Энэ үеэр Б.Одонтуяа: “ Бид энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүдээ солилцох, төрөл  бүрийн сургалт явуулах, цахим  программ хангамжийн туршлага солилцох  зэрэг мэргэжлийн чиглэлийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байна” гэв.  Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүд, хотын найман дүүрэг, ЗДТГ-ын архивын тасгийн дарга нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцлоо.


М.ЖАВЗАНПАГМА

     Дорнодын талаас газрын тос оргилсон тэр намар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагбулагт цагаан дээлээ үнэт тосоор мялаан сэтгэл дүүрэн инээд алдан буй дүрс бүхий мэдээг телевизээр үзэж байхдаа  хожим уул уурхайн сэтгүүлч болоод эрхэм энэ хүмүүнтэй ярилцаж суухын чинээ зүүдлээгүй явлаа. Хүний амьдрал баялаг агаад таашгүй. Бид гурвантаа уулзаж эрдэс баялгийн салбарын талаар ярилцаж байгаа ч энэ удаагийнх илүү элгэмсүү, нээлттэй өрнөлөө.

-Та Завхан руу сайн явж ирэв үү?
-Сайхан яваад ирлээ. Би чинь Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн шүү дээ. Бунхантын өвөлжөөнд төрсөн юм.

-Бунхант гэдэг ямар учиртай нэр вэ?
-Манай өвөлжөөний бэлд найман бунхан байдаг юм.Их Монголын үеийн язгууртан хүмүүсийн булш оршдог юм гэнэ лээ.

-Ингэхэд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би долоон нас хүртлээ нутагтаа байсан. Аав маань намайг таван настай байхад өөд болсон. Бага дүү Жамбалралди маань нэг ой дөнгөж өнгөрч байсан. Дүүгээ харж, ойр зуурын аргал түлээ ойртуулах төдийхнөөр ээждээ тусалдаг байсан биз. Манайх Хавцгайт, Шаврын гол хавиар зусдаг, Бунхант, Ханан, Тулгын өвөлжөө сэлгэн нутагладаг айл байсан юм билээ. Би Бунхантад, миний дүү Дондовсамбуу Хананд, бага дүү Жамбалралди Тулгад төрсөн гэдэг. Өвөлжөөний орчимд худаг, ус байхгүй цасны хунгар хайлж уудаг байлаа. Зун Шаврын голоос усаа зөөнө. Хүний өөрийн хурга ишиг эргүүлсэн шиг өдрийг өнгөрөөнө. Айлын хүүхдүүдтэй шилбүүр унаж уралдаж тоглох ийм л ажилтай байсан байх.

-Та хэдтэй хотод орж ирсэн бэ?
-Намайг найман нас хүрэх жил ээж маань хотод нүүж ирсэн. Нүүх ч гэж дээ, тэмээний тэнгийн нэг талд хамаг хөрөнгөө хийсэн, нөгөө талд нь намайг арганд хийгээд тэгнэчихсэн, 10-аад хонь туугаад, ээж минь хээр морио унаад, гэр оронтойгоо нүүж явсан Галбадрахынх гэдэг айлыг бараадан сар гаруй явж Улаанбаатар гээч газар ирж байлаа шүү дээ.

-Та чинь хоёр дүүтэй юм шиг байсан. Яагаад ганцаараа тэмээнд тэгнэгдэж ирдэг билээ?
-Дондовсамбууг багад нь авга ахынд өргүүлчихсэн юм билээ. Бага дүү Жамбалралдийг зун хот руу явахын даваан дээр айл ирээд аваад явчихсан. Би дүүгээ өгөхгүй гэж уйлж унжиж, зуураад тавихгүй өчнөөн юм болсон. Хөөрхий дөө, муу ээж минь хүн танихгүй, газар мэдэхгүй нутагт хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрахав гэж бодож, бас үр хүүхэдгүй нэг ч гэсэн айлд үрийн заяа хайрлах гэсэн юм байлгүй дээ. Чи хэрэггүй юм асууж байж баахан гуниг зарлуулчих юм. Гэхдээ яахав, миний хүүхэд нас энэ.

-Бүр сэтгэл эмзэглэчихлээ, уучлаарай. Та тэгээд хотод ирээд ямар сургуульд оров?
-Хотод ирээд Амгаланд суурьшсан. Амгаланбаатар хотын 8-р сургуульд бүртгүүлэхээр хамар хашааныхаа хүүхэдтэй очсон юм. Бүртгэж байгаа багш овог нэрээ хэл гэсэн. Би ойлгохгүй дуугүй зогсоод л байсан. Багш асуултаа давтахдаа чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь би Очирбат гэсэн. Аавын чинь нэр хэн бэ? гэхэд нь би аав байхгүй гэсэн. Тэгвэл ээжийнхээ нэрийг хэл гэсэн. Би Пунсалмаа гэж хэлсэн. Энэ өдрөөс би Пунсалмаагийн Очирбат болсон хүн дээ.

-Та яагаад аав байхгүй гэж хэлсэн  юм бэ? Та аавтай ш дээ.
-Тийм л дээ. Гэхдээ бурхан болсон хүний нэр хэлж болохгүй. Лам хувраг байсан хамаатан садан, ойр төрлийн хүнийхээ нэрийг хэлдэггүй цээрлэдэг байсан болохоор тэр байх. Миний аав Гонсын Гэндэнжав гэдэг чинь Галуутайн хүрээний зурхайч лам байгаад хүрээ хийдийг тараахад “хар” болж ээжтэй минь гэрлэж, би төрсөн юм гэнэ лээ. Чи мөн үгэнд дуртай хүүхэд юм аа.

-Уучлаарай, мэргэжил минь ийм юм аа. Хэр сурагч байсан бэ?
-Би бусдын адил л хүүхэд байсан. Бөмбөг өшиглөдөг, лабтуу цохидог, ширээний теннис тоглодог, бас ном уншдаг, онц сурдаг сурагч байсан. Харин аравдугаар ангиас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхсон. Харамсалтай нь миний хүслээр болоогүй.

-Та Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн байх аа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Аж үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан мэргэжилтнээр нэг жил ажиллаад Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр томилогдож зургаан жил ажилласан. Эндээс миний ажлын гараа эхэлсэн гэж үздэг дээ.

-Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар ажиг сураг сонсдог байв?
-Хамгийн түрүүн Эрдэнэтийн овоо гэдэг газар Чехүүд хайгуул хийдэг гэж сонссон. Харин Эрдэнэтийн үйлдвэрийн талаар бол 1972 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилогдоод байхад Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудлыг хариуцаж ажиллахыг М.Пэлжээ сайд надад үүрэг болгосон.

-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй эрт холбогдсон юм байна...?
-Би Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй 1972 оны тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн холбогдсон. Энэ өдөр намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилсон юм. М.Пэлжээ сайд намайг дуудаж уулзаад эхэлж хэрэгжүүлэх долоон төрлийн ажлын даалгавар өгсний нэг нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудал байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудал Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд мөрдөж байсан журам дүрмийг зөрчсөн, дүрмийн гадуур урьд өмнө байгаагүй хурдтай тоглолт болсон юм. Ордын нөөц батлагдаагүй байхад ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлах, улмаар уулын баяжуулах үйлдвэрийн техникийн зураг төслийн даалгавар боловсруулах, уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот, төмөр зам, авто зам зэрэг барилга байгууламжийн талбайг сонгох комисс байгуулагдан ажиллах шийдвэрүүд ар араасаа ойрхон гарч хэрэгжүүлсэн.

Эрдэнэтийн Зөвлөлийн гурван дарга Костин Владимир Николаевич, Пунсалмаагийн Очирбат, Дугарын Рэнчинханд нар. 1974 он.

-Та түрүүн ордын нөөцийг баталсны дараа хийгдэх ажлууд түрүүлээд хийгдээд явсан юм ярилаа. Ордын нөөц чухам хэзээ батлагдсан юм бол?
-Эрдэнэтийн овооны Зэс-молибдений ордын нөөцийг Зөвлөлт, Монголын нөөцийн комиссуудын хамтарсан хурлаар 1972 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан шиг санагдаж байна. Чи түрүүн Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй та ямар холбоотой вэ? гэж асуусан. Товчхон хэлбэл 1972-1976 онд болсон Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл явдалд би холбоотой.

-Тэгвэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан таны хувь нэмрийн тань талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна л даа.
-Эрдэнэтийн бүтээн байгуулалтад нэг хүнд хамаатуулах юм тун бага. Энэ бол хамтын бүтээл. Тэр тусмаа Монгол, Зөвлөлтийн олон арван зураг төслийн байгууллага, олон мянган барилгачин, олон зуун инженерийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Новиков нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр байгуулагдахаас өмнө 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны ордыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ, техникийн зураг төслийг Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар батлуулах болон засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажилд тус салбарыг хариуцсан орлогч сайдын хувьд байнга оролцож ажилладаг байлаа. Эрдэнэтийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бол цэвэр манай яамны, миний хариуцах ажил байсан. Би энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага нь Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл байсан. Энэ Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга нь би байлаа. Зөвлөлтийн хэсгийн дарга нь эхлээд ЗХУ-ын өнгөт металлургийн яамны орлогч сайд Костин Владимир Николаевич, дараа нь Тюряков Александр Феодорович болсон. Хамтын үйлдвэрийн Зөвлөл анхныхаа хурлыг 1974 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийж хурлыг Монголын хэсгийн дарга би даргалж, хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлаар Зөвлөлтийн иргэн Шлыков В.А-ийг, нэгдүгээр орлогч захирлаар Монголын иргэн Д.Лхагвасүрэнг томилж байлаа. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны орлогч сайд Э.Бямбажав, Материал техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга А.Юндэндорж, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны орлогч дарга Д.Жамбалдорж, Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны төлөвлөгөөний хэлтсийн дарга Г.Дорж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн нар байсан. Эд нар мартагдах учиргүй анхдагч хүмүүс юм шүү. Бид Эрдэнэтийн асуудлыг хамтарч шийддэг байсан. Би энэ ажлыг 1976 оны зургадугаар сар хүртэл хийгээд өөрийн хамтран зүтгэгч Дугарын Рэнчинхандад хүлээлгэн өгч байлаа.

-Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон түүхээсээ хуучлаач?
-Эрдэнэтийг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас нь эхлээд шүүлт хийх, нэмэлт өөрчлөлт хийж холбогдох дээд байгууллагад оруулж, хамгаалж батлуулах, барилга байгууламжийг эхлүүлэх, анхны 4 сая тонн хүдэр олборлох, ил уурхайг ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний жилд нь эзэмших техник-технологийн болон мэргэжилтэй ажилчдаар цаг хугацаанд бэлтгэх ажлыг бүрэн хангаж байлаа. Энэ нь үйлдвэрийн дараагийн ээлжүүдийг ашиглалтад хүлээж авах суурь болдог юм. Уулын инженерийн хувьд оруулсан хувь нэмэр гэвэл Эрдэнэтийн овооны ордын ашиглалтын систем, горимын тооцоог хийж зураг төсөлд нь өөрчлөлт оруулах санал тавьж, уулын үндсэн малталтын эхний үеийн хэмжээг 14 саяас 7 сая шоо метрээр багасгаж анхны хөрөнгө оруулалтыг 30 сая рублиэр багасгаж, тэр хөрөнгийг Засвар механикийн заводыг барихад шилжүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлж байлаа. Энэ аргачлал дээрээ үндэслэн Техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр 1975 онд хамгаалсан юм. Ингэж Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.

-Ер нь та дэлхийд данстай энэ үйлдвэрийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд оруулсан өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгдэхүүний үнэ тогтоох, валют санхүүгийн тооцооны аргачлалын зөрүүгээс шалтгаалж 1981 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай, Монгол улсаас дотаци өгдөг байлаа. Энэ нь Зөвлөлтийн гадаад худалдааны доогуур, Монголын дотоодын бөөний үнийн дээгүүр байсны зөрүүгээс үүдсэн алдагдал байсан. Энэ гажуудлыг Монголын эдийн засагчид арилгах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд 1984 онд талууд харилцан зөвшөөрч хэвийн болгосон юм. Ер нь Эрдэнэтийн үр ашиг өгөөжийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө тэндхийн үе үеийн удирдлагууд байнга санаачилгатай ажиллаж, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж, хүч чадлаа нэмэгдүүлсээр уурхай гүнзгийрэх тутам хүдрийн агуулга буурдаг байгалийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй хамгаалж, өндөр байлгаж чадсаар ирсэн гавьяатай улс.Зах зээлд шилжих хүнд үед монголын эдийн засгийг малчид, уурхайчид нуруундаа үүрч гарсны дотор Эрдэнэт үйлдвэр гадаад худалдааг бараг дангаараа авч гарсан шүү дээ. Эрдэнэтийн гүйцэтгэсээр байгаа нэг гавьяат үйлс бол уул уурхайн мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг “Их уурхай” болж чадсан явдал юм. Уурхайн “хүмүүн капитал” гээчийг жинхэнээр нь үйлдвэрлэдэг газар бол Эрдэнэт. Мөнгөн болоод хүмүүн капиталыг 40 жил үйлдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэр дахиад 40-өөс доошгүй жил тасралтгүй үйлдвэрлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол уурхайчин бидний итгэл юм шүү.

-Хэрэв та Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх байсан бэ?
-Хэрэв би Эрдэнэтийн Ерөнхий захирал байсан бол Шагдарын Отгонбилэг болон түүний багийнхны хийснийг л хийх байсан. Эдүгээ цагийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, түүний багийнхны хийж байгааг л хийх байсан. Ш.Отгонбилэг бол социализмын хаалттай хязгаарлагдмал үед Монголын уул уурхайг дэлхийд нээж өгсөн хүн. Бадамсүрэн бол дэлхийн уул уурхайг монголд нээж байгаа хүн. Энэ онд Бадамсүрэн дэлхийн 15 орны уул уурхайн салбарынхныг Эрдэнэтэд цуглуулж тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлж чадаж байна билээ. Би очиж үзсэн. Бахархаж байсан. Залуу байсан бол хийх л ажил даа гэж бодож явсан.

-Монголын уул уурхайн салбар таны амьдралтай салшгүй холбоотойг гэрчлэх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэж тухайн хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг эд юмаа. Би төрийн тэргүүн байж үзлээ. Хийх ажил их байсан. Тэдэн дотроос давын өмнө өнөө л уул уурхайгаа шүүрээд авсан байх юм. Улсын валютын сан хөмрөг дундраад ирэхийн цагт юун түрүүнд “Алт хөтөлбөр” толгойд ороод ирэх юм. Бензин шатахууны гачигдалд ороод ирэхээр “Нефть хөтөлбөр” өөрийн эрхгүй хөтлөөд явах юм. Их Британы дэлхийд алдартай Бритиш Петролиум компани дээр Лондонд очоод манай монголд нефть байна уу? гэж сураглаад, дагуулж ирж судлуулаад, Америкийн СОКО интернейшнлийн Эдуард Сторийг ятгаж байж өрөмдүүлээд баярлахдаа гоёлынхоо дээлийг нефтээр мялааж байлаа шүү дээ. Үүнээс сайхан дурсамж гэж юу байхав.

-Таны энэ цагийн бодол, мөрөөдөл...?
-Алт, Нефть, Оюу толгой, Таван толгойн баялаг ард түмний минь нурууг тэнийлгээд сэтгэлийг нь амраагаад өгөөсэй л гэж бодож мөрөөдөж сэтгэлээ чилээж сууна даа.

-Таны үр удмаас мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний зээ хүү Аранжиндорж Санктпетрбургийн Уул уурхайн их сургуульд суралцаж төгссөн. Уулын инженер. Миний бага охин бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Эрдэс баялгийн салбарын бизнест хүчин зүтгэж байна.За, үг олдож үхэр холдлоо. Ингэсхийгээд өндөрлөх үү дээ, хоёулаа.Эрдэнэтийн гэрэлт ирээдүйд итгэл төгс байна. Уурхайчдадаа 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Цаг зав гаргасан танд баярлалаа.


Эрдэнэтийн Зөвлөлийн хоёр дахь дарга Тюряков Александр Феодорович, Пунсалмаагийн Очирбат нар. 1990 он.


М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сард 712 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулсан нь төлөвлөгөөнөөс 14 сая кВт-аар илүү гарчээ. Тайлант хугацаанд хүдэр боловсруулах төлөвлөгөө  101,8 хувийн биелэлттэй байсан нь ийнхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэхэд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр гурван тарифт тоолуур хэрэглэснээр үйлдвэрийн хэмжээнд 2,2 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна. Мөн  269 мянган Гкал дулаан хэрэглэсэн нь төлөвлөгөөнөөс даруй 21 мянган Гкал-аар хэтэрчээ. Энэ хугацаанд цэвэр ус 18 сая м3, бохир ус 5,2 сая м3, эргэлтийн ус 59,3 сая м3-ийг хэрэглэжээ.

Я.ЭНХ

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Эрдэнэт үйлдвэр эхний 9 сард

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100-116 хувиар биелүүлэв. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад манай уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллалаа. Энэ хугацаанд  400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Я.ЭНХ

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог