Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 20 12-р сар 2019
    Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвд төмөр замын засвар үйлчилгээний зориулалттай ПРМ-5У маркийн машин хүлээн авлаа. ОХУ-д үйлдвэрлэсэн уг техник нь төмөр замын битон дэр солих, хотойсон замыг чигжиж нэг түвшинд хүргэх, муруйсан гүйлттэй замыг тэгшлэх зориулалттай аж. Энэхүү жижиг оврын машин цагт 35 ширхэг битон дэр солих хүчин чадалтай.  Өмнө нь тус төвийн Замын аж ахуйн хэсгийн ажилчид 280 кг жинтэй төмөр битон дэр солих зэрэг засвар үйлчилгээний ажлыг гараар хийдэг байсан. Ийм  техниктэй болсноор энэ ажлаас үүдсэн ажилчдын эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөө арилж, хөдөлмөр хөнгөвчлөх юм. 
                                                                                                                     Я.Энхтуяа
 

    "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Эргэлтийн усны насосны станц дахь ЦН-3000-197 маркийн насосыг Япон улсын ЕBARA корпарацийн насосоор солих юм. Баяжуулах үйлдвэр болон Эргэлтийн ус хангамжийн хэсгийн өгөгдөхүүнийг үндэслэн “600х 400 CJNM” насосыг захиалан хийлгэсэн аж.  Саяхан Ус хангамжийн цехийн  Ерөнхий инженер Б.Баянбат, Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга А.Амарсайхан, цахилгааны механикч Матвеев А.Н нар  Токио хотод томилолтоор ажиллан, насосны туршилтад оролцлоо. Насосыг 24 цагийн турш ажиллуулан даралтын янз бүрийн утганд  түрэлт, цахилгаан эрчим хүчний зарцуулалт, холхивчуудын температур, чичиргээ, дуу чимээний өөрчлөлт зэргийг туршжээ. Мэргэжилтнүүд туршилтын тестийг үндэслэн захиалагчаас тавигдсан бүх үзүүлэлтийг хангасан гэж үзжээ. Түүнчлэн тэд Toshiba Mitsubishi electric industrial systems корпарацид зочлон дээрх насост зориулан үйлдвэрлэсэн  асинхрон хөдөлгүүртэй танилцсан байна.

    ОХУ-д үйлдвэрлэсэн 1978 онд суурилагдсан хуучин насос  цагт 3000 м3 ус шахдаг, 2500 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг бол, “EBARA”-ийн  насос  цагт 4000 м3 ус шахах хүчин чадалтай, 120 м-ийн түрэлттэй, 1800 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг аж. Уг насосыг суурилуулснаар бүтээмж нэмэгдэж, цахилгаан эрчим хүч хэмнэх юм байна. Насос нааш ачигдсан бөгөөд энэ сард багтан Эрдэнэтэд ирэх юм.

                                                                                                           Я.Энхтуяа

    Энэ онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бүтээн байгуулалтын ажилд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, техник, технологийн томоохон шинэчлэлүүд хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлын үр дүнд энэ онд анх удаа 32.2 сая тонн хүдэр боловсруулж, түүхэн дээд амжилт тогтоохоор хичээн ажиллаж байна. Тус цехийн үйлдвэрлэлийн үндсэн хэсгүүд болох Бултан тээвэрлэхээс эхлээд Шүүн хатаах, Хаягдлын аж ахуй хүртэлх бүхий л дамжлага дээр өргөтгөл, шинэчлэлийн ажил өрнөж, бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж ашиглалтад орсноор энэхүү боломж бүрджээ. Дашрамд Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт давж биелсэн амжилттай явна.   

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон 2019 оныхоо төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг шинэ он гарахаас 13 хоногийн өмнө бүрэн биелүүлж, 2020 оны ажилдаа шамдан ороод байна.  Эрдэнэсийн тээвэрчид цехийнхээ өртөг зардлыг 5.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, нэг тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 23 төгрөгөөр хямдруулсан амжилттай ажиллав. Түүнээс гадна үйлдвэрийн газрын зүгээс тус цехэд 17,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, техникийн шинэчлэл хийсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтүүд хугацаанаас өмнө биелэхэд чухал нөлөө үзүүлжээ. 
    Амжилт, бүтээл арвин яваа Авто тээврийн цехийн хамт олон өчигдөр улирч буй оны ажлаа дүгнэн, шилдэг ажилтнуудаа тодруулан шинэ жилийн баяраа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглэлээ. Тус цехийн “Шилдэг шинийг санаачлагч ажилтан”-аар белазын засварчин Э.Улаанхүү, “Шилдэг удирдах ажилтан”-аар бүтээмж, инновацын мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн шалгарсан бол “Шилдэг ажилтан”-аар экскаваторын машинч Б.Баттулга, механик Б.Содгэрэл, автобусны жолооч Х.Сандагдорж, Д.Болдбаатар, ачигчийн жолооч Д.Бямбасүрэн, белазын засварчин Ц.Пүрэвбат, О.Тэмүүжин, У.Энхбаясгалан, жолооч М.Бат-Эрдэнэ, М.Амарзаяа, сантехникийн засварчин Г.Сугарсүрэн, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин Б.Баттөр, манаач Ц.Цолмонтуяа нар тодров. Харин “Шилдэг хамт олон”-оор А.Батдорж даргатай Эрчим зүйн алба, “Шилдэг шинийг санаачлагч хамт олон”-оор Т.Баярбат даргатай Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийнхэн тодорч, шагналаа гардлаа. 
 
М.ОДГЭРЭЛ 
  • Төгссөн сургууль:

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль

Мэргэжил:

Уул уурхайн инженер

Ажилласан туршлага:

Инженер зураг төслийн төвийн инженер зохион бүтээгч, Залуучуудын холбооны тэргүүн

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

ОХУ-ын Братскийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан

Чин хүсэл:

Дэлхий дахинд асар хурдацтай хөгжиж байгаа техник технологийн эрин үед бид амьдарч байна. Монгол залуусын оюуны чадвар дэлхийд гайхагдаж эхэлсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн залуучууд ч техник, технологийн дэвшил дээр суурилсан өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн болох нь чухал юм. Тэрээр Монгол залуус, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн залуусын оюуны чадавхийг дэлхийд нээн харуулахыг зорьж яваа залуу инженер.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

-Орой эрт унтаж, өглөө эрт босож, өглөө бүрийг сэргэг эхлүүлэхийг эрмэлздэг. Өглөө 5-6 цагийн хооронд босож интернет орчны тусламжтайгаар өдөр бүрийн  шинэ мэдээ мэдээлэлтэй танилцан, и-мэйл хаягаа шалгаж, тухайн өдрийн төлөвлөсөн ажилдаа ордог.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Эрч хүч, урам зориг, зорилготой амьдрахад эргэн тойрны хүрээлэл хамгийн их нөлөөлдөг гэж боддог. Миний хувьд гэр бүл, хамт олон, найз нөхөд болон зорилго нэгтэй залуучууд, эргэн тойрны эерэг хандлагатай хүмүүсээс эрч хүч авдаг. Тэдний урмын үг сэргээш болдог.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-Компьютер графикийн аргаар зураг төслийн ажил гүйцэтгэх нь миний үндсэн ажил. Илүү ойлгомжтой тайлбарлавал, импортын бараа бүтээгдэхүүн орлох тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэл, эвдрэл гэмтлийг сайжруулах, металл эд анги болон тоног төхөөрөмж байршуулах, технологийн ба ажлын зураг төслийг хариуцан хийдэг гэсэн үг л дээ. Хийж байгаа ажлаа гүнзгий мэдэх шаардлагатай байдаг тул хувь хүнээс эрэл хайгуулч зан, шинийг санаачлах чадвар илүүтэй шаарддаг. Энэ нь нэг талаар бэрхшээлтэй мэт санагдавч цаг үеэ даган хөгжиж, мэргэжил нэгт нөхөдтэйгээ зэрэгцэн урагшилж, хамт олны хүчээр бэрхшээлийн ард гардаг нь сайхан санагддаг.  

-Яг одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Бусад инженерээс ялгаатай нь инженер зохион бүтээгчдийн хувьд тухайн ажилдаа төвлөрөх, бодох шаардлага их гардаг тул ихэвчлэн чимээгүй орчинд ажилладаг. Нэг жижиг алдаанаас хөдөлмөр, хүч, цаг зарцуулж хийсэн бүтээлээ нурааж мэдэх тул өнөөдрийн нөхцөлд тохируулан оновчтой шийдлээр алдаагүй ажиллахыг хичээсээр ирсэн. Одоогоор Ус хангамжийн цехийн насос суурилуулалтын зураг дээр ажиллаж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?

-Үндсэн ажлынхаа хажуугаар Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоонд идэвхтэн гишүүнээс эхлэн тэргүүний үүрэгт албыг хашиж байна. Энэ ажил маань хувь хүнээс ажлын зохион байгуулалт, цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг ч тэр хэрээр өөрийгөө хөгжүүлж, өдөр бүр сорилттой нүүр тулдгаараа онцлогтой. Үйлдвэрээ гэсэн сэтгэл, эерэг хандлагатай, шинийг эрэлхийлсэн уурхайчин залуустай хамтарч ажиллах нь бага хугацаанд маш шаргуу, өндөр бүтээмжтэй ажиллах, өөрийгөө дайчлах хувь хүний чухал чадварыг надад суулгасан. Энэ жил манай Залуучуудын холбоо 20 жилийн ойн баяраа тэмдэглэлээ. Эрдэнэт үйлдвэрийн төлөө ололт амжилттай бүхнийг санаачлан хэрэгжүүлэх гол хүч нь залуучууд гэж би хардаг. Залуучууд эрхэлсэн ажилдаа тууштай, илүү хөдөлмөрч байж чадвал бүтээн байгуулалтыг цогцлоож чаддагийг Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй ажилласан 41 жилийн түүх тодхон харуулж байна. Бид хамтдаа мэргэжил, мэдлэгээ дээшлүүлж, хамтдаа суралцан, Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлын төлөө зүтгэх болно.

-Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү?

-Хүн өдөр бүр тодорхой хэмжээгээр бусдаас суралцдаг гэж боддог. Би ч бас өдийг хүртэл олон хүнээс суралцсаар явна. Харин хувь хүн өөрийгөө дайчлан суралцах нь амжилтанд хүрэхэд илүү ойртуулдаг гэж ойлгодог. Мөн өөрийн хийж буй зүйлсээс илүү их туршлага олж авдаг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бол эрүүл мэнд. Иймээс эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийхийг чухалчилж байгаа.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр олон мянган баялаг бүтээгчдийн амьдрал,ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж чадсан Монголдоо төдийгүй дэлхийд данстай үйлдвэр. Би 2005 онд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсон. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн залуучуудын тоо эрс нэмэгдэж байна. Манай үйлдвэрийн ирэх 60 жилийн дүр төрх залуучуудаас шалтгаалах учраас залуучууддаа хандаж хэлэхэд хүч чадал, эрдэм мэдлэгээ харамгүй зориулан ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг хүсмээр байна. Залуу хүнийг зорилго нь чимэх учиртай. Хөдөлмөрийн үнэ цэнийг хүн бүрт мэдрүүлж, үр шимийг нь ч харамгүй өгч чаддаг буянтай үйлдвэрт ажиллаж байгаадаа баяртай явдаг.

 

Баасан, 20 12-р сар 2019 00:00

МЭДЭГДЭЛ

2019 оны 12 дугаар сарын 20

   Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газар шууд хяналтад авч онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн статусыг өөрчлөн 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон билээ.

   Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан бөгөөд үүнтэй холбогдуулан үйлдвэрийн удирдлагын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг ханган эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг түүхэн өндөр хэмжээнд хүргээд байгааг энд онцлон тэмдэглэж байна.

   Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд явагдаж, 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө оны эхнээс 100-аас дээш хувиар биелэгдэж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100.0-107.4 хувиар биелэхээр байна. Энэ онд 37 сая тн хүдэр олборлож, 32 сая тн хүдэр боловсруулна.Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт оны эцэс гэхэд 930 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа зэрэг нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Энэхүү үзүүлэлтийг 2016 оны дүнтэй харьцуулахад 5 дахин өсчээ.

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулсан нь  үйлдвэрийн газрын төсөв төлөвлөгөө сүүлийн  жилүүдэд хуулийн хугацаанд батлуулсан тохиолдол болсон нь байгууллагын хувьд засаглалын хямрал арилсны илэрхийлэл болж байна.

   Уул уурхайн салбарт олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, технологийн тасралтгүй ажиллагаатай горимоор ажиллаж, жилдээ 2 их наяд орчим төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийдэг, дэлхийн хэмжээний үйлдвэрийн хувьд орчин үеийн дэвшилтэт найдвартай техник, тоног төхөөрөмж болон сэлбэг, материалын худалдан авалтыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байна.

  Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний удирдлагуудтай холбосон гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны амжилтыг харлуулж, урам зоригийг мохоох, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байгаад харамсаж байна.

  Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед олон нийтийн цахим сүлжээг ашиглан баялаг бүтээгч Уурхайчин хамт олны нэр хүндэд санаатайгаар халдсан, худал мэдээлэл түгээж байгаа нь улс орны нийгэм, эдийн засгийн гол түших баганы нэг Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, удирдлагын түвшинд зорьж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг харлуулах зорилгоор зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.

  Мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг гүтгэлэг, таамаг хэлбэрээр олон нийтэд түгээж буй нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлийн 1 дэх хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрсөн гэж үзэж байна. Тиймээс ор үндэслэлгүй гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээхгүй байхыг анхааруулъя.

  Баримт нотолгоогүй, худал мэдээ, мэдээллийг захиалгаар түгээн, нийтэлж буй зарим цахим хуудас, энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, залруулга хийгээгүй тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс  хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

  Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг нийт ЁС ЗҮЙТЭЙ Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд уриалж байна.   

 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог