З.Жаргалмаа: Цалинтай чөлөөний асуудлаар удирдлагуудад хүсэлт тавина Онцлох

26 2-р сар 2019 12:00
427 удаа үзсэн

     Баялаг бүтээгчдийн эгнээнд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа үйлдвэрийн эмэгтэй ажилчдын эрх ашгийн төлөө үйлчилдэг, тэдэнд чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлдэг байгууллага бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо. Тус холбооны тэргүүн, компанийн Тэргүүлэх хуульч З.Жаргалмаагаас ойрын үед хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь талаар тодрууллаа.

    
- Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа ил тод, нээлттэйгээр бүх гишүүддээ хүрдэг гэж бодож байна. Он гарсаар ямар ажлууд хийгдэж байна вэ?

     - Манай холбоо “Өглөөний клуб” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Клубийнхээ шугамаар долоо хоног бүр үйлдвэрийн эмэгтэйчүүдэд зориулан үр ашигтай, хэрэгцээтэй мэдээ мэдээлэл хүргэх сургалт явуулдаг байсан бол он гарсаар бага зэрэг өөрчлөлт оруулсан. Улмаар сар бүрийн эхний болон гурав дахь бямба гарагт лекц маань зохиогдоно. Өнгөрсөн долоо хоногт Засвар механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Аарцаг нурууны булчин сулрал” сэдвээр их эмч Хажидмааг урьж оролцууллаа. Өмнөх сургалтууд эрүүл мэндийн холбогдолтой олон сэдвээр зохиогдож байсан. Амралтын өдрийн өглөө бусадтайгаа цай уух зуур нэг шинэ юм мэдээд аваасай гэсэн зорилгоор энэ уулзалт, лекцийг хийсээр ирсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь жендерийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгээс олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж, үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоог оролцохыг урьсан. Энэ ажлаар Улаанбаатар хотноо ажиллаж, санал бодлоо илэрхийлээд ирлээ. Ер нь төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллага, уул уурхайн салбар жендерийн асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх ёстой гэж үзсэн учраас энэ баримт бичиг боловсруулагдаж байгаа юм. Жендер гэдэг нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд эрчүүдэд ч хамааралтай. Энэ утгаараа уурхайнууд, олон нийтийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлсэн.

    - Эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
    - Жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны хувьд бүтэн жилийн ажлаа дүгнэдэг онцлог баяр. Тиймээс бид 2018 онд ажил үйлсээрээ манлайлсан Тэргүүний салбар зөвлөл болон хамт олноосоо шилдгээр шалгарсан бүсгүйчүүдээ алдаршуулдаг. Энэ сарын зургааны өдөр тэмдэглэх баярынхаа үйл ажиллагаан дээр үйлдвэрийн хэмжээнд шалгарсан шилдэг есөн эмэгтэйг зарлана. Түүнчлэн, цех бүрээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцдог “Энэ хүүхнүүд үү” тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Багууд гэрийн даалгавартаа “Сайхан нийгэм биднээс” сэдвийн дор нийгмийн хөгжлийн сайн сайхны төлөө юу санаж бодож явдаг болох санал санаачлагыг жүжигчилсэн хэлбэрээр олон нийтэд хүргэнэ. Мөн манай холбооноос эрхлэн гаргадаг “Эрдэнэтийн бүсгүйчүүд” сэтгүүлийнхээ 14 дэх дугаарыг  баярын үеэр авахаар бэлтгэж байна.

    - Баярын өдөр ээлжийн гараатай ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ өмнөх жилүүдэд баярлуулдаг байсан. Энэ уламжлалаа дагах уу?
    - Зохион байгуулагчдын зүгээс тэдгээр эмэгтэйчүүддээ хэдэн жил дараалан бэлэг өгч заншсан. Энэ уламжлалаа дагаж, ажлын байранд нь очиж хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байгаа. Цех бүрт эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулдаг ажлууд гэж бас бий.

    - Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ?
   - Манай холбоо 2113 гишүүнтэй болсон байна.  Энэ нь үйлдвэрийн нийт ажилтны 30 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг. Холбооныхоо үйл ажиллагааг гишүүддээ төдийгүй аймгийн хэмжээнд хүмүүст хүргэхээр үйлдвэрийнхээ Олон нийттэй харилцах албаны FM 107.1-тэй хамтран ажиллаж байна. Цех, нэгжийн зөвлөлийн дарга нар лхагва гариг бүрийн өглөө “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэгт оролцон, хийж хэрэгжүүлсэн ажил болоод бусад сэдвээр яриа өрнүүлдэг.

    - Гишүүдээсээ санал хүсэлт хэрхэн авдаг, яаж шийдвэрлэдэг үү?
    - Юу хиймээр байна, ямар хүсэлт тавих вэ зэрэг хэд хэдэн асуулттай санал асуулга бүхий нэргүй судалгааг өнгөрсөн жил авсан. Үүнээс харж байхад эмэгтэйчүүдэд маань цалинтай чөлөөний асуудал гарч ирдэг. Энэ асуудлаар тодорхой санал боловсруулж, үйлдвэрийн удирдлагуудад танилцуулахаар бэлтгэж байна. Хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилдаа орсон ээжүүдэд чөлөө авах амьдралын олон асуудал тулгардаг. Энэ бүхнийг шийдэж, цалинтай чөлөөг жилд тодорхой тооны өдрүүдэд өгч байх асуудлыг хүргүүлнэ.

И.ЧИНТОГТОХ

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 27 2-р сар 2019 00:58
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог