Д.ГАНЗОРИГТ: Шинээр санаачилсан жижиг гэлтгүй ажлаасаа бид их урам авдаг

Туулсан амьдралынхаа үнэнийг ямар ч хачир чимэггүй ярих хүмүүс байдаг. Чингэхдээ сонсож буй хүнийхээ сонирхлыг татахуйц хүүрнэх нь нэн амттай. Тийм хүний нэг нь Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Өргөн тээвэрлэх машин механизмын цахилгааны инженер Дамдины Ганзоригт юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Таалалд нийцэх болтугай.

-Та ямар удмын хүн бэ? Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Манай аавын тал Завхан аймгийн Сартуул хошууны хүмүүс. Долоон тайжийн удам. Миний өвөө Наран нь нэртэй зөнч явсан гэдэг. Хэлмэгдүүлэлтэд өртөж нас барсан түүхтэй. Өвөө маань их уншлага номтой, олон адуутай, нутгийн ардууд их шүтдэг хүн байсан юм билээ. Энэ удмаараа бахархдаг. Аавыг маань таван настай байхад өвөөг хилс хэргээр бариад явчихсан гэдэг юм. 

-Мөн гунигтай гашуун түүх ээ?

-Хэлээд юу гэхэв. Баригдаж яваад ирээгүй юм билээ. Эмээ маань бэлэвсэн үлдсэн байдаг. Миний аавын талаас авга эгч маань хотод амьдарч байна. Аавын маань удам ийм. Харин ээжийн удмаас хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний талаар дуулаагүй. Ээжийн талынхан мөн л нутаг хошуундаа нэр хүндтэй хүмүүс.

-Танай аав ямар мэргэжилтэй хүн байсан бэ? Аавдаа тусалдаг байв уу?

-Өө, туслалгүй яах вэ. Миний аав тээврийн жолооч байлаа. Зил-130 машины кабинд өслөө шүү дээ. Аав тээвэрт эрэгтэй хүүхдүүдээ аваад явна. Бид ойр зуурын ажилд нь тусална. Ачигч хийнэ. Модонд явна. Хөдөө малчдад давс тараана. Өвс буулгана. Энэ бүх ажилд манай ах, бид дайчлагдаж өссөн. Би дээрээ гурван эгчтэй. Хоёр ахтай.

Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Ах нар том болоод амьдралаа аваад явахаар би аавдаа туслах болсон. Хоёр дүү маань миний халааг авсан. Та сум дундын Отор тэжээлийн станц гэж дуулсан уу?

-Сонсоогүй юм байна. Завхан аймгийн нутагт ийм нэртэй газар байсан юм уу? 

-Тийм. Намайг бага байхад сум дундын Отор тэжээлийн станц гэж Завханмандал, Дөрвөлжин сумын дунд байлаа. Их, бага хайрхны өвөрт орон нутгийн захиргаатай, хүн эмнэлэгтэй, клубтэй, бензин колонктой их тохижсон газар. Цас зудтай үед малчид тэр нутагт ирж өвөлжинө. Хавар болохоор сумд руугаа нүүчихнэ. Энэ станцын жолоочдын нэг нь миний аав. Ээж станцын эмчээр ажилладаг байлаа. Өөрөөр хэлбэл энэ станцаас малчдыг өвс тэжээлээр хангана. Нэг ёсондоо малчдын бэлчээрийн нөөц газар байхгүй юу. Зун, намар тэр нутагт мал хуй байлгахгүй. Зах зээлийн нийгэмд шилжээд энэ газар татан буугдсан. Энд тоглож өссөн нэг найзтайгаа хориод жилийн дараа хотод таарсан чинь сайхан дурсамж сэргэж байсан шүү.

-Та хар багаасаа хөдөлмөрийн амтанд оржээ. Тийм үү?

-Тэгж ойлгож болно. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг биз дээ. Тавин килограммын ууттай давс үүрээд л гүйж явдаг байлаа. Аав маань миний хүү бяд суужээ гээд л магтана. Хүүхэд болохоор урамшаад л улам сайн ажил хийнэ. Бага насны дурсамж нэг иймэрхүү.

-Тэгээд та яаж яваад Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбочхов оо?

-Миний том ах сургуулиа төгсөөд Эрдэнэтэд томилолтоор ирж ажилласан юм. Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн мастер асан Дамдины Ганбат миний төрсөн ах. Намайг шар Ганбаагийн дүү гэхээсээ илүү бэр эгч Г.Насанбаярын дүү юу гэдэг юм. Би ахынхаа хүүхдийг харахаар анх Эрдэнэтэд ирж байлаа. Ер нь миний үеийнхэн ах, эгч хамаатан садныхаа үр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхээр хөдөөнөөс их ирнэ. Энэ сайхан нутагт, Эрдэнэт үйлдвэртэй ингэж хувь заяагаа холбох эхлэл тавигдсан. Аливаа сайн үйлийн хариу хэзээ нэгэн цагт ирдэг гэж би боддог. Юм их сонин. Одоо энэ Л.Отгонбаяр мэргэний төрсөн ах Л.Баатарсүх намайг ажилд ороход тусалж байх жишээтэй. Юм учиртай, нум гичиртэй гэж.

-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ? 

-Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийг дүүргээд Сургалтын төвд суралцаж электрон механик мэргэжилтэй болсон. Тэгээд Дархан хотын Техникийн коллежийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь үйлдвэрийн хүний нөөцийн бодлогоор ОХУ-ын Томск хотын Политехникийн их сургуульд сурч  “Цахилгаан хөтлүүр технологийн автоматжуулалт” мэргэжил эзэмшиж, мастер зэрэгтэй төгссөн. 

-Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-1991 оны тавдугаар сарын 24-нд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байлаа. Ч.Дүүжий гэж цахилгаан-механикч инженерээс анхныхаа ажлын даалгаврыг авч Г.Нямдаваа гэдэг хүний дагалдангаар ажилласан юм. Ажлын эхний өдрийн үйлдэл одоо ч миний нүдэнд харагдах шиг болдог. Энэ том үйлдвэрээр бахархаад л... Цахилгаан шатанд үйлчилгээ хийсэн санагдана. Тэр үед дан орос цахилгаан шатуудтай. Эвдрэл гэмтэл их гарна. Тэр бүхэнд дуудагдаж засвар үйлчилгээ хийнэ. Мөн крануудын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан ажиллана. Намайг ажилд орох үед Хүний нөөцийн шинэчлэлийн бодлого хэрэгжиж байлаа. 1991-1995 онд залуучууд Эрдэнэт үйлдвэрт ажилд их орсон. Манай анхдагч Н.Батсүх гуай надаас шалгалт авсан юм. Схем уншаад л шалгалтад шөнөжин бэлдсэн. Л.Баатарсүх ах намайг шалгалтад бэлтгэж байлаа. Ийм юм чамаас асууна гээд бүр схем зураад өгчихсөн. Түүнийг нь цээжилчихлээ. Тэгээд шалгалтад ороод бараг асуугаагүй байхад нь өмнөөс нь нөгөөхөө ярьчих гээд л... Хоёр тийшээ эргэлттэй хөдөлгүүрийн схем зураадах гэж байна. Нөгөөхийг нь гялс зураад өгчихлөө. Ч.Дүүжий ах “Мөн хурдан зурав аа, энэ хүүхэд” гэж хэлсэн нь санаанаас ер гардаггүй юм. Тэгээд л онол талаас нь ярьж гарлаа. “Болно зогс, дөрөвдүгээр зэргээр ажилд ав” гэж билээ. Ингээд Ерөнхий инженер С.Давааням дарга дээр орлоо. “Ч.Дүүжий чи наад хүүхдээ өөрөө сургаж аваарай. Та хоёрт ажлын амжилт хүсье” гээд гаргасан. Бас нэг хөгжилтэй юм болсон.    

-Яриач дээ?

-Хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авах юм болов оо. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн инженер Д.Цолмон, О.Эрдэнэтуяа гэж хоёр хүний аль нэг дээр оч гэдэг юм. Нэг хаалга шагайтал нэг эрэгтэй байна. Д.Цолмон эгч байгаа юу? гэтэл тэр хүн “ирээгүй”, гээд инээмсэглээд суучихлаа. Даргадаа, “Д.Цолмон эгч байдаггүй” гэтэл “О.Эрдэнэтуяатай нь уулз” гэдэг юм. Эргээд нөгөө хүнээсээ О.Эрдэнэтуяа эгчтэй уулзъя, гэсэн “байхгүй байна аа” л гэнэ. Ажилдаа ирдэггүй ямар сонин хүмүүс вэ, гээд хүлээгээд суулаа. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөнөөс ороод ир гэж байна. Хоёр эрэгтэй хүн инээгээд байх юм. “Чи тэр хоёр эгчээрээ яах гэсэн юм?” гэнэ. Зааварчилгаа авч шалгалт өгье, гэв. “Тэр хоёр эгч чинь бид хоёр байна” гэж авдаг байгаа. Ингэж эмэгтэй нэртэй, эрэгтэй хүмүүсийг андуурч хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авч ажилд орсон хүндээ би.

-Хөгжилтэй явдал болж. Таны ажлын онцлог юу вэ?

 -Одоо би Өргөн тээвэрлэх машин механизмын Цахилгааны хэсэг хариуцсан инженерээр ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн бүх краны цахилгааны аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Өдөр бүрийн эвдрэл гэмтлийг шуурхай засварладаг. Бидний ажил хүнээс өндөр хариуцлага, мэргэжлийн нарийн мэдрэмж, мэдлэг шаарддаг. Өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажилладаг. Хамгийн дээд тал нь 120 тонныг өргөх кран байна. Энэ бүгдийн бүрэн бүтэн байдлыг ханган, тоног төхөөрөмжийг засварлана гэдэг их хариуцлагатай ажил. Бид байнга дээш доош өгсөж уруудаж ажилладаг. Иймээс бид эрүүл байдаг. Юу хэлэх гээд байна гэхээр хүн хөдөлж л байвал сайн. Манай хэсэгт их жинтэй хүн байхгүй. Бүгд нэгэн жигд биетэй. Яагаад гэвэл их явж ажилладаг болохоор.

-Хөдөлмөрийн талбар дээр та ямар амжилт гаргасан гэж боддог вэ? Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил юу байна?

-Бид өргөн тээвэрлэх машин механизмуудыг техник технологийн шинэчлэлийн хүрээнд орчин үеийн барууны дэвшилтэт технологи бүхий давтамж хувьсгууртай кран, лифт шинэчлэн суурилуулж эхэлснээр ашиглалтын зардал буурч, ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бүрдсэн. Миний хувьд бригад ахалж, олон кран угсарсан. Өөрийн мэдлэг, чадварын хүрээнд бусдад онолын сургалт явуулж байна. Ч.Дүүжий гуай “Өргөн тээвэрлэх машин механизмын салбар агуу том юм. Энэ салбараас өчүүхэн зүйл мэдлээ” гэдэг сэн. Тэр хүний хажууд бид хэн сэн билээ. Олон жилийн ажлын арвин дадлага туршлага хуримтлуулсан хүн ийм даруухан ярьж байгаа юм. Надад ч сурсан юм өчүүхэн бий. 

-Таны бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Хүний хуримтлуулсан мэдлэг, туршлага сайхан. Ажлын дадлага туршлага л миний давуу тал байх. Нэг ухаантнаас эвдэрсэн техникийг хэрхэн яаж засах талаар асуужээ. Мань эр хэсэг газар алхаар тоншоод л хэвийн ажиллагаанд оруулсан юм байх. Тэгээд их мөнгө нэхэж л дээ. Та юу ч хийсэнгүй ш тээ гэхэд, би үүнийг хэрхэн яаж засах талаар олон жил ажиллаж олж авсан мэдлэгээ үнэлүүлье гэсэн байгаа юм. Тэгэхээр хуримтлуулж олж авсан мэдлэгээ амьдрал дээр гаргаж ашиглах чухал. Мэдлэг чадвараа ашиглаж чадахгүй бол хэрэггүй л дээ. Аливаа хүний сайн талыг дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний сул талыг засах гэж зовсон дор бол сайн талыг нь дэмжих нь ажилд тустай. 

-Та хүнд ямар шаардлага тавьдаг вэ? Ямар арга барилаар ажиллаж байна?

-Хүмүүсийг аль болох тайван байлгахыг хичээдэг. Нэг их албадан шахдаггүй. Өглөө бүр ажиллагсдадаа ажлын даалгаврыг нь ойлгуулаад өгчихдөг. Хоёр хүн нэг ажил хийхээр явлаа гэж бодъё. Туршлагатай нь удирдаад нөгөөх нь шуурхай туслаад ажиллаарай гэж захих жишээтэй. Дараа нь нөгөө хүмүүсээсээ миний хэлснийг гүйцэт ойлгосон эсэхийг нь тойруу замаар асуугаад мэдчихдэг. Миний өгсөн ажлын даалгаврыг хүмүүс буруу ойлгоод хийчих вий гэдгээс их болгоомжилдог. Тухайн өдрийн хүний сэтгэлзүй ямар байгаагаас хүний харилцаа хандлагад янз бүрийн өөрчлөлт гардаг. Буруу зөрүү ойлгосноос ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймээс дахиад нэг лавлачихдаг юм. Энэ нь миний ажлын арга барил юм даа. 

-Таны санаанаас гардаггүй анх үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ямар ажил байна вэ?

-Олон бий. Заримыг нь ч мартаж. Яг санаанд орж байгаа нь гадна кранаар кабел утас чирээд явдаг байлаа. Хүчний бүдүүн кабел чинь чирэлтэд урагдаж ханзрах тохиолдол гарна. Үүнийг роликтой замаар тээвэрлэх санаачилга гаргасан. Энэ ажил хэрэгжээд удаж байна. Жижиг сайжруулалтын ажил олныг хийсэн. Жижиг гэлтгүй шинээр санаачилсан ажлаасаа бид их урам авдаг. 

-Хүн цаг ямагт суралцаж явдаг. Нэг газар он удаан жил ажиллахдаа та яг юу сурч мэдсэн бэ?

-Сүүлийн үед хүнтэй хэрхэн яаж ажиллах вэ гэдийг ойлгож байна. Өөрийгөө их таньж авлаа. Өөрийнхөө сэтгэл рүү их өнгийх болсон. Би хэн бэ. Миний алдаа, оноо юу билээ гээд өөрөөсөө асуухаар их сонин мэдрэмж төрдөг. Өөрийнхөө талаар бусдаас асуухаар бас нэг мэдрэмж төрдөг. Сэтгэл судлаачаас өөрийнхөө зан авирыг хэлж асууж үзсэн л дээ. Өөрийгөө судалж, сул болон давуу талаа мэдсэн хүн бусадтай зөв харьцах нөхцөл бүрддэг. 

-Та бүхний ажилд ямар дэвшил гарч байна вэ?

-Техник технологийн шинэчлэлт сайн хийснээр хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацаа их хэмнэсэн. 2000-аад оны үеийг өнөөтэй харьцуулшгүй, шинэчлэл хийгдсэн. Бүтэн 24 цаг кран дээр ажиллах тохиолдол ч гарч байлаа. Одоо бол ажлын байрны орчин нөхцөл эрс сайжирсан.

-Таны ажлын амжилтын үндэс юу вэ?

-Технологийн шинэчлэл, хүмүүсийн ур чадвар амжилт гаргах үндэс юм. Краны засвар үйлчилгээ хүнээс мэргэжлийн маш нарийн өндөр ур чадвар шаарддаг. Цахилгааны схемээ толгойдоо хийсэн мэргэжилтэн богино хугацаанд эвдрэл гэмтлийг олно. Түүнээс биш цаасан дээрх схем уншаад оношилбол хугацаа алдана. 

-Таны амьдралд юу хамгийн их үнэ цэнтэй байдаг вэ?

-Гэр бүл. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг. Миний эхнэр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эрүүл зөв амьдралын хэв маягийг хүмүүст төлөвшүүлэх зорилготой клуб ажиллуулдаг. Булган хангайд төрсөн О.Дэлгэрмаа гэж бүсгүй бий. Манайх хоёр нуган үртэй. Том хүү Г.Үйтүмэн уул уурхайн салбарт ажилладаг. Бага хүү Г.Тэмүүлэн “Билэгт өргөө” сургуульд сурдаг.  Гэр бүлийн харилцаа сайхан байхаар хүн ажлаа сэтгэл тайван хийдэг. Амьдрал дээр тавьсан зорилт руугаа тэмүүлдэг. Хүний өмнөө тавьсан зорилго биелдэг. Хамт олонтойгоо нэгэн зорилгын төлөө ажиллах бас сайхан. 

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Залуустаа хандаж хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт чөлөөтэй сэтгэж, ажлын цагаа зөв ашиглах хэрэгтэй. Ажлын найман цагийг бүтээмжтэй, сэтгэлтэй, идэвхтэй өнгөрөөх маш чухал. Энэ нь бидний эх орондоо оруулж буй бодит хувь нэмэр гэж ойлгох ёстой. Хоёрдугаарт муу зуршлаас хол байж, зөв хооллон сайн унтаж амрах хэрэгтэй. Амьдралын зөв хэвшилтэй хүн эрүүл ажиллаж амьдардаг юм шүү гэж хэлье.  

Бидний ярилцлага түүний энэ хариултаар өндөрлөв. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж яваа инженер Д.Ганзоригтоор бахархах сэтгэгдэл аргагүй төрж байлаа. Ийм нэгэн эгэл жирийн хөдөлмөрийн сайчууд цаг ямагт хөгжил дэвшлийн түүчээ болж явдаг. Үйлс нь дэлгэрэг ээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %