Б.ДАВААСҮРЭН: Бид атгасан гар шиг нэг нэгэндээ байгаа цагт юунаас ч халшрахгүй

     “Эрдэнэтийн салхи уушги тэлээд цаанаа л өөр шүү” хэмээсээр эгэл инээмсэглэл дунд дотоод сэтгэлээ дэлгэх зочны үг нэгийг бодуулна. Хайрлан энхрийлсэн, өөриймсөн өмөлзсөн энэ үг “Эрдэнэт”-ээр овоглосон түүний дотоодод гүн шингэжээ...

Тайзан дээр амьдарч, тайзны урлагаар дамжуулан хүмүүний тархи, зүрхэнд оюуны “талх” хүртээхээр зорьсон түүний хүсэл, шунал хязгааргүй аж. Гал цогтой залуу насныхаа эрчээр моддын дээгүүр “дүүлж”, усны гүнд “сэлж” яваа түүний дотоод руу түр өнгийе. 

Харин бидний холбогч гүүр болсон “Байна уу, сайн уу” булан цаашид олон арван зочдын онцгой содон ярилцлагатайгаар уншигч тантай учирна гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Эрдэнэтэд ирж буцагсад олон. Энэ олон дундаас таны ялгарах өнгө “Эрдэнэтийнх” гэдэг тодотгол бололтой. Нутгаа санав уу?

-2010 оноос ажил, амьдралын шаардлагаар хойд хөршид суралцахдаа Эрдэнэтдээ 14 хоногоос илүү хугацаатай ирж чадаагүй юм. Эрдэнэтийн салхи уушги тэлээд цаанаа л өөр шүү. Өнөөдрийн хувьд яаруу ажилтай ирсэн хэдий ч сэтгэл гэгэлзээд сайхан байна. Төрсөн гэртээ, ижий аавдаа ирж үнсүүлэх шиг жаргал хаана байх билээ. Дурламаар сайхан хот. 

-“Инээмтгий хүн” тайзнаа “амилсаар” багагүй хугацааг үдэж байна. Яагаад ч юм, тоглолтын анхны өдрийг орхигдуулж боломгүй санагдлаа. Танд жүжгийн найруулга, тайзан дээрх жүжиглэлт хоёрын аль нь илүү сандрал авч ирэв? 

-Тайзны жүжиглэлт гэдэг найруулагчаас тэс ондоо. Ялангуяа, дэлхийн хэмжээний том уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж байгаа тул сандрал, түгшүүр, айдас, догдлол гээд бүгд л давхацсан. Бэлэн байх, бэлэн бус байх, техник тоног төхөөрөмж ажиллах, ажиллахгүй зэрэг маш олон асуудалтайгаа нүүр тулж, тэдгээрийг даван туулж, Улаанбаатар хотноо нээлтээ амжилттай хийсэн. Бараг 2 сар орчим тоглогдлоо. Одоо аялан тоглолтоо хийж Эрдэнэтдээ ирэх гэж байна. 

-Аялан тоглолтын “салхи” Эрдэнэт рүү эргэхэд хамгийн түрүүнд юу бодогдов? 

-Миний хүүхэд нас “Уурхайчин” соёлын ордонтой салшгүй холбоотой. Энд л урлагийн байгууллагын уур амьсгал, агаарыг мэдэрч өссөн дөө. Багадаа ээжийн ажил дээр их ирнэ, дугуйланд суралцана, Спорт ордны усан санд явна гээд өдрийг завгүй өнгөрүүлдэг байлаа. Энэ удаад өөрийн сурсан мэдсэн зүйлээр Эрдэнэтчүүддээ бэлэг барих, нөгөө талаас нэг том давааны ард гарахаар ирж байгаа мэдрэмж төрөөд байна. 

-Карьерын замналаа эхлүүлээд удаагүй залуу уран бүтээлчдээс орос “школа” илүүтэй “үнэртэх” байх гэсэн хүлээлт их байна?

-Урлагийн бид тайзны бүтээлээрээ үзэгчдэд мэдээлэл хүргэж, тэд маань биднийг ирж үзээд бас нэг өөр зүйлийг үлдээгээд явдаг юм шиг. Жүжигчид болон үзэгчдийн хооронд амьд харилцаа үүсгэдгээрээ урлаг гайхамшигтай. Бид шинэ залуу уран бүтээлчид. Шинэ соргог зүйлд суралцаж, сургуулиа төгсөөд ангиараа эргэн ирсэн. Визуал драмыг тайзнаа тавихдаа үзэгчид хэрхэн хүлээн авах бол гэсэн эргэлзээ их байлаа. Өнөөдрийг хүртэл элдэв асуудал гарсангүй, үзэгчид маш гоё хүлээн авсан. Урамтай байна. Миний бодлоор хүн бүрийн дотор ямар нэг урлаг оршдог. 

-“Инээмтгий хүн” жүжгийг илэрхийлэх гэсэн найруулагчийн санаа болоод хүлээн авч, тунгаан шүүж буй үзэгчийн бодол өөр хоорондоо ялгаатай. Энэ жүжгээр дамжуулан хэлэх гэсэн найруулагчийн гол санаа?

-Зохиолоос олж харсан өвдөлт, сэтгэлийн шаналал, миний дотоодыг хөндсөн агшин гэж бий. Мөн Виктор Хюгогийн өөрийн санаа бодол, жүжигчдийн дүрдээ орсон илэрхийлэмж зэрэг маш олон зүйлийг хөндөж тавихыг хичээсэн. Тодорхой тооны үзэгчдэд өвдөлт, баяр баяслыг төрүүлсэн гэж бодож байна. 

-Үзэгчид жүжгийн талаарх сэтгэгдлээ олон янзаар илэрхийлж байна? Магтаал, шүүмжийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Жүжиг дээр тухайн зохиолын санаа, нийгмийн байдал, хосуудын хайр дурлал, гэр бүлийн харилцаа, нийгмийн дээд доод давхаргын ялгаа зэрэг олон асуудал хөндөгддөг. Үзэгчийн хувьд энэ бүхнийг тархи оюундаа хүлээн авах хүсэлгүй байж болох ч энэ нь мэдээлэл болж тухайн хүнд хүрч байгаа юм. Хүмүүс бидний бүтээлийг өөр өөрийн өнцгөөс хүлээн авч, дүгнэлт хийж байгаа нь сайхан байна. Магтаал шүүмжийн аль алийг хүлээн авч байгаа. Энэ бүхэн бидний дараагийн уран бүтээлд үнэтэй зөвлөгөө байх болно. 

-Магадгүй үзэгчдэд төрсөн сэтгэгдэл, бодрол, ухаарал гэдэг зүйл урлагийн судлал, шүүмжтэй хослон хөгжиж, нэгнийхээ орон зайг нөхөж явна уу гэж харагдсан?

-Залуучууд төдийгүй ахмад үеийнхэн ч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь уран бүтээлчид бидний хувьд сайшаалтай байна. Энэ үзэгдэл илүү дэлгэрээсэй. Зүгээр нэг “Жүжиг үзлээ” гээд цахим орчинд бичих, “стори”-доо оруулахаас илүүтэй тухайн жүжгийн талаар үзэл бодлоо “уралдуулж”, хүмүүс бүтээлийн талаар хоорондоо ярилцаж байгаа нь бидэнд бас эргэх холбоо үүсгэж, бүтээлээ сайжруулах, чанаржуулах, авах гээхийн ухаанаар аливаад хандахад дөхөм байна. 

-Шавь нар нь шинэ бүтээлээ “өлгийдөн” авч байгаад багш нь ямар сэтгэгдэлтэй байгаа бол? 

-Багштайгаа байнга эргэх холбоотой ажиллаж, зөвлөгөө авч байгаа. Миний хувьд 10 жилийн хугацаанд 3 багштай болсон. Миний анхны жүжигчний урлагийн багш Яна Туминагаас гадна найруулагч мэргэжлээр бэлтгэсэн Джемма Батарова, ГИТС-д аспирантурт суралцаж байхад удирдсан Борис Константинов багшийгаа онцолмоор байна. Борис Константинов багш маань “Золотая маска” буюу “Алтан баг” шагналыг саяхан хүртлээ. Маш их баяртай байна. Багш нар маань бидний тавьсан жүжгийг ямар нэг хэлбэрээр үзэж чадаагүй ч мэдээлэлтэй байгаа. Саяхан зураач Анхбаатар маань Санкт-Петербург яваад ирэхдээ багш нартай уулзаад ирсэн.

-Бэлтгэсэн шавь нараа Монгол руу буцаахдаа багш нь ямар үг дайв?

-“Нэг жил зургаан сарын дараа гоё театр нээгдэх гэж байхад явах хэрэг байна уу” гэж их асуусан. ОХУ-д театр, урлагаар явахад улс төр нь төдийгүй салбар нь харьцангуй дэмжлэг сайтай. Хэдийгээр тэнд ая тухтай нөхцөлд ажилладаг ч бид “Тухтай бүсээсээ гаръя” гэж зориглоод эх орондоо ирсэн. Багшийнхаа урмыг хугалахгүйн төлөө бид хичээх болно. 

-Урлагийн салбарт ажиллаж байгаа үе үеийн уран бүтээлчдэд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг том даваа. Яг одоо “ПРО” театрынханд айдас байна уу?

-Бид хоёр сар орчим тоглолт хийсэн. Гэвч одоо ч тэр айдас байсаар байна. Энэ хугацаанд жүжигчид болон урлагийн салбарын гавьяатууд маань жүжгийг ирж үзээд санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн.

-Хамгийн их урам өгч нөлөөлсөн хүн?

-Бид атгасан гар шиг нэг нэгэндээ байгаа цагт юунаас ч халшрахгүй. Харин тал тал тийш тараад явчихсан бол хүчтэй байж чадахгүй байсан. Цугтаа байгаа цагт нэгнийгээ дэмнээд босгох хангалттай хүч бидэнд бий. 

-Үзэгчид “ПРО”-гоос ямар хүлээлттэй байна вэ?

-Театр байгуулна гэдэг маш хүнд ажил. Гэтэл бид нэг нэгээрээ салж, энд тэндхийн театрт ороогүй, заавал бөөндөө байгаагийн шалтгаан нь их энгийн. Хэдийгээр бидэнд хэцүү байгаа ч “Театр олон байг”, “Очих театр олон байх тусам үзэгчид ч олон, театр өөрөө тэр хэрээр хөгждөг жамтай. Эцэг эхчүүд маань өөрсдөө театрт ирж жүжиг үзсэн бол үр хүүхдээ ч мөн дагуулаад ирдэг болох нь дэвшил юм. Театр өөрөө ямар нэг ашиг сонирхлын газар бус, сэтгэлээрээ ажилладаг байгууллага гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьж байна. 

-Эрдэнэтийнхэнд хандаж юу хэлэх вэ?

-Манай жүжигт 30 гаруй уран бүтээлч оролцсоны хоёр нь Эрдэнэтийнх. Энэ нутгаас “төрсөн” залуучууд сурсан мэдсэнээ харуулахаар харийн орноос эргээд ирж байгаа нь хамгийн их талархууштай зүйл л дээ. Тиймээс бидний цаг хугацаанд хамтдаа тухлан саатахыг хүсье. Эрдэнэтчүүддээ хайртай шүү. 
-Танд баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
6
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %