×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Хөгжлийн түүчээ

Хөгжлийн түүчээ (97)

     Говь нутгийг өвлийн дуранд буулгах аз тохиов. Өвгөн аялагчид өдөр бүр “явахыг хүсэгчид” донтон болдог билээ. Ийм ч учир “Гарамгай аялагч” болох Д.Рагчаа, Д.Цэвэгжав нартай ганзага нийлэн 2018 оны сүүл, 12-р сарын 15-21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд гарлаа.  Зам зуур Монгол улсын уул уурхайн салбар энэ аймагт хэрхэн хөгжил авчирч байгааг бахдан харав. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот, замын дагуух сумд тухайлбал, Цогт-Овоо, Хулд гэх мэт газар урьд жилүүдээс эрс өөрчлөгдөж аялагч, жуулчдад зорчих таатай нөхцөл бүрдүүлсэн нь сэтгэлд өег. Аялагчдын хувьд эцсийн зогсоолд хүрэхэд хамгийн чухал асуудал энэ байдаг билээ. Ёлын ам, Мухар шивэртийн ам болон Хонгорын элс зэрэг аялал жуулчлалын гол цэг хүртлээ засмал зам тавьсан нь жилийн ямар ч улиралд аялал хийх, говийн байгалийг аль ч улиралд сонирхох боломжтой болгожээ. Жинхэнэ Монголын аялал жуулчлалын өвөл цагийн дэлхийн “бренд” болоход хол санагдсангүй. Энд магад, газар эхийн баялаг буянаа хайрласан мэт. Даланзадгад хотод засмалаа дуугайн замтай нь хамт тавьж, шинэ суурьшлын хотдоо орон сууц, соёл урлаг, сургууль, эмнэлэг, театр, цэвэрлэх байгууламж зэргийг орчин үеийн архитектурын шийдлээр байгуулж байгаа нь “Монголын Дубай” болох юм байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Үнэхээр ч зургийн дагуу их бүтээн байгуулалт эхэлсэн байна билээ.
     Аялалын зургаан хоног баярлаж, бахдах, сонирхож, гайхах үйл явдлаар дүүрэн байв. Уулын янгир өнтэй энэ өвөл зам хөндөлсөн тайван бэлчиж, зээрийн сүрэг тэмээн сүргийг бараадан амгалан идээшилж байх нь үнэхээр үзэсгэлэн төгөлдөр ажээ. Зээр сүрэглэн тэмээг дагах дуртай болсон гэж нутгийн ард хуучлав. Тэнгэр баганадсан энэ амьтан салхи нөмөрлөж, тавхайгаараа газар сийрүүлдэг гэлцлээ. Ёлын ам, Мухар Шивэртийн амны ийм мөсөн гангарааг гагцхүү өвөл, хавар л бүрнээр нь үзэх боломжтой. Дэлхийн дулаарлаас улбаалан зун, намартаа мөс нь хайлдаг болжээ. “Гарамгай” аялагчид бид хүүхэд шиг байгаль эхийн мөсөн талбайд өдөржин гулгаж наадсаар хүлгийн жолоог гэрийн зүг залсан юм.  

 

Б.Мажинбуу

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбоо нь уурхайчин залуусынхаа хүсэл зоригийг сонсон, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Жилийн ажлаа дүгнэн цэгнэж, шилдгүүдээ жил бүр тодруулдаг уламжлалтай. Компанийн бүх цех нэгжийн хүрээнд авьяас, мэдлэг, ур чадвараараа үйлдвэрийнхээ нэрийг Монгол улс, Ази дэлхийд таниулсан амжилтаараа дараах залуус шилдгээр шалгарав.  “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар Ил уурхайн ажилчин, Азийн цомын аваргын алтан медальт, шилдэг довтлогч, Монгол улсын Хоккейн үндэсний шигшээ багийн ахлагч, ОУХМ Н.Мишигсүрэн, “ШИЛДЭГ АВЬЯАСТАН”-аар Уурхайчин соёлын ордны хөгжимчин Б.Мөнхзориг, “ШИЛДЭГ ЗАЛУУ АЖИЛТАН”-аар Лаборатори судалгааны төвийн судлаач М.Гантулга, “ШИЛДЭГ УДИРДАГЧ ЗАЛУУ”-аар Автотээврийн байгууллагын Залуучуудын зөвлөлийн тэргүүн И.Батболд, “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”-өөр Э.Ариун-Эрдэнэ ахлагчтай Засвар механикийн заводын залуучуудын зөвлөл тодорчээ. 


     “Эрдэнэсийн эздийн -Их Өргөө” номын гурав дахь цуврал болох “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдалд “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайхны соёлын түүхэн хөгжил” нэртэй шинэхэн ном хэвлэгджээ. Уг ном нь “Уурхайчин” соёлын ордны соёл олон түмний секторын эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Ганчулууных бөгөөд тэрээр 1996-2018 оны уурхайчдын уран сайхны соёлын түүх, хөгжлийн судалгааны бүтээл болсон байна.  Уурхайчдын чөлөөт цагаа өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлдэг газар нь “Уурхайчин” соёлын ордон юм. Энэ ордонд “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсад,  тэдний гэр бүлийн гишүүд урлагаар хүмүүжиж, соёлд суралцаж байдаг. Соёлын аливаа үйл ажиллагааг ажилчдад аюулгүй ажиллагааны дадал олгох, эрүүл мэндээ хамгаалах, хамт олон болон төлөвшихөд нөлөөлөх хэмжээнд зохион байгуулдаг нь “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том ололт, амжилт юм.


У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс
 

     Монгол улсын хүндэт харваач Ш.Даваадоржийн нэрэмжит Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11-ний өдөр Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клубын урд байрлах хөл бөмбөгийн тусгайлан бэлтгэсэн талбайд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 320 гаруй тамирчин оролцов. Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, ахмад гэсэн гурван насны ангилалд явагдаж, аваргуудаа тодруулсан. Ахмадын талын харваагаар улсын мэргэн Д.Батдэлгэр, С.Санжаабаяр нар тэргүүлж, цуваа харваанд Архангай аймгийн харваач, П.Эрдэнэ-Очир түрүүллээ. Архангай аймгийн Цэнхэр сумын өсвөрийн харваач Б.Баянжаргал, Т.Мөнгөнцоож нар улсын аваргаар шалгарав. Залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын, дархан мэргэн Ч.Мандахбаяр ахлагчтай баг түрүүллээ.
     Монгол улсын хүндэт харваач Ш.Даваадорж 1999 онд Эрдэнэт хотноо, Мөсний шагайн улсын аварга шалгаруулах анхны тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 20 жилийн дараа, энэ удаагийн тэмцээнийг түүний үр хүүхдүүд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клуб, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний мөсний шагайн холбоо, Орхон аймгийн “Мөнгөн толь” мөсний шагайн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. 


 

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

 

     Нийгмийн хариуцлагын бодлого зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК дэргэдээ Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучуудын төрийн бус байгууллагуудыг дэмжин ажилладаг. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар  2000 гаруй уурхайчин эмэгтэйчүүд ажиллаж байна. Тэдний нийтлэг эрх ашиг болон мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулан урам тэмүүлэл  өгөх зорилго бүхий Эмэгтэйчүүдийн зөвлөл олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Тэдгээрийн нэг нь жил бүр уурхайчин эмэгтэйчүүдээ манлайлсан оны онцлох эмэгтэй тодруулах үйл ажиллагаа юм. Өнөөдөр 2018 оны Онцлох эмэгтэй цом гардуулах хүндэтгэлийн ёслол Оюу танхимд болов. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргаж, оны ажлаараа бусдыгаа манлайлсан шилдэг  эмэгтэйчүүд  өнгөрсөн оны Онцлох эмэгтэй өргөмжлөл хүртлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн  мэргэжилтэн Н.Хандсүрэн, “Эрдэнэтийн бүсгүйчүүл” сэтгүүлийн дизайнер Д.Нансалмаа, Орон сууцны хэсгийн технологич Б.Дайриймаа, Олон нийттэй харилцах албаны FM 107.1 радиогийн сэтгүүлч А.Бямбамаа, Авто тээврийн байгууллагын операторч Ц.Эрдэнэчимэг, Ил уурхайн маркшейдерийн туслах Б.Оюунтунгалаг нарын 40 эмэгтэйд “Онцлох эмэгтэй” цом өргөмжлөлийг тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Ерөнхий захирлын Ажлын албаны санхүү эдийн засгийн зөвлөх, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Д.Үүрийнтуяа,Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Сүхбат, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн З.Жаргалмаа нар хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэв. Мөн энэ үеэр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”, “Дурсгалын тэмдэг”-ээр 20 эмэгтэйг шагнаж, урамшууллаа.   

 

 

 

 

    Өнгөрч буй 2018 оны отгон энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Оюу” танхимд төрийн дээд одон, медалийг гардуулав. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрвөн хүнийг, Алтан гадас одонгоор 11 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар 9 хүнийг шагнажээ. Мөн энэ өдөр яамны жуух бичиг, “Тэргүүний уурхайчин” тэмдэг эзэндээ очлоо. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Ганхуяг, Н.Кадирбек, З.Одончимэг, Т.Баасансүрэн нарыг, “Алтан гадас” одонгоор Р.Базашхан, Ц.Батсуурь, Г.Баяр, П.Гантулга, Д.Мэндбаяр, Б.Одончимэг, Б.Пүрэвдорж, Э.Уранчимэг, С.Ууганбаатар, Ч.Энхбаяр, Г.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Батзоригт, Д.Баттулга, С.Баттулга, Б.Баттуул, Ю.Ганболд, Я. Жаргалсайхан, Г.Мөнгөнсар, Б.Уртнасан, Н.Чулуунбаатар нарыг тус тус шагнасныг үйлдвэрийн удирдлагууд гардуулан өгөв.


У.Цэрэнбат
 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэд хэдэн шийдвэрийг танилцууллаа. “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр “Москва 300”, “ЭКО 400”, “Залуус 600” хорооллыг компанийн хөрөнгө оруулалтаар “Медипас” эмнэлгийн хажууд нь цогцоор нь бариулахаар болжээ. Орхон аймгийн ЗДТГ-аас энэхүү асуудлыг дэмжин ажилласанд компанийн удирдлага талархлаа илэрхийлэв. Мөн компанийн зүгээр ажилчиддаа орон сууцтай болоход нь хөнгөлөлт үзүүлж олгодог 8 сая төгрөгийг шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Манлайлагч мастеруудын цалинг 2019 оны эхний өдрөөс 1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, цаашид компанийн хэмжээнд манлайлагч мастерын нэмэгдэл бий болгосныг компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шинэ жилийн цэнгүүний үеэр хэллээ. 

         Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон компанийн ТУЗ-өөс өгсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг энэ сарын 25-ны өдөр давуулан биелүүлсэн. Үүнийг дагаад компани 2018 онд санхүү, эдийн засгийн өндөр ашиг орлоготой ажиллаж, түүхэн амжилт тогтоов. Тухайлбал, анх удаа борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс болон орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн, цэвэр ашгийн төлөвлөгөөг 20 хувиар давуулан биелүүлсэн. Үйлдвэрийн удирдлагуудын шийдвэр гарч, нийт ажилчиддаа цэвэр ашгийн үр дүнгээс мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

 

 

           

 

                      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн ёслолын цэнгүүн уурхайчин бүрийн хүсэн хүлээдэг баяр байдаг. Энэ өдөр компанийн нийт ажилтнуудын 6000 гаруй бүртгэлийн дугаар бүхий хайрцагнаас Ерөнхий захирлын сугалаагаар 2 өрөө байрны супер азтан тодордог уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн 2018 оны 2 өрөө байрны эзнээр Авто тээврийн байгууллагын жолооч, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Баттуулын Хишигчулуун тодорлоо.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

                    Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ жилийн цэнгүүн энэ сарын 28-ны өдөр боллоо. Энэ үдэш компанийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэж, Оны шилдгүүдээ тодруулан, Төрийн дээд одон медалиар ажилтнуудаа шагнав. Ёслолын цэнгүүнд ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн болон Орхон аймгийн Засаг дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний удирдлагын баг, цех хэсгийн шилдэг ажилтан, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн шилдэг мастерууд, компаниас төрсөн алдартан, гавьяатууд оролцлоо. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, “Алтан гадас” одонгоор Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн механикч Л.Баасанчулуун, Хөдөлмөрийн  хүндэт медалиар Хууль эрхзүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа нарыг тус тус шагнав.

                    Оны шилдэг ажилчнаар Автотээврийн байгууллагын хүнд даацын машины жолооч Б.Гарам-Очир, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Бямбадорж, “Сэлэнгэ” амралтын баазын үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч М.Нармандах нар шалгарлаа. Оны шилдэг санаачлагчаар Ил уурхайн эрчим зүйч Н.Бат-Ирээдүй, Засвар механикийн заводын хэсгийн мастер А.Ууганбаяр, Лаборатори судалгааны төвийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Т.Доржсүрэн нар тодорсон. Оны шилдэг мэргэжилтнээр Засвар механикийн заводын хэвний загварчин Тарасов Ю.М., Ган бөмбөлгийн цехийн цахилгаан механикч С.Сумьяабазар, Спорт ордны усан сангийн ахлах арга зүйч С.Алтантуяа, Оны шилдэг удирдах ажилтнаар Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн дарга Д.Бямбадорж нар шалгарлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны Шилдгийн шилдэг ажилтнаар Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч Д.Ганзориг тодорсон. Тэрээр сүүлийн таван жилд Нунтаглан баяжуулах хэсгийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн технологийн тохируулгын ажилд хамт олноо удирдан идэвх санаачилгатай оролцсон байна. “А.Ф.Трюряковын нэрэмжит шагнал”-аар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Машинец Е.А., Цахилгаан цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Ж.Эрдэнэцогт, Эрчим  хүчний цехийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Л.Балдорж нарыг шагналаа.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

Мэндчилгээ

28 12-р сар 2018 Нийтэлсэн

    

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
     Улирч буй 2018 онд Эрдэнэтийн овоо ордыг ашиглах тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргасны 40 жилийн ой тохиосон онцлог жил байлаа. 
     Манай баялаг бүтээгч хамт олон энэ онд ихийг төлөвлөн, хийж хэрэгжүүллээ. Түүхт ойн жилээ бид томоохон бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад хүлээн авснаар эхлүүлсэн. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөж, манай компани Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон.   
     Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэрийг маань Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сүхбаатарын одонгоор шагнаж, хос одонтой үйлдвэр болсон нь Төр, түмэндээ үнэлэгдсэн баярт үйл явдал байлаа.
     Манай хөдөлмөрч хамт олны дундаас Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат төрж олон давхар баяр тохиосон сайхан жил боллоо.  
     Өнгөрсөн хугацаанд явуулсан уулын ажил, геологи хайгуул, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, геологи хайгуулын ажлыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин өсгөлөө. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60 орчим жил ажиллах боломжтой болсныг тэмдэглэхэд нэн таатай байна.
     Үйлдвэрийнхээ тулгын чулууг тавилцаж, идэр насаа уурхайчны амаргүй мөртлөө нэр хүндтэй хөдөлмөрт зориулсан анхдагч, ахмадуудынхаа, амаржаад хүүхдээ асарч буй эмэгтэй ажилтнуудынхаа болон үйлдвэрийнхээ нийт ажилтан ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.
      Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад олгодог орон сууцны санхүүгийн дэмжлэгийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлснийг дуулгахад таатай байна.
     2018 онд компанийн 40 жилийн түүхэнд анх удаа хүдэр боловсруулалтыг 31 сая 500 мянган тоннд хүргэлээ. Мөн хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага түвшинд 0.480 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхэн дээд хэмжээнд буюу 89.5 хувьд хүргэсэн амжилттайгаар шинэ оноо угтаж байна.
      2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой боллоо.
     Манай хамт олон 2019 онд бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үр дүнгээ хадгалж, ахиулахын төлөө хичээн ажиллах болно.
      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн баялаг бүтээгч хамт олон, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхон аймгийн иргэд та бүхэндээ ирж буй 2019 ондоо ажлын өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог