Хүүхдэд багаас нь ажил мэргэжлийн чиг баримжаа, мэдлэг, ойлголт өгснөөр ирээдүйд эзэмших мэргэжлээ илүү оновчтой тодорхойлж, шимтэн суралцах үндэс суурь нь бүрэлддэг тухай миний уулзсан зочин ярьсан билээ. “Ээж аав л сур гэсэн, би сонирхохгүй байна” гээд өргөдөл бариад ирэх оюутныхаа өмнөөс зүрх сэтгэлдээ шимширч суугаа энэ удирдагч бүсгүй бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Н.Манчук. Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдах ажилтны бүрэлдэхүүнд багтдаг тэрээр бага насны хүүхдийг олон улсын хөтөлбөрт хамруулах шугамаар ажил мэргэжлийн ойлголт өгөхийг зорьж, сургуулийнхаа гадаад харилцааг бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна.
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Орхон салбар сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүрэлдэхүүнд нэгтгээд багагүй хугацаа өнгөрч байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбар сургуулиар сонин юу байна вэ?
-Таны хэлснээр, Монгол Улсын Их сургуулийн Орхон салбарыг манай сургуульд нэгтгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуучин дөрвөн тэнхим үйл ажиллагаа явуулж байсан бол одоо хүмүүнлэг, санхүү менежмент, нягтлан бодох бүртгэл гэсэн гурван тэнхимтэй үйл ажиллагаа явуулж, өмнө нь хэрэгжиж байсан 12 хөтөлбөрөөс зарим хөтөлбөр хасагдсан. Энэ хавар манай сургуулийг 80 оюутан төгсөж байна. Өмнө суралцаж байсан оюутнууд маань хуучин хөтөлбөрөөр МУИС-ийн дипломтой төгсөх бол энэ хичээлийн жилээс элсэн суралцсан оюутнууд маань ШУТИС-ийн дипломтой төгсөнө.
-Нийгмийн ухааны салбар сургууль дээр хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлаасаа хуваалцвал?
-Юун түрүүнд гадаад хамтын ажиллагааг чухалчилж байна. Бид хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өнгөрсөн онд Япон Улсаас гурван ажил төлөвлөж ирсэн. Эхнийх нь 9-11 насны хүүхдүүдийг Нагоя их сургууль дээр жил бүр зохиогддог байгалийн шинжлэх ухааны “Earth class” хөтөлбөр, нөгөө нь Акита мужийн их сургууль дээр бакалаврын ангид суралцагч оюутнуудаа хамруулах хөтөлбөр, гурав дахь нь их дээд сургуулиа төгсөөд Японд ажиллах боломжтой хөтөлбөр юм. Ирэх долдугаар сарын 5-12-нд Нагоя их сургуультай хамтарсан хөтөлбөрт 8 хүүхэд эцэг эхийн хамт явахаар болсон. Хичээл амарсан тул хөл хөөрцөг болсон хүүхдүүд л байна. Хүүхдүүд маань долоо хоног аялахдаа Токиод музей үзэж, Нагоя хотын Нагоя их сургуулийн тусгай хөтөлбөрт хамрагдах юм. Тус хөтөлбөрт эцэг эхчүүд нь хамт оролцохоос гадна Гиннесийн номд орсон гайхамшигт үзүүлбэрүүдийг үзэж, Диснейлэндэд зочилно. Хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийг багаас нь сонирхож байгаа чиглэлийг тодорхойлох юм.
-Япон улстай хэд хэдэн чиглэлээр хамтрах болсон нь таатай санагдлаа. Гэхдээ яагаад Япон гэж..?
-Дэлхийд өөрсдийгөө сурталчлах шаардлагагүй нэг улс байдаг нь Япон гэж гаднынхан хэлдэг дээ. Хүн нь хүртэл брэнд болчихсон гэх үү дээ. Харин Япон улстай хамтын ажиллагаа тогтоосон шалтгаан нь нэгд, би өөрөө Япон улсад докторын зэргээ хамгаалсан. Ингэж хамгаалах болсон нь бас учиртай. Монголд радиляр буюу микро амьтан судалдаг судлаач байдаггүй л дээ. 2006 онд Японоос ирсэн судлаачдын багт миний бие ажиллах боломж олдсон юм. Улмаар Япон улсад зохиогдсон хуралд оролцож, ШУТИС-ийн музейг танилцуулж байлаа. Байгалийн шинжлэх ухаан талаасаа тус улстай анх ингэж холбогдсон түүх бий. Удалгүй радилярын чиглэлээр суралцахаар Япон руу хүсэлт явуулж байлаа. Тухайн үед холбогдсон хүмүүстэйгээ одоо ч байнгын холбоотой ажиллаж байна. Тэр цагаас хойш гэж бодвол 20 жилийн дараа бодсоноо хэрэгжүүлэх боломж гарч байна даа.
-Хүүхдэд чиглэсэн хөтөлбөрийг хэрхэн “нутагшуулах” вэ?
-Ер нь монгол хүүхдүүдэд нийтлэг нэг зүйл ажиглагддаг. Энэ нь ахлах сургуульд ороод, сургууль төгсөхийнхөө өмнө л “Би ямар мэргэжилтэй болох вэ” гэдгээ сонгодог. Харин гадаадын улс орнуудад хүүхдийг багаас нь мэргэжлийн чиг баримжаатай болгоход анхаарч, энэ чиглэлээр олон ч хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тиймээс юун түрүүнд хүүхдүүдэд сонголт бий болгох хэрэгтэй гэж харж байна. Энэ нь заавал гадаадын их, дээд сургууль байх албагүй л дээ. Манай дотоодын сургуулиуд ч ажил мэргэжлийн ойлголт өгөх хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Гол нь сургуулиуд хийж эхлэх л хэрэгтэй. Ямартаа ч өөрийн сургуульдаа хэрэгжүүлье гэсэн бодол байна.
-Тэгвэл “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль маань Монголдоо анхны танилцах хөтөлбөртэй сургууль болох нь ээ?
-Тийм ээ. Сургуульдаа хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжинд сургагч багшаа бэлтгэнэ. Магадгүй, Япончууд дараа жил хөтөлбөрөө үргэлжлүүлье гэвэл Япон хүүхдүүд ч манай сургууль дээр ирж, хоёр улсын хүүхдүүд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Нэг талаас хүүхдүүд найзтай болно, нөгөө талаас гадагшаа чиглэсэн харилцаа холбоо ч бэхэжнэ. Энэ хөтөлбөрийн ач холбогдол алсдаа л харагдах байх. “Сургуулиас гаръя” гэсэн өргөдөл өгсөн оюутнаасаа учир шалтгааныг нь асуухад, “Аав ээж сур гэсэн, би сонирхохгүй байна” гэдэг. Энэ нь гэр бүлийн санхүүгээс гадна тухайн хүүхдийн мэргэжил эзэмших цаг хугацааны хувьд хайран шүү дээ. Хүүхэд багаасаа юу хүсэж мөрөөдөж байгаагаа олоод мэдчихвэл зорилготой, тууштай байж чадна.
-Оюутнуудад чиглэсэн хөтөлбөрийн тухайд?
-Өнгөрсөн оны 12 дугаар сард би Акита мужийн Их сургуультай хамтарч ажиллах санал тавиад ирсэн. Энэ шугамаар сургуулиас хоёр төлөөлөгч ирж манай сургуультай танилцаж, санамж бичиг байгуулахаар болсон. Тус сургуулийн урилгаар таван оюутан, нэг багш маань 14 хоногийн хугацаатай Японд очиж, судалгааны ажлуудтай танилцаж ирэх юм. Энэ хоёр томоохон ажил маань дээрх сургуулиудтай урт хугацаанд хамтран ажиллах эсэхийг шийдэх тул хүлээлттэй л байна.
-“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр ирэх намраас эхлэх “Коосэн”-ийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Коосэн бол Японы коллеж гэсэн үг юм. Хүүхдүүд 10 дугаар ангиасаа “Коосэн”-ийн хөтөлбөрт элсэж, таван жилийн хугацаанд ахлах сургууль болон инженерийн хөтөлбөрөөр суралцдаг. Япон хөтөлбөрөөр бүх сургалт явагдана. Япон улсад Коосэн төгссөн хүүхдүүдийг үйлдвэрүүд ажилд авах сонирхолтой байдаг. Эрдэнэт үйлдвэр олон инженертэй, гэтэл тэдний 10 хувь нь л их, дээд сургууль төгссөн байхад хангалттай буюу үлдсэн хувь нь коллежид бэлтгэгдсэн байхад чадварлаг боловсон хүчинтэй байж чадна гэсэн үг. Коосэн хэрэгжсэнээр бид үйлдвэрийн хүсээд байгаа мэргэжилтнүүдийг гаргаж ирэх бүрэн боломжтой болох юм. Монгол Улсын хөгжлийн түлхүүр инженер хүний гарт бий. Ирээдүй гэрэлтэй байна.
-Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.