Д.ТӨГСБАЯР: Хөдөлмөрийн гэрээний хариуцлагын заалтуудад өөрчлөлт орсон Онцлох

13 5-р сар 2019 12:00
419 удаа үзсэн

     “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар болон статус өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж байна. Энэ ажлын явц болон гэрээнд нь ямар өөрчлөлт орж буй талаар Хуулийн хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяраас тодруулсан юм.

     -Статус, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэл шат дараатай хийгдэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
     -
“Эрдэнэт үйлдвэр”-ийн статус 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 23-р тогтоолоор Хязгаарлагдмал хариуцлагатай компани байсныг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллуулахаар өөрчлөн байгуулах, үйлдвэрийн газрын дүрэм болон удирдлагуудын эрх хэмжээг тогтоон баталж өгсөн. Үүнээс хамаарч эрх зүйн баримт бичгүүдийг өнөөгийн нөхцөл байдалд  нийцүүлэн шинэчлэх, боловсруулах зайлшгүй шаардлага урган гарсан.

     -Ерөнхий захирал Хөдөлмөрийн дотоод журмыг саяхан баталсан. Үүнийг дагаад Хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдэх байх...?
     -2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ерөнхий захирлын А/294 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж мөрдөж эхэллээ. Мөн өдрийн Ерөнхий захирлын А/293 дугаар “Хөдөлмөрийн гэрээний загвар баталж, мөрдүүлэх тухай” тушаалаар тухайн хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн батлуулснаар дараагийн шатны ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

     -Хөдөлмөрийн шинэ гэрээний заалтад өөрчлөлт орсон уу, эсвэл нэршил, тамга солих байдлаар дахин байгуулах юм уу?
    
-Хөдөлмөрийн гэрээний заалтуудад шинээр батлагдсан нэршил болон тодорхой хэсгүүдэд өөрчлөлт орсон. Өмнө нь компанийн зохион байгуулалтаар ажиллаж байсан бол өнөөдөр Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтаар явж байна. Тэгэхээр өмнө нь компанийн тухай хуулийг мөрдөж байсан бол өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг мөрдөж ажиллахаар өөрчлөгдсөн байгаа. Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын болон Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтнуудын хариуцлагын хэсэгт тодорхойгүй байсан зарим заалтыг боловсронгуй болгож өгсөн.

     -Тухайлбал...?
     -Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд чөлөө олгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, нууцлал хадгалах зэргийг нарийвчлан заасан. Түүнээс гадна Хамтын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ хоорондын уялдаа авцалдааг шинэчилсэн загварт тусгаж өгсөн.

     -Ажилтнууд Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахдаа юуг анхаарах ёстой вэ?
     -Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч  болон ажилтнуудын хувьд хамгийн чухал баримт бичиг. Иймээс хүний нөөцийн менежерүүд Хөдөлмөрийн гэрээний шинэчилсэн загварыг ажилтнуудад маш сайн танилцуулах, өөрт нь уншуулсны дараа гэрээ байгуулах хэрэгтэй. Учир нь Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч, ажилтан хоёр аль аль талдаа санал болгож, танилцаж байж байгуулах ёстой баримт бичиг юм. Өмнө нь Хөдөлмөрийн гэрээ байгуулахад тайлбарлан таниулах үйл явц дулимаг байсныг үгүйсгэхгүй. Ажилтан хүн Хөдөлмөрийн гэрээгээр ямар эрх, үүрэг, хариуцлага хүлээснээ мэдэх нь нэн чухал юм.

     -Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ажил хэдий хугацаанд хийгдэх вэ?
    -Бид аль болох богино хугацаанд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Бүтцийн нэгжүүдэд харилцан адилгүй хугацаа шаардана. Үйлдвэрийн томоохон нэгжүүд олон ажилтантай учраас хугацаа нэлээд орно. 1000 гаруй ажилтантай цех ч бий шүү дээ. Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний загварыг гарын авлага байдлаар хэвлээд ажилчдадаа таниулах үйл ажиллагаа явуулж байгаа сайшаалтай цех ч байна. Цөөхөн ажилтантай цех, нэгжүүдийн хүний нөөцийн менежер нь уншиж танилцуулах, сургалт явуулах байдлаар гээд янз бүрийн арга хэлбэрээр ажил урагшилж байна.
     Ер нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 50-иад бүтцийн нэгжтэй байхаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан. Эдгээр бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг энэ сард багтаан боловсруулж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулахаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс хамтарсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

     -Цаг гаргасан танд баярлалаа.
 

М.ОДГЭРЭЛ

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 13 5-р сар 2019 02:07
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог