Б.ЦЭРЭНДАШ: Үйлдвэрийн автоматжуулалтаар мэргэшсэнээрээ бахархдаг

     Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн 40 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан тус цехийн, Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсгийн мастер Б.Цэрэндаштай уулзаж, дурсамж яриа өрнүүллээ. Б.Цэрэндаштай уулзаж, дурсамж яриа өрнүүллээ. Тэрбээр Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн 1999, 2013 оны “Хөдөлмөрийн аварга”, Эрдэнэт үйлдвэрийн 2001 оны “Хөдөлмөрийн аварга”, “Алтан гадас” одонт ажилтан юм. Мөн үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер цолтой цөөхөн хүний нэг юм. 

-Юуны өмнө танд цехийн тань түүхт ойн баярын мэнд хүргэе. Та Эрдэнэт үйлдвэр, ХМТАЦ-тэй хэрхэн холбогдсон тухай ярилцлагаа эхэлье? 

-Баярлалаа. Би 1992 онд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг Дулааны процессын автоматжуулалтын инженер мэргэжлээр төгсөж, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт ирж билээ. Үзэмжит байгальтай, эрдэнэсийн цэмцгэр хотод анхлан хөл тавьж, газар газрын залуус цугларч, хөдөлмөр бүтээл ундарсан энэ сайхан үйлдвэрийнхээ босгыг алхаж байлаа. Тэр мөчид хожмын ХХ зууны манлай бүтээн байгуулалт, “Дэлхийн шилдэг”, “Монгол Улсын баатар” үйлдвэртэй хувь заяагаа холбосноо төсөөлөөгүй явж. 

-Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хамт олон хэрхэн хүлээж авав?

-Томилолтоо өвөртлөн үйлдвэрийн боловсон хүчний хэлтсийн дарга Д.Тогооч гуайтай уулзахад, бичиг баримтыг минь нухацтай үзэж, амьдрал ахуйг маань асууж лавласнаа, за шинэ ажилтандаа эхлээд байрыг нь өгье, дараа нь ажлын байр руу томилъё доо гээд 2 өрөө байрны түлхүүр гардуулсан түүхэн дурсгалтай, баярт мөчөө эргэн санахад сайхан байна. Тэр жил гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн 40 гаруй залуусыг 2-р микрийн 24-р байрны 1-р орцны 40 байранд оруулж билээ. Ажлын анхны өглөө буюу 1992 оны 6-р сарын 22-нд Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехийн АСУТП хэсгийн дарга Т.Ринчинжүгдэр намайг хүлээн авч уулзаад, утсаар хэн нэгэн рүү “Танайд нэг хүдэр чийрэг залуу өгнө дөө...” гэв. Хэсэг хугацааны дараа махлагдуухан бор залуу орж ирсэн нь манай үйлдвэрийн болон цехийн анхдагч Ц.Цамба ах, багш маань байж билээ. Ажлын анхны өдрөөс л багш маань намайг дагуулан явж үйлдвэрийнхээ гайхамшигтай бүтээн байгуулалттай танилцуулсан. Ингээд л ахмад ажилтан Д.Дамба агсныг дагалдан, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн минь саяхан мэт санагдавч 30 гаруй жил өнгөрчээ. Одоо ахмадуудынхаа залгамж халаа, шавь нарынхаа багш, сайхан хамт олныхоо дунд ахмад ажилтан болон хөдөлмөрлөж явна. 

-Та ажилд ороод тун удалгүй, мастер болон дэвшсэн байдаг. Хэрхэн хичээн хөдөлмөрлөж, байв?

-Ажлын анхны өдрөөс орос хэл дээр бичиг баримт боловсруулах, орос мэргэжилтэнтэй ажил төрлөө ярилцах шаардлага тулгарсан. Ингээд л орос хэлд шамдан, тэднээс ихийг сурч мэдэж, ажил амьдралд хэрэгжүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлэх, ажлаа зөв аюулгүй гүйцэтгэхийн төлөө хичээн ажилласан. 1993 онд хэсгийн мастераар томилогдож, Орос, монгол ажилтныг удирдан ажиллаж эхэлсэн юм. 1995 онд манай группийн орос мэргэжилтнүүд нутаг буцсанаар, Монголчууд дангаараа ажиллаж эхэлсэн юм.

-Таныг ажилд орох үед үйлдвэрийн нөхцөл байдал ямар байв?

-Зах зээлд шилжих үетэй зэрэгцэн 1990-ээд оны эхэнд үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж, ажиллах нөхцөл хүндэрч, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт ховордож, техник хэрэгсэл хуучирч, хоцрогдож, тоног төхөөрөмж шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан байлаа. Энэ үеэс Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт эхэлсэн юм. Одоо үйлдвэр маань үндсэндээ бүрэн шинэчлэгдэж, автоматжуулалтын түвшингээр дэлхийн ижил төстэй үйлдвэрийн тэргүүлэх эгнээнд хүрчээ. Энэ нь үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө, зөв бодлого, удирдлагын зөв тогтолцоо, эвсэг хамт олон бүрдэж ажилласны үр дүн гэж бодож байна. 

-Та үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг автоматжуулах томоохон шинэчлэлийн ажилд оролцож явсан үеэ дурсана уу?

-1998 онд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт контроллер шинээр тавьж, мэдээллийн бүх сигналыг холбох, зураг төслийг боловсруулах, удирдан зохион байгуулахад ахлах инженер Х.Бадрал, Баттогтох нартай хамтран оролцож, ашиглалтад оруулснаар өнөөдрийг хүртэл тасралтгүй, найдвартай ажиллаж байна. Мөн 1993-1999 онд БҮ-ийн ШХХ дээр Финлянд улсад үйлдвэрлэсэн дөрвөн керамик шүүлтүүр суурилуулж ашиглалтад оруулахад автоматжуулалтын ажлыг хамтран зохион байгуулж билээ. Гар, сэтгэл нийлэн ажиллаж байсан П.Бүрэнбаатар, Д.Зоригт, Д.Өнөрсайхан, В.Амаржаргал, Ц.Цамба нарын сайхан андууд, ах нараа дурсахад сайхан байна. 

-Зэс, молибдены баяжмал хатаах даралтат шүүлтүүрийг Эрдэнэт үйлдвэрт нутагшуулан суурилуулахад таны оруулсан гавьяа их гэж ярих юм билээ? 

-Миний оролцож явсан хамгийн том бүтээн байгуулалт бол Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэг дээр суурилуулсан зэс, молибдены баяжмал хатаах даралтат шүүлтүүрийн төсөл. 2005 оноос Эрдэнэт үйлдвэрийн техник шинэчлэлтийн хүрээнд зургаан даралтат шүүлтүүр ашиглалтад оруулсан юм. Даралтат шүүлтүүрийг Монголд, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрт анх нутагшуулан, суурилуулахад оролцож, өнөөдрийг хүртэл ашиглалтыг хариуцан ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн автоматжуулалтаар мэргэшиж, даралтат шүүлтүүрийн мэргэжилтэн болсноороо бахархдаг. 

-Тэгвэл хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу?

-1995 оны өвөл Зэсийн баяжмал хатаах нэг зуух шатаж манай удирдлагын болон дохиолол, хяналтын бүх системийн төхөөрөмжүүд шатаж, яаралтай ажилд оруулах даалгавар авсан юм. Энэ ажлыг Г.Амартайван даргатай хэсгийн хамт олон бид өдөр шөнөгүй зүтгэж, ажилд оруулж билээ. Тэгэхэд гэртээ харилгүй тав хоночихсон байж билээ бид.  

-Гарын шавь нар олон биз? Та залууст хандаж юу хэлэх вэ?

-Олон залуус ажил амьдралын замаа миний гар дээрээс эхэлж, надтай мөр зэрэгцэн үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна. МТХ-ийн тэргүүлэх инженер Б.Эрдэнэбат, инженер Х.Энхбаатар, Б.Баттулга, Э.Мөнх-Очир, Н.Эрхэмбаяр, Л.Чимэддорж, Б.Ганцоож, М.Азжаргал, Д.Эрхэмбаяр, С.Цилхаасүрэн, Б.Барс-Эрдэнэ, А.Гарьд нарын олон шавь минь өнөөдөр цех, хэсгийн маань өнгө төрхийг илэрхийлж яваад би бахархдаг. Залуус дүү нар минь эрдэмт багш, ном сурах бичгээс сурсан мэдсэнээ ажил амьдралдаа хэрэгжүүлж яваарай. Аюулгүй ажиллаарай, хамтран ажиллагчдаа, хүмүүст халамжтай, зөв харилцаатай байгаарай. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаарай гэж захья. 

-Таныг Эрдэнэт үйлдвэрт 30 жилийн хөдөлмөрөө шингээн, амжилттай ажиллахад хань ижлийнх нь гавьяа байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний хань Ш.Одгэрэл гэж ажилсаг, сайхан сэтгэлтэй, халамж дүүрэн бүсгүй бий. Манайх хоёр охин, хүргэнтэй. Хоёр сайхан зээтэй. Миний ажил, амжилтын маань ар тал, өмөг түшиг болж явдаг сайхан хань, үр хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.  

-Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Та аль багийг дэмждэг вэ?

-Би хөл бөмбөгийг их сонирхон үздэг. 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентин улсын баг түрүүлж Дэлхийн хошой аварга болсон тэр мөчөөс өнөөг хүртэл тэр багаа дэмжсээр л явна. Агуу Диего Армандо Марадонагийн тоглолтыг харсаар би хөл бөмбөгийн хорхойтон болсон юм. Таныг ярилцлага авах энэ цаг мөчид дэмжигч баг маань аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ. 2022 оны 12-р сарын 18-ны үдэш Аргентин дэлхийн 3 удаагийн аварга болохыг харна. Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессийн уран гоё тоглолтыг тэр үдэш харахыг хүлээж сууна даа. Ялангуяа өнөө жилийн бараг бүх тоглолтыг нойроо хумслан байж, үзэж байна. Бас бөхийн спортын бүх төрлийг шимтэн сонирхдог доо.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?      

-Би ер нь зүгээр сууж чаддаггүй. Чөлөө заваараа төмрөөр элдвийн зүйл хийнэ. Уул хадаар алхах дуртай. Ажилдаа дугуйн замаар 18 дахь жилдээ алхаж очиж байна. Сүүлийн жилүүдэд өвөл зунгүй алхдаг цөөн хүний нэг болсон. Одоо ч үйлдвэрийн ажилчид андахаа больж дээ. Ер нь цэвэр агаарт байхыг хичээж байна. Зусландаа 4-р сараас 10-р сар хүртэл амьдарч байна.

-Сүүлийн хариултыг асуултгүйгээр танд үлдээе. 

-Цехийнхээ 40 жилийн ойг тохиолдуулан хамт олондоо эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %