Үйлдвэрлэл

   

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 21 дэхтөгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд  уул уурхайн инженер, бизнесийн удирдлагын мэргэжлээр70 орчим оюутан төгсөж, бакалавр, магистрын диплом гардан авав.

     Тодруулбал, энэ өдөр уул уурхай, бизнесийн удирдлага хөтөлбөрөөр бакалавр зэрэгтэй 36, магистр зэрэгтэй 33оюутан төгслөө. “Эрдмийн баяр”-ыг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тэрээр энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Технологийн сургууль нь “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон өөрчлөгдсөнийгонцлов. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан эрдэмтэн, доктор, хүндэт профессор, зөвлөх инженерүүд оролцож, шинээр төгсөгчдөд баяр хүргэхийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээ ажил хөдөлмөрийн талбарт амжилт бүтээл дүүрэн зориулж ажиллахыг ерөөлөө.

    Тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг 3.2-оос дээш голч дүнтэй дүүргэсэн хоёр оюутныг ШУТИС-ийн шилдэг оюутнаар шалгаруулж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн газарт ажлын байраар хангах батламж гардуулсан юм. Шилдэг оюутнаар тодорсон Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч  Б.Ишдорж, П.Бат-Эрдэнэ нар зууны манлай үйлдвэрийн ажилтны эгнээнд шилжих эрхтэй боллоо.    

    Технологийн сургууль буюу “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2019-2020 оны  хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрт олон шинэчлэл хийсэн байна. Тухайлбал, Боловсролын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа батламжлуулж, энэ хичээлийн жилд олон улсын чанарын стандарт хэрэгжүүлжээ. Цаашид тус сургууль нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Монголын уул уурхайн шилдэг боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилтоо улам чанаржуулан ажиллахаар зорьж байна.

 

М.Балжинням

Фото: Б.Булганбаатар

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МҮХАҮТ, Орхон, Булган аймгийн ЗДТГ, тус аймгууд дахь танхимын салбар зөвлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцсон “Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган амжилттай өндөрлөлөө. Холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгож, асуудлыг дор бүр нь шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр уламжилсан. МҮХАҮТ-аас чуулганд оролцогчдод зориулан хувь хүний хөгжил болоод эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхэд яах ёстой вэ, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр юу хийх вэ гэсэн асуултын хүрээнд хагас өдрийн сургалт зохион байгууллаа. Тус танхимын гишүүнчлэлтэй байгууллага, хувь хүмүүс Орхон, Булган аймаг дахь салбараас гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээлэл хүлээн авч, сургалт зөвлөгөөнд хамрагддаг байсан бол энэ удаагийн танхимын сургалтаар тал бүрийн цогц мэдээлэл авснаа тэд илэрхийлж байлаа. Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих хамгийн таатай хувилбар, гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ. Хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчдын санал бодлыг сонслоо.  

МҮХАҮТ-ын газрын дарга Б.ЭРДЭНЭБАТ:

Албаны хүмүүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо

    -Та чуулганыг дүгнэн юу хэлэх вэ?

    -Чуулганыг амжилттай зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон, Булган аймгийн салбар танхим болон Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин оролцлоо. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн зарчмаар сум, орон нутагт бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэгт санал санаачилга гаргалаа. Ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо. Үзэсгэлэнгээс бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бодитоор үзэж харсан. Мөн үйлдвэрлэгчид Эрдэнэт үйлдвэрт ханган нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан нь чуулганы бодит үр дүн юм. Саналуудыг нэгтгэн цаашид ажил хэрэг болгон ажиллана.

Орхон аймгийн “Эрдэнэт газар өгөөж хоршоо”-ны дарга О.ЦЭЦЭГСҮРЭН:

Хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо

    -Өнөөдрийн чуулганаас авч үлдсэн зүйл юу байна вэ?

   -Сургалтаас маш олон мэдээлэл авлаа. Бизнесийг яаж эхлүүлэх вэ, ямар зарчмаар явуулах вэ гэдэг маш чухал юм байна. Төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэрэгтэй мэдээлэл авсан. Миний хувьд газар тариалан эрхэлж, хүнсний болон даршилсан ногоо, жимсний чанамал үйлдвэрлэж байна. Өнөөдрийн сургалтаас өөрийн бизнест дүн шинжилгээ хийж, алсын хараа муу байна уу даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо. Чуулганд оролцсондоо ихэд олзуурхаж байна, зохион байгуулагч нартаа баярлалаа.

Булган аймгийн Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал П.СҮХБААТАР: 

Бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл

 

    -Та хаанаас оролцож байна вэ, үйлдвэрлэгчийн хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

    -Би Булган аймгаас чуулга уулзалтанд оролцохоор зорьж ирсэн. Манайх дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор зулын шар тос, саван, малын ясыг дахин боловсруулах аргаар гаргаж авсан эрдэст уурагт тэжээл зэрэг таван нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Өнөөдөр эко савангаа танилцууллаа. Үйлдвэрийн удирдлагууд судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хэрэгтэй зүйл санаачилсан МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэрт талархал илэрхийлье. ӨМӨЗО-ны Баяннуурын хил дамнасан цахим худалдаа буюу “Е экспорт төсөл” ихээхэн анхаарал татлаа. Урд хөршид үзэсгэлэн худалдаанд оролцохдоо том зах зээл ямар байдгийг харсан. Тиймээс бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл юм.

    “Монгол хүнс” үйлдвэрийн захирал Л.БААСАННЯМ:

Бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна

     -Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар алхам хийж байна вэ?

    -Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг миний хувьд төр, орон нутгийн удирдлагуудтайгаа ойроос уулзах боломж гарсанд баярлаж байна. Манайх талх, нарийн боов дагнан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд ЖДҮ-ийн төсөлд хамрагдаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Сурилуулалтын ажил хийгдээд удаагүй байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сайжрахын хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирна. Тиймээс бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна. Хөгжих боломж их бий. Хамгийн гол нь гарцыг хайж, зөв гэж үзсэн замаар явах хэрэгтэй. Өнөөдрийн чуулган бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

   
 
    “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулганы хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Ажлын гутал хувцас, хор саармагжуулах болон эрүүл мэндийн эко бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, модон эдлэл, уран зураг, төмөр хийц, үүрэн телефоны компани, банк санхүү, арьс ширэн эдлэл, хэвлэлийн компаниуд дор бүрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан. Чуулганы оролцогчид үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонслоо. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал сэтгэгдлийг нь хуваалцлаа. 
 
Булган аймгийн “Эко Хялганат хоршоо”-ны дарга Т.ДААРИЙМАА: Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа
 
 
    Бид 2014 оноос хоршооны зохион байгуулалтад орж, өнөөдрийн байдлаар 18 хүнтэй, 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үзэсгэлэнд эмийн ургамал, зөгийн бал, жили, цэцгийн тоос, зөгийн балтай гишүүний чанамал гэсэн бүтээгдэхүүнээр оролцлоо. “Монголын үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоодын холбоо”-ноос энэ онд манай хоршоог жишиг болгохоор сонгосон. Чуулга уулзалтад Булган аймгаас төлөөлөл болж ирсэндээ баяртай байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа. Цаашдаа хамтран ажиллах олон гарц, боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна. 
 
“Тугалхан” нунтаг ааруул үйлдвэрлэгч Б.ЧУЛУУНБАТ: Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог 
 
    Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир сумаас ирсэн сарлагийн цагаан идээгээр нунтаг аарц, ааруул боловсруулан худалдан авагчдад хүргэж байна. Энэ бүтээгддэхүүнээ хүмүүст таниулах гэж хагас жилийг зарцуулсан. Улаанбаатарын томоохон супермаркетууд маш их сонирхож байна. Хүнсний нэмэлт тэжээл гэдэг утгаараа борлуулалт сайтай, эрэлт ихтэй болсон. Хатуу ааруул идэхээс татгалзаж байгаа хүмүүс өдөрт хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой. Цаг үеэ олсон чуулган боллоо. Бизнес эрхлэгчдэд хүлээлт их байсан. Аливаа зүйлийг хөгжүүлье гэвэл мэдээлэл сайн өгөх ёстой. Чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах нь оновчтой гэж харлаа. Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог. Удирдлагууд үзэж харж, танилцлаа. Бид чадах хэмжээндээ хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байна.
 
“БЭККО” ХХК-ийн захирал Б.БЭХБАЯР:  Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломж их бий
 
 
     Манай компани 2019 оны 4 дүгээр сараас үйлдвэрлэлээ эхэлсэн. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь боловсон хүчний олдоц, мэргэшсэн байдал, нийгмийн хангамжийн асуудал талаасаа давуу талтай. Харин гол хэрэглэгчиддээ хүргэх газарзүйн байршлын хувьд алс байна. Үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаа өөрсдөө хийдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаа их бий. Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломжтой. Орон нутагт аймаг, Эрдэнэт үйлдвэр л түших гол газрууд маань болж байна. Дотоодын давуу эрх олгох талаар өнөөдрийн форум дээр их яригдлаа. Манай бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээ, чанарын сертификатаа авч, Олон Улсын чанарын шаардлага хангана гэж гарч ирсэн. Манай компанийг судална гэсэн, бид итгэлтэй байна. Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаатай цөөн компани байдгаас хангайн бүсэд ганц манайх бий.  “Оюутолгой” ХХК-ийн тендерт оролцоход бүс нутгийн хөгжлийг дэмжинэ гээд говийн компаниудаа сонгосон. Бид Улаанбаатар, мал эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрээ хангана гэж зорьж байгаа. Манай компаниас жилдээ 100 мянган ширхэг бүтээгдэхүүн худалдан авъя гэвэл 20 оёдолчныг ажлын байраар хангаад явах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэнээр олон ажлын байр бий болж, түүнийг дагасан орон нутгийн татварын хэмжээ өсөх, нийгэм дэх ядуурал буурах зэрэг олон хам шинжтэй. Хуулинд орсон нэмэлт өөрлөлтүүдийг сонсоход сайшаалтай байна. Энэ бүхэн биеллээ олох байх. 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Орхон аймагт зохион байгуулж байна. Чуулганд 400 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр хүрэлцэн иржээ. Мөн, энэ чуулганы үеэр зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчлалаа.
   Чуулганд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц.Батзул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тэргүүтэй Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-ын төлөөллүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд оролцлоо. 
    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох чиглэлд илүүтэй анхаарч, 16 аймагт түншлэл бий болгосон талаар дурьдаад, дотоодын үйлдвэрлэгчдэд дангаар бус хамтарсан хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй болохыг онцолсон. МҮХАТ нь ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад зах зээлд арьс шир, ноос ноолуур, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох өргөн боломжтойг тэмдэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн шинэ модульд томоохон уул уурхайн компанийг түшиглэн бичил бизнесийг хөгжүүлэх тухай тусгажээ. Энэ ч утгаараа Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан өнөөдрийн чуулган өндөр ач холбогдолтойг тэрээр онцоллоо. Монгол Улсын хэмжээнд тогтоодог өрсөлдөх чадварын 2019 оны үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлсэн бол Булган аймаг жагсаалтын 21-рт бичигдсэн. Хоёр аймаг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжихөд энэ удаагийн чуулган эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ. 
 
 
    Бизнес эрхлэгчидтэй 2019 оны ололт амжилтаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаагаа зөвлөлдөн, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсохоор зохион байгуулж буй чуулганы нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах боломжийн талаар цэгцтэй ойлголт өгөхийг зорьлоо. Бид 2019 онд амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Бид 2020 онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ. Уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуйн төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. 
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа чуулганд оролцогчдод тавьсан илтгэлдээ, үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалтын бодлого, орон нутгийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтыг зах зээлийн үнийн түвшинд, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласнаар 2019 онд худалдан авалтаас 60 тэрбум төгрөг хэмнэсэн тухай тэрээр танилцуулсан юм. Мөн үйлдвэрийн худалдан авалтын бүхий л мэдээлэл шилэн болж, www.tender.gov.mn сайт дээр нээлттэй, ил тод байршиж байгааг Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдэд хэллээ. 
     Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2016 онд 5.2 тэрбум, 2017 онд 14.6 тэрбум, 2018 онд 46 тэрбум, 2019 онд 48.2 тэрбум төгрөгийн өссөн дүнгээр дэмжиж худалдан авалт хийсэн байна.
И.Чинтогтох
Фото:Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог